A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫ
Бүлэг: 1979

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2010 оны 6 дугаар сарын 9-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.30 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүн Ж.Болдбаатар, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа, Д.Мөнхгэрэл /илтгэгч/, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Г.Агар-Эрдэнийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Н.Ариунболд, Н.Хайдав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямба, Р.Гончигдорж, шинжээч Ш.Чоймаа нар оролцов.

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9, 32.2.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв.

Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ:

“... Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаантай асуудлаар Улсын Их Хуралд оруулсан дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байх, түүнчлэн Цэцийн дүгнэлтийг танилцуулж буй этгээдээс асуулт асуух, хариулт өгөх хэм хэмжээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар тогтжээ. Харин энэхүү хэм хэмжээ нь “шүүх” үндсэн чиг үүрэг бүхий Үндсэн хууль зөрчсөн маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц зохицуулалт болсон байна. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн маргааныг Цэц эцэслэн шийдвэрлэх тул Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс өөрийн үзэл бодлоо Үндсэн хуулийн цэцэд тулгах, улмаар хэнээс ч үл хараат байх Цэцийн гишүүдийн итгэл үнэмшилд нөлөөлөхийг оролдож болзошгүй нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хэнээс ч хараат бус байх зарчимтай нийцэхгүй байна.

Цэцийн дүгнэлттэй холбоотойгоор дүгнэлт танилцуулж буй этгээдээс гишүүд асуулт асуух нь нөгөө талд хариулах үүргийг бий болгож байгаа бөгөөд энэ нь Цэц шийдвэрээ төрийн эрх барих дээд байгууллагын өмнө хамгаалах агуулгатай болсон байх тул Үндсэн хуулийн хэрэгжилтийг чандлан сахиулах баталгаа болсон Үндсэн хуулийн цэцийн онцгой статусыг зөрчсөн гэж үзэж байна.

Үндсэн хуулийн цэц нь есөн гишүүнээс бүрдэж, хэн нэг гишүүн нь илүү эрх эдлэхгүйгээр шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг хамтын удирдлагатай байгууллага тул үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй холбоотой асуудал буюу Үндсэн хууль зөрчсөн эсэх маргаантай асуудлаар уул байгууллагыг нэг гишүүн нь тэр дундаа дарга эсвэл орлогч нь төлөөлөхгүй. Тиймээс Цэцийн шийдвэрийг Цэцийн дарга, эсвэл орлогч нь дангаар Цэцийг төлөөлөн тайлбарлах, хамгаалах боломжгүй юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна”, мөн зүйлийн 32.2.1 дэх заалтад “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль,... бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасантай нийцсэн эсэхийг шалгаж түдгэлзүүлж өгнө үү” гэжээ.

Хоёр. Иргэн Н.Ариунболд Үндсэн хуулийн цэцэд дахин нэмэгдүүлсэн шаардлага ирүүлсэн байна. Уг шаардлагатаа:

“Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.9 дэх заалт мэдээлэлд дурьдсан Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгох, түдгэлзүүлэх” гэжээ.

Гурав. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны оршин суугч, иргэн Н.Хайдав Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:

“Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, шүүхийн тогтоолыг Улсын Их Хурлын Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга эсвэл орлогч дарга, шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд асуулт тавьж, тайлбар авч байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ хэнээс ч хараат бус байж зөвхөн Үндсэн хуульд захирагдах, шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх зэрэг зарчмыг гажуудуулж байна гэж үзэж байна.

... Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “...Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь...”, 32.1.9 дэх заалтад “... Цэцийн дарга, түүний орлогчоос...”, мөн зүйлийн 32.2.1 дэх заалтын “...Цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь...”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “...Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, ... дарга нь ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна. Иймд дээрх асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Дөрөв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Балдан-Очир нар Дунд суудлын хуралдаан бэлтгэх явцад гаргасан тайлбартаа:

“...Мэдээлэл гаргагч нь мэдээллийн үндэслэлдээ Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд танилцуулж байх, Цэцийн дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн асуулт асууж, хариулт авах хэм хэмжээ нь Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хэнээс ч хараат бус байх зарчимтай нийцэхгүй, Цэцийн гишүүний итгэл үнэмшилд нөлөөлөхийг оролдож болзошгүй, маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлөхүйц зохицуулалт болсон талаар бичсэн байна.

