Засгийн газрын 2016 оны 135 дугаар
     тогтоолын хавсралт


“ЗАСГИЙН ГАЗРЫН БАЙРУУДЫН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ГАЗАР “  ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ
ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ДҮРЭМ

(Засгийн газрын 2021 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг үндэслэл


1.1. ”Засгийн газрын байруудын нийтлэг үйлчилгээний газар” төрийн өмчит  аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар (цаашид “Үйлдвэрийн газар” гэх) нь яам, Засгийн газрын агентлаг, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын  (цаашид “төр, засгийн байгууллага” гэх) үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэхэд шаардлагатай орчин, нөхцөлийг бүрдүүлж, Засгийн газрын байрны ашиглалтыг хариуцна.
1.2. Үйлдвэрийн газар нь үйл ажиллагаандаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэхүү дүрмийг мөрдлөг болгон ажиллана.
1.3. Үйлдвэрийн газрыг үйл ажиллагааныхаа орлогоос  санхүүжүүлэх зарчмаар ажиллуулна.
1.4. Үйлдвэрийн газраас үзүүлэх нийтлэг үйлчилгээний стандартыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, үнэ, тариф, зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх журмыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тус тус баталж мөрдүүлнэ.
1.5. Үйлдвэрийн газар нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ.


Хоёр. Газрын алсын хараа, эрхэм зорилго, зорилт


2.1. Үйлдвэрийн газрын алсын хараа нь төр, засгийн байгууллагуудын хэрэгцээнд тулгуурласан нийтлэг үйлчилгээг хөгжүүлж, олон улсын үйлчилгээний жишигт хүргэхэд оршино.
2.2. Үйлдвэрийн газрын эрхэм зорилго нь төрийн байгууллагуудад олон улсын стандартад нийцсэн нийтлэг үйлчилгээ үзүүлж, үйлчлүүлэгчид хуулиар тогтоосон зорилт, чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэвийн, таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
2.3. Үйлдвэрийн газар нь дараах зорилтыг хэрэгжүүлнэ:
2.3.1. төрийн байгууллагад үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын стандартын түвшинд зохион байгуулж, үйлчилгээний үр ашигтай, хямд өртөг зардалтай дэвшилтэт хэлбэрүүдийг сонгож ажиллах;

2.3.2. төр, засгийн байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны нөхцөл, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг найдвартай хангах;
2.3.3. үйлчлүүлэгч байгууллагын эрэлт хэрэгцээнд нийцсэн нийтлэг үйлчилгээг санхүүжүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэлийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх;
2.3.4 үйл ажиллагаагаа аж ахуйн тооцоонд бүрэн шилжүүлж, өөрөө өөрийгөө санхүүжүүлэн үр ашигтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
2.3.5. хүний нөөцийн хэрэгцээг төлөвлөх, мэргэшүүлэх, давтан сургах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагаандаа хяналт-шинжилгээ хийж, мэдээллийн технологи, дэвшилтэт арга, шинэ санааг нэвтрүүлэх.


Гурав. Үйлдвэрийн газрын чиг үүрэг


3.1. Үйлдвэрийн газар нь нийтлэг үйлчилгээний талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.1.1. хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хүрээнд үйлчлүүлэгч  байгууллагын үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах үйлчилгээг холбогдох  шийдвэр, гэрээ, захиалга, стандартын дагуу эрхлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах;
3.1.2. Засгийн газрын байруудын дотоод болон гадна орчны цэвэрлэгээ, ариун цэвэр, тохижилт, засварыг хариуцаж, байр ашиглалтын нийтлэг үйлчилгээг гүйцэтгэх;
      3.1.3. балансад бүртгэлтэй төрийн өмчийн эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалт, ашиглалттай холбоотой арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
      3.1.4. ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага болон бусад үйлчилгээний байгууллагыг мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах, хамтран ажиллах, туршлага солилцох;
      3.1.5. нийтлэг үйлчилгээний мэргэшсэн ажилтан бэлтгэх, давтан сургах ажлыг зохион байгуулах;
      3.1.6. үйлчлүүлэгч болон иргэдэд нийтийн хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ үзүүлэх.
3.2. Үйлдвэрийн газар нь байр ашиглалтын чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.2.1. Засгийн газрын байрны цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус, салхивч, агааржуулалт, лифтийн хэвийн аюулгүй байдлыг хангаж, барилга, байр ашиглалт, засварыг норм, нормативын дагуу зохион байгуулж, мэргэжлийн байгууллагын байнгын  хяналтад байлгах;
3.2.2. Засгийн газрын байруудын барилгын урсгал засвар, тохижилтын ажлыг батлагдсан зураг төсөв, хөрөнгийн эх үүсвэрийн дагуу хийж гүйцэтгэх;

3.2.3. Засгийн газрын байруудын урсгал болон их засварын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого, төлөвлөгөө боловсруулан холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
3.2.4. газрын балансад байгаа барилга байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах.


