Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 25 ДУГААР ЗҮЙЛИЙН 25.4, 25.5 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 25 ДУГААР ЗҮЙЛИЙН 25.4, 25.5 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 14.00 цаг
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан, Ж.Болдбаатар, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал, Улсын Их Хурлын даргын 2009 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 81 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дүгээр тогтоолоо ирүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч, иргэн Р.Очирбал Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“… Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”; мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” хэмээн заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэсэн Үндсэн хуулийн заалтыг шууд зөрчсөн гэж үзэж байна…” гээд өөрийн шаардлагын үндэслэлийг доорхи байдлаар тайлбарласан байна:
“… Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна”; мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” хэмээн тус тус заасан нь нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуулиар олгосон тусгайлсан чиг үүрэг, эрх хэмжээтэй хийгээд тухайн бүрэн эрхээ хэрэгжүүлэх бодит эрхийн чадамжийг хангахын тулд дээд шатны байгууллага тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхгүй байх зарчмыг бэхжүүлсэн явдал юм. Гэвч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д “Хурлаас гаргасан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”; мөн зүйлийн 25.5-д “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” хэмээн заасан нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг шууд зөрчсөн гэж үзэж байна. Учир нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэх хийгээд, энэхүү эрх нь тухайн байгууллагаас өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг шийдвэрлээд батлан гаргасан аливаа шийдвэр, тогтоолыг бусад байгууллага, албан тушаалтан шууд хүчингүй болгох боломжоос хамгаалагдсан байх ёстой.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран гуравдугаар зүйлд Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байна хэмээн заасан боловч уг зүйлд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг дээд шатны хурал, эсхүл Улсын Их Хурал хүчингүй болгоно гэсэн агуулга байхгүй, байх ч боломжгүй. Хэрэв тухайн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй гэж үзвэл дээд шатны Хурал эсхүл хууль тогтоох байгууллагаас шийдвэрийг хүчингүй болгох бус шүүхийн байгууллагаас хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь Хурал өөрийн эрх хэмжээний асуудлыг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг дээд шатны Хурал, эсхүл Улсын Их Хурал хүчингүй болговол энэ нь өөрөө удирдах байгууллагын хэвтээ түвшний харилцааны зарчмыг зөрчин өөрөө удирдах ёсны тогтолцоонд харшилна гэж үзэж байна. …” гэжээ.
Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“… Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв тухайн нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” хэмээн нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар олгосон тусгайлсан чиг үүрэг хийгээд эрх хэмжээг бэхжүүлж өгсөн.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Хурал, тэргүүлэгчид, Хурлын дарга, тэдгээрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг нарийвчлан зааж өгсөний зэрэгцээ эрх үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрт харшлахгүй байх учиртайг мөн адил хуульчилсан.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5-д “Хурлаас гаргасан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсхүл дээд шатны Хурал хүчингүй болгоно”, “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэж заасан нь нутгийн өөрөө удирдах байгууллагыг Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэр гаргахаас хамгаалсан зохицуулалт болсон.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д заасан “…дээд шатны хурал хүчингүй болгоно” гэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд хамаарах асуудлыг шийдвэрлэж буй хэрэг бус харин нэгэнт гаргасан шийдвэрийг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэх хөшүүрэг юм. …” гэсэн байна.
Гурав. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэж 02 дугаар дүгнэлт гаргасан байна. Үүнд:
Дүгнэлтийн үндэслэх хэсгийн 2 дахь заалтад: “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “Хурлаас гарсан тогтоол, бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн, эсвэл дээд шатны Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”; мөн зүйлийн 25.5 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалтууд холбогдох засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Хурал, Улсын Их Хурал нь өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцох боломжийг бүрдүүлсэн байна. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлын шийдвэр хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газар, харъяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн эсэх тухай асуудлаар гарсан маргаан нь шүүхийн харъяалан шийдвэрлэх асуудал байх тул Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн гэх үндэстэй байна.” хэмээн үзэж
Дүгнэлтийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад: “…Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд шатны…” гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” хэмээн заасан.
Дөрөв.Үндсэн хуулийн цэцийн дээрхи дүгнэлтийг Улсын Их Хурал 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 29 дүгээр тогтоол гаргасан байна. Уг тогтоолын 2 дахь заалтад:
“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд шатны…” гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэсэн байна.
Тав.Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“… 1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсгээр тодорхойлж буй фактын нөхцөл /гипотез/ нь “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол” гэж байх бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүрэн эрхт”, Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нэгдмэл улс”-ынх нь хувьд, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 7, 8 дахь заалтад заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх, Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан Засгийн газрын үндсэн бүрэн эрхийн дагуу хууль тогтоомжийн нэг тогтолцоо, Засгийн газрын нэг бодлоготой байлгахад чиглэсэн зохицуулалт байна.
Нөгөөтэйгүүр, энэ зохицуулалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, …хууль дээдлэх зарчим”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорьдугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна.
2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, 25.5 дахь хэсгүүдийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэхдээ дурдсан Үндсэн хуулийн заалт нь Монгол Улсын Их Хурлын хууль тогтоох болон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах эрхийг нь хязгаарлах буюу түүнтэй зөрчилдсөн утга бүхий заалт биш байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн …нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах талаар тодорхойлж өгсөн байгаа нь “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй” шийдвэр гаргах эрхтэй тухай бус харин ч хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах үүргийг хүлээсэн байна. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн хоёрдугаар өгүүлбэрт “Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрээс гадуур байх эрх мэдлийг тусгайлан тодорхойлсон байна. Үндсэн хуулийн эдгээр заалтаас үзвэл нутгийн өөрөө удирдах байгууллагад хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн шийдвэр гаргах эрх мэдэл олгогдоогүй байх бөгөөд энэ асуудлыг хянан шалгаж шийдэх эрх мэдэл нь Улсын Их Хуралд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн зохих хэсгүүдээр олгогдсон байна.
3. Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн эхний өгүүлбэр болох “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэсэн зохицуулалтын “дээд шатны байгууллага нь” гэх ойлголтод Улсын Их Хурлыг хамруулан ойлгох бололцоогүй байна. Нөгөөтэйгүүр, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудалд” тухайн … нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэр үйлчлэх эсэх асуудлыг мэдэн шийдэх эрх багтахгүй байна.
4. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон Улсын Их Хурал, Засгийн газрын хооронд гарсан маргааныг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дурдсанчлан шүүх /захиргааны, иргэний, эрүүгийн шүүхийн журмаар/ харъяалан шийдэх боломжгүй байна. Харин Улсын Их Хурлын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд хандах байдлаар шийдүүлэх нь нээлттэй байгаа тул Улсын Их Хурал нутгийн өөрөө удирдах байгууллагын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй шийдвэрийг өөрчлөх буюу хүчингүй болгох нь тэдний Цэцэд өргөдөл гаргах эрхийг нээж өгсөн зохицуулалт болж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд шатны…” гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…”; мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.
Хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэрийг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурал, Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох нь аливаа эрх зүйн маргааныг шүүхээр шийдвэрлэх зарчимтай зөрчилдөж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2; 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд шатны…” гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно…” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн “… , эсхүл дээд шатны…” гэсэн заалт, тус зүйлийн 25.5 дахь хэсгийн “Аймаг, нийслэлийн Хурлын шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг Улсын Их Хурал өөрчлөх буюу хүчингүй болгох эрхтэй” гэсэн заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2.Монгол Улсын Их Хурлын 2009 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 29 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгосугай.
3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
П.ОЧИРБАТ
Ж.БОЛДБААТАР
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