Түүнчлэн мэдээлэл гаргагч “дүгнэлт танилцуулж буй этгээдээс асуулт асууж байгаа нь Үндсэн хуулийн цэцийн онцгой статусыг зөрчсөн” хэмээн үзжээ.

Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн хараат бус байна гэдэг нь дараахь байдлаар нотлогдож байгаа билээ. Үүнд:

Нэгдүгээрт, Цэц есөн гишүүнтэй, тэдгээрт нэр дэвших хүнийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагаас тэнцүү тоогоор санал болгодог нь Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдлыг тэнцвэржүүлж, улмаар баталгаажуулж байна.

Хоёрдугаарт, Үндсэн хуулиар Цэцийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн шүүгч орохыг хориглосон нь Цэцийг төрийн эрх мэдэл, улс төрийн нөлөөллөөс ангид байлгах эрх зүйн үндсийг тогтоосон.

Гуравдугаарт, Цэцийн даргыг гишүүд дотроосоо дэвшүүлэн, нууц санал хураалт явуулж, олонхийн санал авсан хүнийг сонгодог. Улсын Их Хурлаас шууд томилдоггүй.

Дөрөвдүгээрт, Цэцийн маргаан хянан шийдвэрлэсэн үйл ажиллагаатай нь холбоотойгоор хариуцлага ногдуулах, гаргасан шийдвэрийг нь хянах эрх бүхий байгууллага үгүй. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналтыг Цэц хэрэгжүүлнэ.

Тавдугаарт, Цэц үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бие даасан төсөвтэй. Түүнийгээ өөрөө захиран зарцуулна.

Зургадугаарт, Цэцийн гишүүний халдашгүй байдлыг хуульчилан тогтоосон нь Цэцийн хараат бус байдлын баталгаа юм.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн өргөдөл, мэдээлэл хүлээн авах, Цэцийн хуралдаанд бэлтгэх, маргаан хянан хэлэлцэхэд нь хэн боловч дарамт шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох аливаа бусад хэлбэрээр нөлөөлөхийг хориглосон заалтыг Улсын Их Хурлаас хэлбэрэлтгүй мөрдөж ирсэн. Ийнхүү Цэцийн гишүүний хараат бус байдлын баталгааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиар тус тус хуульчилан баталгаажуулсан болно.

Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд Улсын Их Хурал асуудлыг нь шийдвэрлэж байх тусгайлсан журам тогтоон мөрдөж байгаа билээ.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх, санал хураалт явуулах, дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах процедур журмыг хуульчилсан юм.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль дээр дурдсан заалтууд Цэцээс маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц, Улсын Их Хурлын гишүүдээс үзэл бодлоо тулгасан, Цэцийн онцгой статусыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулахаар заасан, улмаар Улсын Их Хурал нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримталдаг төлөөллийн байгуулагын хувьд тодорхой асуудал хэлэлцэж цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож, олонхийн саналаар шийдвэр гаргадаг ерөнхий зарчимтай болно.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9-д заасанчлан Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах бүрэн эрхтэй билээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан ерөнхий зохицуулалт ёсоор Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлаар үүний дотор Цэцийн дүгнэлтийн талаар асуулт асууж, хариулт авч байгаа явдлыг Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт гэж үзэхгүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хэлбэр юм.

Харин Цэцийн гишүүн маргааныг хянан шийдвэрлэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдан дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэх билээ.

... Мэдээлэл гаргагч Цэц есөн гишүүнтэй, шийдвэрээ олонхийн саналаар гаргадаг хамтын удирдлагатай байгууллага тул Цэцийн дарга, эсвэл орлогч нь дангаараа Цэцийг төлөөлөн тайлбарлах, хамгаалах боломжгүй хэмээн үзжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн ийнхүү зохицуулалтыг боловсруулахдаа Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн дарга, эсхүл аль нэг гишүүн Улсын Их Хуралд танилцуулж байх /Улсын Их Хурлын 2006 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон Улсын Их Хурлын 2001 оны 61 дүгээр тогтоолын 15.1.1, 15.3.2 дахь заалт/-аар заасныг Цэцийн дарга, түүний эзгүйд орлогч нь танилцуулахаар тогтоожээ. Үндэслэл нь: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Цэцийн дарга Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцана мөн зүйлийн 6 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн олон жил ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмадыг Цэцийн дарга томилж байхаар заасан зүйлтэй нийцүүлэх зорилгыг агуулсан юм.

