Засгийн газрын 2018 оны 400 дугаар

      тогтоолын хавсралт

 

ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР

Нэг. Ерөнхий мэдээлэл

Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны гүйцэтгэлээр 3.7 их наяд төгрөгт хүрч, дотоодын нийт бүтээгдхүүний үйлдвэрлэлд 10.6 хувь, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд 87 хувь, нийт экспортын орлогод 8.4 хувийг тус тус эзэлж, нийт ажиллах хүчний 30 хувь тус салбарт ажиллаж байна. Гэвч дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын давтамж, газрын доройтол, бэлчээрийн хомсдол, даац хэтрэлт, малын тооны хэт өсөлт зэрэг нь нөөцийн хязгаарлагдмал байдлыг үүсгэж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах арга барилд өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох эрэлт хэрэгцээ, шаардлага өдрөөс өдөрт нэмэгдэх боллоо.

Манай улс 1950-иад оноос эхлэн мах, сүүний, хосолмол ашиг шимт үүлдрийн үхэр, сүүний ямаа, мах, ноосны хонь болон гахай, шувууг гадаад орноос авчирч, өсгөн үржүүлж байгаа ч мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрчимжүүлэлтийн талаарх ойлголт харьцангуй өөр өөр байна. Тухайн чиглэлийн мал, амьтны онцлогоос хамаарч энэ төрлийн аж ахуйн хөгжил, үйлдвэрлэл, технологи, шийдвэрлэх асуудлууд мөн харилцан адилгүй түвшинд байгаа болно.

Манай улсад эрчимжсэн чиглэлийн 1963 өрх, аж ахуйн нэгжид цэвэр үүлдрийн болон эрлийз 102,4 мянган үхэр, 1528 өрх аж ахуйн нэгжид 355,0 мянган хонь, ямаа, 949 өрх, аж ахуйн нэгжид 28,4 мянган гахай, 1197 өрх, аж ахуйн нэгжид 798,4 мянган шувуу, 457 өрх, аж ахуйн нэгжид 11,5 мянган бүл зөгийг тус тус өсгөн үржүүлж, төвлөрсөн хүн амын хүнсний хэрэгцээнд түүхий эд, бүтээгдэхүүнийг нийлүүлж байна. Гэвч нэг малаас авах ашиг шимийн хэмжээ улсын хэмжээний дунджаар хангалтгүй байна. Ихэнх улс орнууд сүүний чиглэлийн нэг үнээнээс жилд дунджаар 5500-9500 литр сүү сааж, махны чиглэлийн              12-18 сарын настай өсвөр үхрээс дунджаар 320 кг, хониноос дунджаар 35 кг мах авдаг бол манай улсын жилийн дунджаар монгол үхрээс 800 литр, эрлийз үхрээс 2200 литр сүү, үхрээс 180 кг, хониноос 18 кг мах авч байна. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх сонирхол их байна. Гэвч олон талт хүчин зүйлсийн нөлөөллөөр дотоодын эрэлт хэрэгцээ, хэрэглэгчийн шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байна.

Манай улсын малын тоо 66,2 сая толгойд хүрсэн ч дотооддоо үйлдвэрлэх боломжтой мал, амьтны гаралтай зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүхий эдийг импортоор авч их хэмжээний валют зарцуулж байна. Тухайлбал, гаалийн 2016 оны мэдээгээр манай улс нь малын гаралтай 18 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг 34,1 сая ам.доллараар, 5 нэр төрлийн малын тэжээлийг 7,0 сая ам.доллараар, нийт 41,1 сая ам.долларын буюу 98,6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг импортоор авсан байна. Энэхүү үзүүлэлт 2017 оны гаалийн мэдээгээр 63,9 сая ам.доллар буюу 159,8 тэрбум төгрөгт хүрч, 1,6 дахин өсчээ.

Эрчимжсэн аж ахуйн мал, амьтны өнөөгийн тоо, дундаж хэрэглээнд суурилан тооцоход улсын хэмжээнд жилд нийт 187,4 мянган тонн тэжээл шаардлагатай байна. Үйлдвэрлэж байгаа малын тэжээлийг зөвхөн эрчимжсэн аж ахуйд ашиглана гэж тооцоход тэжээл хангамж 53,4 хувь байна. Ялангуяа гахай, шувуунд зориулсан дотоодын тэжээлийн үнэ өндөр, зарим нэмэлт түүхий эдийн олдоц муу байгаатай уялдан энэ чиглэлийн аж ахуй эрхлэгчид тэжээлийн үндсэн болон нэмэгдэл түүхий эдийг зонхилон импортоор авч байна.

