Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын
9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан
“Даатгалын багц дүрэм”-ийн тавдугаар хавсралт

 

 

ДААТГАЛЫН ХЭМЖЭЭ, ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН

ХЭМЖЭЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ

НЭГ. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар даатгалын хураамжийн хэмжээг тогтоох аргачлал, түүнд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.

ХОЁР.Даатгалын хураамжийн хэмжээ

2.1.Даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын нөхөн төлбөр олгоход зориулагдсан даатгалын цэвэр хураамж болон даатгагч даатгалын үйл ажиллагаа явуулахтай холбогдсон зардал, ашгийг багтаасан даатгалын нэмэлт хураамжаас тус тус бүрдэнэ.

2.2.Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо дараах зарчмыг баримтална:

2.2.1.Даатгалын хураамжийн хэмжээ нь даатгагч, даатгуулагч нарын эрх ашигт нийцсэн байх;

2.2.2.Даатгалын хураамжийн хэмжээ тогтвортой байх;

2.2.3.Даатгалын нөхөн төлбөр төлөхөд хүрэлцээтэй, үйл ажиллагааны зардлыг бүрэн нөхөхүйц байх;

2.2.4.Даатгалын бүтээгдэхүүний гэрээний нөхцөлтэй уялдсан байх.

2.3.Даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын бүтээгдэхүүний эрсдэл тус бүрээр тооцох бөгөөд хувиар илэрхийлж болно.

2.4.Даатгалын хураамжийг нэг удаа бүрэн төлөх, эсвэл даатгалын гэрээний хугацаанд үе шаттайгаар хэсэгчлэн төлөх хэлбэртэй байж болно.

2.5.Даатгалын хураамжийн хэмжээг эрсдэлд өртөж болзошгүй объект, өртөх магадлал, нутаг дэвсгэрийн нэгж тус бүрээр ялгавартай тооцож болно.

ГУРАВ. Даатгалын хураамжийн хэмжээг тооцох

3.1.Даатгалын хураамжийн хэмжээг даатгалын эрсдэл тус бүрийн учирч болох хохирлын судалгаа, мэдээнд үндэслэн оновчтой актуарын арга, аргачлалуудыг сонгон ашиглан тооцно.

3.2.Урт хугацааны даатгагч нь даатгалын хураамжийн хэмжээг “Хүн амын насжилтын хүснэгт”, “Хүн амын нас баралтын түвшин”, “Даатгалын хураамжийн хүүгийн түвшин” болон бусад эрсдэлийн түвшинд зэрэгт үндэслэн тооцно.

3.2.1.Хүн амын насжилтын хүснэгт (цаашид “насжилтын хүснэгт” гэх) болон хүн амын нас баралтын түвшин (цаашид “нас баралтын түвшин” гэх)-г Үндэсний статистикийн хорооноос гаргасан хүн амын насны ангилал, наслалт, нас баралтын олон жилийн статистик судалгаа болон Эрүүл мэндийн хөгжлийн хүрээлэнгээс гаргасан хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааныг судалсан мэдээллийг үндэслэн тогтооно. Хэрэв манай орны насжилтын хүснэгтийг гаргахад мэдээлэл дутагдах тохиолдолд бүс нутгийн ижил төстэй бусад орны насжилтын хүснэгтийг өөрийн нөхцөлд тохируулан ашиглаж болно.

3.2.2.Насжилтын хүснэгтийг тухайн даатгалын гэрээ байгуулсны дараах 5 жилийн хугацаанд өөрчлөхгүй тогтвортой мөрдөх зарчмыг баримталж боловсруулна.

3.2.3.Даатгагч насжилтын хүснэгтийг зайлшгүй өөрчлөлт оруулах тохиолдолд үндэслэл, тооцооллыг Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх)-нд ирүүлж хянуулна.

3.2.4.Даатгагч нь Хорооноос үндэслэлтэй гэж үзсэн буюу шинэчлэгдсэн насжилтын хүснэгтийг ашиглан хураамжийн болон нөөц сангийн тооцооллыг хийнэ

3.2.5.Шинэчлэгдсэн насжилтын хүснэгт нь зөвхөн шинээр байгуулах гэрээний хувьд үйлчилж эхлэх бөгөөд өмнө нь байгуулсан даатгалын гэрээний хураамжид өөрчлөлт орохгүй.

3.2.6.Даатгалын цэвэр хураамжийн тооцоонд нас баралтын түвшний өөрчлөлтийг хүйсээр болон бусад төрлийн ангиллаар судлан гаргаж тусгана.

3.2.7.Даатгалын хураамжийн хүүгийн түвшинг даатгагчаас даатгуулагчид санал болгож байгаа даатгалын хураамжийн баталгаат хүү болон даатгагчийн мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийж олох хүүгийн тооцоолол дээр үндэслэн тогтооно.

3.2.8.Даатгагч даатгалын бүтээгдэхүүн тус бүрийн нөөц сан тооцох актуар тооцооллын аргачлал, томьёоллыг Хороонд ирүүлсэн байна.

3.3.Даатгалын хураамжийн хэмжээг “Актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох болон актуарын стандарт, үнэлгээ болон актуарчийн хяналт шалгалт хийх, тайлан гаргах журам”-д заасан эрх бүхий актуарч тооцож, баталгаажуулсан байна.

3.4.Даатгалын хураамжийн хэмжээг тооцсон даатгалын эрсдэл тус бүрийн учирч болох хохирлын судалгаа, мэдээ, болон сонгосон актуарын арга, аргачлалуудыг Хороонд ирүүлж хянуулна.

3.5.Энэхүү журмын 3.4-д заасан судалгаа, мэдээнд ашигласан мэдээллийн бодит үнэнийг холбогдох байгууллагаас авсан баримтаар баталгаажуулсан байна.

3.6.Хороо даатгагчаас ирүүлсэн даатгалын хураамжийн тооцоолол, даатгалын хураамжийн хэмжээг тооцоход үндэслэсэн мэдээ, судалгаа болон сонгосон арга, аргачлал нь шаардлага хангахгүй гэж үзвэл энэ тухай тайлбар, үндэслэлийг албан бичгээр даатгагчид хүргүүлнэ.

3.7.Хороо шаардлагатай гэж үзвэл нэмэлт мэдээлэл, судалгаа тооцоолол, үндэслэлийг даатгагчаас шаардаж, тодруулга тайлбар авч болно.

3.8.Даатгагч даатгалын хураамжийн хэмжээг өөрчлөх тохиолдолд Хороонд албан бичгээр мэдэгдэж, энэхүү журмын дагуу шинэчлэн тооцоолсон даатгалын хураамжийн үндэслэл тооцоолол, тайлбарыг ирүүлнэ.

Дөрөв. Хяналт тавих

4.1.Даатгагч нь Хорооноос зөвшөөрөл авсан даатгалын бүтээгдэхүүний хураамжийн хэмжээг үндэслэн үйл ажиллагаагаа явуулна.

4.2.Тухайн даатгалын бүтээгдэхүүний даатгалын хураамжийн хэмжээг өөрчлөх тухай даатгагчийн хүсэлтийг Хорооноос хянаж шийдвэр гартал өмнөх даатгалын хураамжийн хэмжээ хүчинтэй байна.

4.3.Хороо нь энэ журмын биелэлтэд хяналт тавих бөгөөд зөрчсөн этгээдэд Даатгалын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.