Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУД ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЭСЭХИЙГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ 
 

1993 оны 12 дугаар сарын  22-ны өдөр                                                                            Дугаар 04                                                                               Улаанбаатар хот                                                                          

              

    

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн энэхүү дүгнэлтийг 1993 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагт зөвлөлдөх тасалгаанд /Төрийн ордны 251 дүгээр өрөө/ үйлдэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан /илтгэгч/, Ц.Цолмон, Ж.Бямбаа нарын бүрэлдэхүүнтэй, Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийв. Цэцийн хуралдаанаас аман магадлал гаргасан иргэн Баасанжавын гомдлыг өнөөдрийн хуралдаанаар хамтатган шийдвэрлэхээр тогтов.
Хуралдаанд гомдол гаргагч иргэн В.Сэргэлэн, Н.Баасанжав, Сэргэлэнгийн өмгөөлөгч А.Энхбат, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан, Ц.Товуусүрэн нар оролцов.
Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны иргэн Өлзийхутаг овогтой Сэргэлэн Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "1992 оны Улсын Их Хурлын сонгууль нь чөлөөт ардчилсан сонгууль болж чадсангүй. Үүний учир шалтгааныг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг баталж гаргах болон уг хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан алдаа дутагдалтай холбон үзэх ёстой. Тус улс нэгдэн орсон "Иргэний ба улс төрийн эрхийн пактын "25 дугаар зүйл "Хүний эрхийн түгээмэл тунхаглалын" 21 дүгээр зүйлд бүх нийтэд сонгуулийн тэгш эрх эдлүүлэх, чөлөөтэй, шууд сонгох үндсэн зарчмуудыг заажээ. Гэтэл одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуульд сонгуулийн тэгш эрхийн зарчим тусгагдаагүй орхигдсон юм.
Сонгуулийн хуульд тэгш эрхийн зарчмыг тусгаж өгөөгүйгээс түүнтэй холбогдсон олон харилцаа зохицуулалтгүй үлдэв. Хуульд хэдэн тойрог байх, нэг тойрогт хэдэн мандат ноогдох зэргийг тусгалгүй "Сонгуулийг олон мандаттай тойргоор зохион байгуулна. 8 дугаар зүйл", "Сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, төв, ногдох мандатын тоог Улсын Их Хурал тогтооно. Мөн зүйлийн II хэсэг" гэх мэтээр тодорхой бус заалтуудыг оруулснаар хууль хэрэгжүүлэхэд алдаа гарах нөхцөлийг бүрдүүлсэн... Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулахдаа Улсын Их Хурлын 76 гишүүний мандатыг олон тойрог бүхий мажоритари системийн үндсэн дээр хуваарилан 38 тойрог, тойрог бүрт 2 мандат эсвэл 19 тойрог, тойрог бүрт 4 мандаттай байхаар зохион байгуулж болох байсан. Гэтэл Улсын Бага Хурал сонгуулийн тойргийг зохион байгуулахдаа ердөө л засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн дагуу 26 тойргоор зохион байгуулж, 8 тойрогт 2 мандат, 12 тойрогт нь 3 мандат, 6 тойрогт нь 4 мандат хуваарилсан нь сонгогчдыг оршин суугаа газар нутгаар нь ялгаварлан үзсэн мэт болсон юм. Жишээ нь Дорноговь аймгийн сонгогч хоёр мандатын төлөө саналаа өгөхөд Улаанбаатар хотын Октябрь дүүргийн сонгогч 4 мандатын төлөө саналаа өгч Дорноговийнхоос нэг дахин илүү эрх эдэлснийг Үндсэн хуулийг үнэхээр зөрчсөн гэхээс өөр юу гэх вэ?
