Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС АЙБЕКС ГРУППТЭЙ 1993 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 17-НД БАЙГУУЛСАН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨНТЭЙ ХОЛБОГДУУЛАН Е

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ

 

1995 оны 12 дугаар сарын 07-ны өдөр                                                               Дугаар 07                                                                             Улаанбаатар хот

 



МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС АЙБЕКС 

ГРУППТЭЙ 1993 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 17-НД

БАЙГУУЛСАН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ ҮНДСЭН

ХУУЛЬ ЗӨРЧСӨНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ЕРӨНХИЙ

САЙД П.ЖАСРАЙГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ ТУХАЙ

МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ / Дүгнэлт /


Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Ц.Цолмон, Н.Жанцан, , С.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цэндээхүүг оролцуулж хийв.
Хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав, С.Зориг, А.Ганбаатар, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Пүрэвдорж, Д.Сугар нар оролцов.
Иргэн С.Зориг, А.Ганбаатар, Д.Ламжав нар Монгол Улсын Засгийн газраас Айбекс групптэй 1993 оны 4 дүгээр сарын 17-нд байгуулсан Түншлэлийн гэрээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах үндэслэл байгаа эсэхийг хүсч 1995 оны 6 дугаар сарын 12-нд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл өгсөн байна.
Уг өргөдлийг Цэцийн гишүүн Ц.Цолмон шалгаад 1995 оны 7 дугаар сарын 21-ний өдөр маргаан үүсгэж Үндсэн хуулийн Цэцээр хэлэлцүүлэх үндэслэл байхгүй гэж нэхэмжлэгч нарт хариу өгсөн.
Нэхэмжлэгчид 1995 оны 7 дугаар сарын 28-нд Түншлэлийн гэрээтэй холбогдсон өргөдлийн дагуу хэрэг үүсгэхээс татгалзсан Цэцийн гишүүний хариуг хянан үзэхийг хүсч дахин ирүүлсэн өргөдөлдөө: "Энэ түншлэлийн гэрээг Ерөнхий сайд анхнаас нь мэдэж байсан... Засгийн газар нуун дарж байсан. Түншлэлийн гэрээгээ илчлэгдсэний дараа өөрийн мэдэлд байдаг төрийн мэдээллийн бүх хэрэгслийг ашиглан улс орон даяар явуулсан сөрөг сурталчилгаандаа гэрээг мушгин гуйвуулж орчуулсан, гэрээг шинээр хийх гэж байгаа гэрээний төслөөр орлуулан олон нийтэд мэдээлсээр ирсэн билээ. Ийнхүү Цэцийн гишүүн Ц.Цолмонгийн "Түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байсан" гэсэн дүгнэлт нь баримтаар няцаагдаж байна. Түншлэлийн гэрээ нь Монгол Улсын нэрийн өмнөөс Монголын болон олон улсын эрх зүйн хэм хэмжээг бүдүүлгээр зөрчин байгуулагдсан олон улсын гэрээ мөн болохыг өргөдөлд дурьдсан албан баримт, Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний хуралдаанд Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулсан санал дүгнэлт зэрэгт дурьдсан баримтууд ч давхар нотолж байна. Энэ гэрээний улмаас бизнесийн хүрээнд Монгол Улсын нэр хүндэд хохирол учирч, хувь хүмүүс хууль бус аргаар ашиг хонжоо олсон байна.
Цэцийн гишүүн Ц.Цолмонгийн дурьдсан "ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн уг гэрээг цуцалсан гэснээс ч Түншлэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байсан" гэх үндэслэлгүй болох нь харагдаж байна.
Үндсэн хууль болон бусад хуулийг үндэсний аюулгүй байдал, эрх ашигт ноцтой хохирол учруулан өөрчлөхгүйгээр дагаж мөрдөх боломжгүй гэрээ байгуулсан, түүнийг нуун далдалснаараа Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн байна, энэ нь түүнийг огцруулах үндэслэл болж байна.
Засгийн газрын танилцуулгыг хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 4-ний 64 дүгээр тогтоол нь Улсын Их Хурал өөрийн байгуулсан Засгийн газрыг хяналтаасаа гаргасан, түүнийг хууль бус аргаар хаацайлж байдгийн нэг баримт юм. Одоогийн дагаж мөрдөж байгаа Үндсэн хууль ёсоор Ерөнхий сайдыг санал хураалтын дүнг баримтлан огцруулах, чөлөөлөх тухай шийдвэр гаргаснаас бусад Улсын Их Хурлын ямар ч шийдвэр Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл байгаа эсэх тухай хэрэг үүсгэхгүй байхын хууль зүйн үндэслэл байх ёсгүй гэж үзэж байна.
