Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 148 дугаар тушаалын хавсралт

АЮУЛТАЙ БАЙГУУЛАМЖ БАЙРЛУУЛАХ ЗАЙ, ОГТЛОЛЦЛЫН БОЛОН БАЙРШЛЫН НӨХЦӨЛИЙГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ

1.Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмаар аюултай байгууламж, бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай дамжуулах хоолой, обьектыг төмөр замтай огтлолцуулах үед баримтлах зай хэмжээ, байршил, түвшин, техникийн нөхцлийг тогтоож, төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суурь бүтэц, нийтийн болон дагнасан хэрэглээний зам эзэмшигч, иргэн, тээвэрлэгч, цахилгаан, дулаан, авто зам, бусад байгууламжийг эзэмшигч нарын хооронд үүсэх харилцааг зохицуулна.

1.2.Хүсэлт гаргагч тал нь обьектыг төмөр замтай огтлолцуулах, түүний байршил болон огтлолцлын байршил, түвшинг тогтоолгох асуудлыг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суурь бүтэц, тухайн төмөр замыг эзэмшигч болон холбогдох эрх бүхий байгууллагатай зөвшилцөж дараах дарааллын дагуу ажиллана:

1.2.1.Хүсэлт гаргагч тал нь обьектыг төмөр замтай огтлолцуулах хүсэлтээ төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суурь бүтэц, тухайн төмөр замыг эзэмшигч нарт албан бичгээр дараах баримт бичгийн хамт ирүүлнэ:

-                    Обьект барих үндэслэл

-                    Техник эдийн засгийн үндэслэл

-                    Бусад баримт бичиг, зураг төсөл

1.2.2.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 14 хоногийн дотор ажлын хэсгийг байгуулж, дүгнэлт гаргана. Дүгнэлтэд техникийн нөхцөл, огтлолцлын байршил, түвшинг тодорхойлсон; огтлолцох боломжгүй бол түүнийг нотолсон баримт бичиг зэргийг хавсарган хүсэлт гаргагчид өгнө.

1.2.3.Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн шийдвэр гарган, гишүүдэд хүргүүлнэ.

1.2.4.Хүсэлт гаргагч шийдвэр, суурь бүтэц болон тухайн төмөр замыг эзэмшигч нарын зөвшөөрөл түүнд хавсрагдсан техникийн нөхцөлийг үндэслэн эрх бүхий мэргэжлийн байгууллагаар зураг төсөл хийлгэнэ.

1.2.5.Зураг төслийг Төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, суурь бүтэц болон тухайн төмөр замыг эзэмшигч нараар хянуулж, зөвшилцөнө. Зураг төсөлд холбогдох чиглэлийн эрх бүхий байгууллагаар магадлал хийлгэсэн байна.

 

1.2.6.Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авч, суурь бүтэц болон тухайн төмөр замыг эзэмшигч нарын хяналт дор ажлыг гүйцэтгэнэ. Уг ажлыг гүйцэтгэх үед галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоож хийх шаардлагатай үед тухайн ажлын цаг хугацаа, огноо, технологийн "Цонх"- ны хэмжээ, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллах асуудлуудыг шийдвэрлэнэ.

 

1.2.7.Барилгын ажил дууссан тухай төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад талуудын ирүүлсэн мэдээллийг үндэслэн хамтарсан ажлын хэсэг газар дээр нь судалж, хангалттай гэж үзвэл байнгын ашиглалтад хүлээж авах акт үйлдэн галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгаа талаар дүгнэлт гарган хоёр талд өгнө.

1.2.8.Талууд төмөр замтай огтлолцуулсан обьектын байршил, огтлолын түвшин, техникийн өгөгдлүүдийг агуулсан баримт бичиг бэлтгэж ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцсон талуудад хүргүүлнэ.

 

Хоёр. Дамжуулах хоолойг төмөр замтай огтлолцуулах

2.1.Дамжуулах хоолой.

