Хэвлэх DOC Татаж авах
БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ ОРОН ТОО НЭМЭХ БОЛОН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 236

БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ ОРОН ТОО НЭМЭХ

БОЛОН АЖЛЫН АЛБА БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс НҮБ-ын Байгаль орчны Ассамблейг 2014-2016 онд даргалах болсонтой холбогдуулан НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөртэй байнга шуурхай харилцах, ажил хэрэгч байдлаар хамтарч ажиллах шаардлага тавигдаж байгааг харгалзан Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт 2 жилийн хугацаагаар 1 дипломат ажилтны орон тоог нэмж ажиллуулахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрсүгэй.

2. Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотод төвтэй НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт суух Монгол Улсын төлөөлөгчийг 2 жилийн хугацаагаар ажиллуулах, НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Ажлын албыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын дэргэд 2 жилийн хугацаатайгаар байгуулан ажиллуулж, орон тооны хязгаарыг 2 ажилтнаар тогтоохыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрсүгэй.

3. Тогтоолын 1, 2 дугаар зүйлд заасан Ажлын алба, ажилтнуудын үйл ажиллагааны зардлыг Монгол Улсын 2015 оны төсөвт тусгуулах арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

4. Тогтоолын 1, 2 дугаар зүйлд заасан Ажлын алба, ажилтнуудын 2014 оны IY улирлын үйл ажиллагааны зардлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын батлагдсан төсвийн багцад багтаан зохицуулалт хийж санхүүжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд                                       Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон

хөгжлийн сайд                                                               С.ОЮУН