Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/03 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ДАГУУ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ДАХИН СЭ

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ШИЙДВЭР
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 2005 ОНЫ 2/03 ДУГААР ДҮГНЭЛТИЙН ДАГУУ ХҮЧИНГҮЙ БОЛСОН ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ДАХИН СЭРГЭЭСЭН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАЛТЫН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Тогтоол/

2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 02

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, гишүүдэд П.Очирбат, Н.Жанцан, Ж.Болдбаатар, Д.Наранчимэг, Ц.Сарантуяа /илтгэгч/, Д.Мөнхгэрэл, Б.Пүрэвням нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа, Улсын Их Хурлын даргын 2009 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Зоригт нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/03 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг нь дахин сэргээсэн эсэх тухай маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн хяналтын журмаар хянан шийдвэрлэв.
Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяраа Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хандаж гаргасан мэдээлэлдээ:
“…Монгол Улсын Их Хурлаас 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд Онцгой албан татварын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж “эх орны үйлдвэрийн литр пиво тутамд 0.20 ам долларын, импортын литр пиво тутамд 0.50 ам долларын онцгой албан татвар ногдуулах”-аар заасан нь
Монгол Улсын Үндсэн хуулийн зарим хэсгийг зөрчсөн тухай нэр бүхий иргэний гомдлоор Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэн хянан шийдвэрлэгдэж, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар 2/03 дугаар дүгнэлт гарсан.
Уг дүгнэлтээр “эх орны үйлдвэрийн болон импортын пивоны татварын хувь хэмжээг ялгамжтай ногдуулахаар хуульчилсан”-аар Монгол Улс 1997 онд нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээр”-ийн удиртгал хэсгийн “Тариф болон худалдааны бусад саад тотгорыг багасгах, түүнчлэн олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоонд хүрэх” гэсэн заалт, 1 дүгээр зүйлийн “Үндэсний нэн тааламжтай нөхцөл”, 3 дугаар зүйлийн “Дотоодын татвар ногдуулалт болон зохицуулалтын үндэсний нөхцөл”-ийг зөрчсөн, ингэснээр Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж дүгнэсэн байна. Улмаар Монгол Улсын Их Хурал 2005 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 36 дугаар тогтоолоороо Үндсэн хууль зөрчсөн болохоо хүлээн зөвшөөрч Үндсэн хуулийн цэцийн 2/03 тоот дүгнэлтийг авсанаар цэцийн дүгнэлт эцсийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Гэтэл Улсын Их Хурал 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталж, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж татварын хувь хэмжээг нэмэгдүүлэн хуульчилж эх орны болон импортын пивоны татварын хувь хэмжээг харилцан адилгүй, ялгамжтай тогтоосноороо Монгол Улсын Үндсэн хуулийн 2005 оны 2/03 дугаар дүгнэлтээр хүчингүй болгосон Онцгой албан татварын тухай хуулийн хүчингүй болсон заалтыг татварын хувь хэмжээг нь өөрчлөх замаар агуулгаар нь шууд сэргээсэн байна.
Монгол Улсын Их Хурал дээрх Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн дахин зөрчсөн төдийгүй Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэрийг үл ойшоосон хариуцлагагүй үйлдэл гаргасан байна.
Мөн түүнчлэн Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1.2-д заасан “хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” болох тухай заалт, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйлийг агуулгаар нь зөрчсөн байх бөгөөд төрийн эрх барих дээд байгууллага нь Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа, илтэд санаатай зөрчсөн шийдвэр гаргаж эх орны үйлдвэрийн болон импортын бараа бүтээгдэхүүнд татварын ялгамжтай, тэгш бус нөхцөл тогтоосноороо Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн улс орнуудын өмнө тэр дундаа Монгол Улсад пиво импортлогч гишүүн орнуудын өмнө хариуцлагагүй, хууль тогтоомжийн хувьд тогтворгүй гэсэн сөрөг үр дагавар бүхий үнэлэлтийг авчрахаар үйлдэл гаргасан байна.
Дэлхийн худалдааны байгууллагын Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 2 дугаар бүлгийн 3 дугаар зүйлийн 2-т “Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг дэвсгэрт импортолсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хувь хэмжээнээс илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй” гэснийг Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн “…, мөн хүснэгтийн 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж” гэсэн хэсэг шууд зөрчсөн байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/03 дугаар дүгнэлт болон түүнийг хүлээн зөвшөөрсөн Улсын Их Хурлын 2005 оны 36 дугаар тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн маргаантай энэхүү мэдээлэл нь хууль зүйн үр дагавар хийгээд агуулгын хувьд адилхан (зөвхөн татварын хувь хэмжээ л өөрчлөгдсөн) болно.
Иймд Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр баталсан “Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн 1 дүгээр зүйлийн “…, мөн хүснэгтийн 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.
Хоёр. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Зоригт нар Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ирүүлсэн тайлбартаа:
“…1. Улсын Их Хурал 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргасан бөгөөд энэ хуулийн 1 дүгээр зүйлээр импортын пивонд харгалзах онцгой албан татвар “0.20” байсныг “0.35” гэж өөрчилсөн юм.
