Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 1 дүгээр сарын
9-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан
“Даатгалын багц дүрэм”-ийн долоодугаар хавсралт

 

ДААТГАГЧ, ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН АУДИТОРТ
ТАВИГДАХ НӨХЦӨЛ, ШААРДЛАГА

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчийн (цаашид хамтад нь “даатгалын байгууллага” гэх) үйл ажиллагаанд аудит хийх аудиторт тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, аудитын үйл ажиллагаа эрхлэх эрх олгох, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Даатгалын байгууллагад аудит хийх аудиторт тавигдах нөхцөл, шаардлага

2.1.Даатгалын байгууллага нь Даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д тус тус заасны дагуу дараах шаардлагыг хангасан аудиторыг томилно:

2.1.1.санхүү, тѳсвийн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллагаас олгосон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зѳвшѳѳрѳл болон Хорооноос олгосон даатгалын байгууллагад аудит хийх эрхтэй аудитын байгууллагад ажилладаг байх;

2.1.2.даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны тѳрѳлжсѳн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан байх

2.1.3.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад шаардлагыг хангасан байх.

2.2.Аудитор бие даан даатгалын байгууллагад аудитын үйл ажиллагаа явуулахгүй бѳгѳѳд даатгалын байгууллагад аудит хийсэн аудитын тайлан, дүгнэлтийн хариуцлагыг Хорооноос даатгалын байгууллагад аудит хийх эрх олгосон аудитын байгууллага хүлээнэ.

2.3.Хороо энэ журмын 2.2-д заасан даатгалын байгууллагад аудит хийх эрхийг Аудитын тухай хуульд зааснаас гадна дараах шаардлага хангасан аудитын байгууллагад олгоно:

2.3.1.санхүү, тѳсвийн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллагаас олгосон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зѳвшѳѳрѳл нь хүчинтэй байх;

2.3.2.даатгалын байгууллагад аудит хийх үйл ажиллагааны тѳрѳлжсѳн сургалтад хамрагдаж, үнэмлэх авсан хоёроос доошгүй аудитортой байх;

2.3.3.Хорооноос шаардлагатай гэж үзсэн бусад шаардлагыг хангасан байх.

2.4.Дээрх шаардлагыг хангасан аудитын байгууллага дор дурдсан баримт бичгийг Хороонд ирүүлнэ:

2.4.1.эрх олгохыг хүссэн ѳргѳдлийг энэ журмын нэгдүгээр хавсралтын дагуу;

2.4.2.аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн болон аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зѳвшѳѳрлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбарын хамт;

2.4.3.аудитын байгууллага, түүний удирдлагын талаарх тодорхойлолтыг энэ журмын хоёрдугаар хавсралтаар, аудитын байгууллагын аудиторуудын тодорхойлолтыг энэ журмын гуравдугаар хавсралтаар тус тус;

2.4.4.компанийн танилцуулга болон дүрэм;

2.4.5.даатгалын байгууллагад аудит хийх дотоод стандарт;

2.4.6.Хорооноос олгосон аудиторуудын үнэмлэхний хуулбар;

2.4.7.даатгалын байгууллагад аудит хийх эрх бүхий аудиторууд нь ёс зүйн зѳрчил гаргаж байгаагүй, эсхүл зөрчилгүйд тооцогдох хугацаа нь дууссан эсэх талаар Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс гаргасан тодорхойлолт.

2.5.Даатгалын байгууллагад аудит хийх эрх олгох эсэхийг аудитын байгууллагаас эрх хүссэн өргөдөл, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд бүрдүүлж Хороонд ирүүлсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хянаж шийдвэрлэнэ.

2.6.Хороо аудитын байгууллагыг шаардлага хангасан гэж үзвэл даатгалын байгууллагад аудит хийх эрхийн гэрчилгээ олгоно. Гэрчилгээний загварыг энэхүү журмын дөрөвдүгээр хавсралтын дагуу хэвлэнэ.