Зөвлөлдөх тасалгаанд хамтын зарчмаар маргааныг хянан хэлэлцэж, олонхийн саналаар гаргасан шийдвэрийг Цэцийг төлөөлөн бусад байгууллага, албан тушаалтантай харилцах эрх хэмжээ бүхий субъект Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь Улсын Их Хуралд танилцуулж байгаа явдал бусад хууль тогтоомжийн заалтад нийцэж, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй зүйл юм.

Харин хуулийг хэрэгжүүлэх явцад хүндрэл бэрхшээл гарч байгаа бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг өөрчлөх боломжтой юм.

Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулж байдаг одоогийн зохицуулалт нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим болсон Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчөөгүй болно” гэжээ.

Тав. Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2010 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 25 дугаар тогтоолоор томилогдсон шинжээчдийн нэгдсэн дүгнэлтэд:

1. Монгол хэл зүйн асуудал

Уг бичигт хуулийн ишлэлийг тавиад, “танилцуулах”, “хүргүүлэх”, “мэдээлэх” хэмээсэн үгсийн талаар тайлбар хүсч бас дараахь асуултанд хариулахыг хүсчээ.

- Асуудлыг бичиг хэргээр хүргүүлэх нь оруулах мөн эсэх?

- Оруулах гэдэг нь Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх мөн эсэх?

- Оруулах нь заавал Үндсэн хуулийн цэцээс төлөөлөгч ирж биечлэн тайлбарлахыг шаардаж буй эсэх?

- Оруулах нь танилцуулж байгаа асуудал мөн эсэх? Оруулах нь танилцуулахдаа багтаж байна уу? Танилцуулах нь оруулахдаа багтаж байна уу, эсвэл энэ хоёр бие даасан ойлголт уу?

Оруулах, танилцуулах хэмээсэн хоёр үгийн язгуур нь орох, таних бөгөөд энэхүү язгуурын цөм утга нь: орох нь аливаа нэг юм нөгөө нэг юмын дотор багтах, гадна байгаа зүйл дотор талд нь очих гэсэн гол санаатай бол таних нь уг юмыг сайн мэдэж авах гэсэн гол санаатай билээ. 1717 оны монгол хэлний “Хорин нэгтийн тайлбар толь”-д “Дотоодод одохыг ормуй хэмээмүй” хэмээн тайлбарласан байх нь чухам гол утгыг өгүүлжээ. Энэ хоёр үгийн цаашид хувирсан хэлбэрийн утгыг нягтлахдаа энэхүү язгуурын цөм утгаас нь бодолцох ёстой.

Оруулах гэдэг нь орох үйлийг бусдаар хийлгэх гэсэн утгатай бөгөөд –уул гэсэн дагаврыг хэлний нэр томъёогоор бусдаар үйлдүүлэх хэвийн дагавар гэдэг. Мөн дурдсан орох хэмээх үгийн утга дагуу үйлийг бусдаар хийлгэх гэсэн санаа бөгөөд аливаа нэг юмыг тухайн нэг юмын дотор багтаах, ороход хүргэх хэмээсэн утгатай. “Хорин наймтын тайлбар толь”-д “Гэр байшин буюу эд бодсын үүд амсраар дотор хийхийг оруулмуй” хэмээн тайлбарласан нь монгол хүн нийтийн ойлгох өргөн гол утга нь юм. Энэхүү гол утгаас салаалсан дэд утгууд байдаг боловч ерөнхий санаагаа агуулж явдаг. Жишээлбэл: гэрт оруулах, далд оруулах гэх мэт бодит утгаас салаалж эрхэндээ оруулах, аргандаа оруулах, өөрчлөлт оруулах гэх мэт байх жишээтэй. Энэ хуульд бичсэнийг монгол хэлний үгийн утгаас нь ургуулан үзвэл, Улсын Их Хуралд оруулах гэдэг нь Их Хурлын хэлэлцэх асуудлын хүрээнд багтаана гэсэн утгатай байна.