 

2.1.1.Байгалийн хий дамжуулах хоолойг түүн доторх хийн ажлын даралтын /цаашид даралт гэх/ хэмжээнээс хамааран 2 ангилалд хуваана.

I – хийн даралт 2.5 – 10.0 МПа /25-100 кгс/см2/

II- хийн даралт1.2 – 2.5 МПа /12-25 кгс/см2/

Нефть болон нефть бүтээгдэхүүн дамжуулах хоолойг түүний диаметрээс хамааран 4 ангилалд хуваана.

I- 1000-1200 мм                                  

II- 500-1000 мм

III- 300-500 мм

IV- 300 мм ба түүнээс бага

 

2.1.2.Дамжуулах хоолойнууд нь шатах, тэсрэх аюултай обьектод тооцогдох тул тэдгээрт аюулгүй байдлын өндөржүүлсэн шаардлага тавигдана.

2.1.3.Мөнх цэвдэг хөрстэй газарт дамжуулах хоолойг төмөр замын өртөө ба төмөр замын шугамтай огтлолцуулахдаа төмөр зам дээгүүр зориулалтын гүүрээр, доогуур хамгаалалтын гэр дотуур гаргана. Гэсэх үедээ суулт өгдөггүй буурь хөрстэй газар зам доогуур гаргахыг зөвшөөрнө. Гэсэлтийн үедээ суулт өгдөг хөрс нь газрын гадаргаас доош 25м-ээс ихгүй гүнд байгаа нөхцөлд дамжуулах хоолойг зам доогуур огтлолцуулах бол хөрс хайлж суулт үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зураг төслийн ажлын явцад дулааны техникийн тооцоонд онцгой ач холбогдол өгч үндэслэлийг сайтар тогтоосон байвал зохино.

2.1.4.Обьектуудыг төмөр замтай огтлолцуулахтай холбогдож замын ул шороо өргөтгөх, шинээр зам барих зэрэг нэмэгдэл арга хэмжээг авах шаардлагатай бол тэдгээрийг зураг төсөлд тусгах бөгөөд зураг төсөл, барилгын ажлын зардлыг нь хүсэлт гаргагч тал санхүүжүүлнэ.

2.1.5.Дамжуулах хоолойн байршил, хүчин чадал, техникийн өгөгдлүүд нь суурь бүтэц, тухайн төмөр замыг эзэмшигчдэд бүртгэлтэй байна.

2.2.Дамжуулах хоолойг төмөр замтай газар доогуур огтлолцуулах

2.2.1. Дамжуулах хоолойг төмөр замын ул шорооны далан доогуур гаргахаар зураг төслийг зохиох ба тийм боломжгүй нөхцөлд суурь бүтэц эзэмшигчийн олгосон техникийн нөхцөлийн дагуу Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр төмөр зам байрлах уулын сэтэрхий хэсэгт тавьж болно.

2.2.2. Дамжуулах хоолойг төмөр замтай эгц хөндлөн, огтлолцлын өнцөг 90 байхаар огтлолцуулна. Ул шорооны далангийн их бие дундуур хоолойг гарган огтлолцуулахыг хориглоно.

                                                                    

2.2.3. Дамжуулах хоолойг төмөр зам доогуур гаргаж огтлолцуулахдаа түүний гадна талын диаметрээс 200 мм-ээр их диаметр бүхий хамгаалалтын гэр дотор байрлуулна.

 

2.2.4. Хамгаалалтын гэрийн үзүүрийг төмөр замын шугамын тэнхлэгээс /хэрэв олон замтай бол захын замын тэнхлэгээс/ 50 метр, ул шорооны ёроолоос 5 метр, сэтэрхийн дээд ирмэгээс 3 метр, ус зайлуулах төхөөрөмжийн /кювет, уулын болон нөөцийн шуудуу гэх мэт/ захаас 3 метрээс багагүй зайд байхаар тооцож байрлуулна.

 

2.2.5. Дамжуулах хоолойн ашиглалт, үйлчилгээний зориулалт бүхий холбооны кабелийг хамгаалалтын гэр дотор эсвэл кабель тус бүрт зориулсан хоолой дотор байрлуулна.

