Засгийн газрын 2019 оны 54 дүгээр
          тогтоолын хавсралт

 

ТЕРРОРИСТ ЭТГЭЭДИЙН ЖАГСААЛТАД ОРУУЛАХ, ЖАГСААЛТАД
ОРСОН ЭТГЭЭДИЙН ХӨРӨНГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ
ЗОГСООХ, ХЯНАХ ЖУРАМ

(Засгийн газрын 2019 оны 464 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь терроризм, санхүүгийн зорилтот хориг арга хэмжээ, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон эдгээр гэмт хэргийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэхтэй холбогдуулж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл (цаашид “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл” гэх)-өөс гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох хүн, хуулийн этгээдийг террорист этгээдийн жагсаалт (цаашид “жагсаалт” гэх)-д оруулах, жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, жагсаалтад оруулснаас үүсэх бусад харилцааг зохицуулах, гуравдагч этгээдийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Энэ журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Терроризмтой тэмцэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн бусад актыг удирдлага болгоно.

1.3. Монгол Улсын олон улсын гэрээ, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан Монгол Улсад хамааралтай тогтоолд энэ журамд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалт, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг дагаж мөрдөнө. 

Хоёр. Хүн, хуулийн этгээдийг жагсаалтад оруулах

2.1. Энэ журамд заасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон түүний хорооноос гаргасан тогтоолын дагуу жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд холбогдох арга хэмжээг шууд хэрэгжүүлнэ.

2.2. Тагнуулын байгууллага өөрийн санаачилгаар, эсхүл гадаад улсын эрх бүхий байгууллагын хүсэлтийг үндэслэн НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолын зохих шалгуурт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй бол хүн, хуулийн этгээдийг даруй жагсаалтад оруулна.

2.3. Тагнуулын байгууллага нь энэ журмын дагуу аливаа хүн, хуулийн этгээдийн эсрэг мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн эсэхээс үл хамааран тэдгээрийг жагсаалтад оруулж болно.

2.4. Тагнуулын байгууллага жагсаалтыг холбогдох эрх бүхий байгууллага болон нийтэд шуурхай мэдээлнэ.

2.5. Уг жагсаалтыг нийтэд мэдээлснээс хойш тагнуулын байгууллага ажлын 15 өдрийн дотор жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдэд дараахь мэдээллийг хүргүүлнэ:
      2.5.1. жагсаалт, түүний болзошгүй үр дагавар;

      2.5.2. жагсаалттай танилцах, жагсаалтаас хасахтай холбоотой мэдээлэл;

      2.5.3. тухайн хүн, хуулийн этгээдийг жагсаалтад оруулах болсон баримтын нийтэд мэдээлж болох тодорхой хэсэг;

      2.5.4. санхүүгийн үйлчилгээ авах болон хөрөнгийг ашиглах зөвшөөрөл авахтай холбоотой НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолын тухай мэдээлэл;

      2.5.5. жагсаалтаас хасуулах тухай гомдлыг хүлээн авах НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, түүний холбогдох хорооны мэдээллийг.

2.6. Тагнуулын байгууллага энэ журмын 2.1, 2.2-т заасны дагуу хүн, хуулийн этгээдийг жагсаалтад оруулахдаа эрх бүхий хяналт шалгалтын, хууль сахиулах болон бусад холбогдох байгууллага, ижил төстэй гадаадын байгууллага  болон үндэслэл бүхий эх сурвалжийн мэдээ, мэдээллийг ашиглаж болно.

2.7. Тагнуулын байгууллага энэ журмын 2.2-т заасан шалгуурт нийцсэн гэж үзэх үндэслэлтэй хүн, хуулийн этгээдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр жагсаалтад оруулах, түүний хөрөнгийн хөдөлгөөнийг  зогсоох ажиллагааг гүйцэтгэнэ.

2.8. Тагнуулын байгууллага нь Терроризмтой тэмцэх ажлыг зохицуулах зөвлөлөөр дамжуулан Терроризмтой тэмцэх тухай хууль болон энэ журамд заасан санхүүгийн хориг арга хэмжээг бодлогын түвшинд хэрэгжүүлэхдээ хяналт шалгалт, хууль сахиулах болон бусад эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана.

