Хэвлэх DOC Татаж авах

Шатаах зэвсэг хэрэглэхийг хориглох буюу

хязгаарлах тухай Протокол (III Протокол)

 

1980 оны 10 дугаар сарын 10-ны өдөр баталж,

 

1983 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүчин төгөлдөр болсон

 

1 дүгээр зүйл

 

Тодорхойлолт

 

Энэхүү протоколын зорилгоор:

 

1.”Шатаах зэвсэг” гэж онилсон байд хүргэсэн бодисын химийн урвалын үр дүнд дөл, дулаан буюу аль алины үйлчилсний улмаас объектод гал гаргах буюу хүнийг түлэх үндсэн зориулалт бүхий аливаа зэвсэг буюу байлдааны хэрэгслийг хэлнэ.

 

a)шатаах зэвсэг нь дараахь хэлбэрээр, тухайлбал гал харвуул, фугас, сум, пуужин, гранат, мина, бөмбөг болон шатах шингэн агуулсан бусад зүйл байж болно.

 

b)дараахь зүйл шатаах зэвсэгт хамаарахгүй:

 

(i)Гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэлт сум, утааны болон дохионы систем зэрэг гэнэтийн тохиолдлоор шатаах үйлчлэл үзүүлж болох хэрэгсэл;

 

(ii)Шатаах үйлчилгээ нь хүнд түлэгдэл учруулахад тусгайлан зориулагдаагүй боловч хуягт машин, хөлөг онгоц, тоног төхөөрөмж буюу барилга байгууламж зэрэг цэргийн объектын эсрэг хэрэглэдэг хуягт нэвтлэх сум, хэлтэрхий сум, тэсрэх бөмбөг болон үүний ижил давхар үйлчилгээтэй нэвтрэх, тэсрэх эсхүл задран дэлбэрэхийн зэрэгцээ шатаах чадварыг хослуулан үйлчлэх зориулалт бүхий байлдааны хэрэгсэл.

 

2.”Энгийн хүн амын төвлөрөл” гэж байнга, эсхүл түр хугацааны аль нь болохоос үл хамааран хотын суурин хэсэг, суурин гацаа буюу тосгон, эсхүл дүрвэгсэд буюу нүүлгэж байгаа хүмүүсийн лагерь, хуаран, эсхүл нүүдэлчдийн хэсэгт байдгийн адил аливаа энгийн хүн амын төвлөрөлтийг хэлнэ.

 

3.”Цэргийн объект” гэж шинж төрх, байрлал, зориулалт буюу хэрэглээний хувьд цэргийн үйл ажиллагаанд үр дүнтэй нөлөө үзүүлж бүхэлд нь буюу хэсэгчлэн сөнөөх, эзэлж авах буюу тухайн нөхцөл байдалд саармагжуулах чанар нь цэргийн илэрхий давуу байдал олгох объектуудыг аль нэг хэмжээгээр хамрах аливаа объектыг хэлнэ.

 

4.”Иргэний объект” гэж цэргийн объект гэж 3 дахь хэсэгт тодорхойлсон цэргийн объектоос бусад объектыг хэлнэ.

 

5.“Сэргийлэн болгоомжлох бололцоотой арга хэмжээ” гэж хүмүүнлэгийн болон цэргийн шаардлагыг оролцуулан тухайн үеийн бүх нөхцөл байдлыг харгалзан хэрэглэж байгаа буюу хэрэглэх бололцоотой арга хэмжээг хэлнэ.

 

2 дугаар зүйл

 

Энгийн хүн ам, энгийн иргэний объектыг хамгаалах

 

1.Шатаах зэвсэг хэрэглэн энгийн хүн ам буюу энгийн иргэний объектод ямар ч нөхцөл байдалд халдахыг хориглоно.

 

2.Агаараар хүргэсэн шатаах зэвсгийг хэрэглэн энгийн хүн ам төвлөрсөн бүсэд орших аливаа цэргийн объектод ямар ч нөхцөл байдалд халдахыг хориглоно.

 

3.Цэргийн объект нь энгийн хүн амын төвлөрөлтөөс тодорхой тусгаарлагдсан болон цэргийн объектод учрах шатаах нөлөөллийг хязгаарлах аливаа тохиолдолд санамсаргүй байдлаар энгийн иргэдийг үхэлд хүргэх, гэмтэл учруулах, энгийн иргэний объектод хохирол учруулах явдлыг хамгийн бага хэмжээнд хүргэхэд чиглэсэн сэргийлэн болгоомжлох бололцоотой бүх арга хэмжээг авсан байх тохиолдлоос бусад тохиолдолд энгийн хүн ам төвлөрсөн газар байрлуулсан аливаа цэргийн объектыг агаараар тээвэрлээгүй шатаах зэвсэг хэрэглэн халдахыг мөн хориглоно.

 

4.Байгалийн элементүүд нь байлдагч буюу цэргийн объектыг хучих, нуун халхлах, өнгөлөн далдлахад ашиглагдах буюу өөрсдөө цэргийн объектууд болох тохиолдлоос бусад тохиолдолд ой мод буюу ургамлын бусад төрөлд шатаах зэвсэг хэрэглэн халдахыг хориглоно.