Дээрх төлөв байдлын тоймоос дүгнэхэд мал аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашиг бага, нэг малаас авах түүхий эд, бүтээгдэхүүний гарц доогуур, малын тэжээлийн хангамж, хүртээмж туйлын хангалтгүй, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн орлого, ашиг бага, алдагдалтай байгаа учраас ихэнх аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсооход хүрч байна. Тухайлбал, 2013 онд гахайн тоо 51,9 мянган толгой байсан бол 2017 онд 23,5 мянган толгойгоор буурчээ.

Цаашид мал аж ахуйн үйлдвэрлэлийг тодорхой түвшинд эрчимжүүлж, бүтээмж, үр ашгийг нь нэмэгдүүлэн, төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортыг үе шаттай бууруулах, дотоодын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын санал санаачилгыг дэмжих, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхэд төрийн бодлогоор дорвитой дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Иймд мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тэжээлийг импортлоход зарцуулж байгаа их хэмжээний валютын урсгалыг дотоодын үйлдвэрлэлд чиглүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл, эрчимжүүлэлтийг дэмжих, иргэдийн амьжиргаа, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх нь Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах үндэслэл болж байна.

Хоёр. Хөтөлбөрийн зорилго

Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд мал аж ахуйн үйлдвэрлэлийг бүсчилж хөгжүүлэх, төрөлжүүлэн эрчимжүүлэх, төвлөрсөн хүн амын хүнсний хангамж, хүртээмжийг тогтворжуулах, малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн ажлын байрыг хадгалах, нэмэгдүүлэх, тэдгээрийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулахад энэ хөтөлбөрийн зорилго оршино.

Гурав. Хөтөлбөрийн зорилт

Хөтөлбөрийн зорилгыг дараахь зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:

3.1. эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагааг бүсчилж, төрөлжүүлэн кластер, ложистикийн сүлжээний үйлчилгээг хөгжүүлэх;

3.2. мал, амьтны гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах;

3.3. гойд ашиг шимт үржлийн мал, амьтны тоог нэмэгдүүлж, хот суурингийн хүн амын хүнсний хэрэгцээний сүү, мах, өндөг, зөгийн бал болон бусад түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах;

3.4. эрчимжсэн аж ахуйн техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж, үр ашгийг нь нэмэгдүүлэх;

3.5. боловсруулах үйлдвэрт нийлүүлэх мах, сүүний улирлын хамаарлыг бууруулах, аюулгүй байдлыг бүртгэлээр баталгаажуулах;

3.6. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачилга, хөрөнгө оруулалтыг урт хугацааны хөнгөлттэй зээл, татварын бодлогоор дэмжих;

3.7. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн технологи, эдийн засгийн мэдлэгийг сайжруулах, чадавхжуулах.

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1. “Эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагааг бүсчилж, төрөлжүүлэн кластер, ложистикийн сүлжээний үйлчилгээг хөгжүүлэх” зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.1.1. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг чиглэл, цар хүрээ, зорилтот зах зээл, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн түвшинтэй  нь уялдуулан төрөлжүүлэн ангилах, бүсчлэл тогтоох, баталгаажуулах;

4.1.2. сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйг нийслэл орчмын, аймгийн төвийн, тариалангийн бүсийн гэсэн гурван чиглэл, үйл ажиллагааны түвшнээр ангилж, кластер, цогцолборын зохион байгуулалтад оруулах, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд түшиглэн сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцооны шинэчлэлийг дэмжих, хөгжүүлэх;

4.1.3. махны чиглэлийн үхэр, хонь үржүүлэх, бордох чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид, мэргэжлийн холбоод, боловсруулах үйлдвэрийн хамтын ажиллагааг гарал үүслийн баталгаажуулалт, хяналтад суурилсан мал, мах бэлтгэн нийлүүлэх сүлжээнд шилжүүлж, тогтолцооны шинэчлэлийг дэмжих, хөгжүүлэх;

