Засгийн газрын 2017 ны 159 дүгээр
          тогтоолын хавсралт

ТӨРИЙН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЭХ,
АШИГЛАХ ЖУРАМ


(Засгийн газрын 2019 оны 220 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Нэг. Нийтлэг зүйл

 
1.1. Энэхүү журмын зорилго нь захиргааны байгууллага хооронд цахим мэдээлэл солилцох үйл ажиллагааны хүрээнд төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, найдвартай ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг иргэн, байгууллагад цахим хэлбэрээр шуурхай хүргэхэд оршино.

1.2. Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлж ашиглах, түүний хадгалалт, хамгаалалт болон аюулгүй байдал, найдвартай ажиллагааг хангахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Нэр томьёо

2.1. Энэхүү журамд заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “төрийн цахим мэдээлэл солилцох систем” гэж олон төрлийн мэдээллийн систем болон мэдээллийн сангийн эх үүсвэртэй холбогдон ажиллах чадвартай, нийтийн түлхүүрийн дэд бүтэцтэй холбогдсон, байгууллага хооронд цахим мэдээлэл солилцох зориулалт бүхий  аюулгүй байдлыг хангасан “Үндэсний дата төв” УТҮГ-т (/цаашид “Үндэсний дата төв” гэх) / байрших мэдээллийн системийг;

2.1.2. “төрийн цахим мэдээллийн сан” гэж захиргааны байгууллагын суурь болон төрөлжсөн цахим мэдээллийн санг; 

2.1.3. “суурь цахим мэдээллийн сан” гэж иргэний бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хаягийн бүртгэл, газрын кадастрын мэдээллийн санг;

2.1.4. “төрөлжсөн цахим мэдээллийн сан” гэж захиргааны байгууллагын үйл ажиллагааны явцад бүрдэж бий болсон суурь цахим мэдээллийн сангаас бусад мэдээллийн санг;

2.1.5. “төрийн нэгдсэн үйлчилгээний портал” гэж захиргааны байгууллагаас төрийн цахим мэдээлэл солилцох системд бүртгэгдсэн цахим хэлбэрээр иргэн, байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээг.;

Гурав.Төрийн цахим мэдээллийн сангийн бүрдүүлэлт,
хадгалалт, хамгаалалт

3.1. Төрийн цахим мэдээллийн санг холбогдох хууль тогтоомж болон тухайн захиргааны байгууллагаас тогтоосон журмын дагуу бүрдүүлнэ.

3.2. Захиргааны байгууллага нь суурь мэдээллийн сангийн хуулбарыг Үндэсний дата төвд байршуулж, цаг хугацааны хоцрогдолгүй байнга шинэчилнэ.

3.3. Төрөлжсөн цахим мэдээллийн сангийн нөөц нь “Үндэсний дата төв”-д байршиж тогтоосон хугацаанд шинэчлэгдэж байна.
                    
3.4. Захиргааны байгууллага нь энэ журмын 3.1-д заасны дагуу бүрдүүлсэн төрийн цахим мэдээллийн сангийн үнэн зөв байдал, баяжилт, шинэчлэл, хадгалалт, хамгаалалтыг хариуцна.

3.5. Захиргааны байгууллагын төрийн цахим мэдээллийн сангийн хадгалалт, хамгаалалтад тавигдах шаардлага:

3.5.1. мэдээллийн аюулгүй байдлын  стандартын шаардлагыг хангасан байх;

3.5.2. мэдээллийн сангийн нөөцийг тогтмол шинэчилж, архив үүсгэсэн байх;

3.5.3. мэдээллийн аюулгүй байдлыг хангах талаар журам боловсруулж мөрдөх;

3.5.4. мэдээллийн аюулгүй байдалд дотоод аудит хийх;

3.5.5. мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг эрх бүхий байгууллагаар хоёр жил тутам хийлгэх.

3.6. Захиргааны байгууллага цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглахдаа энэ журмын 4.4-т заасан үүлэн тооцоолуур ашиглаж болно.

3.7. “Үндэсний дата төв”-д байршсан нөөц болон хуулбар сангийн аюулгүй байдлыг “Үндэсний дата төв” хариуцна. 

