A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • ХИМИЙН ЗЭВСЭГ БОЛОВСРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭХ, НӨӨЦЛӨХ БОЛОН ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ, ТҮҮНИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦ
Бүлэг: 1979

ХИМИЙН ЗЭВСЭГ БОЛОВСРУУЛАХ, ҮЙЛДВЭРЛЭХ,

НӨӨЦЛӨХ БОЛОН ХЭРЭГЛЭХИЙГ ХОРИГЛОХ,

ТҮҮНИЙГ УСТГАХ ТУХАЙ КОНВЕНЦ

1993 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталж,

1997 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүчин төгөлдөр болсон

Энэхүү конвенцид оролцогч улсууд,

олон улсын чанд бөгөөд үр дүнтэй хяналтын дор зэвсгийг бүх нийтээр, бүрэн хураах, түүний дотор үй олноор хөнөөх зэвсгийн бүх төрлийг хориглох болон устгах чиглэлд үр дүнтэй дэвшилд хүрэх үүднээс үйл ажиллагаа явуулах шийдвэр төгс байж,

Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн зорилго, зарчмыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахыг хүсч,

Амьсгал боогдуулагч, хортой буюу тэдгээртэй ижил бусад хий болон бактериологийн хэрэгслийг дайнд хэрэглэхийг хориглох тухай 1925 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Женев хотноо гарын үсэг зурсан протокол (1925 оны Женевийн протокол)-ын зарчим, зорилгод харшлах бүх үйл ажиллагааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей нэг бус удаа буруушааж ирснийг санаж,

1925 оны Женевийн протокол, мөн Лондон, Москва, Вашингтон хотноо 1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан Бактериологийн (биологийн) болон токсины зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох болон тэдгээрийг устгах тухай конвенцийн зарчим, зорилго болон дээрх протокол, конвенцийн дагуу хүлээсэн үүргийг энэхүү конвенцид дахин нотолж байгааг хүлээн зөвшөөрч,

Бактериологийн (биологийн) болон токсины зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох болон тэдгээрийг устгах тухай конвенцийн 9 дүгээр зүйлд тусгагдсан зорилгыг анхаарч,

бүх хүн төрөлхтний ашиг тусын тулд энэхүү конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэх замаар химийн зэвсэг хэрэглэх боломжийг бүрмөсөн арилгаж, улмаар 1925 оны Женевийн протоколын дагуу хүлээсэн үүргийг нэмэгдүүлэх шийдвэр төгс байж,

гербицидийг дайны хэрэгсэл болгон ашиглахыг зохих хэлэлцээр болон олон улсын эрх зүйн холбогдох зарчимд хориглосныг хүлээн зөвшөөрч,

химийн шинжлэх ухааны ололт амжилтыг гагцхүү хүн төрөлхтний сайн сайхны төлөө хэрэглэх ёстой хэмээн үзэж,

оролцогч бүх улсын эдийн засаг, технологийн хөгжлийг урагшлуулахын тулд энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор химийн бодисын чөлөөт худалдаа явуулах, түүнчлэн химийн үйл ажиллагааны салбарт олон улсад хамтран ажиллах, шинжлэх ухаан, техникийн мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлэхийг хүсч,

химийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, олж авах, нөөцлөх, хадгалах, шилжүүлэх болон хэрэглэхийг бүрмөсөн үр дүнтэй хориглох, түүнийг устгах нь эдгээр нийтлэг зорилгод хүрэхэд шаардлагатай алхам мөн гэдэгт итгэж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Нийтлэг үүрэг

1.Энэхүү конвенцид оролцогч улс бүр дараахь үйл ажиллагааг хэзээ ч ямар ч нөхцөл байдалд явуулахгүй байх үүрэг хүлээнэ:

(a)химийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, өөрөөр олж авах, нөөцлөх буюу хадгалах, эсхүл шууд буюу шууд бусаар аливаа этгээдэд шилжүүлэх;

(b)химийн зэвсэг хэрэглэх;

(c)химийн зэвсэг хэрэглэх цэргийн аливаа бэлтгэл ажиллагаа явуулах;

(d)оролцогч улсад энэхүү конвенцоор хориглосон аливаа үйл ажиллагаа явуулахад нь аливаа этгээдэд ямарваа байдлаар туслах, өөгшүүлэн дэмжих, ятган нөлөөлөх.

2.Оролцогч улс бүр өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан дор орших аливаа газарт байрлах химийн зэвсгийг энэхүү конвенцийн заалтад нийцүүлэн устгах үүрэг хүлээнэ.

3.Оролцогч өөр улсын нутаг дэвсгэрт орхисон химийн бүх зэвсгээ оролцогч улс бүр энэхүү конвенцийн заалтад нийцүүлэн устгах үүрэг хүлээнэ.

4.Оролцогч улс бүр өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан дор орших аливаа газарт байрлах химийн зэвсэг үйлдвэрлэх аливаа байгууламжийг энэхүү конвенцийн заалтад нийцүүлэн устгах үүрэг хүлээнэ.

5.Оролцогч улс бүр хэв журам сахиулах зорилгоор хэрэглэдэг бодисыг дайны хэрэгсэл болгон ашиглахгүй байх үүрэг хүлээнэ.

2 дугаар зүйл

Тодорхойлолт, шалгуур нөхцөл

Энэхүү конвенцийн зорилгод:

1.“Химийн зэвсэг” гэж хамтад нь буюу тус тусад нь дараахь зүйлийг хэлнэ:

(a)төрөл, тоо хэмжээ нь эдгээр зорилгод нийцэж байгаа тохиолдолд энэхүү конвенцоор хориглоогүй зорилгод ашиглахаас бусад химийн хорт бодис болон тэдгээрийн прекурсор;

(b)тийм байлдааны хэрэгсэл, төхөөрөмж ашигласны үр дүнд (а) дэд хэсэгт заасан химийн хорт бодисын хорт шинж ялгарч үхэлд хүргэх буюу бусад гэм хор учруулах тусгай зориулалт бүхий байлдааны хэрэгсэл, төхөөрөмж;

(c) (b) дэд хэсэгт заасан байлдааны хэрэгсэл, төхөөрөмжийг ашиглахтай шууд холбогдуулан хэрэглэх тусгай зориулалт бүхий аливаа тоног төхөөрөмж.

2.“Химийн хортой бодис” гэж:

Химийн үйлчлэлээрээ амьдралын явцад нөлөө үзүүлснээр хүн буюу амьтныг үхэлд хүргэх, чадварыг нь түр алдагдуулах, мөн байнгын гэм хор учруулж болох химийн аливаа бодисыг хэлнэ. Үүнд гарал үүсэл, эсхүл үйлдвэрлэсэн аргаас үл хамааран, түүнчлэн аливаа байгууламжид, эсхүл байлдааны хэрэгслийн хэлбэрээр, эсхүл аливаа өөр газарт үйлдвэрлэснээс үл хамааран химийн бүх ийм бодис хамаарна.

(Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор, нягтлан шалгах арга хэмжээг хэрэглэхийн тулд таньж тогтоосон химийн хорт бодисыг Химийн бодисын тухай хавсралт дахь Жагсаалтуудад тусгасан.)

3.“Прекурсор” гэж:

Химийн хорт бодисыг аливаа аргаар үйлдвэрлэх явцад аль ч шатанд оролцдог химийн аливаа урвалжийг хэлнэ. Үүнд хоёр буюу олон найрлагат химийн системийн аливаа гол бүрдүүлэгч бодис хамаарагдана.

(Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор нягтлан шалгах арга хэмжээг хэрэглэхийн тулд таньж тогтоосон прекурсорыг Химийн бодисын тухай хавсралт дахь Жагсаалтуудад тусгасан.)

4.“Хоёр буюу олон найрлагат системийн гол бүрдүүлэгч бодис” (цаашид “гол бүрдүүлэгч бодис” гэх) гэж:

Эцсийн бүтээгдэхүүний хорт шинжийг тодорхойлоход хамгийн чухал үүрэг гүйцэтгэж, хоёр буюу олон найрлагат химийн систем дэх бусад химийн бодистой урвалд түргэн ордог прекурсорыг хэлнэ.

5.“Химийн хуучин зэвсэг” гэж:

(a)1925 оноос өмнө үйлдвэрлэсэн химийн зэвсэг; эсхүл

(b)1925-аас 1945 оны хооронд үйлдвэрлэсэн бөгөөд химийн зэвсэг болгон хэрэглэх боломжгүй болох хэмжээнд муудсан химийн зэвсгийг хэлнэ.

6.“Орхисон химийн зэвсэг” гэж:

Бусад улсын нутаг дэвсгэрт тухайн улсын зөвшөөрөлгүйгээр 1925 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш аль нэг улсын орхисон химийн зэвсэг, түүний дотор химийн хуучин зэвсгийг хэлнэ.

7.“Хэв журам сахиулах зорилгоор хэрэглэдэг бодис” гэж:

Аль нэг жагсаалтад ороогүй, түргэн хугацаанд хүний биеийн мэдрэх эрхтнийг цочроох, эсхүл бие махбодийг хямруулж болох бөгөөд уг үйлчлэл нь тухайн нөхцөл дууссаны дараа богино хугацаанд арилдаг химийн аливаа бодисыг хэлнэ.

8.“Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж” гэж:

(a)1946 оны 1 дүгээр 1-ний өдрөөс хойш хэдийд ч зохион бүтээсэн, барьсан буюу ашиглаж байсан аливаа тоног төхөөрөмж, мөн тийм тоног төхөөрөмжийг дараахь байдлаар байрлуулж буй аливаа барилгыг хэлнэ:

(i)химийн бодис үйлдвэрлэх шат (“технологийн эцсийн шат”)-ны тоног төхөөрөмжийн ажиллагааны үед материалын урсгал нь дараахь бодисыг агуулах хэсэг болгож:

(1)Химийн бодисын тухай хавсралтын I жагсаалтад орсон химийн аливаа бодис; эсхүл

(2)Оролцогч улсын нутаг дэвсгэр, эсхүл оролцогч улсын хэргийн харьяалал буюу хяналтан дор байгаа аливаа өөр газарт жилд 1 тонноос илүү хэмжээгээр энэхүү конвенцоор хориглоогүй зорилгод хэрэглэгддэггүй боловч химийн зэвсгийн зорилгоор хэрэглэж болох химийн аливаа бусад бодис; эсхүл

(ii)химийн зэвсэг цэнэглэх, түүний дотор inter alia I жагсаалтад орсон химийн бодисоор байлдааны хэрэгсэл, төхөөрөмж, хадгалах зориулалт бүхий чингэлгүүдийг цэнэглэх; угсрагдсан байлдааны хоёрлосон хэрэгсэл болон төхөөрөмжийн хэсэг болох чингэлгийг эсхүл угсрагдсан байлдааны ганц хэрэгсэл болон төхөөрөмжийн хэсэг болох химийн дэд хэрэгслийг химийн бодисоор цэнэглэх, мөн чингэлэг болон химийн дэд хэрэгслийг холбогдох байлдааны хэрэгсэл, төхөөрөмж болгон суурилуулах зорилгоор;

(b)Дараахь байгууламжийг хэлэхгүй:

(i) (а) (i) дэд хэсэгт заасан химийн бодисын синтезийн 1 тонноос доош үйлдвэрлэх хүчин чадал бүхий аливаа байгууламж;

(ii) (а) (i) дэд хэсэгт заасан химийн бодис энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор явуулсан үйл ажиллагааны зайлшгүй дагалт бүтээгдэхүүн хэлбэрээр үйлдвэрлэгдэж байгаа буюу байсан аливаа байгууламж, чингэхдээ уг химийн бодис нь нийт бүтээгдэхүүний 3 хувиас хэтрээгүй бөгөөд уг байгууламж нь Хэрэгжүүлэлт болон нягтлан шалгалтын тухай хавсралт (цаашид “Нягтлан шалгалтын тухай хавсралт” гэх)-ын дагуу мэдүүлэг, хянан шалгалтанд хамрагдаж байвал зохино; эсхүл

(iii)Нягтлан шалгалтын тухай хавсралтын VI хэсэгт дурдсанчлан энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор I жагсаалтад оруулсан химийн бодисыг үйлдвэрлэх жижиг хэмжээний ганц байгууламж.

9.“Энэхүү конвенцоор хориглоогүй зорилго” гэж:

(a)аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрдэм шинжилгээ, анагаах ухаан, эм зүй болон энхийн бусад зорилго;

(b)хамгаалах зорилго, тухайлбал, химийн хорт бодисоос хамгаалах болон химийн зэвсгээс хамгаалахтай шууд холбоотой зорилго;

(c)химийн зэвсэг хэрэглэхтэй холбоогүй бөгөөд химийн бодисын хорт шинжийг дайны хэрэгсэл болгон ашиглахаас хамаарахгүй цэргийн зорилго;

(d)хууль хэрэгжүүлэх, түүний дотор дотоодын хэв журам сахиулах зорилго.

10.“Үйлдвэрлэх хүчин чадал” гэж:

Холбогдох байгууламжид хэрэглэгдэж байгаа технологийн процесс, эсхүл уг процессийг хараахан ашиглаагүй байгаа бол ашиглахаар төлөвлөсөн технологийн процесст үндэслэсэн химийн тодорхой нэг бодис бэлтгэх жилийн тоон хүчин чадлыг хэлнэ. Үүнийг номинал хүчин чадалтай, эсхүл хэрэв номинал хүчин чадал нь тодорхойгүй бол төлөвлөсөн хүчин чадалтай тэнцэнэ гэж үзнэ. Номинал хүчин чадал нь нэг буюу хэд хэдэн туршилтаар тухайн үйлдвэрлэх байгууламжид үйлдвэрлэх дээд хэмжээнд тохируулсан нөхцөлд үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ байна. Төлөвлөсөн хүчин чадал нь онолын хувьд тооцоолсон үйлдвэрлэх бүтээгдэхүүний холбогдох хэмжээ байна.

11.“Байгууллага” гэж энэхүү конвенцийн 8 дугаар зүйлийн дагуу байгуулагдсан Химийн зэвсэг хориглох байгууллагыг хэлнэ.

a.6   дугаар зүйлийн зорилгод:

(a)химийн бодис “үйлдвэрлэх” гэж химийн бодис химийн урвалаар бүрдэхийг хэлнэ;

(b)химийн бодис “боловсруулах” гэж химийн аль нэг бодис химийн өөр бодис болж хувирдаггүй бүрэлдүүлэх, ялгаруулах, цэвэршүүлэх гэх мэт физикийн процессыг хэлнэ;

(c)химийн бодис “хэрэглэх” гэж химийн бодис химийн урвалаар химийн өөр бодис болж хувирахыг хэлнэ.

3 дугаар зүйл

Мэдүүлэг

1.Оролцогч улс бүр энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор дараахь асуудлаар Байгууллагад мэдүүлнэ:

(a)химийн зэвсгийн хувьд:

(i)химийн аливаа зэвсэг өмчилж буюу эзэмшиж байгаа эсэх, эсхүл харьяалал буюу хяналтан дор нь орших аливаа газарт байрлуулсан химийн аливаа зэвсэг байгаа эсэхийг мэдүүлнэ;

(ii) (iii) дэд хэсэгт дурдсан химийн зэвсгээс бусад, өөрийн өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан химийн аливаа зэвсгийн тодорхой байршил, нийт тоо хэмжээ болон нарийвчлан тодорхойлсон бүтцийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангийн 1-ээс 3 дахь хэсэгт нийцүүлэн заах;

(iii)нутаг дэвсгэрт нь өөр улсын өмчилж, эзэмшиж байгаа болон өөр улсын хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газар байрлуулсан химийн аливаа зэвсгийн талаар Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангийн 4 дэх хэсэгт нийцүүлэн мэдээлэх;

(iv)Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангийн 5 дахь хэсэгт нийцүүлэн 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш химийн аливаа зэвсгийг шууд буюу шууд бусаар дамжуулсан буюу хүлээн авсан эсэхээ мэдүүлж, ийм зэвсэг дамжуулсан буюу авсныг заах;

(v)Өөрийн өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан химийн зэвсгийг устгах ерөнхий төлөвлөгөөгөө Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангийн 6 дахь хэсэгт нийцүүлэн бэлтгэж өгөх.

(b)Химийн хуучин зэвсэг болон химийн орхисон зэвсгийн хувьд:

(i)Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (B) ангийн 3 дахь хэсэгт нийцүүлэн нутаг дэвсгэртээ химийн хуучин зэвсэгтэй эсэхээ мэдүүлж, боломжтой бүх мэдээллийг бэлтгэж өгөх;

(ii)Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (B) ангийн 8 дахь хэсэгт нийцүүлэн нутаг дэвсгэрт нь химийн орхисон зэвсэг байгаа эсэхийг мэдүүлж, боломжтой бүх мэдээллийг бэлтгэж өгөх;

(iii)Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (B) ангийн 10 дахь хэсэгт нийцүүлэн өөр улсуудын нутаг дэвсгэрт орхисон химийн зэвсэгтэй эсэхээ мэдүүлж, боломжтой бүх мэдээллийг бэлтгэж өгөх;

(c)химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн хувьд:

(i)1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи аливаа хугацаанд өмчлөл буюу эзэмшилдээ химийн зэвсэг үйлдвэрлэх аливаа байгууламжтай байгаа буюу байсан эсэх, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт тийм байгууламж байрлуулж байгаа буюу байсан эсэхийг мэдүүлэх;

(ii) (iii) дэд хэсэгт дурдсан байгууламжаас бусад, 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи аливаа хугацаанд өмчлөл буюу эзэмшилд нь байгаа буюу байсан, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулж байгаа буюу байсан химийн зэвсэг үйлдвэрлэх аливаа байгууламжийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн 1 дэх хэсэгт нийцүүлэн заах;

(iii)1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи аливаа хугацаанд нутаг дэвсгэрт нь өөр улсын өмчлөл буюу эзэмшилд байгаа буюу байсан, эсхүл өөр улсын хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулж байгаа буюу байсан химийн зэвсэг үйлдвэрлэх аливаа байгууламжийн талаар Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн 2 дахь хэсэгт нийцүүлэн мэдээлэх;

(iv)Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн 3-аас 5 дахь хэсэгт нийцүүлэн 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш химийн зэвсэг үйлдвэрлэхээр аливаа тоног төхөөрөмж шууд буюу шууд бусаар дамжуулсан буюу хүлээн авсан эсэхээ мэдүүлж, ийм тоног төхөөрөмж дамжуулсан буюу авсныг заах;

(v)өөрийн өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгах ерөнхий төлөвлөгөөгөө Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн 6 дахь хэсэгт нийцүүлэн бэлтгэж өгөх;

(vi)өөрийн өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан химийн зэвсэг үйлдвэрлэх аливаа байгууламжийг хаахаар авах арга хэмжээг Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн 1 дэх хэсгийн (i) дэд хэсэгт нийцүүлэн заах;

(vii)өөрийн өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг химийн зэвсэг устгах байгууламж болгон түр хугацаагаар хувиргах ерөнхий төлөвлөгөөгөө Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн 7 дахь хэсэгт нийцүүлэн бэлтгэж өгөх;

(d)бусад байгууламжийн хувьд:

Өөрийн өмчлөл буюу эзэмшилд байгаа, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан, түүнчлэн голчлон химийн зэвсэг боловсруулах зорилгоор 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш зохион бүтээсэн, барьсан буюу ашиглаж ирсэн аливаа байгууламж буюу байгууллагын тодорхой байршил, үйл ажиллагааны шинж чанар болон ерөнхий хүрээг заах. Ийм мэдүүлэгт inter alia лаборатори, туршилтын болон үнэлгээний талбайг багтаана;

(e)хэв журам сахиулахад хэрэглэдэг бодисын хувьд:

Хэв журам сахиулах зорилгоор эзэмшиж буй химийн бодис бүрийн химийн нэршил, бүтцийн томъёо болон хэрэв тогтоогдсон бол “Химийн бодисын үйлчилгээ” (ХБҮ)-ний бүртгэлийн дугаарыг заах. Ийм мэдүүлгийг аливаа өөрчлөлт хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор шинэчилж байна.

