/ЗТХС-ын 2018 оны 264 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/

  Зам, тээврийн сайдын 2014 оны
10 дугаар сарын 06-ны өдрийн
225 дугаар тушаалын хавсралт


ТӨМӨР ЗАМЫН БАЙГУУЛЛАГУУД ХАРИЛЦАН МЭДЭЭЛЭЛ
СОЛИЛЦОХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. Энэхүү журмаар “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар (цаашид "Хөдөлгөөн зохицуулалтын төв" гэх), төмөр замын байгууллага  хооронд харилцан мэдээлэл солилцох, түүнтэй холбогдон гарах төмөр замын тээврийн салбарын статистик мэдээллийн нэгдсэн санг (цаашид "Салбарын мэдээллийн сан" гэх) бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Төмөр замын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох журам нь Монгол Улсын Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль , Төмөр замын тээврийн нийтлэг багц дүрэм /цаашид "Багц дүрэм" гэх/, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
1.3. Салбарын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх үйл ажиллагааг Хөдөлгөөн зохицуулалтын төв хэрэгжүүлнэ.
1.4. Төмөр замын байгууллага нь хөдөлгөөн зохицуулалтын төвд хүргүүлэх мэдээ, тайланг тогтоосон маягтын дагуу дараах хугацаанд цахим болон бичгээр хүргүүлж байна.
1.4.1. Хоногийн мэдээг өдөр бүрийн 22.00 цагийн дотор;
1.4.2. Сарын мэдээг дараа сарын 10-ны дотор;
1.4.3. Улирлын мэдээг улирал бүрийн дараа сарын 10-ны дотор;
1.4.4. Хагас жилийн мэдээг хагас жилийн дараа сарын 10-ны дотор;
1.4.5. Жилийн мэдээг дараа оны 1-р сарын 10-ны дотор;
1.5.  Энэхүү журамд хэрэглэсэн нэр томъёог Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай хууль, MNS 6387-1:2013 “Төмөр зам, Зам, замын аж ахуйн нэр томъёо, тодорхойлолт   1-р хэсэг” , MNS 6387-2:2013 “Төмөр замын автоматик ба телемеханикийн нэр томъёо” , MNS 6387-3:2013 “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний нэр томъёо, тодорхойлолт”  болон Багц дүрэмд заасан утгаар ойлгоно.

