Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН 27.4.3 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ /Дүгнэ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 27 ДУГААР ЗҮЙЛИЙН 27.4.3 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 5 дугаар сарын 14 Улаанбаатар хот





Дугаар 06 

                                                                                                                                                                                                  Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
                                                                                                                                                                                                                      танхим 12.40 цаг
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан /илтгэгч/, П.Очирбат, Ж.Болдбаатар, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтуулыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 6 дугаар хорооны оршин суугч, иргэн М.Батсуурь, Ч.Өнөрбаяр, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Болд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар оролцов.
Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Нэг. Баянгол дүүргийн иргэн М.Батсуурь, Ч.Өнөрбаяр нараас Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“1. Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа тус хуулийн 27 дугаар зүйлийн 4-т “Нэр дэвшигч нь …дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэсэн ойлголтыг тодорхойлсон. Энэ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрх чөлөө, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 16 дугаар зүйлд ”Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гээд 9 дэх хэсэгт “…төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй” гэснийг зөрчиж байна. Учир нь Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэсэн алдаатай шинэ томъёолол нь Монгол Улсын дээд шүүхээс 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16 тоот тогтоолын 12 дахь заалтад “Ялгүй байх гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан “ялгүйд тооцох”, “ялгүй болох” гэсэн ойлголтуудтай адилтгаж үзэх үндэслэлгүй тул үүнийг өмнө нь огт “ял шийтгүүлж байгаагүй гэнэ” хэмээн буруу тайлбар гарах нөхцлийг бүрдүүлсэн. Энэ нь Монгол Улсын иргэн бүх насаараа ялтай үр дагаварыг бий болгоод зогсохгүй социалист эрүүгийн хуулиар гэмт хэрэг хэмээн үзэж байсан үйлдэл, эс үйлдэхүйг хийж ял шийтгүүлсэн болон эсхүл огт гэмт хэрэг хийгээгүй мөртлөө хилсээр ял шийтгэгдсэний төлөө өнөөдөр Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэнийхээ үндсэн эрх, эрх чөлөөг эдэлж чадахгүйд хүрч байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж байна. Монгол Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн дээрх заалтын дагуу Монгол Улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөгөө саадгүй эдлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой бөгөөд ингэхдээ Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээнд захирагдаж, түүний агуулгаас гажиж болохгүй байдаг. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу төрийн байгууллагад “сонгогдох” эрхийг зөвхөн хуулиар “нас”-ны хязгаарлалт тогтоохоор зохицуулсан байтал Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид “ялгүй байх” гэсэн Үндсэн хуульд заагаагүй шаардлага тавьснаар Үндсэн хуулийн агуулгаас хальж, иргэнийхээ “сонгогдох эрх”-ийг хасч, тэдний эрх зүйн байдлыг дордуулсан байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 9, 19 дүгээр зүйлийн 1-ийг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хоёр: Хан-Уул дүүргийн иргэн Б.Болд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн өргөдөлдөө:
“ Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заагдсан Монгол Улсын иргэний үндсэн эрх болох … төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэсэн, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын 25 нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэсэн заалтуудыг зөрчсөн заалтууд орсон байна гэж үзэж байна. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Үндсэн хуулийн үзэл санааг илэрхийлсэн сонгогдох эрхийн тухай үндсэн шаардлагыг бүрэн хэмжээгээр тодорхойлсон атлаа мөн хуулийн 27 дугаар зүйлд Үндсэн хуулийн үзэл санаа, хэм хэмжээг зөрчсөн төдийгүй Монгол Улсын холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хэрэгждэг, тайлбарлагддаг, шаардлагагүй заалт орсон байна.
Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийн 27.4.3-т заасныг холбогдох хууль тогтоомжид зохицуулан илүү тодорхой болгох буюу хасах шаардлагатай гэж үзэж байгаа тул дээрх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.