 

2.2.6. Хамгаалалтын гэрийн хоёр талын төгсгөлийг цахилгаан тусгаарлагч материалаар чигжиж битүүлнэ.

 

2.2.7. Хамгаалалтын гэр дотор дамжуулах хоолой гэмтсэнээс хий болон нефть бүтээгдэхүүний хуримтлал үүсэхээс урьдчилан сэргийлж түүний нэг төгсгөлд нийтийн хэрэглээний төмөр замын захын замын тэнхлэгээс 40 метр, дагнасан хэрэглээний замын захын замын тэнхлэгээс 25 метрээс багагүй зайд тус тус сорох гуурсыг суурилуулна. Сорох гуурсны өндөр газрын гадаргаас дээш 5 метрээс доошгүй байна.

 

2.2.8. Цахилгаанжуулсан төмөр замын өртөөний зам болон суман шилжүүлэг доогуур дамжуулах хоолойг огтлолцуулахыг хориглоно.

 

2.2.9. Дамжуулах хоолойг төмөр замын суман шилжүүлэг, түүний зүрхэвчээс 10 метрээс; суулт, овойлт гардаг хөрс бүхий газар бол суман шилжүүлэг, түүний зүрхэвчээс 20 метрээс; гүүр, хоолой, хонгил, бусад хиймэл төхөөрөмж, байгууламжуудаас 30 метрээс багагүй зайд төмөр зам доогуур гаргана.

 

2.2.10. Уулын сэтэрхий хэсэгт байрлах төмөр замын доогуур дамжуулах хоолойг огтлолцуулахаар бол түүний хамгаалалтын гэрийн дээд цэгээс зам төмрийн ул хүртэл 2 метр, ул шорооны далан доогуур бол хамгаалалтын гэрийн дээд цэгээс далангийн ёроол хүртэл 2 метрээс тус тус багагүй зайтай байхаар зураг төслийг зохиосон байвал зохино.

 

2.3. Дамжуулах хоолойг төмөр замтай газар дээгүүр огтлолцуулах

 

2.3.1. Дамжуулах хоолойг төмөр замын шугам болон нийтийн болон дагнасан хэрэглээний замууд дахь бүх төрлийн гүүрээр гаргахыг хориглоно.

 

2.3.2. Дамжуулах хоолойг дагнасан хэрэглээний зам дээгүүр огтлолцуулахдаа дамжуулах хоолойг туслах байгууламжгүйгээр дангаар нь эсвэл түүнд зориулан барьсан гүүрээр гаргана.

 

2.3.3. Дамжуулах хоолойн доод цэгээс эсвэл түүнд зориулан тусгайлан барьсан гүүрийн дам нурууны доод цэгээс зам төмрийн толгой хүртэлх зайг MNS 5833:2007 /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/ стандартын дагуу тогтооно.

 

2.3.4. Дамжуулах хоолойн гүүрийн тулгуурыг ул шорооны ёроолоос 5 метрээс, сэтэрхийд бол түүний дээд ирмэгээс 3 метрээс буюу захын зам төмрөөс 10 метрээс багагүй зайд байрлуулна.

 

2.3.5. Өртөөний замууд хооронд дамжуулах хоолойн гүүрэн гарцын завсрын тулгуур байрлахаар бол MNS 5833:2007 /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/ стандартын 5.11 дүгээр заалтыг баримтална.

 

2.4. Дамжуулах хоолойн төмөр замд ойртох хязгаар

 

2.4.1. Дамжуулах хоолойг төмөр замтай зэргэлдээ тавихдаа түүний ангиллаас хамаарч журмын хавсралт 1-д заасан зайнаас ойр зайд байрлуулахыг хориглоно.

 

Гурав. Инженерийн шугамыг төмөр замтай огтлолцуулах

 

3.1. Дулааны шугам. Дулааны шугамыг төмөр замтай огтлолцуулахдаа түүний доогуур болон дээгүүр огтлолцуулна. Дулааны шугамыг хамгаалалтын суваг, гэр, хонгилгүйгээр төмөр замтай огтлолцуулахыг хориглоно.