Гурав. Жагсаалтад санал оруулах

3.1. Тагнуулын байгууллага нь энэ журамд заасан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол болон холбогдох бусад тогтоолд заасан шалгуурт нийцсэн гэсэн үндэслэлээр хүн, хуулийн этгээдийг шинээр жагсаалтад оруулах хангалттай нотлох баримт бүрдсэн гэж үзвэл энэ тухай саналаа гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох хороонд хүргүүлж болно.

3.2. Энэ журмын 3.1-д заасны дагуу жагсаалтад оруулах саналыг дараахь байдлаар боловсруулна:

      3.2.1. жагсаалтад оруулахтай холбоотой НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, түүний холбогдох хорооноос баталсан журмыг баримтлах;

      3.2.2. жагсаалтад шинээр оруулах хүн, хуулийн этгээдийн нэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл болон тухайн этгээдийг үнэн зөв тодорхойлоход шаардагдах хангалттай бодит мэдээллийг бүрдүүлэх бөгөөд Интерпол, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тусгай мэдэгдлийн шаардлагыг хангах;

      3.2.3. хүн, хуулийн этгээдийг жагсаалтад оруулах үндэслэл, шалтгаан, шалгуурт нийцсэн тухай  дэлгэрэнгүй мэдээлэл, нотлох баримт бичиг болон жагсаалтад оруулахаар санал болгож байгаа хүн, хуулийн этгээд нь жагсаалтад байгаа бусад этгээдтэй холбоо хамааралтай эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл бүхий хэргийн танилцуулгыг бэлтгэх. 

3.3. Монгол Улсыг жагсаалтад санал оруулж буй улс гэдгийг нийтэд мэдэгдэх эсэх асуудлаар тагнуулын байгууллага нь гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөнө.

Дөрөв. Жагсаалтаас хасах, хөрөнгө чөлөөлөх

4.1. Энэ журмын 2.1-д заасны дагуу НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, түүний холбогдох хорооноос гаргасан жагсаалттай холбогдуулж, уг жагсаалтаас хасах болон хөрөнгө чөлөөлөхтэй холбоотой дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

      4.1.1. тагнуулын байгууллага жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийг  жагсаалтад орох шалгуурт нийцээгүй, эсхүл цаашид нийцэхгүй гэх үндэслэлтэй бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл эсхүл түүний хороодод жагсаалтаас хасах тухай хүсэлт тавих;

      4.1.2. жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, түүний холбогдох хороонд хандан жагсаалтаас хасах тухай гомдол гаргах;

      4.1.3. хүн, хуулийн этгээдийн жагсаалтаас хасах тухай гомдлыг тагнуулын байгууллага хүлээн авч, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон түүний холбогдох хорооны жагсаалтад орох шалгуурт нийцээгүй эсхүл цаашид нийцэхгүй гэх үндэслэлтэй бол түүний гомдлыг дэмжих.

4.2. Энэ журмын 2.2-т заасны дагуу жагсаалтад оруулсан хүн, хуулийн этгээдийг жагсаалтаас хасах болон түүний хөрөнгийг чөлөөлөхтэй холбоотой дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: 

      4.2.1. жагсаалтад оруулсныг эс зөвшөөрч байгаа хүн, хуулийн этгээдийн гомдлыг тагнуулын байгууллага хянаж шийдвэрлэх;

      4.2.2. тагнуулын байгууллага энэ журмын 4.2.1-д заасан гомдлыг хянаж шийдвэрлэхдээ шаардлагатай мэдээлэл авах, тодорхой асуултад хариулт авах зорилгоор гомдол гаргагчаас нэмэлт тайлбар авах;

      4.2.3. тагнуулын байгууллага энэ журмын 4.2.1-д заасан гомдлыг хянахын зэрэгцээ, өөрийн санаачилгаар жагсаалтад оруулсан хүн, хуулийн этгээдийн мэдээллийг жагсаалтад оруулах шалгуурт нийцэх эсэхийг 5 жил тутамд хянан баталгаажуулах;

      4.2.4. тагнуулын байгууллага энэ журмын 4.2.1, 4.2.3-т заасан ажиллагааны үр дүнд жагсаалтад оруулах шалгуурт нийцээгүй, эсхүл цаашид нийцэхгүй гэж үзвэл уг хүн, хуулийн этгээдийг даруй жагсаалтаас хасах. 