Өргөдөл шалгасан Цэцийн гишүүн, нэхэмжлэгч нарын хэнтэй ч уулзаж тодруулах, лавлах санаачилга гаргаагүй атлаа мөн чанартаа маргааны нөгөө талын сонирхлыг хамгаалсан бодитой бус дүгнэлтүүдийг шүүрч авч тэдгээрийг хэрэг үүсгэхгүй байх хууль зүйн үндэслэл гэж үзсэн байна" гэж дурьдаад "Үндсэн хуулиа хэрэгжүүлэх, хууль дээдлэх уур амьсгалыг сайжруулах, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг баталгаажуулах нийтлэг эрх ашгийн үүднээс Цэцийн гишүүний дээрх тогтоолыг хянан магадлаж, хэрэг үүсгэж өгөхийг Цэцийн эрхэм гишүүдээс гүнээ хүсье" гэжээ.
Үндсэн хуулийн Цэцийн даргын 1995 оны 8 дугаар сарын 2-ны 07 тоот тогтоолоор томилогдсон Цэцийн гишүүн Л.Баасан даргатай гишүүдэд Г.Нямдоо, Д.Чилхаажав нар оролцсон 1995 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд гаргасан 03 тоот магадлалаар нэхэмжлэгчдийн гомдлыг үндэслэн маргаан хянан шалгах ажиллагаа үүсгэсэн байна.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 1995 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс АНУ-ын Айбекс групптэй байгуулсан гэрээ, хэлцлүүд нь Монгол Улсын ашиг сонирхол, эдийн засгийн аюулгүй байдал, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай асуудлыг хэлэлцэж, энэ түншлэлийн хэлэлцээр болон бусад гэрээ хэлцэл нь тэдгээр компани, корпорацийг Монгол Улсын эдийн засгийн стратегийн ач холбогдолтой салбарт дангаар нь удаа хугацаагаар ноёрхох сөрөг үр дагавартай бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй үйл ажиллагаа болсон байна" гэсэн дүгнэлт хийжээ.
Асуудлыг хэлэлцэх явцад Айбекстэй байгуулсан хэлэлцээрт хавсралт протокол байгуулагдсан нь баримтаар тогтоогджээ. Түүнд зааснаар талууд хамтын ажиллагааны тодорхой нэг төсөл хэрэгжтэл хэлэлцийг төсөл хэмээн үзэж, анхны төслийг хэрэгжсэний дараа уг хэлэлцээрийг Монгол Улсын Их Хуралд мэдүүлж соёрхон батлуулахаар тохирсон байна" гэж тэмдэглээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газарт Түншлэлийн хэлэлцээрийг даруй хүчингүй болгож, түүний оронд байгуулахаар хэлэлцэж буй эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг хянан үзэж, хууль тогтоомжид бүрэн нийцүүлж шийдвэрлүүлэх ... Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн гурвын нэгд заасны дагуу авсан арга хэмжээ, түүнчлэн их хэмжээний хөрөнгө оруулахтай холбогдсон бусад гэрээ, хэлцлүүд Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянан үзэж Монгол Улсын Их Хуралд мэдээлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл өгч байхыг анхаарахыг даалгасан байна.
Энэ зөвлөмжийг хэрэгжүүлэхийн үүднээс Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг хуралдаанаараа авч хэлэлцээд Улсын Их Хуралд өгсөн танилцуулгадаа: "Монгол Улсын шадар сайд Ч.Пүрэвдорж АНУ-ын Айбекс групптэй 1993 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр "Түншлэлийн гэрээ"-нд тус группийн зөвлөлийн дарга Халед Ахмед Хоссайнтай Сан-Франциско хотноо гарын үсэг зурсан байна.
Энэхүү "Түншлэлийн гэрээ"-г монгол хэлэнд орчуулалгүйгээр англи хэл дээр байгуулжээ. "Түншлэлийн гэрээ"-нд тусгагдсан асуудлуудаас эхнийх нь амжилттай хэрэгжих хүртэл уг гэрээг төсөл гэж үзэх, аль нэг салбарт анхны төсөл хэрэгжиж эхэлсний дараа түүнийг Улсын Их Хуралд оруулж соёрхон батлуулахаар тохиролцож энэ тухай Протокол байгуулсан нь нотлогдов.
Түмэн голын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх АНУ-ын иргэн Ааге Холмын зөвлөснөөр хөрөнгө оруулалтын асуудлаар зуучлах саналаа илэрхийлсэн АНУ дахь Айбекс групптэй холбоо тогтоож, түүгээр зуучлуулан Монголд гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар хэрэгжүүлж болох төслүүдийн талаар ярилцаж дээрх баримт бичгийг тохирсон байна.
Уг баримт бичигт "Энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 99 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна", "Айбекс"-д хамаарах төслүүдэд олгосон болон энэ гэрээнд тусгасан бүх нөхцөл, эрх ашгийг Монгол Улс, Монголын Засгийн газар батлан хангаж гэрээний хугацаанд тэдгээрийг Засгийн газрын тухайн үеийн болон цаашдын үйл ажиллагаагаар, түүнчлэн аливаа хууль тогтоомжоор өөрчилж, засаж, буцаахгүй, монголын хувьд хуулийн хүчин төгөлздөр дагаж мөрдөх үүрэг гэсэн Монгол Улсын хууль тогтоомжид нийцэхгүй заалт орсон байв.
