Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 263 ДУГААР ЗҮЙЛ, ТҮҮНИЙ ТАЙЛБАР НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛ

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 263 ДУГААР ЗҮЙЛ, ТҮҮНИЙ ТАЙЛБАР НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТУУДЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2008 оны 4 дүгээр сарын 16 Улаанбаатар хот





Дугаар 05 

                                                                                                                                                                                   Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 
                                                                                                                                                                                                                      15.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж /даргалж/, гишүүдэд Н.Жанцан, Ж.Амарсанаа, Д.Наранчимэг, Б.Пүрэвням /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж оролцов.
Өргөдөл гаргагч Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн Л.Гүндалай цэцийн хуралдаанд биечлэн оролцоогүй бөгөөд хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлснийг Цэцийн бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэн өргөдөл гаргагчийн хүсэлтийг хангах хүндэтгэн үзэх шалтгаангүй гэсэн Цэцийн 07 дугаар магадлал гаргав.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүний тайлбар нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг: Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Оргил хотхоны 4-ийн 4 тоотод оршин суугч, иргэн Л.Гүндалай Үндсэн хуулийн цэцэд 2008 оны 2 дугаар сарын 11-ний өдөр ирүүлсэн өргөдөлдөө:
“2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр батлан гаргасан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүнд оруулсан тайлбар нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан заалтуудтай зөрчилдөж улс төрийн зорилгоор ашиглагдаж байх тул Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгүүлэн дүгнэлт гаргуулахыг хүсч байна.
Төрийн, улс төрийн удирдах албан тушаалтнуудын гаргасан тушаал шийдвэрүүдээс болж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, хэн нэгэн иргэний эрх ашиг, сонирхолд их хэмжээний хохирол учирсан мэтээр, тухайн албан тушаалтныг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт улс төрийн зорилгоор, захиалгаар хууль хяналтын байгууллагад хэн дуртай нь гомдол гаргахад л Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд холбогдуулж болохоор байна.
Тэр ч байтугай төрийн, улс төрийн удирдах албан тушаалтны гаргаагүй тушаал шийдвэрийг гаргасан мэтээр, мөн түүнээс болж иргэд, аж ахуйн нэгжид хохирол учирсан мэтээр зориудаар болон захиалгаар гаргасан гомдолоос үүдэн энэ төрлийн гэмт хэрэгт хилсээр шалгагдаж тэр битгий хэл шийтгэгдэж байсан практик жишээ гадаадын улс орнуудад бий. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн тохиолдолд төрийн улс төрийн удирдах албан тушаалтан нь 5 жил хүртэл хугацаагаар төрийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхгүй болж байгаа нь улс төрч, удирдах албан тушаалтны хувьд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 9-д заасан “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй…” гэсэнтэй зөрчилдөж байна.
Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл нь төрийн, улс төрийн удирдах албан тушаалтнуудын хувьд шударгаар улс төрийн албан тушаал хашиж байсан, хашиж байгаа хүмүүсийн улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагаа, нэр хүнд зэрэгт сөргөөр нөлөөлж, цаашид Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхэд харшилж байна.
Албан тушаалын гэмт хэргийн субъект нь байгууллага, албан газар, аж ахуйн нэгжид захирамжлах, зохион байгуулах, захиргаа, аж ахуйн албан үүрэгтэй этгээд, засгийн төлөөлөгч, тусгайлан олгосон бүрэн эрхтэй хүмүүс байдаг атал Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд дурьдсан төрийн албан тушаалтан гэдэгт улс төрийн… удирдах албан тушаалтан байна гэсэн тайлбар “нэмж” оруулсан нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.9, 10 заалтуудыг тус тус зөрчиж байна. Хуулийн энэ заалтыг улс төрийн захиалгат үйл ажиллагаанд эсрэгээр ашиглах, хууль хяналтын байгууллагынханыг энэхүү үйл ажиллагаандаа татан оролцуулах сөрөг үр дагавартай байгаа тул маргаан үүсгэн шалгаж дүгнэлт гаргаж өгнө үү.