Танилцуулах гэдэг нь танин мэдэх үйлийг олон хүнд мэдүүлэх гэсэн утгатай бөгөөд тань+лц+уул+х гэсэн бүтэцтэй болно. Тань хэмээх үйл үгийн үндсэнд хамтран үйлдэлцэх хэвийн –лц дагавар түүн дээр бусдаар үйлдүүлэх хэвийн –уул дагаврыг залгажээ. Танилцуулах гэдгийг бичгийн хэлэнд гол төлөв таниулах хэмээн бичдэг байсан. Танилцуулах гэдэг нь аливаа нэг юмны тухай бусад олон хүнд ойлгууж мэдүүлэх гэсэн гол утгатай. Энэхүү хуульд бичсэнийг тайлбарлавал тухайн шийдвэр дүгнэлтийг Их Хуралд тайлбартай мэдээлэх хэмээсэн утга болно. Танилцуулах нь мэдээлэх төдий бус уг шийдвэр дүгнэлтийн утга учрыг зөв ухааруулах учиртай тул цэцийн зохих гишүүн хуралд оролцож тайлбар өгч болно.

Энэ хоёр үгийн утгыг тодотгон үзэх гэвэл, оруулах, танилцуулах хэмээсэн хоёр үйл үгэнд нэр үг бүтээх –га дагаврыг залгаад үзэж болно. Ингэж үг бүтээвэл “оруулга”, “танилцуулга” хэмээсэн хоёр үг бүтэх бөгөөд оруулга гэдэг нь тухайн хууль дүрэмд хийсэн зохих нэмэлт засвар сэлтийг өгүүлэх бөгөөд танилцуулга гэвэл зөвхөн тухайн дүгнэлт, шийдвэрийн утга учрыг тайлбарласан зүйл байх болно.

Дээрх тайлбараас дүгнэн хэлэхэд оруулах гэдэг нь Их Хуралд заавал авч хэлэлцэх асуудлын тухайд өгүүлсэн бөгөөд уг зүйлийг оруулж байгаа цэцийн төлөөлөгч ч байх ёстой. Танилцуулах нь оруулахдаа бүрэн багтана. Оруулж байгаа асуудал бол танилцуулаад зогсохгүй ажил хэрэг болгох тухайд авч ярих ёстой. Өөрөөр хэлбэл, мэдээлэх, танилцуулах гэдгээс илүү өргөн хүрээнд буюу Их Хурлын авч хэлэлцэх асуудал болгохыг оруулах хэмээн ойлгож болно.

Асуудлыг бичиг хэргээр хүргүүлэх хэмээх нь оруулахтай огт адилгүй. Энд өгүүлж байгаа хүргүүлэх гэдэг нь албан ёсоор мэдэгдэж байгаа л хэрэг. Цаашид яах ёстойг заагаагүй байна. Нэг ёсны мэдээлж байгаа хэрэг.

Мэдээлэх гэдэг нь эрт цагтаа мэдээ авахыг хэлдэг байсан бөгөөд сүүлдээ мэдээ өгөхийг ч бас заах болжээ. Энэ хуульд заасан мэдээлэх гэдэг нь тухайн хэрэг явдал гарсан шийдвэр дүгнэлтийг албан ёсоор сонсгож, мэдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ийм шийдвэр, ийм дүгнэлт гарлаа шүү гэдгийг албан ёсоор сонортуулж байгаа хэрэг.

Хүргэх гэдэг нь аваачиж өгөх гэсэн утга бөгөөд энэ хуульд зааснаар бол “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтлүүлэхээр үнэн зөв хувийг албан ёсоор хүргэн өгөхийг заажээ.

Монгол хэлний үгийн сангийн утга, утгазүйн хувьд ийм байх атал, манай хууль дүрэмд оруулах, танилцуулах хэмээсэн хоёр үгийг нарийн бодолцохгүй, ойролцоо утгат үг мэт хэрэглэсэн тал ажиглагдаж байна.

2. Эрх зүйн асуудал

Оруулах нь танилцуулж байгаа асуудал мөн эсэх? Оруулах нь танилцуулахдаа багтаж байна уу, танилцуулах нь оруулахдаа багтаж байна уу, эсвэл энэ хоёр бие даасан ойлголт уу?

Хэл зүйн хувьд “оруулах” гэсэн үгний агуулгад “танилцуулах” нь багтаж байх болов ч хууль зүйн ухаанд энэ хоёрын хуул зүйн үр дагаврын хувьд нэг ойлголтоор авч үзэх нь дутагдалтай байна.

Оруулах гэдэг ажиллагааг зорилгын хувьд танилцуулах, нэмэлт хийлгэх, асуудал, саналыг шийдвэрлүүлэх болон шууд үйлдэл болох нэмэлт хийх үр дагавартайгаар хийдэг байна.