Дөрөв. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийн эрх, үүрэг 


            4.1. Үйлдвэрийн газар нь өөрийн эзэмшиж байгаа эд хөрөнгийн хэмжээгээр эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
            4.2. Өөрт олгогдсон хөрөнгийг зөвхөн энэхүү дүрэмд заасан үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн эзэмшиж, ашиглана.
            4.3. Үйлдвэрийн газрын үйл ажиллагааны үр дүнд олсон орлогыг энэхүү дүрэмд заасан үйл ажиллагааны зорилгод нийцүүлэн хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна.


Тав. Үйлдвэрийн газрын удирдлага


           5.1. Үйлдвэрийн газрын захирлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  томилж, чөлөөлнө. Үйлдвэрийн газрын дэд захирлыг захирлын саналыг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга  томилж, чөлөөлнө.
5.2. Газрын өдөр тутмын үйл ажиллагааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай байгуулсан гэрээ болон хууль тогтоомжид заасан бүрэн эрхийн хүрээнд захирал удирдан зохион байгуулна.
5.3. Захирал дараах бүрэн эрхтэй:
5.3.1. хууль тогтоомж, Засгийн газрын тогтоол, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын шийдвэрийг хэрэгжүүлж  үйл ажиллагааныхаа талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт танилцуулан удирдлага, чиглэл авч ажиллах;
5.3.2. байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн төлөвлөгөөг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар батлуулж, гүйцэтгэлийг тайлагнах;
5.3.3. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, удирдаж байгаа байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангасны үндсэн дээр санхүү, төлбөрийн чадвар, нэр хүндийг бүх талаар дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа эрхлэх;
5.3.4. ажил үүргээ гүйцэтгэхдээ үйл ажиллагааны болон бизнесийн нууцыг чанд хадгалах, хувийн болон гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлж ажиллахгүй байх;
5.3.5 батлагдсан бүтэц, орон тоондоо багтааж нэгжийн удирдлага, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, тэдгээртэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ажилтнуудын цалин хөлсний хэмжээ, шатлалыг тогтоох, тогтоосон цалингийн санд багтаан ажилтнуудад мөнгөн урамшуулал олгох;

5.3.6. захирлын эрх хэмжээнд хамаарах асуудлаар тушаал гаргаж, холбогдох дүрэм, журам, заавар батлах;

5.3.7. үйлдвэрийн газрыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх;
5.3.8. үйлдвэрийн газрын хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлох, ажилтныг бэлтгэх, нийтлэг үйлчилгээний чиглэлээр ажилтнуудыг давтан сургах, мэргэшүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх ажлыг зохион байгуулах;
      5.3.9. хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх;
      5.3.10. төрийн байгууллагуудад үзүүлэх нийтлэг үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр санал боловсруулж, холбогдох эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
      5.3.11. ажилтнуудын нийгмийн асуудал, ажлын байр, ахуй нөхцөлийг дээшлүүлэх асуудлыг байгууллагын төсөв  болон аж ахуйн үйл ажиллагаагаар олсон орлогын хүрээнд шийдвэрлэх, цаашид орлогын эх үүсвэр бий болгон нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх;
      5.3.12. Засгийн газрын байруудын барилга байгууламжийн үндсэн хийцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг эрх бүхий байгууллагад танилцуулан чиглэл авсны үндсэн дээр шийдвэрлэх;
      5.3.13. байгууллагын үйл ажиллагаанд ажлын хариуцлага, сахилга дэг журам, үйлчилгээний соёл, шуурхай байдал хангуулах;
      5.3.14. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.


Зургаа. Газрын зохион байгуулалтын бүтэц


6.1. Газрын бүтцэд дор дурдсан нэгж ажиллана:
        6 .1.1. Захиргаа, нөөцийн асуудал хариуцсан нэгж;
      6.1.2. Санхүү, бүртгэлийн асуудал хариуцсан нэгж;
      6.1.3. Барилга, инженер техникийн асуудал хариуцсан нэгж;
      6.1.4. Үйлчилгээний асуудал хариуцсан нэгж.    