2000 оны сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хуралд миний бие ганцаар цөөнх болж, улс төрийн тэмцлийг тасралтгүй явуулж ирсэн билээ. Тухайн үед надад эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэн шалгаж, цагдан хорьж байв. Гэвч би ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй тул намайг суллаж, хэргийг хэрэгсэхгүй болгож байсан нь улс төрийн захиалгат үйл ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй юм.
2004 оны сонгуулиар миний бие нь Улсын Их Хуралд дахин сонгогдож улс төрийн тэмцлээ үргэлжлүүлсэн. Намайг мөрдөн мөшгих явдал төгсгөл болсонгүй, одоог хүртэл үргэлжлэн надаас өө сэв хайсаар 2006 онд Эрүүл мэндийн сайдаар томилогдон ажилласан үедээ гэмт хэргийн шинжтэй ямар нэгэн үйлдэл хийсэн байж болзошгүй гэсэн үндэслэлээр ХӨСҮТ-ийн захиралаар ажиллаж байсан Оюунчимэгийн хэрэгт намайг сэжигтэнээр гэнэт татаж төрийн, улс төрийн удирдах албан тушаалтан хэн боловч субъект нь болж болох Эрүүгийн хуулийн 263-ын 2-ыг зориуд сонгосон нь надад ихээхэн хохиролтой байдлыг бий болгож байна. Энэ зүйл ангид заасан гэмт хэрэгт улс төрийн удирдах албан тушаалтан хэнийг ч болов холбогдуулан үүгээр далимдуулан улс төрийн тавцангаас буулгах, бүр мөсөн шахан зайлуулах, улс төрийн захиалгат үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд ашиглах боломжийг нээж өгсөн байна.
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1-ийн “Улсын Их Хурал далан зургаан гишүүнтэй байна”, 29 дүгээр зүйлийн 2-ын “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн Улсын Их Хурлын гишүүн миний Үндсэн хуульд заагдсан эрхүүдийг зөрчин Авлигатай тэмцэх газраас Улсын Их Хурлын гишүүний эрхийг минь түдгэлзүүлэх, мөн гэр орон, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл, биед нэгжлэг, үзлэг хийхээр зөвшөөрөл авсан хэдий ч үзлэг, нэгжлэгийн алийг нь ч хийгээгүй ба Авлигатай тэмцэх газраас үзлэг, нэгжлэг хийхгүй гэсэн албан ёсны хариуг надад өгсөн билээ.
Үзлэг, нэгжлэг хийхгүй атлаа Улсын Их Хурлын гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулсан нь зохион байгуулалттай улс төрийн хэлмэгдүүлэлт мөн болохыг баталж байна.
Мөн Улсын Их Хурлын зарим гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулсан хэдий ч үзлэг, нэгжлэг хийхгүйгээр, мөн тэдэнд холбогдуулж буй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь мөн л улс төрийн захиалга байгаа нь харагдаж байна.
2008 оны Улсын Их Хурлын сонгууль цаг хугацааны хувьд ойртож ирсэн өнөө үед намайг үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 263-ын 2-оор яллуулахаар эрмэлзэж байгаа нь намын харъяаллаар нь ялгаварлан гадуурхаж, мөн Үндсэн хуульд заагдсан миний сонгогдох эрхийг хязгаарлаж, Улсын Их Хуралд дахин сонгуулахгүй байх, улмаар хэлмэгдүүлэх оролдлого, санаархалаа гүйцэлдүүлэхэд ашиглаж байгаа нь илэрхий байна.