Танилцуулах гэдгийг мэдээлэл хийх, таниулах, тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх зэргээр мөн хийдэг.

Тухайлбал, өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй Монгол Улсын нийт хуулиас 140 орчимд нь 500 орчим удаа оруулах гэсэн үгийг ашигласан бол танилцуулах гэсэн үг 70 орчим хуульд ойролцоогоор 250 удаа орсон байна. Эндээс үзэхэд хууль тогтоогч энэ хоёр үгийг хэрэглэхдээ нэг агуулгаар хоёр үгийг хэрэглэсэн байхаас гадна нэг үгийг олон янзын агуулгаар хэрэглэсэн байна. Тухайбал, тодорхой асуудал, санал, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, засвар оруулах, орлогод оруулах, хөрөнгө оруулах зэрэг, мөн дүнг танилцуулах, бодлого, байр суурийг танилцуулах, санал танилцуулах, эрх үүргийг нь танилцуулах, ирцийг танилцуулах гэх зэргээр хэрэглэсэн байна.

Үүнийг дараахь байдлаар ерөнхийлөн ангилж үзэж болох байна:

1. Зохих байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхээр эрх бүхий байгууллагад асуудал, санал оруулах, танилцуулах /гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас хууль тогтоогчид болон доод албан тушаалтнаас дээд байгуулагад/

2. Зохих байгууллагаас тодорхой асуудлаар авах арга хэмжээг нь чиглүүлэх, үндэслэлийг нь бүрдүүлэх /дүгнэлт оруулах/

3. Тодорхой зүйлийг оруулах, багтаах, танилцуулах зэрэг үйлдэл хийх /хууль, тогтоол, дүрэм, журам, шийдвэрт хийх засвар, хөрөнгө оруулах, эрхийг нь танилцуулах/

Логик дараалалын хувьд аливаа асуудлыг оруулж танилцуулдаг бөгөөд танилцуулах нь оруулахын дараагийн арга хэмжээ, алхам болдог. Энэ утгаар Үндсэн хуулийн цэцэд зөвхөн эхний үйлдэл хийх эрх хэмжээ байна гэж үзэж байна.

Логикийн гаргалгааны хувьд дараахь байдлаар явагдах хууль зүйн процедур байх нь зохимжтой гэж үзэж байна: Үндсэн хуулийн цэц нь Улсын Их Хуралд дүгнэлт оруулах, Улсын Их Хурал хэлэлцэх асуудалдаа оруулах, танилцах, Улсын Их Хуралд нь хүлээн авмагцаа авах арга хэмжээгээ Цэцэд танилцуулах, харин хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хэлэлцэж эцсийн шийдвэрээ гаргана.

Оруулах нь заавал Үндсэн хуулийн цэцээс төлөөлөгч ирж биечлэн тайлбарлахыг шаардаж буй эсэх?

Үндсэн хуулийн цэцийн бие даасан, гишүүдийн хараат бус байдлыг шалгуур болгон энэ хоёр нэр томъёог шинжлэн үзвээс оруулахыг танилцуулахаас явцуу утгаар ойлгох нь зохимжтой байна. Учир нь шүүхийн бие даасан байдлыг зөвхөн түүний гишүүдийн хараат бус байдал, санхүүгийн бие даасан байдлаар хязгаарлан ойлгохгүй бөгөөд гадны болон дотоод нөлөөнөөс ангид байхыг ойлгоно. Гадны нөлөө гэдгийг улс төрч, албан хаагч, бизнесийн бүлэг, иргэн зэрэг хэний ч зүгээс үзүүлж болох шахалт, дарамт, бусад нөлөөг ойлгодог. Иймд аливаа шүүх шийдвэрээ бусдаас бие дааж гаргах нь шударга шүүхийн баталгаа болдог.