Гурав. Улсын Их Хурлын даргын 2008 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 55 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр, С.Баярцогт нар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“… Үндсэн хуулиар Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын 25 насанд хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно гэсэн үндсэн шаардлага /болзол/, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигч нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн хууль зүйн тусгай шаардлага тус тус тавигдсан... Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар нэр дэвшигчид тавигдсан “ялгүй байх” гэсэн шаардлагын тухайд, хууль санаачлагч анх хуулийн төсөлдөө нэр дэвшигч “санаатай үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй байх” гэсэн шаардлагыг хангасан байхаар тусгасан байсныг Улсын Их Хурлын чуулганы хэлэлцүүлгийн явцад хууль тогтоогч “ялгүй байх” гэж өөрчилсөн, өөрөөр хэлбэл, уг ойлголтод “огт ял шийтгэгдэж байгаагүй”, түүнчлэн “ял шийтгэгдэж байсан боловч Эрүүгийн хуулийн 78.2-т заасны дагуу ялгүй болсон, мөн хуулийн 78.3-т заасны дагуу ялгүйд тооцогдсон байх” ойлголтуудыг багтаасан.
Гэтэл,
1. Улсын дээд шүүх 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гаргасан тайлбартаа мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэдгийг “..үүнийг өмнө нь огт “ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгон хэрэглэнэ” гэж тайлбарласан;
2. Улсын дээд шүүхээс мөн оны 5 дугаар сарын 6-ны өдөр Улсын Их Хурлын даргад ирүүлсэн албан бичигт “Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшигчид “ялгүй байх” шаардлагыг Улсын дээд шүүх тайлбараараа биш харин Улсын Их Хурал хуулиар тогтоосон тул Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулийн бусад заалтад байхгүй энэ шалгуур хүний сонгогдох эрхийг зөрчсөн байх магадлалтай” гэсэн;
3. Улсын дээд шүүхийн энэхүү тайлбар нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлал, агуулгатай зөрчилдсөн тайлбар болсон гэж хууль тогтоогч үзэж байгаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “…Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж заасан боловч Улсын дээд шүүхийн дээр дурдсан тайлбар хүчин төгөлдөр байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд байгаа “ялгүй байх” гэсэн ойлголтыг эрх зүйн цоо шинэ ойлголт, хэм хэмжээ болгож хууль санаачлагчийн үзэл баримтлалаас өөрөөр хэрэглэх болгож байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27.4.3 дахь заалт нь өргөдөл гаргагчдын өргөдөлдөө дурдсан “нэр дэвшигчдийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхгүй байна” гэжээ.
Дөрөв. “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолд:
“…12. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасан “ялгүй байх” гэдгийг Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан “ялгүйд тооцох”, “ялгүй болох” гэсэн ойлголтуудтай адилтгаж үзэх үндэслэлгүй тул үүнийг өмнө нь огт ”ял шийтгүүлж байгаагүй” гэж ойлгон хэрэглэнэ” гэжээ.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан дээр хэлсэн үгэндээ:
Улсын Их Хурлын чуулганы хуралдааны хэлэлцүүлгийн явцад УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтыг гишүүд ойлгохдоо өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй болон Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ял шийтгэлгүй болох, ял шийтгэлгүйд тооцох хугацаа нь дуусгавар болсон хүнийг хамааруулан ойлгосон. Энэ ойлголтоороо санал хураалгаж, уг хууль батлагдсан. Гэвч Улсын дээд шүүхийн тайлбар “ялгүй байх” гэдгийг “өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй хүнийг ойлгоно” гэж гарсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа нь хууль санаачлагчийн үзэл баримтлалаас өөрөөр тайлбарлагдаж, ойлгогдож байгаа тул хуулийн уг заалт Үндсэн хууль зөрчсөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд буй “Ялгүй байх” гэсэн ойлголт нь уг хуулинд Улсын Дээд шүүхийн хийсэн тайлбар, Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргагчдын тавьсан үндэслэл болон бусад нотолгооноос үзэхэд өмнө нь огт ял шийтгүүлж байгаагүй гэсэн агуулгыг илэрхийлж байна.
2. Хууль тогтоогч Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд нэр дэвшигчид тавих шаардлагад “Ялгүй байх” гэсэн заалтыг оруулснаараа ялгүйд тооцох гэсэн ойлголтоос агуулгын хувьд өөрчлөгдөж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдийн улс төрийн эрх буюу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрхийг ял шийтгүүлсний дараа бүх насаар нь хязгаарлаж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.
Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН
ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэр дэвшигч нь … дараахь шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “… эрх чөлөө, тэгш байдал нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Арван есдүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчөөгүй байна.
3. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн түтгэлзүүлсүгэй.
4. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү дүгнэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор багтаан хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
П.ОЧИРБАТ
Ж.БОЛДБААТАР
Д.МӨНХГЭРЭЛ