Хоёр. Мэдээлэл солилцох, тайлагнах хүрээ


2.1. “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид "Хөдөлгөөн зохицуулалтын төв" гэх/, төмөр замын байгууллагууд нь энэхүү журамд заасан мэдээллийг харилцан солилцож олон нийтэд мэдээлнэ.
2.2. Хөдөлгөөн зохицуулалтын төвөөс Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “Төрийн захиргааны төв байгууллага” гэх/, Үндэсний статистикийн хороонд тус хорооноос баталсан болон энэхүү журмын хавсралтад заасан маягтын дагуу дараах мэдээллийг гаргаж өгнө:
2.2.1. Төмөр замын тээвэрлэлтийн мэдээ ;
2.2.2. Тээврийн салбарын үйл ажиллагааны мэдээ ;
2.2.3. Суурь бүтцийн техникийн хүчин чадлын үзүүлэлтийн мэдээ ;
2.2.4. Хөдлөх бүрэлдэхүүний парк ашиглалтын мэдээ ;
2.2.5. Төмөр замын cүйрэл, ослын мэдээ 
2.2.6. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын мэдээ ;
2.2.7. Төмөр замын байгууллагын ажилтан, албан хаагчдын тоо, ажилласан жил, боловсролын түвшний мэдээ .
2.3. Хөдөлгөөн зохицуулалтын төвөөс Төмөр замын байгууллагуудад дараах мэдээллийг гаргаж өгнө:
2.3.1. Хөдөлгөөний нэгдсэн зурмаг.
2.4. Суурь бүтэц эзэмшигч нь Хөдөлгөөн зохицуулалтын төвд дараах мэдээллийг гаргаж өгнө:
2.4.1. Суурь бүтэц эзэмшигчийн гэрчилгээний хуулбар;
2.4.2. Үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөл, гэрчилгээний хуулбар /өөрчлөлт орох бүрт мөн адил хамаарна/;
2.4.3. Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг;
2.4.4. Тээвэрлэлтийн ашиглалтын ажлын хоног тутмын үзүүлэлтүүд, ачаа тээврийн ачааны хэмжээ, вагоны тоо хэмжээ тус бүрээр ачилт, буулгалтын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтийн мэдээ;
2.4.5. Суурь бүтцүүд хоорондын галт тэрэг, хөдлөх бүрэлдэхүүн  солилцооны төлөвлөгөө, биелэлтийн мэдээ;
2.4.6. Галт тэрэгний хөдөлгөөний нэгдсэн зурмаг болон суурь бүтэц дэх зурмагийн хоног тутмын биелэлт, зурмагийн тасалдлын мэдээ;
2.4.7. Ачааны паркийн вагоны хоног тутмын мэдээ;
2.4.8. Төмөр замаар тээвэрлэж буй уурхайн нүүрсний хангалт ба дулааны цахилгаан станциудын нүүрсний нөөцлөлтийн талаарх мэдээ;
2.4.9. Тээвэрлэгч нарын тээвэрлэлтийн захиалгын хэмжээ, түүнийг шийдвэрлэсэн тайлан, тооцоо, бусад мэдээлэл;
2.4.10. Төмөр замын хэмжээний ачаа болон зорчигч тээврийн үндсэн үзүүлэлт, ачааны төрөл тус бүрээр орон нутаг, болон экспорт, импорт, дамжин өнгөрөх транзит ачааны мэдээ;
2.4.11. Төмөр замын тээвэр зуучийн байгууллагын чингэлэг тээвэрлэлтийн болон экспорт, импорт, дамжин өнгөрөх транзит ачаа тээвэрлэлтийн мэдээ;
2.4.12. Төмөр замаар орон нутаг болон олон улсад зорчигч тээвэрлэлтийн мэдээ;
2.4.13. Төмөр замын тээвэрлэлттэй холбоотой сүйрэл, осол, гологдол гарсан, байгалийн давагдашгүй хүчин зүйл, террорист халдлагад өртсөнөөс болж гамшигт хүргэж болзошгүй онцгой нөхцөл үүссэн тухай мэдээллийг тухай бүр, улирал, хагас жил, жилээр;
2.4.14. Энэ журмын 2.2.6-д заасан мэдээлэл;
2.4.15. Эрхэлж буй үйл ажиллагаанд хамаарах суурь бүтэц эзэмшигчийн техникийн үзүүлэлтүүд, тэдгээрийн байршил, шинэчлэлт, өөрчлөлтийн байдал, ашиглалтанд байгаа төмөр замын объектын мэдээлэл;
2.4.16. Өмчлөл, эзэмшилд байгаа төмөр замын зам засвар арчилгааны үзүүлэлтүүд;
2.4.17. Хөдлөх бүрэлдэхүүний засварын баазын тоо хэмжээ, хүчин чадлын үзүүлэлтүүд;
2.4.18. Төмөр замын тээврийн салбарын хүний нөөцийн талаар статистик тоо мэдээлэл;
2.4.19. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, хяналтын систем, ашиглаж байгаа байгууламж, төхөөрөмж, техник ба програм хэрэгсэл, технологийн талаар  мэдээллийг жилдээ нэг удаа гаргаж өгөх;
2.5. Тээвэрлэгч нь Хөдөлгөөн зохицуулалтын төвд дараах мэдээллийг гаргаж өгнө:
2.5.1. Тээвэрлэгчийн гэрчилгээний хуулбар;
2.5.2. Хөдлөх бүрэлдэхүүн ашиглалтын мэдээ;
2.5.3. Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч хоорондын тээврийн гэрээний биелэлтийн мэдээ;
2.5.4. Журмын 2.2.6-д заасан мэдээлэл;
2.5.5. Журмын 2.4.2, 2.4.13, 2.4.18-д заасан мэдээлэл.
2.6. Суурь бүтэц эзэмшигчид хоорондоо дараах мэдээллийг харилцан солилцоно:
2.6.1. Журмын 2.4.2, 2.4.5, 2.4.6, 2.4.15-2.4.17, 2.4.19-д заасан мэдээлэл;
2.7. Суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгчид дараах мэдээллийг гаргаж өгнө.
2.7.1. Журмын 2.4.15-2.4.17-д заасан мэдээлэл;
2.8. Тээвэрлэгч нь Суурь бүтэц эзэмшигчид дараах мэдээллийг гаргаж өгнө.
2.8.1. Тээвэрлэгчийн тээвэрлэлтийн төлөвлөгөө;
2.8.2. Журмын 2.4.2-т заасан мэдээлэл;
2.8.3. Журмын 2.5.2, 2.5.3-т заасан мэдээлэл.
2.9. Хөдөлгөөн зохицуулалтын төвөөс дараах мэдээллийг олон нийтэд мэдээлнэ:
2.9.1. Нэгдсэн зурмаг болон нэгдсэн зурмагийн тасалдал, ачаа хүргэлтийн хугацаа хэтэрсэн тухай мэдээ, түүний шалтгаан, үүнтэй холбоотой бусад мэдээлэл.
2.10. Суурь бүтэц эзэмшигч нь дараах мэдээллийг олон нийтэд тогтмол мэдээлнэ:
2.10.1. Суурь бүтэц дэх хөдөлгөөний зурмаг тасалдсан болон хүргэлтийн хугацаа хэтэрсэн тухай мэдээ, түүний шалтгаан, эдгээртэй холбоотой бусад мэдээлэл;
2.10.2. Тээврийн үйлчилгээний хөлс, тарифийн хэмжээ;
2.10.3. Тээвэрлэлтийн горим, техникийн нөхцөл, зарим төрлийн тээвэрлэлтэд тавигдах тусгай шаардлага;
2.10.4. Ачаа, чингэлэгийн хүргэлтийн хугацаа, аяллын явцын талаарх мэдээ /төлбөртэй эсвэл хүргэлтийн хугацаа хэтэрсэнээс хойш/ ;
2.10.5. Зорчигчийн галт тэрэгний аяллын цагийн хуваарь.
2.11. Тээвэрлэгчээс дараах мэдээллийг олон нийтэд мэдээлнэ:
2.11.1. Журмын 2.10.2-2.10.4-т заасан мэдээлэл.
2.12. Энэхүү журмын 2 дугаар зүйлд заасан мэдээллийн талаар Хөдөлгөөн зохицуулалтын төв ба суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгчид нь тухайн мэдээлэлд шууд хамаарах нэмэлт лавлагаа, тооцоо, аргачлал, тайлбар, тодруулгыг харилцан гаргуулан авч болно.



