Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 26 ДУГААР ЗҮЙЛИЙН 26.3.6 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГА

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 26 ДУГААР ЗҮЙЛИЙН 26.3.6 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2010 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн
хуралдааны танхим 15.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Очирбат, мэдээлэл гаргагч иргэн Б.Лхагважав нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“...Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь хэсэгт зааснаар “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу нам, эвслийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалт “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Арван зургадугаар зүйлийн 10/ дахь заалт “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” тухай Үндсэн хуулийн хэм хэмжээг тус тус зөрчсөн байна” гээд,
“Нам, эвсэл нь сонгуулийн зардлын тайланг гаргаж өгөөгүй, эсвэл хоцруулсан алдаатай үйлдлийнхээ төлөө Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсгийн заалтын дагуу 800000-1000000 хүртэл төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээж байгаа. Гэтэл энэхүү нэг удаагийн алдаатай үйлдлийнхээ төлөө дахин сонгуульд оролцох эрхээ хасуулна гэдэг нь хууль зүйн шинжлэх ухааны нэг алдаанд нэг шийтгэл оногдуулах зарчмыг алдагдуулж байна. Аль нэг намын хариуцлагагүй ажилтны алдаанаас болж бусад гишүүд болон ирээдүйн гишүүд, дэмжигчдийн ардчиллын үнэт зүйлс болсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь утгагүй юм.
Иймд Монгол Улсын иргэний эрхэд халдсан, Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Иргэн Б.Лхагважав Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох эрхтэй” гэснийг зөрчиж байна.
Улс төрийн намын энэ чухал эрх нь Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт заасны дагуу л алга болно. Эндээс үүдээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь намын дотоод асуудалд шүүхийн ч оролцдоггүй үйл ажиллагаанд оролцсон, мөн Улсын Дээд шүүхийн бүрэн эрх буюу Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, 3.6 дахь хэсгийн заалтуудаар хангагдах намд эвлэлдэн нэгдэх Монгол Улсын иргэний эрхэд халдаж байгаа нь Үндсэн хуулийн цэцэд өмнө гаргасан мэдээлэлтэй утга адил юм” гэжээ.
Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн тайлбартаа:
“Нэг. “Нам, эвсэл нь сонгуулийн зардлын тайланг гаргаж өгөөгүй, эсвэл хоцруулсан алдаатай үйлдлийнхээ төлөө Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт заасны дагуу 800000-1000000 төгрөгөөр торгуулах шийтгэл эдэлж байгаа. Гэтэл энэхүү нэг удаагийн алдаатай үйлдлийн төлөө дахин сонгуульд оролцох эрхээ хасуулна гэдэг нь хууль зүйн ухааны нэг алдаанд нэг шийтгэл ногдуулдаг зарчмыг алдагдуулж байна. Аль нэг намын хариуцлагагүй ажилтны алдаанаас болж бусад гишүүд болон ирээдүйн гишүүд, дэмжигч нарын ардчиллын үнэт зүйл болох сонгох, сонгогдох эрх нь хязгаарлагдах нь” гэсэн талаар:
Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлд нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл гэж заасан бөгөөд нам нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх, үйл ажиллагаагаа ил тод явуулах зарчмыг баримтлахаар заасан байдаг.
Сонгуулийн санхүүжилтийн үйл ажиллагааны бүх явц, үр дүнгийн нэг гол үндэслэл, хэлбэр нь сонгуулийн санхүүгийн тайлан юм. Энэ нь угтаа сонгуулийн хуулийн биелэлтийн мөнгөн илэрхийлэл, хяналтын гол хэлбэр болно.
Ийм ч учраас сонгуульд оролцсон нам, эвсэл нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж өгөөгүй тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д заасны дагуу 800000-1000000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба харин мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6-д заасан Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвслийг бүртгэхээс татгалзах зохицуулалт нь уг зөрчилд давхар оногдуулж буй шийтгэл бус харин дараагийн нөхөн сонгууль болон ээлжит сонгууль явагдахад өмнөх сонгуулийн дараа гарч байсан холбогдох зөрчил арилаагүй, үргэлжилсээр байх тохиолдолд, өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулийн зардлын тайланг гаргаж өгөөгүй хэвээр байгаа тохиолдолд авч буй хариуцлагын арга хэмжээ юм.
Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “...төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, мөн зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Аль нэг нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчсөн гэсэн талаар:
Хүний сонгох, сонгогдох эрхийг хангах, уг эрх хэрэгжих нэг үндэс нь сонгогчид бүхэлдээ сонгуулийн талаар мэдээллээр хангагдах явдал юм.