4.1.4. гахайн аж ахуйн үйлдвэрлэлийг томоохон (500-аас дээш толгой), дунд (150-500 хүртэл толгой), өрхийн (150-аас доош толгой) гэсэн гурван түвшнээр ангилж, цэвэр үүлдрийн үржлийн өсвөр хээлтэгч, хээлтүүлэгчээр хангах үржлийн аж ахуйн үйлчилгээ, тэжээл нийлүүлэлтийн сүлжээ бүхий кластерын зохион байгуулалтыг мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд түшиглэн хөгжүүлэх;

4.1.5. зөгийн аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг бүсчлэл, хамтын ажиллагааны цар хүрээгээр кластерын зохион байгуулалтад оруулж, бодлогоор дэмжиж, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд түшиглэн хөгжүүлэх;

4.1.6. мал аж ахуйн бусад чиглэлийн эрчимжсэн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг өргөтгөх, сайжруулах асуудлыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор дэмжин  мэргэжил, арга зүй, технологийн зөвлөгөө өгөх;

4.1.7. цэвэр үүлдрийн үржлийн мал, зориулалтын техник, тоног төхөөрөмж, тэжээл нийлүүлэх, бүтээгдэхүүнийг үйлдвэрт хүргэх зэрэг ложистикийн төрөлжсөн үйлчилгээг хөгжүүлэхэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх;

4.1.8. эрчимжсэн аж ахуйд сүрэг сэлбэх үржлийн гойд ашиг шимт хээлтэгч, эх сүргийг нийлүүлэх чиглэлээр дагнасан үржлийн аж ахуй эрхлэгчид олон улсын байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4.1.9. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид бэлчээр, хадлангийн газар, таримал тэжээл тариалах тариалангийн талбайг гэрээгээр ашиглуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх, хэрэгжилтийг хангах.

4.2. “Мал, амьтны гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг бууруулах, экспортыг дэмжих, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах” зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

4.2.1. шингэн сүү, сүүн бүтээгдэхүүн, үхрийн хөлдүү мах, өндөг, гахай, шувууны мах, өөх, зөгийн балны импортыг үе шаттайгаар бууруулах, зарим нэр төрлийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг мэргэжлийн холбоодтой хамтран төлөвлөж, хэрэгжүүлэх;

4.2.2. сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэл, технологийн түвшинг сайжруулан, гойд ашиг шимт үхрийн тоог нэмэгдүүлэх, зохиомол хээлтүүлгийн цар хүрээг тэлэх арга хэмжээг хэрэгжүүлж, дотоодын шингэн сүүний үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөх, импортын шингэн болон шар сүүг бүрэн халж, цөцгийн тос, аарц, тараг зэрэг сүүн бүтээгдэхүүний импортыг     30 хүртэл хувиар бууруулах;

4.2.3. махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйн технологийн эрчимжүүлэлтийг дэмжиж, махны экспортын бодлогод нийцүүлэн мал бордох үр ашигтай аргачлал, технологийг нэвтрүүлж, мах үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, үхрийн хөлдүү махны импортыг бүрэн халж, махны экспортыг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх;

4.2.4. шувууны аж ахуйн технологийн түвшинг сайжруулах, эрчимжүүлэх, сүрэг сэлбэх хэрэгцээнд дэгдээхэй нийлүүлэх үржлийн аж ахуйд бодлогын дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд түшиглэн шувууны мах, өндөг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын өндгийг 90-ээс доошгүй хувь, импортын шувууны махыг 30 хүртэл хувиар тус тус бууруулах;

4.2.5. том, дунд түвшний гахайн аж ахуйг чадавхжуулж, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах, үржлийн өсвөр гахай, бүрэн найрлагат тэжээлээр хангах кластерын тогтолцоог хөгжүүлэн, гахайн мах, өөхний импортыг 15 хувиар бууруулах;

4.2.6. зөгийн аж ахуйн зохион байгуулалт, үйлдвэрлэлийн технологийн түвшин, зөгийчдийн мэдлэг, ур чадварыг сайжруулан дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах ажлыг мэргэжлийн холбоотой хамтран гүйцэтгэж, зорилтот зах зээлд бэлтгэн нийлүүлэх зөгийн бал, бусад дагалдах бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж, импортын зөгийн балыг 70 хүртэл хувиар бууруулах;

