A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН 2007 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАХДАА 250.0 САЯ ТӨГРӨГИЙГ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОЙРОГ БҮРТ ХУВААРИЛСАН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

Дугаар 02

2007 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот

Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хууль

батлахдаа 250.0 сая төгрөгийг Улсын Их Хурлын

тойрог бүрт хуваарилсан нь Үндсэн хуулийн

холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг

эцэслэн хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн

хуралдааны танхим 18 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар /илтгэгч/, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Ц.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хууль батлахдаа 250.0 сая төгрөгийг Улсын Их Хурлын тойрог бүрт хуваарилсан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 34 дүгээр тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:

Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалт нь Засаг төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван эрх мэдэл өөрсдөдөө оногдсон /хуулиар зөвшөөрөгдсөн/ эрх, үүргээ бие даан, хараат бусаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчмыг дээдлэн, чандлан сахих, сахиулах баталгаа гэж үзэж байна.

Энэхүү зарчмыг Үндсэн хуулийн төрийн байгуулал гэсэн гуравдугаар бүлэгт. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, Шүүх эрх мэдэл хэмээн тусгайлан зааж тус бүрийнх нь эрх, үүргийг зааглан тогтоож өгсөн байна.

Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалт нь төрийн эргэлт, хувьсгал гэх мэт хүчирхийллийн аргаар Засаг төрийн эрх мэдлийг булаан авсан, авахаар завдсан үйл ажиллагаанд л хамаатай мэтээр авч үзэх нь утгагүй юм. Учир нь иймэрхүү үйл ажиллагааны үр дагаварыг Үндсэн хуулийн цэц /шүүх/ хянан хэлэлцэж, шийдвэрлэх боломжгүй бөгөөд өөрөө тэрхүү хүчирхийллийн золиос болж эрх мэдлээ алдах нь ч бий, харин хянан хэлэлцэж болохуйц нөхцөл байдалд л Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсооход чиглэгдсэн гэж үзэж байна.

"Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно" гэж Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд заасан нь зөвхөн "зэвсэглэн халдах" гэсэн утга биш, "сонгууль /санал/ луйвардах" мэтэд ч хамаатай.

Б.Чимид "Өнөөгийн улс төр хуульчийн нүдээр" номондоо дээр дурдсан гурван эрх мэдлийн аль нэг байгууллага тэдгээрийн албан тушаалтнуудаас эрх мэдлээ хэтрүүлэн бусад эрх мэдлийн эрх, үүрэгт халдан хэрэгжүүлэх болон хэрэгжүүлж болох боломжийг өөртөө бий болгосон нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэх боломж үйл ажиллагаа, нөхцөл, байдал гэж үзэж байна.

Монгол Улсын 2007 оны нэгдсэн төсвийг хэлэлцэн батлахдаа, төсвийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд оруулах Засгийн газрын онц эрхийг зөрчин зарим гишүүд санаачлан Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөг хуваарилан шадар сайдын багцад суулган, Улсын Их Хурлын гишүүдийн эрх мэдлээр захиран зарцуулах анхны санаачлага олон нийтийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгармагц "зүсийг нь буруулж, зүгийг нь даялуулан" Улсын Их Хурлын гишүүдээр жагсаалт гаргуулан, сайд нарын багцад тараан байршуулах замаар биелэлээ олж батлагдсан байна.

Ийнхүү олон нийтийн төдийгүй Улсын Их Хурлын гишүүдийн хувьд ч маргаантай байсаар байгаа асуудлыг нэг мөр эцэслэн шийдвэрлүүлж, Үндсэн хуулийн хүрээнд баталгаажуулах нь зүйтэй хэмээн үзэж байна. Анхлан 10.0 саяар эхэлж, өнгөрсөн жил 100.0 сая, өдгөө 250.0 сая болтлоо өсөн, үржиж хэвийн үзэгдэл, жишиг болон тогтож, Үндсэн хуулиар тогтоосон Засаг төрийн эрх мэдэл хуваарилсан зарчим ноцтойгоор зөрчигдөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон Засаг төрийн гүйцэтгэх болон орон нутгийн өөрийн удирдлагын бүрэн эрхэд халдан Улсын Их Хурлын төсвийн байнгын хороогоор хэлэлцэн Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт, Улсын Их Хурлын гишүүн бүрт 250.0 сая, бүгд 19.0 тэрбум төгрөгийг хуваарилан, гишүүдийн гаргасан жагсаалтаар сайд нарын багцад суулган баталсан Улсын Их Хурлын 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 2, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Улсын Их Хурлын гишүүдийн гаргаж өгсөн жагсаалтаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо хэлэлцэж Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөгийг хуваарилан салбар хариуцсан сайд нарын 2007 оны төсөвт оруулж баталсан /бүгд 19.0 тэрбум төгрөг/ Улсын Их Хурлын 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг хянан хэлэлцэж, хүчингүй болгож, Үндсэн хуулийг чандлан сахиулахыг хүсье" гэжээ.

Хоёр. Улсын Их Хурлын даргын 2007 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Буд, Т.Очирхүү нар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гаргасан тайлбартаа :

"...Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дугаар хавсралтад заасан 2007 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй талаар дараахь дэлгэрэнгүй тайлбарыг өгч байна:

1. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2. "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасныг зөрчсөн тухайд:

Монгол төрийн үйл ажиллагааны нэг үндсэн зарчим нь шударга ёс юм. Шударга ёсыг хэрэгжүүлэх үндсэн арга бол аливаад алагчлахгүй хандаж шийдвэрлэх явдал билээ. Монгол Улсын Их Хурал үйл ажиллагаандаа Үндсэн хуулийн энэ заалтыг гуйвалтгүй мөрдөн ажиллаж байгааг энэ дашрамд тэмдэглэх нь зүйтэй юм.

Төрийн үйл ажиллагаанд тэгш байдлын зарчим нь юуны өмнө төр, иргэн хоёр харилцан тэгш үүрэг хариуцлага хүлээх байдлаар хэрэгждэг. Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим нь хууль тогтоомжийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд Үндсэн хуулийг дээдлэх явдал гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурал 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан билээ.

Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийн төслийг хэлэлцэн батлахдаа Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийг дээдлэн, хуулийн холбогдох заалтыг иш үндэс болгосон юм. Үүнд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд энэ зүйлийн 7-д "төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах" гэж заасан байдаг бөгөөд энэ бүрэн эрхийнхээ дагуу Улсын Их Хурал төсвийн төслийг хэлэлцэн баталсан.

Мөн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33 дугаар зүйлд Улсын Их Хурал улсын төсөв батлахдаа төсвийн дор дурьдсан баримт бичиг, хуулийн төслийг хэлэлцэн батална гэж заасан. Үүнд:

"33.2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн эрхлэх асуудлын хүрээний төсөвт дараахь зүйлийг тусгана:

33.2.1. улсын болон орон нутгийн төсвийн байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, бусад этгээдээс худалдаж авах бүтээгдэхүүнийг анги бүрээр;

33.2.2. улсын төсвөөс төлөх тэтгэвэр, тэтгэмж, бусад зарлагын төрөл, анги бүрээр;

33.2.3. өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдсон бусад зардлыг зардлын төрөл бүрээр;

33.2.4. улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын төсөл бүрээр".

Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуульд орон нутгийг дэмжих хөрөнгө оруулалтын хуваарилалтыг хийхдээ орон нутгийн санал, ард түмний элч, иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзсан нь тэдгээрийн сонгогчдын шууд эрх ашгийг нь хамгаалах, хүн амын тоог харгалзсан нь нийт иргэдэд төсвийн хөрөнгө тэгш шударгаар хуваарилагдах зарчмаас урган гарч байгаа бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэгш байдал, шударга ёсны зарчимд нийцэж байгаа болно.

2. Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2. "Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд:

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдах гэдэг нь уг эрх мэдлийг хууль бусаар авах зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг ойлгодог билээ. Ийм үйл ажиллагааны хэлбэр нь төрийн эрх мэдлийг авах зохион байгуулалттай ажиллагаа хийсэн тухайлбал, бослогод бэлтгэх, олон нийтийг хамарсан самуун дэгдээх, засгийн эрх мэдлийг авах ажиллагааг удирдан зохион байгуулсан зэрэг үйл ажиллагаа байдаг.

Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа нь Үндсэн хуулийн энэ заалтад хамаарах ямар нэг үйл ажиллагаа болоогүй бөгөөд гагцхүү Үндсэн хуулиар олгогдсон онц бүрэн эрхийнхээ дагуу ажилласан болохыг тэмдэглэн хэлэх байна.

3. Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2.2. "шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх" гэж заасныг зөрчсөн гэсэн тухайд:

Засгийн газар нь Үндсэн хуулийн энэ заалтад заасан үндсэн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон бусад хуульд заасан тодорхой эрхийг хэрэгжүүлдэг. Энэ дагуу Улсын Их Хурлаас баталсан 2007 оны төсвийн хүрээний мэдэгдлийн хүрээнд Монгол Улсын Их Хурал 2007 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэн батлахдаа эдийн засагт гарсан таатай нөхцөл, гадаад зах зээлийн үнэ ханшийн өсөлтийн улмаас бий болж байгаа санхүүгийн нэмэлт эх үүсвэрийг хуримтлуулж, бодит салбарыг хөгжүүлэх дэд бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалт хийх, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан төсвийн бараа үйлчилгээний зардлыг нэмэгдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийн зардлыг индексжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлж, түүний хүртээмж, тоо чанарыг ахиулахад анхаарсан юм.

Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийг батлан гаргахдаа Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 33.2.4-ийг үндэслэн Улсын төсвийн хөрөнгөөр болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламж бүрээр жагсаалтыг баталсан. Энэ ажиллагаа нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн биш харин Үндсэн хуулийн энэ заалтын хүрээнд явагдсан ажиллагаа гэж үзэж байна.

4.Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1. "Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна"; Жаран хоёрдугаар зүйлийн 2. "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно" гэж тус тус заасныг зөрчсөн гэсэн тухайд:

Монгол Улсын төсвөөс орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлэх тодорхой хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийг Улсын Их Хурлын гишүүд болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн төсөв захирагчдын багцаар дамжуулан баталсан нь төсвийн харилцааг зохицуулсан Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хууль болон хууль тогтоомжийн хүрээнд нийцэж байгаа юм.

Аливаа сонгогчид өөрийн мандатаар дамжуулан эрх ашиг, сонирхлоо илэрхийлдэг нь дэлхий нийтэд тогтсон жишиг юм. Улсын Их Хурлын гишүүд ч тухайн тойргийнхоо бүс нутгийн хөгжил, иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тодорхой санал гаргаж Улсын Их Хурлаар дэмжүүлэн батлуулж байгаа нь энэхүү жишгийг дагасан хэрэг болно.

Монгол Улсын 2007 оны төсвөөр хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг ийнхүү баталж байгаа нь нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдэж байгаа бус гагцхүү Улсын Их Хурал өөрт Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэсэн байна. Ийм учраас Үндсэн хуулийн энэ заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.

5.Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1. "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн тухайд:

Дээр дурдсан тайлбаруудаас үзвэл Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 11 дүгээр зүйлийн нэг, хоёрдугаар хавсралтад дурдсан 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд улсын төсвийн байгууллага, ард иргэдийн эрх ашигт бүрэн нийцсэн хэрэгжих бүрэн үндэстэй шийдвэр гэж үзэж байна.

Энэ бүхнээс үзэхэд Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн заалтууд Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль болон бусад хуулиудад нийцэж байгаа бөгөөд Монгод Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхийн хүрээнд шийдсэн асуудал тул Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа үүгээр тайлбарлаж байна" гэжээ.

Гурав.Иргэн Н.Хайдав 2006 оны 2 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нэмэлт тайлбартаа:

"Улсын Их Хурлын гишүүн бүрийн гаргасан жагсаалттай танилцаагүй боловч "Монгол Улсын 2007 оны төсвийн тухай" хуулийг батлахдаа гишүүн бүр тойрогтоо 250.0 сая төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр салбарын сайд нарын /төсвийн ерөнхийлөн захирагчдын/ багцад тараан байршуулж баталсан нь миний өргөдөлдөө дурдсан баримтууд болон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараас тодорхой байна.