2.Энэ зүйлийн заалт болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн холбогдох заалтуудыг 1977 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт булсан бөгөөд булагдсан хэвээр байгаа, мөн 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө далайд хаясан химийн зэвсгийн хувьд оролцогч тухайн улсын үзэмжээр хэрэглэхгүй.

4 дүгээр зүйл

Химийн зэвсэг

1.Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (B) анги хэрэглэгдэж буй химийн хуучин зэвсэг болон химийн орхисон зэвсгээс бусад, оролцогч аль нэг улсын өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл түүний хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан химийн бүх зэвсгийн хувьд энэ зүйлийн заалтууд болон түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг хэрэглэнэ.

2.Энэ зүйлийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг Нягтлан шалгалтын тухай хавсралтад заасан болно.

3.1 дэх хэсэгт заасан химийн зэвсгийг хадгалдаг буюу устгадаг бүх газрыг Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангид нийцүүлэн газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар байнгын нягтлан шалгалтанд хамруулна.

4.Оролцогч улс бүр 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (а) дэд хэсгийн дагуу мэдүүлэг өгсний дараа нэн даруй газар дээр нь хянан шалгах замаар байнгын нягтлан шалгалт хийх зорилгоор 1 дэх хэсэгт заасан химийн зэвсэгт хүрэх боломжийг олгоно. Үүний дараа оролцогч улс бүр химийн зэвсэг устгах байгууламжаас бусад газар уруу химийн эдгээр зэвсгийн алиныг ч зайлуулж болохгүй. Оролцогч улс бүр газар дээр нь байнгын нягтлан шалгалт хийх зорилгоор химийн тийм зэвсэгт хүрэх боломжийг олгоно.

5.Оролцогч улс бүр газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар байнгын нягтлан шалгалт хийх зорилгоор өөрийн өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан химийн зэвсэг устгах аливаа байгууламж болон түүний агуулах талбайд хүрэх боломжийг олгоно.

6.Оролцогч улс бүр 1 дэх хэсэгт заасан химийн бүх зэвсгийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын дагуу, устгах талаар тохиролцсон хэмнэл, дараалал (цаашид “устгах журам” гэх)-д нийцүүлэн устгана. Устгах ажиллагааг энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор эхэлж, энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор дуусгана. Оролцогч улс химийн ийм зэвсгийг үүнээс хурдан хэмнэлээр устгаж болно.

7.Оролцогч улс бүр:

(a)1 дэх хэсэгт заасан химийн зэвсгийг устгах нарийвчилсан төлөвлөгөөг устгах ажиллагааны жил бүр эхлэхээс 60 хоногоос багагүй хугацааны өмнө Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангийн 29 дэх хэсэгт нийцүүлэн бэлтгэж өгнө; нарийвчилсан төлөвлөгөөнд устгах ажиллагааны дараагийн жилд устгах бүх нөөцийг хамааруулна;

(b)1 дэх хэсэгт заасан дурдсан химийн зэвсгийг устгах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаархи мэдүүлгийг устгах ажиллагааны жил бүр дууссанаас хойш 60 хоногийн дотор бэлтгэж өгнө;

(c)1 дэх хэсэгт заасан химийн бүх зэвсгийг устгасан тухайгаа устгах ажиллагаа дууссанаас хойш 30 хоногийн дотор нотолно.

8.Хэрэв 6 дахь хэсэгт заасан 10 жилийн дотор устгах хугацаанаас хойш аль нэг улс энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэж орсон бол 1 дэх хэсэгт заасан химийн зэвсгийг аль болох түргэн устгана. Оролцогч ийм улсын хувьд мөрдөж устгах журам болон хатуу нягтлан шалгалтын журмыг Гүйцэтгэх зөвлөл тодорхойлно.

9.Химийн зэвсгийн тухай өгсөн анхны мэдүүлгийн дараа оролцогч улсын илрүүлсэн химийн аливаа зэвсгийн талаар Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангид нийцүүлэн мэдээлж, уг зэвсгийг хамгаалалтанд авч, устгана.

10.Оролцогч улс бүр химийн зэвсгийг тээвэрлэх, сорьц авах, хадгалах болон устгах явцад хүмүүсийн аюулгүй байдлыг хангах болон байгаль орчныг хамгаалахыг эн тэргүүнд чухалчилна. Оролцогч улс бүр химийн зэвсгийг аюулгүй байдал болон хаягдлын талаархи үндэсний жишигтээ нийцүүлэн тээвэрлэж, сорьц авч, хадгалж, устгана.

11.Өөрийн нутаг дэвсгэрт өөр улсын өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл өөр улсын хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан химийн зэвсэгтэй оролцогч аливаа улс энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор химийн эдгээр зэвсгийг өөрийн нутаг дэвсгэрээс зайлуулах талаар бүхий л чармайлт гаргана. Хэрэв тэдгээрийг нэг жилийн дотор зайлуулаагүй бол оролцогч улс нь Байгууллага болон оролцогч бусад улсад хандаж химийн эдгээр зэвсгийг устгахад туслалцаа үзүүлэхийг хүсч болно.

12.Химийн зэвсгийг аюулгүй бөгөөд үр нөлөөтэйгээр устгах арга зүй болон технологийн талаар хоёр талын шугамаар буюу Техникийн нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан мэдээлэл буюу туслалцаа хүсч буй оролцогч бусад улстай хамтран ажиллах үүргийг оролцогч улс бүр хүлээнэ.

13.Энэ зүйл болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангийн дагуу нягтлан шалгах үйл ажиллагаа явуулахдаа Байгууллага нь оролцогч улсуудын хооронд байгуулсан химийн зэвсэг хадгалах болон устгахад нягтлан шалгалт хийх тухай хоёр буюу олон талт хэлэлцээрийг шаардлагагүйгээр хувилахаас зайлсхийх арга хэмжээг авч үзнэ.

Эл зорилгоор Гүйцэтгэх зөвлөл нь хоёр болон олон талт ийм хэлэлцээрийн дагуу авах арга хэмжээнд нэмэлт болох арга хэмжээгээр нягтлан шалгалтыг дараахь тохиолдолд хязгаарлахаар шийдвэрлэнэ:

(a)Ийм хэлэлцээрийн нягтлан шалгалтын тухай заалтууд энэ зүйл болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангийн нягтлан шалгалтын тухай заалтуудтай нийцэж байна гэж Гүйцэтгэх зөвлөл үзсэн;

(b)Ийм хэлэлцээрийн хэрэгжилт нь энэхүү конвенцийн холбогдох заалтуудтай нийцэж байгаа гэх хангалттай баталгаа өгч байна гэж Гүйцэтгэх зөвлөл үзсэн;

(c)Тухайн хоёр буюу олон талт хэлэлцээрийн талууд нягтлан шалгалтын үйл ажиллагааныхаа талаар Байгууллагад бүрэн мэдээлж байна гэж Гүйцэтгэх зөвлөл үзсэн.

14.Хэрэв Гүйцэтгэх зөвлөл нь 13 дахь хэсгийн дагуу шийдвэр гаргавал Байгууллага нь хоёр буюу олон талт хэлэлцээрийн хэрэгжилтийг ажиглан шинжих эрхтэй байна.

15.13 болон 14 дэх хэсгийн аль ч заалт 3 дугаар зүйл, энэ зүйл болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн (A) ангийн дагуу мэдүүлэг өгөх оролцогч улсын үүргийг хөндөхгүй.

16.Оролцогч улс бүр өөрийн устгах үүрэгтэй химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгах зардлыг хариуцна. Гүйцэтгэх зөвлөл өөрөөр шийдвэрлээгүй бол оролцогч улс нь мөн химийн эдгээр зэвсгийн хадгалалт болон устгалтыг нягтлан шалгах зардлыг хариуцна. Хэрэв Гүйцэтгэх зөвлөл нь 13 дахь хэсгийн дагуу Байгууллагаас авах нягтлан шалгалтын арга хэмжээг хязгаарлахаар шийдвэрлэвэл Байгууллагаас явуулах нэмэлт нягтлан шалгалтын болон ажиглан шинжих зардлыг 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын татварын хуваарийн дагуу төлнө.

17.Энэ зүйлийн заалтууд болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын IV хэсгийн холбогдох заалтуудыг 1977 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө оролцогч аль нэг улсын нутаг дэвсгэрт булсан бөгөөд булагдсан хэвээр байгаа, мөн 1985 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө далайд хаясан химийн зэвсгийн хувьд оролцогч тухайн улсын үзэмжээр хэрэглэхгүй.

5 дугаар зүйл

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж

1.Оролцогч аль нэг улсын өмчилж буюу эзэмшиж байгаа, эсхүл түүний хэргийн харьяалал буюу хяналтан доорх аливаа газарт байрлуулсан химийн зэвсэг үйлдвэрлэх аливаа болон бүх байгууламжийн хувьд энэ зүйлийн заалтууд болон түүнийг хэрэгжүүлэх нарийвчилсан журмыг хэрэглэнэ.

3.1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх бүх байгууламжийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсэгт нийцүүлэн газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар байнгын нягтлан шалгалтанд хамруулна.

4.Оролцогч улс бүр химийн зэвсэг үйлдвэрлэх 1 дэх хэсэгт заасан байгууламжид түүнийг хаахад шаардагдахаас бусад бүх үйл ажиллагаа явуулахыг нэн даруй зогсооно.

5.Оролцогч аль ч улс химийн зэвсэг үйлдвэрлэх буюу энэхүү конвенцоор хориглосон аливаа бусад үйл ажиллагаа явуулах зорилгоор химийн зэвсэг үйлдвэрлэх аливаа шинэ байгууламж барьж байгуулахгүй буюу одоо байгаа аливаа байгууламжийг шинэчлэн өөрчлөхгүй.

6.Оролцогч улс бүр 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (с) дэд хэсэгт заасны дагуу үйлдэх мэдүүлгийг бэлтгэж өгсний дараа түүнийг байнга нягтлан шалгах зорилгоор газар дээр нь хянан шалгах замаар 1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжид нэвтрэхийг нэн даруй зөвшөөрнө.

7.Оролцогч улс бүр:

(a)1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх бүх байгууламжийг энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсэгт нийцүүлэн хааж, энэ тухай мэдэгдэл өгнө;

(b)мөн 1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг хааснаас хойш тухайн байгууламжийг хаалттай хэвээр байлгаж, хойшид устгах явдлыг хангахын тулд хаасан даруйд газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар түүнийг байнга нягтлан шалгах зорилгоор түүнд нэвтрэхийг зөвшөөрнө.

8.Оролцогч улс бүр 1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж, холбогдох бусад байгууламж болон тоног төхөөрөмжийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын дагуу, устгах талаар тохиролцсон хэмнэл, дараалал (цаашид “устгах журам” гэх)-д нийцүүлэн устгана. Устгах ажиллагааг энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш нэг жилийн дотор эхэлж, энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор дуусгана. Оролцогч улс эдгээр байгууламжийг үүнээс хурдан хэмнэлээр устгаж болно.

9.Оролцогч улс бүр:

(a)1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгах нарийвчилсан төлөвлөгөөг байгууламж тус бүрийг устгах ажиллагаа эхлэхээс 180 хоногоос багагүй хугацааны өмнө бэлтгэж өгнө;

(b)1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх бүх байгууламжийг устгах төлөвлөгөөний хэрэгжилтийн талаархи мэдүүлгийг устгах ажиллагааны жил бүр дууссанаас хойш 90 хоногийн дотор жил бүр бэлтгэж өгнө;

(c)1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх бүх байгууламжийг устгасан тухайгаа устгах ажиллагаа дууссанаас хойш 30 хоногийн дотор нотолно.

10.Хэрэв аль нэг улс 8 дахь хэсэгт заасан 10 жилийн дотор устгах хугацаанаас хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэж орсон бол 1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг аль болох түргэн устгана. Оролцогч ийм улсын хувьд мөрдөх устгах журам болон хатуу нягтлан шалгалтын журмыг Гүйцэтгэх зөвлөл тодорхойлно.

11.Оролцогч улс бүр химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгах явцад хүмүүсийн аюулгүй байдлыг хангах болон байгаль орчныг хамгаалахыг эн тэргүүнд чухалчилна. Оролцогч улс бүр химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг аюулгүй байдал болон хаягдлын талаархи үндэсний жишигтээ нийцүүлэн устгана.

12.1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн 18-аас 25 дахь хэсэгт нийцүүлэн химийн зэвсэг устгах зорилгоор түр хугацаагаар хувиргаж болно. Ийнхүү хувиргасан байгууламжийг химийн зэвсэг устгах зорилгоор цаашид ашиглахгүй болмогц, чингэхдээ аливаа тохиолдолд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор устгасан байх ёстой.

13.Нэн шаардлагатай онцгой тохиолдолд 1 дэх хэсэгт заасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор ашиглах зөвшөөрлийг оролцогч улс хүснж болно. Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөмжийн дагуу Оролцогч улсуудын бага хурал дээрх хүсэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэж, уг зөвшөөрөл нь Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн D ангид нийцэх нөхцлийг бүрдүүлнэ.

14.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг хувиргахдаа түүнийг эргүүлэн өөрчилж химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж болгох боломж нь I жагсаалтад орсон химийн бодисыг ашигладаггүй үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрдэм шинжилгээ, анагаах ухаан, эм зүй буюу энхийн бусад зорилгоор ашиглах аливаа бусад байгууламжтай харьцуулбал илүүгүй байхаар хувиргана.

15.Хувиргасан бүх байгууламжид Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн D ангид нийцүүлэн газар дээр нь хянан шалгалт болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар байнгын нягтлан шалгалт хийнэ.

16.Энэ зүйл болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн дагуу нягтлан шалгах үйл ажиллагаа явуулахдаа Байгууллага нь оролцогч улсуудын хооронд байгуулсан химийн зэвсэг хадгалах болон устгахад нягтлан шалгалт хийх тухай хоёр буюу олон талт хэлэлцээрийг шаардлагагүйгээр хувилахаас зайлсхийх арга хэмжээг авч үзнэ.

(a)ийм хэлэлцээрийн нягтлан шалгалтын тухай заалтууд энэ зүйл болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн нягтлан шалгалтын тухай заалтуудтай нийцэж байна гэж Гүйцэтгэх зөвлөл үзсэн;

(b)уг хэлэлцээрийн хэрэгжилт нь энэхүү конвенцийн холбогдох заалтуудтай нийцэж байгаа гэх хангалттай баталгаа өгч байна гэж Гүйцэтгэх зөвлөл үзсэн;

(c)тухайн хоёр буюу олон талт хэлэлцээрийн талууд нягтлан шалгалтын үйл ажиллагааныхаа талаар Байгууллагад бүрэн мэдээлж байна гэж Гүйцэтгэх зөвлөл үзсэн.

17.Хэрэв Гүйцэтгэх зөвлөл нь 16 дахь хэсгийн дагуу шийдвэр гаргавал Байгууллага нь хоёр буюу олон талт хэлэлцээрийн хэрэгжилтийг ажиглан шинжих эрхтэй байна.

18.16 болон 17 дахь хэсгийн аль ч заалт III зүйл, энэ зүйл болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын V хэсгийн дагуу мэдүүлэг өгөх оролцогч улсын үүргийг хөндөхгүй.

19.Оролцогч улс бүр өөрийн устгах үүрэгтэй химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгах зардлыг хариуцна. Гүйцэтгэх зөвлөл өөрөөр шийдвэрлээгүй бол оролцогч улс нь мөн химийн эдгээр зэвсгийн хадгалалт болон устгалтыг нягтлан шалгах зардлыг хариуцна. Хэрэв Гүйцэтгэх зөвлөл нь 16 дахь хэсгийн дагуу Байгууллагаас авах нягтлан шалгалтын арга хэмжээг хязгаарлахаар шийдвэрлэвэл Байгууллагаас явуулах нэмэлт нягтлан шалгалтын болон ажиглан шинжих зардлыг 8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын татварын хуваарийн дагуу төлнө.

6 дугаар зүйл

Энэхүү конвенцоор хориглоогүй үйл ажиллагаа

1.Оролцогч улс бүр энэхүү конвенцийн заалтуудыг мөрдөхийн хамт энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор химийн хорт бодис болон түүний прекурсорыг боловсруулах, үйлдвэрлэх, өөрөөр олж авах, хадгалах, дамжуулах, ашиглах эрхтэй байна.

2.Химийн хорт бодис болон түүний прекурсорыг өөрийн нутаг дэвсгэрийн дотор, эсхүл өөрийн хэргийн харьяалал буюу хяналтад байгаа аливаа бусад газарт зөвхөн энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор боловсруулах, үйлдвэрлэх, өөрөөр олж авах, хадгалах, дамжуулах, ашиглах явдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг оролцогч улс бүр авна. Энэ үүднээс, түүнчлэн дээрх үйл ажиллагаа энэхүү конвенцоор хүлээсэн үүрэгт нийцэж буйг нягтлан шалгахын тулд оролцогч улс бүр Химийн бодисын тухай хавсралтын I, II болон III жагсаалтад орсон химийн хорт бодис, түүний прекурсор, химийн эдгээр бодистой холбогдох байгууламж, мөн өөрийн нутаг дэвсгэрт буюу өөрийн хэргийн харьяалал буюу хяналтан дор орших аливаа бусад газарт байрласан бөгөөд Нягтлан шалгалтын тухай хавсралтад заасан бусад байгууламжийг Нягтлан шалгалтын тухай хавсралтад заасны дагуу нягтлан шалгалтын арга хэмжээнд хамруулна.

3.Оролцогч улс бүр I жагсаалтад орсон химийн бодис (цаашид “I жагсаалтын химийн бодис” гэх)-ыг Нягтлан шалгалтын тухай хавсралтын VI хэсэгт заасан үйлдвэрлэх, олж авах, хадгалах, дамжуулах, ашиглахтай холбогдох хорионд хамруулна. Оролцогч улс бүр I жагсаалтын химийн бодис болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын VI хэсэгт заасан байгууламжийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын мөн хэсэгт нийцүүлэн газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар хийх байнгын хянан шалгалтанд хамруулна.

4.Оролцогч улс бүр II жагсаалтад орсон химийн бодис (цаашид “II жагсаалтын химийн бодис” гэх) болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын VII хэсэгт заасан байгууламжийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын мөн хэсэгт нийцүүлэн тоо баримт ажиглан шинжих болон газар дээр нь нягтлан шалгах арга хэмжээнд хамруулна.

5.Оролцогч улс бүр 3 дугаар жагсаалтад орсон химийн бодис (цаашид “III жагсаалтын химийн бодис” гэх) болон Нягтлан шалгалтын тухай хавсралтын VIII хэсэгт заасан байгууламжийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын мөн хэсэгт нийцүүлэн тоо баримт ажиглан шинжих болон газар дээр нь нягтлан шалгах арга хэмжээнд хамруулна.

6.Нягтлан шалгалтын тухай хавсралтын IХ хэсгийн 22 дахь хэсгийн дагуу Оролцогч улсуудын бага хурал өөрөөр шийдвэрлээгүй бол оролцогч улс бүр Нягтлан шалгалтын тухай хавсралтын IX хэсэгт заасан байгууламжийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын мөн хэсэгт нийцүүлэн тоо баримт ажиглан шинжих болон газар дээр нь эцэслэн нягтлан шалгах арга хэмжээнд хамруулна.

7.Оролцогч улс бүр энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор Нягтлан шалгалтын тухай хавсралтад нийцүүлэн холбогдох химийн бодис болон байгууламжийн талаар анхны мэдүүлэг хийнэ.

8.Оролцогч улс бүр Нягтлан шалгалтын тухай хавсралтад нийцүүлэн холбогдох химийн бодис болон байгууламжийн талаар жил бүр мэдүүлэг хийнэ.

