Хэвлэх DOC Татаж авах
ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 148

ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 32.3 дугаар заалт, “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” MNS 5488:2005 Монгол Улсын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Үр хөндөлтийг зохицуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээний стандартын дагуу орчин нөхцлийг бүрдүүлэх, журмыг чанд баримтлан мөрдөн ажиллахыг  Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газрын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.Үр хөндөлтийн хор уршиг, ялангуяа аюултай үр хөндөлтөөс сэргийлэх талаар олон нийтэд сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулах, гарын авлага, зурагт хуудас боловсруулах, мэдээлэл, сургалт сурталчилгааны арга зүйгээр хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (Ө.Ганчимэг), Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

4.Үр хөндөлтийн бүртгэл мэдээллийг чанаржуулах, аюултай үр хөндөлтийн тохиолдлыг бүртгэн улирал бүрийн эхний сарын 05-ны дотор Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтэст албан бичгээр ирүүлэх, сарын мэдээг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Тогтолцооны судалгаа, статистикийн хэлтэст мэдээлж байхыг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт үүрэг болгосугай.

5.Эрүүл мэндийн тухай хуулийн 32.1.1, 32.1.2 дахь заалт, Монгол улсын “Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ” MNS 5488:2005 стандарт, энэхүү журмыг зөрчсөн нь нотлогдсон тохиолдолд эмнэлгийн мэргэжилтний “Эмчлэх, сувилах, эм барих” зөвшөөрлийг хүчингүй болгохыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд, эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга, Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн чиглэлээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комиссын дарга нарт тус тус даалгасугай.

6.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяад  даалгасугай.

7.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2010 оны 105 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                           САЙД                                             Н.УДВАЛ

/Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 110 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсаныг тусгасан/