Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ДУГААР ЗҮЙЛИЙН 50.7 ДАХЬ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 50 ДУГААР ЗҮЙЛИЙН 50.7 ДАХЬ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2011 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 01

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүдэд П.Очирбат, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Н.Ариунболд, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Загджав нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэж, Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 07 дугаар дүгнэлтийн тухай” 70 дугаар тогтоолын үндэслэлийг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:
“...Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргааныг сонгуулийн дунд шатны байгууллага болох тойргийн хороо эцэслэн шийдвэрлэж байхаар заажээ. Өөрөөр хэлбэл санал хураалтын дүн сонгуулийн хэсгийн болон тойргийн хэмжээнд маргаантай байгаад саналын хуудас дахин тоолуулахтай холбогдон гарсан маргааныг тойргийн хороо эцэслэн шийдвэрлэж байх хэм хэмжээ Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд “тогтоогджээ”.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 19.10-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд л тойргийн хорооны шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо хянан шийдвэрлэдэг ба санал хураалтын дүнгийн талаархи буюу санал дахин тоолохтой холбогдсон маргааныг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д өөрөөр заасан тул энэ төрлийн маргааныг сонгуулийн төв байгууллага авч хэлэлцэхгүй. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 57.5-д сонгуулийн төв байгууллагын хянан шийдвэрлэх маргааныг тусгайлан заасан бөгөөд уг хэсэгт санал дахин тоолохтой холбогдсон маргааныг хянан шийдвэрлэх бүрэн эрх Сонгуулийн ерөнхий хороонд олгогдоогүй байна. ...
... Нэгэнт сонгуулийн санал хураалтын дүн буюу саналын хуудсыг дахин тоолох тухай маргааныг Сонгуулийн төв байгууллага хянан шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй тул тухайн асуудлаар үүссэн маргаан нь Үндсэн хуулийн цэцийн харьяаллын бус. Өөрөөр хэлбэл санал тоолох ажиллагаа нь хууль бус байснаас санал хураалтын дүнгийн талаар маргаан гарч дахин санал тоолох тухай маргаан гарвал уг асуудлыг шийдвэрлэх эрх мэдэл Үндсэн хуулийн цэцэд алга байна. ...
... Харин Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан буюу санал дахин тоолуулахтай холбогдсон хэрэг маргааныг шүүхээс өмнө маргаан урьдчилан шийдвэрлэх энэхүү шатанд эцэслэн шийдвэрлэгдэхээр заасан нь Монгол Улсын иргэний зүгээс улс төрийн эрх, эрх чөлөөгөө зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, улмаар шүүхийн “шүүх” эрх мэдлийг хязгаарласан байна. ...
... Гэвч Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан буюу санал дахин тоолохтой холбогдсон хэрэг маргаан шүүхээс өмнө маргаан урьдчилан шийдвэрлэх шатанд эцэслэн шийдвэрлэгдэхээр Улсын Их Хурлын сонгуулийн тухай 50.7-д туссан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх, сум, сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэнэ... .” гэсэнтэй нийцэхгүй байна. ” гэжээ.
Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Загджав Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.7-д заасан “санал хураалтын дүн” гаргах ажиллагаа нь саналын хуудас тоолох ажиллагаа бөгөөд уг ажиллагааг хэрэгжүүлэх бүрэн эрхийг хуулиар тусгайлан эрх олгосон сонгуулийн байгууллага болох хэсгийн хороонд олгосон бөгөөд өөр ямар ч байгууллагад энэхүү эрхийг олгоогүй байна.
Харин тойргийн хороо хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг хуульд заасан үзүүлэлтээр нэгтгэж, тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг гаргадаг. /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.1 дэх хэсэг/
Сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан шат шатны шүүх, сонгуулийн хороодоор дамжин сунжрах, хугацаа алдах, сонгуулийн дүн гарахгүй удаашрах, үүний улмаас сонгуулийн үр дүн хуульд заасан хугацаанд гарахгүй байх, төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох, цаашлаад төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг эмхлэн байгуулах хугацаа хойшлох, хууль ёсоор саналаа өгсөн мянга мянган сонгогчдын төлөөлөл Улсын Их Хуралд сонгогдохгүй байх, сонгогчдын эрх ашиг хохирох зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс санал хураалтын дүнгийн талаар аливаа маргаан гарвал тухайн тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж байхаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан. Санал хураалтын дүнгийн талаар гарсан маргааныг тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж байгаа нь тогтоосон тодорхой хугацаанд явагддаг сонгуулийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой. ...
... Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн “эцэслэн” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна.
Гурав. 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Н.Ариунболдоос Үндсэн хуулийн цэцэд мэдээллийн нэмэгдүүлсэн шаардлага ирүүлснийг Цэцийн гишүүн бие даасан мэдээлэл хэмээн үзсэн бөгөөд уг мэдээлэлд:
“... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “... эцэслэн ...” гэж заасан байгаа нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар гаргасан мэдээллийн шаардлагыг 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэг бүхэлдээ Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалт зөрчсөн эсэхийг хянуулахаар, шаардлагын зүйлээ хянаж байгаа асуудлын хүрээнд нэмэгдүүлж байна.
...Нөгөө талаас тойргийн хороо гэх байгууллага нь сонгуулийг зохион явуулах зорилгоор төрөөс байгуулагддаг түр ажиллагаатай байгууллага. Цэцийн гишүүний 2010 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 54 дүгээр тогтоолд дурдсанчлан тойргийн хорооны шийдвэрт гомдогч шүүхэд гомдол мэдүүлэх боломжтой байлаа ч тойргийн хороо нь түр ажиллагаатай тул түүнтэй шүүхээр маргалдаж байх үед татан буугдвал, түүнчлэн татан буугдсаных нь дараа эрх нь зөрчигдсөн тухай мэдсэн этгээд нь тойргийн хороонд хамаарах асуудлаар шүүхэд мэдүүлэх, гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болдог байна. ...” гэжээ.
Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Загджав 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“... Тойргийн хороо саналын хуудас тоолдоггүй бөгөөд зөвхөн тухайн тойргийн хороонд харъяалах салбар болон хэсгийн хорооны санал хураасан дүнгийн тухай шийдвэрийг үндэслэн тойргийн хэмжээнд сонгуулийн дүнг нэгтгэх үйл ажиллагаа явуулдаг сонгуулийн байгууллага юм. /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 16.2.10 дахь заалт/.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.1 дэх хэсэгт "Тойргийн хороо нь салбар болон хэсгийн хороодоос ирүүлсэн санал хураалтын дүнг хуульд заасан үзүүлэлтээр нэгтгэж, тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг гаргана." гэж заасан. Тойргийн хороо тухайн тойргийн санал хураалтын эцсийн дүнг гаргаж байж тухайн тойрогт хамгийн олон, гэхдээ сонгогчдын 25, түүнээс дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож, түр үнэмлэх олгоно. /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50.3, 50.5 дахь хэсэг/. Энэ нь тойргийн хорооны бүрэн эрх бөгөөд сонгогдох эрхийн баталгаа болж байдаг онцлогтой.
Сонгуулийн санал хураалтын дүнгийн талаархи маргаан шат шатны шүүх, сонгуулийн хороодоор дамжин сунжрах, хугацаа алдах, сонгуулийн дүн гарахгүй удаашрах, үүний улмаас сонгуулийн үр дүн хуульд заасан хугацаанд гарахгүй байх, төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох, төрийн залгамж чанар алдагдах, цаашлаад төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг эмхлэн байгуулах хугацаа хойшлох, хууль ёсоор саналаа өгсөн мянга мянган сонгогчдын төлөөлөл Улсын Их Хуралд сонгогдохгүй байх, сонгогчдын эрх ашиг хохирох зэрэг сөрөг үр дагаврыг арилгах үүднээс санал хураалтын дүнгийн талаар аливаа маргаан гарвал тухайн тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж байхаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан.
