Хэвлэх DOC Татаж авах
АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 6 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 185

АВТО ЗАМЫН БАРИЛГЫН АЖЛЫН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоол, Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдаж байгаа Уньт-Тариалан чиглэлийн 88 км замын 1 дүгээр багцын 48 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын “Бэйк Сеок Констракшн” компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсантай холбогдуулан Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангаас өгсөн зөвшөөрөл, зөвлөмжийн дагуу тухайн төслийн 40 км авто замын барилгын ажлын гүйцэтгэгч “Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг” ХХК-тай хэлэлцээ хийж гэрээ байгуулах, авто замын барилгын ажлыг хугацаанд нь дуусгах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгасугай.

2. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгаагүй “Насны зам” ХХК-тай байгуулсан гэрээг дуусгавар болгож байгаатай холбогдуулан уг авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээс төлөх гүйцэтгэлийн баталгаа, алдангийг барилгын ажлын нэмэлт зардалд оруулан тооцохыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д үүрэг болгосугай. /Энэ заалтад ЗГ-ын 2016 оны 306-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 6 төсөл, арга хэмжээнд шаардлагатай байгаа нэмэлт санхүүжилт, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн Зам, тээврийн сайдын багцын хөрөнгө оруулалтад “0.00” дүнтэй батлагдсан, мөн эх үүсвэр нь тодорхойгүй байгаа авто замын 4 төсөлд шаардлагатай байгаа хавсралтад заасан нийт 114,955.60 (нэг зуун арван дөрвөн тэрбум есөн зуун тавин таван сая зургаан зуун мянган) сая төгрөгийн эх үүсвэрийг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Н.АЛТАНХУЯГ

Зам, тээврийн сайд                                                       А.ГАНСҮХ

Эдийн засгийн хөгжлийн сайд                                      Н.БАТБАЯР