A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 24 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 24.7 ДАХЬ ХЭСГИЙН “…САНАЛ НЭГДСЭН ДҮГНЭЛТ ГАРГАН …” ГЭСЭН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДО
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 24 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 24.7 ДАХЬ ХЭСГИЙН "…САНАЛ НЭГДСЭН ДҮГНЭЛТ ГАРГАН …" ГЭСЭН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 03

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.40 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд Н.Жанцан, П.Очирбат, Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, Нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Цэцийн хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Одбаяр нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн их суудлын хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг 2009 оны 06 дугаар сарын 05-нд; Улсын Их Хурлын гишүүн Л.Гүндалай 2009 оны 06 дугаар сарын 08-нд; Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан дээр тус тус гаргасны дагуу Цэцийн их суудлын хуралдааны бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хуралдаж, Цэцийн их суудлын хуралдааныг үргэлжлүүлэх тухай 07 дугаар магадлал гаргаж уншиж сонсгосны дараа Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Одбаяр нар хуралдаанд оролцохоос татгалзаж, хуралдааныг орхин гарав.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган …” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн хянан хэлэлцэв.

Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны оршин суугч, иргэн Д.Нямдорж Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дараахь зүйл заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг;

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...” гэсэн зүйлийн “…олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасныг;

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. …” гэж заасантай тус тус нийцэхгүй, зөрчиж байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д зааснаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал нэгдсэн дүгнэлт гаргаж чадахгүй бол тус асуудал Байнгын хорооны болон чуулганаар хэлэлцэх боломжгүй байхаар хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, дэд хорооны гишүүдээс Улсын Их Хурлын гишүүнийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар татгалзсан, түдгэлзсэн, зөвшөөрсөн зэрэг тохиолдолд санал нэгдэж дүгнэлт гаргах боломжгүй болж байна.

Ийнхүү санал нэгдсэн дүгнэлтэд хүрч чадахгүй бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэн заалт хэрэгжих боломжгүй болж, улмаар Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцэх эрх зүйн үндэс бүрдэхгүй гацаанд орж, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтад “…шударга ёс, …хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг илтэд зөрчихөд хүргэж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх талаар ямар нэгэн шийдвэр Улсын Их Хурлаас гаргах нөхцөлгүй болгож байна.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Байнгын хороо эрх хэмжээнийхээ асуудлыг хуралдаанаар хэлэлцэж хуульд өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ”, мөн

24 дүгээр зүйлд Байнгын хорооны бүрэлдэхүүнд дор дурдсан дэд хороо байгуулж болно гэсэн нь дэд хороо нь Байнгын хорооны нэг хэсэг буюу бүрэлдэхүүн байхаар шууд хуульчлан зааж өгсөн байна.

Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.12 дахь хэсэгт “Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6-д тунхагласан “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн заалттай нийцсэн.

Энэ утгаараа асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд өөрөөр хэлбэл, дэд хороо асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцнэ.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн заалт нь асуудлыг олонхийн саналаар шийдэх боломжийг хааж тус дэд хорооны гишүүд санал нэгдэж дүгнэлт гаргахаар хуульчилсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байна.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.12 дахь хэсэгт “Дэд хороо асуудлыг хуралдаанаар хэлэлцэж оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана” гэж заасан нь мөн хуулийн “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь …, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж, санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн заалттай зөрчилдсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэнтэй нийцэхгүй байна.

Энэ утгаараа хуулиар харьяалуулсан хэрэг маргааныг шийдвэрлэх журам, шийдвэр гаргах үйл явц нь Байнгын хороо, түүний бүрэлдэхүүнд байх дэд хороонд адилхан үйлчилнэ гэж ойлгодог.

Дэд хороо нь тэр дундаа Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь дурдсан хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 болон 24.12-т заасан заалтын аль алийг нь хэрэглэх боломж бүрдсэн. Ингэснээрээ хуулийн заалтууд хоорондоо зөрчилдөж төрийн үйл ажиллагаа хуулийн дагуу явагдахад саад учран тэр дундаа Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “…хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалтыг зөрчихөд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал хууль дээдлэх зарчмыг баримтлан үйл ажиллагаагаа хэвийн явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 болон 24.12-т заасан заалтуудын зөрчил саад учруулж байна.