Энэ нь зах зээлийн харилцаанд шилжсэн орнуудтай хамтран ажиллах туршлага дутмаг байсан, гадаадын хөрөнгө оруулж, улсын эдийн засгийн хүндрэлтэй байдлыг богино хугацаанд гэтлэх гэсэн эрмэлзэлд хөтлөгдөж, хэт яарч, гэрээг ч газар дээр нь шууд байгуулсан, уг гэрээг хуульд нийцүүлэх талаар нарийвчлан авч үзээгүй, ийм гэрээ байгуулсан тухайгаа Засгийн газар /танхим/, холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлээгүй, улмаар мэргэжлийн байгууллагын дүгнэлтийн дагуу тодорхой ажиллахгүй хугацаа алдсантай холбоотой болохыг Засгийн газрын хуралдаан тэмдэглэж, шадар сайд Ч.Пүрэвдоржид хатуу анхааруулав.
Айбекс групптэй "Түншлэлийн гэрээ" байгуулсантай холбогдуулан хийсэн хавсралт протокол уг түншлэлийн гэрээний анхны төсөл амжилттай хэрэгжих хүртэл уг гэрээ нь төслийн хүрээнд байна гэж ойлгогдохын гадна, гэрээгээр тодорхойлсон аль нэг салбарт анхны төсөл хэрэгжиж эхэлсэний дараа зохих журмын дагуу батлуулахаар тусгагдсан, гэрээ албан ёсоор хүчин төгөлдөр болоогүй учир энэхүү "Түншлэлийн гэрээ"-тэй холбогдож санхүү, мөнгөний ямар ч хохирол учраагүй байна.
АНУ-ын Айбекс групптэй байгуулсан "Түншлэлийн гэрээ"-г цуцлах, хүчингүй болгох тухай протоколыг шадар сайд Ч.Пүрэвдорж, Айбекс группийн зөвлөлийн дарга Х.А.Хоссейн нар 1995 оны 3 дугаар сарын 14-нд хийж нотолсон байна. Ийнхүү "Түншлэлийн гэрээ"-нээс ямарваа үр дагавар цаашид гарахгүй нь тодорхой боллоо гэж тэмдэглэсэн байна.
Түншлэлийн гэрээний тухай Улсын Их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 1995 оны 3 дугаар сарын 8 болон 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хоёр удаа хэлэлцээд олонхийн саналаар уг асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэж дүгнэлт санал гаргажээ. Тухайн дүгнэлтэд "Түншлэлийн гэрээг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1985 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 95 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын олон улсын гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах журмын тухай" хуулийн 3 дугаар зүйл, 7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 10 дугаар зүйл, 17 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийг баримтлалгүйгээр байгуулжээ.
Тухайлбал: Хуулийн дээрх зүйл, хэсгээр бас гэрээг байгуулах саналыг Засгийн газарт Гадаад харилцааны яам тогтоосон журмын дагуу өргөн мэдүүлэх, Засгийн газраас гэрээ хэлэлцээ хийх, гарын үсэг зурах тухай шийдвэр гаргах, гэрээ хэлэлцээ хийх, гарын үсэг зурах бүрэн эрхийг Засгийн газар, Гадаад харилцааны яамнаас авах, гэрээг монгол хэлээр үйлдэх, гэрээг холбогдох байгууллагаар батлуулах, Засгийн газрын тусгай хэвлэлд нийтлэх, зохих байгууллагад бүртгүүлэх ёстой байтал энэ бүхэн зөрчигджээ.
Энэ гэрээг улс ёсчлон байгуулсан бөгөөд түүний хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх үүрэг гэсэн заалтуудыг тусгасан нь Монгол Улсын төрийн эрх барих хууль тогтоох дээд байгууллагын бүрэн эрхийг хөндөж хязгаарласан, гэрээ байгуулагч өөрийн эрх мэдлээ хэтрүүлсэн үйл ажиллагаа болжээ" гэж дурьдсан байна.
Ерөнхий сайд П.Жасрай Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын танилцуулгын агуулгыг гишүүдэд дэлгэрэнгүй танилцуулаад энэ түншлэлийн гэрээ зохих журмын дагуу хийгдэж батлагдаагүй учир Монгол Улсын олон улсын гэрээ болохгүй" гэж хэлсэн байна.
Улсын Их Хурлын хуралдаан дээр уг Түншлэлийн гэрээг хэлэлцэх үед гишүүд өөр өөр санал дүгнэлт гаргасан байна.