9.Газар дээр нь нягтлан шалгах зорилгоор оролцогч улс бүр Нягтлан шалгалтын тухай хавсралтад заасан шаардлагын дагуу байгууламжид нэвтрэхийг хянан шалгагчдад зөвшөөрнө.

10.Нягтлан шалгах үйл ажиллагаа явуулахдаа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор оролцогч улсаас явуулж байгаа химийн үйл ажиллагаанд зүй бусаар хөндлөнгөөс оролцохоос зайлсхийх бөгөөд ялангуяа нууц мэдээллийг хамгаалах тухай хавсралт (цаашид “Нууцлалын тухай хавсралт” гэх)-д тусгасан заалтыг дагаж мөрдөнө.

11.Оролцогч улсуудын эдийн засаг буюу технологийн хөгжил болон энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор явуулж буй химийн үйл ажиллагааны салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, түүний дотор энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор химийн бодисыг үйлдвэрлэх, боловсруулах, ашиглах шинжлэх ухаан, техникийн мэдээлэл, химийн бодис, тоног төхөөрөмжийг олон улсын хэмжээнд солилцоход саад учруулахаас зайлсхийх байдлаар энэ зүйлийн заалтыг хэрэгжүүлнэ.

7 дугаар зүйл

Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээ

Ерөнхий үүрэг

1.Оролцогч улс бүр энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах арга хэмжээг өөрийн хууль тогтоомжид нийцүүлэн авна. Тухайлбал:

(a)Өөрийн нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт, эсхүл олон улсын эрх зүйгээр хүлээн зөвшөөрөгдсөн өөрийн хэргийн харьяалалд орших аливаа бусад газарт байгаа хувь хүн болон хуулийн этгээдэд энэхүү конвенцоор оролцогч улсын хувьд хориглосон аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно, түүний дотор тийм үйл ажиллагааны хувьд эрүүгийн хууль тогтоомж гаргана;

(b)Өөрийн хяналтан дор байгаа аливаа газарт энэхүү конвенцоор оролцогч улсын хувьд хориглосон аливаа үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй;

(c)өөрийх нь харьяат хувь хүний аливаа газарт явуулж буй энэхүү конвенцоор оролцогч улсын хувьд хориглосон аливаа үйл ажиллагаанд (а) дэд хэсгийн дагуу гаргасан эрүүгийн хууль тогтоомжоо олон улсын эрх зүйд нийцүүлэн хамруулна.

2.Оролцогч улс бүр оролцогч бусад улстай хамтран ажиллаж, 1 дэх хэсгийн дагуу хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхийг хөнгөвчлөн дэмжихээр эрх зүйн зохих хэлбэрийн туслалцаа үзүүлнэ.

3.Оролцогч улс бүр энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад хүн амын аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчныг хамгаалахыг эн тэргүүнд чухалчилж, энэ талаар оролцогч бусад улстай зохих хэлбэрээр хамтран ажиллана.

Оролцогч улс болон Байгууллага хоорондын харилцаа

4.Энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд оролцогч улс бүр Байгууллага болон оролцогч бусад улстай үр дүнтэй харилцаа холбоотой байх үндэсний зохицуулах төвийн үүрэг гүйцэтгэх Үндэсний албыг томилох буюу байгуулна. Оролцогч улс бүр энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болох үед Үндэсний албынхаа талаар Байгууллагад мэдэгдэнэ.

5.Оролцогч улс бүр энэхүү конвенцийг хэрэгжүүлэхээр авсан хууль тогтоох болон захиргааны арга хэмжээний талаар Байгууллагад мэдээлнэ.

6.Оролцогч улс бүр энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж Байгууллагаас нууц байдлаар хүлээн авч буй мэдээлэл болон тоо баримтыг нууц гэж үзэж, тэдгээрийг ашиглах тусгай журам тогтооно.

Мөн түүнчлэн эдгээр мэдээлэл болон тоо баримтыг гагцхүү энэхүү конвенцийн дагуу олгосон эрх, хүлээсэн үүрэгтэй холбогдуулж Нууцлалын тухай хавсралтад заасан заалтад нийцүүлэн ашиглана.

7.Оролцогч улс бүр бүх чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь Байгууллагатай хамтран ажиллах, тухайлбал, Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт тусламж үзүүлж байх үүргийг хүлээнэ.

8 дугаар зүйл

Байгууллага

А.Ерөнхий зүйл

1.Энэхүү конвенцийн зүйл, зорилгод хүрэх, түүний заалтууд, түүний дотор Конвенцийг дагаж мөрдөж байгааг олон улсын түвшинд нягтлан шалгах талаархи заалтын хэрэгжилтийг хангах, мөн оролцогч улсуудын хооронд зөвлөлдөж, хамтран ажиллах зохион байгуулалтын хэлбэрийг бий болгох үүднээс Химийн зэвсэг хориглох байгууллагыг энэхүү конвенцид оролцогч улсууд үүгээр байгуулж байна.

2.Энэхүү конвенцид оролцогч бүх улс Байгууллагын гишүүн байна. Оролцогч аль ч улсыг Байгууллагын гишүүнээс хасахгүй.

3.Байгууллагын төв байр нь Нидерландын Вант Улсын Гаага хотноо байрлана.

4.Байгууллагын бүрэлдэхүүнд багтах байгууллагуудаар Оролцогч улсуудын бага хурал, Гүйцэтгэх зөвлөл болон Техникийн нарийн бичгийн дарга нарын газрыг үүгээр байгуулж байна.

5.Байгууллага энэхүү конвенцид заасан нягтлан шалгах үйл ажиллагаагаа хамгийн түрэмгий бус байдлаар, зорилтоо цаг тухайд нь үр ашигтай биелүүлэхээр явуулна. Байгууллага нь зөвхөн энэхүү конвенцоор хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхэд шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг л хүснэ. Байгууллага нь энэхүү конвенцийг хэрэгжүүлэх явцад иргэний болон цэргийн үйл ажиллагаа, байгууламжийн талаар мэдэж авсан мэдээллийн нууцлалыг хамгаалах үүднээс урьдчилан анхаарах бүхий л арга хэмжээг авах бөгөөд ялангуяа Нууцлалын тухай хавсралтад заасан заалтыг дагаж мөрдөнө.

6.Байгууллага нь нягтлан шалгах үйл ажиллагаагаа явуулахдаа шинжлэх ухаан, технологийн ололт амжилтыг ашиглах талаархи арга хэмжээг авч үзнэ.

7.Байгууллагын үйл ажиллагааны зардлыг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон энэхүү Байгууллагын гишүүнчлэлийн хоорондох ялгааг харгалзан тохируулсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүний татварын хуваарьт нийцүүлэн 4 болон 5 дугаар зүйлийн заалтын дагуу оролцогч улсууд төлнө. Оролцогч улсуудаас Бэлтгэлийн комисст төлсөн татварыг байнгын төсөвт төлөх татвараас нь зохих хэлбэрээр хасаж тооцно. Байгууллагын төсөв нь захиргааны болон бусад зардал, нягтлан шалгах зардал гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

8.Байгууллагын гишүүнээс Байгууллагад төлөх татварын өр нь өмнөх бүтэн хоёр жилд түүний төлөх ёстой татварын хэмжээтэй тэнцүү буюу илүү гарсан тохиолдолд уг гишүүн Байгууллагад санал өгөх эрхгүй болно. Гэхдээ тухайн гишүүн өөрийн нь хяналтаас гадуур нөхцлийн улмаас татвараа төлж чадахгүй байгаа гэж Оролцогч улсуудын бага хурал хүлээн зөвшөөрвөл санал өгөхийг уг гишүүнд зөвшөөрч болно.

В. Оролцогч улсуудын бага хурал

Бүрэлдэхүүн, дэг, шийдвэр гаргах

9.Оролцогч улсуудын бага хурал (цаашид “Бага хурал” гэх) энэхүү Байгууллагын бүх гишүүнээс бүрдэнэ. Гишүүн бүр Бага хуралд нэг төлөөлөгчтэй байх бөгөөд түүнийг орлогч болон зөвлөх дагалдаж болно.

10.Эх хадгалагч энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор Бага хурлын анхдугаар чуулганыг зарлан хуралдуулна.

11.Бага хурал өөрөөр шийдвэрлээгүй бол ээлжит чуулганаа жил бүр хуралдуулна.

12.Бага хурлын ээлжит бус чуулганыг:

(a)Бага хурлын шийдвэрээр;

(b)Гүйцэтгэх зөвлөлийн хүсэлтээр;

(c)аливаа гишүүний хүсэлтээр бөгөөд гишүүдийн гуравны нэг нь дэмжсэнээр; эсхүл

(d)энэхүү конвенцийн үйлчлэлийг хянан үзэх үүднээс 22 дахь хэсэгт нийцүүлэн зарлан хуралдуулна.

(d)дэд хэсэгт зааснаас бусад тохиолдолд ээлжит бус чуулганыг хүсэлтэд өөрөөр заагаагүй бол Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий захирлын хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор зарлан хуралдуулна.

13.Бага хурлыг мөн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцүүлэн Нэмэлт өөрчлөлт оруулах бага хурлын хэлбэрээр зарлан хуралдуулна.

14.Бага хурал өөрөөр шийдвэрлээгүй бол Бага хурлын чуулганыг Байгууллагын байрлаж буй газар зохион явуулна.

15.Бага хурал дэгийн журмаа батална. Ээлжит чуулган бүрийн эхэнд Бага хурал нь дарга болон шаардлагатай байж болох бусад албан тушаалтныг сонгоно. Дараагийн ээлжит чуулганаар шинэ дарга болон бусад албан тушаалтныг сонгох хүртэл тэд албан үүргээ гүйцэтгэнэ.

16.Байгууллагын гишүүдийн олонхи Бага хурлын ирцийг бүрдүүлнэ.

17.Байгууллагын гишүүн бүр Бага хуралд саналын нэг эрхтэй байна.

18.Бага хурал нь Бага хуралд оролцон санал өгч буй гишүүдийн ердийн олонхийн саналаар дэгийн асуудлаар шийдвэр гаргана. Зарчмын асуудлаархи шийдвэрийг аль болох зөвшилцлөөр гаргана. Хэрэв тухайн асуудлыг шийдвэрлэхэд зөвшилцөлд хүрч чадахгүйд хүрвэл дарга аливаа санал хураалтыг 24 цагаар хойшлуулж, хойшлуулсан энэ хугацаанд зөвшилцөлд хүрэх явцыг хөнгөвчлөн дэмжих талаар бүхий л чармайлт гаргаж, энэ хугацааг дуусахаас өмнө Бага хуралд илтгэнэ. 24 цаг дуусахад зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол Бага хуралд оролцон санал өгч буй гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдвэр гаргана. Тухайн асуудал зарчмын асуудал мөн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд зарчмын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах олонхийн саналаар Бага хурал өөрөөр шийдвэрлээгүй бол түүнийг зарчмын асуудал гэж үзнэ.

Эрх мэдэл, чиг үүрэг

19.Бага хурал нь Байгууллагын гол байгууллага байна. Бага хурал нь энэхүү конвенцийн хүрээнд хамрагдах аливаа асуудал, түүний дотор Гүйцэтгэх зөвлөл болон Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын эрх мэдэл, чиг үүрэгт хамаарах асуудлыг авч хэлэлцэнэ. Бага хурал нь аль нэг оролцогч улсаас дэвшүүлсэн буюу Гүйцэтгэх зөвлөлөөс түүний анхааралд өргөн мэдүүлсэн энэхүү конвенцид хамаарах аливаа асуудлаар зөвлөмж өгч, шийдвэр гаргаж болно.

20.Бага хурал нь энэхүү конвенцийн хэрэгжилтийг хянаж, түүний зүйл, зорилгыг биелүүлэхэд тус дөхөм үзүүлэх талаар ажиллана. Бага хурал нь энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаа явцыг хянан үзэж байна. Түүнчлэн Бага хурал нь Гүйцэтгэх зөвлөл болон Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг хянаж, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ баримтлах удирдамжийг алинд нь ч энэхүү конвенцид нийцүүлэн гарган өгч болно.

21.Бага хурал нь:

(a)ээлжит чуулганаараа Гүйцэтгэх зөвлөлөөс өргөн барьсан Байгууллагын илтгэл, хөтөлбөр болон төсвийг хэлэлцэн баталж, мөн бусад илтгэлийг хэлэлцэнэ;

(b)7 дахь хэсэгт нийцүүлэн оролцогч улсуудаас төлөх татварын хуваарийг шийдвэрлэн тогтооно;

(c)Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгоно;

(d)Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий захирал (цаашид “Ерөнхий захирал” гэх)-ыг томилно;

(e)Гүйцэтгэх зөвлөлөөс өргөн барьсан уг зөвлөлийн дэгийн журмыг батална;

(f)энэхүү конвенцид нийцүүлэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллагыг байгуулна;

(g)химийн үйл ажиллагааны салбарт олон улсын хамтын ажиллагааг энхийн зорилгоор хөгжүүлнэ;

(h)энэхүү конвенцийн үйлчлэлд нөлөөлж болох шинжлэх ухаан болон технологийн ололтыг хянан үзэж, энэ утгаар чиг үүргээ хэрэгжүүлэхдээ энэхүү конвенцид холбогдох шинжлэх ухаан болон технологийн салбараар Бага хурал, Гүйцэтгэх зөвлөл буюу оролцогч улсуудад мэргэжлийн зөвлөгөө өгөх боломжийг Ерөнхий захиралд олгох үүднээс Эрдэм шинжилгээний зөвлөх товчоо байгуулахыг Ерөнхий захиралд даалгана. Эрдэм шинжилгээний зөвлөх товчоо нь Бага хурлаас батласан журамд нийцүүлэн томилсон бие даасан шинжээчдээс бүрдэнэ;

(i)Анхдугаар чуулганаараа Бэлтгэх комиссоос боловсруулсан аливаа хэлэлцээр, заалт болон удирдамжийн төслийг хэлэлцэж батална;

(j)Анхдугаар чуулганаараа 10 дугаар зүйлд нийцүүлэн тусламж үзүүлэх сайн дурын санг байгуулна;

(k)энэхүү конвенцийг дагаж мөрдөх болон 12 дугаар зүйлд нийцүүлэн энэхүү конвенцийн заалтад харшилж буй аливаа байдлыг засаж залруулахад шаардлагатай арга хэмжээг авна.

22.Бага хурал нь энэхүү конвенцийн үйлчлэлийг хянан үзэх ээлжит бус чуулганыг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш тав дахь болон арав дахь жил дууссаны дараа нэг жилийн дотор, түүнчлэн энэ хугацааны дотор шийдвэрлэж болох өөр цагт зарлан хуралдуулна. Ийнхүү хянан үзэхдээ шинжлэх ухаан болон технологийн аливаа холбогдох ололтыг харгалзан үзнэ. Түүнээс хойш өөрөөр шийдвэрлээгүй бол тав, таван жилийн хугацаатайгаар мөн адил зорилгоор Бага хурлын чуулганыг цаашид зарлан хуралдуулна.

С. Гүйцэтгэх зөвлөл

Бүрэлдэхүүн, дэг, шийдвэр гаргах

23.Гүйцэтгэх зөвлөл 41 гишүүнтэй байна. Оролцогч улс бүр ээлжлэх зарчимд нийцүүлэн Гүйцэтгэх зөвлөлийн бүрэлдэхүүнд орох эрхтэй. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг Бага хурал хоёр жилийн хугацаатайгаар сонгоно. Энэхүү конвенцийн үр дүнтэй хэрэгжилтийг хангахын тулд, чингэхдээ газар зүйн тэгш шударга хуваарилалт, химийн үйлдвэрийн ач холбогдол, түүнчлэн улс төр, аюулгүй байдлын ашиг сонирхолд онцгой анхаарсны үндсэн дээр Гүйцэтгэх зөвлөл дараахь бүрэлдэхүүнтэй байна:

(a)Африк тивээс оролцогч есөн улсыг тус бүс нутгийн оролцогч улсууд томилно. Ийнхүү томилохдоо оролцогч эдгээр есөн улсаас тогтсон журмын дагуу гурван гишүүн нь үндэсний химийн үйлдвэр нь бүс нутагтаа хамгийн нөлөөтэй гэж олон улсын хэмжээнд илтгэн нийтлэсэн тоо баримтаар тодорхойлогдсон оролцогч улс байх зарчмыг үндэс болгоно гэж ойлгох бөгөөд энэ гурван гишүүнийг томилохдоо тус бүс нутгийн бүлэг нь бүс нутгийн бусад хүчин зүйлийг мөн харгалзан үзэхийг зөвшөөрнө;

(b)Ази тивээс оролцогч есөн улсыг тус бүс нутгийн оролцогч улсууд томилно. Ийнхүү томилохдоо оролцогч эдгээр есөн улсаас тогтсон журмын дагуу дөрвөн гишүүн нь үндэсний химийн үйлдвэр нь бүс нутагтаа хамгийн нөлөөтэй гэж олон улсын хэмжээнд илтгэн нийтлэсэн тоо баримтаар тодорхойлогдсон оролцогч улс байх зарчмыг үндэс болгоно гэж ойлгох бөгөөд энэ дөрвөн гишүүнийг томилохдоо тус бүс нутгийн бүлэг нь бүс нутгийн бусад хүчин зүйлийг мөн харгалзан үзэхийг зөвшөөрнө;

(c)Дорнод Европоос оролцогч таван улсыг тус бүс нутгийн оролцогч улсууд томилно. Ийнхүү томилохдоо оролцогч эдгээр таван улсаас тогтсон журмын дагуу нэг гишүүн нь үндэсний химийн үйлдвэр нь бүс нутагтаа хамгийн нөлөөтэй гэж олон улсын хэмжээнд илтгэн нийтлэсэн тоо баримтаар тодорхойлогдсон оролцогч улс байх зарчмыг үндэс болгоно гэж ойлгох бөгөөд энэ нэг гишүүнийг томилохдоо тус бүс нутгийн бүлэг нь бүс нутгийн бусад хүчин зүйлийг мөн харгалзан үзэхийг зөвшөөрнө;

(d)Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгаас оролцогч долоон улсыг тус бүс нутгийн оролцогч улсууд томилно. Ийнхүү томилохдоо оролцогч эдгээр долоон улсаас тогтсон журмын дагуу гурван гишүүн нь үндэсний химийн үйлдвэр нь бүс нутагтаа хамгийн нөлөөтэй гэж олон улсын хэмжээнд илтгэн нийтлэсэн тоо баримтаар тодорхойлогдсон оролцогч улс байх зарчмыг үндэс болгоно гэж ойлгох бөгөөд энэ гурван гишүүнийг томилохдоо тус бүс нутгийн бүлэг нь бүс нутгийн бусад хүчин зүйлийг мөн харгалзан үзэхийг зөвшөөрнө;

(e)Өрнөд Европ болон бусад улсаас оролцогч арван улсыг тус бүс нутгийн оролцогч улсууд томилно. Ийнхүү томилохдоо оролцогч эдгээр арван улсаас тогтсон журмын дагуу таван гишүүн нь үндэсний химийн үйлдвэр нь бүс нутагтаа хамгийн нөлөөтэй гэж олон улсын хэмжээнд илтгэн нийтлэсэн тоо баримтаар тодорхойлогдсон оролцогч улс байх зарчмыг үндэс болгоно гэж ойлгох бөгөөд энэ таван гишүүнийг томилохдоо тус бүс нутгийн бүлэг нь бүс нутгийн бусад хүчин зүйлийг мөн харгалзан үзэхийг зөвшөөрнө;

(f)Үлдсэн нэг оролцогч улсыг Ази болон Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгийн оролцогч улсууд дараалан томилно. Ийнхүү томилохдоо оролцогч энэ улс нь эдгээр бүс нутгаас ээлжээр томилогдох гишүүн байх зарчмыг үндэс болгоно гэж ойлгоно.

24.Гүйцэтгэх зөвлөлийн анхны сонгуулиар 20 гишүүнийг нэг жилийн хугацаатайгаар сонгох бөгөөд чингэхдээ 23 дахь хэсэгт тодорхойлон тогтоосон тоон харьцааг зохих ёсоор анхаарна.