Дээрх тайлбар болон үндэслэлийг харгалзан үзэж Үндсэн хуулийн цэцээс дараахь дүгнэлтийг гаргуулахыг хүсч байна. Үүнд:

Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгтэй тус тус нийцэхгүй, зөрчиж байгаа гэсэн дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын даргын 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 153 дугаар захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатарын Үндсэн хуулийн цэцэд 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:

“...Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “…шударга ёс, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болох тухай:

1. Улсын Их Хурлын гишүүн бол нийт ард түмний төлөөлөл болон сонгогддог субъект. Өөрөөр хэлбэл, ард түмнээс бүрэн эрх авсан элч байдаг. Ийм ч учраас Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” хэмээн заасан.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.3-т Төрийн байгуулалтын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо байгуулахаар, 24.3.4-т түүнийг хэрэгжүүлэх чиг үүргийг, 24.7-д үйл ажиллагаа, нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээс өмнө урьдчилан хэлэлцэж эцсийн шийдвэр бус, урьдчилсан санал, дүгнэлт гаргах журмыг тусгайлан хуульчлан заасан нь Үндсэн хуулиа дээдлэн, дээрх заалтыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаалсан явдал болно.

2. Хууль тогтоох үйл ажиллагаанд зарим тухайлсан онцлог харилцааг тусгайлсан хэм хэмжээ тогтоон зохицуулах явдал байдаг. Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал нэгдсэн дүгнэлт гаргах тухай заалт нь Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын тухай асуудлыг шийдвэрлэхэд тусгай журам тогтоосон хэм хэмжээ болно.

3. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчим нь аливаа асуудал түүний дотор хуулиар зохицуулж буй нийгмийн харилцаа нь өөр өөрийн мөн чанар, онцлогоос шалтгаалан ялгаатай зохицуулалттай байхыг үгүйсгэсэн зарчим биш.

Иймд хуулиар тусгайлан зохицуулж өгснөөрөө Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын тухайд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёсны зарчмыг зөрчсөн бус харин хангаж өгч буй явдал болно.

Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэснийг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэлгүй болох тухай:

Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь дөрвөн гишүүнээс бүрдэхээр заагаад “санал нэгдсэн дүгнэлт гарган” гэсэн нь Үндсэн хуулиар хамгаалагдсан Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлын эрх зүйн баталгааг хангахад чиглэгдсэн.

Мөн Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар заавал хэлэлцдэг журмыг хуулиар тогтоосон. Эдгээр Байнгын хороод санал, дүгнэлтээ “олонхийн саналаар” гаргах бөгөөд Улсын Их Хурал /нэгдсэн хуралдаанаар/ Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбоотой шийдвэрийг Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “олонхийн саналаар” гаргана. Иймд Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй болно.

Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ…” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болох тухай:

Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны эрх хэмжээг “…гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар…эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдож, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтан санал ирүүлсэн тохиолдолд уг асуудлыг Улсын Их Хурлын чуулган хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх, бэлтгэл шатны үйл ажиллагааг хуульчлан тодорхойлсон болно.

Хуулийн энэ заалтад Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэхэд хориглох, саад учруулах ямар нэг ойлголт байхгүй байна.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо “...санал нэгдсэн дүгнэлт гарган...” гэсэн заалт нь уг дэд хорооны гишүүд санал нэгдэж дүгнэлт гаргах үүрэгтэй болохыг тодорхойлсноос бус “санал нэгдээгүй” гээд дүгнэлт гаргахгүй байж болох тухай заагаагүй” гэжээ.

Гурав. Иргэн Д.Нямдоржийн 2008 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд дахин нэмэгдүүлсэн шаардлага ирүүлсэн байна. Үүнд:

“...1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “…ардчилсан ёс, …нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг,

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасантай тус тус нийцэхгүй, зөрчиж байна.

Монгол Улс нь олон улсын түвшинд Ардчилсан ёс тогтсон хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ нь олон шалгуур үзүүлэлтээр батлагддаг. Түүнчлэн Монгол Улс нь эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон талаар даяар олноо зарлан тунхагласан.

Энэхүү Ардчилсан ёсны үнэт зүйл гол зангилаа нь асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэх явдал юм.

Ардчиллын үнэт зүйлийг олон хууль тогтоомжид тусган Монгол Улсад ямарваа асуудлыг олонхийн саналаар шийдвэр гаргах үйл явц нэгэнт хэвшил болон тогтсон билээ.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасан “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн заалт нь асуудлыг олонхийн саналаар шийдэх боломжийг хааж тус дэд хорооны гишүүд санал нэгдэж дүгнэлт гаргахаар хуульчилсан

нь ардчилсан ёсны зарчмыг алдагдуулж, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалттай зөрчилдөж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Монгол Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хамгаалж “Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна” гэж зөвхөн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулахыг тусгайлан заасан.

Гэтэл Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь …, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж, санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэнтэй нийцэхгүй байна.

Энэ утгаараа Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээс бусад тохиолдол энгийн журмаар буюу Монгол Улсад хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд тулгуурлан явагдана гэж ойлгодог.

