Хэвлэх DOC Татаж авах
ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

ГААЛИЙН БОЛОН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг импортоор оруулахад гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас, дотоодод шинээр үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний борлуулалтын орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газар батална.

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хөнгөлөлтийг тухайн үйлдвэрлэл явуулах Инновацийн тухай хуульд заасан гарааны компани улсын бүртгэлд бүртгүүлснээс хойш гурван жилийн хугацаанд эдэлнэ.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ДЭМБЭРЭЛ