4.2.7. мал, амьтны гаралтай импортын ижил төстэй бараа, бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах тарифын болон тарифын бус зохицуулалтыг тухай бүр хэрэгжүүлэх;

4.2.8. шувууны аж ахуйд сүрэг сэлбэх үр тогтсон өндөг, үржлийн амьд шувуу, дэгдээхэйг импортоор оруулахад татварын хөнгөлөлт үзүүлэх, импортын өндгөнд 5 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 15-ны хооронд улирлын хязгаарлалт тогтоох асуудлыг судалж, шийдвэрлэх;

4.2.9. мал, амьтны гаралтай зарим нэр төрлийн эм, гоо сайхны бүтээгдэхүүний түүхий эдийг бэлтгэх, үйлдвэрлэх, экспортлох чиглэлийн судалгааг явуулах, эрдэм шинжилгээний болон үйл ажиллагааны тухайлсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх.

4.3. “Гойд ашиг шимт үржлийн мал, амьтны тоог нэмэгдүүлж, хот суурингийн хүн амын хүнсний хэрэгцээний сүү, мах, өндөг, зөгийн бал болон бусад түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамжийг сайжруулах” зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      4.3.1. сүүний чиглэлийн цэвэр үүлдрийн 3600 хээлтэй гунж, хосолмол ашиг шимт 2200 хээлтэй гунжийг импортлон нутагшуулах, тэдгээрийн үр төлд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх арга хэмжээг мэргэжлийн байгуулага, холбоодын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж, сүүний үхрийн аж ахуйн эрчимжүүлэлт, кластерыг хөгжүүлэх;

      4.3.2. махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйд махны хэмжээ, гарцыг нэмэгдүүлэх үржил селекцийн ажлыг явуулж, гадаадаас авчирсан махны чиглэлийн гойд ашиг шимт үхэр, хонины тэжээллэг, арчилгаа, маллагааны технологийг мөрдүүлж, удам зүйн үнэлгээгээр шалгарсан үржлийн өсвөр бухыг бойжуулах, зохиомол хээлтүүлгийн үйлчилгээний хамрах хүрээг тэлэх, бүсчлэлийн бодлогоор махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйн эрчимжүүлэлт, кластерыг дэмжин хөгжүүлэх;

      4.3.3. өндөгний болон махны чиглэлийн тухайлсан үүлдрийн үржлийн    20 мянган өндгийг импортлох, хоногийн настай дэгдээхэйг бойжуулж, аж ахуйн нэгжүүдийн сүрэг сэлбэх хэрэгцээнд нийлүүлэх үржлийн аж ахуйг бий болгох, өндөгний чанар, баталгаажуулалт, импортын өндөгний хяналтыг сайжруулах чиглэлээр мэргэжлийн байгууллага, холбоод хамтын ажиллагааг нягтруулж, үржлийн аж ахуй, мал эмнэлгийн үйлчилгээ, тэжээл бэлтгэн нийлүүлэх сүлжээ бүхий шувууны аж ахуйн эрчимжүүлэлт, кластерыг дэмжин хөгжүүлэх;

      4.3.4. цэвэр үүлдрийн 1000 мэгж, 50 бодонг Европын бүсээс импортлон гахайн аж ахуйд үржлийн шинэ хөтөлбөр хэрэгжүүлэн, өсвөр хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулан аж ахуйн нэгжүүдийн сүрэг сэлбэх хэрэгцээг хангах, зохиомол хээлтүүлгийн явуулын үйлчилгээ үзүүлэх, бүртгэлжүүлэх арга хэмжээг мэргэжлийн байгууллага, холбоод хамтран хэрэгжүүлэхийг дэмжиж, үржлийн аж ахуй, мал эмнэлгийн үйлчилгээ, тэжээл бэлтгэн нийлүүлэх сүлжээ бүхий гахайн аж ахуйн эрчимжүүлэлт, кластерыг дэмжин хөгжүүлэх;

