/УУХҮС, МХЕГ-ын даргын 2018 оны А/92,А/64 тоот тушаалаар хүчингүй болсон/

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын хамтарсан 2009 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 121/152 дугаар  тушаалын нэгдүгээр хавсралт

 

АЮУЛГҮЙН БҮС, ТҮҮНИЙ ДЭГЛЭМИЙГ ТОГТООХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай” хуулийн 5 дугаар зүйлд заасныг үндэслэн холбогдох дүрэм, журам, заавар, стандартын шаардлагад нийцүүлэн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг үйлдвэрлэх, хадгалах агуулахын аюулгүйн бүс, түүний дэглэмийг тогтооход оршино.

1.2.Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис үйлдвэрлэгч, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлогч нь (цаашид компани гэх) тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн агуулахад аюулгүйн бүс тогтоолгох талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газарт хүсэлт гаргах, аюулгүйн бүс тогтоох ажлын хэсэг (цаашид ажлын хэсэг гэх) томилох, ажлын хэсэг тэсрэх бодисын үйлдвэр болон агуулахыг ашиглалтанд хүлээн авах ба аюулгүйн бүс тогтооход энэхүү журмыг мөрдөнө.

Хоёр. Ажлын хэсгийн зохион байгуулалт, бүрэлдэхүүн

2.1.Ажлын хэсгийг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

2.1.1.Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газраас томилсон бүрэлдэхүүнтэйгээр Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар ажлын хэсгийг байгуулж тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүсийг тогтооно.

2.2.Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис үйлдвэрлэх үйлдвэрийг ашиглалтанд оруулахад энэхүү журмын 2.1.1-д заасан бүрэлдэхүүн ажиллаж тэмдэглэл хөтлөн, мэргэжлийн чиглэлээр санал, дүгнэлт, албан даалгавар өгч,  батлагдсан зааврын дагуу бүх гишүүдийн гарын үсэг бүхий нэгдсэн шийдвэр гаргана.

2.3.Ажлын хэсэг нь тэсрэх бодисын үйлдвэр болон агуулахын аюулгүйн бүсийг тогтоож тухайн обьектын байршиж байгаа аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт албан тоотоор мэдэгдэж байна.

Гурав. Үйлдвэр болон агуулахын аюулгүйн бүс, түүний дэглэмийг тогтоох, аюулгүй зайг тодорхойлох аргачлал

3.1.Үйлдвэрлэлийн зориулалтаар тэсрэх бодис үйлдвэрлэх үйлдвэр, тэсрэх материал хадгалах агуулахын аюулгүйн бүсийг тогтоохдоо тухайн тэсрэх бодисын үйлдвэр, агуулахын хүчин чадлаас нь хамруулж газар дээр нь хэмжилт хийж тогтооно.

3.2.Аюулгүйн бүсийг тогтоохдоо “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 8 дугаар хавсралтаар батлагдсан журмын дагуу гүйцэтгэнэ.

3.3.Аюулгүйн бүсэд хүн ам суурьших, барилга байгууламж барихаас сэргийлж, бусад хэтийн төлөвлөлтийг бүсээс гадна байх зарчмыг баримталж ажиллана.

3.4.Тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахаас хүн ам суурьшсан хот, суурин, авто болон төмөр зам, үйлдвэр, байгууламж, тэсрэх болон шатах аюултай материалын агуулах, улсын чанартай байгууламж хүртэлх аюулгүй зайг “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-ийн 8 дугаар хавсралтаар батлагдсан “Тэсрэх материал хадгалах, тэсэлгээний ажил хийх үеийн аюулгүй зай тодорхойлох заавар”-ын 5 дугаар хүснэгтийн дагуу тодорхойлно.

Дөрөв. Аюулгүйн бүс тогтоолгох компанийн эрх, үүрэг

4.1.Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахад аюулгүйн бүс тогтоолгох талаарх мэдэгдлийг Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бичгээр хүргүүлэх ба тэсрэх бодисын үйлдвэр болон тэсрэх материалын агуулахын эргэн тойрон дахь тухайн үеийн зургийг буулган, дэлгэрэнгүй танилцуулгыг хавсаргасан байна.

4.2.Тэсрэх бодисын үйлдвэр болон тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүс тогтоох ажлын хэсгийн тухайн обьектод ажиллахад гарах зардлыг хариуцна.

Тав. Орон нутгийн засаг захиргааны эрх, үүрэг

5.1.“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу шинээр баригдах тэсрэх бодисын үйлдвэр, тэсрэх материалын агуулахын байршлыг Аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.

5.2.Үйлдвэрлэлийн зориулалттай тэсрэх бодис үйлдвэрлэх үйлдвэр, тэсрэх материалын агуулахад аюулгүйн бүс тогтоох ажлын хэсгийг ажиллах ажлын нөхцөлөөр хангана.

5.3.Хот суурин, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийг судалж, тогтоосон аюулгүйн бүсийн хил хязгаарт иргэд болон аж ахуйн нэгж, байгууллагад газар олгохгүй байх үүрэг хүлээнэ.

5.4.Орон нутгийн засаг захиргаа нь тухайн компаниас холбогдох хуульд заасны дагуу газар болон ус ашигласны төлбөрийг бүрэн авна.

Зургаа. Бусад

6.1.Аюулгүйн бүс тогтоохтой холбоотой маргаантай асуудал гарвал уг асуудлаар тухайн компани шүүхээр шийдвэрлүүлнэ.