 

3.1.1. Дулааны шугамыг төмөр замтай газар доогуур огтлолцуулах

 

3.1.1.1. Дулааны шугамыг төмөр замын ул шорооны далан доогуур гаргахаар зураг төслийг зохиох ба тийм боломжгүй нөхцөлд суурь бүтэц эзэмшигчийн олгосон техникийн нөхцөлийн дагуу зөвхөн Төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр сэтэрхийд хийж болно.

 

3.1.1.2. Дулааны шугамыг төмөр замтай эгц хөндлөн огтлолцуулна. Хэрэв ийм бололцоогүй бол огтлолцлын өнцөг 60º-аас багагүй байна.

 

3.1.1.3. Дулааны шугамыг барьж байгуулах, сэргээн засварлах зорилгоор гүйцэтгэх газар шорооны ажлыг ил ухаж дулааны шугамыг шууд угсрах боломжтой бол тусгайлсан сувагчлалыг хийж түүний дотор дулааны шугамыг байрлуулна.

 

3.1.1.4. Төмөр замын доогуур гарах огтлолын урт 40 метр хүртэл хэмжээтэй боловч огтлолцлын төгсгөлөөс цааш хоёр тал руугаа 10-15 метрийн хэмжээтэй шулуун хэсэг гаргаж болохуйц газарт дулааны шугамыг ил аргаар хийх боломжгүй нөхцөлд зөвхөн хамгаалалтын гэр хийж дотуур нь дулааны шугамыг сүвлэх аргаар барьж байгуулна. Бусад нөхцөлд болон дулааны шугамыг газрын гадаргаас 2.5 метр ба түүнээс бага гүнд байрлуулахаар байвал түүнийг тусгай хонгил дотор байрлуулна.

 

3.1.1.5. Суваг, хамгаалах хоолой, туннелийн урт нь захын замын тэнхлэгээс 50 метр, ул шорооны доод ирмэгийн шугамаас 5 метр, сэтэрхийн дээд ирмэгээс 3 метр, ус зайлуулах суваг, уулын шуудуу, нөөцийн сувгийн ирмэгээс 3 метрээс тус тус багагүй байвал зохино.

 

3.1.1.6. Суваг, хамгаалалтын гэр, хонгилийн төгсгөлүүдэд үзлэгийн худаг хийж өгнө.

 

3.1.1.7. Төмөр замын доогуур огтлолцуулсан дулааны шугамын хамгаалалтын хийцийн дээд ирмэгээс зам төмрийн ул хүртэл зай нь 2 метрээс багагүй байна. Ул шорооны далангийн их бие дундуур дулааны шугам, хамгаалах суваг, хоолой, хонгилыг хөндлөн гаргахыг хориглоно.

 

3.1.1.8. Дулааны шугамыг төмөр замын доогуур гарган огтлолцуулахдаа суман шилжүүлгийн төгсгөлөөс 10 метрээс; суулт өгөх хөрс бүхий газар бол суман шилжүүлгийн төгсгөлөөс 20 метрээс; гүүр, хоолой, хонгил бусад хиймэл төхөөрөмж, байгууламжуудаас 30 метрээс тус тус багагүй зайд гаргана.

 

3.1.1.9. Дулааны шугам, цахилгаанжуулсан төмөр замын тэнхлэг хоорондын зай 10.75 метрээс, дулааны шугам, төмөр замыг цахилгаанжуулахад зориулан босгосон цахилгааны шон хүртэлх зай 3.0 метрээс тус тус багагүй байна.

 

3.2.1. Дулааны шугамыг төмөр замтай газар дээгүүр огтлолцуулах

 

3.2.1.1. Дулааны шугамыг төмөр замын шугамтай огтлолцуулахдаа дээгүүр нь гаргах техникийн шийдлийг сонговол зохино. Харин байнгын ашиглагдаж буй авто замын болон төмөр замын гүүрээр түүнчлэн ус нэвтрүүлэх хоолой дотуур тавьж огтлолцуулахыг хориглоно.