Улсын Их Хурлын гишүүн С.Зориг "Монгол Улсад шууд ба шууд бусаар хохирол учруулсан гэдэг нь тодорхой. Дэмий сан оруулсан шуугиан үүсгэсэн гэж байгаа бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мөн дүгнэлт гаргасан бүх шинжээч нарт арга хэмжээ авах хэрэгтэй. Зөвлөмж гаргасан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их хурлын дарга гурвуулаа шал дэмий шуугиан тарьсан гэдэг нэрийн дор арга хэмжээ авагдах ёстой. Иймэрхүү маягаар яваад байх юм бол ямар ч хариуцлагагүй төр, хариуцлагагүй Засгийн газар, Засгийн газраа хянаж чаддаггүй Улсын Их Хурал гарч ирж байна.
Ерөнхий сайд анхнаасаа мэдэж байсан, тийм буруу гэж байсан юм бол хоёр жил юу хийж явсан юм, яагаад гэнэт цуцлах болов. Энэ бүх зүйлүүдэд хариу өгөх хэрэгтэй. Иймд тодорхой хүмүүст арга хэмжээ авах хэрэгтэй" ;
Улсын Их Хурлын гишүүн М.Зэнээ "Энэ бол гэрээ гэсэн нэртэй протокол л байна. Хэн ч үзсэн үүнийг ингэж ойлгоно. Өнөөдөр ард түмэнд үнэнийг хэлэх цаг болсон. Энэ протоколыг гэрээ болгохын тулд манай нөхдүүд их хүчин зүтгэж байх шиг байна. Пүрэвдоржийн хувьд энэ хүн хариуцлага алджээ. Улсын Их Хурал энэ талаар шийд гаргах нь зүйтэй" гэжээ.
Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж "Гэрээг харсан хэн ч энд ямар нэгэн тайлбар, нэмэлт протокол байгаа тухай ишлэл болохгүй учраас энэ гэрээг хэн ч хаан ч бариад явсан үнэхээр хүчин төгөлдөр байгуулчихсан, гарын үсэг зурагдсан ийм гэрээ хэн ч итгүүлж чадахаар тийм баримт бичиг байгаа юм. Ерөнхий сайд Улсын Их Хурлын өмнө энэ асуудлаар хариуцлага хүлээх ёстой" гэжээ.
Улсын Их Хурлын гишүүн С.Төмөр "Тусгайлан бүрэн эрх олгохгүйгээр гэрээ, хэлэлцээр байгуулах хүн гэвэл Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дарга, Гадаад явдлын яамны сайд энэ гурав байгаа. Иймд шадар сайд түүнд тусгайлан эрх олгоогүй байхад шууд гарын үсэг зурах эрх байхгүй.
Шадар сайд Ч.Пүрэвдорж Засгийн газрын төлөөлж гарын үсэг зурсан бол Засгийн газраар заавал хэлэлцүүлж байж тусгай эрх олж байж гарын үсэг зурах ёстой байсан. Энд хүчингүй болгох тухай асуудал байхгүй, томъёоллын хувьд буруу байж болно. Хамгийн гол нь энд бол төслөөсөө татгалзах тухай асуудал байхгүй юу, гол юм энд байх ёстой" гэжээ.
Ерөнхийлөгч П.Очирбат "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр гэрээ мөн гэж үзсэн юм. Ингэхдээ Монгол Улс 1998 онд нэгдсэн 1969 оны конвенцийн 3-ын "а"-ын заалтыг үндэслэсэн юм. Тэр гэрээ, протокол хоёр бол цаг хугацааны хувьд хоёр өөр юм. Хэрэв хоёр тусдаа хийгдсэн баримт бичиг нэг асуудалд хамаарч байгаа бол аль нэгэн дээр нь хоёр дахь нь энэхүү гэрээний гэдэг юмуу протоколын гэдэг юмуу салшгүй хэсэг гэж бичдэг юм. Тэгэхлээр аль ч учир нь тэгж байхгүй. Тийм учраас энэ хоёр чинь хоёр өөр баримт байхгүй юу. Энэ гэрээ юм бол Монгол Улсын хуулийн юу юу нь зөрчигдсөнийг Улсын Их Хурал хэлж өгөх ёстой.
Тэгэхээр гэрээ бол гэрээ болоод байгаа юм. Гэрээнд бол гарцаагүй бушуухан түүнийг цуцалж авсан явдал амжилт гэж үзэх ёстой."
Улсын Их Хурал Засгийн газрын танилцуулгыг хэлэлцээд а/ Монгол Улсын олон улсын гэрээний тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд гарч байгаа доголдол, дутагдалд дүгнэлт хийж, түүнийг арилгах, олон улсын гэрээ хэлэлцээр байгуулах, хэрэгжүүлэхэд тавих хяналт, шаардлагыг бүх шатанд сайжруулах, энэ талаар Засгийн газрын гишүүд, холбогдох удирдах ажилтан, албан тушаалтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, алдаа дутагдал гаргасан хүмүүст хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж байх; б/ гадаадын хөрөнгө оруулахтай холбогдсон гэрээ, хэлцлүүд Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын ашиг сонирхолд хэрхэн нийцэж байгааг хянан үзэж, энэ онд багтаан Улсын Их Хуралд мэдээлэхийг Засгийн газарт даалгасан заалт бүхий 64 дүгээр тогтоол гаргажээ.
