/ХНХС, БСШУСС-ын 2018 оны А/257/А/582-р тушаалаар хүчингүй болсон/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан,

спортын сайдын 2016 оны А/216/А/104 тушаалын нэгдүгээр  хавсралт

 

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН  БАЙГУУЛЛАГЫГ  БҮРТГЭХ, СУРГАЛТЫН ҮЙЛ  АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ТОГТООХ ЖУРАМ”

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоохтой холбогдон үүсэх харилцааг Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хууль, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль болон энэхүү журмаар зохицуулна.

1.2.Энэхүү журмаар үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах нэгж буюу бүлэг ажилбарыг гүйцэтгэх арга барил, техник, технологийн анхан шатны мэдлэг, чадвар, дадлыг тодорхой ажил мэргэжлийн чадамжийн хүрээнд эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, дадлагажуулахад чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох богино хугацааны мэргэжлийн сургалтын /цаашид “сургалт” гэх/ үйл ажиллагаатай холбоотой үүсэх харилцааг зохицуулна.

1.3.Энэхүү журмын хүрээнд мэргэжлийн чадамж эзэмшүүлэх, хөдөлмөрийн болон бизнес эрхлэх үндсэн мэдлэг, чадвар олгох сургалтууд эрхлэх байгууллагуудын үйл ажиллагаа хамаарна.  Үүнд:

1.3.1.иргэнд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх сургалтын төрөлд мэргэжлийн болон техник, технологийн суурь мэдлэг эзэмшүүлэх сургалтууд хамаарна.

1.3.2.иргэнд хөдөлмөрийн болон бизнес эрхлэх үндсэн мэдлэг, чадвар, эзэмшүүлэх сургалтад хөдөлмөр эрхлэх ур чадвар олгох, аж ахуй, бизнес эрхлэх чадамж олгоход чиглэгдсэн сургалтууд хамаарна.

1.4.Энэ журмын 3.1-т заасан шаардлагыг ханган бүртгүүлсэн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж зохион байгуулна.

1.5.Шаардлага хангасан мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэж,  улсын хэмжээнд нэгдсэн загвартай, бүртгэлийн дугаар бүхий бүртгэлийн гэрчилгээ олгоно. 

1.6.Энэ журмын хэрэгжилтийг хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “Агентлаг” гэх/ эрхлэн зохион байгуулна.

1.7.Агентлаг нь мэргэжлийн сургалтын байгууллагуудын мэдээллийн нэгдсэн санг бий болгон баяжуулж, мэдээллийг түгээнэ.

Хоёр: Мэргэжлийн сургалтын зорилго, хамрах хүрээ

2.1.Мэргэжлийн сургалтын зорилго нь иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн мэргэжлийн ур чадвар, чадамж эзэмшүүлэхэд оршино.

2.2.Сургуулиас гадуурх мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагааны чиглэлээр барилга, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээний салбар, хэл, компьютер, урлаг, эдийн засаг, санхүү, бариа заслын төрлөөр тусгай хөтөлбөрийн дагуу мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх чадамжид суурилсан сургалтыг явуулна.

2.3.Төр, сүм хийдийн харилцааг зохицуулах тухай хуулийн 8 дугаар зүйлийн дагуу зохион байгуулагдах шашны сургалт болон шашинтай холбоотой зан заншил, холбогдох сургалт, үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахгүй.

Гурав: Мэргэжлийн  сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага

3.1.Мэргэжлийн сургалтын байгууллага нь дараах шаардлагыг  хангасан байна. Үүнд: /Нотолсон баримт бичгийн хамт/

3.1.1.хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /нотариатаар баталгаажуулсан хуулбар /;

3.1.2.хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаа, ажил олгогчийн хэрэгцээнд үндэслэн боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх байршил дахь мэргэжлийн боловсролын бүсийн арга зүйн төвөөр эсхүл мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал эрхэлсэн байгууллагаар мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг батлуулсан байх;

3.1.3.мэргэжлийн сургалтын төвийн багш нь мэргэжлийн зэрэгтэй, тухайн чиглэлээр 3-аас доошгүй жилийн ажлын дадлага, туршлагатай, мэргэжлийн боловсрол, сургалтын заах арга зүйн сургалтад хамрагдаж, багшлах эрх авсан байх;

3.1.4.мэргэжлийн боловсрол, сургалтын стандарт, хөтөлбөрт заагдсан, мэргэшлийн түвшний шаардлагад нийцсэн сургалтын орчин, техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байх;

3.1.5.өөрийн байранд дадлага хийлгэх боломжгүй тохиолдолд байгууллага аж ахуйн нэгж, үйлдвэрийн газартай гэрээ байгуулж, дадлагын сургалт зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн байх;

3.1.6. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх;

3.1.7.суралцагчидтай байгуулах гэрээний загварыг баталгаажуулсан байх;

3.1.8.мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтын төлбөр тогтоосон шийдвэрээ албажуулсан байх ба хэт өндөр төлбөр тогтоохгүй байх;

3.1.9.шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, харьяа дүүргийн нийгмийн даатгал, татварын алба болон харилцагч банкнаас санхүүгийн болон байгууллагын чадамжаа илэрхийлсэн тодорхойлолт тус тус авсан байх.

3.2.Мэргэжлийн сургалтын байгууллага нь суралцагчдын ирц, багшийн журнал, холбогдох  бүртгэл хөтөлнө.

3.3.Мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа болон төгсөгчдийн мэргэжлийн ур чадвар, чадамжийг мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал эрхэлсэн байгууллагаар хийлгэх хүсэлт гарган, үнэлгээ хийлгэж, эзэмшсэн ур чадвар, чадамжийг баталгаажуулсны үндсэн дээр төгсөгчдөд чадамжийн гэрчилгээ олгоно.   