4.3. Хүн, хуулийн этгээд Терроризмтой тэмцэх тухай хуулийн 7.1.7-д, эсхүл энэ журмын 2.1, 2.2-т заасны дагуу хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох арга хэмжээнд үндэслэлгүйгээр өртсөн гэж үзвэл тагнуулын байгууллагад хөрөнгийг чөлөөлөх тухай гомдол гаргана. Гомдлыг ажлын 30 өдрийн дотор хянаж, шийдвэрлэнэ.
4.4. Тагнуулын байгууллага энэ журмын 4.3-т заасны дагуу хүлээн авсан гомдлыг хянаж, гомдол гаргагч нь жагсаалтад ороогүйг нягтлан шалгасны үндсэн дээр хөрөнгийг чөлөөлөх шийдвэр гаргаж болно.

4.5. Энэ журмын 2.1, 2.2-т заасны дагуу жагсаалтад орсон этгээдийн мөнгөн хуримтлал, хөрөнгөөс тэдгээрийн үндсэн хэрэглээний зардал, тодорхой төрлийн төлбөр, нэн шаардлагатай зардал, үйлчилгээний хураамж буюу гэнэтийн зайлшгүй зардал зэргийг төлж барагдуулах шаардлагатай эсэх асуудлыг тагнуулын байгууллага хянаж, шийдвэрлэнэ.

4.6. Энэ журмын 4.5-д заасан шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолд заасны дагуу шийдвэрлэнэ.

4.7. Тагнуулын байгууллага НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн болон энэ журамд заасан жагсаалтаас хассан, эсхүл хөрөнгийг чөлөөлсөн тухай шийдвэр гарсан даруй холбогдох хүн, хуулийн этгээд, санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч бусад этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

4.8. Тагнуулын байгууллага нь жагсаалтаас хассан, хөрөнгийг чөлөөлсөн тухай энэ журмын 4.7-д заасан шийдвэрийг даруй хэрэгжүүлж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

4.9. Тагнуулын байгууллага энэ журамд заасан үүргээ хэрэгжүүлэх явцад хууль ёсны гуравдагч этгээдийн эрхийг хамгаалах зорилгоор дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

      4.9.1. энэ журмын 2.1, 2.2-т заасан жагсаалтад оруулсны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гуравдагч этгээдийн хөрөнгө чөлөөлүүлэхийг хүссэн гомдлыг хүлээн авч, хянан шийдвэрлэх;

      4.9.2. энэ журмын 4.9.1-д заасан гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдрийн дотор шийдвэрлэж, холбогдох талуудад мэдэгдэх бөгөөд шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 30 хүртэл өдрөөр сунгах;

4.10. Тагнуулын байгууллага энэ журмын 4.9-д заасан гомдлыг хянан шийдвэрлэх зорилгоор нэмэлт мэдээлэл авах, тодорхой асуултад хариулт авахын тулд гомдол гаргагч болон холбогдох бусад этгээдийг дуудан ирүүлэх эрхтэй.

4.11. Энэ журмын дагуу тагнуулын байгууллагын гаргасан аливаа шийдвэрийг хууль ёсны эрх ашиг, сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд зохих эрх бүхий байгууллагаар хянуулах эрхтэй. 

Тав. Хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох болон хориглолт

5.1. Монгол Улс дахь санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч хүн, хуулийн этгээд (цаашид “санхүү, бизнесийн этгээд” гэх) НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, түүний холбогдох хорооноос гаргасан тогтоол, гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу болон тагнуулын байгууллагаас гаргасан жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа хөрөнгө, ашиг орлогыг тухайн этгээдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр нэн даруй зогсоож, тагнуулын байгууллага болон санхүүгийн мэдээллийн албанд даруй мэдэгдэнэ.
5.2. Санхүү, бизнесийн этгээд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, түүний холбогдох хорооноос гаргасан тогтоол, гадаад улсын эрх бүхий байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу болон тагнуулын байгууллагаас гаргасан жагсаалтад орсон хүн, хуулийн этгээд, түүнтэй холбоотой, эсхүл түүнийг төлөөлж буй этгээдийг шууд болон шууд бусаар санхүүжүүлэх, түүнд эдийн засгийн эх үүсвэр олгох, санхүүгийн болон бусад үйлчилгээ үзүүлэхийг хориглоно.

