Засгийн газрын 2019 оны 133 дугаар
   тогтоолын хавсралт

 

ГАМШГИЙН ХОР УРШГИЙГ АРИЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД
ЗАРЦУУЛСАН ЗАРДЛЫГ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД НӨХӨН ОЛГОХ,
НЭРВЭГДЭГСДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмын зорилго нь гамшиг, аюулт үзэгдэл, осол (цаашид “гамшиг” гэх)-ын улмаас учирсан хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгох, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулахад оршино.

Хоёр. Хуулийн этгээдэд нөхөн олгох зардал

2.1. Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан дараахь зардлыг хуулийн этгээдэд нөхөн олгоно:

       2.1.1. гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагааны;

       2.1.2. голомтын бүсээс хүн амыг нүүлгэн шилжүүлэх ажиллагааны;

       2.1.3. онцгой комиссын шийдвэрээр гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дайчлан ашигласан барилга байгууламж, машин техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, тээвэр шатахууны;

       2.1.4. хүн, мал, амьтны гоц халдварт өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоох, ариутгал, халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааны;

       2.1.5. голомтын бүсэд дайчлагдан ажилласан сайн дурын хэсгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагаа, урамшууллын;

       2.1.6. Улсын онцгой комиссын шуурхай бүлэгт томилогдон ажилласан албан хаагчдын томилолт, унааны;

       2.1.7. нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлсэн бараа материалын.

Гурав. Нэрвэгдэгсдэд үзүүлэх дэмжлэг

3.1. Гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээнд үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн онцгой комиссын шийдвэрээр тухайн шатны Засаг дарга нь нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлнэ.

3.2. Гамшигт нэрвэгдэгсдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дараахь төрлийн дэмжлэгийг үзүүлнэ:

       3.2.1. түр сууц, дулаан хувцас, ус, хоол хүнс;

       3.2.2. эмнэлгийн анхны тусламжийн эм, боох материал;

       3.2.3. бусад.

3.3. Нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг бүх шатны Засаг дарга, Онцгой байдлын байгууллага, Монголын улаан загалмай нийгэмлэг болон бусад төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж болно.

Дөрөв. Зардлыг санхүүжүүлэх эх үүсвэр

4.1. Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг нөхөн олгох, нэрвэгдэгсдэд  дэмжлэг үзүүлсэн зардлыг орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжүүлнэ.

4.2. Яам, агентлаг нь гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дайчлан ажиллуулсан хүн хүч, техник, тоног төхөөрөмж, материал хэрэгсэлд зарцуулсан зардлыг өөрийн батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэнэ.

4.3. Хуулийн этгээдийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна. 

Тав. Зардлыг нөхөн олгох

5.1. Энэ журмын 2.1, 3.2-т заасан зардлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу эхний ээлжинд  яам, агентлагийн батлагдсан төсөв, бүх шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргана. 

5.2. Гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал батлагдсан төсвөөс давсан тохиолдолд яам, агентлаг нэмэлт санхүүжилт авах хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлж, Засгийн газар шийдвэрлэнэ.

5.3. Энэ журмын 2.1, 3.2-т заасан зардлыг шийдвэрлэхэд тухайн шатны Засаг даргын нөөц хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд нэмэлт санхүүжилт авах хүсэлтийг сум, дүүргийн Засаг дарга аймаг, нийслэлийн онцгой комисст, аймаг, нийслэлийн Засаг дарга  Улсын онцгой комиссын орлогч даргад тус тус хүргүүлнэ.

5.4. Сум, дүүргийн Засаг даргаас ирүүлсэн хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг дарга онцгой комиссын хурлаар хэлэлцүүлж, батлагдсан нөөц хөрөнгөндөө багтаан шийдвэрлэнэ.

5.5. Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төсөвт гамшгийн үр дагаврыг арилгах зардал тусгагдсан тохиолдолд Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс давсан зардлыг санхүүжүүлнэ.

5.6. Энэ журмын 5.5-д заасан зардал онцгой байдлын байгууллагын төсөвт тусгагдаагүй, эсхүл хүрэлцэхгүй тохиолдолд шаардлагатай хөрөнгийг Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Зургаа. Зардлыг нөхөн олгоход бүрдүүлэх материал

6.1. Энэ журмын 5.2, 5.3-т заасан хүсэлтийг дор дурдсан материалын хамт гамшиг болсноос хойш 30 хоногийн дотор ирүүлнэ:

       6.1.1. тухайн яам, агентлагийн төсөв, бүх шатны Засаг даргын нөөц хөрөнгөөс давсан гамшгийн хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлсэн зардлыг шийдвэрлүүлэх тухай албан бичиг;

       6.1.2. гамшиг болсон тухай цаг уурын байгууллагын тодорхойлолт;

       6.1.3. холбогдох эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт;

       6.1.4. гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх шуурхай бүлэг, ажлын хэсгийг томилсон шийдвэр, үнэлгээний тайлан;

       6.1.5. гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд хүч хэрэгслийг дайчлан гаргах тухай шийдвэр;

       6.1.6. гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд дайчлагдсан хуулийн этгээдийн гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан, зардлын тооцоо, санхүүгийн анхан шатны баримт;

       6.1.7. нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан зардлын тайлан, санхүүгийн анхан шатны баримт;

       6.1.8.  бусад шаардлагатай материал.

6.2. Тухайн шатны Засаг даргын Тамгын газар гамшгийн хор уршгийг арилгах үйл ажиллагаанд зарцуулсан зардал, нэмэлт зардлын тооцоог харьяа санхүү, төсвийн асуудал хариуцсан нэгжээр, яам, агентлаг нь санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар хянуулж, баталгаажуулсан байна.

Долоо. Бусад

7.1. Гамшгийн хор уршгийг арилгах, нэрвэгдэгсдэд дэмжлэг үзүүлсэн зардлын санхүүжилтийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг Төсвийн тухай хуулийн дагуу тайлагнана.

7.2. Зардлыг нөхөн олгоход бүрдүүлэх материалыг хуурамчаар бүрдүүлсэн, Засаг даргын нөөц болон нэмэлтээр олгосон хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

-----о0о-----