Засгийн газраас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндэсний хөгжлийн газрын дарга Улаан, Хууль зүйн дэд сайд Сугар нар Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тайлбартаа "Дээрх иргэдийн өргөдөлд "Түншлэлийн гэрээ" гэгч нь Монгол Улсын олон улсын гэрээ мөн тохиолдолд л Үндсэн хуулийн Цэцээр хянагдан шийдвэрлэгдэх нь зүйн хэрэг юм.
Түншлэлийн гэрээ байгуулагдах үед үйлчилж байсан "БНМАУ-ын Олон улсын гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах журмын тухай хууль"-д БНМАУ-ын Олон улсын гэрээнд гадаад улс, олон улсын байгууллагатай тусгайлан олгогдсон гэрээ хэлэлцээр хийх, гарын үсэг зурах бүрэн эрхийн дагуу байгуулна гэж заасан бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлд төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүн болон Гадаад явдлын яамны сайд нь тусгайлан бүрэн эрх авахгүйгээр олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхтэй тухай шууд заасан байна.
Өргөдөлд дурьдсан Түншлэлийн гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг шадар сайд Пүрэвдоржид аль ч байгууллага олгоогүй, ер нь энэ "гэрээ"-ний талаар Засгийн газар, Ерөнхий сайд ямар нэгэн шийдвэр гаргаагүй болно. Гэрээнд гарын үсэг зурсан хоёр дахь этгээд олон улсын гэрээний эрх зүйн харилцааны субъект биш юм.
Манай улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас судалгаа хийж 1993 оны 4 дүгээр сарын 5-нд ирүүлсэн албан бичигтээ "Айбекс" групп нь Ерөнхий худалдаа эрхэлдэг хувийн компани юм. Бүртгэлийн дугаар нь DUNS 62 212 8890 тодорхойлжээ. Энэ групп нь худалдааны эрх зүйн харилцааны жирийн субъект бөгөөд өөрөөр хэлбэл түүний үйл ажиллагааны төлөө ямар ч улсын засгийн газар, ямар ч олон улсын байгууллага хариуцлага хүлээхгүй нь тодорхой байна.
Манай Улс 1988 онд нэгдэн орсон "Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийн хоёрдугаар зүйлийн 1-ийн "а"-д гэрээ гэж олон улсын эрх зүйгээр зохицуулагдан улсуудын хооронд бичгээр байгуулсан олон улсын хэлэлцээрийг хэлнэ гэж тодорхойлсон байна.
Олон улсын гэрээний субъект нь юуны өмнө улс байна гэдэг нь дэлхий нийтэд нэгэнт тодорхой болсон зүйл юм. Мөн конвенцийн 7 дугаар зүйлд "... гэрээг заавал биелүүлэх улс гүрний зөвшөөрлийг илэрхийлэх зорилгоор тухайн этгээд холбогдох бүрэн эрхийн үнэмлэхээ үзүүлэх", наймдугаар зүйлд "улсаа төлөөлж гэрээ байгуулахтай холбогдсон үйлдэл хийх эрхтэй гэдэг нь 7 дугаар зүйлийн үндсэн дээр тогтоогдоогүй этгээд ийм үйлдэл хийсэн бөгөөд уг үйлдлийг дараа нь тухайн улс нотлохгүй бол хуулийн ач холбогдолгүйд тооцно" гэж заасан байна.
Энэ бүгдээс дүгнэлт хийхэд "Түншлэлийн гэрээ" гэгч нь хууль тогтоомжид заасан журмаар байгуулагдсан олон улсын гэрээ биш бөгөөд "Түншлэлийн гэрээ" нь Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасан, ёслон байгуулагдсан олон улсын гэрээ биш, нөгөө талаас "Түншлэлийн гэрээ"-г байгуулахад Ерөнхий сайд оролцоогүй. Засгийн газраас ямар нэг шийдвэр гаргаагүй зэрэг нь Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах хуульд заасан үндэслэл алга байгааг нотолж байна" гэжээ.
Ерөнхий сайд П.Жасрай энэ Түншлэлийн гэрээний талаар Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо "Ч.Пүрэвдорж 1993 оны эхээр АНУ явахынхаа өмнө Монголд гадаадын компаниудын хөрөнгө оруулахад зучлах компани, пүүс, хүн эрж сурвалжилж байгаа тухайгаа ярьсан. Бололцоо олдвол тэр хүнтэйгээ уулзаж магадгүй гэж хэлж байсан. Би хоёр зүйлд анхаарахыг сануулж байсан. Нэгд зуучлагч, санаачилга гаргаж байгаа хүнээ сайн судлах, хоёрт урьд өмнө манайхыг санаачилга гаргаагүйд итгэж, алдаж байсан тохиолдол байсныг анхаарах, ингэхдээ ерөнхий зүйл ярих хэрэггүй.