2.7.Хороо эрх олгохоос татгалзсан тохиолдолд энэ тухай үндэслэл бүхий мэдэгдлийг хүсэлт гаргасан аудитын байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

2.8.Эрх авсан аудитын байгууллага дараах зѳрчил дутагдал гаргасан тохиолдолд нэг жилийн хугацаагаар эрхийг түдгэлзүүлнэ.

2.8.1.даатгалын байгууллагын санхүүгийн тайланг санаатай буруу баталгаажуулсан, аудитын үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн, үйлчлүүлэгчийн болон нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан, түүнтэй адилтгах нѳхцѳл байдал үүсгэсэн;

2.8.2.Хорооноос өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй;

2.8.3.даатгалын зах зээлийн нэр хүнд, тогтвортой байдалд хохирол учруулахуйц ёс зүйн болон үйл ажиллагааны ноцтой алдаа гаргасан;

2.8.4.Хороо ашиг сонирхлын зөрчил бүхий нѳхцѳл байдал бий болсон гэж үзсэн;

2.8.5.энэ журмын 4.1, 4.2-т заасныг хангаагүй;

2.8.6.холбогдох хууль тогтоомжийг зѳрчсѳн нь тогтоогдсон.

2.9.Хороо аудитын байгууллага гаргасан зѳрчлѳѳ түдгэлзүүлсэн хугацаанд бүрэн арилгасан нѳхцѳлд даатгалын байгууллагад аудит хийх эрхийг сэргээнэ.

2.10.Хороо дор дурдсан үндэслэлээр аудитын байгууллагын даатгалын байгууллагад аудит хийх эрхийг хүчингүй болгоно:

2.10.1.аудитын байгууллага ѳѳрѳѳ хүсэлт гаргасан;

2.10.2.эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд Хорооноос тавьсан шаардлага, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй;

2.10.3.даатгалын байгууллагад аудит хийх эрхийг хуурамч баримт бичиг бүрдүүлэн авсан нь тогтоогдсон;

2.10.4.холбогдох хууль тогтоомж болон энэ журмыг удаа дараа болон ноцтой зѳрчсѳн;

2.10.5.даатгалын байгууллагын нууцтай холбогдсон мэдээллийг бусдад задруулсан, дамжуулсан нь тогтоогдсон;

2.10.6.хуурамч дүгнэлт гаргасан;

2.10.7.Хорооноос даатгалын байгууллагад аудит хийх үнэмлэх авсан аудиторын тоо энэ журамд заасан хэмжээнд хүрэхээ больсон;

2.10.8.санхүү, тѳсвийн асуудал эрхэлсэн тѳрийн захиргааны тѳв байгууллага аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон.

2.11.Хорооны тусгай зѳвшѳѳрѳл, эрхийн нэгдсэн бүртгэл хариуцсан ажилтан даатгалын байгууллагад аудит хийх эрх олгосон болон эрхийг нь түдгэлзүүлсэн, сэргээсэн хүчингүй болгосон талаарх дэлгэрэнгүй бүртгэлийг хѳтѳлж Ажлын албанд тухай бүр мэдэгдэж байна.

2.12.Даатгалын байгууллагад аудит хийх эрхийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон тухай Хорооны шийдвэрийг Ажлын алба ажлын 10 өдөрт багтаан даатгалын байгууллагуудад албан бичгээр, олон нийтэд цахим сүлжээгээр мэдээлнэ.

2.13.Журмын 2.10.2-2.10.6-д заасан үндэслэлээр эрх нь хүчингүй болсон аудитын компани 2 жилийн хугацаанд Хороонд дахин хандах эрхгүй.

Гурав. Хороо аудитын байгууллагыг томилох

3.1.Даатгалын байгууллага нь даатгалын байгууллагад аудит хийх эрхгүй аудитын байгууллагаар аудит хийлгэсэн тохиолдолд Хороо даатгалын байгууллагын оролцоогүйгээр эрх бүхий аудитын байгууллагыг сонгон томилж, санхүүгийн тайланд дахин аудит хийлгэнэ.

3.2.Хороо аудитын байгууллагыг энэхүү журмын 3.1-т заасны дагуу томилохдоо тухайн тайлангийн жилд хамгийн олон даатгалын байгууллагад аудит хийсэн аудитын байгууллагыг эхний ээлжид сонгох зарчмыг баримтална.

