Засгийн газрын 2016 оны 111 дүгээр
                                          тогтоолын 1 дүгээр хавсралт


БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Боловсролын зээлийн сан (цаашид “сан” гэх)-гийн зорилго нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид зохих журмын дагуу санхүүгийн дэмжлэг, суралцагчийн тэтгэлэг, сургалтын төлбөрийн зээл олгох, зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулахад оршино. 

1.2. Сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль  болон энэхүү дүрмээр зохицуулна.

1.3. Сангийн үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2018-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

1.4. Сан нь тогтоосон журмын дагуу  хийсэн тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.

1.5. Сангийн хөрөнгийг Төрийн сангийн тусгай дансанд байршуулах бөгөөд банкинд харилцах данстай байна.

Хоёр. Сангийн Удирдах зөвлөл (Энэ хэсгийг Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон) 

2.1. Сангийн үйл ажиллагааг Удирдах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) удирдана. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.

2.2. Зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан байна.

2.3. Зөвлөл нь улиралд нэгээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн саналаар ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж болно.

2.4. Нийт гишүүдийн 75-аас доошгүй хувь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно.

2.5. Зөвлөл асуудлыг тухайн хуралдаанд оролцсон гишүүдийн 75-аас дээш хувийн саналаар шийдвэрлэж, тогтоол, тэмдэглэл гаргана. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй гишүүн саналаа бичгээр өгсөн тохиолдолд түүнийг хуралдаанд оролцсонд тооцно.

2.6. Зөвлөлийн нарийн бичгийн дарга хэлэлцэх асуудлыг зөвлөлийн гишүүдэд 3 хоногийн өмнө бичгээр хүргүүлнэ.

2.7. Зөвлөл дараах эрх, үүрэгтэй байна:

     2.7.1. сангийн үйл ажиллагааг удирдан зохицуулах;

     2.7.2. сангийн үйл ажиллагааны болон сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээний жилийн төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлах;

     2.7.3. сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар үүрэг даалгавар өгөх;

     2.7.4. сангийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн дүгнэлт өгөх;

     2.7.5. сангаас олгосон зээлийг эргэн төлүүлэх асуудлыг шийдвэрлэх.

Гурав. Сангийн гүйцэтгэх захирал

3.1. Сангийн захирал нь тус сангийн үйл ажиллагааг өдөр тутмын удирдлагаар хангах, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг зохион байгуулах, холбогдох тайланг хууль тогтоомжийн дагуу хугацаанд нь яаманд ирүүлэх үйл ажиллагааг хариуцна. (Энэ заалтыг Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

3.2. Гүйцэтгэх захирлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлнө.

3.3. Гүйцэтгэх захирал нь Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу хуваарилах, зарцуулах, хөрөнгийн ашиглалтад хяналт тавих, тайлагнах ажлыг зохион байгуулах, сангийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулж дүгнэх, тэдгээрийн ажил, үүргийн хуваарийг батлах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

3.4. Сангийн ажлын албаны бүтэц, орон тоог боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.

Дөрөв. Сангийн хөрөнгийн эх үүсвэр, зарцуулалт

4.1. Сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

4.1.1. улсын төсвийн хөрөнгө;

4.1.2. зээлийн хүүгийн орлого; (Энэ заалтад Засгийн газрын 2017 оны 46 дугаар тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2018-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор өөрчлөн найруулсан)

4.1.3. хандив, тусламж;

4.1.4. тусгай сангийн өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого. (Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор нэмсэн)

4.2. Сангийн хөрөнгийг дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл, суралцагчийн тэтгэлэг, санхүүгийн дэмжлэг болон сангийн үйл ажиллагаатай холбоотой бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна. Сангийн үйл ажиллагааны зардал нь зээлийн хүүгийн орлогын 2 хувиас илүүгүй байна. /Энэ заалтад ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2018-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

4.3. Сангийн хөрөнгийг хууль, энэ журамд зааснаас бусад үйл ажиллагаанд зарцуулахыг хориглоно.

4.4. Сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.  (Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор нэмсэн)

Тав. Сангийн эрх, үүрэг

5.1. Сан дараах эрхтэй байна:

     5.1.1. сургалтын төлбөрийн зээлийн болон амьжиргааны зардлын тэтгэлэг олгох гэрээ байгуулах, сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэг олгох;

     5.1.2. сургалтын төлбөрийн зээл, суралцагчийн тэтгэлэг авч байгаа суралцагчийн сурлага, шилжилт хөдөлгөөний талаарх мэдээлэл болон зээл, тэтгэлгийн зарцуулалтын тайланг дээд боловсролын сургалтын байгууллагаас авах;

     5.1.3. сангийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх;

     5.1.4. сургалтын төлбөрийн зээл, зээлийн гэрээний биелэлттэй холбоотой оролцогч банк болон дээд боловсролын сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавих, шаардлагатай бол уг асуудлаар хуулийн байгууллагад хандах. /Энэ заалтад ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2018-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

5.2. Сан дараах үүрэгтэй байна:

     5.2.1. сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах;

     5.2.2. сангийн тухайн жилийн төсвийг боловсруулах;

     5.2.3. сургалтын төлбөрийн зээл олгох үйл ажиллагаатай холбогдуулж дээд боловсролын сургалтын байгууллагуудтай гэрээ байгуулах; /Энэ заалтад ЗГ-ын 2018 оны 46-р тогтоолоор өөрчлөлт орсон бөгөөд үүнийг 2018-5-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

     5.2.4. сургалтын төлбөрийн зээлийг эргэн төлүүлэх ажлыг зохион байгуулах, зээлийн барьцаанд байгаа хөрөнгийн баталгаа бүрдүүлэх;

     5.2.5. сургалтын төлбөрийн зээлийн гэрээг зөрчсөн тохиолдолд нэхэмжлэх гаргах;

     5.2.6. сургалтын төлбөрийн зээлийг төлөхөөс зайлсхийсэн этгээдэд гэрээ болон хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

     5.2.7. сургалтын төлбөрийн зээл, тэтгэлэгт хамрагдах суралцагчдын бичиг баримтын бүрдүүлэлт, зээлийг эргэн төлүүлэх асуудлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах;

     5.2.8. сангийн үйл ажиллагааны тайлан гаргах;

     5.2.9. сангийн санхүүжилтээр дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын талаар мэдээллийн сан бүрдүүлэх.

 

Зургаа. Сангийн хөрөнгийн тайлагнал, ил тод байдал, түүнд тавих хяналт  (Энэ хэсгийн Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолоор нэмсэн)

 

       6.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

       6.2. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

       6.3. Сангийн хөрөнгийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.
 

Долоо. Бусад

7.1. Сан нь үйл ажиллагаандаа жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлгэнэ. 

7.2. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 


--о0о--