Энэ хуулийн хоёр дахь томоохон зөрчил бол олон мандат бүхий мажоритари системийг сонгон авсан атлаа энэ системийнхээ онцлогийг тусгасан тусгай зарчмуудыг хэрэглээгүй, нэг мандаттай тойрог бүхий мажоритари системийн зарчмыг хольж хутгасан явдал юм. Сонгуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "саналын хуудсанд нэр дэвшигчдийн овог, нэрийг нам, эвслээр бүлэглэн нам, эвслээс ирүүлсэн дарааллаар бичиж хэвлэнэ" гэж олон мандаттай мажоритари системийн нэр дэвшүүлэх зарчмыг тусгасан атлаа 35 дугаар зүйлийн 2-т "сонгогч саналын хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн бөгөөд мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчдийн овог нэрийн өмнөх дэс дугаарыг дугуйлан тэмдэглэнэ" гэж нэг мандаттай мажоритари системийн санал хураах зарчмыг хэрэглэж онол арга зүйн бүдүүлэг алдаа гаргасан юм.
Улсын Их Хурлын сонгуулийн хуульд олон мандаттай тойрогт нэг мандаттай тойрог бүхий мажоритари системийн сонгуулийн үр дүнг тодорхойлох зарчмыг /хуулийн 38 дугаар зүйлийн 3/ хэрэглэснээр сонгуулийн үр дүнг алдаатай, буруу болгож будлиантуулах шалтгаан болсон бөгөөд нэг тойргоос хэдэн ч намын нэр дэвшигч гарах, мөн өөр хоорондоо адилгүй янз бүрийн санал авсан хүмүүс гарч болох, тэр ч байтугай нөгөө намын нэр дэвшигчээс харьцангуй бага санал бүрдсэнийг 1992 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дагавар харууллаа. 1992 оны Их Хурлын сонгуулийн үр дүнг мажоритари системийн аргаар дүгнэн тооцох ямар ч боломж, хууль зүйн үндэслэл байхгүй юм. Сонгуулийн эцсийн үр дүн нь парламентын нийт суудлын тоогоор 71-ийг МАХН, 5-ыг бусад нам, сонгогчдын нийт саналын 56.9 хувийг МАХН, 43.1 хувийг бусад нам, эвсэл гэсэн хоёрдмол утгатай дүн гарч байна. 71:5 гэсэн эхний дүнг Сонгуулийн ерөнхий хороо Улсын Бага Хуралд өргөн мэдүүлж Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг олгосон Улсын Бага Хурлын тогтоол гаргасан нь Үндсэн хууль зөрчсөн, хууль бус ажиллагаа болохыг нэгэнт тайлбарласан билээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг тус тус зөрчсөн Улсын Бага Хурлын тогтоол, Их Хурлын сонгуулийн хуулийн 33 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтуудыг Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц магадлан үзэж, хүчингүй болгоно уу? Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуульдаа захирагдан түүнийг чандлан сахиулах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
В.Сэргэлэн өргөдөлдөө нэмэлт болгон гаргасан тайлбартаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөнийг дурьджээ.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 7 дугаар хорооны иргэн Нигур овогтой Баасанжаваас Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "1. 1992 оны сонгуулийн хуульд сонгогчийн тоог мандатад тэгш хуваарилах коммунист аргыг хэрэглэснээс төлөөлөлтийн зарчим алдагдав.
Төлөөлөлтийн шалгуур нь депутатын мөрийн хөтөлбөр бөгөөд түүний биелэлтийн шалгуурыг хуульд тусгасангүй.
Сонгогчид санал гаргах явдал шахалтаар явагдав. Энэ нь зөвхөн сонгуулийн хуульд заасан зохицуулалттай холбоотой. Сонгогч саналын хуудсанд илүү нэр дэвшүүлэх, дутуу дугуйлахад уг хуудас хүчингүй болно. Иймд сонгогч саналаараа нэр дэвшигчийг сонгохгүйд хүрэв. Иймд Үндсэн хуулийн Цэцээс энэ хуулийн талаар зохих дүгнэлт гаргах, эсхүл 1994 оны 6 дугаар сард нийт ард түмний дунд:
1/ Улсын Их Хурлын сонгуулийн хууль Монгол Улсын Үндсэн хуультай нийцэж буй эсэх;
2/ Зөрчилтэй хуулиар сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа эсэх асуудлаар асуулга зохион байгуулж өгөхийг хүсье" гэжээ.
Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лүндээжанцан /Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга/, Ц.Товуусүрэн /Улсын Их Хурлын гишүүн/ нараас бичгээр ирүүлсэн тодорхойлолтондоо дараахь тайлбарыг ирүүлжээ. Үүнд:
Сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хангах талаар
Уг зарчим нь улс төрийн тэгш эрхийн зарчмаар үндсэндээ тодорхойлогдоно. Энэ нь нэг хүн нэг санал гэсэн зарчимд тулгуурлана. Сонгуулийн эрхтэй ямар ч хүн нийгмийн байдал, хүйс, шашин шүтлэг, үндэс зэргийг үл харгалзан хуулиар тогтоосон мандатын төлөө нэг л санал өгөх бөгөөд энэ нь бусад сонгогчийн саналтай ижил үнэлгээтэй байна. Энэ талаас нь үзэхэд Улсын Их Хурлын сонгуулийн хууль иргэн бүр улс төрийн тэгш эрхтэй байх тухай Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэсгүй юм. Тухайн тойрогт нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн бүх сонгогч тэгш эрх эдэлсэн гэж болно. Нөгөө талаас мандатын тоо ойролцоо учир улсын хэмжээгээр нийт сонгогчдын тэгш эрхийг хангахад чиглэгдсэн гэж үзэж болно.
Сонгуулийн хуулийг Улсын Бага Хурлаар хэлэлцэх үед энэ асуудлыг онцгой анхаарч үзсэн юм. Сонгуулийн тойргийг тогтоохдоо засаг, захиргааны нэгжийг баримтлах ёс дэлхийн олонхи оронд байдаг тул хэрэглэсэн билээ. Харин ойролцоо тооны хүмүүс сонгуулийн нэг мандатад оногдож байхаар дараахь аргачлалыг хийсэн. Тэр үеийн мэдээгээр 18 наснаас дээш насны хүмүүс 1098743 байсан. Үүнийг 76-д хуваахад нэг мандатад ногдох сонгогчийн тоо 14457 болж байв. Тойрог тус бүрийн сонгогчийн тоог энэ дундаж тоонд хуваахад уг тойрогт оногдох мандатын тоо гарч байгаа юм. Гарсан тоог ойролцоолж дээш доош нь орон дэвшүүлэх замаар бүхэл тоо болгосон. Ийнхүү нэг мандатад ногдох сонгогчдын тоо нийт тойрогт ойролцоогоор ижил байхад тойрог, тойрогт мандатын болон сонгогчдын тоо өөр өөр ч гэсэн нэг саналын хувийн жин бүх тойрогт бас ойролцоогоор ижил байдаг учраас сонгуулийн тэгш эрх огт хангагдаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Саналаа чөлөөтэй илэрхийлэх эрхийн талаар
Энэхүү эрхийн үндсэн агуулга нь сонгогчдод сонголт хийх боломжтой хувилбаруудыг санал болгож сонгогч тэндээс өөрийн хүсэл зоригоор хэний ч шахалт хавчилтгүйгээр сонголт хийх боломжтой гэж үзсэн юм. Энэ боломжийг:
Сонгуульд чөлөөтэй, хэний ч шахалт, хавчилтгүйгээр хүсэл зоригтоо нийцсэн хүний нэрийг дэвшүүлэх;
Тэр хүнээ сурталчилах;
Өөрөө нэр дэвшигчийн дотроос сонгоё гэсэн хүнээ /намаа/ хэний ч албадлага, хавчилтгүйгээр сонгож саналаа өгөх талаар хангагддаг.
Харин одоогийн мөрдөж байгаа сонгуулийн хуулиар:
Ухаан мэдрэл эрүүл бус, гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсоноос бусад ямар ч хүний нэр дэвшүүлэх бололцоог олгосон.
Сонгуульд бүртгэгдсэн нам, тэдгээрээс нэр дэвшсэн болон бие даасан нэр дэвшигчдээс бусад сонголт хийх өргөн боломжтой.
Намууд болон нэр дэвшигчдийн аль нь тайлагдахгүй бол саналаа өгөхгүй байх эрхтэй.
