Хэвлэх DOC Татаж авах
Бор-Өндөр сум байгуулах тухай

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ
2012 оны 02 сарын 09 өдөр                                                                                     Дугаар 15                                                                                 Төрийн ордон, Улаанбаатар хот

                          Бор-Өндөр сум байгуулах тухай

            Монгол Улсын  Үндсэн хуулийн Тавин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэг, Хэнтий аймгийн Бор-Өндөр хотын иргэд, Дархан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Монгол Улсын Засгийн газрын саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:  

            1.Хэнтий аймгийн Дархан сумаас тус сумын 5 дугаар баг бөгөөд Бор-Өндөр хотыг тусгаарлаж, шинээр Бор-Өндөр сум байгуулж, төвийг нь Бор-Өндөрт байхаар тогтоосугай.

2.“Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын хилийн цэс”-ийг 1 дүгээр хавсралтаар, “Хэнтий аймгийн Дархан сумын хилийн цэс”-ийг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

            3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Зарим хот, хороодыг сумдад нэгтгэх тухай”  Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 36 дугаар тогтоолын 1 дэх заалтын  17 дахь дэд заалтыг  хүчингүй болсонд  тооцсугай.     

            4.“Нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн батлах тухай” БНМАУ-ын Ардын Их Хурлын  Тэргүүлэгчдийн 1977 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн  75 дугаар зарлигийн сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг  баталсан 2 дугаар хавсралтад өөрчлөлт оруулах асуудлыг судалж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай.

           


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      Д.ДЭМБЭРЭЛ