1. "Шударга ёсыг хэрэгжүүлэх үндсэн арга бол аливаад алагчлахгүй хандаж шийдвэрлэх явдал" гэснийг зөвхөн үүгээр хязгаарлан, хүлээн зөвшөөрөхөд учир дутагдалтай юм. "Засаг төр бол Үндсэн хууль хийгээд бусад хуулийг ягштал мөрдөж, түүний "хүрээнд" биш яг зааснаар нь ажилладаг /заалтаас гажвал эрхээ хэтрүүлсэн, үүргээ умартсан хэрэг болно/. Иргэд бол хуулиар хориглоогүйг хийж чөлөөтэй амьдардаг" байх нь Үндсэн хуулиар тунхаглан тогтоосон Улсын Их Хурлаас үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ардчилсан ёс, шударга ёсны зарчим бөгөөд аливаа хуулийг зөрчөөгүй, зөрчихгүй байх нь шударга ёсны үнэлэмж гэж үзэж байна.

2."Төрийн үйл ажиллагаанд тэгш байдлын зарчим нь юуны өмнө төр, иргэн хоёр харилцан тэгш үүрэг хариуцлага хүлээх байдлаар хэрэгждэг" гэснийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү юм. Учир нь төр, иргэн хоёр нь Үндсэн хууль болон бусад хуулиар өөр өөр үүрэг хүлээж, эрх эдэлдэг бөгөөд тэр л эрх үүргийнхээ дагуу хариуцлага хүлээдгийг ингэж хялбарчилж боломгүй.

3."Төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчим нь хууль тогтоомжийг боловсруулах, батлах үйл ажиллагаанд Үндсэн хуулийг дээдлэх явдал гэж үзэж байна" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энд төр гэдэгт зөвхөн Улсын Их Хурал ч хамаардаг бус гэдгийг ойлгоогүй эсвэл ойлгохыг хүсээгүй бололтой. Хууль дээдлэх гэдэг нь зөвхөн хууль боловсруулах, батлах үйл ажиллагаанд төдийгүй түүнийг хэрэгжүүлэх, хянах бүхий л үйл ажиллагаанд хуулийг дагаж мөрдөх, ягштал биелүүлэх тухай ойлголт гэж үзэж байна.

4.Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд "Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг хэлэлцэж болох" гэж заасан нь өөрийн эрх мэдэлд хамаарахгүй асуудлыг булаан авч шийдвэрлэж болох тухай ойлголт биш харин алдаа, оноог хэлэлцэн эрх мэдлийн бусад байгууллага шаардлагатай гэж үзвэл төсөл, шийдвэртээ тусгаж байх тухай ойлголтоос ангид авч үзэх боломжгүй юм. Мөн зүйлийн 7-д "…улсын төсөв… батлах" гэсэн заалт нь Засгийн газарт хамаарах Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2 "…улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж, Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх" гэсэн эрхэнд халдан улсын төсвийг зохиож батлах гэсэн ойлголт биш юм. Харин Засгийн газраас боловсруулан оруулсан төслийг хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн саналыг Засгийн газар төсөлдөө тусган дахин боловсруулах замаар эцэслэгдсэнийг батлах тухай ойлголт юм. Энэ үүднээс миний бие Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2 дахь заалтыг зөрчин Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 250.0 сая /бүгд 19.0 тэрбум/ төгрөгийн төсөв боловсруулан, жагсаалт гаргаж, сайд нарын багцад тараан байршуулж батлан, гүйцэтгэх эрх мэдэлд халдсаныг зохион байгуулалттайгаар Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 "төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг… хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.

5.Аймгийн Засаг дарга нарын уулзалт дээр "Зарим аймаг Улсын Их Хурлын гишүүдтэй ярилцсан зүйл ч байна. Ярилцаж амжаагүй ч байна. Үүнийг орон нутгийн иргэдийн хүсэн хүлээгээд байгаа зүйл рүү Засгийн газар чиглүүлсэн нь дээр байх. Энэ нь Улсын Их Хурлын гишүүний мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бодлого, цухалзсан байгаа юм болов уу.

Улсын Их Хурлын гишүүний санаачлага гэхээсээ аймаг, орон нутаг, Засгийн газрын хэрэгжүүлэх ажил болгон тавимаар байна. Болж өгвөл ерөнхий дүнг Улсын Их Хурал баталж өгөөд орон нутаг оновчтой ажиллах зарчмыг бүгдээрээ хөөцөлдвөл яасан юм". Эндээс авч үзвэл Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбартаа "орон нутгийн саналыг харгалзан" гэж бичсэн нь чухамдаа 2000 онд Үндсэн хуульд дахин халдахдаа "ард түмний захиалга" нэрийн дор урьдчилан бэлтгэсэн "талархлын бичиг"-т "дуулгавартай" хэдэн сэхээтний гарын үсэг зуруулж, нийтлүүлж байсантай агаар нэгэн "амташсан хэрээ 13 дахихын" үлгэрийг үзүүлэн яаруу, сандруу санал солилцсон дүр эсгэж, олон түмнийг төөрөлдүүлэх арга мэх гэж үзэж байна.

6.Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбартаа "төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар завдах гэдэг нь уг эрх мэдлийг хууль бусаар авах зохион байгуулалт бүхий үйл ажиллагааг ойлгодог билээ. Ийм үйл ажиллагааны хэлбэр нь төрийн эрх мэдлийг авах зохион байгуулалттай ажиллагаа хийсэн тухайлбал, бослогод бэлтгэх, олон нийтийг хамарсан самуун дэгдээх, засгийн эрх мэдлийг авах ажиллагааг удирдан зохион байгуулсан зэрэг үйл ажиллагаа байдаг" гэсэн байна.