      4.3.5. өндөр ашиг шимт, баталгаажсан зөгийн үүлдрийн 2000 бүлийг импортлон нутагшуулах, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний чанарыг баталгаажуулах, зөгийн үржлийн ажлыг сайжруулах, чадавхжуулах арга хэмжээг мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтын дэмжлэгээр зөгийн аж ахуйн кластерыг хөгжүүлэх;

      4.3.6. хот, суурингийн хүн амын хүнсний хэрэгцээнд эрчимжсэн аж ахуйгаас бэлтгэн нийлүүлэх сүү, мах, өндөг, зөгийн бал болон бусад түүхий эд, бүтээгдэхүүний хангамж, хүртээмж, хүнсний аюулгүй байдлын баталгааг сайжруулах үйл ажиллагаанд бодлогын болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх;

      4.3.7. эрчимжсэн аж ахуй, тариалангийн үйлдвэрлэлийг хослон эрхлэх үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, гурилын үйлдвэрүүдийг түшиглэн бүс нутгийн хэмжээнд тэжээл үйлдвэрлэл, тэжээл хүргэлтийн үйлчилгээний ложистикийг хөгжүүлэх;

      4.3.8. одоо байгаа малын тэжээлийн үйлдвэр, цехийн тоо, байршил, хүчин чадлын ашиглалтын түвшинг тогтоож, тэжээлийн үндсэн түүхий эдийн нөөцийг бүрдүүлэхэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, эрчимжсэн аж ахуйн хүчит тэжээлийн хангамжийг 30 хувиар нэмэгдүүлэх;

      4.3.9. тариалангийн 100 мянга хүртэлх га талбайд тэжээлийн ургамал тариалж, эрчимжсэн аж ахуйн шүүст болон ногоон тэжээлийн хангамжийг 50 хувиар нэмэгдүүлэх;

      4.3.10. гахай, шувууны тэжээлийн орцын үндсэн болон бусад түүхий эд, шар буурцаг, наранцэцэгийн шахдас, төмрийн бэлдмэл, амин дэм, амин хүчлийн импортын татварыг бууруулах асуудлыг судалж, шийдвэрлүүлэх.

4.4. “Эрчимжсэн аж ахуйн техник, технологийн шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, бүтээмж, үр ашгийг нь нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      4.4.1. бүс нутгийн хөгжлийн бодлогод нийцүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн системд эрчимжсэн мал аж ахуйн кластерыг хөгжүүлэх;

      4.4.2. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг явуулах, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл, үржлийн мал, амьтан, үржүүлгийн бүтээгдэхүүний импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн татварыг хөнгөлөх, чөлөөлөх асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах;

      4.4.3. эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийн сөрөг нөлөөллийг багасгах, хадлан, тэжээлийн өртгийг бууруулах хүчин зүйлсийг судлан тогтоож, мал, амьтны төрөл тус бүрт зориулагдсан тэжээллэгийн үр ашигтай хувилбаруудыг туршилтаар гаргах;

      4.4.4. дарш хийх, олон найрлагат хорголжин, багсармал тэжээл, макро, микро элементээр баяжуулсан эрдсийн шахмал, уурагжуулсан, витаминжүүлсэн тэжээл үйлдвэрлэлд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлж, мал, амьтны төрөл, ашиг шимийн чиглэл, түвшин, физиологийн онцлогт нийцсэн төгс чанартай өвс, тэжээлээр хангах нөхцөл бүрдүүлэх;

      4.4.5. мах, махан бүтээгдэхүүн, өндөгний техникийн зохицуулалтыг боловсруулах, гахай, шувууны мах, өөхний стандартыг тогтоох, шинэчлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах;

      4.4.6. эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх бүс нутагт олон улсын жишигт нийцэхүйц үржил селекцийн чиглэлийн аж ахуй, явуулын үйлчилгээг бий болгох, үржүүлэг, технологийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх чадавхыг сайжруулах;

       4.4.7. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд технологийн эрчимжүүлэлтийг нэмэгдүүлж, техник, технологийн шинэчлэлийг үе шаттайгаар хийх үйл ажиллагаанд санхүүжилтийн шинэ арга барилыг нэвтрүүлж, техникийн хангамжийг 2017 оны түвшнээс 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх;