25.4 болон 5 дугаар зүйлийг бүрэн хэрэгжүүлсний дараа Бага хурал Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн олонхийн хүсэлтээр түүний бүрэлдэхүүнийг хянан үзэж болох бөгөөд чингэхдээ уг бүрэлдэхүүнийш зохицуулж буй 23 дахь хэсэгт заасан зарчимд хамаарах өөрчлөлтийг харгалзан үзнэ.

26.Гүйцэтгэх зөвлөл нь өөрийн дэгийн журмыг боловсруулж Бага хуралд батлуулахаар өргөн барина.

27.Гүйцэтгэх зөвлөл нь даргаа гишүүдээсээ сонгоно.

28.Гүйцэтгэх зөвлөл нь ээлжит чуулганаар хуралдана. Гүйцэтгэх зөвлөл нь ээлжит чуулгануудын хооронд өөрийн эрх мэдэл, чиг үүргийг биелүүлэхэд шаардлагатай тухай бүр хуралдана.

29.Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна. Энэхүү конвенцид өөрөөр заагаагүй бол Гүйцэтгэх зөвлөл зарчмын асуудлаар бүх гишүүнийхээ гуравны хоёрын олонхийн саналаар шийдвэр гаргана. Гүйцэтгэх зөвлөл бүх гишүүнийхээ ердийн олонхийн саналаар дэгийн асуудлаар шийдвэр гаргана. Тухайн асуудал зарчмын асуудал мөн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд зарчмын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах олонхийн саналаар Гүйцэтгэх зөвлөл өөрөөр шийдвэрлээгүй бол түүнийг зарчмын асуудал гэж үзнэ.

Эрх мэдэл, чиг үүрэг

30.Гүйцэтгэх зөвлөл нь Байгууллагын гүйцэтгэх байгууллага байна. Гүйцэтгэх зөвлөл нь Бага хуралд ажлаа тайлагнана. Гүйцэтгэх зөвлөл нь энэхүү конвенцоор түүнд олгосон эрх мэдэл, чиг үүрэг, түүнчлэн Бага хурлаас түүнд шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Чингэхдээ Бага хурлын зөвлөмж, шийдвэр, удирдамжид нийцүүлэн ажиллаж, тэдгээрийг зохих ёсоор тууштай хэрэгжүүлэх явдлыг хангана.

31.Гүйцэтгэх зөвлөл энэхүү конвенцийг үр дүнтэй хэрэгжүүлэх, дагаж мөрдөхөд тус дөхөм үзүүлнэ. Гүйцэтгэх зөвлөл нь Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагааг хянаж, оролцогч улс бүрийн үндэсний эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, оролцогч улс хоорондын зөвлөлдөөн, хамтын ажиллагааг тэдний хүсэлтээр хөнгөвчлөн дэмжинэ.

32.Гүйцэтгэх зөвлөл нь:

(a)Байгууллагын хөтөлбөр, төсвийн төслийг хэлэлцэж Бага хуралд өргөн барина;

(b)энэхүү конвенцийн хэрэгжилтийн талаархи Байгууллагын илтгэлийн төсөл, өөрийн үйл ажиллагааны биелэлтийн талаархи илтгэл, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн буюу Бага хурлаас хүссэн тусгай илтгэлүүдийг хэлэлцэж Бага хуралд өргөн барина;

(c)Бага хурлын чуулганыг зохион байгуулна, түүний дотор хэлэлцэх хэргийн төслийг бэлтгэнэ.

33.Гүйцэтгэх зөвлөл нь Бага хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахыг хүсч болно.

34.Гүйцэтгэх зөвлөл нь:

(a)Бага хурлын зөвшөөрлийг урьдчилан авсны дагуу Байгууллагын нэрийн өмнөөс улс болон олон улсын байгууллагуудтай хэлэлцээр, тохиролцоо байгуулна;

(b)10 дугаар зүйлтэй холбогдуулан оролцогч улсуудтай Байгууллагын нэрийн өмнөөс хэлэлцээр байгуулах бөгөөд 10 дугаар зүйлд дурдсан сайн дурын санд хяналт тавина;

(c)Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас оролцогч улсуудтай хэлэлцсэн нягтлан шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хамаарах хэлэлцээ буюу тохиролцоог батална.

35.Гүйцэтгэх зөвлөл нь энэхүү конвенц болон түүний хэрэгжилтэд нөлөөлөх өөрийн эрх хэмжээний аливаа асуудал, түүний дотор дагаж мөрдөхтэй холбоотой сэтгэл зовнил, дагаж мөрдөхгүй байгаа тохиолдлыг хэлэлцэж, шаардлагатай үед оролцогч улсуудад мэдээлж, асуудлыг Бага хурлын анхааралд хүргэнэ.

36.Дагаж мөрдөхтэй холбоотой эргэлзээ, сэтгэл зовнил, түүнчлэн дагаж мөрдөхгүй байгаа тохиолдол, түүний дотор inter alia энэхүү конвенцийн дагуу олгосон эрхийг урвуулан ашигласан асуудлыг авч хэлэлцэхдээ Гүйцэтгэх зөвлөл холбогдох оролцогч улстай зөвлөлдөж, байдлыг тодорхой заасан хугацаанд засаж залруулах арга хэмжээ авахыг тухайн оролцогч улсаас шаардлагатай үед хүснэ. Гүйцэтгэх зөвлөл цаашид арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл дараахь арга хэмжээнээс inter alia нэг, эсхүл хэд хэдийг авч хэрэгжүүлнэ:

(a)тухайн асуудлын талаар оролцогч бүх улсад мэдээлэх;

(b)тухайн асуудлыг Бага хурлын анхааралд хүргэх;

(c)байдлыг засаж залруулах болон дагаж мөрдөх явдлыг хангах арга хэмжээний талаар Бага хуралд зөвлөмж өгөх.

Тун ноцтой бөгөөд яаралтай тохиолдолд Гүйцэтгэх зөвлөл тухайн асуудал, түүний дотор холбогдох мэдээлэл болон дүгнэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн анхааралд шууд хүргэнэ. Энэ алхмын талаар Гүйцэтгэх зөвлөл оролцогч бүх улсад тухайн үед нь мэдээлнэ.

D. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар

37.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар Бага хурал болон Гүйцэтгэх зөвлөлийг чиг үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлнэ. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү конвенцид заасан нягтлан шалгалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү конвенцоор түүнд олгосон бусад чиг үүрэг, түүнчлэн Бага хурал болон Гүйцэтгэх зөвлөлөөс түүнд шилжүүлсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

38.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь:

(a)Байгууллагын хөтөлбөр, төсвийн төслийг бэлтгэж Гүйцэтгэх зөвлөлд өргөн барина;

(b)энэхүү конвенцийн хэрэгжилтийн талаархи Байгууллагын илтгэлийн төсөл, түүнчлэн Бага хурал болон Гүйцэтгэх зөвлөлөөс хүссэн бусад илтгэлийг бэлтгэж Гүйцэтгэх зөвлөлд өргөн барина;

(c)Бага хурал, Гүйцэтгэх зөвлөл болон туслах байгууллагуудад захиргааны болон техникийн туслалцаа үзүүлнэ;

(d)энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар Байгууллагын нэрийн өмнөөс оролцогч улсуудад мэдээлэл тарааж, мэдээлэл хүлээн авна;

(e)оролцогч улсуудад энэхүү конвенцийн заалтыг хэрэгжүүлэхэд нь техникийн туслалцаа үзүүүлж, техникийн дүгнэлт, түүний дотор жагсаалтад орсон болон ороогүй химийн бодисын талаархи дүгнэлт гаргаж өгнө.

39.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь:

(a)нягтлан шалгалтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлаар Гүйцэтгэх зөвлөл зөвшөөрсний дагуу хэлэлцээр буюу тохиролцоо байгуулах талаар оролцогч улсуудтай хэлэлцээ хийнэ;

(b)яаралтай болон хүмүүнлэгийн тусламжийн байнгын нөөцийг оролцогч улсууд X зүйлийн 7 дахь хэсгийн (а) болон (с) дэд хэсэгт заасны дагуу байгуулж, ажиллуулах арга хэмжээг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 180 хоногийн дотор зохицуулан авч хэрэгжүүлнэ. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар ашиглахад найдвартай эсэхийг тодорхойлох үүднээс нөөцлөх зүйлсийг хянан шалгаж болно. Нөөцлөх зүйлсийн жагсаалтыг дээрх 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурал хэлэлцэж батлана;

(c)10 дугаар зүйлд дурдсан сайн дурын санг удирдаж, оролцогч улсуудаас хийсэн мэдэгдлийг нэгтгэж, хүсэлт тавьсан тохиолдолд 10 дугаар зүйлийн зорилгоор оролцогч улсууд хоорондоо буюу аль нэг оролцогч улс болон Байгууллагын хооронд байгуулсан хоёр талт хэлэлцээрийг бүртгэнэ.

40.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь чиг үүргээ гүйцэтгэхтэй холбогдон гарсан аливаа асуудал, түүний дотор нягтлан шалгалтын үйл ажиллагааг явуулах үед илэрсэн бөгөөд оролцогч холбогдох улстай зөвлөлдөх замаар шийдвэрлэх буюу тодруулж чадаагүй, энэхүү конвенцийг дагаж мөрдөхтэй холбоотой эргэлзээ, ойлгомжгүй буюу тодорхойгүй асуудлын талаар Гүйцэтгэх зөвлөлд мэдээлнэ.

41.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь түүний тэргүүн бөгөөд захиргааны дээд албан тушаалтан болох Ерөнхий захирал, хянан шалгагчид, түүнчлэн шаардагдаж болох шинжлэх ухаан, техникийн болон бусад ажилтнаас бүрдэнэ.

42.Хянан шалгах алба нь Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын нэгж байх бөгөөд Ерөнхий захирлын хяналтан дор ажиллана.

43.Ерөнхий захирлыг Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөмж болгосноор Бага хурал дөрвөн жилийн хугацаатайгаар томилох бөгөөд уг хугацааг дахин нэг л удаа сунгаж болно.

44.Ерөнхий захирал нь Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын боловсон хүчнийг томилох асуудал болон зохион байгуулалт, үйл ажиллагааны асуудлаар Бага хурал болон Гүйцэтгэх зөвлөлийн өмнө тайлагнан хариуцна. Боловсон хүчнийг сонгон томилох, ажлын нөхцлийг тодорхойлохдоо хамгийн үр ашигтай, чадварлаг, үнэнч шударга байх шаардлагыг эн тэргүүнд харгалзана. Зөвхөн оролцогч улсуудын харьяат иргэд Ерөнхий захирал, хянан шалгачид буюу мэргэжлийн болон техникийн бусад ажилтнаар ажиллана. Боловсон хүчнийг сонгон авахдаа газар зүйн төлөөллийг аль болох өргөн хамруулах нь чухал гэдэгт зохих ёсоор анхаарна. Боловсон хүчнийг сонгон авахдаа Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг зохих түвшинд биелүүлэхэд шаардлагатай хамгийн цомхон бүрэлдэхүүнтэй байх зарчмыг удирдлага болгоно.

45.Ерөнхий захирал нь 21 дэх хэсгийн (h) дэд хэсэгт дурдсан Эрдэм шинжилгээний зөвлөх товчооны зохион байгуулалт, үйл ажиллагааг хариуцна. Ерөнхий захирал нь оролцогч улсуудтай зөвлөлдөн Эрдэм шинжилгээний зөвлөх товчооны гишүүдийг томилох бөгөөд тэд үүрэгт ажлаа бие даан гүйцэтгэнэ. Товчооны гишүүдийг энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдох шинжлэх ухааны тодорхой салбар дахь мэдлэг, чадварт нь үндэслэн томилно. Ерөнхий захирал мөн тодорхой асуудлаар зөвлөмж өгөх үүрэг бүхий эрдэм шинжилгээний шинжээчдийн ажлын хэсгийг Товчооны гишүүдтэй зөвлөлдөн шаардлагатай үед түр хугацаагаар байгуулж болно. Дээрхтэй холбогдуулан оролцогч улсууд шинжээчдийн нэрсийн жагсаалтыг Ерөнхий захиралд өгч болно.

46.Ерөнхий захирал, хянан шалгагчид болон бусад ажилтан үүргээ гүйцэтгэхдээ аливаа засгийн газар, эсхүл Байгууллагаас гадуур аливаа эх сурвалжаас заавар зөвлөгөө авахыг эрэлхийлэх буюу хүлээн авахгүй. Тэд зөвхөн Бага хурал болон Гүйцэтгэх зөвлөлийн өмнө хариуцлага хүлээх олон улсын байгууллагын албан тушаалтны хувьд байр суурьд нь тусаж болох аливаа үйлдлээс татгалзана.

47.Оролцогч улс бүр Ерөнхий захирал, шинжээчид болон бусад ажилтны үүрэг хариуцлагын гагцхүү олон улсын шинж чанарыг хүндэтгэж, ажил үүргээ гүйцэтгэхэд нь тэдэнд нөлөө үзүүлэхийг оролдохгүй.

Е. Эрх ямба, дархан эрх

48.Байгууллага нь оролцогч улсын нутаг дэвсгэрт болон хэргийн харьяалал буюу хяналтан дор нь орших аливаа өөр газарт чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн чадвар, эрх ямба, дархан эрх эдлэнэ.

49.Оролцогч улсуудын төлөөлөгчид, тэдний орлогч болон зөвлөхүүд, Гүйцэтгэх зөвлөлд томилогдсон төлөөлөгчид орлогч болон зөвлөхүүдийнхээ хамт, Ерөнхий захирал болон Байгууллагын ажилтнууд Байгууллагатай холбогдох чиг үүргээ бие даан хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх ямба, дархан эрх эдлэнэ.

50.Энэ зүйлд дурдсан эрх зүйн чадвар, эрх ямба, дархан эрхийг Байгууллага болон оролцогч улсуудын хоорондын хэлэлцээр, түүнчлэн Байгууллага болон түүний удирдах төв байрлаж буй улсын хоорондын хэлэлцээрээр тодорхойлно. Эдгээр хэлэлцээрийг 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж батлана.

51.48 болон 49 дэх хэсгийг үл харгалзан, Ерөнхий захирал болон Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын нягтлан шалгалтын үйл ажиллагаа явуулах үед эдлэх эрх ямба, дархан эрх нь Нягтлан шалгалтын тухай хавсралтын II хэсгийн (В) ангид заасан эрх ямба, дархан эрх байна.

9 дүгээр зүйл

Зөвлөлдөх, хамтран ажиллах, баримтыг олж тогтоох

1.Энэхүү конвенцийн зүйл, зорилго, түүнчлэн түүний заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсч болох аливаа асуудлаар оролцогч улсууд шууд өөр хоорондоо, эсхүл Байгууллагаар дамжуулан буюу олон улсын зохих бусад журам, түүний дотор Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүрээнд болон түүний дүрэмд нийцсэн журмаар зөвлөлдөж, хамтран ажиллана.

2.Хүсэлтийн дагуу хянан шалгалт хийхийг хүсэх оролцогч аливаа улсын эрхийг хөндөхгүйгээр оролцогч улсууд энэхүү конвенцийг дагаж мөрдөж буй талаар эргэлзээ төрүүлж болох, эсхүл ойлгомжгүй гэж үзэж болох холбогдох асуудлын талаар сэтгэл зовнил үүсгэж буй аливаа асуудлыг өөр хоорондоо мэдээлэл солилцох болон зөвлөлдөх замаар тодруулж шийдвэрлэх талаар бүхий л чармайлтыг эн түрүүнд боломжтой бүхий л үед гаргах нь зүйтэй. Аливаа асуудлыг ийм эргэлзээ буюу сэтгэл зовнил төрүүлж байна гэж итгэн оролцогч нөгөө улсаас уг асуудлыг тодруулж өгөх хүсэлтийг хүлээн авсан оролцогч улс ийнхүү үүссэн эргэлзээ буюу сэтгэл зовнилд хариу болох хангалттай мэдээллийг уг мэдээлэл нь асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй талаархи тайлбарын хамт аль болох түргэн, гэхдээ ямар ч тохиолдолд хүсэлт гаргаснаас хойш 10 хоногийн дотор хүсэлт гаргагч оролцогч улсад гаргаж өгнө. Энэхүү конвенцийг дагаж мөрдөж буй талаар эргэлзээ төрүүлж болох, эсхүл ойлгомжгүй гэж үзэж болох холбогдох асуудлын талаар сэтгэл зовнил үүсгэж буй аливаа асуудлыг тодруулж шийдвэрлэх зорилгоор харилцан тохиролцсоны үндсэн дээр өөр хоорондоо хянан шалгалт хийх буюу аливаа бусад журам хэрэглэх талаар тохиролцох аливаа хоёр болон түүнээс дээш оролцогч улсын эрхийг энэхүү конвенцийн аль ч заалт хөндөхгүй. Ийм тохиролцоо нь энэхүү конвенцийн бусад заалтын дагуу оролцогч аливаа улсад олгосон эрх, хүлээсэн үүрэгт нөлөөлөхгүй.

Тодруулга хүсэх журам

3.Ойлгомжгүй гэж үзэж болох, эсхүл оролцогч өөр улс энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй байж болзошгүй гэсэн сэтгэл зовнил үүсгэж буй аливаа байдлыг тодруулахад нь туслахыг оролцогч улс Гүйцэтгэх зөвлөлөөс хүсэх эрхтэй. Гүйцэтгэх зөвлөл нь дээрх сэтгэл зовнилтой холбогдох өөрт байгаа зохих мэдээллээр хангана.

4.Ойлгомжгүй гэж үзэж болох, эсхүл оролцогч нөгөө улс энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй байж болзошгүй гэсэн сэтгэл зовнил үүсгэж буй аливаа байдлын тодруулгыг оролцогч өөр улсаас гаргуулж өгөхийг оролцогч улс Гүйцэтгэх зөвлөлөөс хүсэх эрхтэй. Энэ тохиолдолд дараахь журмыг баримтална:

(a)Гүйцэтгэх зөвлөл нь тодруулга авах хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор Ерөнхий захирлаар дамжуулан холбогдох оролцогч улсад уламжилна;

(b)хүсэлт хүлээн авсан холбогдох оролцогч улс тодруулгыг аль болох түргэн хугацаанд, гэхдээ ямар ч тохиолдолд хүсэлт хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Гүйцэтгэх зөвлөлд гаргаж өгнө;

(c)Гүйцэтгэх зөвлөл нь тодруулгыг тэмдэглэн авч түүнийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хүсэлт гаргагч оролцогч улсад уламжилна;

(d)хэрэв хүсэлт гаргагч оролцогч улс тодруулгыг хангалтгүй гэж үзвэл хүсэлт хүлээн авсан оролцогч улсаас нэмэлт тодруулга гаргуулж өгөхийг Гүйцэтгэх зөвлөлөөс хүсэх эрхтэй;

(e) (d) дэд хэсгийн дагуу нэмэлт тодруулга гаргуулах зорилгоор Гүйцэтгэх зөвлөл сэтгэл зовнилыг үүсгэж буй байдалд холбогдох боломжтой бүх мэдээллийг шалгах зорилгоор Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас, эсхүл хэрэв Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт зохих ажилтан байхгүй бол өөр газраас шинжээчдийн хэсэг байгуулахыг Ерөнхий захиралд санал болгож болно. Шинжээчдийн хэсэг нь олж тогтоосон үйл баримтын талаархи илтгэлийг Гүйцэтгэх зөвлөлд өргөн барина;

(f)хэрэв хүсэлт гаргагч оролцогч улс (d) болон (е) дэд хэсгийн дагуу гаргуулж авсан тодруулгыг хангалтгүй гэж үзвэл Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бус холбогдох оролцогч улсууд оролцох эрх эдлэх Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит бус чуулганыг хуралдуулахыг хүсэх эрхтэй. Ээлжит бус ийм чуулганаар Гүйцэтгэх зөвлөл уг асуудлыг хэлэлцэж, байдлыг шийдвэрлэхэд зохимжтой гэж үзсэн аливаа арга хэмжээг зөвлөмж болгож болно.

