Хэвлэх DOC Татаж авах

МинА, УРХИН МИНА болон бусад тӨхӨӨрӨмж хэрэглэхийг

хориглох буюу хЯзгаарлах тухай протокол (II Протокол)

 

1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталж,

 

1983 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болсон

 

1 дүгээр зүйл

 

Материалын хувьд хэрэглэх хүрээ

 

Энэхүү протокол нь мина, урхин мина болон энэхүү баримт бичгээр тодорхойлсон бусад төхөөрөмж, түүний дотор эрэг орчмын зурвас, усан зам буюу гол гатлах явдлыг саатуулах зорилгоор хуурай газарт мина тавьж хэрэглэхэд хамаарах бөгөөд харин тэнгис буюу дотоодын усан зам дээр хөлөг онгоцны эсрэг тавьсан минад хамаарахгүй.

 

2 дугаар зүйл

 

Тодорхойлолт

 

Энэхүү протоколын зорилгоор:

 

1.”Мина” гэж хүн буюу хөдөлгөөнт хэрэгсэл шууд нөлөөлсөн, ойртсон буюу хүрснээс болж тэсрэх буюу авалцах зориулалт бүхий газрын доор, газрын дээр буюу ойролцоо, эсхүл бусад гадаргад байрлуулсан аливаа байлдааны хэрэгслийг хэлэх бөгөөд “зайнаас тавих мина” гэж артиллер, пуужин, минамёт буюу тэдгээртэй адил төрлийн хэрэгслээр буюу хөлөг онгоцноос хаяж тавьсан дээр тодорхойлсон аливаа миныг хэлнэ.

 

2.”Урхин мина” гэж хор учруулахгүй мэт зүйлд хүн хүрэх буюу ойртох, эсхүл аюулгүй мэт үйлдэл хийхэд гэнэт ажиллаж үхэлд хүргэх буюу гэмтэл учруулахаар зориулагдсан, зохион бүтээсэн буюу тохируулсан аливаа төхөөрөмж буюу материалыг хэлнэ.

 

3.”Бусад төхөөрөмж” гэж гар ажиллагаагаар байрлуулж, алсын удирдлагын тусламжтайгаар, эсхүл тодорхой хугацаа өнгөрсний дараа автоматаар ажиллаж үхэлд хүргэх, гэмтэл буюу хохирол учруулах зориулалттай байлдааны хэрэгсэл, төхөөрөмжийг хэлнэ.

 

4.”Цэргийн объект” гэж шинж төрх, байрлал, зориулалт буюу хэрэглээний хувьд цэргийн үйл ажиллагаанд үр дүнтэй нөлөө үзүүлж бүхэлд нь буюу хэсэгчлэн сөнөөх, эзэлж авах буюу тухайн нөхцөл байдалд саармагжуулах чанар нь цэргийн илэрхий давуу байдал олгох объектуудыг аль нэг хэмжээгээр хамрах аливаа объектыг хэлнэ.

 

5.”Иргэний объект” гэж цэргийн объект гэж 4 дэх хэсэгт тодорхойлсон цэргийн объектоос бусад объектыг хэлнэ.

 

6.”Бүртгэл хөтлөх” гэж минын талбай, мина болон урхин минын байрлалыг тогтоох явдлыг хөнгөвчлөх бүх мэдээллийг албан ёсны баримт бичигт бүртгэх зорилгоор цуглуулахад зориулсан захиргаа, техникийн чанартай болон биет үйлдлийг хэлнэ.

 

3 дугаар зүйл

 

Мина, урхин мина болон бусад төхөөрөмж

хэрэглэхтэй холбогдсон нийтлэг хязгаарлалтууд

 

1.Энэ зүйл нь дор дурдсанд хамаарна:

 

a) мина;

 

b) урхин мина;

 

c) бусад төхөөрөмж.

 

2.Энэ зүйлд хамаарах зэвсгийг энгийн хүн ам буюу энгийн иргэний эсрэг дайрч довтлох, батлан хамгаалах, эсхүл халдах байдлаар ямар ч нөхцөл байдалд хэрэглэхийг хориглоно.