 

3.2.1.2. Дулааны шугамыг цахилгаанжуулсан төмөр зам дээгүүр гаргахдаа дулааны шугамын цахилгаан дамжуулах чанар бүхий бүх эд анги, элементүүдийг огтлолцлоос хоёр тийш 5 метрээс багагүй зайд 10 Ом-оос багагүй эсэргүүцэл бүхий газардуулгаар хангасан байвал зохино.

3.2.1.3. Дулааны шугамыг төмөр зам дээгүүр гаргах үед түүнийг хамгаалалтын гэрээр хамгаалж болно.

 

3.2.1.4. Зам төмрийн толгойн түвшнээс дулааны шугамын болон түүний алслалтын байгууламжийн доод түвшин хүртэлх зайг MNS 5833:2007 /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/ стандартын дагуу, харин дулааны шугамын тулгуур, төмөр замын тэнхлэг хоорондын зайг дурдсан стандартын 5.11 дүгээр заалтын дагуу тус тус тогтооно.

 

3.2.1.5. Дулааны шугамын тулгуур, төмөр замын ул шорооны төхөөрөмж байгууламж хоорондын зай 3 метрээс багагүй байвал зохино.

 

3.3. Дулааны шугамын төмөр замд ойртох хязгаар

 

3.3.1. Дулааны шугамыг төмөр замтай зэрэгцүүлэн тавьж огтлолцолын цэгтэй ойртуулах нөхцөлд тэдгээрийн тэнхлэг хоорондын зай нь 4 метрээс багагүй байна. Гэхдээ төмөр замын ул шорооны далангийн суурийн ирмэгээс дулааны шугам хүртэлх зай нь түүний ухалтын гүнээс багагүй байх нөхцлийг харгалзсан байвал зохино.

 

3.4. Цэвэр усны шугам, бохирын шугам, үерийн коллектор, цахилгааны агаарын шугам болон төрөл бүрийн зориулалтын кабель шугамуудыг төмөр замтай огтлолцуулахдаа дараах барилгын норм дүрмийн холбогдох заалтуудыг баримтална:

 

3.4.1. Ус хангамж. Гадна сүлжээ ба байгууламж. /БНбД 40-02-06/;

 

3.4.2. Усан хангамж, бохир ус, гадна шугам, сүлжээ, түүний барилга байгууламж /БНбД 3.05.04-90/;

 

3.4.3. Цахилгаан байгууламжийн дүрэм /БД 43-101-03/.

 

Дөрөв. Авто зам, явган хүний зориулалттай гарцыг төмөр замтай огтлолцуулах

4.1. Авто замыг төмөр замтай огтлолцуулах

 

4.1.1. Авто замыг төмөр зам хөндлөн гаргахдаа түүний доогуур болон дээгүүр, мөн нэг түвшинд огтлолцуулна.

 

4.1.2. Төв замын 1А зэрэглэлийн өндөр хурдны зам; 1Б зэрэглэлийн хурдны замыг /Авто зам төсөллөх ЗЗБНбД 22-004-2016/ төмөр замтай зөвхөн өөр түвшинд огтлолцуулна.

 

Дараах тохиолдолд IV-V зэргийн авто замыг төмөр замтай өөр түвшинд огтлолцуулна:

 

4.1.2.1. Хоёр болон түүнээс олон төмөр замыг авто зам огтолж байвал;

 

4.1.2.2. Огтлолцох газарт зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөний хурд 120 км /цаг ба түүнээс их буюу хоногт 100 ба түүнээс илүү галт тэрэг явдаг замд;

 

4.1.2.3. Авто замаар троллейбус явуулж, трамвайны зам тавих гэж байгаа бол;

 

4.1.2.4. Гарам байгуулах газар нь сэтэрхийд байрласан, шинээр байгуулагдах гарам нь үзэгдэлтийн нөхцлийг хангахгүй бол.