Эдгээр нь хэлбэрийн хувьд дээрх заалтад хамаарах боловч хууль зүйн талаасаа иргэний эрх зүйн бус эрүүгийн эрх зүйн зохицуулалтаар шийдвэрлэгдэх хэлбэр юм. Харин Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо 250.0 сая төгрөг хуваарилахаар санаачилга гарган шийдвэрлэсэн нь зохион байгуулалттай хийгдсэн учир "зохион байгуулалттай үйл ажиллагаа гэдэг" гэсэнтэй санал нэг байна. Миний өргөдөлд дурдсан нэхэмжлэлийн шаардлага нь Үндсэн хуулиар эрх мэдэл хуваарилан тогтоосон бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн зүгээс зохион байгуулалттайгаар гүйцэтгэх эрх мэдлийн улсын төсөв боловсруулан Улсын Их Хуралд өргөн хэлэлцүүлж, батлуулах эрхэнд 19.0 тэрбум төгрөгийн хязгаарт халдан, авч хэрэгжүүлсэн тухай мөн дараагийн сонгуульд давуу байдлыг урьдчилан бүрдүүлж "сонгууль /санал/ луйвардах" замаар хууль тогтоох эрх мэдлийг авахаар завдсан байж болох асуудал гэдгийг ойлгохыг хүсээгүй, ойлгосон ч "бултах" арга зам хайж, хаацайлах гэсэн тайлбар гэж үзэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хоригтоо "…дараагийн Улсын Их Хурлын сонгууль тэгш эрхийн үндсэн дээр шударга явагдах боломж алдагдах нөхцлийг урьдчилан бүрдүүлсэн" гэсэн бол хууль цаазын утга зохиолд тэмдэглэснээр "төр засагт хамаатай хамаагүй юм амлаж өр тавьчихаад салам нэхэгддэг занганд орж… амалсандаа хүрдгээ харуулах, нөгөөтэйгүүр ирэх сонгуулийн барьцаа болгож төсвийн хэдэн төгрөгийг учир зүггүй өрсөлдөн тарааж… сонгууль /санал/ луйвардах нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдах гэсэн Үндсэн хуулийн заалтад хамаатай" болохыг тодорхойлсонтой нийцэж байна.

Эндээс авч үзвэл миний өргөдөлдөө дурдсан Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэстэй болохыг Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүлээн зөвшөөрчээ гэж үзэж болохоор байна.

Энэ бүхнээс миний бие өргөдөлдөө дурдсан шаардлагуудаа бүрэн үндэслэлтэй гэж үзэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт заасан Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тухай асуудлыг Улсын Их Хурал үл ойшоон хүлээж аваагүй учир дээрх асуудлыг Үндсэн хуулийн цэцээр хянан магадлуулах нь зүйд нийцнэ гэж үзэж, энэ бүхнийг өргөдөл гаргахдаа дутуу дулимаг хандсанаа хүлээн зөвшөөрч дээрх шаардлагыг нэмэлт болгон гаргаж байна.

Монгол Улсын 2007 оны төсөвт Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт гишүүдийн гаргаж өгсөн жагсаалтаар 250.0 сая /бүгд 19.0 тэрбум/ төгрөгийг хөрөнгө оруулалт нэрээр "халхавчлан" салбар хариуцсан сайд нарын багцад тараан байрлуулж баталсан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Тавин наймдугаар зүйлийн 1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байгаа тул хянан хэлэлцэж эцэслэн шийдвэрлэж өгөхийг хүсье" гэжээ.

Дөрөв. Энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 2 дугаар дүгнэлтэд:

"Монгол Улсын Их Хурал "Монгол Улсын 2007 оны төсвийн тухай" хуулийн төслийг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан саналын дагуу гишүүдээр жагсаалт гаргуулж Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шадар сайдын багцад тараан байршуулж, хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар баталсан болох нь Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2006 оны 10 дугаар сарын 26, 27; 11 дүгээр сарын 21, 26, 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан, Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны 2006 оны 11 дүгээр сарын 20, 29-ны өдрийн хуралдаан, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 186 дугаар тэмдэглэлүүд болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Будын гаргасан тайлбар, Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө оруулалтын саналын жагсаалт зэргээс тодорхой харагдаж байна гээд эдгээр тэмдэглэлд тусгагдсан тодорхой баримтыг дурдсанаас гадна 2007 оны бүс нутгийн хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтын талаар Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан санал, жагсаалт нь Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн хавсралтад тусгагдсан болохыг тогтоосон байна.

Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан төсөлд Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөг төсөвлөгдөөгүй байхад Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэх явцдаа Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд халдаж төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2007 оны төсвийн багцийг сонгуулийн тойрог харгалзан нэмэгдүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг хөрөнгө оруулалтын жагсаалтаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тараан байрлуулан баталсан байх ба ингэхдээ ижил төрлийн хөрөнгө оруулалтын объектэд санхүүжилтийн дүнг өөр өөрөөр тусгасан, нэг үйл ажиллагааны санхүүжилтийг 2 дахин давхардуулан тусгасан, төрийн санхүүгийн бодлогын хүрээнд шийдвэрлэгдэхээргүй асуудлыг Төсвийн хуулийн хавсаралтаар баталсан зэргээс үзэхэд Улсын Их Хурлын гишүүдийн саналыг механикаар төсөвт суулгасан болох нь тогтоогдож байх тул Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулиар Улсын Их Хурлын гишүүдийн тус тусын тойрогтоо хөрөнгө оруулахаар гаргасан санал, жагсаалтыг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн журмаар тойрог тус бүрт тэгшитгэн хуваарилж, төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тараан байршуулсан 250.0 сая төгрөг буюу нийт дүнгээрээ төсөвт суусан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/, Тавин наймдугаар зүйлийн 1, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг тус тус зөрчсөн байна" гэж дүгнэжээ.

Тав. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дээрхи дүгнэлтийг 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гаргасан 34 дүгээр тогтоолдоо:

"…Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдээс иүүлсэн хөтөлбөр, төсөл болон зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж 760.0 сая төгрөгийн хөрөнгийн эрх үүсвэрийг улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн" гэсэн иргэн Т.Мэндсайханы өргөдлийг Цэцийн гишүүн В.Удвал хянаж, …маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, уг тогтоолыг Цэц 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах гомдлоор хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн гишүүний 35 дугаар тогтоолыг хэвээр баталж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1 дүгээр магадлал хүчинтэй байхад уг шийдвэр гарснаас 4 жилийн дараа дээрхтэй ижил агуулга, үндэслэл бүхий өргөдлийг хянахдаа Үндсэн хулийн цэц шууд маргаан үүсгэж урьд гаргаснаасаа өөр шийдвэр гаргасан байна.

Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа "сонгуулийн тойрог" гэсэн нэр томъёо хэрэглээгүй, тийм зарчим ч баримтлаагүй.

Үндсэн хуулийн цэц "тойрог тус бүрт тэгшитгэн хуваарилж, зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад тараан байршуулсан 250.0 сая төгрөг буюу нийт дүнгээрээ төсөвт туссан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэхдээ" Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн ямар зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөнийг, 19.0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг түдгэлзүүлэхдээ чухам ямар төсөл, арга хэмжээний санхүүжилтийг түдгэлзүүлэхийг тус тус заагаагүй байна.

Зургаа. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү 2007 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, 4 дүгээр бүлгийн 11 зүйлийн 1, 2 дугаар хавсралтад дурдсан 2007 оны санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй талаар Үндсэн хуулийн цэцэд 2007 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гаргасан тайлбар хэвээр байгаагаа дахин нотолж байна.

1.Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргахдаа зөвхөн Үндсэн хуулийг л барих ёстой. Гэтэл Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл мэдээллийн дагуу өөрийн санаачлагаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын хүсэлтээр хууль, зарлиг, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчилэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын Олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхээр дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулна гэж заасан байдаг. Ийм учраас Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар дүгнэлтэд хөрөнгө оруулалт Үндсэн хууль зөрчсөн гэж байгаа нь өөрөө Үндсэн хуультайгаа зөрчилдөж байна гэж үзэж байна.

2.Улсын Их Хурлаар Монгол Улсын 2007 оны төсвийн хуулийг хэлэлцэн батлах үйл ажиллагаа нь Засгийн газрын төсвийн төслийг төлөвлөдөг, саналаа Улсын Их Хуралд оруулж ирдэг, Улсын Их Хурал улс орны эдийн засгийн байдал, санхүүгийн нөөцийг тооцон үзсэний үндсэн дээр гишүүдээс гаргасан саналыг байнгын хороо, Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсвийн төсөлд суулгаж өгч баталдаг. Энэ үйл ажиллагаа нь Монгол Улсын Их Хурлын хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн дагуу явагддаг гагцхүү Үндсэн хуулиар Улсын Их Хуралд олгогдсон онц бүрэн эрхийнхээ дагуу ажилласан болохыг тэмдэглэн хэлэх байна.

3.Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуульд хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг батлахдаа аймаг, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нар болон орон нутгаас ирүүлсэн саналыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан Монгол Улсын төсвийн болон Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 2007 онд хийгдэх хөрөнгө оруулалт, их засварын төсөл арга хэмжээний саналыг объект нэг бүрээр гарган төсвийн ерөнхийлөн захирагчдын багцад суулган баталсан бөгөөд "сонгуулийн тойрог" гэсэн нэр томъёог Улсын Их Хурлаас гаргасан шийдвэрт хэрэглээгүй болно.

4.Маргаан шийдвэрлэж байгаа нэг асуудалд Үндсэн хуулийн цэцээс гаргаж байгаа шийдвэрүүд өөр байдалтай гарч байгаа нь Үндсэн хуулийн цэц хуулиа баримтлахгүй гадны нөлөөнд автаж байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Хөрөнгө гаргах тухай 185 дугаар тогтоолд "Засгийн газрын үйл алжиллагааны хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдээс ирүүлсэн хөтөлбөр, төсөл болон зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж 760.0 сая төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн иргэн Т.Мэндсайханы өргөдлийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн В.Удвал хянаж, 2002 олны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоолыг гаргахдаа "Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн гэж үзэх шууд үндэслэл тогтоогдохгүй байна. …нотолгоо хангалттай биш" гэсэн дүгнэлт хийж маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзсан, уг тогтоолыг Үндсэн хуулийн цэц 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдөр давж заалдах гомдлоор хэлэлцэж Үндсэн хуулийн цэцийн гишүүний 35 дугаар тогтоолыг хэвээр баталж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 35 дугаар тогтоол, Үндсэн хуулийн цэцийн 2003 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дүгээр магадлал хүчинтэй байхад уг шийдвэр гарснаас 4 жилийн дараа дээрхтэй ижил агуулга, үндэслэл бүхий өргөдлийг хянахдаа Үндсэн хуулийн цэц шууд маргаан үүсгэж урьд гаргаснаасаа өөр шийдвэр гаргасан байна.

Дээд дурдсан тайлбаруудаас үзвэл Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 7, дөрөвдүгээр бүлгийн 10 дахь заалт, дөрөвдүгээр бүлгийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дугаар хавсралтад дурдсан 2007 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтууд нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд улсын төсвийн байгууллага, ард иргэдийн эрх ашигт бүрэн нийцсэн хэрэгжих бүрэн үндэстэй шийдвэр гэж үзэж байна" гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Их Хурал "Монгол Улсын 2007 оны төсвийн тухай" хуулийн төслийг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын зарим гишүүдийн гаргасан саналын дагуу гишүүдээр жагсаалт гаргуулж Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагч нар болон шадар сайдын багцад тараан байршуулж, хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар баталсан болох нь Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2006 оны 10 дугаар сарын 26, 27; 11 дүгээр сарын 21, 26, 30-ны өдрийн нэгдсэн хуралдаан, Улсын Их Хурлын 2006 оны намрын ээлжит чуулганы Төсвийн байнгын хорооны 2006 оны 11 дүгээр сарын 20, 29-ны өдрийн хуралдаан, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 186 дугаар тэмдэглэлүүд болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Т.Очирхүү, Р.Буд нарын гаргасан тайлбар, Улсын Их Хурлын гишүүдийн хөрөнгө оруулалтын саналын жагсаалт зэрэгт тодорхой тусгагдсан болохыг Цэцийн 02 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсэгт дурдсан билээ.

2.Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар дүгнэлтийн тогтоох хэсгийн 2-т заасны дагуу 2007 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд Сангийн сайд Н.Баяртсайхан 2007 оны 3 дугаар сарын 1-ны өдрийн 3-s/971 дүгээр албан бичгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарт хандаж холбогдох барилга, байгууламж, төсөл арга хэмжээний хэрэгжилтийг даруй зогсоохыг мэдэгдсэн байна.