Тайлбар болон үндэслэлийг харгалзан үзэж Үндсэн хуулийн цэцээс дараахь дүгнэлтийг нэмж гаргуулахыг хүсч байна. Үүнд:

Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг, Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалттай тус тус нийцэхгүй, зөрчиж байгаа гэсэн дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд 10 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн тогтоох хэсэгт:

“1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган …” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”; мөн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...”; Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ”Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

3. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авсан өдрөөс хойш 15 хоногт багтаан хэлэлцэж хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай” гэсэн байна.

Тав. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/106 тоот албан бичгийн хариуд Монгол Улсын Их Хурлын даргын 2009 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 89 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн тайлбартаа:

“...Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар Цэцийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж, санал, дүгнэлт гарган чуулганы нэгдсэн хуралдаанд оруулдаг. Нэгдсэн хуралдаан Цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Цэцийн дүгнэлтийг дэмжсэн бол түүнийг хүлээн зөвшөөрөх тухай, дэмжээгүй бол эс зөвшөөрөх тухай тогтоол баталдаг журамтай. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны 2009 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Цэцийн 2008 оны 10 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэлсэн. Байнгын хорооны хуралдаан дээр Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Улсын Их Хурлын тухай хуулийн Бүлгийн эрх үүрэг гэсэн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “нэгдсэн болон Байнгын хорооны хуралдааны үед завсарлага авах” гэж заасны дагуу албан ёсоор завсарлага авсан болно. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2009 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдааны хэлэлцэх асуудалд дахин төлөвлөгдсөн боловч тухайн асуудлын талаар намын Бүлгээс авсан завсарлага үргэлжилж байгаа тул хойшлуулсан. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан мөн үндэслэлээр хойшлогдож өдий хүрсэн болно.

Улсын Их Хурлын тухай хуулийн 29.9-д “...нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг зохих байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасны дагуу Байнгын хорооны санал, дүгнэлт гарсны дараа асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг. Энэ бүхнээс үзвэл Улсын Их Хурал уг асуудлыг “санаатайгаар” хойшлуулсан гэх үндэслэл байхгүй болно.

Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн талаар гаргасан Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хүлээн зөвшөөрөөгүй тогтоол гаргасан бол Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын гаргасан тогтоолын үндэслэлийг Цэц бүрэн бүрэлдэхүүнтэй хуралдаанаар маргааныг эхнээс нь дахин хэлэлцэж, Улсын Их Хурал дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй үндэслэл зөв болох нь нотлогдвол өмнөх дүгнэлтээ хүчингүй болгох, хэрэв үндэслэл нь батлагдахгүй бол Улсын Их Хурлын тогтоолыг хүчингүй болгож тогтоол гаргана. Цэцийн энэхүү эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болдог. Улсын Их Хурал нэгдсэн хуралдаанаараа Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргаагүй байхад Цэц их суудлын хуралдаанаараа маргааныг дахин хэлэлцэх үндэслэлгүй болно.

Өмнө нь Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тайлбараа хүргүүлсэн болно” гэжээ.

Зургаа. Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт “Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор ... шийдвэрлэнэ, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т “Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан байдаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Монгол Улсын Их Хуралд удаа дараа албан бичиг явуулан хуулийн дагуу уг асуудлыг хэлэлцэн хариу ирүүлэхийг сануулсан. Гэтэл Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар дүгнэлтийн талаар тодорхой шийдвэр гаргалгүй 6 сар орчим хугацаа өнгөрсөн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, мөн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг болон дээр дурьдсан хуулийн заалтууд зөрчигдөхөд хүрсэн тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хийхээр шийдвэрлэсэн болно.

ҮНДЭСЛЭЛ:

1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”; мөн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...”; Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ”Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10 дугаар дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 4, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/, мөн хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

1. 2006 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь Улсын Их Хуралд хамгийн олон удаа сонгогдсон дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд тэрбээр Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Улсын Их Хуралд ирүүлсэн саналыг судалж санал нэгдсэн дүгнэлт гарган зохих Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны “…санал нэгдсэн дүгнэлт гарган…” гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Ардчилсан ёс, шударга ёс, …, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; мөн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”; мөн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...”; Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн ”Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх тул Монгол Улсын Их Хурлын

тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийн “...санал нэгдсэн дүгнэлт гарган...” гэснийг хүчингүй болгосугай.

2. Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.

ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ

ГИШҮҮД Н.ЖАНЦАН

П.ОЧИРБАТ

Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

Д.МӨНХГЭРЭЛ

Б.ПҮРЭВНЯМ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 24 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 24.7 ДАХЬ ХЭСГИЙН “…САНАЛ НЭГДСЭН ДҮГНЭЛТ ГАРГАН …” ГЭСЭН НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2009 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хот