 

4.2. Төмөр зам, авто замыг нэг түвшинд огтлолцуулах

 

4.2.1. Дээрхээс бусад нөхцөлд IV-V зэргийн болон орон нутгийн чанартай авто замыг салбар төмөр замтай ижил түвшинд огтлолцуулах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гүйцэтгэнэ.

 

4.2.2. Авто замыг өртөөний болон сэлгээний замын хязгаараас гадна, огтлолцож буй замуудын шулуун хэсэгт 60º-аас багагүй өнцгөөр огтлолцуулна. Ийм огтлолцлыг "Төмөр замын гарам" гэх ба түүнтэй холбогдон үүсэх харилцааг "Төмөр замын гарам ашиглах журам"–аар зохицуулна.

 

4.3. Авто замыг төмөр замтай дээгүүр огтлолцуулах

 

4.3.1. Авто замыг төмөр зам дээгүүр гүүрээр гаргах ба төмөр замын хөгжлийг харгалзан зам төмрийн толгойноос дээш гүүрийн дам нурууны доод цэг хүртэлх зай болон гүүрийн тулгуур, эд ангиудаас төмөр замын тэнхлэг хүртэлх зайг MNS 5833 :2007 /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/ стандартын дагуу тогтооно.

 

4.4. Авто замыг төмөр замтай газар доогуур огтлолцуулах

 

4.4.1. Авто замыг төмөр зам доогуур огтлолцуулахдаа хонгил байгуулан огтлолцуулах ба түүний дээд цэгээс зам төмрийн ул хүртэл өндрийг 1.2 метрээс багагүй байх техникийн нөхцлийг баримталбал зохино.

 

4.4.2. Хонгилын хийцийн тооцоог галт тэрэгний ачаалал, тэдгээрийн онцлогуудыг харгалзан хийж тооцож зураг төслөөр тогтооно.

 

Хүснэгт 1. Хонгилын хөндлөн огтлолын хэмжээ

 

Хонгилын урт, /м-ээр/

Г- Хонгил дахь авто замын явах хэсгийн өргөн / мм – ээр /

Авто замын зэрэг

I

 

II

III-IV

300 м хүртэл

9000

8500

8000

300 м дээш

8500

8000

7000

 

Зураг 1. Авто замыг нэвтрүүлэх хонгилын хэмжээ

4.5. Авто зам төмөр замд ойртох хязгаар

 

4.5.1. Суурин газрын гадна авто зам төмөр замыг зэрэгцүүлэн тавихаар бол тэдгээрийн зурвас газруудыг давхцуулахгүй байвал зохино. Шаардлагатай тохиолдолд авто зам, төмөр замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудтай зөвшилцөнө. Тэнхлэг хоорондын зай 100 метрээс багагүй байна.

 

Тав. Явган хүний зориулалттай гарцыг төмөр замтай огтлолцуулах

 

5.1. Явган хүний зориулалттай гарцыг төмөр замтай огтлолцуулах

 

5.1.1. Зорчигч хөдөлгөөн ихтэй төмөр замын буудлын орчим болон өртөө хоорондын замд явган зорчигчийн хөдөлгөөний нягтралаас хамаарч гарцыг төмөр зам дээгүүр, доогуур, нэг түвшинд огтлолцуулж болно. Явган хүний зориулалттай гарцыг төмөр замтай огтлолцуулахдаа түүний дээгүүр гүүрэн гарцаар, доогуур тусгай зориулалтын хонгилон гарц байдлаар огтлолцуулна.

 

5.1.2. Өртөө зөрлөгийн зам нь хоногт 50 ба түүнээс дээш хос галт тэрэгний хөдөлгөөнтэй, явган зорчигчийн зорчих урсгал нь жилд 75000 хүн ба түүнээс илүү байдаг, хоорондын замд галт тэрэг 120 км/цагаас дээш хурдтай аялдаг газруудад явган хүний зориулалтын гарцыг зөвхөн ижил бус түвшинд хийнэ.