Хуулийн дээрх заалт Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн 2-ын “Хэлэлцэн тохиролцогч аливаа талын нутаг дэвсгэрээс гарал үүсэлтэй, хэлэлцэн тохиролцогч аль нэг өөр талын нутаг дэвсгэрт импортолсон бараанд дотоодын үйлдвэрлэлийн ижил бараанд шууд буюу шууд бус ногдуулдаг татвар, хураамжаас илүү хэмжээгээр дотоодын татвар, эсхүл аливаа төрлийн дотоодын бусад хураамжийг шууд буюу шууд бусаар ногдуулахгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж иргэн Б.Баяраа өргөдөл гаргажээ.
Энэхүү Ерөнхий хэлэлцээрт дотоодын үйлдвэрлэлийн тодорхой салбарт шаардлагатай тарифын хамгаалалтыг хэрэглэж болохуйцаар тарифын бүтцээ аль болох уян хатан байлгах боломжийг хөгжиж буй орнуудад олгосон байдаг. Тухайлбал, Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т “Хэлэлцэн тохиролцогч талууд өөрсдийн ард түмний амьдралын ерөнхий түвшинг дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засгийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор импортод нөлөөлөх хамгаалалтын буюу бусад арга хэмжээг авах шаардлагатай байж болох бөгөөд тухайн арга хэмжээ нь энэхүү хэлэлцээрийн зорилтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох учраас тэдгээрийг зүй ёсны гэж хэлэлцэн тохиролцогч талууд мөн хүлээн зөвшөөрч байна” гэж заасан байна. Энэ нь хөгжлийн түвшин доогуур, эсхүл, хөгжиж эхэлж байгаа улс дэлхийн худалдааны байгууллагын дүрмийг ягштал биелүүлэх шаардлагагүй гэсэн санааг агуулж байна гэж үзэж байна.
Иймд Онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар импортын пивонд онцгой албан татварын хэмжээг ялгавартай тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтын: “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд энэ нь үндэсний пиво үйлдвэрлэгчдийг хамгаалах зорилготой, Тариф, худалдааны тухай Ерөнхий хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн 2-т заасны дагуу хүлээн зөвшөөрөгдсөн хамгаалалтын арга хэмжээ гэж үзэж байна.
Нөгөө талаар Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр нь “…олон улсын худалдаан дахь ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоо байгуулах…” үндсэн зорилготой байдаг, түүнчлэн мөн хэлэлцээрээр барааг “аль нэг өөр орноос гарал үүсэлтэй, эсхүл, түүн рүү илгээж буй аливаа бараанд олгосон давуу тал, хөнгөлөлт, дархан эрх ямба нь Хэлэлцэн тохирогч бусад бүх Талын нутаг дэвсгэрээс гаралтай эсхүл эдгээр нутаг дэвсгэр рүү илгээж буй ижил бараанд ямар нэг болзолгүйгээр тэр даруй олгогдоно” гэдгийг хэлэлцэн тохирогч талууд зөвшөөрсөн байдаг. Энэ нь тодорхой төрлийн барааны хувьд аливаа улсын нутаг дэвсгэр дээр мөрдөгдөж буй татварын хэмжээ хэлэлцэн тохирогч бусад улсынхтай ойролцоо буюу хэт зөрүүгүй байх гэсэн санааг агуулж байна гэж үзэж байна. Гэтэл манайд пиво импортлогч орнуудын пивонд ногдуулж буй татварын хувь хэмжээ манай улсад мөрдөгдөж буй татварын хувьд хэмжээнээс зарим талаар хэт өндөр байна.
Нэмж хэлэхэд, дэлхийг хамарсан санхүүгийн хямралын нөхцөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлогын хүрээнд уг асуудлыг ялгавартайгаар тогтоосон бөгөөд импортоор оруулах пивоны онцгой албан татварыг нэмэгдүүлэхдээ дотоод зах зээлээс гадагш тэмүүлж байгаа валютын урсгалыг аль болох хумих бодлогын хүрээнд уг асуудлыг авч үзсэн болно.
Нөгөө талаар импортын пиво тээвэрлэлтийн явцад халах, хөрөх зэргээр чанар нь муудаж борлуулах явцад хадгалах хугацаа нь дуусах гэх мэтээр хэрэглэгчийн эрх ашгийг хохироох явдал гардаг. Иймд дотооддоо хямд үнэтэй, чанартай, шинэ пиво үйлдвэрлэн зах зээлийн хэрэгцээг хангах явдлыг татварын бодлогоор зохицуулах нь хэрэглэгчдийн эрх ашигт нийцсэн, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн арга хэмжээ юм.
Ер нь Онцгой албан татварын хууль маань бүхэлдээ импортлогч, дотоодын үйлдвэрлэгч нарт ялгавартай татварын тариф тогтоох зохицуулалттай бөгөөд пивоноос гадна хэд хэдэн төрлийн бүтээгдэхүүнд ийнхүү татварын ялгамжтай тариф хэрэглэснийг энд дурдах нь зүйтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
Эх орны үйлдвэрийн болон импортын литр пиво тутамд ялгавартай татвар ногдуулсан нь Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2/03 дугаар дүгнэлт гарснаас хойш 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг батлах хүртэл хугацаанд Монгол Улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын гэрээ, хэлэлцээрүүд болон Монгол Улсаас тус байгууллагын өмнө хүлээсэн үүрэг амлалтуудад өөрчлөлт ороогүй байхад Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2/03 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг дахин сэргээсэн болох нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны явцад тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйл, Yндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, Yндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС
ТОГТООХ НЬ:
1. 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн … 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж …өөрчилсүгэй” гэж эх орны үйлдвэрийн болон импортын литр пиво тутамд онцгой албан татварыг ялгавартайгаар ногдуулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2/03 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг дахин сэргээсэн байх тул 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “…5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж” өөрчилсөн хэсгийг хүчингүй болгосугай.
2. Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 29-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 5 дахь заалт хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ
ГИШҮҮД Н.ЖАНЦАН
П.ОЧИРБАТ
Ж.БОЛДБААТАР
Д.НАРАНЧИМЭГ
Ц.САРАНТУЯА
Д.МӨНХГЭРЭЛ
Б.ПҮРЭВНЯМ