A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр

Дугаар 249

Улаанбаатар хот

НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт Азийн хөгжлийн банкны зээлээр хэрэгжсэн "Орон нутгийн хотуудын нийтийн аж ахуйг хөгжүүлэх 1, 2 дугаар төсөл"-ийн дамжуулан зээлдүүлэх нөхцөлийг өөрчлөх, зээл төлөх хугацааг дотооддоо сунгах, зээлийн хүүг бууруулах, зээлийг төгрөгт шилжүүлэх, ханшийн эрсдэлийг төсөвт тусгах зэргээр зээлдэгчид үүсэх дарамтыг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нарт даалгасугай. 2. Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газарт хэрэгжсэн төслүүдийн зээл, зээлийн хүүг төлж барагдуулах асуудлаар салбар дундын ажлын хэсэг байгуулан холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-үүл нарт үүрэг болгосугай. 3. Одоо хэрэгжиж байгаа болон хэрэгжээд дуусч байгаа төслүүдийн зээл, зээлийн хүүг дамжуулан зээлдүүлэх гэрээнд тусгасны дагуу үе шаттайгаар төлж барагдуулахыг холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг сайжруулж, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, санхүүгийн чадавхийг дээшлүүлэн усны үйлчилгээний тарифын тогтолцоог шинэчлэх, төслүүдийн үр дүнг тооцон, хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН

Сангийн сайд Ч.УЛААН