Дөрөв. Төрийн цахим мэдээлэл солилцох систем

4.1. Захиргааны байгууллага хооронд цахим мэдээллийг солилцохдоо хуульд өөрөөр заагаагүй бол төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулна.

4.2. Энэхүү журмын 5.4.3-т заасны дагуу цахим үйлчилгээ авах хүсэлт нь мөн  журмын 5.2.2-т заасан жагсаалтад хамаарч байгаа тохиолдолд Тагнуулын ерөнхий газраас зөвшөөрөл авна.

4.3. Төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжих цахим мэдээлэл нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, эсхүл нууцлалт, хамгаалалтын шаардлага хангасан (VPN) сүлжээгээр дамжина.

4.4. Төрийн цахим мэдээллийн сан бүрдүүлэхэд зориулсан үүлэн тооцоолуурын дэд бүтэц нь “Үндэсний дата төв”-д байршина.

4.5. Төрийн цахим мэдээлэл солилцооны системд холбогдох бусад систем нь энэ журмын 5.3.2-т заасан техникийн нөхцөл, шаардлагыг хангасан байна.

4.6. Захиргааны байгууллага нь иргэн, байгууллагад үзүүлэх цахим үйлчилгээг “Үндэсний дата төв”-д бүртгүүлж баталгаажуулсан байна.

4.7. Төрийн цахим мэдээлэл солилцооны систем болон захиргааны байгууллагын мэдээллийн системийн цаг нь Үндэсний дата төвийн цагийн системтэй ижил тохируулгатай байна.

Тав. Төрийн цахим мэдээлэл солилцооны системд холбогдох
талуудын эрх, үүрэг

5.1. Харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байна:

5.1.1. төрийн цахим үйлчилгээний талаар бодлого боловсруулж, түүний тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээ авч, хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавих;

5.1.2. захиргааны байгууллагаас иргэн, байгууллагад үзүүлэх төрийн цахим үйлчилгээний нэгдсэн судалгаа хийх;

5.1.3. төрийн цахим үйлчилгээ, цахим мэдээлэл солилцооны талаар захиргааны  байгууллагад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, зөвлөмж гаргах.

5.2. Тагнуулын ерөнхий газар нь дараах эрх, үүрэгтэй байна:

5.2.1. төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжих цахим мэдээлэл солилцооны нууцлал, аюулгүй байдлын нэгдсэн шаардлагыг тодорхойлж, хэрэгжилтэд хяналт тавих;

5.2.2. төрийн цахим мэдээлэл солилцооны системээр солилцох төрийн нууцад хамаарах мэдээллийн жагсаалтыг гаргах; 

5.2.3. төрийн цахим мэдээлэл солилцооны системд холбогдсон талуудад цахим мэдээлэл алдагдах, үрэгдэх эрсдэлийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

5.2.4. төрийн цахим мэдээлэл солилцооны системийн түүхчилсэн нэгдсэн   бичлэгт хандах.

5.3. “Үндэсний дата төв” нь дараах эрх, үүрэгтэй байна:

5.3.1.  төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан иргэдэд үйлчилгээ үзүүлэх төрийн нэгдсэн үйлчилгээний порталын хөгжүүлэлт, тогтвортой ажиллагааг хариуцан зохион байгуулах;

5.3.2. төрийн цахим мэдээлэл солилцооны системд холбогдох техникийн нөхцөл, шаардлагыг тодорхойлох;

5.3.3. төрийн цахим мэдээлэл солилцооны системд хандалтын болон бусад түүхчилсэн нэгдсэн бичлэг  (лог) үүсгэх, хадгалах, хамгаалах;

5.3.4. төрийн цахим мэдээлэл солилцооны системийн нэгдсэн түүхээс (лог) тайлан мэдээ гаргах, холбогдох талуудыг мэдээллээр хангах;

5.3.5. төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулан иргэн, байгууллагад үйлчлэх цахим үйлчилгээний нэр төрөл, тодорхойлолтыг нийтэд мэдээлэх;

5.3.6. захиргааны байгууллагын цахим мэдээллийн сангийн ангилал, кодчиллын тухай нэгдсэн мэдээлэл (каталог) хөтлөх;

