Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн  А/251, 304 тоот хамтарсан тушаалын хавсралт

 

ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЭЛ ИМПОРТЛОХ, ХУДАЛДАХ БОЛОН СПОРТ-СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ, ГАЛТ ЗЭВСЭГТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.Галт зэвсгийн тухай хуулийн 16.1, 16.2, 16.5 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөлтэй этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхэд Галт зэвсгийн тухай[1] хууль, Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоол[2] болон бусад хууль тогтоомж, энэхүү журмыг баримтална.

1.2.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй этгээд нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг, сум импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй этгээд нь иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн сумыг, спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсэг, сумыг тус тус улсын хилээр нэвтрүүлнэ.

1.3.Энэ журмын 1.2-т заасан тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээдийн улсын хилээр нэвтрүүлэх галт зэвсэг нь Галт зэвсгийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл нь энэ хуулийн 5.5 дахь хэсэгт заасан жагсаалтад тус тус орсон байна.

 

Хоёр.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авах өргөдөл гаргах, хянан шийдвэрлэх

 

2.1.Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдлийг зөвшөөрөл хүсэгч Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолоор баталсан “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-ын 1 дүгээр хавсралтад заасан “MNS 5022:2001” стандартын “Е” маягтаар гаргана.

2.2.Тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-ын 2.2  дахь хэсэгт зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргана:

2.2.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах болон сум импортлох, нийтэд худалдах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд нь тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт;

2.2.2.Спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд нь Галт зэвсгийн тухай хуулийн 19.6 дахь хэсэгт заасан мэдээллийг тусгасан спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бичгээр гаргасан хүсэлт.

2.3.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл хүсэгч иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 2.1-д заасан өргөдлийн “барааны тодорхойлолт” гэсэн хэсэгт улсын хилээр оруулах галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн нэр, төрөл, үйлдвэрлэсэн он, зориулалт, марк, дугаар, техникийн болон бусад үзүүлэлтийг тусгана.

2.4.Зөвшөөрөл олгох гэж байгаа галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн онцлогоос шалтгаалан бусад шаардлагатай тодорхойлолт, дүгнэлтийг зөвшөөрөл хүсэгч иргэн, хуулийн этгээдээс гаргуулж болно.

2.5.Галт зэвсгийн тухай хуулийн 16.3 дахь хэсэгт заасан Комисс өргөдөл болон хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 14 өдрийн дотор хянаж, санал, дүгнэлт гаргана.

2.6.Комисс нь зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-д заасны дагуу хянан үзнэ.

2.7.Комиссын санал, дүгнэлтийг үндэслэн галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

2.8.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн галт зэвсэг, сумыг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрлийг “Улсын хилээр төрийн хяналтын дор нэвтрүүлэх бараанд экспорт, импортын лиценз олгох журам”-ын 2.6, 2.7-д заасан маягт, хугацаа, хэлбэрээр олгоно.

 

Гурав.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр
оруулахад хийх гаалийн шалгалт

 

3.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу гаалийн байгууллагад шаардагдах бичиг баримтын хамт бүрдүүлсэн байна.

3.2.Гаалийн газар, хороо нь мэдүүлгийг холбогдох бичиг баримтын хамт хүлээн авч, гаалийн хууль тогтоомжийн дагуу бичиг баримт болон бараанд шалгалт хийж, галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах эсэхийг шийдвэрлэнэ.

3.3.Улсын хилээр оруулсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн зөвшөөрөлд гаалийн газар, хороо тэмдэглэл хийж, гаалийн мэдүүлэгт хавсаргаж үлдээнэ.

3.4.Гаалийн газар, хороо нь “Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр оруулсан мэдээ"-г гаалийн удирдах төв байгууллагын гаалийн хяналт шалгалт хариуцсан нэгжид сар бүрийн 30-ны өдрийн дотор ирүүлнэ.

3.5.Гаалийн хяналт шалгалт хариуцсан нэгж нь мэдээг нэгтгэн дараа сарын 5-ны өдрийн дотор цагдаагийн төв байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх нэгжид хүргүүлнэ.

3.6.Гаалийн хууль тогтоомжийн зөрчлийн улмаас хураагдсан, нягтлан шалгах зорилгоор саатуулагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг гаалийн газар, хороод нэн даруй гаалийн удирдах төв байгууллагад ирүүлнэ.

 

Дөрөв. Бусад

 

4.1.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг бусдаар дамжуулан улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно.

4.2.Цагдаагийн төв байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх нэгж нь галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээдийн бүртгэлээр тухайн галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл улсын нэгдсэн бүртгэлд орсон эсэхэд хяналт тавьж ажиллана.

4.3 Хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол цагдаагийн болон гаалийн байгууллагын эрх бүхий алба хаагч хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

----оОо----

 

 



[1] Галт зэвсгийн тухай хууль-“Төрийн мэдээлэл” 2015 оны № 31 дугаарт нийтлэгдсэн.

[2] Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоол-“Төрийн мэдээлэл” 2002 оны № 47 дугаарт нийтлэгдсэн.