Гурав. Мэдээллийн сан бүрдүүлэлт, хөтлөлт, хадгалалт, ашиглалт


3.1. Хөдөлгөөн зохицуулалтын төв нь Салбарын мэдээллийн сангийн програм хангамж, сүлжээний найдвартай, тасралтгүй ажиллагаа, аюулгүй байдал, нууцлалыг хангах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
3.2. Хөдөлгөөн зохицуулалтын төв ба төмөр замын байгууллага нь холбогдох хууль тогтоомж, Багц дүрэм, энэ журамд заасан мэдээллийг Салбарын мэдээллийн санд бүрдүүлэх үүргийг, Хөдөлгөөн зохицуулалтын төв нь холбогдох этгээдээс мэдээллийг гаргуулах эрхийг тус тус хэрэгжүүлнэ.
3.3. Холбогдох хууль тогтоомжийн дагуу нууцад хамаарахаас бусад мэдээллийг Салбарын мэдээллийн сангийн цахим хуудсанд нээлттэй байрлуулна.
3.4. Хөдөлгөөн зохицуулалтын төвийн цахим хуудас дахь  мэдээллийг иргэн, хуулийн этгээд нь сургалт, судалгаа, шинжилгээ, мэдээллийн зорилгоор ашиглаж болох бөгөөд тухайн мэдээллийн эх сурвалжийг заавал дурьдсан байна.
3.5. Салбарын мэдээллийн санд төвлөрсөн мэдээллийн хадгалалт, хамгаалалт, нөхөн бүрдүүлэлт, ашиглах үйл ажиллагаанд Архивын тухай хуулийг мөрдлөг болгоно.

Дөрөв. Мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх, хадгалах, ашиглахад хориглох зүйл


4.1. Салбарын мэдээллийн сангийн үйл ажиллагаанд дор дурьдсан зүйлсийг хориглоно. Үүнд:
4.1.1. Мэдээллийг хууль бусаар ашиглах, хувийн ашиг сонирхлоор хэрэглэх, бусдад дамжуулах;
4.1.2. Салбарын мэдээллийн сан, програм хангамжинд тусгайлан бэлтгэсэн програм болон техникийн тусламжтайгаар хууль бусаар нэвтрэх, програм хангамжийн файлыг устгах, эвдэх, ашиглах боломжгүй болгох, мэдээллийн сүлжээг сүйтгэх;
4.1.3. Салбарын мэдээллийн сангийн мэдээллийг эрх бүхий этгээд Хөдөлгөөн зохицуулалтын төвийн захирлын зөвшөөрөлгүйгээр засварлах, хуулбарлах, устгах;
4.1.4. Салбарын мэдээллийн сангийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, эвдэх, гэмтээх;
4.1.5. Салбарын мэдээллийн санд хандах эрхээ бусдад дамжуулах, бусдын хандах эрхийг хууль бусаар олж авах, ашиглах, бусдад дамжуулах;
4.1.6. Салбарын мэдээллийн сангийн эрх бүхий этгээд албан ёсны давуу эрхээ хууль бус үйлдэлд болон хувийн ашиг сонирхлоор ашиглах;
4.1.7. Хөдөлгөөн зохицуулалтын төвийн захирлын зөвшөөрөлгүйгээр тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэх, засварлуулах, цахим сангийн програм хангамжийг хувилж тараах мөн тэдгээрийг интернэт болон гадны бусад сүлжээнд холбох.


Тав. Хариуцлага


5.1. Энэхүү журмыг зөрчигчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчлийн шинж чанарыг харгалзан Төмөр замын тээврийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Хөдөлгөөн зохицуулалтын төв, төмөр замын байгууллагын холбогдох дүрэм, журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.2. Төмөр замын байгууллага, иргэд нь энэхүү журамтай холбоотой гомдлыг Хөдөлгөөн зохицуулалтын төвд гаргана.

 


--- o0o ---