Сонгуулийн шударга, ил тод байх, хууль дээдлэх зарчмыг хангах үндсэн зарчмын нэг болсон санхүүжилтийн ил тод байдлыг зөрчиж, хуульд заасан үүргээ дараагийн сонгууль зарлах хүртэл хугацаанд биелүүлээгүй улс төрийн намыг сонгуульд бүртгэхээс татгалзах талаар зохицуулсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалт нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа бус, харин ч иргэд шударга, чөлөөт сонгуулийн үндсэн дээр сонгуулийн эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн баталгаа болж байна гэж үзэж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу “...нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх...”, “...үйл ажиллагаагаа ил тод явуулах...” зарчмыг хэрэгжүүлэх нь улс төрийн намын үүрэг байдаг.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар өмнөх сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөх үүргийг сонгуульд оролцсон улс төрийн намуудад бүгдэд нь нэгэн адил хүлээлгэдэг бөгөөд харин хуулийн шаардлагыг дараагийн сонгууль хүртэлх хугацаанд биелүүлээгүй зөрчил гаргасан улс төрийн намыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэхээс татгалздаг зохицуулалт нь тухайн хууль зөрчсөн улс төрийн намд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа асуудал бөгөөд үүнийг тухайн намын гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхсан, хэлмэгдүүлсэн, аль нэг намд давуу эрх олгосон зохицуулалт гэх хууль зүйн үндэслэлгүй болно.
Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэсэн талаар:
Сонгуульд оролцогч улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийн дансанд оруулсан хөрөнгийг хуульд заасан зориулалт, хязгаарлалтын хүрээнд ашиглах, сонгуулийн санхүүжилт, зардлыг нээлттэй ил тод байлгах асуудал нь сонгуулийн тэгш, шударга байдлыг хангах, иргэний улс төрийн эрхийг баталгаатай хангах үндэс болно. Сонгогч нь сонгуульд нэр дэвшигч, сонгогдогчийн үйл ажиллагааны талаар аливаа мэдээлэл, түүний дотор сонгуулийн санхүүжилт, хандивтай холбоотой мэдээлэл авах эрхтэй. Энэ нь сонгуулиар далимдуулан хууль бусаар мөнгө хуримтлуулах, төсвийн хөрөнгийг ашиглах зэрэг санхүүгийн булхайг таслан зогсооход тун чухал.
Иймд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалт нь сонгуулийг нээлттэй ил тод, шударга, үр дүн нь бодитой байх, улмаар иргэдийн сонгуулийн эрхийг хангах хууль зүйн нэг гол баталгаа болсон гэж үзэж байна” гэжээ.
Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд 04 дүгээр дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн тогтоох хэсэгт:
“1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нам, эвслийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг заасан 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн байна.
2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн хэсгийн үйлчлэлийг 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэжээ.
Тав. Монгол Улсын Их Хурал 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 86 дугаар тогтоолдоо:
“...1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “Аль нэгэн нам, ... гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ.
Зургаа. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Очирбат нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:
“2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 6 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаар тогтоол гаргасантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар дахин хянан шийдвэрлүүлэхээр байна.
...1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын "...Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй" гэснийг зөрчсөн гэсэн талаар:
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно" гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Монгол улсын иргэн нь "сонгогдох" эрхээ дараахь 2 арга замаар хэрэгжүүлж болох боломжийг тусгасан. Үүнд:
1.Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам буюу намуудын сонгуулийн эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй.
2. Монгол Улсын сонгогдох эрх бүхий иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй.
Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын сонгуульд сонгогдох эрхээ улс төрийн намаар дамжуулж биш шууд бие даах замаар эдэлж байгаа бол сонгуулийн эрх зүйн харилцаанд оролцогч-бие даан нэр дэвшигч болон сонгуулийн байгууллагын хооронд шууд харилцаа үүсдэг.
Харин Монгол Улсын иргэн сонгогдох эрхээ улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлж байгаа бол намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн, намын Их Хурал, эсхүл түүнээс сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн нам сонгуулийн эрх зүйн харилцаанд оролцохдоо бие даасан субьект болж оролцдог бөгөөд улс төрийн намаар дамжуулан сонгогдох эрхээ хэрэгжүүлж буй нэр дэвшигчийн хувьд тухайн этгээд болон сонгуулийн байгууллагын хооронд шууд харилцаа үүсдэггүй, улс төрийн намаар дамжуулан сонгуулийн эрх зүйн харилцаанд оролцож байдаг, улс төрийн нам нь тухай иргэний болон сонгуулийн байгууллагын хооронд харилцах "гүүр" болж, гишүүнийхээ сонгогдох эрхийг хангах талаар тодорхой хууль зүйн үүрэг хүлээдэг.
