Засгийн газрын 2016 оны 111 дүгээр
тогтоолын 3 дугаар хавсралт


ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ЖУРАМ

/ЗГ-ын 2017 оны 176 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зохих журмын дагуу элсэн үндсэн сургалтын хэлбэрээр суралцаж байгаа Монгол Улсын иргэн (цаашид “оюутан” гэх)-д оюутны хөгжлийн зээл олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагч оюутны сурах бололцоог нэмэгдүүлэх, дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

       1.3.1. “оюутны хөгжлийн зээл” гэж (цаашид “зээл” гэх) дээд боловсролын байгууллагад үндсэн сургалтын хэлбэрээр суралцаж байгаа суралцагчдын сургалтын төлбөрт нь зориулан олгож байгаа хөгжлийн зээлийг;

      1.3.2. “оюутны хөгжлийн зээлийн хүү” гэж сургалтын төлбөрийн зээл олгох үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах зардлын хэмжээг;

      1.3.3. “зээлийн хэмжээ” гэж  оролцогч сургуулийн Удирдах зөвлөлөөс тогтоосон нэг кредит (багц цаг) цагийн үнэлгээг оюутны сонгосон хичээлийн нийт кредитээр үржүүлсэнд гарах хэмжээг;

      1.3.4. “хүү бууруулах зээл” гэж оюутны сургалтын төлбөр төлөхөд зориулж өмнө олгогдсон зээлийн үлдэгдлийг шинэ нөхцөлтэй зээлд шилжүүлэх зээлийг;

      1.3.5. “богино хугацаатай зээл” гэж тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөр төлөхөд зориулж авсан 1 жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг;

      1.3.6. “урт хугацаатай зээл” гэж Дээд боловсролын тухай хуульд заасан бакалаврын дээд боловсрол эзэмших үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жил бүр сургалтын төлбөр төлөхөд зориулж авсан 10 хүртэлх жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийг;

      1.3.7. “суралцах хугацаа” гэж Дээд боловсролын тухай хуульд заасан бакалаврын сургалтад шаардагдах үндсэн сургалтын хугацааг;

      1.3.8. “оролцогч банк” гэж (цаашид “банк” гэх) сургалтын төлбөрийн зээл олгохоор Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан банкийг;

      1.3.9. “оролцогч сургууль” гэж (цаашид “сургууль” гэх) Боловсролын зээлийн сантай гэрээ байгуулсан, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, байгууллагын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагыг;

      1.3.10. “оюутны гэр бүлийн гишүүн” гэдэгт эцэг, эх, эмээ, өвөө, төрсөн ах, эгч, дүү, асран хамгаалагчийг.


Хоёр. Зээлийн санхүүжилт


2.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь зээлийн санхүүжилтийг Боловсролын зээлийн сангийн төсөвт тусгана.

2.2. Боловсролын зээлийн сан  зээлийг арилжааны банкаар дамжуулж олгоно.

2.3. Зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг арилжааны банк хариуцна.

2.4. Зээлийн эргэн төлөлтөөс тодорхой хувиар тооцож Боловсролын зээлийн сангийн эргэлтийн хөрөнгийн хуримтлалыг бүрдүүлнэ.

2.5. Зээлийн эргэлтийн хөрөнгийн хуримтлалыг Боловсролын зээлийн санд бүрдэх хүртэл хугацаанд улсын төсвөөс санхүүжүүлнэ.

2.6. Зээлийн эргэлтийн хөрөнгийг Боловсролын зээлийн сангаас улсын төсөвт буцаан төвлөрүүлэхгүй.

Гурав. Талуудын эрх, үүрэг

3.1. Төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүрэгтэй байна:

       3.1.1. боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага  зээлийн төсвийн төслийг хянан санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

       3.1.2. санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Боловсролын зээлийн сангийн төсвийг хянаж батлуулах, санхүүжүүлэх.

3.2. Боловсролын зээлийн сан дараах эрх, үүрэгтэй байна:
      3.2.1. зээлийн төсвийн төсөл боловсруулж батлуулах;
      3.2.2. зээлийн санхүүжилтийг зарцуулах, хянах;
      3.2.3. 2 хувийн хүүтэй зээлийг банкинд олгох;
      3.2.4. зээлийн эргэлтийн хуримтлалыг бүрдүүлэх;
      3.2.5. оролцогч банк болон сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах;
      3.2.6. зээлийн санхүүжилттэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;
      3.2.7. зээлийн санхүүжилтийн тайлан гаргах;
      3.2.8. зээлийн талаарх банкны тайланг хүлээн авч хянан нэгтгэх;
      3.2.9. боловсролын болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад зээлийн тайланг нэгтгэж, тайлагнах.