 

3.Энэ зүйлд хамаарах зэвсгийг нэлд нь хэрэглэхийг хориглоно. Нэлд нь хэрэглэх гэдэгт зэвсгийг дараахь байдлаар байрлуулахыг хэлнэ:

 

a)цэргийн бус объектод буюу цэргийн объектыг эсрэг чиглээгүй; буюу

 

b)цэргийн тодорхой объектын эсрэг чиглэсэн ажиллагаа явуулах боломжгүй аргаар зөөвөрөлөх буюу хэрэгсэл ашиглаж байрлуулсан; эсхүл

 

c)санамсаргүй байдлаар энгийн хүн амыг үхэлд хүргэх, энгийн иргэнд гэмтэл учруулах, энгийн иргэний объектод хохирол учруулах буюу эдгээрийн аль алиныг зэрэг учруулж болохуйц, энэ нь цэргийн тодорхой, шууд давуу байдлын хувьд тооцоолж байснаас хэтрэх.

 

4.Энэ зүйлд хамаарах зэвсгийн нөлөөллөөс энгийн иргэдийг хамгаалах зорилгоор сэргийлэн болгоомжлох бололцоотой бүх арга хэмжээг авна. Сэргийлэн болгоомжлох бололцоотой арга хэмжээ гэж хүмүүнлэгийн болон цэргийн шаардлагыг оролцуулан тухайн үеийн бүх нөхцөл байдлыг харгалзан хэрэглэж байгаа буюу хэрэглэх бололцоотой арга хэмжээг хэлнэ.

 

4 дүгээр зүйл

 

Зайнаас тавих минаас бусад мина, урхин мина

болон бусад төхөөрөмжийг суурин газарт

хэрэглэхэд хамаарах хязгаарлалт

 

1.Энэ зүйл нь дор дурдсанд хамаарна:

 

a) зайнаас тавих минаас бусад мина;

 

b)урхин мина; болон

 

c)бусад төхөөрөмж.

 

2.Энэ зүйлд хамаарах зэвсгийг хуурай замын хүчний хооронд байлдааны ажиллагаа шууд явуулаагүй буюу зайлшгүй гэж үзэхгүй бол аливаа хот, суурин, тосгон, эсхүл ижил хэмжээний энгийн иргэд төвлөрсөн бусад бүсэд дараахь аль нэг тохиолдлоос бусад үед хэрэглэхийг хориглоно:

 

a)эсрэг талын цэргийн объект буюу түүний хяналтад нь орших цэргийн объектонд, эсхүл ойр хэсэгт нь байрлуулсан; эсхүл

 

b)уг зэвсгийн нөлөөллөөс энгийн иргэдийг хамгаалах арга хэмжээ авсан, тухайлбал, анхааруулах тэмдэг тавьсан, харуул гаргасан, анхааруулж зарласан буюу хаалт тавьсан байх.

 

5 дугаар зүйл

 

Зайнаас тавих мина хэрэглэхэд

Хамаарах хязгаарлалт

 

1.Зайнаас тавих миныг зөвхөн өөрөө цэргийн объект болох бүс буюу цэргийн объект байрлах бүсэд хэрэглэхээс бусад дараахь тохиолдолд уг төрлийн миныг хэрэглэхийг хориглоно:

 

a)7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (а)-д заасны дагуу тэдгээрийн байрлалыг нарийвчлан бүртгэсэн; эсхүл

 

b)ийм мина бүрт өөрийгөө устгах үр дүнтэй механизмыг хэрэглэсэн байх, өөрөөр хэлбэл байлдааны зорилгоор тавьсан мина нь энэ зорилгод зориулагдахаа болих нь урьдчилан мэдэгдэхэд мина ангижруулах буюу түүнийг устгахад зориулагдсан өөрөө ажиллах механизм, эсхүл байлдааны зорилгоор тавьсан мина нь энэ зорилгод зориулагдахаа болиход мина ангижруулах буюу түүнийг устгахад зориулагдсан алсын удирдлагатай механизмыг хэрэглэсэн байх.

 

2.Боломжгүй нөхцөл байдлаас бусад тохиолдолд энгийн хүн амд хор уршиг учруулж болох зайнаас тавих миныг байрлуулах буюу хаяж байрлуулах бүрд үр дүнтэй анхааруулгыг урьдчилж өгнө.