5.Оролцогч улс мөн ойлгомжгүй гэж үзэж болох, эсхүл энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй байж болзошгүй гэсэн сэтгэл зовнил үүсгэж буй аливаа байдлыг тодруулахыг Гүйцэтгэх зөвлөлөөс хүсэх эрхтэй. Гүйцэтгэх зөвлөл нь зохих тусламж үзүүлэх замаар хариу өгнө.

6.Гүйцэтгэх зөвлөл нь энэ зүйлд заасан тодруулга авах аливаа хүсэлтийн талаар оролцогч улсуудад мэдээлнэ.

7.Хэрэв энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй байж болзошгүй талаархи оролцогч улсын эргэлзээ буюу сэтгэл зовнилын талаар тодруулга гаргуулж өгөх тухай хүсэлтийг Гүйцэтгэх зөвлөлд гаргаснаас хойш 60 хоногийн дотор шийдвэрлэж чадаагүй, эсхүл хүсэлтийн дагуу шалгалт хийхийг хүсэх эрхээ үл харгалзан уг эргэлзээ нь асуудлыг яаралтай авч үзэхийг шаардаж байна гэж тухайн оролцогч улс итгэж байгаа бол 8 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн (с) дэд хэсэгт нийцүүлэн Бага хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулахыг хүсч болно.

Хүсэлтийн дагуу хянан шалгалт хийх журам

8.Оролцогч улс бүр энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй байж болзошгүй гэсэн аливаа асуудлыг тодруулан шийдвэрлэх ганц зорилгоор оролцогч аливаа бусад улсын нутаг дэвсгэрт эсхүл түүний хэргийн харьяалал буюу хяналтан дор орших аливаа өөр газарт байгаа аливаа байгууламж буюу байршилд газар дээр нь хянан шалгалт хийх, түүнчлэн уг хянан шалгалтыг Ерөнхий захирлаас томилсон хянан шалгах хэсгээр Нягтлан шалгалтын тухай хавсралтад нийцүүлэн хаана ч цаг алдалгүйгээр хийлгэх хүсэлт гаргах эрхтэй.

9.Оролцогч улс бүр хянан шалгалт хийлгэх хүсэлтээ энэхүү конвенцийн хамрах хүрээгээр хязгаарлах, түүнчлэн Нягтлан шалгалтын тухай хавсралтад зааснаар энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй байж болзошгүй гэсэн сэтгэл зовнил үүсэх үндэслэл болсон зохих бүх мэдээллийг хянан шалгалт хийлгэх хүсэлтдээ тусгах үүрэг хүлээнэ. Оролцогч улс бүр шалгалт хийлгэх үндэслэлгүй хүсэлт гаргахаас татгалзах бөгөөд чингэхдээ эрхээ урвуулан ашиглахаас зайлсхийхэд анхаарна. Хүсэлтийн дагуу хянан шалгалтыг энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй байж болзошгүй талаархи үйл баримтыг тодорхойлох ганц зорилгоор явуулна.

10.Энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгааг нягтлан шалгах зорилгоор оролцогч улс бүр 8 дахь хэсгийн дагуу хүсэлтийн дагуу газар дээр нь хянан шалгалт хийхийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвшөөрнө.

11.Байгууламж буюу байршилд хүсэлтийн дагуу хянан шалгалт хийлгэхээр гаргасан хүсэлтийн дагуу, түүнчлэн Нягтлан шалгалтын тухай хавсралтад заасан журамд нийцүүлэн хянан шалгуулж буй оролцогч улс нь:

(a)энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаагаа харуулахаар боломжит бүхий л чармайлт гаргах, энэ үүднээс хянан шалгах хэсгийг үүрэгт ажлаа гүйцэтгэх боломж олгох эрх, үүрэгтэй;

(b)энэхүү конвенцийг дагаж мөрдөхгүй байж болзошгүй гэсэн сэтгэл зовнилтой холбогдох үйл баримтыг тогтоох ганц зорилгоор хүссэн газар дотор нэвтрэх боломжийг олгох үүрэгтэй;

(c)өндөр мэдрэмж бүхий тоног төхөөрөмжийг хамгаалах, энэхүү конвенцид үл хамаарах нууц мэдээлэл, тоо баримтыг задруулахаас урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээ авах эрхтэй байна.

12.Ажиглагчийн хувьд дараахь журмыг баримтлана:

(a)хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг ажиглах зорилгоор хүсэлт гаргагч оролцогч улс хянан шалгуулж буй оролцогч улс зөвшөөрсний үндсэн дээр өөрийн буюу гуравдагч оролцогч улсын харьяат байж болох төлөөлөгчийг илгээж болно;

(b)хянан шалгуулж буй оролцогч улс Нягтлан шалгалтын тухай хавсралтад нийцүүлэн ажиглагчид нэвтрэх эрх олгоно;

(c)хянан шалгуулж буй оролцогч улс санал болгосон ажиглагчийг тогтсон журмын дагуу хүлээн авах бөгөөд хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс татгалзвал энэ тухай эцсийн илтгэлд тэмдэглэнэ.

13.Хүсэлт гаргагч оролцогч улс хүсэлтийн дагуу газар дээр нь хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтээ нэн даруй хянуулахаар Гүйцэтгэх зөвлөлд, түүнчлэн Ерөнхий захиралд нэгэн зэрэг гаргана.

14.Ерөнхий захирал хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтийг Нягтлан шалгалтын тухай хавсралтын Х хэсгийн 4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцэж буй эсэхийг нэн даруй тогтоож, шаардлагатай бол хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтээ зохих журмын дагуу гаргахад нь хүсэлт гаргагч оролцогч улсад туслана. Хянан шалгалт хийлгэх тухай хүсэлт шаардлагыг хангасан тохиолдолд хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтын бэлтгэл эхэлнэ.

15.Ерөнхий захирал хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтийг хянан шалгах баг нэвтрэх цэгт очихоор товлосон хугацаанаас 12 цагаас багагүй хугацааны өмнө хянан шалгуулах гэж буй оролцогч улсад дамжуулна.

16.Хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтийг хүлээж авсны дараа Гүйцэтгэх зөвлөл уг хүсэлтийн талаар Ерөнхий захирлын авсан арга хэмжээтэй танилцаж хянан шалгалт хийх бүхий л хугацаанд асуудлыг авч үзнэ. Гэхдээ ийнхүү авч үзэхдээ хянан шалгалтын явцыг саатуулахгүй.

17.Хэрэв Гүйцэтгэх зөвлөл нь хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтийг утгагүй, эрх мэдлээ урвуулан ашигласан, эсхүл 8 дахь хэсэгт тодорхойлсноор энэхүү конвенцийн хамрах хүрээнээс илт хальсан гэж үзвэл гишүүдийнхээ дөрөвний гурвын олонхийн саналаар уг хянан шалгалтыг хийлгэхгүй байх тухай шийдвэрийг хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 12 цагийн дотор гаргаж болно. Хүсэлт гаргагч болон шалгуулах гэж буй оролцогч улсын аль нь ч ийм шийдвэр гаргахад үл оролцоно. Хэрэв Гүйцэтгэх зөвлөл хүсэлтийн дагуу шалгалт хийлгэхгүй байх тухай шийдвэр гаргавал бэлтгэлийг зогсоож, хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтийн дагуу цаашид ямарваа арга хэмжээ авахгүй бөгөөд энэ тухай оролцогч холбогдох улсуудад мэдээлнэ.

18.Хүсэлтийн дагуу хянан шалгалт хийх эрхийг Ерөнхий захирал олгоно. Хянан шалгалт хийх эрх гэж ажлын хэллэгт оруулсан 8 болон 9 дэх хэсэгт дурдсан хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтийг хэлэх бөгөөд хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтэд нийцэж байна.

19.Хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг Нягтлан шалгалтын тухай хавсралтын Х хэсэг, эсхүл химийн зэвсэг хэрэглэж байна гэж үзсэн тохиолдолд ХI хэсэгт нийцүүлэн явуулна. Хянан шалгах баг хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг хамгийн түрэмгий бус байдлаар, зорилтоо цаг тухайд нь үр ашигтай биелүүлэхээр явуулах зарчмыг удирдлага болгоно.

20.Шалгуулж буй оролцогч улс хүсэлтийн дагуу хийх шалгалтын туршид хянан шалгах багт туслаж, үүрэгт ажлаа гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Хэрэв шалгуулж буй оролцогч улс нь бүрэн, чөлөөтэй нэвтрэх эрх олгохын оронд энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгаагаа харуулах арга хэмжээг Нягтлан шалгалтын тухай хавсралтын Х хэсгийн С ангийн дагуу санал болговол тухайн улс нь дагаж мөрдөж байгаагаа харуулах зорилгоор үйл баримтыг тогтоох журмын талаар хянан шалгах багтай зөвлөлдөж тохиролцоонд хүрэхийн тулд боломжит бүхий л чармайлт гаргана.

21.Олж тогтоосон баримт, түүнчлэн хүсэлтийн дагуу хийх шалгалтыг хангалттай хэрэгжүүлэх үүднээс олгосон нэвтрэх эрх болон хамтын ажиллагааны хэмжээ, шинж чанарын талаар хянан шалгах багийн гаргасан үнэлгээг эцсийн илтгэлд тусгана. Ерөнхий захирал хянан шалгах багийн эцсийн илтгэлийг хүсэлт гаргагч оролцогч улс, хянан шалгуулж буй оролцогч улс, Гүйцэтгэх зөвлөл болон оролцогч бусад бүх улсад даруй тараана. Цаашилбал, Ерөнхий захирал нь энэ зорилгоор түүнд илгээж болох хүсэлт гаргагч болон хянан шалгуулж буй оролцогч улсын үнэлгээ, түүнчлэн оролцогч бусад улсын үзэл бодлыг Гүйцэтгэх зөвлөлд даруй дамжуулж, дараа нь оролцогч бүх улсад өгнө.

22.Гүйцэтгэх зөвлөл хянан шалгах багийн эцсийн илтгэлийг танилцуулсан даруйд өөрийн эрх мэдэл, чиг үүрэгт нийцүүлэн хянан үзэж, дараахь асуудалд анхаарлаа хандуулна:

(a)энэхүү конвенцийг дагаж мөрдөөгүй аливаа үйлдэл гарсан эсэх;

(b)хүсэлт нь энэхүү конвенцийн хамрах хүрээнд багтсан эсэх;

(c)хүсэлтийн дагуу хянан шалгалт хийлгэх тухай хүсэлт тавих эрхийг урвуулан ашигласан эсэх.

23.Хэрэв Гүйцэтгэх зөвлөл өөрийн эрх мэдэл, чиг үүргийн хүрээнд 22 дахь хэсэгтэй холбогдуулан цаашид арга хэмжээ авах шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрвэл байдлыг засаж залруулах болон энэхүү конвенцийг дагаж мөрдөх явдлыг хангахтай холбогдох арга хэмжээ авна, түүний дотор Бага хуралд тодорхой зөвлөмж оруулна. Эрхээ урвуулан ашигласан тохиолдолд Гүйцэтгэх зөвлөл хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг явуулснаас үүдэн гарсан санхүүгийн аливаа үр дагаврыг хүсэлт гаргагч оролцогч улс хариуцах ёстой эсэхийг шалган шийдвэрлэнэ.

24.Хүсэлт гаргагч оролцогч улс болон хянан шалгуулж буй оролцогч улс хянан үзэх ажиллагаанд оролцох эрхтэй. Энэ ажлын үр дүнгийн талаар Гүйцэтгэх зөвлөл нь оролцогч улсууд, түүнчлэн Бага хурлын дараагийн чуулганд мэдээлнэ.

25.Хэрэв Гүйцэтгэх зөвлөл Бага хуралд тодорхой зөвлөмж өгсөн бол 12 дугаар зүйлд нийцүүлэн арга хэмжээ авах асуудлыг Бага хурал авч үзнэ.

10 дугаар зүйл

Тусламж үзүүлэх, химийн зэвсгээс хамгаалах

1.Энэ зүйлийн зорилгоор, “Тусламж” гэж химийн зэвсгээс хамгаалах явдлыг зохицуулах болон оролцогч улсуудад ийм хамгаалалтыг олгох, түүний дотор inter alia дараахь зүйлийг хэлнэ: илрүүлэх тоног төхөөрөмж болон дохиоллын систем; хамгаалах тоног төхөөрөмж; цэвэрлэх тоног төхөөрөмж болон ариутгагч; хор тайлах эм болон эмчилгээ; түүнчлэн эдгээр хамгаалах арга хэмжээний алиных нь ч талаар зөвлөгөө өгөх.

2.Энэхүү конвенцийн аль ч заалтыг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор химийн зэвсгээс хамгаалах хэрэгслийг судлах, боловсруулах, үйлдвэрлэх, олж авах, шилжүүлэх буюу хэрэглэх оролцогч аливаа улсын эрхийг саатуулж байна гэж тайлбарлахгүй.

3.Оролцогч улс бүр химийн зэвсгээс хамгаалах тоног төхөөрөмж, материал болон ийнхүү хамгаалах арга хэрэгслийн талаархи шинжлэх ухаан, технологийн мэдээллийг боломжтой бүх байдлаар харилцан солилцохыг хөнгөвчлөн дэмжих үүрэг хүлээх бөгөөд ийнхүү харилцан солилцоход оролцох эрхтэй.

4.Химийн зэвсгээс хамгаалах зорилгод хамаарах үндэсний хөтөлбөрийн ил тод байдлыг дээшлүүлэх зорилгоор оролцогч улс бүр хөтөлбөрийнхөө тухай мэдээллийг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаас хэлэлцэж батлах журамд нийцүүлэн Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт жил бүр өгнө.

5.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар химийн зэвсгээс хамгаалах янз бүрийн арга хэрэгслийн талаархи чөлөөтэй олгох мэдээлэл, түүнчлэн оролцогч улсуудаас өгч болох мэдээллийг агуулсан мэдээллийн санг хүсэлт гаргагч оролцогч аливаа улсад ашиглуулах зорилгоор энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 180 хоногийн дотор байгуулж ажиллуулна.

Түүнчлэн Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь химийн зэвсгээс хамгаалах чадавхиа хөгжүүлж, сайжруулах хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж болохыг тодорхойлоход оролцогч улсын хүсэлтээр тухайн улсад өөрийн нөөц бололцооны хүрээнд шинжээчийн зөвлөгөө өгч, туслана.

6.Энэхүү конвенцийн аль ч заалтыг хоёр талын шугамаар тусламж хүсэх болон үзүүлэх, түүнчлэн яаралтай тусламж үзүүлэх талаар оролцогч бусад улстай тус тусад нь хэлэлцээр байгуулах оролцогч улсын эрхийг саатуулж байна гэж тайлбарлахгүй.

7.Оролцогч улс бүр Байгууллагаар дамжуулан тусламж үзүүлэх, энэ үүднээс дор дурдсан нэг буюу хэд хэдэн арга хэмжээг авахаар сонгох үүрэг хүлээнэ:

(a)Бага хурлын анхдугаар чуулганаар байгуулагдах тусламжийн сайн дурын санд хандив оруулах;

(b)шаардлагын дагуу тусламж үзүүлэх талаар энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш боломжтой бол 180 хоногийн дотор Байгууллагатай хэлэлцээр байгуулах;

(c)Байгууллагаас уриалсны дагуу үзүүлж болох тусламжийн хэлбэрийн талаар энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 180 хоногийн дотор зарлан мэдэгдэх. Гэхдээ хэрэв хожим нь оролцогч улс мэдэгдэлдээ дурдсан тусламжийг үзүүлэх боломжгүй бол тэрээр энэ хэсэгт нийцүүлэн тусламж үзүүлэх үүргийг хүлээсэн хэвээр байна.

8.Хэрэв оролцогч улс:

(a)түүний эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн;

(b)хэв журам сахиулах зорилгоор хэрэглэдэг бодисыг дайны хэрэгсэл болгон түүний эсрэг ашигласан; эсхүл

(c)оролцогч улсуудын хувьд 1 дүгээр зүйлээр хориглосон үйлдэл буюу үйл ажиллагааг явуулахаар аливаа оролцогч улс заналхийлсэн

гэж үзвэл оролцогч улс бүр химийн зэвсэг хэрэглэхийн буюу хэрэглэхээр заналхийлэхийн эсрэг тусламж, хамгаалалтыг хүсэх болон 9, 10 болон 11 дэх хэсэгт заасан журмын дагуу авах эрхтэй.

9.Холбогдох мэдээллээр баталгаажсан хүсэлтийг Ерөнхий захиралд өгөх бөгөөд тэрбээр уг хүсэлтийг Гүйцэтгэх зөвлөл болон оролцогч бүх улсад нэн даруй дамжуулна. Ерөнхий захирал уг хүсэлтийг химийн зэвсэг буюу хэв журам сахиулах зорилгоор хэрэглэдэг бодисыг дайны хэрэгсэл болгон ашигласан тохиолдолд яаралтай тусламжийг, эсхүл химийн зэвсэг буюу хэв журам сахиулах зорилгоор хэрэглэдэг бодисыг дайны хэрэгсэл болгон ашиглах ноцтой аюул заналхийлсэн тохиолдолд хүмүүнлэгийн тусламжийг 7 дахь хэсгийн (b) болон (с) дэд хэсэгт нийцүүлэн оролцогч холбогдох улсад үзүүлэхээ сайн дураар илэрхийлсэн оролцогч улсуудад хүсэлтийг хүлээн авснаас хойш 12 цагийн дотор нэн даруй дамжуулна. Ерөнхий захирал цаашид авах арга хэмжээний үндсийг тодорхойлохын тулд мөрдөн шинжилгээг хүсэлт хүлээн авснаас хойш 24 цагийн дотор эхлүүлнэ. Тэрбээр мөрдөн шинжилгээг 72 цагийн дотор дуусгаж Гүйцэтгэх зөвлөлд илтгэл илгээнэ. Хэрэв мөрдөн шинжилгээг дуусгахад нэмэлт хугацаа шаардагдах тохиолдолд завсрын илтгэлийг дээр дурдсан хугацаанд бэлтгэж өгнө. Мөрдөн шилжилгээ хийх нэмэлт хугацаа нь 72 цагаас хэтрэхгүй. Гэхдээ энэ хугацааг адил хугацаагаар дахин сунгаж болно. Нэмэлт хугацаа дуусах бүр Гүйцэтгэх зөвлөлд илтгэл бэлтгэж өгнө. Мөрдөн шинжилгээгээр хүсэлтэд хамаарах холбогдох үйл баримт, хэрэгтэй нэмэлт тусламж, хамгаалалтын төрөл, хамрах хүрээг шаардлагатай үед хүсэлт болон түүнийг дагалдсан мэдээлэлд нийцүүлэн тогтооно.

10.Гүйцэтгэх зөвлөл нь мөрдөн шинжилгээний тухай илтгэлийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор байдлыг хэлэлцэхээр хуралдаж, нэмэлт тусламж үзүүлэхийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт даалгах эсэх талаар ердийн олонхийн саналаар дараагийн 24 цагийн дотор шийдвэр гаргана. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь мөрдөн шинжилгээний тухай илтгэл болон Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг оролцогч бүх улс, олон улсын холбогдох байгууллагуудад нэн даруй дамжуулна. Гүйцэтгэх зөвлөл тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бол Ерөнхий захирал уг тусламжийг нэн даруй үзүүлнэ. Эл зорилгоор Ерөнхий захирал нь хүсэлт гаргагч оролцогч улс, оролцогч бусад улс болон олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж болно. Оролцогч улсууд тусламж үзүүлэхийн тулд бүхий л боломжтой чармайлтыг гаргана.

11.Хэрэв химийн зэвсэг хэрэглэснээс хохирогч байгаа бөгөөд нэн даруй арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байгааг мөрдөн шинжилгээ буюу бусад баталгаатай эх сурвалжаас авсан мэдээлэл хангалттай нотолж байвал Ерөнхий захирал оролцогч бүх улсад мэдэгдэж, Бага хурлаас түүний мэдэлд ийм тохиолдолд хэрэглэхээр олгосон нөөц хөрөнгөөс яаралтай тусламжийн арга хэмжээ авна. Ерөнхий захирал энэ хэсгийн дагуу авсан арга хэмжээнийхээ талаар Гүйцэтгэх зөвлөлд мэдээлж байна.