      4.4.8. өндөр ашиг шимт малын үр, хөврөлийг малын генийн санд хадгалах, гүн хөлдөөсөн болон хүйс жолоодсон үрийг ашигласан зохиомол хээлтүүлгийн ажлын цар хүрээг тэлэх, хөврөл үйлдвэрлэх, шилжүүлэн суулгах биотехнологийн ололтыг нэвтрүүлэх;

      4.4.9. эрчимжүүлсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд малын тэжээл тариалах, хадлан, тэжээл хураах, бүтээгдэхүүнийг хүргэх, анхан шатны боловсруулалт хийх техник дундын болон явуулын үйлчилгээ, зориулалтын тээврийн хүргэлтийн  үйлчилгээг нэвтрүүлэх;

      4.4.10. гахай, тахианы эрчимжсэн аж ахуйд ашигладаг малын эмийг улсын бүртгэлийн жагсаалтад оруулах, мал эмнэлгийн үйлчилгээний гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгын санхүүжилтийн ялгавартай байдлыг арилгах;

      4.4.11. мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд чанарын үзлэг, шинжилгээ хийх, зохиомол хээлтүүлэг явуулах, малд үзлэг, ангилалт хийхэд шаардагдах багаж, хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх;

      4.4.12. гойд ашиг шимт үржлийн малын үзэсгэлэн, үнэ хаялцуулах худалдаа, эрчимжсэн мал аж ахуйн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, техник, технологийн үзэсгэлэнг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулах.

4.5. “Боловсруулах үйлдвэрт нийлүүлэх мах, сүүний улирлын хамаарлыг бууруулах, аюулгүй байдлыг бүртгэлээр баталгаажуулах” зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      4.5.1. мал, амьтны сүргийн нөхөн үйлдвэрлэлийг мөчлөгийн үр ашигтай системд шилжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн улирлын хамаарлыг үе шаттай бууруулах;

      4.5.2. мал, амьтны төрөл, үүлдэрлэг байдал, ашиг шимийн гарцтай уялдуулан сүрэгт явуулах үржүүлгийн хөтөлбөрийг шинэчилж, сүргийн хээлтүүлэг, төллөлтийг технологийн дагуу удирдаж, аж ахуйн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх;

      4.5.3. зах зээлд бэлтгэн нийлүүлэх түүхий эд, бүтээгдэхүүний чанар, хүнсний сүлжээний аюулгүй байдлыг баталгаажуулах бүртгэлийн системийг мэргэжлийн байгууллага, холбоодын үйл ажиллагаанд суурилан кластер, цогцолбор тус бүрт хэрэгжүүлэх;

      4.5.4. гахай, шувууны мах, өөх, өндөг, зөгийн балны импортыг үе шаттай бууруулах, газар зүйн заалт бүхий мах, зөгийн балны экспортыг нэмэгдүүлэхэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх;

      4.5.5. боловсруулах үйлдвэрт нийлүүлэх мах, сүүний улирлын хамаарлыг бууруулах, хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлын баталгааг хангах хөшүүргийг урамшууллын системээр дамжуулж бий болгох, төлөвшүүлэх.

4.6. “Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачилга, хөрөнгө оруулалтыг урт хугацааны хөнгөлттэй зээл, татварын бодлогоор дэмжих” зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      4.6.1. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын болон санхүүжилтийн шинэ эх үүсвэрт суурилсан урт хугацааны, хөнгөлттэй дэмжлэг, татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн орчинг сайжруулж, Мал хамгаалах сангийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх;

      4.6.2. эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бүс нутагт газар тариалан, мал аж ахуйн хосолсон үйлдвэрлэл хөгжүүлэх, инновацийг нэвтрүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх, ажлын байр шинээр бий болгох санал, санаачилгыг хөрөнгө оруулалтын болон татварын бодлогоор дэмжих;

      4.6.3. салбарын урт, дунд хугацааны бодлогын болон мал эмнэлгийн эрүүл бүсийн зорилтод нийцүүлэн махны чиглэлийн үхэр, хонины эрчимжүүлсэн үйлдвэрлэлийг тогтвортой явуулахад дэмжлэг үзүүлэх;

      4.6.4. Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, импортыг бууруулах үйл ажиллагаанд татварыг хөнгөвчлөх эрх зүйн орчинг бүрдүүлэх;