3.3. Банк дараах эрх, үүрэгтэй байна:
      3.3.1. Боловсролын зээлийн сан, сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулах;
      3.3.2. оюутанд жилийн 5 хувийн хүүтэй зээл олгох;
      3.3.3. зээлийн эрсдэлийг бүрэн хариуцах;
      3.3.4. оюутанд олгосон зээлийн 5 хувиар тухайн сургуулийн зээлийн эрсдэлийн сан бүрдүүлэх, зээлийн гэрээний гүйцэтгэлийг дүгнэх;
      3.3.5. оюутанд олгосон зээлийг сургуулийн дансанд шилжүүлэх;
      3.3.6. зээлийн талаар сургууль, оюутан, эцэг эх, олон нийтэд сурталчлах, таниулах ажлыг Боловсролын зээлийн сан, сургуультай хамтран зохион байгуулах;
      3.3.7. зээлийн санхүүжилтийн тайланг долоо хоног, сар, улирал, жил тутам гаргаж санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын зээлийн санд тус тус хүргүүлэх;
      3.3.8. зээл авахад үйлчилгээний шимтгэл, хураамж авахгүй байх.


3.4. Сургууль дараах эрх, үүрэгтэй байна:
      3.4.1. Боловролын зээлийн сан, банктай хамтран ажиллах гэрээ байгуулах;
      3.4.2. зээлийн болон эрсдэлийн дансыг банкинд байршуулах;
      3.4.3. банкинд байршуулсан сургалтын төлбөрийн орлогын дансыг өөр банкинд шилжүүлэхгүй байх;
      3.4.4. зээлийн 5 хувийг банкин дахь сургуулийн эрсдэлийн дансанд байршуулах;
      3.4.5. боловсролын нэгдсэн мэдээллийн санд сургалтын хөтөлбөр, оюутны шилжилт хөдөлгөөн, дүн, холбогдох бусад мэдээллийг тогтоосон хугацаанд оруулах;
      3.4.6. төгсөгчдийн тандалтын судалгаа хийх;
      3.4.7. зээлийн талаар сургууль, суралцагч, эцэг эх, олон нийтэд таниулах ажлыг зохион байгуулах.


3.5. Оюутны эрх, үүргийг банк, оюутан хооронд байгуулах зээлийн гэрээнд тусгана.

Дөрөв. Зээлийн нөхцөл, шаардлага


4.1. Энэ журмын хүрээнд дараах 3 төрлийн зээлийг олгоно:

      4.1.1. хүү бууруулах зээл;
      4.1.2. богино хугацаатай зээл;
      4.1.3. урт хугацаатай зээл.

4.2. Энэ журмын 4.1-д заасан зээлийн хүү жилийн 5 хувь байна.

4.3. Зээлийг дараах хугацаагаар олгоно:
      4.3.1. хүү бууруулах зээлийн хугацаа цалин, тэтгэврийн зээлийн дуусах хугацаатай тэнцүү;
      4.3.2. богино хугацаатай зээлийн хугацаа 12 сар хүртэл;
      4.3.3. урт хугацаатай зээлийн хугацаа 10 жил хүртэл.
4.4. Зээлд хамрагдах оюутан дараах ерөнхий шаардлагыг хангасан байна:
      4.4.1. магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
      4.4.2. боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэгдсэн байх;
      4.4.3. зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх.
4.5. Хүү бууруулах болон богино хугацаатай зээлд хамрагдах оюутан энэ журмын 4.4-т заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
      4.5.1. дээд боловсролын сургалтын байгууллагад шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
      4.5.2. сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар (эх хувиар);
4.6. Урт хугацаатай зээлд хамрагдах оюутан энэ журмын 4.4-т заасан ерөнхий шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна.
      4.6.1. их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх;
      4.6.2. зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах;
      4.6.3. зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсанаас хойш сар бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх;
      4.6.4. зээлийн давтамж үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх  удаа байх;
      4.6.5. дээд боловсролын сургалтын байгууллагад шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны сурлагын голч дүн 2.3, бусад оюутны  сурлагын голч дүн 3.0 болон түүнээс дээш байх.
4.7. Зээлд хамрагдах оюутан дараах бичиг баримтыг бүрдүүлж банкинд хандана:
    4.7.1. зээл хүссэн өргөдөл;
    4.7.2. иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
    4.7.3. сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл (эх хувиар);
    4.7.4. хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар;
    4.7.5. сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуулбар.


Тав. Мэдээлэл, тайлан

5.1. Боловсролын зээлийн сан нь зээлийн мэдээллийг боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэнэ.

5.2. Банк нь зээлийн мэдээллийг гэрээнд заасан хугацааны дагуу санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын зээлийн санд тус тус хүргүүлнэ.

Зургаа. Хяналт, хариуцлага

6.1. Банкинд олгосон зээлийн эх үүсвэрийн зориулалт, эргэн төлөлтөд санхүү,  төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

6.2 Боловсролын зээлийн сан нь оролцогч талуудын хооронд байгуулсан гэрээний биелэлтэд хяналт тавина.

6.3. Санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага шаардлагатай тохиолдолд зээлийн эх үүсвэрийн бүрдүүлэлт, ашиглалтад хяналт, шалгалт хийнэ.

6.4. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

--о0о--