Тэр бүү хэл сонгуульд оролцох эсэх нь сонгогчийн сайн дурын хэрэг байхаар заасан.
Сонгуулийн сурталчилгаа шударга, тэгш байх бололцоог бодолцсон.
Сонгогчид санал өгөх үед нь нөлөөлөх, албадах, хүчээр үл нийцэх хүний төлөө санал өгүүлэх оролдлогыг хориглосон зэрэг заалт орсон юм. Энэ бүхэн нь сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог бүрэн олгож байгаа юм.
Харин сонгуульд нам нэр дэвшүүлэх, санал хураахаас 24 цагийн өмнө сурталчилгааг зогсоох зэрэг болон бусад хязгаарлалтыг хийж өгсөн нь сонгуулийг цэгцтэй зөв явуулж төрөө төвхнүүлэхэд чиглэсэн, бусад аль ч оронд байдаг хязгаарлалтууд юм. Хэдийгээр Үндсэн хуульд намаас нэр дэвшүүлэх тухай заалтад өөр субъектын тухай тодорхой заалт оруулаагүй боловч заавал намын саналыг сонгогчид тулгах учиргүй гэдэг баримтлалын үүднээс бие даасан нэр дэвшигч байх боломжийг хуульд тусгасан юм.
Мандатын тоогоор санал өгөх тухай заалт ч чөлөөтэй санал өгөх эрхийг хязгаарлаагүй. Учир нь:
Сонгуульд олон намын олон нэр дэвшигч оролцсон нь мандатын тооноос хэд дахин илүү байсан, тэдгээрийн дундаас сонголт хийх бүрэн боломжтой.
Аль нэг намаас л нэр дэвшсэн хүний төлөө саналаа өгье гэж бодсон бол уг нам мандатын тоогоор нэр дэвшүүлэх эрх олгосон учраас сонгогчийн энэхүү хүсэл хуулинд тооцогдсон. Харин тухайн нэг нам өгсөн боломжийг ашиглаагүй, цөөн нэр дэвшүүлж, сонгогчийг хүнд байдалд оруулсан бол энэ нь хуулиас шалтгаалсан хэрэг биш.
Сонгогч би заавал намыг харгалзахгүй хэд хэдэн намын сайн хүнийг сонгоё гэж бодсон бол түүнд тийм боломж бас олгогдсон. Намууд сэтгэлд нь тохирох хүний нэр дэвшүүлээгүй бол энэ нь бас хуулиас шалтгаалсан хэрэг биш.
Сонгогчид нэг л хүн таалагдаад бусад нь таалагдахгүй байх нөхцөл бий. Тийм үед манайх шиг мандатын тоогоор дугуйлах заалттай хуулиар санал өгч буй хүн өөрийн нэг саналыг сонгох хүндээ өгөөд бусдыг сонгогдохгүй байх, бусад нэр дэвшигчдэд өгдөг.
Энэ бүхнээс үзэхэд сонгогчдод сонголт хийх олон хувилбар олон боломжийг сонгуулийн хуулиар олгож байгаа болно. Санал хураах энэхүү арга нь хамгийн шилдэг нь биш байж болох боловч, түүнийг хэрэглэснээр сонгогчийн саналаа чөлөөтэй илэрхийлэх эрх өөрчлөгдсөн гэж үзэх үндэсгүй юм гэжээ.
Сэргэлэнгийн гомдлыг үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Л.Баасан 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэжээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль, Улсын Их Хурлын сонгуулийн талаар гарсан Улсын Бага Хурлын тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шалгах болон Цэцийн хуралдааны үед шалган тогтоов.
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтан Б.Энэбиш Цэцийн гишүүний тавьсан асуултанд хариу болгон бичгээр ирүүлсэн тодорхойлолтдоо:
Аливаа ардчилсан сонгууль нь:
Сонгуулийн бүх нийтийн зарчим
Шууд сонгох зарчим
Сонгууль чөлөөтэй явуулах зарчим
Сонгуулийн тэгш эрхийн зарчим гэсэн дөрвөн үндсэн зарчимтай байна.