Над руу чиглэсэн энэхүү зохион байгуулалттай үйл ажиллагаа нь дараах байдлуудаар тодорхой харагдаж байна. Үүнд: Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхэд урьдаас хөтөлбөргүй үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн ЭБШХ-ийн 95 дугаар зүйлийн 95.3, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын материалыг задруулахыг хориглоно гэсэн мөн хуулийн 189 дүгээр зүйл, мөрдөн байцаалтын мэдээ баримтыг задруулахыг хориглох тухай Эрүүгийн хуулийн 257 дугаар зүйл, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэсэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 заалтуудыг тус тус зөрчин намайг улсын өмч хөрөнгийг их хэмжээгээр ашиглан шамшигдуулсан аюултай гэмт хэрэгтэн мэтээр харуулахаар оролдож Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтад хүргүүлсэн нууц мэдээ, баримтуудыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тарааж миний нэр хүндийг олон нийтийн дунд, тэр тусмаа миний тойргийн сонгогчдын дунд унагах зорилго агуулсан үйл ажиллагаа явуулж байгаа байдлуудаар нотлогдож байна. Мөн Улсын Их Хурлаар миний болон бусад нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулсан ч үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлаас гаргасан 102 дугаар тогтоол, Улсын Прокурорын газраас зарим гишүүдийн хэргийг хэрэгсэхгүй болгосон зэрэг нь улс төрийн хэлмэгдүүлэлт ид явагдаж байгааг нотолж байна.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруутай болохыг нь өөрөөр нь нотлуулахаар, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэхийг хориглоно гэсэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 заалтыг зөрчин Авлигатай тэмцэх газраас өдөр бүр шахам намайг дуудаж хангалттай нотлох баримт байхгүй байхад өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж гэм бурууг надад оноохоор улайран зүтгэж байгаа нь зохион байгуулалттай ажиллагаа гэж үзнэ.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор нь нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хуульд заагдсан эрхийг хамгаалан яллах болон цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүрэгтэй атал надад холбогдуулж буй хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа зөвхөн дан ганц яллах, хүндрүүлэх талыг баримталж байна.
Иймд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийг баримтлан энэхүү өргөдлийг бичиж байгаа ба Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл болон тайлбарыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр: Иргэн Л. Гүндалай 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“Үндсэн хуулийн цэцэд би 2002 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, түүнд оруулсан тайлбар болох “…төрийн албан тушаалтан гэдэгт төрийн улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах албан тушаалтаныг хамааруулна” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн үндэслэлээр өргөдөл гаргасан билээ.
Миний өргөдлийн гол агуулга нь гэмт хэрэг үйлдээгүй байхад санаатайгаар, улс төрийн зорилгоор улс төрийн албан тушаалтныг энэ хуулийн заалтад хамруулан хэлмэгдүүлэх, хилс хэрэгт гүтгэх, улмаар улс төрийн сонгуульд нэр дэвших, сонгох, сонгогдох эрхийг хязгаарлахад ашиглаж болохоор байна гэж үзэж Улсын Их Хурлын гишүүн надад тохиолдож байгаа үнэн жишээ баримтуудаар нотолсон болно.
Үүнийг маань ч нотолсон хэрэг болж, миний өмнө гаргасан өргөдлийн агуулгад дурьдсан үндэслэлийг хууль тогтоогч харгалзан үзэж 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдөр эрүүгийн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөрөө засаж, “улс төрийн удирдах ...албан тушаалтан” гэснийг хуулиас хассан байна.
Гэтэл мөн хуулийн 263 дугаар зүйлийн болон тайлбарт нэмэлт өөрчлөлт оруулж, “энэ бүлэгт дурьдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулахаар” заажээ.
Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн тайлбараас “төрийн улс төрийн” гэснийг хассан нь хэлбэрийн төдийд хасагдсан байх ба нэмэлт өөрчлөлтөөр орсон тайлбарт улс төрийн албан тушаалта н нь агуулгын хувьд удирдах албан тушаалтанд багтаж байгаагаараа өмнө дурьдсан зөрчил арилаагүй байна.