 

6 дугаар зүйл

 

Тодорхой төрлийн урхин мина хэрэглэхийг

хориглох тухай

 

1.Итгэл эвдэх, гэнэтийн довтолгоотой холбогдолтой зэвсэгт мөргөлдөөний үед хэрэглэдэг олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нөлөөлөхгүйгээр ямар ч нөхцөлд дараахь зүйлийг хэрэглэхийг хориглоно:

 

a)тэсрэх бодис агуулахаар тусгайлан зориулагдан зохион бүтээгдэж ойртох буюу хүрэхэд тэсэрч дэлбэрэх хор учруулахааргүй өөр төрлийн эд зүйлсийн хэлбэрээр хийгдсэн аливаа урхин мина; эсхүл

 

b)аливаа байдлаар дараахь зүйлтэй нэгтгэсэн буюу хамтатгасан урхин мина:

 

(i)олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хамгаалалтын бэлгэ тэмдэг, тэмдэг буюу дохио;

 

(ii) өвчтөн, шархтан буюу үхдэл;

 

(iii)оршуулгын газар буюу шарил чандарлах газар эсхүл булш;

 

(iv)эмнэлгийн багаж, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл буюу эмнэлгийн тээвэр;

 

(v)хүүхдийн тоглоом буюу хүүхэд хооллох, хүүхдийн эрүүл мэнд, ариун цэвэр, хувцас буюу боловсролд тусгайлан зориулсан бусад бага оврын зүйл буюу хүнсний зүйл;

 

(vi)хүнсний буюу ундааны зүйл;

 

(vii)цэргийн байгууллага, цэргийн байрлал буюу цэргийн нөөцийн агуулахад байгаагаас бусад гал тогооны багаж хэрэгсэл;

 

(viii)шашин шүтлэгийн илэрхий шинж чанартай зүйл;

 

(ix)ард түмний соёл, оюун санааны өв болсон түүхийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл буюу тахилга шүтлэгийн газар;

 

(x)амьтан буюу тэдгээрийн цогцос.

 

2.Хэт хүнд гэмтэл буюу шаардлагагүй өвдөлт гэмтэл учруулахад зориулагдсан аливаа урхин миныг ямар ч нөхцөл байдалд хэрэглэхийг хориглоно.

 

7 дугаар зүйл

 

Минын талбай, мина болон урхин минын

байрлалыг бүртгэх болон хэвлэн нийтлүүлэх

 

1.Мөргөлдөөнд оролцогч талууд дараахь зүйлийн байрлалыг бүртгэнэ:

 

a)мина тавихаар урьдчилан төлөвлөсөн бүх талбайн байрлал;

 

b)урьдчилсан төлөвлөгөөний дагуу урхин миныг өргөн хэмжээгээр хэрэглэсэн бүх бүс.

 

2.Талууд минын бусад бүх талбай, өөрсдийн тавьсан буюу байрлуулсан мина болон урхин минын байрлалыг бүртгэх явдлыг хангахыг эрмэлзэнэ.

 

3.Ийм бүх бүртгэлийг талууд хадгалах бөгөөд:

 

a)дайтах идэвхтэй ажиллагаа зогссоны дараа цаг алдалгүй:

 

(i)тухайн бүртгэлийг ашиглахыг оролцуулан минын талбай, мина болон урхин минын нөлөөллөөс энгийн иргэдийг хамгаалах шаардлагатай болон тохиромжтой бүх арга хэмжээг авна;

 

(ii)аль ч талын зэвсэгт хүчин эсрэг талын нутаг дэвсгэрт байрлаагүй тохиолдолд эсрэг талын нутаг дэвсгэр дэх минын талбай, мина болон урхин минын байрлалын тухай өөрсдийн мэдэлд байгаа бүх мэдээллийг өөр хоорондоо болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад өгөх; эсхүл

 

(iii)эсрэг талын нутаг дэвсгэрээс талууд өөрийн зэвсэгт хүчинг бүрэн гаргасны дараа эсрэг талын нутаг дэвсгэр дэх минын талбай, мина болон урхин минын байрлалын тухай өөрсдийн мэдэлд байгаа бүх мэдээллийг эсрэг талд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад өгнө.

 

b)Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчин буюу төлөөлөгчид аливаа бүсэд үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд 8 дугаар зүйлд дурдсан байгууллагад уг зүйлийн дагуу шаардагдах мэдээллийг өгнө.

 

c)Боломжтой үед хоёр тал харилцан тохиролцсоны дагуу минын талбай, мина болон урхин минын байрлалын тухай мэдээллийг нийтэд зарлах, тухайлбал дайтах ажиллагааг зогсоох асуудлыг зохицуулах хэлэлцээрт энэ тухай заана.