Тодорхой насанд хүрсэн бүх хүн арьсны өнгө, гарал үүсэл, шашин шүтлэг, хүйс, боловсрол, үзэл бодлоор үл ялгаварлан сонгох сонгогдох эрхтэй байхыг бүх нийтийн зарчим гэх бөгөөд сонгогч ямар нэгэн төлөөлөлгүйгээр оролцож саналаа өгөхийг сонгуулийн шууд зарчим гэх ба тэгш эрхийн зарчмыг дараахь байдлаар тодорхойлно. Үүнд: сонгогчийн санал бусад сонгогчийнхтой тэнцүү байх, тойрог, хэсэг, байгуулахдаа оршин суугчдын харьцааг адил байлгах, төлөөлж буй хүмүүсийн тоо нь тэнцүү байх, өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын гишүүдийн ашиг сонирхлыг нь төлөөлж буй хүмүүсийн тоо нь ойролцоо байх, сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигчид сонгуулийн кампани зэрэгг тэгш, аливаа ялгаваргүй оролцох, сонгогч бүрийн санал өгөх боломж адил хангагдсан байх зэрэг болно.
Сонгогч саналаа өгөхөд нь шахалт, саад тотгор учруулахгүй байх, сонгогчийг чөлөөтэй сонголт хийхэд нь албадлага хийхгүй байх зэргээр сонгуулийн чөлөөт зарчим хэрэгжинэ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд мөн хуулийн 14 дүгээр зүйлд буй "эрх тэгш байх" зарчмыг улам тодотгожээ. Түүнийг хязгаарлаагүй байна.
Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь заалтууд нь сонгогчийн чөлөөтэй саналаа илэрхийлэх боломжийг хуулиар албадан боогдуулсан заалт болсон гэж үздэг. Өөрөөр хэлбэл эдгээр заалтууд нь Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн чөлөөтэй гэдэг заалтыг шууд зөрчжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд намайг оролцуулбал энэ асуудлаар тодорхой тайлбар өгч болно гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанд оролцож В.Сэргэлэн тайлбарлахдаа: "Би Цэцэд хандаж гаргасан өргөдлийн шаардлагаа дэмжиж байна. Үүнийгээ товчлон танилцуулахад:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т гадаад улсад байгаа иргэний сонгох эрхийг нь хаасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн бүх нийтийн гэдэг зарчмыг зөрчсөн байна.
Сонгуулийн хуулийн 35 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3 дахь заалтууд нь сонгууль чөлөөтэй явагдах тухай Үндсэн хуулийн зарчмыг зөрчсөн байна. Ер нь хуульд буй заалтаас шалтгаалан сонгогч хүсээгүй нэр дэвшигчийн төлөө санал өгөхөд хүрдэг.
Би Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг боловсронгуй болгох хууль зүйн бодлогын үүднээс асуудал тавьж байна. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг зөвшөөрсөн Улсын Бага Хурлын тогтоол Үндсэн хууль зөрчив гэдгээсээ татгалзаагүй байна. Би асуудлыг улс төржүүлж парламентыг тараана гэдгээр тавиагүй шүү. Манай Улсын Их Хурал бол зөрчилтэй гэсэн ч сонгуулийн хуулиар байгуулагдсан хууль ёсны хууль тогтоох байгууллага мөн" гэж тайлбарлав
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Товуусүрэнгээс: "Бид тайлбараа бичгээр ирүүлсэн билээ. Сэргэлэн, Баасанжав нар асуудлыг яаж тавьсан бэ? гэдгээс бидний хариулт шалтгаална. Та бүхний эцсийн зорилго бол одоо ажиллаж буй парламентыг үгүйсгэхэд чиглэж байна уу? Сонгуулийн хуулиа боловсронгуй болгоход чиглэж байна уу? гэдгээс бидний хандлага хамаарна.