Зөвхөн тодорхой төсөл хэрэгжүүлэхэд зуучлуулахыг ярихыг бодоорой гэж зөвлөсөн юм. Пүрэвдорж гэрээ байгуулах гэж ердөө яриагүй. Тэнд очоод л шууд англи дээр зурсан байдаг юм. Энэ үйлдлийг яриа хэлэлцээ хийх, бичиг, баримт боловсруулах горим журмыг зөрчсөн алдаа гэж үзэж байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Засгийн газраас танилцуулга шаардсан. Тэгэхэд манайд ямар ч материал байгаагүй тул Пүрэвдоржоос материал авч өгсөн. Энэ асуудлыг Засгийн газарт огт яриагүй байсан учир танилцуулгын тухай яриа байгаагүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бэлтгэл дутуу хэлэлцсэн тал байгаа юм. Энэ бол Монгол Улсын олон улсын гэрээ биш юм.
Засгийн газар шийдвэрлэх аливаа асуудлыг асуудал боловсруулах журмын дагуу хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэдэг. Харин гаргасан шийдвэрийн тогтоол, захирамжийн хэлбэрээр илэрхийлдэг. Олонхийн саналаар шийдсэн асуудлын биелэлтийг Засгийн газрын тодорхой гишүүн биечлэн хариуцна. Гаргасан шийдвэрийнхээ талаар Засгийн газар хамтын хариуцлага хүлээнэ. Засгийн газрын тодорхой гишүүд өөрийн үйл ажиллагааны хүрээнд судлах, боловсруулах асуудлыг бие даан хариуцаж шаардлага хангагдлаа гэж үзсэн үедээ Засгийн газарт оруулна. Энэ шат хүртэлх Засгийн газрын тодорхой гишүүд бие даан ажиллах үедээ алдах, онохын алин ч байсан Засгийн газрын болон Ерөнхий сайдын хариуцлагын асуудал биш юм" гэжээ.
Шадар сайд Пүрэвдорж Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Ийм бичиг баримт боловсруулж гэрээ байгуулахдаа шилжилтийн үед дан ганц Засгийн газруудын шугамаар орж ирж байсан. Зээл тусламж хүрэлцээтэй бус байсныг харгалзсан юм. Улс орноо эдийн засгийн хүнд байдлаас гаргах бололцоотой бүх арга замыг эрэлхийлж байсантай холбоотой юм. Түншлэлийн гэрээг байгуулахыг НҮБ-ын төслийн зөвлөх Аагс Холм гэдэг АНУ-ын иргэн зөвлөсөн.
1993 оны 4 дүгээр сарын 5-нд АНУ-д суугаа элчин сайдын яамнаас явуулсан судалгаагаар Айбекс групп нь Нью-Жерси хотын Форт Лес гудамжны 07024 гэсэн хаягтай 2016803838 дугаартай утастай ерөнхий худалдаа эрхэлдэг хувийн компани бөгөөд бүртгэлийн дугаар нь "DUNS" 60-2128890. Ерөнхий захирал нь Ахмед Хоссейн 1991 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа хүн юм.
Миний бие энэ бичиг баримтыг хэлцэл, протоколыг урьдчилсан бичиг баримт гэж ойлгож байсан. Тодорхой төсөл хэрэгжүүлэх бэлтгэл шатанд нөгөө талын хэн болохыг таних боломж бүрдэнэ гэж найдаж байсан энэ бичиг баримтыг төсөл, урьдчилсан бичиг баримт гэж ойлгож байсан учраас тийм ач холбогдол өгч гарын үсгээ зурсан.
"Түншлэлийн гэрээ" гэгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжийн заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр хүчингүй болгосон юм. Энэ баримт бичиг төсөл учир Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болохгүй юм" гэжээ.
Үндсэн хуулийн Цэц Түншлэлийн гэрээ нь хэлбэр, агуулгын хувьд Монгол Улсын олон улсын гэрээ мөн эсэхийг тодруулах зорилгоор Олон улсын монгол судлалын холбооны нарийн бичгийн дарга нарын зөвлөх, хууль зүйн ухааны дэд доктор Л.Хашбат, Олон улсын эрх зүйн мэргэжилтэн М.Дүгэрсүрэн, Гадаад харилцааны яамны гэрээ, эрх түүх архивын хэлтсийн ажилтан Б.Жамбалдорж нарын бүрэлдэхүүнтэй мэргэжлийн шинжээчийн хэсгийг томилон ажиллуулж дүгнэлт гаргуулсан юм.