 

8 дугаар зүйл

 

Минын талбай, мина болон урхин минын нөлөөллөөс

Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчин

болон төлөөлөгчдийг хамгаалах

 

1.Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчин буюу төлөөлөгчид аливаа бүсэд энхийг сахиулах, ажиглах буюу үүнтэй ижил төрлийн үүрэг гүйцэтгэж байгаа үед мөргөлдөөнд оролцогч тал бүр тухайн бүсэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчин буюу төлөөлөгчдийн тэргүүнийг хүссэн тохиолдолд дараахь зүйлийг боломжийн хэрээр хийнэ:

 

a)тухайн бүс дэх бүх мина буюу урхин миныг цэвэрлэх буюу аюулгүй болгоно;

 

b)Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах хүчин буюу төлөөлөгчийн албан үүргээ гүйцэтгэж байх үед минын талбай, мина болон урхин минын нөлөөллөөс хамгаалахад шаардагдаж болох арга хэмжээ авна;

 

c)тухайн бүс дэх минын талбай, мина болон урхин минын байрлалын тухай уг талд байгаа бүх мэдээллийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тухайн бүсэд байгаа энхийг сахиулах хүчин буюу төлөөлөгчдийн тэргүүнд өгнө.

 

2.Нөхцөл байдлыг тогтоох үүрэг бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчид аливаа бүсэд үүргээ гүйцэтгэж байгаа үед холбогдох мөргөлдөөнд оролцогч аливаа тал уг төлөөлөгчдийн бүрэлдэхүүний тооноос шалтгаалж тэдгээрийг зохих ёсоор хамгаалж чадахгүй тохиолдлоос бусад тохиолдолд тухайн төлөөлөгчдийг хамгаалалтаар хангана. Энэ тохиолдолд дурдсан тал тухайн бүс дэх минын талбай, мина болон урхин минын байрлалын тухай өөрийн мэдэлд байгаа мэдээллийг төлөөлөгчдийн тэргүүнд өгнө.

 

9 дүгээр зүйл

 

Минын талбай, мина болон урхин миныг цэвэрлэх талаар

олон улсын хэмжээнд хамтран ажиллах

 

Дайтах идэвхтэй ажиллагааг зогссоны дараа мөргөлдөөнд оролцогч талууд мөргөлдөөний үеэр минажуулсан талбай, мина болон урхин миныг цэвэрлэх буюу өөр бусад аргаар аюулгүй болгоход шаардагдах мэдээлэл өгөх, түүнчлэн зохих нөхцөл байдалд хамтын үйл ажиллагаа явуулахыг оролцуулан техникийн болон материалын туслалцаа үзүүлэх тухай өөр хоорондоо, мөн зохих нөхцөлд бусад улс болон олон улсын байгууллагуудтай хэлэлцээр байгуулахыг эрмэлзэнэ.

 

МИНА, УРХИН МИНА БОЛОН БУСАД ТӨХӨӨРӨМЖИЙГ

ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ БУЮУ ХЯЗГААРЛАХ

ТУХАЙ ПРОТОКОЛ (II ПРОТОКОЛ)-ЫН ТЕХНИКИЙН ХАВСРАЛТ

 

Протоколын дагуу минын талбай, мина болон урхин минын байрлалыг бүртгэх үүрэг гарахад дараахь удирдамжийг анхааралд авна:

 

1.Урьдчилан төлөвлөсөн минын талбай болон урхин миныг өргөн хэмжээгээр урьдчилан төлөвлөн хэрэглэхийн хувьд:

a)газрын зураг, диаграмм болон бусад бүртгэлийг минын талбай буюу урхин мина тавьсан бүсийн хязгаарыг заасан байхаар үйлдсэн байна;

 

b)минын талбай буюу урхин мина тавьсан бүсийг нэгдсэн цэгийн солбицлын байрлалтай холбон тогтоож, мина буюу урхин мина бүхий бүсийн ойролцоолсон хэмжээг тухайн нэгдсэн цэгтэй холбон минын талбай буюу урхин мина тавьсан бүсийн байрлалыг тогтооно.

 

2.Байрлуулсан буюу минажуулсан бусад талбай, мина болон урхин минын хувьд:

 

Дээрх 1 дэх хэсэгт дурдсан холбогдох мэдээллийг боломжийн хэрээр минын талбай, мина болон урхин мина бүхий бүсийг тогтоож болох байдлаар бүртгэнэ.