Хэвлэх DOC Татаж авах
Цэцэрлэгийн хомсдлыг бууруулах  талаар авах зарим арга хэмжээний тухай

МОНГОЛ УЛСЫН

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ

САЙДЫН ТУШААЛ

2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр                                                             Дугаар A/245                                                                  Улаанбаатар хот

Цэцэрлэгийн хомсдлыг бууруулах

талаар авах зарим арга хэмжээний тухай

        Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

       1. “Шаардлага, загвар батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 353 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”–ын 2.12.1-ийг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай.

        2.12.1. “Сургалтын байгууллагын барилга, байгууламжийн хүчин чадлын мэдээллийг энэхүү шаардлагын хавсралтаар баталсан маягт №2-ын дагуу гаргана. Барилга байгууламж нь үүсгэн байгуулагчийн өөрийн өмч бол түүнийг нотлох үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, түрээсийн байр ашиглах бол “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай” хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу бүртгэгдсэн түрээсийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хэрэв зээлийн байр ашиглах бол “Иргэний хууль”-ийн дагуу байгуулсан зээлийн гэрээний хуулбар” 

        2. “Шаардлага, загвар батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 353 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалт эрхлэх, тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”–ын 2.12.2 дахь заалтыг хүчингүй болгосугай.   

       3. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цэцэрлэг байгуулах талаар тавьж буй хүсэлтийг шийдвэрлэх үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгох талаар Боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд холбогдох саналыг томъёолж тусгахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Ц.Баярхүү/ нарт тус тус даалгасугай.

       4. Цэцэрлэгийн хомсдлыг бууруулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цэцэрлэг байгуулах боломжийг өргөжүүлэх зорилгоор цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ, гадна тоглоомын талбай, тохижилтын талаарх шаардлагыг тогтоосон барилгын норм, дүрмүүдийг судалж, саналыг 2014 оны 7 дугаар сарын 1-ний дотор танилцуулан, шийдвэрлүүлэх талаар хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар холбогдох арга хэмжээ авахыг Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /Б.Насанбаяр/-т үүрэг болгосугай.

        5. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэд даалгасугай.

                                                                                            

                                                            САЙД                              Л.ГАНТӨМӨР