Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны А/05 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

ЗӨГИЙН ВАРРООЗ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Зөгийн варрооз өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Зөгийн варроозөвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Тодорхойлолт:Бие гүйцсэн зөгий, торниж буй авгалдай, үрвэлдэйн гемолимфийг сорж шимэгчилснээр авгалдай, хүүхэлдэйг үхүүлэх, бие махбодийг дутуу хөгжилд оруулах, улмаар бүлийн хүч сулрах замаар эмгэгт нөлөө үзүүлдэг өвчин юм.

1.4.Үүсгэгч: Varroa destructor хачиг нь бие гүйцсэн зөгий, торниж буй үрвэлдэйд шимэгчилдэг гадна паразит юм. Энэ хачиг нь зууван дугуй, 1.1 мм урт, 1.5 мм өргөн хэмжээтэй,доод хэсэг нь хавтгай хэлбэртэй, улаан хүрэн өнгөтэй, богино үсэнцэрүүдтэй, энгийн нүдээр хялбархан харагддаг. Бие гүйцсэн эмэгчин хачиг нь улаан хүрэн өнгөтэй бол хөгжиж буй хачиг нь цагаан саарал, гялалзсан цагаан, цагаан хүрэн өнгөтэй харагдана.

1.5.Үүсгэгчийн биологи: Varroa destructor хачгийн хөгжлийн бүрэн мөчлөг нь зөгийн үүрэнд явагддаг. Хачиг нь өндөг шахаж, протонимф, деутонимф, бие гүйцэх гэсэн хөгжлийн шатуудаар дамжин хөгждөг. Хачгийн амьдралын мөчлөг нь үрвэлдэй торниж буй хаалттай ташаалавчинд явагдах үржлийн шат, зөгийн биед шимэгчлэгч бие гүйцсэн шат гэсэн 2 хэсгээс бүрддэг. Эвцэлдсэн эмэгчин хачиг нь торниж буй авгалдайн ташаалавчинд орж 6 болон түүнээс дээш тооны өндөг шахаж, хөгжих замаар хачгийн хөгжил явагддаг. Эмэгчин хачиг нь голдуу ажилчин зөгийн авгалдайн ташаалавчаас илүү эр зөгийн авгалдайн ташаалавчинд хөгждөг. Хөгжиж буй хачиг нь зөгийн авгалдай, хүүхэлдэйн гемолимф (“цус” гэж нэрлэгддэг шингэн)-ийг сорж хөгждөг. Ихэнх эрэгчин хачгууд нь голдуу зөгийн авгалдайн ташаалавчинд үхдэг бол эмэгчин хачгууд нь зөгийн үрвэлдэй бие гүйцэж ташаалавчаасаа гарахтай хамт гадагшилж бие гүйцсэн зөгийд дамжин асаж гемолимфийг сорж амьдардаг.

1.6.Амьдралын үргэлжлэх хугацаа:Varroa хачгийн амьдралын үргэлжлэх хугацаа нь зөгийн бүлийн өндөглөлтөөс шууд хамааран 27 өдрөөс 5 сар хүртэл үргэлжилдэг. Зуны улиралд зөгийн өндөглөлт ид явагдаж байгаа үед нэг эмэгчин хачгийн өндөглөлт нь 3-4 удаа давтагддаг. Зөгийн өндөглөлт явагдахгүй өвлийн улиралд дараагийн хавар өндөглөлт эхлэх хүртэл шаваа үүсгэсэн зөгийн бие дээр өвөлждөг.

1.7.Халдвар дамжих зам:Varroa хачиг нь зөгийн үүрэн дотор зөгийнөөс зөгийд дамжин шимэгчилдэг. Халдвартай бүлээс авсан тэжээлтэй сархиагийг эрүүл бүлд тавих, хүч султай бүлд хачгийн халдвартай бүлээс хүч сэлбэх зэрэг нь халдвар тараах нөхцөл болно. Зөгийн бүлүүдийн хоорондох хачгийн халдвар нь зөгийн сүрэглэлт, хүч муутай бүл рүү хүчтэй бүл дайрах үед дамждаг. Зөгийн хачгийн халдварлалтанд зэрлэг зөгий гол үүрэг гүйцэтгэдэг.