                              
Долоо. Үйлдвэрийн газрын хяналт


7.1.  Үйлдвэрийн газар дотоод хяналтыг бие даан зохион байгуулна.
7.2.  Үйлдвэрийн газрын санхүүгийн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хөндлөнгийн аудитын байгууллагын дүгнэлт гаргуулна.
7.3.  Төрийн өмчийн эд хөрөнгийн эзэмшилт, хадгалалт, хамгаалалт, ашиглалт болон санхүүгийн үйл ажиллагаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хяналт тавина.

Найм. Үйлдвэрийн газрын санхүүжилт, санхүү, бүртгэл, тайлан


8.1. Үйлдвэрийн газрыг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
8.1.1. баталсан төсөв, гэрээний дагуу үйлчлүүлэгч байгууллагуудаас авсан үйлчилгээний төлбөр, санхүүжилт;
8.1.2. төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай гэрээний дагуу хамтарч ажилласан, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс олсон орлого;
8.1.3. хандивлагч орнуудын зээл, тусламж болон буцалтгүй тусламж;
8.1.4. хууль тогтоомжоор зөвшөөрсөн бусад эх үүсвэр.
8.2. Төр, засгийн байгууллагуудад үзүүлэх ажил үйлчилгээний зардлыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан шийдвэрээр тогтоосон жишиг үнийг үндэслэн ажиллаж, үйлчилгээний цар хүрээ  болон жишиг үнэ өөрчлөгдсөнөөс бусад тохиолдолд зардлыг нэмэгдүүлэхгүй.
8.3. Үйлдвэрийн газар нь санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хуульд заасан хугацаанд гарган холбогдох байгууллагуудад хүргүүлж, аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулна.
8.4. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайлангийн үнэн зөвийг захирал, ерөнхий нягтлан бодогч хариуцна.
8.5. Үйлдвэрийн газрын ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байх бөгөөд захирал томилж, чөлөөлнө.
8.6. Ерөнхий нягтлан бодогч нь үйлдвэрийн газрын өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавина.
8.7. Үйлдвэрийн газрын санхүүгийн тайланг баталгаажуулах, санхүүд бүрэн болон хэсэгчилсэн шалгалт хийлгэх зорилгоор гэрээний үндсэн дээр аудиторыг сонгон ажиллуулж болно.
8.8. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргатай байгуулсан гэрээний биелэлт, санхүүгийн үйл ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Санхүү, хөрөнгө оруулалт, үйлчилгээний хэлтэс ерөнхий хяналт тавьж ажиллах бөгөөд тус хэлтсээс мэргэжил, арга зүйн туслалцаа авч ажиллана.
8.9. Үйлдвэрийн газрын захирал нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон холбогдох байгууллагад тухайн жилийн үйл ажиллагаа болон олгосон санхүүжилтийн тайлан, үр дүнгийн талаарх илтгэх хуудсыг жил бүр хүргүүлнэ.

Ес. Үйлдвэрийн газрын бичиг баримтыг хадгалах

9.1.  Үйлдвэрийн газар нь дараах бичиг баримтыг хадгална:
9.1.1. Үйлдвэрийн газрын дүрэм, дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт, үйлдвэрийн газрыг байгуулах тухай холбогдох газруудын шийдвэр, тогтоол, улсын бүртгэлийн гэрчилгээ болон бусад гэрчилгээ сертификатууд;
9.1.2. Санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангууд, түүнд хийгдсэн аудитын дүгнэлт, зөвлөмжүүд;
9.1.3.  Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, түүнд тусгагдсан эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг нотлох бичиг баримтууд;
9.1.4.  Үйлдвэрлэл, технологи, норм, нормативууд түүнтэй холбогдох дүрэм, журам, зааврууд, бусад бичиг баримтууд;
9.1.5.  Хурлын тэмдэглэл, шийдвэр, захирлын гаргасан шийдвэрүүд;
9.1.6.  Бусад ач холбогдол бүхий баримт бичгүүд;
9.1.7.  Дээрх бичиг баримтыг зохих журмын дагуу холбогдох этгээдээс хүлээн авч хадгалах, эрх бүхий этгээдэд танилцуулан архивд шилжүүлэх зэрэг ажлыг бичиг хэргийн ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.


Арав. Үйлдвэрийн газрыг татан буулгах


10.1. Үйлдвэрийн газрыг Иргэний хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу татан буулгана.

 

-------o0o-------