5.3.7. захиргааны байгууллагын бүртгэгдсэн цахим үйлчилгээнд шинэчлэлт, өөрчлөлт хийсэн тохиолдолд төрийн цахим мэдээлэл солилцооны системд холбогдсон бусад байгууллага  болон нийтэд тухай бүр мэдээлэх;

5.3.8. төрийн цахим мэдээлэл солилцооны системд холбогдох хүсэлт гаргаж шаардлага хангасан байгууллагатай хүсэлт гаргаснаас хойш ажлын 5 өдөрт багтаан уг системд холбогдох, цахим мэдээлэл солилцох талаар гэрээ байгуулах;

5.3.9. энэхүү журмын 5.3.8-д заасан гэрээнд дараах асуудлыг тусгасан байна:

5.3.9.1. үйлчилгээний нэр, төрөл;

5.3.9.2. ашиглалтын зориулалт;

5.3.9.3. цахим үйлчилгээнд хандах зэрэглэл, эрх бүхий ажилтны үүрэг, хариуцлага;

5.3.9.4. захиргааны байгууллагын цахим мэдээллийн сан, системийн ашиглалт, үйлчилгээний аюулгүй байдал, тогтвортой ажиллагааны нөхцөл, шаардлага.

5.3.10. төрийн цахим үйлчилгээ хүргэхэд захиргааны байгууллагын ажилтан болон иргэн тоон гарын үсэг ашиглах боломжийг бүрдүүлэх;

5.3.11. иргэн, байгууллагын мэдээлэлд хандсан талаар тухайн иргэн, байгууллагад мэдээлэх.

5.4. Захиргааны байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байна:

5.4.1. цахим хэлбэрээр үзүүлдэг үйлчилгээний талаарх мэдээллийг тухай бүр “Үндэсний дата төв”-д хүргүүлж байх;

5.4.2. төрийн цахим мэдээлэл солилцооны системд өөрийн мэдээллийн системийг заавал холбож,  ашиглалтын бэлэн байдлыг хангах;

5.4.3. захиргааны бусад байгууллагаас цахим үйлчилгээ авах хүсэлтийг “Үндэсний дата төв”-д гаргах;                                                                

5.4.4. төрийн цахим мэдээлэл солилцооны системд бүртгэгдсэн цахим үйлчилгээнд шинэчлэлт, өөрчлөлт хийх тохиолдолд “Үндэсний дата төв”-д урьдчилан мэдэгдэх;

5.4.5. байгууллагаасаа гарсан үйлчилгээ, бусад байгууллагаас авсан үйлчилгээний түүхчилсэн бичлэг (лог) хөтлөх;

5.4.6. төрийн цахим мэдээлэл солилцооны системээр дамжуулж үйлчилгээ авахдаа энэхүү журмын 5.3.8-д заасан гэрээг “Үндэсний дата төв”-тэй байгуулах;

5.4.7. мэдээллийн сангийн ангилал, кодчиллын тухай мэдээллийг “Үндэсний дата төв”-д жилд нэг удаа гаргаж өгч байх;

5.4.8. нээлттэй өгөгдлийг мэдээллийн системд уншигдах хэлбэрээр иргэн, байгууллага ашиглах боломжийг бүрдүүлэх;

5.4.9. төрийн цахим үйлчилгээ үзүүлэх ажилтан, албан тушаалтан тоон гарын үсэг ашиглах.

Зургаа. Төрийн мэдээллийн цахим үйлчилгээнд хориглох зүйл

6.1. Төрийн цахим үйлчилгээнд дараах зүйлийг хориглоно:

6.1.1. бусад байгууллага дээр үүссэн өгөгдөл, мэдээллийн санг захиргааны байгууллагатай давхардуулж үүсгэх;

6.1.2. захиргааны байгууллага төрийн цахим мэдээлэл солилцооны системээс өөр хэлбэр, арга хэрэгсэл ашиглан цахим мэдээлэл солилцох;

6.1.3. гадаад улсад байршсан үүлэн тооцоолуур ашиглах;

6.1.4. захиргааны байгууллагын үйлчилгээний ажилтан цахим өгөгдөл, мэдээллийг албаны бус зориулалтаар ашиглах, хуулбарлах, бусдад дамжуулж задруулах.

Долоо. Хариуцлага

7.1. Энэхүү журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


----о0о----