Мөн түүнчлэн дээрх тайлбарт гүйцэтгэх албан тушаалтнууд энэ гэмт хэргийн субъект байхаар хүрээг нь өргөжүүлсэн байна. Төрийн гүйцэтгэх албан тушаалтнууд Төрийн албаны хуулийн дагуу дээд шатны албан тушаалтныхаа үүрэг даалгаварын дагуу захирах захирагдах зарчмаар ажилладаг. Гүйцэтгэх албан тушаалтан нь дээд шатны албан тушаалтнуудын өмнөөс энэхүү гэмт хэрэгт хамрагдахаар заагдсан байна.
Ийм учраас Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл болон тайлбар нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1-ийн “…Хүнийг …үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…”, 16 дугаар зүйлийн 10-т “…аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, 16 дугаар зүйлийн 9-д “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. …Мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, 16 дугаар зүйлийн 18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэсэн заалтуудыг тус тус зөрчих үндэслэл болж улс төрийн захиалгат үйл ажиллагаанд ашиглагдан улс төрийн удирдах албан тушаалтнуудыг хэлмэгдүүлэх үүд хаалгыг нээж байна.
Тухайлбал миний бие Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл ангиар сэжигтнээр татагдсанаас болж албан ажлаар гадаадын улс орон болон дотооддоо зорчих боломжгүй болохын зэрэгцээ гэмт хэрэгт үндэслэлгүйгээр хамрагдах нөхцөл үүсч байна гэж үзэж байна гэжээ.
Гурав: Монгол Улсын Их Хурлын даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 39 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж Цэцэд ирүүлсэн тайлбартаа:
Иргэн Л.Гүндалай өргөдөлдөө “улс төрийн албан тушаалтнуудын гаргасан тушаал шийдвэрүүдээс болж аж ахуйн нэгж, байгууллага, хэн нэгэн иргэний эрх ашиг сонирхолд их хэмжээний хохирол учирсан мэтээр тухайн албан тушаалтныг албан тушаалын байдал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэгт улс төрийн зорилгоор, захиалгаар хууль хяналтын байгууллагад хэн дуртай нь гомдол гаргахад л Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд холбогдуулж болохоор байна. Энэ зүйл улс төрийн удирдах албан тушаалтны улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлж, цаашид Үндсэн хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө эдлэхэд харшилж байна” гэжээ.
Монгол Улсын Эрүүгийн хууль нь Үндсэн хууль, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээнд үндэслэсэн бөгөөд ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, түүнийг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тогтоосон эрх зүйн акт юм.
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, Арван зургадугаар зүйлд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрх, хуульд зааснаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж нэр төрийг нь доромжилж болохгүй, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болох зэрэг хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан зарчмууд манай Эрүүгийн хуульд тусгалаа олсон билээ. Тухайлбал Эрүүгийн хуульд заасан Хууль ёсны зарчим /3 дугаар зүйл/, Хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим /5 дугаар зүйл/, Шударга ёсны зарчим /6 дугаар зүйл/, Энэрэнгүй ёсны зарчим /7 дугаар зүйл/ зэргийг дурдаж болно. Үүнээс үзэхэд Эрүүгийн хуулийн бүхий л хэм хэмжээ нь Үндсэн хуультай бүрнээ нийцсэн гэж үзэж болно.
Эрүүгийн хуульд албан тушаалын гэмт хэргийн тусгай бүлэг бий /28 дугаар бүлэг/. Хуульд энэ төрлийн гэмт хэргийн талаар тодорхойлолт өгөөгүй ч гэсэн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, хуурамч баримт бичиг үйлдэх зэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг албан тушаалын гэмт хэрэг гэж үздэг. Албан тушаалын гэмт хэрэг “албан тушаалтан” гэсэн тусгай субъекттэй байдгаараа онцлог. Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн тайлбарт “Энэ бүлэгт дурдсан гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна” гэж хуульчлан тайлбарласан байна.
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д төрийн албан тушаалыг төрийн улс төрийн, захиргааны, тусгай, үйлчилгээний гэж ангилсан ба 5.3-д төрийн албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байна гэж тодорхой заасан. УИХ-аас 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн тайлбарыг өөрчлөн найруулахдаа Төрийн албаны хуулийн дээрх заалттай уялдуулсан болно.