Өргөдөл гаргасан иргэн Н.Ариунболдын мэдээлэлд "тойргийн хороо гэх байгууллага нь сонгуулийг зохион явуулах зорилгоор төрөөс байгууллагддаг түр ажиллагаатай байгууллага. ...тойргийн хороо нь түр ажиллагаатай тул түүнтэй шүүхээр маргалдаж байх үед татан буугдвал...тойргийн хороонд хамаарах асуудлаар шүүхэд мэдүүлэх, гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй болдог байна" гэжээ. Санал хураалтын дүнгийн талаар аливаа маргаан гарвал тухайн тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэж байгаа нь тогтоосон тодорхой хугацаанд явагддаг сонгуулийн үйл ажиллагааны онцлогтой холбоотой бөгөөд санал хураалтын дүн, түүнтэй холбоотой аливаа гомдол, маргааныг тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ гэж хугацаа зааж өгч байгаа нь харин ч түр ажиллагаатай байгууллага тул тодорхой хугацааны дотор гарсан гомдол маргааныг шийдвэрлэж байх үүрэг ногдуулсан байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Энд "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай" Үндсэн хуулийн цэцийн 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар дүгнэлтийн Үндэслэл хэсэгт "Аливаа парламентын сонгууль улс даяар нэгэн зэрэг эхэлж товлосон цагт дуусгавар болдог нийтлэг зүй тогтолтой. Энэ нь сонгуулийг улс даяар нэгэн зэрэг саадгүй явуулах үндэс болдог хэмээн үздэг. Иймд сонгуулийн холбогдолтой аливаа маргааныг сонгууль явуулж дуустал шүүх болон хөндлөнгийн ямар нэгэн өөр байгууллага авч хэлэлцдэггүй журамтай байна." гэж тэмдэглэснийг онцлох нь зүйтэй гэж үзэж байна.” гэсэн байна.
Тав. Иргэн Н.Ариунболдоос Үндсэн хуулийн цэцэд хандаж 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэмэлт тайлбар ирүүлсэн байна. Уг нэмэлт тайлбарт:
“... Монгол Улсад Үндсэн хуулийн дагуу байгуулагдсан хууль ёсны шударга шүүх хараат бусаар ажиллаж байгаа цагт шударга бус сонгуулийн тухай ярих нь илүүц юм. Гэвч Монгол Улсад шүүх эрх мэдлийн бүхэл бүтэн тогтолцоо ажиллаж байгаа боловч сонгуулийн холбогдолтой маргаан нь шударга шүүхийн хяналтын гадна үлджээ. Үүний нотолгоо нь 2008 оны Улсын Их Хурлын сонгуулийн дараа түүнтэй холбоотойгоор олон тооны маргаан үүсч байсан боловч сонгуулийн холбогдолтой нэг ч маргааныг шийдэж чадсангүй эрх мэдэл нь дутлаа.
... Гэтэл санал хураалтын үр дүн, санал тооллогын дүн худлаа, хууль бус тухай мэдээлэл авсан нэр дэвшигч нь түүнчлэн сонгогч нь нотлох баримтыг (саналын хуудас болоод түүнд холбогдох баримт) шалгуулан, улмаар "сонгох, сонгогдох" эрхээ хамгаалуулахаар "дахин санал тоолуулах" тухай гомдлыг шүүхэд мэдүүлэх боломжгүй болж, гаргасан ч шүүх нь хүлээж авахгүй байх хэм хэмжээг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 50.7-д тогтоожээ. Шүүгч нь нэгэнт хуульд захирагдах ёстойгоос хойш "хуулиа" барих нь мэдээж.
Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн тухай мэдээллийг шалгаж, Үндсэн хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.
Зургаа. Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 07 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн тогтоох хэсэгт:
“1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх...” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.
2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” хэмээн шийдвэрлэсэн болно.
Долоо. Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 70 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:
“1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.
2. Энэ тогтоолыг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.” гэсэн байна.
Найм. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Загджав 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
“...Иргэн Н.Ариунболдын Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлтэй холбогдуулан маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч болох миний бие 2010 оны 10 дугаар сарын14-ний өдрийн 10/6984, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10/7851 тоот албан бичгүүдээр тодорхой тайлбарыг хүргүүлсэн билээ. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд гаргах нэмэлт тайлбар байхгүй болно.” гэсэн байна.
ҮНДЭСЛЭЛ:
1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.” гэсний “...эцэслэн...” гэж заасан нь шүүхэд хандах хүний үндсэн эрхийг хязгаарласан байна.
2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “...эцэслэн” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтын “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 07 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэгт “Санал хураалтын дүнгийн талаар маргаан гарвал санал хураалт явуулсан өдрөөс хойш тойргийн хороо 14 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ.” гэсэн заалтын “...эцэслэн...” гэснийг хүчингүй болгосугай.
2. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн тухай Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 70 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.
3. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Ж.АМАРСАНАА
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