Сонгуулийн хуульд бүх сонгогчийг арьс өнгөөр нь ялгаагүй. Жишээ нь зарим оронд 3 хар арьстны санал нэг цагаан арьстны саналтай тэнцэнэ гэх мэт байдгийг ялган тогтоосонгүй. Сонгуулийн ямар систем журам мөрдөх вэ гэдэг нь парламентад суудалтай улс төрийн намууд хоорондоо зөвшилцөн шийдвэрлэх асуудал юм. Энэ бүхэн нь Сонгуулийн хууль Үндсэн хуулийг шууд зөрчив гэх үндэслэлийг үгүйсгэж буй нөхцөл мөн гэв.
Д.Лүндээжанцангаас: Ц.Товуусүрэн тодорхой тайлбарлав. Хэлэлцэж буй асуудлыг тодруулахын тулд би түүхэн зарим баримт сөхвөл 1991 оны 10 дугаар сард Улсын Бага Хурлаар Үндсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үед гишүүн Очиржав санал гаргаж сонгуулийн тэгш эрхийн зарчмыг байх хэрэггүй гэж санал хураалгаж шийдвэрлэжээ. 1992 оны Улсын Их Хурлын сонгуулийн хуулиар бол нэг сонгогч нэг л нэр дэвшигчийн төлөө санал өгсөн. Энэ нь дэлхийн практик. Миний хувьд 1992 оны Улсын Их Хурлын сонгуулийн хууль бол Үндсэн хуулийг зөрчөөгүй хэмээн үзнэ гэжээ.
ХЯНАВАЛ:
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцсэн баримтуудад үнэлэлт хийж үзэхэд Улсын Бага Хурлаас 1992 оны 4 дүгээр сарын 4-нд баталсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн хуульд сонгогчдын эрх тэгш байх, чөлөөтэйгөөр сонгох эрхийг алдагдуулан Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчив гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлд сонгуулийн тэгш эрхийн зарчмыг хуульчлан заагаагүйн гадна уг хуулийг хэлэлцэн баталсан Ардын Их Хурлын хуралдааны удаа дараагийн протоколд сонгуулийн тэгш эрхийн зарчмын талаар ямар нэгэн санал гараагүй байна. Маргагч талуудын гомдолд сонгогчид өөрсдийн сонгохыг хүссэн нэр дэвшигчид нь уг тойргоос сонгох мандатын тоонд хүрэхгүй тохиолдолд сонгохыг хүсээгүй бусад нэр дэвшигчдийн төлөө хүчээр санал өгүүлж, сонгуулийн чөлөөт зарчмыг алдагдуулав гэсэн нь тодорхой баримтаар нотлогдохгүй байна.
Иргэн Н.Баасанжаваас 1994 онд сонгуулийн хууль Үндсэн хуультай харшилж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрх хууль ёсны эсэх талаар ард нийтийн санал асуулга явуулж өгөхийг хүссэн нь Үндсэн хуулийн Цэцийн шийдэх эрх хэмжээний асуудал биш.
Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн зарим заалт, 33, 35, 36, 38 дугаар зүйлийн зарим заалтууд боловсронгуй бус байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 4-т буй Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно гэсэн заалтын хүрээнд хуульчлагдсан тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хавсралтын хуулийн нэгдүгээр зүйлийн 2-ын 2 дахь заалтаар Улсын Бага Хуралд олгогдсон хууль тогтоох эрх хэмжээнд шийдвэрлэгдсэн байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн зарим заалт Үндсэн хуультай харшилдав гэж үзсэн иргэн Ө.Сэргэлэн, Н.Баасанжав нарын хүсэлтийг хангах үндэслэлгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйл, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 33 дугаар зүйлийн 3, 35 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 38 дугаар зүйлийн 2 дахь заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзсэн Ө.Сэргэлэн, Н.Баасанжав нарын өргөдөлд дурьдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд боловсронгуй болгох шаардлага байгааг Үндсэн хуулийн Цэц үгүйсгэхгүй байна.
Манай дүгнэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай хариуг түүнийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Улсын Их Хуралд уламжилж байна.
                                                                                    ДАРГА                                       Г.СОВД
                                                                             ГИШҮҮД                              Г.НЯМДОО
                                                                                                                           Л.БААСАН
                                                                                                                         Ц.ЦОЛМОН
                                                                                                                         Ж.БЯМБАА