5.3. Санхүү, бизнесийн этгээдээс энэ журмын 5.1, 5.2-т заасан үүргээ хэрэгжүүлэхдээ дор дурдсан хөрөнгийг адилтган үзэж, хөдөлгөөнийг зогсооно:

      5.3.1. зөвхөн тодорхой террорист үйлдэл, хуйвалдаан, заналхийлэлд хамаарах бус, жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн эзэмшдэг буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;

      5.3.2. жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдээс бүхэлд нь буюу хэсэгчлэн, дангаараа буюу хамтран, шууд буюу шууд бусаар эзэмшдэг буюу хяналтаа тогтоосон бүхий л мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө;

      5.3.3. энэ журмын 5.3.1, 5.3.2-т заасан хөрөнгөөс бий болсон мөнгөн хуримтлал, бусад хөрөнгө, мөн жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн заавраар, тэдгээрийн өмнөөс үйл ажиллагаа эрхэлж буй хүн, хуулийн этгээдийн мөнгөн хуримтлал буюу бусад хөрөнгө;

      5.3.4. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолоор жагсаалтад оруулсан усан тээврийн хэрэгсэл.  

5.4. Хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоосон хүн, хуулийн этгээдийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой төлбөр, хүүгийн болон бусад төлбөрийг  мөн адил зогсооно.

5.5. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн  4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд энэ журмын дагуу хөрөнгийн хөдөлгөөнийг зогсоох, түүнтэй холбогдсон бусад арга хэмжээ авсан бол энэ тухай хяналт тавих эрх бүхий байгууллагад мэдээлнэ.

5.6. Энэ журмын 5.5-д заасны дагуу санхүү, бизнесийн этгээд Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлсэн бол тус албаны шаардсан нэмэлт мэдээллийг даруй гаргаж өгнө.

5.7. Санхүүгийн мэдээллийн алба энэ журмын 5.6-д заасны дагуу авсан мэдээллийг тагнуулын байгууллагад хүргүүлнэ.

Зургаа. Мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих шаардлага

6.1. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1-д заасан мэдээлэх үүрэгтэй этгээд нь дараахь шаардлагыг мөрдөнө:

      6.1.1. жагсаалтад орсон, хасагдсан хүн, хуулийн этгээд болон зогсоосон  хөрөнгийг чөлөөлөх мэдээлэлтэй өөрийн харилцагчдын мэдээллийг тулгаж шалгасны үндсэн дээр үйлчилгээ үзүүлэх;

      6.1.2. жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хяналтад байгаа, түүний заавраар үйл ажиллагаа явуулдаг эсэхийг тогтоох санхүүгийн зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх шалгуурыг бий болгож харилцагчийг таньж мэдэх ажиллагаанд ашиглах;

      6.1.3. жагсаалтад орсон хүн, хуулийн этгээдийн хяналтад байгаа, түүний заавраар санхүүгийн гүйлгээ хийж буй эсэхийг тогтоох санхүүгийн зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх шалгуурыг бий болгож гүйлгээний хяналтын ажиллагаанд ашиглах; 

      6.1.4. өндөр эрсдэлтэй харилцагчид болон түүний харилцагчийг таньж мэдэх нарийвчилсан ажиллагааг хэрэгжүүлэх;

      6.1.5. холбогдох ажилтнуудад санхүүгийн зорилтот арга хэмжээ болон холбогдох хууль, тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах.

6.2. Мэдээлэх үүрэгтэй этгээд үйл ажиллагаандаа ашиглаж байгаа жагсаалтаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон тагнуулын байгууллагаас гаргасан жагсаалтад нийцүүлэн тогтмол шинэчилнэ.

 

 

-----o0o-----