3.3.Тухайн сонгогдсон аудитын байгууллага уг ажлыг гүйцэтгэх боломжгүй тухайгаа мэдэгдсэн тохиолдолд Хороо дараагийн эрх бүхий аудитын байгууллагыг сонгоно.

3.4.Хорооноос даатгалын байгууллагад аудит хийх эрх аваагүй аудитын байгууллагаас аливаа даатгалын байгууллагын үйл ажиллагааны талаар гаргасан тайлан, дүгнэлт нь хүчин тѳгѳлдѳр бус байна.

3.5.Энэ журмын 3.1-т заасны дагуу Хорооноос сонгож томилсон аудитын байгууллагын ажил, үйлчилгээтэй холбогдох бүхий л зардлыг тухайн даатгалын байгууллага бүрэн хариуцна.

Дөрөв.Даатгалын байгууллагад аудит хийхэд тавигдах шаардлага

4.1.Аудитын байгууллага нь даатгалын байгууллагад аудит хийхдээ дараах нөхцөлүүдийг бий болгосон байна.

4.1.1.даатгалын аудитын ажлын багт үнэмлэхтэй аудиторууд ажилласан байх;

4.1.2.даатгалын байгууллагад аудит хийхэд аливаа ашиг сонирхлын зөрчилгүй

байх.

4.2.Аудитор нь Аудитын тухай хуулийн 9, Даатгалын тухай хуулийн 36, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна даатгалын байгууллагын санхүүгийн тайлангийн дор дурдсан зүйлсийг шалган дүгнэлт ѳгсѳн байна.

4.2.1.даатгалын байгууллагын санхүүгийн тайлангийн нэмэлт мэдээллийн үнэн зѳвийг холбогдох орлого, зарлага, мѳнгѳн гүйлгээ, бусад шаардлагатай санхүүгийн баримт, бичгийг үндэслэн шалгаж баталгаажуулах;

4.2.2.Даатгалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, заавар, журмын дагуу нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хѳтлѳх, олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд нь даатгагчид туслалцаа үзүүлэх, зѳвлѳгѳѳ ѳгѳх, стандартын хэрэгжилтийг шалгах;

4.2.3.давхар даатгалын үйл ажиллагаа нь Хорооноос баталсан холбогдох шаардлагын дагуу явагдаж буй эсэх, даатгагчийн давхар даатгалын гэрээ, тайлан, давхар даатгалын нөхөн олговрын төлөгдсөн байдал, хураамж, давхар даатгагч компанийн санхүүгийн болон төлбөрийн чадварын байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх;

4.2.4.мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж буй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх;

4.2.5.даатгалын нөхөн олговор олголт болон баримт бүрдүүлэлтийн байдалд үнэлгээ өгөх;

4.2.6.даатгагчийн төлбөрийн чадвар, хөрөнгө оруулалт, санхүүгийн чадавхид үнэлэлт дүгнэлт өгөх;

4.2.7.даатгагчийн эд хөрөнгийн чанар, хөрөнгө оруулалт, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр, компанийн хувьцаа, ногдол ашиг хуваарилалт, зээл олголтын байдлыг хянаж, үнэлэлт дүгнэлт өгөх;

4.2.8.даатгалын нөөц сангийн бүрдүүлэлт, хуваарилалт нь зохих журмын дагуу явагдаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх;

4.2.9.даатгалын нөөц сангуудын байршлыг шалгаж баталгаажуулах;

4.2.10.даатгагчийн гэрээгээр хүлээсэн эрх үүрэг, хариуцлага болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцааг тогтоож, дүгнэлт гаргах.

4.3.Аудитор нь Даатгалын байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд Даатгалын тухай хуулийн 36, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон тухай болон хязгаарлалттай дүгнэлт өгсөн эсхүл дүгнэлт өгөхөөс татгалзсан тохиолдолд Хороонд нэн даруй мэдэгдэнэ.

Тав. Хяналт, хариуцлага

5.1.Хороо энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах бөгөөд зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.