11 дүгээр зүйл

Эдийн засаг, технологийн хөгжил

1.Энэхүү конвенцийн заалтыг оролцогч улсуудын эдийн засаг буюу технологийн хөгжилд, түүнчлэн энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор химийн үйл ажиллагаа явуулах салбар дахь олон улсын хамтын ажиллагаа, түүний дотор энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор шинжлэх ухаан, техникийн мэдээлэл, химийн бодис болон химийн бодис үйлдвэрлэх, боловсруулах буюу хэрэглэхэд шаардагдах тоног төхөөрөмжийг олон улсын хэмжээнд харилцан солилцоход саад учруулахаас зайлсхийх байдлаар хэрэгжүүлнэ.

2.Энэхүү конвенцийн заалтыг мөрдөхийн хамт, түүнчлэн олон улсын эрх зүйн зарчим болон хэрэглэгдэх хэм хэмжээг үл хөндөн оролцогч улсууд:

(a)бие даан буюу хамтран химийн бодисын судалгаа хийх, химийн бодис боловсруулах, үйлдвэрлэх, олж авах, хадгалах, шилжүүлэх болон ашиглах эрхтэй;

(b)энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор химийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, түүнийг хэрэглэхэд хамаарах химийн бодис, тоног төхөөрөмж болон шинжлэх ухаан, техникийн мэдээллийг боломжтой бүх байдлаар харилцан солилцохыг хөнгөвчлөн дэмжих үүрэг хүлээж, ийнхүү харицан солилцоход оролцох эрхтэй;

(c)худалдаанд, түүнчлэн химийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг аж үйлдвэр, хөдөө аж ахуй, эрдэм шинжилгээ, анагаах ухаан, эм зүй буюу энхийн бусад зорилгоор хөгжүүлэх болон дэлгэрүүлэхэд хязгаарлалт буюу саад болох бөгөөд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүрэгт үл нийцэх аливаа хязгаарлалт, түүний дотор олон улсын аливаа хэлэлцээрийн хүрээн дэх хязгаарлалтыг хоорондоо цаашид үл хэрэгжүүлнэ;

(d)энэхүү конвенцийг энэхүү конвенцид заасан буюу зөвшөөрснөөс бусад аливаа арга хэмжээ авах үндэслэл болгон ашиглахгүй, мөн олон улсын аливаа өөр хэлэлцээрийг энэхүү конвенцид үл нийцэх зорилгод ашиглахгүй;

(e)химийн бодисын худалдааны салбарт мөрдөж буй үндэсний журмаа энэхүү конвенцийн зүйл, зорилгод нийцүүлэхийн тулд хянан үзэх үүрэг хүлээнэ.

12 дугаар зүйл

Байдлыг засаж залруулах, Конвенцийг дагаж мөрдөх явдлыг хангах,

түүний дотор албадах арга хэмжээ авах

1.Энэхүү конвенцийг дагаж мөрдөх явдлыг хангах, түүнчлэн энэхүү конвенцийн заалтад харшилж буй аливаа байдлыг засаж залруулах үүднээс Бага хурал нь 2, 3 болон 4 дэх хэсэгт заасан шаардлагатай арга хэмжээг авна. Энэ хэсгийн дагуу авах арга хэмжээг Бага хурал хэлэлцэхдээ Гүйцэтгэх зөвлөлөөс өргөн барьсан асуудлын талаархи бүх мэдээлэл, зөвлөмжийг харгалзан үзнэ.

2.Энэхүү конвенцийг дагаж мөрдөж буй эсэх талаар гарсан асуудлыг буй болгож байгаа байдлыг засаж залруулах арга хэмжээ авахыг Гүйцэтгэх зөвлөл оролцогч аливаа улсаас хүссэн бөгөөд уг хүсэлтийг дээрх оролцогч улс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд Бага хурал энэхүү конвенцоор түүнд олгосон эрх болон эрх ямбыг энэхүү конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд шаардлагатай арга хэмжээ авах хүртэл нь Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөмжийн дагуу inter alia хязгаарлах буюу түдгэлзүүлж болно.

3.Энэхүү конвенцоор, ялангуяа 1 дүгээр зүйлээр хориглосон үйл ажиллагааны үр дүнд энэхүү конвенцийн зүйл, зорилгод ноцтой хохирол учирж болох тохиолдолд Бага хурал олон улсын эрх зүйд нийцүүлэн хамтарсан арга хэмжээ авахыг оролцогч улсуудад зөвлөмж болгож болно.

4.Онц ноцтой тохиолдолд Бага хурал уг асуудлыг, түүний дотор холбогдох мэдээлэл, дүгнэлтийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн анхааралд хүргэнэ.

13 дугаар зүйл

Олон улсын бусад хэлэлцээртэй холбогдох нь

Амьсгал боогдуулагч, хортой буюу тэдгээртэй ижил бусад хий болон бактериологийн хэрэгслийг дайнд хэрэглэхийг хориглох тухай 1925 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Женев хотноо гарын үсэг зурсан протокол, мөн 1925 оны Женевийн протокол, мөн 1972 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Лондон, Москва, Вашингтон хотноо гарын үсэг зурсан Бактериологийн (биологийн) болон токсины зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох болон тэдгээрийг устгах тухай конвенцийн дагуу аливаа улсын хүлээсэн үүргийг аливаа байдлаар хязгаарлаж буюу бууруулж байна гэж энэхүү конвенцийн аль ч заалтыг тайлбарлахгүй.

14 дүгээр зүйл

Маргаан зохицуулах

1.Энэхүү конвенцийг хэрэглэх буюу тайлбарлахтай холбогдон үүсч болох маргааныг энэхүү конвенцийн холбогдох заалтууд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний дүрмийн заалтуудад нийцүүлэн зохицуулна.

2.Хэрэв хоёр буюу хэд хэдэн оролцогч улсын хооронд, эсхүл нэг буюу хэд хэдэн оролцогч улс болон Байгууллагын хооронд энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэхтэй холбогдон маргаан үүсвэл хэлэлцээний буюу тухайн талуудын сонгох эв зүйгээр шийдэх бусад арга, түүний дотор энэхүү конвенцийн холбогдох байгууллагад, түүнчлэн харилцан тохиролцсоны үндсэн дээр Олон улсын шүүхэд уг шүүхийн дүрэмд нийцүүлэн хандаж тухайн маргааныг шуурхай зохицуулах үүднээс холбогдох талууд зөвлөлдөнө. Авч байгаа арга хэмжээнийхээ талаар оролцогч улсууд Гүйцэтгэх зөвлөлд мэдээлж байна.

3.Гүйцэтгэх зөвлөл зохимжтой гэж үзсэн бүхий л арга, түүний дотор зуучлал, өөрсдийн сонгосон аргаар маргааныг зохицуулж эхлэхийг оролцогч улсуудад уриалах, түүнчлэн тохиролцсон аливаа арга хэмжээ авах цаг хугацааны хязгаарыг тодорхойлсон зөвлөмж өгөх зэргээр маргааныг зохицуулахад хувь нэмэр оруулж болно.

4.Бага хурал оролцогч улсуудаас үүсгэсэн буюу Гүйцэтгэх зөвлөлөөс оруулсан маргаанд хамаарах асуудлыг хэлэлцэнэ. Бага хурал нь шаардлагатай гэж үзвэл эдгээр маргааныг зохицуулах үүрэг бүхий байгууллагыг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (f) дэд хэсэгт нийцүүлэн байгуулах буюу байгууллагад уг үүргийг даалгана.

5.Бага хурал болон Гүйцэтгэх зөвлөл нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн зөвшөөрлийн үндсэн дээр Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд үүсч буй эрх зүйн аливаа асуудлаар зөвлөх дүгнэлт өгөхийг Олон улсын шүүхээс хүсэх эрхийг тус тусдаа эдлэнэ. Байгууллага болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын хооронд 8 дугаар зүйлийн 34 дэх хэсгийн (а) дэд хэсэгт нийцүүлэн энэ зорилгоор хэлэлцээр байгуулна.

6.Энэ зүйл 9 дүгээр зүйл болон байдлыг засаж залруулах, энэхүү конвенцийг дагаж мөрдөх явдлыг хангах, түүний дотор албадах арга хэмжээ авах тухай заалтуудыг хөндөхгүй.

15 дугаар зүйл

Нэмэлт өөрчлөлт

1.Оролцогч аливаа улс энэхүү конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж болно. 4 дэх хэсэгт заасны дагуу оролцогч аливаа улс энэхүү конвенцийн хавсралтуудад өөрчлөлт оруулах санал гаргаж болно. Нэмэлт өөрчлөлт оруулах саналыг 2 болон 3 дахь хэсэгт заасан журмын дагуу гаргана. 4 дэх хэсэгт зааснаар өөрчлөлт оруулах саналыг 5 дахь хэсэгт дурдсан журмын дагуу гаргана.

2.Санал болгосон нэмэлт өөрчлөлтийн эхийг оролцогч бүх улс болон хадгалагчид тараах зорилгоор Ерөнхий захиралд өгнө. Санал болгосон нэмэлт өөрчлөлтийг зөвхөн Нэмэлт өөрчлөлт оруулах бага хурлаар хэлэлцэнэ. Санал болгосон нэмэлт өөрчлөлтийг тарааснаас хойш 30 хоногийн дотор оролцогч бүх улсын гуравны нэг буюу түүнээс дээш хувь нь саналыг цаашид хэлэлцэхийг дэмжиж байгаагаа Ерөнхий захиралд мэдэгдвэл Нэмэлт өөрчлөлт оруулах бага хурлыг хуралдуулна. Хүсэлт гаргагч оролцогч улсууд Нэмэлт өөрчлөлт оруулах бага хурлыг хугацаанаас нь өмнө хуралдуулах хүсэлт гаргаагүй бол түүнийг Бага хурлын ээлжит чуулганы дараа нэн даруй хуралдуулна. Санал болгосон нэмэлт өөрчлөлтийг тарааснаас хойш 60-аас доош хоногийн дотор Нэмэлт өөрчлөлт оруулах бага хурлыг ямар ч тохиолдолд хуралдуулахгүй.

3.Нэмэлт өөрчлөлт нь доорхи (b) дэд хэсэгт дурдсан оролцогч бүх улс батламж жуух бичиг буюу хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ хадгалуулснаас хойш 30 хоногийн дараа оролцогч бүх улсын хувьд дараахь тохиолдолд хүчин төгөлдөр болно:

(a)хэрэв уг нэмэлт өөрчлөлтийг оролцогч бүх улсын олонхи нь дэмжих санал өгч, оролцогч нэг ч улс татгалзах санал өгөлгүйгээр Нэмэлт өөрчлөлт оруулах бага хурлаар батласан; бөгөөд

(b)нэмэлт өөрчлөлт оруулах бага хурал дээр дэмжих санал өгсөн оролцогч бүх улс уг нэмэлт өөрчлөлтийг соёрхон батласан буюу хүлээн зөвшөөрсөн.

4.Энэхүү конвенцийн үр нөлөө, үр ашгийг хангах үүднээс Хавсралтын заалтуудад зөвхөн санал болгосон өөрчлөлт нь захиргаа буюу техникийн шинж чанар бүхий асуудалд хамаарах бол 5 дахь хэсэгт нийцүүлэн өөрчлөлт оруулж болно. Химийн бодисын тухай хавсралтад оруулах бүх өөрчлөлтийг 5 дахь хэсэгт нийцүүлэн гүйцэтгэнэ. Нууцлалын тухай хавсралтын А болон С анги, Нягтлан шалгалтын тухай хавсралтын Х хэсэг, түүнчлэн зөвхөн хүсэлтийн дагуу хийлгэх хянан шалгалтад хамаарах I хэсэгт орсон тодорхойлолтод 5 дахь хэсэгт нийцүүлэн өөрчлөлт оруулахгүй.

5.4 дэх хэсэгт дурдсан санал болгосон өөрчлөлтийг дараахь журамд нийцүүлэн оруулна:

(a)санал болгосон өөрчлөлтийн хувилбарыг шаардлагатай мэдээллийн хамт Ерөнхий захиралд дамжуулна. Саналыг дүгнэх үүднээс нэмэлт мэдээллийг оролцогч аливаа улс болон Ерөнхий захирал өгч болно. Ерөнхий захирал ийм санал болон мэдээллийг оролцогч бүх улс, Гүйцэтгэх зөвлөл болон хадгалагчид даруй хүргүүлнэ;

(b)саналыг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор Ерөнхий захирал энэхүү конвенцийн заалт, түүний хэрэгжилтэд нөлөөлөх боломжтой бүх үр дагаврыг тодорхойлох үүднээс түүнд үнэлэлт дүгнэлт өгч, энэ талаархи аливаа мэдээллийг оролцогч бүх улс болон Гүйцэтгэх зөвлөлд хүргүүлнэ;

(c)Гүйцэтгэх зөвлөл саналыг, түүний дотор уг санал 4 дэх хэсгийн шаардлагыг хангаж буй эсэхийг өөртөө байгаа бүх мэдээллийг ашиглан шалгаж үзнэ. Саналыг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор Гүйцэтгэх зөвлөл өөрийн зөвлөмжийг холбогдох тайлбарын хамт хэлэлцүүлэхээр оролцогч бүх улсад мэдэгдэнэ. Оролцогч улсууд түүнийг хүлээн авсан тухайгаа 10 хоногийн дотор батална;

(d)саналыг батлахыг Гүйцэтгэх зөвлөл оролцогч бүх улсад зөвлөмж болгосон тохиолдолд түүнийг татгалзаж байгаагаа оролцогч нэг ч улс зөвлөмжийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор мэдэгдээгүй бол уг саналыг батлагдсан гэж үзнэ. Саналыг хүлээн авахгүй байхыг Гүйцэтгэх зөвлөл зөвлөмж болгосон тохиолдолд татгалзаж байгаагаа оролцогч нэг ч улс зөвлөмжийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор мэдэгдээгүй бол уг саналыг хүлээн авсангүй гэж үзнэ;

(e)Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан зөвлөмж нь (d) дэд хэсгийн дагуу шаардагдах хүлээн зөвшөөрөх журамд нийцэхгүй бол саналын талаархи шийдвэр, түүний дотор уг санал 4 дэх хэсгийн шаардлагыг хангаж буй эсэх талаархи шийдвэрийг зарчмын асуудал хэмээн Бага хурал ээлжит чуулганаараа авч үзнэ;

(f)Ерөнхий захирал энэ хэсгийн дагуу гаргасан аливаа шийдвэрийн талаар оролцогч бүх улс болон хадгалагчид мэдэгдэнэ;

(g)энэ журмын дагуу батлагдсан өөрчлөлт нь өөр хугацааг тогтоохоор Гүйцэтгэх зөвлөлөөс зөвлөмж болгоогүй буюу Бага хурлаас шийдвэрлээгүй бол ийнхүү батласан тухай Ерөнхий захирал мэдэгдсэн өдрөөс хойш 180 хоногийн дараа оролцогч бүх улсын хувьд хүчин төгөлдөр болно.

16 дугаар зүйл

Конвенцийн хугацаа, конвенцоос гарах

1.Энэхүү конвенцийн үйлчлэл хугацаагүй байна.

2.Оролцогч улс бүр энэхүү конвенцийн зүйл болох асуудалд хамаарах онцгой үйл явдал тухайн улсын дээд эрх ашигт занал учруулсан гэж шийдвэл үндэснийхээ бүрэн эрхт байдлыг хэрэгжүүлэн энэхүү конвенцоос гарах эрхтэй. Ийнхүү гарч буй тухайгаа оролцогч улс 90 хоногийн өмнө оролцогч бусад бүх улс, Гүйцэтгэх зөвлөл, хадгалагч болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлд мэдэгдэнэ. Уг мэдэгдэлд тухайн улсын дээд эрх ашигт занал учруулсан гэж үзэж буй онцгой үйл явдлын талаарх мэдээллийг оруулна.

3.Энэхүү конвенцоос оролцогч улс гарах нь улсууд олон улсын эрх зүйн аливаа холбогдох хэм хэмжээ, ялангуяа 1925 оны Женевийн протоколын дагуу хүлээсэн үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэгт аливаа байдлаар нөлөөлөхгүй.

17 дугаар зүйл

Хавсралтуудын статус

Хавсралтууд нь энэхүү конвенцийн салшгүй хэсэг мөн. Энэхүү конвенцийг иш татах бүрийд хавсралтууд нь мөн адил хамаарагдана.

18 дугаар зүйл

Гарын үсэг зурах

Энэхүү конвенц нь хүчин төгөлдөр болохоос өмнө түүнд бүх улс гарын үсэг зурахад нээлттэй байна.

19 дүгээр зүйл

Соёрхон батлах

Энэхүү конвенцид гарын үсэг зурсан улсууд түүнийг тус тусын хууль тогтоомжийнхоо дагуу соёрхон батална.

20 дугаар зүйл

Нэгдэн орох

Энэхүү конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө гарын үсэг зураагүй аливаа улс түүнээс хойш хэдийд ч түүнд нэгдэн орж болно.

21 дүгээр зүйл

Хүчин төгөлдөр болох

1.Энэхүү конвенц нь 65 дахь батламж жуух бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 180 хоногийн дараа хүчин төгөлдөр болно, гэхдээ ямар ч тохиолдолд түүнд гарын үсэг зурахад нээлттэй болсноос хойш хоёр жилээс өмнө хүчин төгөлдөр болохгүй.

2.Батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш хадгалуулсан улсын хувьд энэхүү конвенц тухайн батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан өдрөөс хойш 30 дахь өдөр хүчин төгөлдөр болно.

22 дугаар зүйл

Тайлбар

Энэхүү конвенцийн заалтуудад тайлбар хийж үл болно. Энэхүү конвенцийн хавсралтуудад түүний зүйл, зорилгод харшлах тайлбарыг хийж үл болно.

Эх хадгалагч

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргыг энэхүү Конвенцийн хадгалагчаар үүгээр томилж байгаа бөгөөд тэрбээр inter alia:

(a)гарын үсэг зурсан өдөр, батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичиг хадгалуулсан өдөр, энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдөр бүрийн тухай, түүнчлэн бусад мэдэгдлийг хүлээн авсан тухай гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсад шуурхай мэдээлнэ;

(b)энэхүү конвенцийн зохих баталгаатай хуулбарыг гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсын засгийн газарт дамжуулна; түүнчлэн

(c)энэхүү конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгүүлнэ.

24 дүгээр зүйл

Адил хүчинтэй эх бичвэр

Англи, араб, испани, орос, франц, хятад, хэлээрх эх бичвэр нь адил хүчинтэй энэхүү Конвенцийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

Дээр дурдсаныг нотолж, эл зорилгоор зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсгээ зурагсад энэхүү конвенцид гарын үсэг зурав.

Нэг мянга есөн зуун ерэн гурван оны нэгдүгээр сарын арван гуравны өдөр Парис хотноо үйлдэв.