Хууль зүйн байнгын хорооны хуралдааны тэмдэглэлтэй танилцахад дээрхи баталгаа алдагдаж байгаа нь илэрхий харагдаж байна. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 4 дүгээр дүгнэлтийн талаар хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 2009 оны намрын ээлжит чуулганы Хууль зүйн байнгын хорооны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс “Д.Оюунхорол: -Тийм учраас Бямбадорж дарга аа, ямар их хэмжээний зардал, чирэгдэл хүмүүсийн амьдралд тэр зүйл нь нөлөөллөө өгч байгаа вэ гэдэг талаас нь эдийн засгийн агуулгаар нь бодооч ээ гэж хэлсэн байхгүй юу...”,

Тэгвэл энэ тохиолдолд Үндсэн хуулийн цэцээс төлөөлөгч биечлэн ирж /гишүүн/ тайлбарлах нэг талаасаа ажлаа тайлагнах, хамгаалах байдлаар эрх мэдлийн хуваарийг алдагдуулахаас гадна аливаа байдлаар автагдах боломж үүсэх магадлалтай гэж үзэж байна.

Оруулах гэдэг нь Улсын Их Хурал заавал авч хэлэлцэх мөн эсэх?

Энэ асуудлыг гадаад улсын хууль тогтоомжтой харьцуулан судлах шаардлагагүй байна. Учир нь манайхаас бусад улс аливаа шүүхийн шийдвэрийг, тэр дундаа Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг ямар ч байдлаар дахин хэлэлцдэггүй байна. Хууль тогтоогч нь холбогдох шийдвэрийг хүлээн авч ямар хууль, бусад актыг Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрт хэрхэн нийцүүлэх талаар л хэлэлцэх ёстой гэж гадаадын болон монголын нэр хүнд бүхий эрдэмтэд үздэг. Тухайлбал, манай улсын Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн нэртэй эрдэмтэн доктор, профессор Г.Совд Монгол Улсын Үндсэн хуульд эрдэм шинжилгээний тайлбарыг өгөхдөө “...Цэц өөрийн үйл ажиллагаагаа хариуцан тайлагнахын тулд шийдвэрээ дүгнэлт хэлбэрээр гаргаж, Улсын Их Хуралд өгч байгаа хэрэг биш, Улсын Их Хурал хууль тогтоох засаглалын дээд эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага учраас өөрийн гаргасан аливаа шийдвэр болон ... бусад ... хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэйг хүндэтгэсэн хандлага юм гэжээ.

Иймд Үндсэн хуулийн эрх зүйн хувьд Цэцийн оруулсан холбогдох шийдвэрийг Улсын Их Хурал хүлээн авч ямар хууль, бусад актыг яаж өөрчлөх талаар л хэлэлцэх нь зөв гэж үзэж байна.

Бичиг хэргээр хүргүүлэх нь оруулах нь мөн эсэх?

Тухайн тохиолдолд танилцуулах нь оруулахын дараагийн арга хэмжээ, алхамын хувьд бөгөөд Цэцийн бие даасан, гишүүний хараат бус байдлыг хангах үүднээс “оруулахыг” илгээх, хүргэх үйлдлээр хязгаарлан үзэж, нөгөөтэйгүүр Цэцийн зүгээс, Улсын Их Хурал дүгнэлттэй танилцах, цаашид авах арга хэмжээгээ хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхэд халдахгүйн баталгааг хангахын тулд албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу оруулахыг бичиг хэргээр хүргүүлэн, хүлээлгэн өгөх нь зохимжтой нэг хэлбэр гэж үзэж байна.” гэжээ.

Зургаа. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн 02 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт:

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулжээ.

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулах журам тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчийн хараат бус байдлын зарчмыг алдагдуулсан байна.

3. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцсон Цэцийн аль нэгэн гишүүн Цэцийн дүгнэлтийг зөвхөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь Үндсэн хуульд харшлахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.” гэжээ.

Тогтоох хэсэгт:

1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтад “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, 32.1.9 дэх заалт, 32.2.1 дэх заалт, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.”, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

3. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтын “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтын “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтын “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн 2010 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 2010 оны хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

Долоо. Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн 22 дугаар тогтоол гаргасан байна. Уг тогтоолд:

“1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “32.1.1.Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтад “32.1.9.Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтад “32.2.1.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “35.4. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловчшүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль,... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гээд дагаж мөрдөх хугацааг заасан байна.

Найм. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

“...Нэг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар өмнө нь Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн З.Энхболд, Д.Балдан-Очир нараас 2010 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 5/988 тоот албан бичгээр тайлбараа хүргүүлсэн билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийн үндэслэл хэсэгт: Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэж тодорхой заасан байтал 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар Цэцийн дүгнэлтийг “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд ... танилцуулна” болгон өөрчилж, утга санааг нь гажуудуулжээ гэжээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.” гэсэн заалтын дагуу Улсын Их Хурал үйл ажиллагааны дэгээ баталж, Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг хуульчилж өгсөн нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд “оруулна” гэсэн заалтыг өөрчилж, утга санааг нь гажуудуулсан гэж үзэж болохгүй. Үндсэн хуулийн тус заалтын органик хууль болох Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар нарийвчлан үйл ажиллагааны журмыг хуульчилж өгсөн хэрэг болно.

