A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 241

Улаанбаатар хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН 2014-2015 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн бэлтгэвэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Өвөл, хаврын цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай:

2.1. Мал аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг төлөвлөгөө гарган зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь шуурхай шийдвэрлэж ажиллах;

2.2. Малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллаж аймаг, нийслэл, сум, дүүргийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заавал бүрдүүлэх;

2.3. Өвөл, хаврын бэлчээрийн даацад тулгуурлан өөрийн аймгийн бусад сумын нутаг, өөр аймгийн нутаг, аймаг дундын отрын бүс нутагт мал оруулж өвөлжүүлэх гэрээ байгуулах, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газруудад отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог гарган холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч зохион байгуулах;

2.4. Аймаг, сум бүр нийт бэлчээрийн талбайн 10 хүртэлх хувийг цаг хүндэрсэн үед ашиглах тусгай хэрэгцээний отрын бүс нутаг болгох арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулах;

2.5. Зарим шаардлагатай хадлангийн талбайг өнжөөх, сэлгэх, өөр аймгийн нутагт хадлан бэлтгэх гэрээ, хэлэлцээр хийх, уг ажлыг аймаг, сум дунд зохицуулах арга хэмжээ авах;

2.6. Малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх болон ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардагдах тарилга, эм биобэлдмэлийн хангамжийг нэмэгдүүлэх, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд нь чанартай зохион байгуулах, мал эмнэлгийн дуудлага, үйлчилгээний бэлэн байдлыг бүрдүүлж, шуурхай удирдлагаар хангаж ажиллах;

2.7. Улсын төсвийн болон төсөл, хөтөлбөрүүдийн хөрөнгөөр шинээр худаг гаргах, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай тэмцэх ажлын явцад хийх гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг сайжруулах;

2.8. Малчин өрх бүрээр малын хашаа, саравч, уст цэгээ засварлах, тохижуулах, түлээ түлш, өвлийн хувцсаа бэлтгэх, цаг агаар хүндэрсэн нөхцөлд хэрэглэх өвс, тэжээл, гар тэжээл бэлтгэн нөөцлөх зэргээр мал өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах;

2.9. Ургац хураалтад ажиллах хүн хүч, техникийн бэлтгэл, зохион байгуулалтыг хангуулан цаг агаарын гамшигт үзэгдлээс ургацаа хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах;

2.10. Малчдын эрүүл мэндэд үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аймаг, сумын эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал, нөөц бүрдүүлэх зорилгоор шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, түргэн тусламжийн машин, багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх;

2.11. Малчдад эрүүл мэндийн явуулын үйлчилгээг үзүүлэхэд аймаг, сумын эмнэлгийг бэлэн байлгах арга хэмжээ авах;

2.12. Баяр наадам, тэмдэглэлт ой олноор тохиож байгаа өнөө жил малчин, баг, сум, аймаг шат бүхэндээ өвөлжилтийн бэлтгэлээ цалгардуулалгүй хангах арга хэмжээ авах.

3. Зам, давааг өвөл, хаврын улиралд байнгын нээлттэй байлгах, хүн хүч, техникийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах, техник тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

4. Энэ жилийн шинэ ургацаас үйлдвэрлэх малын тэжээлийн экспортлох хэмжээг 40 хувиас илүү гаргахгүй байх арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангасан дүнг нэгтгэн энэ оны 11 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.ТҮВДЭНДОРЖ