      4.6.5. Дараахь чиглэлийн эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, бусад хуулийн этгээдэд хөнгөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэх:

а/ бүс нутагт сүү, махны чиглэлийн үхэр, мах-ноосны чиглэлийн хонины болон гахайн загвар аж ахуйн нэгжийг бий болгох;

б/ малын шүүст, ногоон тэжээлийн ургамал тариалж, эрчимжсэн аж ахуйд хөнгөлттэй нөхцөлөөр нийлүүлэх;

в/ бүрэн найрлагат тэжээл болон тэжээлийн нэмэгдэл, сайн чанарын шүүст, бүдүүн, тэжээл бэлтгэн эрчимжсэн аж ахуйд тогтмол нийлүүлэх;

г/ үржлийн сайн чанарын өсвөр бух, гунж бойжуулан сүүний болон махны чиглэлийн үхэр үржүүлэх аж ахуйн нэгжүүдийг хангах;

д/ үржлийн сайн чанарын өсвөр хуц, охин төлөг бойжуулан мах, нарийн, нарийвтар ноост хонь үржүүлэх аж ахуйн нэгжид нийлүүлэх;

е/ үржлийн өсвөр гахай, хоногийн настай дэгдээхэй бойжуулж гахай, шувууны аж ахуй эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжийг хангах;

ж/ тэжээлийн нэг ба олон наст ургамлын үрийг дотооддоо үйлдвэрлэх, тэжээлийн ургамал тариалах, үрийн нөөц бий болгох;

з/ эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлд “эргэлтийн механизм”-ыг нэвтрүүлэх бусад улс орны туршлагыг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх.

4.7. “Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн технологи, эдийн засгийн мэдлэгийг сайжруулах, чадавхжуулах” зорилтын хүрээнд дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

      4.7.1. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчид туршлага, мэдээллээ харилцан солилцох, судлах, технологийн болон эдийн засгийн мэдлэгээ сайжруулахад чиглэсэн олон талт сургалтыг зохион байгуулж, чадавхижуулах, мэдээллээр хангах нөхцөлийг бүрдүүлэх;

      4.7.2. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологийн мэргэшсэн ажилтныг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах;

      4.7.3. шинжлэх ухааны ололтыг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээг үзүүлэх;

      4.7.4. хөдөө аж ахуйн чиглэлийн их, дээд сургуулиудад эрчимжсэн аж ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, тусгай хөтөлбөрөөр богино хугацааны сургалт, үзүүлэх сургууль зохион байгуулах;

      4.7.5. эрчимжсэн мал аж ахуйн ололт, амжилтыг урамшуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах;

      4.7.6. эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх, үйл ажиллагааны чиглэлээр төрөлжсөн, шатлал ахисан зэрэг дэв олгох, ажлын үр дүнгээр урамшуулах арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих.

Тав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат

5.1. Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөрийг дараахь 2 үе шаттай хэрэгжүүлнэ.

      5.1.1. I үе шат: 2019-2020 он

      5.1.2. II үе шат: 2021-2023 он

Зургаа. Хөтөлбөрийн үр дүн

6.1. Эрчимжсэн мал аж ахуйн зохион байгуулалтыг төрөлжүүлж, кластер, ложистикийн сүлжээг бий болгоно.

6.2. Импортоор авч байгаа малын гаралтай зарим нэр төрлийн бүтээгдэхүүнийг 15-100 хүртэл хувиар багасгаж, 4 хүртэлх нэр төрлийн бүтээгдэхүүний импортыг тэглэж, гадагш урсах валютын урсгалыг бууруулна.

6.3. Гойд ашиг шимт мал, амьтны тоог нэмэгдүүлж, төвлөрсөн хүн амын хэрэгцээний сүү, мах, өндөг, зөгийн балны дотоодын үйлдвэрлэл, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

6.4. Эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээр дамжуулан боловсруулах үйлдвэрт нийлүүлэх мах, сүүний улирлын хамаарлыг бууруулж, хүнсний аюулгүй байдлыг бүртгэлээр баталгаажуулдаг болно.

6.5. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн техникийн шинэчлэлийг 50 хүртэл хувьд хүргэнэ.