Иймд Монгол Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд дэгээ баталж, тухайн асуудлыг Улсын Их Хурлаар яаж хэлэлцэх эсэхээ тогтоосон дэгийн заалт нь Цэцийн хараат бус байдалд нөлөө үзүүлж байна гэсэн дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар Цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэх үед Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж “...2006 он хүртэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг зөвхөн нэгдсэн хуралдаанд оруулдаг. Илтгэгч гишүүн буюу урьдчилан шалгасан гишүүн оруулсан илтгэлийг сонсгодог ийм л дэг журамтай явж байсан юм билээ. Энэ байдлыг 2006 оны оруулсан дэгийн хуулиар өөрчилсөн. Үүнээс болж Цэцийн хараат бус байдалд нөлөө үзүүлж байна гэж Цэц үзсэн” гэсэн тайлбар өгсөн нь үндэслэл болохгүй бөгөөд Улсын Их Хурлаар шийдвэр гаргадаг аливаа асуудлыг Байнгын хороогоор дамжуулан хэлэлцдэг нийтлэг зарчимтай нийцүүлсэн хэрэг мөн.

Цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтэд дурдагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтууд нь Цэцээс маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нөлөөлж болохуйц, Улсын Их Хурлын гишүүдээс үзэл бодлоо туслгасан, Цэцийн онцгой статусыг зөрчсөн гэж үзэхгүй байна.

Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт Үндсэн хуулийн цэц маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулахаар заасан нь Цэцийн Үндсэн хуулийн үүрэг бөгөөд орж ирсэн асуудлыг ямар дэгээр хэлэлцэх нь Улсын Их Хурлын бүрэн эрхийн асуудал юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалтад заасанчлан Улсын Их Хурлын гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж, хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах бүрэн эрхтэй билээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан ерөнхий зохицуулалт ёсоор Улсын Их Хурлын гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар үүний дотор Цэцийн дүгнэлтийн талаар асуулт асууж, хариулт авч байгаа явдлыг Үндсэн хууль зөрчсөн зохицуулалт гэж үзэхгүй бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хэлбэр юм.

Харин Цэцийн гишүүн маргааныг хянан шийдвэрлэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдан дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэдэг билээ ...” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

2. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9, 32.2.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт зааснаар Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга, түүний түр эзгүйд орлогч нь тус тус танилцуулж, уг төлөөллөөс гишүүд асуулт асууж, хариулт авахаар тогтоосон нь шүүхийн бие даасан байдал, Үндсэн хуулийн цэц, Үндсэн хуулийн цэцийн гишүүний болон шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх боломжийг нээж байгаагаараа Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулж байна.

3. Үндсэн хуулийн цэцийн аль нэгэн гишүүн Цэцийн дүгнэлтийг зөвхөн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж уншиж сонсгох нь Үндсэн хуульд харшлахгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Харин Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороогоор Цэцийн төлөөллийг байлцуулахгүйгээр хэлэлцэх эрх нь Улсын Их Хуралд нээлттэй байна.

4. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.9, 32.2.1 дэх заалт, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 3, 4, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2, 32 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 32.1.9 дэх заалтад “Цэцийн дүгнэлтийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд Цэцийн дарга, түүний орлогчоос болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;”, 32.2.1 дэх заалтад “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд Цэцийн дүгнэлтийг Цэцийн дарга, түүний түр эзгүйд орлогч нь танилцуулна;”, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт “Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр шүүхийн тогтоолыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Цэцийн дүгнэлтийг дарга нь тус тус танилцуулж гишүүдийн асуултад хариулна.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.”, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай.

2. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” 22 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Ж.БОЛДБААТАР

Ж.АМАРСАНАА

Д.НАРАНЧИМЭГ

Ц.САРАНТУЯА

Д.МӨНХГЭРЭЛ

Б.ПҮРЭВНЯМ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2010 оны 6 дугаар сарын 9-ны өдөр Улаанбаатар хот