1.8.Эмнэлзүйн шинж тэмдэг:Варрооз нь ужиг явцтай өвчин. Эмэгчин хачиг нь зөгийн биеийн сегмент хоорондын нимгэн мембрантай хэсгийг нэвт цоолон гемолимф “цус”-ыг сорж зөгийн биед шууд гэмтэл үүсгэдэг. Нэг ташаалавчинд хөгжиж буй хачгийн тооноос хамааран зөгийн авгалдай, үрвэлдэйг үхүүлэх, үрвэлдэйн хөгжил удаашрах, далавчны хэмжээ багасах, хэлбэр алдагдах, хэвлийн хэмжээ богиносох зэрэг бие махбодыг дутуу хөгжилд оруулах, зөгийн амьдрах хугацаа богиносох, тэжээлээ хайж олох, зүг чигээ олох зэрэг зөгийн зан араншин алдагдах, өөхлөг эдийн хэмжээ багассанаас дотоод шүүрлийн үйл ажиллагаа алдагдах, ургамлын хортон шавж устгах бодист мэдрэмтгий болж хордлогод амархан орох, эр зөгийн үрийн хэмжээ эрс буурах, өвчинд нэрвэмтгий болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэ бүгдийг нийлүүлэн “шимэгч хачгийн хам шинж” гэж нэрлэдэг. Зөгийн бүлийн хүч буурч, бал хураалтын хэмжээ эрс багасдаг.

ХОЁР. ОНОШЛОГОО

2.1.Онош:Варроозын үүсгэгч хачгийг энгийн нүдээр илрүүлж оношилно. Зөгийн үүрэнд үзлэг хийх бүртээ хачгийн халдварыг энгийн нүдээр шалгана. Хачгаар халдварласан зөгийн биеийн дээд хэсгээр хачиг нь ганц нэгээр харагдах боловч ихэнх хачгууд нь биеийн доод хэсэг, голдуу хэвлийн хэсэг, гэдэсний давхарласан сегментүүдийн хооронд байрлан шимэгчилдэг. Наалдамтгай тусгай хавтан ашиглах, 200 хүртэлх тооны ажилчин зөгийг шилэн саванд хийж нунтаг сахар нэмж сэгсрэх, изопропилийн спирттэй сэгсрэх, бал хураалтын ид үед 100 хүртэлх эр зөгийн ташаалавчийг онгойлгон хачгийг илрүүлэх замаар халдварын эрчимжлийг тогтооно. Хэрэв 200 зөгийнөөс 10 болон түүнээс дээш тооны хачиг тоологдвол хачгийн эсрэг эм хэрэглэнэ. Хачгийн халдварын эрчимжил ихэссэн үед хэлбэрээ алдсан далавчтай ажилчин зөгийн тоо олшрох, сархиагны гадаргуу, үүд орчмоор унасан хачиг олноор тааралдана.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

3.1.Сэргийлэх арга хэмжээ:Зөгийн варрооз гарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжид эмчлэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ. Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн зөгийд сэргийлэх боловсруулалт хийлгэх, халдвартай зөгийн бүлийн хуучин сархиагийг хэрэглээнээс хасах, эр зөгийн үрвэлдэйг устгах, шинэхэн барьсан сархиагаар хангах шаардлагатай.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1. Зөгийн варроозтайбиологи, химийн аргаар тэмцдэг. Хэрэв энгийн нүдээр тоолоход 3-4 хачиг, 100 ажилчин зөгий тутамд 5-6 хачиг илрэх (сахартай сэгсрэх, спиртээр угаах арга), наалдамтгай хавтан хэрэглэх үед 40-80 хачиг тоологдвол эмчилгээ хийх шаардлагатай. Бал хураалтын бус цагаар химийн бодис агуулсан эм, бал хураалтын цагаар ургамлын гаралтай эссенциал тос агуулсан эмийг хэрэглэх шаардлагатай.

4.2.Зөгийн аж ахуй эрхлэх менежментийг өөрчлөх (зөгийн үүр хоорондын зайг холдуулах, зэрлэг зөгий багатай газар зөгийн үүрийг байрлуулах, эрэгчин зөгийн үрвэлдэйг устгах гэх мэт), зөгийн үүрний ёроолд төмөр тор, эсвэл наалдамхай гадаргуутай материалаар хийсэн нэмэлт тавцан хийж өгөх зэргээр биологийн аргаар тэмцэнэ.

4.3.Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн ганга өвс, говийн тост бут, үсүү өвс, жодоо мод, розмарин, лаванда цэцгийн эссенциал тосууд, шоргоолжны хүчил, хурган чихний хүчил, сүүний хүчил зэрэг органик хүчлүүд, флуметрин, тау-флувалинате, амитраз зэрэг химийн бодис агуулсан эмийн бэлдмэлүүдийг зааврын дагуу мал эмнэлгийн хяналтын дор варроа хачгийн эсрэг тэмцэхэд хэрэглэнэ. Химийн бодис агуулсан эмийн бэлдмэлийг бал хураалтын үед хэрэглэхийг хатуу хориглоно.

4.4.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.