6.6. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх эрх зүй, хөрөнгө оруулалт, татварын таатай орчинг бүрдүүлж, энэ чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн эдийн засгийн үр өгөөж, орлогыг нэмэгдүүлнэ.

6.7. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлж, хөдөлмөрийг үнэлэх, урамшуулах системд шилжүүлж, чадавхжуулна.

Долоо. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт

7.1. Хөтөлбөрийн үр дүнг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:

Шалгуур үзүүлэлт

суурь түвшин

2019

он

2020

он

2021 он

2022 он

2023

он

1.

Нийт мал сүрэг дэх өндөр ашиг шимт мал, амьтны эзлэх хувь

1.8

2.0

2.5

3.0

3.5

4.0

2.

Мал, амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортын үнийн өөрчлөлт (сая ам.доллар)

140.8

129.6

119.2

109.7

100.9

92.8

3.

Сүүний болон хосолмол ашиг шимт үхрийн тооны өөрчлөлт (мян.толгой)

61.0

70.2

82.4

98.4

117.4

140.3

4.

Эрчимжсэн аж ахуйгаас нийлүүлэх сүүний хэмжээ (мян.литр)

134.2

161.5

222.5

295.2

375.7

491.1

5.

Нэг үнээнээс жилд авах сүүний хэмжээ (литр)

2200

2300

2700

3000

3200

3500

6.

Импортын шингэн сүүний бууралт (мян.тонн)

4.6

4.4

3.5

2.0

0

0

7.

Импортын хуурай сүүний бууралт (мян.тонн)

25.5

24.3

22.9

21.0

18.8

17.9

8.

Махны чиглэлийн үхрийн тооны өөрчлөлт (мян.толгой)

15.0

17.2

19.8

22.8

26.2

30.1

9.

Гахайн тооны өөрчлөлт (мян.толгой)

35.7

36.0

37.0

37.5

39.0

40.0

10.

Гахайн мах, өөх үйлдвэрлэлийн хэмжээ (тонн)

34.4

34.5

34.7

34.8

34.9

35.0

11.

Гахайн мах, өөхний импортын хэмжээний бууралт (тонн)

4.4

4.3

4.1

4.0

3.9

3.8

12.

Өндөг үйлдвэрлэлийн хэмжээний өсөлт (сая. ширхэг)

119.2

130.0

155.0

174.0

192.0

210.0

13.

Өндөгний импортын бууралт (сая.ширхэг)

83.9

69.0

48.0

30.0

15.0

0

14.

Зөгийн бүлийн тооны өсөлт (мянга)

8.1

10.6

13.5

16.7

20.5

24.0

15.

Зөгийн бал үйлдвэрлэлийн хэмжээний өсөлт (тонн)

113.4

210.0

255.0

300.0

330.0

375.0

16.

Зөгийн балны импортын бууралт (тонн)

216.6

191.0

160.5

120,0

80,6

51,6

17.

Экспортолсон зөгийн балны хэмжээ (хувь)

1.0

2.0

4.0

6.0

8.0

10.0

18.

Тэжээлийн ургамал тариалсан талбайн өсөлт (мянган га)

29.9

40.0

55.0

70.0

80.0

100.0

19.

Хүчит тэжээл үйлдвэрлэлийн хэмжээ (тонн)

110.0

120.0

135.0

150.0

165.0

185.0

20.

Зохиомол хээлтүүлгийн үйлчилгээ үзүүлсэн малын тоо (мянган толгой)

2.5

5.0

6.5

11.0

15.0

18.0

21

Туршлага судалсан, сургалтад  хамрагдсан эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн тоо

50.0

200.0

350.0

500.0

650.0

800.0

Найм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийн эх үүсвэр

8.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дараахь хөрөнгийн эх үүсвэрийг ашиглана:

      8.1.1. иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт;

      8.1.2. улсын болон орон нутгийн төсөв;

      8.1.3. гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламж;

      8.1.4. бусад эх үүсвэр;

Ес. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

Хөтөлбөрийн хэрэгжилтэд хийх хяналт-шинжилгээ, үнэлгээ, шаардлагатай бол хөндлөнгийн үнэлгээг Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүтцийн нэгж холбогдох хууль, журамд заасны дагуу зохион байгуулж, тайланг Засгийн газарт танилцуулж байна.

 

------o0o------