Уг албан бичгийн хавсралтад дурдсан жагсаалтад Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтад тусгагдсан дараахь төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн санхүүжилтийг тус тус түдгэлзүүлжээ. Үүнд:

–Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 48.0 сая төгрөг буюу YII.5.1.2-т заасан хөрөнгө оруулалтын, -Монгол Улсын Шадар сайдын багцаас 750.0 сая төгрөг буюу VIII.4-т заасан хөрөнгө оруулалтын; -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцаас 1381.0 сая төгрөг буюу IX.1.1-IX.1.29-д заасан хөрөнгө оруулалтын, 268.5 сая төгрөг буюу IX.2.2-IX.2.22-д заасан их засварын, 363.0 сая төгрөг буюу IX.3.2-IX.3.17 заасан тоног төхөөрөмжийн; -Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас 24.0 сая төгрөг буюу X.1.1.5-X.1.1.8-д заасан хөрөнгө оруулалтын, 15.0 сая төгрөг буюу X.1.2.8-д заасан их засварын, 21.0 сая төгрөг буюу X.1.3.1, X.1.3.2-т заасан тоног төхөөрөмжийн; -Түлш, эрчим хүчний сайдын багцаас 871 .0 сая төгрөг буюу XIII.1.3.1-XIII.1.3.8-д заасан эрчим хүчний, 6.5 сая төгрөг буюу XIII.1.4.1-д заасан сэргээгдэх эрчим хүчний, 56.0 сая төгрөг буюу XIII.2.4-т заасан түлшний; -Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын багцаас 20.0 сая төгрөг буюу XIV.1.5, XIV.1.6-д заасан хөрөнгө оруулалтын, 5.0 сая төгрөг буюу XIV.3.2-т заасан тоног төхөөрөмжийн; -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын XVI.1-д заасан "Боловсрол"-ын багцаас 652.0 сая төгрөг буюу XVI.1.1.45-XVI.1.1.52, 49.0 сая төгрөг буюу XYI.1.1.53, 2208.0 сая төгрөг буюу XVI.1.1.54-XVI.1.1.77 тус тус заасан хөрөнгө оруулалтын, 1617.0 сая төгрөг буюу XVI.1.2.1-XVI.1.2.51, 20.0 сая төгрөг буюу XVI.1.2.56-д тус тус заасан их засварын, 286.0 сая төгрөг буюу XVI.1.3.3-XVI.1.3.21-д заасан тоног төхөөрөмжийн; XVI.2-т заасан "Соёл"-ын багцаас 50.0 сая төгрөг буюу XVI.2.1.7, 1345.0 сая төгрөг буюу XVI.2.1.14-XVI.2.1.28-д тус тус заасан хөрөнгө оруулалтын, 42.0 сая төгрөг буюу XVI.2.2.1-XVI.2.2.3, XVI.2.2.5-д заасан тоног төхөөрөмжийн, 844.6 сая төгрөг буюу XVI.2.3-т заасан засварын; -Эрүүл мэндийн сайдын багцаас 100.0 сая төгрөг буюу XVII.1.9, 1186.9 сая төгрөг буюу XVII.1.24-XVII.1.41-д тус тус заасан хөрөнгө оруулалтын, 386.1 сая төгрөг буюу XVII.3.8-XVII.3.21-д заасан тоног төхөөмжийн, 546.5 сая төгрөг буюу XVII.4-т заасан эмнэлгийн байгууллагуудын их засварын; -Үйлдвэр, худалдааны сайдын багцаас 50.0 сая төгрөг буюу XVIII.2-т заасан хөрөнгө оруулалтын, 430.0 сая төгрөг буюу XVIII.3 заасан жижиг, дунд үйлдвэрлэл, худалдааг дэмжих хөрөнгө оруулалтын; -Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцаас 128.0 сая төгрөг буюу XIX.1.8-XIX.1.15-д заасан хөрөнгө оруулалтын, 65.5 сая төгрөг буюу XIX.2.1-XIX.2.3-т заасан их засварын; -Байгаль орчны сайдын багцаас 13.0 сая төгрөг буюу XX.1.6-д заасан хөрөнгө оруулалтын; -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцаас 568.0 сая төгрөг буюу XXI.1.3-XXI.1.19-д заасан хөрөнгө оруулалтын, 130.0 сая төгрөг буюу XXI.4.1-XXI.4.4-т заасан тоног төхөөрөмжийн, 20.0 сая төгрөг буюу XXI.4.5-д заасан тоног төхөөрөмжийн; -Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын багцаас 60.0 сая төгрөг буюу XXII.1.3.3, 1075.7 сая төгрөг буюу XXII.1.3.6-XXII.1.3.26-д тус тус заасан дотоодын хөрөнгөөр баригдах зам, гүүрийн; -Барилга, хот байгуулалтын сайдын багцаас 11.0 сая төгрөг буюу XXIII.1.9, 1294.2 төгрөг буюу XXIII.1.17-XXIII.1.42-т тус тус заасан хөрөнгө оруулалтын, 73.0 сая төгрөг буюу XXIII.2-т заасан их засварын, 100.0 сая төгрөг буюу XXIII.3-т заасан тоног төхөөрөмжийн; -Аймаг, нийслэлийн Засаг даргын багцаас 1714.0 сая төгрөг буюу XXVIII.1.5-XVIII.1.26-д заасан хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тус тус түдгэлзүүлжээ.

Үндсэн хуулийн цэцээс шаардсаны дагуу Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан, Л.Гүндалай, Ц.Жаргал, С.Оюун, М.Зоригт, Б.Жаргалсайхан, А.Бакей нарын гаргасан санал, хөрөнгө оруулалтын жагсаалт нь 2007 оны Төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралт болон Сангийн сайдын түдгэлзүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалттай тохирч байна.

Энэ бүхнээс дүгнэхэд санал, жагсаалт өгсөн бусад гишүүдийн хөрөнгө оруулалтын санал ч дээрх жагсаалтад, санал өгөөгүй цөөн гишүүдэд хуваарилагдсан 250.0 сая төгрөг нь шадар сайдын багцад нийт дүнгээрээ 750.0 сая төгрөг гэж тусгагдсан гэх үндэстэй байна.

Нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд, Үндсэн хуулийн цэцийн дунд, их суудлын хуралдаанд бэлтгэх шатанд Улсын Их Хурлын гишүүдийн 250.0 сая төгрөгөөр тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын талаар гаргасан санал, жагсаалтыг гаргуулахаар Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэг, Ардчилсан намын зөвлөлөөс удаа дараа шаардсаар байхад эдгээр санал, жагсаалтыг шалтгаангүй Үндсэн хуулийн цэцэд ирүүлээгүй болно.

Тухайлбал, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн ахлагч Д.Идэвхтэн Үндсэн хуулийн цэцэд 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаар албан бичгээр ирүүлсэн хариундаа "…орон нутагт хийх хөрөнгө оруулалтын жагсаалтын тухай асуудлаар манай бүлэг хэлэлцээгүй бөгөөд гишүүд тийм санал гаргаагүй, …250.0 сая төгрөгөөр орон нутагт хийгдэх хөрөнгө оруулалтын талаар Улсын Их Хурал, холбогдох байнгын хороо, ажлын хэсэгт жагсаалт гаргаж өгөөгүй болно" гэсэн хэдий ч энэ нь Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлэгт харъяалагдах Улсын Их Хурлын зарим гишүүн 250.0 сая төгрөгөөр өөрийн тойрогтоо хийх хөрөнгө оруулалтын санал, жагсаалтаа гаргаж өгсөн зэргээр няцаагдаж байна.

3.Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийн тухай 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дүгээр тогтоолдоо Үндсэн хуулийн цэцийн тухайн хуралдаанаар хэлэлцсэн маргаантай холбогдолгүй, өөрөөр хэлбэл, маргааны зүйл хийгээд, объектын хувьд эрс ялгаатай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэх талаар гарсан Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоол, бага суудлын хуралдааны магадлалыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй тухай үндэслэл болгон заасан нь хууль бус болжээ.

4.Монгол Улсын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-т зааснаар: "…2/ ...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх; …бүрэн эрхийг хэрэгжүүлэх ба "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т зааснаар "…Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийцсэн жил бүрийн төсвийн хүрээний мэдэгдэл болон түүнд үндэслэсэн улсын төсвийн төслийг боловсруулах; "…бүрэн эрхтэйгээс гадна 29, 30, 31 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2-т Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийн үндэслэл, тавигдах шаардлага, Засгийн газарт өргөн мэдүүлэх, Засгийн газар төсвийн төслийг хэлэлцэх, Улсын төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал улсын төсвийг батлах хугацаа журам зэргийг тодорхой хуульчлан тогтоожээ.

Монгол Улсын Засгийн газраас 2006 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан "Монгол Улсын 2007 оны төсвийн төсөл"-д Улсын Их Хурлын сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөгийн хөрөнгө төсөвлөгдөөгүй байхад Улсын Их Хурал уг асуудлыг хэлэлцэх явцдаа Засгийн газрын үндсэн бүрэн эрхэд халдаж төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2007 оны төсвийн багцийг сонгуулийн тойрог харгалзан нэмэгдүүлж, Улсын Их Хурлын гишүүдийн саналыг хөрөнгө оруулалтын жагсаалтаар төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад тараан байрлуулан баталсан байх ба ингэхдээ ижил төрлийн хөрөнгө оруулалтын объектод санхүүжилтийн дүнг өөр өөрөөр тусгасан, нэг үйл ажиллагааны санхүүжилтийг 2 дахин давхардуулан тусгасан, төрийн санхүүгийн бодлогын хүрээнд шийдвэрлэгдэхээргүй асуудлыг төсвийн хуулийн нэгдүгээр хавсралтаар баталсан байна.

Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2/, Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

5.Улсын Их Хурлын гишүүд зөвхөн өөрийн сонгогдсон Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн явцуу эрх ашгийн үүднээс сонгуулийн тойрог бүрт 250.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийх жагсаалт гарган хөрөнгө оруулалтын санхүүжилтийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зарчмаар бус, Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн зарчмаар хуваарилан тэгшитгэж, түүнийгээ халхавчлан төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцад оруулж хуульчлан баталсан, ингэснээрээ Улсын Их Хурлын сонгуульд оролцох намууд болон нэр дэвшигчдэд тэгш бусаар өрсөлдөх нөхцлийг бий болгосон, төсвийн ерөнхийлөн захирагч нар Улсын Их Хурлын гишүүний саналыг харгалзан тэдэнтэй зөвшилцөж хөрөнгө оруулалтын санхүүжилтийг хийхээр болсон, мөн "Монгол Улсын 2007 оны төсвийн тухай" Монгол Улсын хуульд Улсын Их Хурлын 76 гишүүний тойрог тус бүрт 250.0 сая төгрөгөөр тооцож нийт 19.0 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсвийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, батлан шатанд, энэ талаар хуулиар тогтоосон журмыг Улсын Их Хурал хэрэгжүүлээгүй зэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин гуравдугаар зүйлийн 1, Гучин наймдугаар зүйлийн 2-ын 2/, Тавин наймдугаар зүйлийн 1, Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2007 оны Төсвийн тухай хуулийн нэгдүгээр хавсралтад зарим сайдын эрхлэх ажлын хүрээнд үл хамаарах ажлыг Улсын Их Хурлын гишүүдийн саналаар байршуулсан байна. Тухайлбал, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцад Булган, Чойбалсан, Өвөрхангай аймгийн Арвайхээрийн гэрэлтүүлэг, Ховд аймгийн Жаргалантын гэр хорооллын автобусны зогсоол зэрэг асуудлууд тусгагдсан нь орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээнд халдсан шинжийг тус тус агуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3 Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон,