ХИМИЙН БОДИСЫН ТУХАЙ ХАВСРАЛТ

А. Химийн бодисын жагсаалт гаргахад удирдлага болгох зүйлс

I жагсаалт гаргахад удирдлага болгох зүйлс

1.Химийн хорт бодис буюу прекурсорыг I жагсаалтад оруулах ёстой эсэхийг авч үзэхдээ дараахь шалгуурыг харгалзан үзнэ:

(a)уг бодис буюу прекурсорыг 2 дугаар зүйлд тодорхойлсноор химийн зэвсгийн хувьд боловсруулсан, үйлдвэрлэсэн, нөөцөлсөн эсхүл хэрэглэсэн;

(b)дараахь нөхцлийн нэг буюу хэд хэд нь бүрэлдсэн учир уг бодис буюу прекурсор нь энэхүү конвенцийн дагуу хориглосон үйл ажиллагаанд хэрэглэгдэх өндөр магадлалтайн улмаас энэхүү конвенцийн зүйл, зорилгод өөрөөр аюул учруулах өндөр эрсдэлтэй:

(i)химийн бүтэц нь I жагсаалтад орсон химийн хорт бодистой нягт холбоотой бөгөөд уг бодис буюу прекурсор нь адилтгах шинж чанар агуулсан, эсхүл агуулсан гэж үзэх боломжтой;

(ii)амь нас, эсхүл хэвийн амьдарч хөдөлмөрлөх чадварыг үгүй болгох хэмжээний хорт чанар, түүнчлэн түүнийг химийн зэвсгийн хувьд хэрэглэх боломжтой болгох бусад шинж чанартай;

(iii)түүнийг I жагсаалтад орсон химийн хорт бодисыг үйлдвэрлэх технологийн төгсгөлийн ганц шатанд энэ шат нь байгууламж, байлдааны хэрэгсэл, эсхүл аливаа өөр газарт хэрэгжсэн эсэхээс үл хамааран прекурсорын хувьд хэрэглэж болно;

(c)уг бодис буюу прекурсорыг энэхүү конвенцийн дагуу хориглосон зорилгод бага хэрэглэдэг буюу огт хэрэглэдэггүй.

II жагсаалт гаргахад удирдлага болгох зүйлс

2.I жагсаалтад ороогүй химийн хорт бодис, эсхүл I жагсаалтад орсон химийн бодисын прекурсор буюу II жагсаалтын А хэсэгт орсон химийн бодисын прекурсорыг II жагсаалтад оруулах ёстой эсэхийг авч үзэхдээ дараахь шалгуурыг харгалзан үзнэ:

(a)амь нас эсхүл хэвийн амьдарч хөдөлмөрлөх чадварыг үгүй болгох хэмжээний хорт чанар, түүнчлэн түүнийг химийн зэвсгийн хувьд хэрэглэх боломжтой болгох бусад шинж чанар агуулсан учир энэхүү конвенцийн зүйл, зорилгод аюул учруулах ихээхэн эрсдэлтэй;

(b)I жагсаалт, эсхүл II жагсаалтын А хэсэгт орсон химийн бодис бүрдэх төгсгөлийн шатанд химийн аль нэг урвал прекурсорын хувьд түүнийг хэрэглэж болно;

(c)I жагсаалт, эсхүл II жагсаалтын А хэсэгт орсон химийн бодис үйлдвэрлэхэд чухал улмаас энэхүү конвенцийн зүйл, зорилгод аюул учруулах ихээхэн эрсдэлтэй;

(d)энэхүү конвенцийн дагуу хориглоогүй зорилгоор түүнийг их хэмжээгээр арилжааны зорилгоор үйлдвэрлэдэггүй.

III жагсаалт гаргахад удирдлага болгох зүйлс

3.Бусад жагсаалтад ороогүй химийн хорт бодис буюу прекурсорыг III жагсаалтад оруулах ёстой эсэхийг авч үзэхдээ дараахь шалгуурыг харгалзан үзнэ:

(a)уг бодис буюу прекурсорыг химийн зэвсгийн хувьд үйлдвэрлэсэн, нөөцөлсөн эсхүл хэрэглэсэн;

(b)амь нас, эсхүл хэвийн амьдарч хөдөлмөрлөх чадварыг үгүй болгох хэмжээний хорт чанар, түүнчлэн түүнийг химийн зэвсгийн хувьд хэрэглэх боломжтой болгох бусад шинж чанартай учир энэхүү конвенцийн зүйл, зорилгод өөрөөр аюул учруулах эрсдэлтэй;

(c)I жагсаалт, эсхүл II жагсаалтын B хэсэгт орсон нэг буюу хэд хэдэн химийн бодис үйлдвэрлэхэд чухал улмаас энэхүү конвенцийн зүйл, зорилгод аюул учруулах эрсдэлтэй;

(d)энэхүү конвенцийн дагуу хориглоогүй зорилгоор түүнийг их хэмжээгээр арилжааны зорилгоор үйлдвэрлэж болно.

B.Химийн бодисын жагсаалт

Дараахь жагсаалтуудад химийн хорт бодис болон тэдгээрийн прекурсорыг оруулсан. Энэхүү конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор эдгээр жагсаалт нь Нягтлан шалгах тухай хавсралтын заалтуудад нийцүүлэн нягтлан шалгах арга хэмжээг хэрэглэхийн тулд химийн бодисыг таньж тогтооно. 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a) дэд хэсгийн дагуу эдгээр жагсаалт нь химийн зэвсгийн тодорхойлолт болохгүй.

(Араас нь хаалтан дотор алкилын бүлгийн жагсаалтыг тусгасан диалкил бүхий химийн бодисын бүлгийг дурдах бүрийд хаалтан дотор жагсаасан алкилын бүлгүүдийн боломжтой бүх нийлмэл дээр үндэслэсэн химийн бүх бодисыг холбогдох жагсаалтад орохгүй гэж шууд заагаагүй бол уг жагсаалтад орсон гэж үзнэ. II жагсаалтын А хэсэгт “*” тэмдгээр тэмдэглэсэн химийн бодис нь Нягтлан шалгалтын тухай хавсралтын VII хэсэгт зааснаар тогтоосон мэдүүлэг болон нягтлан шалгалтын тусгай босгонд хамрагдана.)

I жагсаалт

А.

Химийн хорт бодис

CAS бүртгэлийн дугаар

(1)

O-алкил (≤C10, циклоалкилыг оролцуулан) алкил

(Me, Et, n-Pr эсхүл i-Pr)-фторфосфонат

Жишээлбэл:

Зарин: O-изопропилметилфторфосфонат

Зоман: O-пинаколилметилфторфосфонат

(107-44-8) (96-64-0)

(2)

O-алкил (≤C10, циклоалкилыг оролцуулан) N,N-диалкил (Me, Et, n-Pr or i-Pr) амидоцианфосфат

Жишээлбэл:

Табун: O-этил N,N-диметиламидоцианфосфат

(77-81-6)

(3)

O-алкил (H эсхүл ≤C10, циклоалкилыг оролцуулан) S-2-диалкил

(Me, Et, n-Pr or i-Pr)-аминоэтил алкил

(Me, Et, n-Pr or i-Pr) тиофосфонат болон алкил буюу протон бүхий холбогдох давс

Жишээлбэл: VX: O-этил S-2 диизопропиламиноэтилметил-тиофосфат

(50782-69-9)

(4)

Хүхрийн иприт:

2-хлорэтилхлорметилхүхэр

(2625-76-5)

Иприт хий: Хоёр(2-хлорэтил)хүхэр

(505-60-2)

Хоёр (2-хлорэтил)метан

(63869-13-6)

Сесквииприт: 1,2- Хоёр (2-хлорэтил)этан

(3563-36-8)

1,3- Хоёр (2-хлорэтилтио)-n-пропан

(63905-10-2)

1,4- Хоёр (2-хлорэтилтио)-n-бутан

(142868-93-7)

1,5- Хоёр (2-хлорэтилтио)-n-пентан

(142868-94-8)

Хоёр (2-хлорэтилтиометил) эфир

(63918-90-1)

O-иприт: Хоёр (2-хлорэтилтиоэтил)эфир

(63918-89-8)

(5)

Люизит:

Люизит 1: 2-Хлорвинилдихлорарсин

(541-25-3)

Люизит 2: Хоёр (2-хлорвинил)хлорарсин

(40334-69-8)

Люизит 3: Гурав(2- хлорвиниларсин

(40334-70-1)

(6)

Азотот иприт:

HN1: Хоёр (2-хлорэтил)этиламин

(538-07-8)

HN2: Хоёр (2-хлорэтил)метиламин

(51-75-2)

HN3: Гурав(2-хлорэтил)амин

(555-77-1)

(7)

Сакситоксин

(35523-89-8)

(8)

Рицин

(9009-86-3)

B.

Прекурсор:

(9)

Алкил (Me, Et, n-Pr or i-Pr) фосфонилдифторид

Жишээлбэл:

DF: Метилфосфонилдифторид

(676-99-3)

(10)

O-Алкил (H эсхүл ≤C10 циклоалкилыг оролцуулан) O-2-диалкил (Me, Et, n-Pr or i-Pr)-аминоэтил алкил (Me, Et, n-Pr or i-Pr) фосфонит болон алкил буюу протон бүхий холбогдох давс

Жишээлбэл:QL: O-Этил O-2-диизопропиламиноэтилметил фосфонит

(57856-11-8)

(11)

Хлорзарин: O-изопропилметилхлорфосфонат

(1445-76-7)

(12)

Хлорзоман: O-пинаколилметилхлорфосфонат

(7040-57-5)

II жагсаалт

A.

Химийн хорт бодис:

(1)

Амитон: O,O-диэтил S-[2-(диэтиламино)этил] тиофосфат болон алкил буюу протон бүхий холбогдох давс

(78-53-5)

(2)

PFIB: 1,1,3,3,3-пентафтор-2-(гурванфторметил)-1-пропен

(382-21-8)

(3)

BZ: 3-хинуклидинилбензилат (*)

(6581-06-2)

B.

Прекурсор:

(4)

I жагсаалтад орсноос бусад, метил, этил буюу пропилын (энгийн эсхүл изо-) бүлэг холбоотой, гэхдээ хүчилтөрөгчийн бусад атом холбоогүй фосфорын атом агуулсан химийн бодис

Жишээлбэл:

метилфосфонилдихлорид

(676-97-1)

Диметил метилфосфонат

(756-79-6)

Үүнд үл хамаарах: фонофос: O-этил S-фенил этилфосфонтиолтионат

(944-22-9)

(5)

N,N-диалкил (Me, Et, n-Pr or i-Pr) амидодигалоидфосфат

(6)

Диалкил (Me, Et, n-Pr or i-Pr) N,N-диалкил

(Me, Et, n-Pr or i-Pr)-амидофосфат

(7)

Гурван хлорт хүнцэл

(7784-34-1)

(8)

2,2-дифенил-2-окси цууны хүчил

(76-93-7)

(9)

Хинуклидин-3-ол

(1619-34-7)

(10)

N,N-диалкил (Me, Et, n-Pr or i-Pr) аминоэтил-2-хлорид

болон протон бүхий холбогдох давс

(11)

N,N-диалкил (Me, Et, n-Pr or i-Pr) аминоэтан-2-ол

болон протон бүхий холбогдох давс

Үүнд үл хамаарах: N,N-диметиламиноэтанол

(108-01-0)

болон протон бүхий холбогдох давс

N,N-диэтиламиноэтанол

(100-37-8)

болон протон бүхий холбогдох давс

(12)

N,N-диалкил (Me, Et, n-Pr or i-Pr) аминоэтан-2-тиол

болон протон бүхий холбогдох давс

(13)

Тиодигликоль: хоёр(2-гидроксиэтил)хүхэр

(111-48-8)

(14)

Пинаколилын спирт: 3,3-диметилбутан-2-ол

(464-07-3)

III жагсаалт

A.

Химийн хорт бодис:

(1)

Фосген: нүүрс хүчлийн дихлорид

(75-44-5)

(2)

Хлорциан

(506-77-4)

(3)

Циант устөрөгч

(74-90-8)

(4)

Хлорпикрин: Гурванхлорнитрометан

(76-06-2)

B.

Прекурсор:

(5)

Фосфорын хлорын эсэл

(10025-87-3)

(6)

Гурван хлорт фосфор

(7719-12-2)

(7)

Таван хлорт фосфор

(10026-13-8)

(8)

Гурванметилфосфит

(121-45-9)

(9)

Гурванэтил фосфат

(122-52-1)

(10)

Диметилфосфат

(868-85-9)

(11)

Диэтилфосфат

(762-04-9)

(12)

Нэг хлорт хүхэр

(10025-67-9)

(13)

Хоёр хлорт хүхэр

(10545-99-0)

(14)

Хлорт тионил

(7719-09-7)

(15)

Этилдиэтаноламин

(139-87-7)

(16)

Метилдиэтаноламин

(105-59-9)

(17)

Гурванэтаноламин

(102-71-6)

ХЭРЭГЖҮҮЛЭЛТ БОЛОН НЯГТЛАН ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХАВСРАЛТ

(“НЯГТЛАН ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХАВСРАЛТ”)

I ХЭСЭГ

ТОДОРХОЙЛОЛТ

1.“Батлагдсан тоног төхөөрөмж” гэж энэхүү хавсралтын II хэсгийн 27 дахь хэсгийн дагуу Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас бэлтгэсэн журамд нийцүүлэн Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас нотолсон хянан шалгах багийн үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай төхөөрөмж, хэрэгслийг хэлнэ. Ийм тоног төхөөрөмж нь мөн хянан шалгах багийн хэрэглэх бичиг хэргийн зүйлс буюу бүртгэлийн материалд хамаарч болно.

2.2 дугаар зүйлд заасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн тодорхойлолтод заасан “барилга” гэдэгт тусгай барилга болон ердийн барилга багтана.

(a)“Тусгай барилга” гэж:

Үйлдвэрлэлийн буюу цэнэглэх конфигурацид тусгай тоног төхөөрөмж агуулж буй аливаа барилга, түүний дотор газар доорх байгууламжийг;

Энэхүү конвенцоор хориглоогүй химийн үйлдвэрлэл буюу цэнэглэх үйл ажиллагаанд ерөнхийдөө хэрэглэгддэг барилгаас түүнийг таниулах ялгах шинж тэмдэг бүхий аливаа барилга, түүний дотор газар доорх байгууламжийг хэлнэ.

(b)“Ердийн барилга” гэж 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн (a)(i) дэд хэсэгт заасан химийн аливаа бодис, эсхүл устгагч химийн бодис үйлдвэрлэдэггүй байгууламжийн хувьд түгээмэл аж үйлдвэрийн жишигт нийцүүлэн барьсан аливаа барилга, түүний дотор газар доорх байгууламжийг хэлнэ.

3.“Хүсэлтийн дагуу хийх хянан шалгалт” гэж оролцогч улсын нутаг дэвсгэр, эсхүл хэргийн харьяалал буюу хяналтан дор нь орших аливаа өөр газар дахь аливаа байгууламж буюу байрлалд 9 дүгээр зүйлийн 8-аас 25 дахь хэсгийн дагуу оролцогч өөр улсын хүсэлтээр хийх хянан шалгалтыг хэлнэ.

4.“Химийн органик тодорхой бодис” гэж химийн нэршил, бүтцийн томъёолол нь мэдэгдэж байгаа бол түүгээр, түүнчлэн “Химийн абстракт үйлчилгээний” бүртгэлийн дугаар заагдсан бол түүгээрээ танигдах оксид, хүхэр болон металлын карбонатаас нь бусад карбоны бүх нийлмэлээс бүрдэх химийн нийлмэлийн ангилалд хамаарах химийн аливаа бодисыг хэлнэ.

5.2 дугаар зүйлд заасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн тодорхойлолтод заасан “тоног төхөөрөмж” гэдэгт тусгай тоног төхөөрөмж болон ердийн тоног төхөөрөмж багтана.

(a)“Тусгай тоног төхөөрөмж” гэж:

(i)үйлдвэрлэлийн аливаа шугам, түүний дотор бүтээгдэхүүний синтез, тусгаарлах буюу цэвэршүүлэх аливаа урвалж буюу тоног төхөөрөмж, урвалж буюу бүтээгдэхүүнийг тусгаарлах зэрэг технологийн эцсийн шатанд дулаан дамжуулахад шууд хэрэглэдэг аливаа тоног төхөөрөмж, түүнчлэн 2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн (a)(i) дэд хэсэгт заасан химийн аливаа бодистой харьцаанд байсан, эсхүл байгууламж ажиллаж байсан бол химийн тийм бодистой харьцаанд байх байсан аливаа бусад тоног төхөөрөмжийг;

(ii)химийн зэвсэг цэнэглэх аливаа механизм;

(iii)2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн (a)(i) дэд хэсэгт заасан химийн аливаа бодис эсхүл устгагч химийн бодис үйлдвэрлэдэггүй байгууламжийн хувьд түгээмэл аж үйлдвэрийн жишигт нийцүүлэн барьсан байгууламжаас ялгаатайгаар химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн хувьд ажиллах байгууламжид зориулан тусгайлан зохион бүтээсэн, барьсан эсхүл угсарсан аливаа бусад тоног төхөөрөмжийг хэлнэ, тухайлбал: никель ихээр агуулсан хайлмаг эсхүл амархан мууддаггүй бусад тусгай материал; хаягдал хянах, хаягдал цэвэрлэх, агаар шүүх буюу уусгагч сэргээх тусгай тоног төхөөрөмж; тусгаарлагч тусгай сав болон хамгаалах хашлага; химийн зэвсгийн зорилгоор химийн хорт бодист дүн шинжилгээ хийхэд хэрэглэдэг лабораторийн ердийн бус тоног төхөөрөмж; явц хянах зориулалтаар тусгайлан тохируулж зохион бүтээсэн пульт; эсхүл тусгай тоног төхөөрөмжид зориулсан сэлбэг хэрэгсэл.

(b) “Ердийн тоног төхөөрөмж” гэж:

(i)химийн аж үйлдвэрт ер нь хэрэглэдэг бөгөөд тусгай тоног төхөөрөмжийн төрөлд багтдаггүй үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг;

(ii)химийн аж үйлдвэрт өргөн хэрэглэдэг бусад тоног төхөөрөмж, тухайлбал: гал сөнөөх тоног төхөөрөмж; хамгаалалтын болон аюулгүй байдлыг хянах тоног төхөөрөмж; эмнэлгийн хэрэгсэл, лабораторийн хэрэгсэл; эсхүл холбоо харилцааны тоног төхөөрөмжийг хэлнэ

6.6 дугаар зүйлд орсон утгаар “байгууламж” гэж дор тодорхойлсон аж үйлдвэрийн аль нэг талбай (“үйлдвэрийн талбай”, “үйлдвэр” болон “нэгж”)-г хэлнэ.

(a)“Үйлдвэрийн талбай” (завод, фабрик) гэж захиргааны завсрын үе шаттай, үйл ажиллагааны нэг хяналтан дор оршдог, тухайлбал, дараахь нэгдсэн дэд бүтэцтэй нэг буюу хэд хэдэн үйлдвэрийн орон нутгийн нэгдлийг хэлнэ:

(i)захиргааны болон бусад алба;

(ii)засвар, арчилгааны цех;

(iii)эмнэлгийн цэг;

(iv)нийтийн үйлчилгээ;

(v)дүн шинжилгээний төв лаборатори:

(vi)туршилт, судалгааны лаборатори;

(vii)бохир ус болон хог хаягдал цэвэрлэх төв талбай;

(viii)агуулах.

(b)“Үйлдвэр” (үйлдвэрлэх байгууламж, цех) гэж, тухайлбал, дараахь нэмэлт болон туслах бүтэцтэй нэг буюу хэд хэдэн нэгжээс бүрдсэн харьцангуй бие даасан талбай, бүтэц буюу барилгыг хэлнэ:

(i)захиргааны жижиг хэлтэс;

(ii)түүхий эд болон бүтээгдэхүүн хадгалах/боловсруулах талбай;

(iii)бохир ус/хог хаягдал боловсруулах/цэвэрлэх талбай;

(iv)хяналт/шинжилгээний лаборатори;

(v)анхны тусламжийн алба/эмнэлгийн холбогдох хэсэг;

(vi)үйлдвэрийн талбай руу орох, талбай дотор явах, талбайгаас гарахтай холбогдох мэдүүлсэн химийн бодис болон тэдгээрийн түүхий эд, эсхүл тэдгээрээс үйлдвэрлэсэн химийн бүтээгдэхүүний зохих бүртгэл.

(c)“Нэгж” (үйлдвэрлэх нэгж, технологийн нэгж) гэж химийн бодис үйлдвэрлэх, боловсруулах буюу хэрэглэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн зүйл, түүний дотор урвалжийн сав болон систем савны нийлмэлийг хэлнэ.