Шинжээч нар олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Монгол Улсын хууль тогтоомж, бусад нотлох баримтыг шинжилж судлах замаар түншлэлийн гэрээ нь Монгол Улсын олон улсын гэрээ биш гэж үзэх үндэстэй гэсэн дүгнэлтийг санал нэгтэй гаргаж Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Сугар Цэцийн хуралдаан дээр "Энэ гэрээний нэг субъект "Айбекс" гэдэг хувийн компани байгаа юм. Олон улсын гэрээний субъект бол улсууд, олон улсын байгууллага байдаг. Энэ утгаар Түншлэлийн гэрээ Цэцээр хянагдах Монгол Улсын олон улсын гэрээ биш юм. Энэ гэрээний талаар Монгол Улс, засгийн газар ямар нэг хариуцлага хүлээхгүй. Энэ гэрээ нь олон улсын гэрээ биш учир П.Жасрайг үүнтэй холбогдуулан огцруулах үндэслэл байхгүй юм" гэжээ.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Пүрэвдорж Цэцийн хуралдаан дээр "Би энэ бичиг баримтыг боловсруулж Айбекс групптэй гэрээ байгуулахдаа шилжилтийн үед дан ганц Засгийн газруудын шугамаар орж ирж байсан зээл тусламж хүрэлцээтэй бус байсан, мөн улс орноо эдийн засгийн хүнд байдлаас гаргах бололцоотой бүх арга замыг эрэлхийлэх бодит шаардлагыг үндэслэсэн юм. Энэ бичиг баримтыг урьдчилсан бичиг баримт гэж ойлгож, тодорхой төсөл хэрэгжүүлэх бэлтгэл шатанд нөгөө талын хэн болохыг таних боломж бий болно гэдэгт найдаж, ойлгож байсан учраас тийм ач холбогдол өгч гарын үсгээ зурсан. "Түншлэлийн гэрээ" гэгчийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн заалтыг хэрэгжүүлэх үндсэн дээр цуцалсан юм. Энэ бол гэрээ бус төсөл учир Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах шалтгаан болохгүй" гэжээ.
Өргөдөл гаргагч иргэн Д.Ламжав, С.Зориг, А.Ганбаатар нар Цэцийн хуралдаан дээр бичгээр 12 хуудас бүхий нэмэлт тайлбар, судлагдах материалын жагсаалт гаргаж өгсөн.
Д.Ламжав, С.Зориг нар Цэцийн хуралдаан дээр "Маргааны объект бол Монгол Улс болон Монголын Засгийн газрыг төлөөлөн шадар сайд Ч.Пүрэвдорж, Айбекс группийг төлөөлөн Ахмед Хоссейн нар хүлээн зөвшөөрч 1993 оны 4 дүгээр сарын 17-нд гарын үсэг зурсан Түншлэлийн гэрээ бөгөөд энэ баримт бичиг болон түүнтэй холбогдсон асуудлуудад Ерөнхий сайд П.Жасрай Үндсэн хуулиар оногдсон үүргээ хөсөрдүүлж хөндсөөр ирсэн баримт нь түүнийг огцруулах үндэслэл болж байна хэмээн бид үзэж байгаа юм.
Анхнаасаа зөвхөн англи хэл дээр үйлдсэн энэхүү баримт бичгийг бид Түншлэлийн гэрээ гэж нэрлэж байгаа бөгөөд энэ нь чухам юу гэсэн нэртэй байх, хүчин төгөлдөр эсэх, олон улсын гэрээ мөн эсэх зэргээс бидний өргөдөл дэх нэхэмжлэл хамаарахгүй юм шүү, өөрөөр хэлбэл аль ч тохиолдолд Үндсэн хуулийн дурьдсан заалтууд ёсоор бидний нэхэмжлэлийг Цэц хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байгаа юм.
Энэ түншлэлийн гэрээ нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн бөгөөд энэхүү зөрчсөн байдал нь түүнийг хэрэгжүүлэхэд Монгол Улс оролцох боломжгүй байгаа нь ноцтой юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжид Түншлэлийн гэрээг гэрээ мөн гэж үзсэн.
Улсын Их Хурлын 64 дүгээр тогтоолын 2 дахь заалт бол Айбекс групптэй байгуулсан гэрээнүүдэд байтугай Жасрайн Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд байгуулагдсан Засгийн газарт хамаарах аливаа гэрээ, хэлэлцээрт хамаарахгүй болох нь Засгийн газрын танилцуулга, байнгын хорооны дүгнэлт, Улсын Их Хурлын хуралдааны тэмдэглэлээс тодорхой байна. Ийнхүү 64 дүгээр тогтоол нь хэлэлцсэн асуудлынхаа талаар мөн чанартаа юу хэлээгүй, ингэснээр Улсын Их Хурал, Засгийн газрын хариуцлагагүй байдалтай эвлэрсэн юм.