Тухайн этгээдийн үйлдсэн хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэрэг болохыг тогтоон хэргийг зүйлчилдэг. Эрүүгийн хуулийн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэсэн 263 дугаар зүйлийн объектив талын үндсэн шинж нь төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан байх явдал юм. Эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэлбэр нь үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрч болдог. Энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн нь давтан үйлдсэн, их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан гэсэн шинж болно.
Эрүүгийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд түүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролыг үл харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, 9 дүгээр зүйлийн 9.1-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага заавал хүлээлгэнэ”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Энэ хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан хэрэг үйлдэгдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.”, 10.2-т “Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу байгуулагдсан шүүхээс өөр байгууллага, албан тушаалтан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлэхийг хориглоно.” гэсэн заалт байгааг дахин энд дурдъя.
Энэ бүгдээс үзэхэд өргөдөл гаргагчийн бичсэнчлэн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийг төрийн улс төрийн удирдах албан тушаалтны улс төрийн болон сонгуулийн үйл ажиллагаа, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, улс төрийн тавцангаас шахан зайлуулах хэрэгсэл, улс төрийн захиалгат үйл ажиллагаа болгон ашиглаж байна гэж үзэж болохгүй.
Иймд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл, тайлбар нь Үндсэн хуулийн 14, 16 дугаар зүйлийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
Иргэн Л.Гүндалай өргөдөлдөө “Авлигатай тэмцэх газар үзлэг, нэгжлэг, хийгээгүй атлаа Улсын Их Хурлын гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын Их Хуралд оруулсан, Улсын прокурорын газраас Улсын Их Хурлын зарим гишүүдэд холбогдуулж буй эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж байгаа нь мөн л улс төрийн захиалга, Улсын Их Хурлын сонгууль цаг хугацааны хувьд ойртож ирсэн үед намайг үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 263.2-оор яллуулахаар эрмэлзэж байгаа, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн заалтуудыг зөрчин намайг улсын өмч хөрөнгийг их хэмжээгээр ашиглан шамшигдуулсан аюултай гэмт хэрэгтэн мэтээр харуулахыг оролдож Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтад хүргүүлсэн мэдээ, баримтуудыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд тарааж миний нэр хүндийг унагах зорилго агуулсан, улс төрийн хэлмэгдүүлэлт ид явагдаж байгааг нотолж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дан ганц яллах, хүндрүүлэх талыг баримтлан, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж гэм бурууг надад оноохоор улайран зүтгэж байгаа нь зохион байгуулалттай ажиллагаа гэж үзнэ” гэж бичжээ. Хуулийн байгууллага хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ажиллаж байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах нөхцөл, мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавих прокурорын байгууллагын тухай хуулиар тодорхой тогтоон өгсөн. Иймд энэ асуудлаар Улсын Их Хурал тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл, түүний тайлбар нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д “…Хүнийг …үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж үл болно…”, Арван зургадугаар зүйлийн 9-д “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Арван зургадугаар зүйлийн 10-т “…аль нэг нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно”, Арван зургадугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. …Мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно”, Арван зургадугаар зүйлийн 14-д “Монгол Улсын олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно.”, Арван зургадугаар зүйлийн 18-д “Улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” Хорин есдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтуудыг удирдлага болгон  МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ:
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэсэн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсгийн “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.”, мөн зүйлийн 263.2 дахь хэсгийн “Энэ хэргийг давтан үйлдсэн, уг хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, мөн зүйлийн тайлбарт: “Энэ бүлэгт дурьдсан төрийн албан тушаалтан гэдэгт төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал эрхэлж байгаа этгээдийг хамааруулна.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9, 10, 13, 14, 18, Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус зөрчөөгүй байна.
2. Энэхүү дүгнэлтийг 15 хоногийн дотор хэлэлцэн хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮН Н.ЖАНЦАН
Ж.АМАРСАНАА
Д.НАРАНЧИМЭГ
Б.ПҮРЭВНЯМ