Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын

2019 оны А/05 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

 

ЗӨГИЙН ҮРВЭЛДЭЙ ШОХОЙЖИХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ ЗААВАР. (АСКОСФЕРОЗ)

НЭГ. ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1.1.Зорилго:Зөгийн үрвэлдэй шохойжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг зохион байгуулахад оршино.

1.2.Хамрах хүрээ: Зөгийн үрвэлдэй шохойжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд мал эмнэлгийн бүх шатны байгууллага, малын эмч, малчин, орон нутгийн удирдлага энэ зааврыг ашиглана.

1.3.Тодорхойлолт:Ascophera apis мөөгөнцрөөр үүсгэгддэг зөгийн үрвэлдэй шохойжих өвчин (Аскосфероз) нь ажилчин, эр зөгийн авгалдай, хүүхэлдэй (үрвэлдэй)-н өвчин юм. Ascophera apis мөөгөнцрийн спор нь 3.0-4.0х1.4-2.0 мкм хэмжээтэй байдаг. Халдварласан авгалдайг мөөгөнцрийн цагаан, эсвэл бараан саарал өнгийн хөвөн хэлбэрийн сэвсгэр утаслаг мицелийн ургалт бүрхэхэд авгалдай нь хөөж томордог. Аскосферозын үед өвчилсөн үрвэлдэй эхлээд цайвар шар өнгөтэй байснаа зуурмаг маягийн бүтэцтэй, гялтганасан цайвар өнгөтэй болно. Улмаар авгалдай нь цагаан өнгийн шохой төст бүрхүүлтэй болон хэмжээгээр жижгэрч нягт хатууран хатаж, үрчийдэг тул “үрвэлдэй шохойжих” гэж нэрлэдэг. Өвчилж үхсэн үрвэлдэй нь уян хатан чанараа алдаж, саарал туяатай цайвар, эсвэл шохойн цагаан өнгөтэй, заримдаа хар өнгийн цэгүүд бүхий шохойлог биет болон хатуурч, ташаалавчийн хананд наалдаагүй байдаг. Үхсэн үрвэлдэйн хатуурч шохойжсон хальсны дотор нь усархаг, эсвэл нялцгай зуурмаг үлдэгдэл оршихуун байдаг. Үрвэлдэйн хатсан биет нь хаасан, хаагаагүй ташаалавч дотор, үүрний үүд орчим, ул модон дээр унасан байгаа нь илэрдэг. Эвгүй үнэр бага зэрэг үнэртдэг. Өвчин тархахад зөгийн бүлийн хүч маш богино хугацаанд сулардаг.

1.4.Эх үүсвэр:Аскосферозын халдварын эх уурхай нь өвчтэй бүл юм. Хавар удаан хугацаагаар хүйтрэх, орчны чийгшил ихсэх, мөөгөнцрөөр халдварласан цэцгийн тоосоор зөгийн бүлийг тэжээх, тэжээлтэй сархиаг тавих, хүч султай бүлд хүч сайтай ч өвчлөл бүхий бүлээс хүч сэлбэх зэрэг нь халдвар тараах үндсэн нөхцөл болно.Аскосферозоор ихэвчлэн хүч султай бүл өвчлөх бөгөөд хавар удаан хугацаагаар хүйтрэх, орчны чийгшил ихсэх нь өвчин даамжран тархах нөхцөл болно.

ХОЁР. ОНОШЛОГОО

2.1.Оношилгоо: Өвчний эпизоотологийн байдал, эмнэлзүйн шинж тэмдэг, өвчилсөн бүлд хийсэн мөөгөнцрийн шинжилгээний дүнг үндэслэн тогтооно. Өвчний халдварлалтыг нүдээр шалгаж оношлох нь түвэгтэй байдаг тул шохойжин хатуурсан үрвэлдэй илрүүлэх замаар оношилдог.

2.2.Ялгаварлах онош: Аспергиллезоос ялгаварлан оношилно.

ГУРАВ. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ

3.1.Зөгийн үрвэлдэй шохойжих өвчин нь зөгийн бүл янз бүрийн стресс дарамтанд орж, үүрний эрүүл ахуйн дэглэм алдагдсанаас үүсдэг өвчин тул үүрний арчилгааг сайн явуулах нь энэ өвчнөөс сэргийлэх гол арга хэмжээ болдог.

3.2.Залуу эрүүл, хээлтэй эхээр хуучин эхийг нь солих нь үр дүнтэй. Хаврын хүйтэн өдрүүдэд зөгийн үүрэнд цан цохиж чийгшилт нэмэгдсэнээр мөөгөнцөр үржих тохиромжтой орчин болдог тул зөгийн үүрийг дулаалах, чийгийг хатаах, модоор хийсэн зөгийн үүрийг наранд тавьж хатаах, эсвэл газын шарагчаар шарж ариутгана.

3.3.Хүч султай бүлүүдийг нэгтгэх, эрүүл бүлээс залуу зөгийгөөр өргөтгөл хийх, сайн чанарын уурагт тэжээлээр хангах арга хэмжээ авна.

3.4.Аскосферозоор өвчилсөн бүлийн бал, цэцгийн тоос, тоосормогийг зөгийн тэжээлд ашиглахыг хориглоно.

ДӨРӨВ. ТЭМЦЭХ АРГА ХЭМЖЭЭ

4.1.Бүх зөгийн бүлд нэг бүрчлэн үзлэг хийж өвчтэй зөгийн бүлийг тусгаарлаж, малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Монгол улсын малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн клотримазол, дифенконазол, хлоргексидина биглюконат, N-метил, изатин-бета-тиосемикарбазон, диметилсульфоксид зэрэг мөөгөнцрийн эсрэг үйлчилгээтэй гол үйлчлэгч химийн бодисуудтай эмүүдийг зааврын дагуу, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн хяналтан дор хэрэглэнэ. Мөн нистатин, сармисны хандын уусмалыг сархиаг дээр цацахад үр дүнтэй.

4.2.Энэхүү зааврыг мал эмнэлгийн бүх шатны байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, иргэн, хуулийн этгээд дагаж мөрдөнө.