Хэвлэх DOC Татаж авах
АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 184

АВТО ЗАМЫН ЗАСВАР, АРЧЛАЛТЫН АЖЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Орон нутгийн зам, гүүрийг хариуцах байгууллагыг тодорхой болгон, сум, дүүргийн өмчид бүртгэн, бүртгэлд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

2. Авто замын засвар, арчлалтыг хариуцаж байгаа төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа, өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулах арга замын талаар санал, дүгнэлт гарган холбогдох шийдвэрийн төсөл боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулан шийдвэрлүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Д.Цогтбаатар)-нд үүрэг болгосугай.

3. 2014 онд хийгдэх авто замын ээлжит болон их засварын ажлаас нэн яаралтай засварлах шаардлагатай Улаанбаатар-Дархан, Лүн-Эрдэнэсант-Арвайхээр, Улаанбаатар-Зуунмод чиглэлийн авто замын ээлжит засварын ажилд шаардагдах 17.6 (арван долоон тэрбум зургаан зуун сая) тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжүүлж, 2015 оны улсын төсөвт тусган Хөгжлийн банкинд олгохыг Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Зам, тээврийн сайд А.Гансүх нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд                                                           А.ГАНСҮХ

Сангийн сайд                                                                     Ч.УЛААН