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурал Монгол Улсын 2007 оны Төсвийн тухай хуулийг батлахдаа Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл, 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 заалтуудаар тогтоосон журам, зарчмыг үл харгалзан Улсын Их Хурлын гишүүдээс тус тусын тойрогт хийх хөрөнгө оруулалтын санал, жагсаалтыг үндэслэн, Улсын Их Хурлын сонгуулийн тойрог тус бүрт тэгшитгэн 250.0 сая төгрөг буюу нийт дүнгээрээ 19.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарим төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад байршуулан хуваарилсан Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлээр баталсан 1 дүгээр хавсралтын холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн"; Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална"; мөн Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2/-ын "...улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулж Улсын Их Хуралд өргөж, гарсан шийдвэрийг биелүүлэх"; Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн"; Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна"; мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно"; Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино" гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын 2007 оны төсвийн тухай хуулийн "2007 онд Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт" гэсэн Нэгдүгээр хавсралтад дурдсан –Монгол Улсын Ерөнхий сайдын багцаас 48.0 сая төгрөг буюу YII.5.1.2-т заасан хөрөнгө оруулалтын, -Монгол Улсын Шадар сайдын багцаас 750.0 сая төгрөг буюу VIII.4-т заасан хөрөнгө оруулалтын; -Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын багцаас 1381.0 сая төгрөг буюу IX.1.1-IX.1.29-д заасан хөрөнгө оруулалтын, 268.5 сая төгрөг буюу IX.2.2-IX.2.22-д заасан их засварын, 363.0 сая төгрөг буюу IX.3.2-IX.3.17 заасан тоног төхөөрөмжийн; -Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас 24.0 сая төгрөг буюу X.1.1.5-X.1.1.8-д заасан хөрөнгө оруулалтын, 15.0 сая төгрөг буюу X.1.2.8-д заасан их засварын, 21.0 сая төгрөг буюу X.1.3.1, X.1.3.2-т заасан тоног төхөөрөмжийн; -Түлш, эрчим хүчний сайдын багцаас 871.0 сая төгрөг буюу XIII.1.3.1-XIII.1.3.8-д заасан эрчим хүчний, 6.5 сая төгрөг буюу XIII.1.4.1-д заасан сэргээгдэх эрчим хүчний, 56.0 сая төгрөг буюу XIII.2.4-т заасан түлшний; -Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын багцаас 20.0 сая төгрөг буюу XIV.1.5, XIV.1.6-д заасан хөрөнгө оруулалтын, 5.0 сая төгрөг буюу XIV.3.2-т заасан тоног төхөөрөмжийн; -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын XVI.1-д заасан "Боловсрол"-ын багцаас 652.0 сая төгрөг буюу XVI.1.1.45-XVI.1.1.52, 49.0 сая төгрөг буюу XYI.1.1.53, 2208.0 сая төгрөг буюу XVI.1.1.54- XVI.1.1.77 тус тус заасан хөрөнгө оруулалтын, 1617.0 сая төгрөг буюу XVI.1.2.1-XVI.1.2.51, 20.0 сая төгрөг буюу XVI.1.2.56-д тус тус заасан их засварын, 286.0 сая төгрөг буюу XVI.1.3.3-XVI.1.3.21-д заасан тоног төхөөрөмжийн; XVI.2-т заасан "Соёл"-ын багцаас 50.0 сая төгрөг буюу XVI.2.1.7, 1345.0 сая төгрөг буюу XVI.2.1.14-XVI.2.1.28-д тус тус заасан хөрөнгө оруулалтын, 42.0 сая төгрөг буюу XVI.2.2.1-XVI.2.2.3, XVI.2.2.5-д заасан тоног төхөөрөмжийн, 844.6 сая төгрөг буюу XVI.2.3-т заасан засварын; -Эрүүл мэндийн сайдын багцаас 100.0 сая төгрөг буюу XVII.1.9, 1186.9 сая төгрөг буюу XVII.1.24-XVII.1.41-д тус тус заасан хөрөнгө оруулалтын, 386.1 сая төгрөг буюу XVII.3.8-XVII.3.21-д заасан тоног төхөөмжийн, 546.5 сая төгрөг буюу XVII.4-т заасан эмнэлгийн байгууллагуудын их засварын; -Үйлдвэр, худалдааны сайдын багцаас 50.0 сая төгрөг буюу XVIII.2-т заасан хөрөнгө оруулалтын, 430.0 сая төгрөг буюу XVIII.3 заасан жижиг, дунд үйлдвэрлэл, худалдааг дэмжих хөрөнгө оруулалтын; -Хүнс, хөдөө аж ахуйн сайдын багцаас 128.0 сая төгрөг буюу XIX.1.8-XIX.1.15-д заасан хөрөнгө оруулалтын, 65.5 сая төгрөг буюу XIX.2.1-XIX.2.3-т заасан их засварын; -Байгаль орчны сайдын багцаас 13.0 сая төгрөг буюу XX.1.6-д заасан хөрөнгө оруулалтын; -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын багцаас 568.0 сая төгрөг буюу XXI.1.3-XXI.1.19-д заасан хөрөнгө оруулалтын, 130.0 сая төгрөг буюу XXI.4.1-XXI.4.4-т заасан тоног төхөөрөмжийн, 20.0 сая төгрөг буюу XXI.4.5-д заасан тоног төхөөрөмжийн; -Зам тээвэр, аялал жуулчлалын сайдын багцаас 60.0 сая төгрөг буюу XXII.1.3.3, 1075.7 сая төгрөг буюу XXII.1.3.6-XXII.1.3.26-д тус тус заасан дотоодын хөрөнгөөр баригдах зам, гүүрийн; -Барилга, хот байгуулалтын сайдын багцаас 11.0 сая төгрөг буюу XXIII.1.9, 1294.2 төгрөг буюу XXIII.1.17-XXIII.1.42-т тус тус заасан хөрөнгө оруулалтын, 73.0 сая төгрөг буюу XXIII.2-т заасан их засварын, 100.0 сая төгрөг буюу XXIII.3-т заасан тоног төхөөрөмжийн; -Аймаг, нийслэлийн Засаг даргын багцаас 1714.0 сая төгрөг буюу XXVIII.1.5-XVIII.1.26-д заасан хөрөнгө оруулалтын санхүүжилт хийхээр заасан заалтуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн Улсын Их Хурлын 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

3.Энэхүү тогтоол гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр мөрдөгдөхийг дурдсугай.

ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Ч.ДАШНЯМ

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

Д.МӨНХГЭРЭЛ