 

5.2. Явган хүний зориулалттай гарцыг төмөр замтай дээгүүр огтлолцуулах

5.2.1. Гарцыг төмөр зам дээгүүр явган хүний зориулалтын гүүрэн гарцаар гаргана. Огтлолцлын түвшин, хэлбэрийг сонгохдоо хонгилон гарцыг давууд үзнэ.

5.2.2. Явган хүний зориулалтын гүүрэн гарцны өндрийг зам төмрийн толгойноос дээш гүүрийн дам нурууны доод цэг хүртэлх зай, гүүрийн тулгуур, эд ангиудаас төмөр замын тэнхлэг хүртэлх зайг MNS 5833:2007 /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/ стандартын дагуу тогтооно.

5.2.3. Гүүрийн өргөнийг явган зорчигчийн тооноос хамааран тогтоох ба хэмжээ нь 2,25 метрээс багагүй байна.

5.2.4. Явган хүний гүүрэн гарцыг явган зорчигчдын аюулгүй байдлыг хангасан материалаар хийхээс гадна тулгуур эрхтний болон харааны бэрхшээлтэй хүн, ачаа тээш зөөвөрлөх замтайгаар хийнэ.

5.2.5. Гүүрнээс зорчигчийн тавцан руу буух хоёр чиглэлийн шатны өргөнийг явган зорчигчийн тооноос хамааран тогтоох ба 2.25 метрээс багагүй байхаар тогтоох ба шаардлагатай үед зорчигчийн явах чиглэлийг заасан хашлагуудыг хийнэ.

5.3. Явган хүн зорчих зориулалттай гарцыг төмөр зам доогуур гаргах

5.3.1. Гарцыг төмөр зам доогуур гаргахдаа явган хүний зориулалтын тусгай хийц, тоноглол /хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих г.м/ бүхий хонгилон гарц байдлаар гаргана.

5.3.2. Хүйтэн, эрс тэс уур амьсгалтай, цас орж, мөстөлт үүсдэг газар хонгилон гарцнаас гарах гарц, шатны хэсгийн дээд талыг битүү байдалтай байхаар хийнэ.

5.3.3. Хонгилон гарцны өргөнийг явган зорчигчийн тооноос хамааран тогтоох ба 3 метр, тэдгээрийн дээд цэгээс зам төмрийн ул хүртэл өндрийг 1.0 метрээс тус тус багагүй байх нөхцөлийг хангасан байна.

5.3.4. Хонгилон гарцын хийцийн тооцоог галт тэрэгний ачаалал, тэдгээрийн онцлогуудыг харгалзан хийж тооцон зураг төслөөр тогтооно.

5.3.5. Хонгилон гарцнаас зорчигчийн тавцан руу гарах хоёр чиглэлийн шатны өргөн 2,0 метрээс багагүй байх ба зорчигч төмөр зам руу орох нөхцөлийг хааж хашлага хийсэн байвал зохино.

5.4. Төмөр замын буудлын орчим явган хүний гарцыг төмөр замтай ижил бус эсвэл ижил түвшинд огтлолцуулах

5.4.1. Зорчигч ихээр өнгөрдөг болон тэдний ачаа, тээшийг тусгай зориулалтын тэргэнцэрээр зөөдөг явган хүний гарцуудыг зам төмрийн толгойтой ижил түвшинд огтлолцуулж болох ба тэр нь автомат гэрлэн дохио, чанга яригч, дуут дохио, хашлага, гэрэлтүүлэг зэргээр тоноглогдсон байна. Ийм гарцын өргөн нь 3 метрээс, ачааны болон шуудангийн тэргэнцэрүүд өнгөрдөг бол 4 метрээс багагүй байна.

Зургаа. Туузан дамжуулгыг төмөр замтай огтлолцуулах

6.1. Уул уурхайн зориулалттай туузан дамжуулгыг төмөр замын шугамтай дээгүүр, доогуур огтлолцуулахыг хориглоно.

