Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

        

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

 2014 оны  07  сарын  01  өдөр                                               

Төрийн ордон, Улаанбаатар хот

Дугаар   47 

Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэг, 361 дүгээр зүйлийн 361.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасугай:

1/эдийн засгийн хямрал нийгэмд бодитойгоор нөлөөлж, төсвийн орлого бүрдүүлэлт их хэмжээгээр тасалдах болсонтой холбогдуулан Засгийн газар хэмнэлтийн горимд шилжин, илүү шат дамжлагыг цөөлөх, тэвчиж болох урсгал зардлыг танах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох санал боловсруулж Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх;

2/үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд улсын төсвийн хөрөнгийг оновчтой зарцуулах зорилгоор Засгийн газрын тусгай сангууд, гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн бүрдүүлэлт, хуваарилалт, ашиглалтад тавих хяналтыг сайжруулах;

3/Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур хяналтгүй зарцуулагдаж байгаа “Чингис” болон “Самурай” бондын зарцуулалтыг төсөвт тусгах арга хэмжээг авах;

4/Төрийн сангийн гадуур нээсэн төсвийн дансны гүйлгээнд шалгалт хийж зөрчлийг арилгах, эдгээр дансыг хааж, хөрөнгийн үлдэгдлийг Төрийн санд төвлөрүүлэх арга хэмжээ авч, дүнг Улсын Их Хуралд 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулах;

5/Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлд аудит хийсэн Үндэсний аудитын газрын зөвлөмж, санал дүгнэлтэд тусгагдсан, улсын төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан, батлагдсан төсөв, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан бүх шатны төсвийн захирагчдад төсвийн тухай хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, дүнг 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулах;

6/Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж, төсөв хэтрүүлэх, төсвийн хөрөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулах явдлыг таслан зогсоох, үүссэн өр, авлагыг барагдуулах талаар тодорхой ажил зохион байгуулж, төсвийн гүйцэтгэлийн тайлантай хамт Улсын Их Хуралд хэлэлцүүлэх.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Ц.Даваасүрэн/-нд, уг тогтоолын хэрэгжилтийн явцыг Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Төсвийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т тус тус даалгасугай.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          З.ЭНХБОЛД