Иргэний сонгогдох эрх нь тухайн сонгуулийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг харгалзсан, хууль ёсны болзлыг хангасан байхыг шаарддаг бөгөөд уг хууль ёсны болзол шаардлагыг хангах талаар тухайн иргэнийг нэр дэвшүүлэх гэж буй улс төрийн нам мөн адил хууль зүйн үүрэг хүлээдэг.
Улс төрийн нам уг хууль зүйн үүргээ биелүүлээгүйгээс болж сонгуульд тухайн намаас нэр дэвшиж оролцох эрхээ алдаж буй тухайн намын гишүүн - иргэний хувьд сонгогдох эрхээ өөр байдлаар хэрэгжүүлэх эрх нь нээлттэй хэвээр байна.
2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно..." гэснийг зөрчсөн гэсэн талаар:
Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж заасан бөгөөд нам нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх, үйл ажиллагаагаа ил тод явуулах зарчмыг баримтлахаар заасан байдаг.
Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10/ дахь хэсэгт "Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ" гэж заасан байна.
Улс төрийн нам бол тодорхой нарийн бүтэц зохион байгуулалттай, хууль зүйн үүрэг хүлээж, эрх эдэлж буй хуулийн этгээд болохын хувьд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдохын тулд хуульд заасан шаардлагыг биелүүлэх, зөрчлөө арилгах чадвартай байх нь зүй ёсны хэрэг бөгөөд Улс төрийн намын тухай хуульд намын санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй нэгжийн талаар тусгайлан зохицуулсан байна. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавихаар заасан бөгөөд намын төв байгууллага нь харьяа байгууллагын санхүүгийн тайлан гаргасны дараа нэгдсэн тайлан гаргахаар тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэхээр хуульд заасан. Нам, эвсэл сонгуульд оролцох тухайгаа санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлэх ба бүртгүүлэхдээ хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэх, бусад шаардлагыг хангасан байх талаар бүртгүүлэхээс өмнө тухайн намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага нь шийдвэрлэх бүрэн боломжтой юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн хандив авахыг хориглосон этгээдийг тодорхой зааж өгсөн бөгөөд энэ заалтад заасан этгээдээс хандив авч зарцуулсан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо авахаар хуульд заасан байна.
Улс төрийн намын сонгуулийн хууль бус санхүүжилт нь санал худалдаж авах, улс төрийн нам, нэр дэвшигчид гадаад, дотоодын хандивлагчдын эрхшээлд орох, өөрөөр хэлбэл улс төрийн намд хандив өгөөд түүнийхээ хариуд хууль бусаар давуу тал олж авах, төрийн эрх мэдэл эх үүсвэрийг сонгуулийн ажилд урвуулан ашиглах зэрэг зүй зохисгүй үйлдэлд хүргэж авилгалын үр дагаврыг бий болгож, улмаар Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нөхцөл байдлын гол шалтгааны нэг болдог байна.
Иймд Сонгуулийн ерөнхий хороонд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй нам эвслийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах эрх олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан "Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ" гэсэн нөхцөл хангагдах, улмаар Үндэсний аюулгүй байдлыг хангах нэг баталгаа болж байна гэж үзэж байна,
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар өмнөх сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөх үүргийг сонгуульд оролцсон улс төрийн намуудад бүгдэд нь нэгэн адил хүлээлгэдэг бөгөөд харин хуулийн шаардлагыг дараагийн сонгууль хүртэлх хугацаанд биелүүлээгүй зөрчил гаргасан улс төрийн намыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэхээс татгалздаг зохицуулалт нь тухайн хууль зөрчсөн улс төрийн намд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа асуудал бөгөөд үүнийг тухайн намын гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхсан, хэлмэгдүүлсэн, аль нэг намд давуу эрх олгосон зохицуулалт гэж үзэхгүй байна.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн нарын Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж байгаагаа мэдэгдье” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах эрхтэй төрийн байгууллага атал түүнд улс төрийн нам, эвслийг өмнөх сонгуулийн зардлын тайланг ирүүлээгүй, хугацаанд нь ирүүлээгүй гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзаж сонгуульд оролцох эрхийг хасах эрх хэмжээг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтаар олгосон нь Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.
2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/, мөн хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:
1. 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэснийг хүчингүй болгосугай.
2. Монгол Улсын Их Хурлын 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн энэхүү тогтоол нь гармагцаа хүчин төгөлдөр болно.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
П.ОЧИРБАТ
Ж.БОЛДБААТАР
Ж.АМАРСАНАА
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