Өргөдөлд бичсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчсөн Түншлэлийн гэрээнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гарын үсэг зурагдсан болон энэхүү хууль зөрчсөн үйл ажиллагааг хууль бус аргаар хамгаалж, ийм төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа Ерөнхий сайд П.Жасрай нь энэ бүх үйлдлээрээ Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг, 41 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Ерөнхий сайд засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна, 2 дахь хэсгийн Засгийн газар үйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана гэсэн заалтуудыг тус тус ноцтой зөрчсөн тул Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасны дагуу Ерөнхий сайд П.Жасрайг огцруулах үндэслэл хангалттай байна" гэсэн нэмэлт тайлбар гаргажээ.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс шадар сайд Ч.Пүрэвдорж АНУ-ын Айбекс групптэй байгуулсан түншлэлийн гэрээнд "Энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 99 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Айбекст хамаарах төслүүдэд олгосон болон энэ гэрээнд тусгасан бүх нөхцөл, эрх, ашгийг Монгол Улс, Монголын Засгийн газар батлан хангаж, гэрээний хугацаанд тэдгээрийг Засгийн газрын тухайн үеийн болон цаашдын үйл ажиллагаагаар түүнчлэн аливаа хууль тогтоомжоор өөрчилж, засаж буцаахгүй, Монголын хувьд хуулийн хүчин төгөлдөр дагаж мөрдөх үүрэг гэсэн Монголын хууль тогтоомжид нийцэхгүй заалт орсон, түүнчлэн гэрээ байгуулагч гадаадын хөрөнгө оруулж улс орны тухайн үеийн хүндрэлтэй байдлыг богино хугацаанд гэтлэх гэсэн эрмэлзэлдээ хөтлөгдөн гэрээг хэт яарч газар дээр нь шууд байгуулсан, уг гэрээг хуульд нийцүүлэх талаарх асуудлыг нарийвчлан авч үзээгүй, ийм гэрээ байгуулсан тухайгаа Засгийн газар, холбогдох байгууллагуудад шуурхай мэдээлээгүй зэрэг нь гадаадын компани, корпорацийг Монгол Улсын эдийн засгийн стратегийн ач холбогдолтой салбарт дангаараа удаан хугацаагаар ноёрхох, Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчиж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулахад хүргэж болзошгүй үйл ажиллагаа байжээ.
Олон улсын гэрээний эрх зүйн тухай 1969 оны Венийн конвенцид /Монгол Улс 1988 онд нэгдэн орсон/ зааснаар олон улсын гэрээ гэж "нэг буюу хоёр, эсхүл өөр хоорондоо холбоотой хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа бөгөөд түүний тодорхой нэрээс хамаарахгүйгээр улсуудын хооронд бичгээр байгуулсан, олон улсын эрх зүйгээр зохицуулагдаж байгаа олон улсын хэлэлцээрийг хэлнэ". Мөн түүнчлэн БНМАУ-ын Олон улсын гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах журмын тухай 1985 оны хуулийн 2 дугаар зүйлд "БНМАУ-ын Олон улсын гэрээг гадаад улс, олон улсын байгууллагатай БНМАУ, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Засгийн газар, Яам, улсын хороо, тусгай газрын нэрийн өмнөөс тус тус байгуулна" гэж ямар субъектуудын хооронд байгуулагдах ёстойг заажээ.
Монгол Улсын олон улсын гэрээний тухай 1993 оны шинэ хуульд дээрх тодорхойлолтын үндсийг хадгалж, агуулгыг шинэ Үндсэн хуульд нийцүүлж "Олон улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ" гэж тодорхойлсон байна.
Дээр дурьдсан олон улсын эрх зүйн тулгуур баримт бичиг, Монгол Улсын хууль тогтоомжийн заалтаас үзэхэд Айбекс групптэй байгуулсан Түншлэлийн гэрээг Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-д заасан Үндсэн хуулийн Цэцээр авч хэлэлцвэл зохих Монгол Улсын олон улсын гэрээ гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ нь шинжээч нарын дүгнэлтээр давхар нотлогдож байна.
Түншлэлийн гэрээг байгуулах болон түүнээс хойшхи үйл ажиллагаанд Ерөнхий сайд П.Жасрай шууд оролцож байсан нь нотлогдохгүй байгаа тул П.Жасрайг Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах талаар маргагч талын тавьж буй гомдлын шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
ДҮГНЭЛТ:
1.АНУ дахь Айбекс групптэй байгуулсан Түншлэлийн гэрээ нь Монгол Улсын олон улсын гэрээ биш болох нь тэр үед болон одоо үйлчилж байгаа хууль тогтоомж, шинжээч нарын дүгнэлт, маргалдагч талуудын хүлээн зөвшөөрсөн байдал болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа тул уг гэрээ нь Үндсэн хуулийн Цэцэд харъяалагдах маргаан биш байна. Иймд иргэн Д.Ламжав, С.Зориг, А.Ганбаатар нарын өргөдөлдөө бичсэн "Түншлэлийн гэрээ" Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудыг зөрчсөн эсэх гэсэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Айбекс групптэй байгуулсан Түншлэлийн гэрээтэй холбогдох Ерөнхий сайд П.Жасрайгийн үйл ажиллагаа Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх нь нотлогдохгүй байгаа тул П.Жасрайг энэ шалтгаанаар Ерөнхий сайдын албан тушаалаас огцруулах үндэслэл болохгүй байна.
3.Энэ дүгнэлтийг Монгол Улсын Их Хуралд оруулсугай.
ДАРГА Г.СОВД
ГИШҮҮД Ц.ЦОЛМОН
Н.ЖАНЦАН
С.ЖАНЦАН
Д.ЧИЛХААЖАВ