Дөрөв: Мэргэжлийн сургалтын агуулга, хөтөлбөр

4.1.Мэргэжлийн сургалтын агуулга нь нэгж буюу бүлэг ажилбарт хуваагдсан тодорхой түвшний ур чадвар эзэмшүүлэх, чадамжийн нэгжээс бүрдсэн, суралцагч сонгон суралцах боломжийг хангасан байна.

4.2.Мэргэжлийн сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд болон аж ахуй, бизнес эрхлэхэд шаардагдах мэргэжлийн суурь мэдлэг, ур чадвар, чадамж,  дадал эзэмшүүлэхэд чиглэсэн байна.

4.3.Мэргэжлийн сургалтын байгууллага нь суралцагчдад үйлдвэрлэл, үйлчилгээ, техник, технологийн чиглэлээр шинэ техник эзэмших, өөрчлөлтөд зохицож хөгжих, тодорхой мэргэжил эзэмшихэд зайлшгүй шаардлагатай техникийн суурь мэдлэг, чадвар  эзэмшүүлнэ.

4.4.Мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсролын бүсийн арга зүйн төв болон мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал эрхэлсэн байгууллага 30 хоногийн дотор хянан дүгнэлт гаргаж батална.

Тав:  Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, гэрчилгээ олгох

5.1.Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлэх хүсэлт гаргаж буй хуулийн этгээд нь энэхүү журмын 3.1-т заасан шаардлагын дагуу материал бүрдүүлж, агентлагт албан бичгээр хандана.

5.2.Агентлаг нь ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгээр хэлэлцүүлэн, шаардлага хангасан эсэх талаарх дүгнэлтийг 30 хоногийн дотор гаргаж, хариу мэдэгдэнэ.

5.3.Шаардлага хангасан тухай дүгнэлт хүлээн авсан байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан хураамжийг харьяалах татварын албанд байршуулсны дараа бүртгэлийн гэрчилгээг олгоно.

Зургаа: Мэргэжлийн сургалтын байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацаа, эрх сунгах, хасах

6.1.Мэргэжлийн сургалтын байгууллагад олгох гэрчилгээ нь улсын хэмжээнд нэгдсэн загвартай байх, бүртгэлийн он, сар, өдөр, дугаар болон хүчинтэй хугацааг заасан байна.

6.2.Мэргэжлийн сургалтын байгууллагад олгох гэрчилгээний дугаар давхцахгүй байна.

6.3.Бүртгэлийн гэрчилгээг 2 жил хүртэл хугацаагаар олгох ба мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх тухай агентлагийн даргын тушаалын хамт хүчин төгөлдөр болно.

6.4.Мэргэжлийн сургалтын байгууллага нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх  бүртгэлийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусахаас 30 хоногоос доошгүй хугацааны өмнө гаргана.

6.5.Мэргэжлийн сургалтын байгууллага бүртгэлийн гэрчилгээг сунгуулах хүсэлтэд энэхүү журмын 3.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан талаарх баримт бичгийг сургалтын үйл ажиллагаа явуулсан тайлан, төгсөгчдийн ур чадварыг үнэлүүлсэн дүнгийн хавсралтын хамт агентлагт ирүүлнэ.

6.6.Агентлаг нь гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгах талаарх шийдвэрийг 30 хоногийн дотор гаргаж, хариу мэдэгдэнэ.

6.7.Агентлаг нь мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангаагүй, бүртгэлийн гэрчилгээний хугацаа дууссан, сунгалт хийгдээгүй байхад сургалтын үйл ажиллагаа явуулсан болон мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал эрхэлсэн байгууллагаар хийгдсэн суралцагчдын чадамжийн үнэлгээний үр дүн шаардлага хангахгүй байгаа тохиолдолд зөрчлийг арилгуулах, шаардлага хүргүүлэх, бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авна.

Долоо: Удирдлага, зохион байгуулалт

7.1.Агентлаг нь мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих ажлын хэсгийг чиг үүргийн дагуу томилон ажиллуулна. 

7.2.Мэргэжлийн сургалтын байгууллагуудын мэдээллийн санг бүрдүүлэх, хяналт тавих, тайлан гаргах үүргийг агентлаг хариуцна. 

7.3.Агентлаг, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний асуудал эрхэлсэн байгууллага болон мэргэжлийн боловсролын бүсийн арга зүйн төв нь сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлага, зохицуулалтаар ханган, дэмжиж ажиллана.

Найм: Хяналт, тайлан мэдээ

8.1.Агентлаг нь гэрчилгээ олгосон мэргэжлийн сургалтын байгууллагуудын мэдээллийн санг үүсгэн тухай бүр баяжилт хийнэ.

8.2.Агентлаг нь гэрчилгээ олгосон сургалтын байгууллагуудын бүртгэлийн талаарх мэдээллийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.

8.3.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

8.4.Мэргэжлийн сургалтын байгууллага нь үйл ажиллагааны талаарх тайлан, мэдээг хагас жилээр жил бүрийн 6 дугаар сарын 30-ны дотор, жилийн тайланг жил бүрийн 12 дугаар сарын 30-ны дотор гарган аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

8.5.Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн сургалтын байгууллагуудын тайланг нэгтгэн хагас жилээр жил бүрийн 7 дугаар сарын 5-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 5-ны дотор агентлагт хүргүүлнэ. 

8.6.Агентлаг нь мэргэжлийн сургалтын байгууллагуудын жилийн эцсийн тайланг нэгтгэн, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.