6.2. Нийтийн болон дагнасан хэрэглээний төмөр замтай дээгүүр огтлолцуулахдаа туузан дамжуулгын доод цэгээс зам төмрийн толгойн дээд түвшин хүртэл зай, туузан дамжуулгын тулгуур, эд ангиудаас төмөр замын тэнхлэг хүртэлх зайг MNS 5833:2007 /"1520 мм царигтай төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний болон замд барилга, байгууламж ойртох оврууд"/ стандартын дагуу тогтооно.

Долоо. Уул уурхайн карьерын ойртолтын хязгаар

7.1. Нүүрс, ашигт малтмалын олборлолтын ил, далд уурхайн захын ирмэг, асгаас шороон овоолгын /отвал/ ёроолоос төмөр замын шугамын замын тэнхлэг хүртэл 500 метрээс багагүй зайтай байна.

7.2. Төмөр замын засварын ажилд зориулалттай чулуу болон шороо, хайрга олборлолтын ил карьерын зах нь төмөр замын тэнхлэгээс 100 метрээс багагүй зайд байна.

Найм. Аюултай байгууламжийн ойртолтын хязгаар

8.1. Аюултай байгууламжийн төмөр замд ойртох хязгаарыг Засгийн Газрын 2006 оны 6 сарын 28-ны өдрийн 149-р тогтоолын 2-р хавсралтад заасан "Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм", Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн газар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 28/40/29 дүгээр хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралтад заасан "Химийн хорт болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах устгах журам", БНбД 21-03-04 тоот "Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний агуулах галын аюулгүйн норм"-ийн холбогдох заалтуудыг баримтлан тогтооно. 

Ес. Хиймэл төхөөрөмжийг ашиглан төмөр замын доогуур тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх ба малыг тууж гаргахад тавигдах шаардлага

9.1. Төмөр замын гүүр, хиймэл төхөөрөмжийн доогуур авто зам тавих ажлыг суурь бүтэц эзэмшигчийн зөвшөөрлөөр гүйцэтгэнэ. Дор дурдсанаас багагүй овор хэмжээтэй гүүр, хиймэл төхөөрөмжийн доогуур тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, малыг тууж гаргахыг зөвшөөрнө:

9.1.1. Тээврийн хэрэгслийг нэвтрүүлэн өнгөрөөхөд өргөн нь 7 м, өндөр нь 5м;

9.1.2. Мал тууж гаргахад өргөн нь 4 м, өндөр 2,5м.

9.2. Тээврийн хэрэгсэл доогуур нь гарах хиймэл төхөөрөмжийн өндөр 5м-ээс бага байвал оврын хаалга хийж өгнө. 

Зураг 2. Хиймэл төхөөрөмж доогуур авто тээврийн хэрэгсэл өнгөрөөхөд зориулсан оврын хаалга, тэмдгүүдийн байршил

 

9.3. Оврын хаалганы хяналтын хөндлийн доод ирмэг хиймэл төхөөрөмжийн өндрөөс 20 см доор байрлана. Оврын хаалгыг хиймэл төхөөрөмжийн хоёр талд түүнээс 10-15м-ийн зайнд байгуулна. Хиймэл төхөөрөмж рүү олон зам ирсэн байвал оврын хаалганы хажуугаар өнгөрөх бололцоогүй газар уг хаалгыг байрлуулна. Оврын хаалган дээр "өндрийн хязгаарлал", "өргөний хязгаарлал" гэсэн замын тэмдгүүдийг тавина. "өндрийн хязгаарлал", "өргөний хязгаарлал" гэсэн тэмдгүүд нь хиймэл төхөөрөмжийн бодит хэмжээнээс 20-40 см бага хэмжээтэй тээврийн хэрэгслийг нэвтрүүлхийг зөвшөөрнө гэсэн заалт болно.

 

Оврын хаалга болон хиймэл төхөөрөмжийн хана, тааз, тулгууруудыг гэмтээхээс сэргийлж байрлуулсан хашлага, хамгаалалтыг хар ба цагаан өнгийн будгаар алаглуулан будна.

 

----- оОо ----