7.“Байгууламжийн тухай хэлэлцээр” гэж 4, 5 болон 6 дугаар зүйлийн дагуу газар дээрх нягтлан шалгалтад хамрагдах тодорхой байгууламжид хамаарах оролцогч улс болон Байгууллагын хоорондын хэлэлцээр буюу тохиролцоог хэлнэ.

8.“Хүлээн авагч улс” гэж энэхүү конвенцийн дагуу хянан шалгалтад хамрагдах энэхүү конвенцийн оролцогч болох өөр улсын байгууламж буюу талбай нутаг дэвсгэрт нь оршиж буй улсыг хэлнэ.

9.“Орон нутгийн дагалдан яваа хүмүүс” гэж тухайн оронд байх хугацаанд хянан шалгах багийг дагалдан явж туслахаар хянан шалгуулж буй оролцогч улсаас, түүнчлэн зохих тохиолдолд хэрэв тэд хүсвэл хүлээн авагч улсаас томилсон хувь хүмүүсийг хэлнэ.

10.“Тухайн оронд байх хугацаа” гэж хянан шалгах багийн тухайн улсад нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс эхлэн тухайн нэвтрэх боомтоос буцах хүртэлх хугацааг хэлнэ.

11.“Анхны хянан шалгалт” гэж 3, 4, 5, 6 дугаар зүйл, түүнчлэн энэхүү хавсралтын дагуу бэлтгэж өгсөн мэдүүлгийг нягтлан шалгахаар байгууламжид хийх газар дээрх анхны хянан шалгалтыг хэлнэ.

12.“Хянан шалгуулж буй оролцогч улс” гэж нутаг дэвсгэр, эсхүл хэргийн харьяалал буюу хяналтан дор нь орших аливаа бусад газарт нь энэхүү конвенцийн дагуу хянан шалгалт явагдаж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт байгаа байгууламж буюу талбай нь тийм хянан шалгалтад хамрагдаж буй оролцогч улсыг хэлнэ; гэхдээ үүнд энэхүү хавсралтын II хэсгийн 21 дэх хэсэгт заасан оролцогч улсыг хамааруулахгүй.

13.“Хянан шалгагчийн туслах” гэж хянан шалгагчдад хянан шалгалт хийх буюу ороход нь туслахаар энэхүү хавсралтын II хэсгийн А ангид зааснаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас томилсон хувь хүн, тухайлбал, эмнэлгийн, хамгаалалтын, захиргааны ажилтан болон хэлмэрчийг хэлнэ.

14.“Хянан шалгах мандат” гэж тодорхой хянан шалгалт явуулахад нь хянан шалгах багт Ерөнхий захирлаас өгсөн зааварчилгааг хэлнэ.

15.“Хянан шалгах заавар” гэж хянан шалгалт явуулах талаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас боловсруулсан нэмэлт журмын эмхэтгэлийг хэлнэ.

16.“Хянан шалгах талбай” гэж хянан шалгалт явуулж буй бөгөөд байгууламжийн тухай холбогдох хэлэлцээр, эсхүл хянан шалгалт хийлгэх тухай хүсэлт, эсхүл хянан шалгах мандат, эсхүл нэмэлт буюу эцсийн периметрээр өргөжүүлсэн хянан шалгалт хийлгэх тухай хүсэлтэд тусгайлан тодорхойлсон аливаа байгууламж буюу талбайг хэлнэ.

17.“Хянан шалгах баг” гэж тодорхой хянан шалгалт хийхээр Ерөнхий захирлаас томилсон бүлэг хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг хэлнэ.

18.“Хянан шалгагч” гэж энэхүү конвенцид нийцүүлэн хянан шалгалт хийх, эсхүл түүнд оролцох энэхүү хавсралтын II хэсгийн А ангид заасан журамд нийцүүлэн Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас томилсон хувь хүнийг хэлнэ.

19.“Загвар хэлэлцээр” гэж энэхүү хавсралтад тусгасан нягтлан шалгалтын тухай заалтыг биелүүлэхээр оролцогч улс болон Байгууллагын хооронд байгуулах хэлэлцээрийн ерөнхий хэлбэр, агуулгыг толдорхойлж буй баримт бичгийг хэлнэ.

20.“Ажиглагч” гэж хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг ажиглах хүсэлт гаргагч оролцогч улс, эсхүл гуравдагч улсын төлөөлөгчийг хэлнэ.

21.Хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтын тохиолдолд “периметр” гэж газарзүйн солбицол, эсхүл газрын зураг дээрх тодорхойлолтоор тодорхойлсон хянан шалгах талбайн гадаад хил хязгаарыг хэлнэ.

(a)“Хүсэлт болгосон периметр” гэж энэхүү хавсралтын X хэсгийн 8 дахь хэсэгт нийцүүлсэн хянан шалгалтын талбайн периметрийг хэлнэ;

(b)“Нэмэлт периметр” гэж хүсэлт болгосон периметрийн оронд хэрэглэхээр хянан шалгуулж буй оролцогч улсаас заасан хянан шалгалтын талбайн периметрийг хэлэх бөгөөд энэ нь энэхүү хавсралтын X хэсгийн 17 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна;

(c)“Эцсийн периметр” гэж энэхүү хавсралтын X хэсгийн 16-гаас 21 дэх хэсэгт нийцүүлэн хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улсын хооронд хийсэн хэлэлцээгээр тохиролцсон хянан шалгах талбайн эцсийн периметрийг хэлнэ;

(d)“Мэдүүлсэн периметр” гэж 3, 4, 5 болон 6 дугаар зүйлийн дагуу мэдүүлсэн байгууламжийн гадаад хил хязгаарыг хэлнэ.

22.9 дүгээр зүйлийн зорилгоор “хянан шалгах хугацаа” гэж хянан шалгах талбайд нэвтрэх эрхийг хянан шалгах багт олгосноос эхлэн хянан шалгах талбайгаас явах хүртэлх хугацааг хэлэх бөгөөд үүнд нягтлан шалгах үйл ажиллагааны өмнө болон хойш зааварчилгаа өгөхөд зарцуулсан хугацааг оруулна.

23.4, 5 болон 6 дугаар зүйлийн зорилгоор “хянан шалгах хугацаа” гэж хянан шалгах баг хянан шалгах талбайд хүрэлцэн ирснээс эхлэн хянан шалгах талбайгаас явах хүртэлх хугацааг хэлэх бөгөөд үүнд нягтлан шалгах үйл ажиллагааны өмнө болон хойш зааварчилгаа өгөхөд зарцуулсан хугацааг оруулна.

24.“Нэвтрэх боомт”/”Гарах боомт” гэж энэхүү конвенцийн дагуу хянан шалгалт хийхээр хянан шалгах баг тухайн оронд хүрэлцэн ирэхэд, эсхүл үүргээ гүйцэтгээд буцахад зориулан заасан газрыг хэлнэ.

25.“Хүсэлт гаргагч оролцогч улс” гэж 9 дүгээр зүйлийн дагуу хүсэлтийн дагуу хянан шалгалт хийх хүсэлт гаргасан оролцогч улсыг хэлнэ.

26.“Тонн” гэж метр тонн, өөрөөр хэлбэл, 1.000 кг-ыг хэлнэ.

II ХЭСЭГ

НЯГТЛАН ШАЛГАЛТЫН ЕРӨНХИЙ ДҮРЭМ

А. Хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг томилох

1.Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь томилохоор санал болгож буй хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахын нэр, иргэний харьяалал, албан тушаал, түүнчлэн тэдний мэдлэг чадвар, мэргэжлийн туршлагын талаархи танилцуулгыг оролцогч бүх улсад бичгээр мэдэгдэнэ.

2.Оролцогч улс бүр өөрт нь мэдэгдсэн томилохоор санал болгосон хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахуудын нэрийн жагсаалтыг хүлээж авснаа нэн даруй нотолно. Оролцогч улс уг жагсаалтыг хүлээж авснаа нотолсноос хойш 30 хоногийн дотор хянан шалгагч болон хянан шалгагчийн туслах бүрийг хүлээн зөвшөөрсөн тухайгаа Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэнэ. Энэ жагсаалтад орсон аливаа хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг оролцогч аль нэг улс хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа уг жагсаалтыг хүлээж авснаа нотолсноос хойш 30 хоногийн дотор бичгээр зарлан мэдэгдээгүй бол томилогдсон гэж үзнэ. Оролцогч улс татгалзсан шалтгаанаа зааж болно.

Хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд санал болгосон хянан шалгагч буюу хянан шалгагчийн туслах хүлээн зөвшөөрөөгүйгээ зарлан мэдэгдсэн оролцогч улсын нутаг дэвсгэр, эсхүл хэргийн харьяалал буюу хяналтан дор нь орших аливаа өөр газарт нягтлан шалгах үйл ажиллагаа явуулахгүй буюу тийм үйл ажиллагаанд оролцохгүй. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь шаардлагатай бол анхны жагсаалтад нэмж өөр нэр цаашид санал болгоно.

3.Энэхүү конвенцийн дагуу явуулах нягтлан шалгах үйл ажиллагааг зөвхөн томилогдсон хянан шалгагч болон хянан шалгагчийн туслах гүйцэтгэнэ.

4.5 дахь хэсгийн заалтыг дагаж мөрдөхийн хамт, оролцогч улс өмнө томилогдсон хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахаас хэдийд ч татгалзах эрхтэй. Тухайн оролцогч улс нь татгалзсан тухайгаа Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэх бөгөөд татгалзсан шалтгаанаа зааж болно. Ийм татгалзал нь түүнийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хүлээж авснаас хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахын томилгоог эгүүлэн авсан тухайгаа холбогдох оролцогч улсад нэн даруй мэдэгдэнэ.

5.Хянан шалгалтын тухай мэдэгдэл авсан оролцогч улс хянан шалгах багийн нэрийн жагсаалтад нэр заасан бөгөөд томилогдсон аль ч хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг тухайн хянан шалгалт явуулах хянан шалгах багаас хасахыг эрэлхийлэхгүй.

6.Оролцогч улсын хүлээж авсан буюу түүнд томилогдсон хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахын тоо нь хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг зохих тоогоор хүрэлцээтэй байлгаж, ээлжлэн ажиллуулахад хангалттай байх ёстой.

7.Хэрэв, Ерөнхий захирлын бодлоор, санал болгосон хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг хүлээж аваагүй нь хангалттай тооны хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг томилоход саад болж байгаа, эсхүл Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг даалгаврыг үр дүнтэй биелүүлэхэд өөрөөр саад учруулж байгаа бол уг асуудлыг Ерөнхий захирал Гүйцэтгэх зөвлөлд толилуулна.

8.Хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахын дээр дурдсан жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай буюу нэмэлт өөрчлөлт оруулах хүсэлт гарсан тухай бүрийд оронд нь ажиллах хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг анхны жагсаалтад холбогдуулан тогтоосон журмын адил журмаар томилно.

9.Оролцогч өөр улсын нутаг дэвсгэрт байрлаж буй оролцогч аль нэг улсын байгууламжид хянан шалгалт явуулж буй хянан шалгах багийн гишүүдийг хянан шалгуулж буй орлцогч улс болон хүлээн авагч оролцогч улсын аль алинд хэрэглэх энэхүү хавсралтад заасан журамд нийцүүлэн томилно.

В. Эрх ямба, дархан эрх

10.Оролцогч улс бүр хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахын нэрийн жагсаалт, эсхүл түүнд орсон өөрчлөлтийг хүлээж авснаа нотолсноос хойш 30 хоногийн дотор хянан шалгагч болон хянан шалгагчийн туслах бүрт хянан шалгах үйл ажиллагаа явуулах зорилгоор оролцогч тухайн улсын нутаг дэвсгэрт нэвтэрч, үлдэх боломжийг олгохын тулд олон удаагийн орох /гарах болон/, эсхүл дамжин өнгөрөх виз болон бусад ийм баримт бичгийг олгоно. Эдгээр баримт бичиг нь тэдгээрийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт бэлтгэж өгснөөс хойш наад зах нь хоёр жил хүчин төгөлдөр байна.

11.Чиг үүргээ үр дүнтэйгээр хэрэгжүүлэхийн тулд хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахад (a)-(i) дэд хэсэгт заасан эрх ямба, дархан эрхийг олгоно. Эрх ямба, дархан эрхийг хянан шалгах багийн гишүүдэд энэхүү конвенцийн ашиг тусын тулд олгох бөгөөд хувь хүмүүсийн өөрсдийнх нь хувийн ашиг тусын тулд олгохгүй. Ийм эрх ямба, дархан эрхийг тэдэнд хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт хүрэлцэн ирэх болон уг нутаг дэвсгэрээс явах хоорондын бүхэл хугацаанд, түүнчлэн албан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өмнө нь гүйцэтгэсэн үйлдлийн хувьд дараа нь олгоно.

(a)Хянан шалгах багийн гишүүдэд Дипломат харилцааны тухай 1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Венийн конвенцийн 29 дүгээр зүйлийн дагуу дипломат төлөөлөгчдийн эдлэх халдашгүй эрхийг олгоно.

(b)Энэхүү конвенцийн дагуу хянан шалгах үйл ажиллагаа явуулж буй хянан шалгах багийн орон сууц болон албан байранд Дипломат харилцааны тухай 1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Венийн конвенцийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу дипломат төлөөлөгчдийн байранд олгодог халдашгүй байдал болон хамгаалалтыг олгоно.

(c)Хянан шалгах багийн бичиг цаас болон захидал харилцаа, түүний дотор бүртгэл тэмдэглэл нь Дипломат харилцааны тухай 1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Венийн конвенцийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу дипломат төлөөлөгчдийн бүх бичиг цаас болон захидал харилцаанд олгодог халдашгүй байдлыг олгоно. Хянан шалгах баг нь Техникийн нарийн бичгийн дарга нарын газартай харьцахдаа томъёолбор хэрэглэх эрхтэй байна.

(d)Хянан шалгах багийн гишүүдийн авч яваа дээж болон батлагдсан тоног төхөөрөмж нь энэхүү конвенцийн заалтад нийцэхийн хамт халдашгүй байх бөгөөд гаалийн бүх татвараас чөлөөлөгдөнө. Аюултай дээжийг холбогдох журамд нийцүүлэн тээвэрлэнэ.

(e)Хянан шалгах багийн гишүүдэд Дипломат харилцааны тухай 1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Венийн конвенцийн 31 дүгээр зүйлийн 1, 2 болон 3 дахь хэсгийн дагуу дипломат төлөөлөгчдөд олгодог дархан эрхийг олгоно.

(f)Энэхүү конвенцид заасан үйл ажиллагааг явуулж буй хянан шалгах багийн гишүүд Дипломат харилцааны тухай 1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Венийн конвенцийн 34 дүгээр зүйлийн дагуу дипломат төлөөлөгчдийг чөлөөлдөг татвар, хураамжаас чөлөөлөгдөнө.

(g)Хянан шалгах багийн гишүүдэд хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч оролцогч улсын нутаг дэвсгэрт импорт буюу экспорт нь хуулиар хориотой, эсхүл хорио цээрийн журмаар хянагдаж буй зүйлээс бусад хувийн хэрэглээний зүйлийг гаалийн аливаа татвар буюу холбогдох хураамжгүйгээр оруулахыг зөвшөөрнө.

(h)Хянан шалгах багийн гишүүдэд гадаадын засгийн газрын төлөөлөгчдөд түр хугацааны албан томилолтын үед олгодог валютын болон валют солих хөнгөлөлтийн адил хөнгөлөлтийг олгоно.

(i)Хянан шалгах багийн гишүд нь хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт хувийн ашиг хонжооны зорилгоор мэргэжлийн буюу арилжааны аливаа үйл ажиллагаа эрхлэхгүй.

12.Хянан шалгуулахгүй байгаа оролцогч улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхөд нь хянан шалгах багийн гишүүдэд Дипломат харилцааны тухай 1961 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Венийн конвенцийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу дипломат төлөөлөгчдийн эдлэх эрх ямба, дархан эрхийг олгоно. Тэдний авч явж буй бичиг цаас болон захидал харилцаа, түүний дотор бүртгэл тэмдэглэл, түүнчлэн дээж болон батлагдсан тоног төхөөрөмжид 11 дэх хэсгийн (c) болон (d) дэд хэсэгт заасан эрх ямба, дархан эрх олгоно.

13.Эрх ямба, дархан эрхээ хөндөхгүйгээр, хянан шалгах багийн гишүүд хянан шалгуулж буй улс, эсхүл хүлээн авагч улсын хууль, журмыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд хянан шалгах мандаттай нь нийцэж буй хэмжээнд тухайн улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох үүрэгтэй байна. Хэрэв энэхүү хавсралтад заасан эрх ямба, дархан эрхийг урвуулан ашигласан гэж хянан шалгуулж буй улс, эсхүл хүлээн авагч улс үзвэл ийнхүү урвуулан ашигласан эсэхийг тогтоох, хэрэв тийнхүү тогтоосон бол дахин урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн оролцогч улс болон Ерөнхий захирал хоорондоо зөвлөлдөнө.

14.Хэргийн харьяаллаас чөлөөлөгдөх хянан шалгах багийн гишүүдийн дархан эрх нь шүүх ажиллагааны явцад саад учруулах бөгөөд түүнийг энэхүү конвенцийн заалтын хэрэгжилтийг хөндөхгүйгээр эгүүлэн авч болно гэж Ерөнхий захирал үзэж байгаа бол уг дархан эрхийг эгүүлэн авч болно. Дархан эрхийг ямагт илэрхий эгүүлэн авна.

15.11 дэх хэсгийн (d) дэд хэсгийн дагуу олгодгоос бусад энэ ангийн дагуу хянан шалгагчдад олгодог эрх ямба, дархан эрхийг ажиглагчдад мөн олгоно.

С. Байнгын тохиролцоо

Нэвтрэх боомт

16.Оролцогч улс бүр нэвтрэх боомтыг заах бөгөөд Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт шаардлагатай мэдээллийг энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор бэлтгэж өгнө. Эдгээр нэвтрэх боомт нь хянан шалгах баг наад зах нь нэг нэвтрэх боомтоос 12 цагийн дотор хянан шалгах аль нэг талбайд хүрэхүйц байна. Нэвтрэх боомтын байрлалыг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар оролцогч бүх улсад мэдэгдэнэ.

17.Оролцогч улс бүр нэвтрэх боомтыг өөрчлөх тухайгаа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар мэдэгдэх замаар нэвтрэх боомтыг өөрчилж болно. Оролцогч бүх улсад зохих ёсоор мэдэгдэх боломж олгох үүднээс өөрчлөлт нь Техникийн нарийн бичгийн дарга нарын газар уг мэдэгдлийг хүлээж асвснаас хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

18.Хэрэв хянан шалгалтыг цаг тухайд нь явуулахад нэвтрэх боомтын тоо хангалтгүй байгаа, эсхүл оролцогч улсын санал болгосон нэвтрэх боомтын өөрчлөлт нь хянан шалгалтыг цаг тухайд нь явуулахад саад учруулна гэж Техникийн нарийн бичгийн дарга нарын газар үзвэл уг асуудлыг шийдвэрлэхийн тулд оролцогч холбогдох улстай зөвлөлдөнө.

19.Хянан шалгуулж буй оролцогч улсын байгууламж буюу талбай нь хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт байгаа, эсхүл нэвтрэх боомтоос хянан шалгалт явуулах байгууламж буюу талбайд хүрэхийн тулд оролцогч өөр улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх шаардлагатай тохиолдолд хянан шалгуулж буй оролцогч улс энэхүү хавсралттай нийцүүлэн уг хянан шалгалттай холбогдох эрхийг хэрэгжүүлж, үүргийг биелүүлнэ. Хүлээн авагч улс тэдгээр байгууламж буюу талбайд хийх хянан шалгалтыг хөнгөвчлөн дэмжих бөгөөд хянан шалгах багийг үүрэг даалгавраа цаг тухайд нь үр дүнтэй байдлаар гүйцэтгэх боломжийг олгохын тулд шаардлагатай дэмжлэг үзүүлнэ. Хянан шалгуулж буй оролцогч улсын байгууламж буюу талбайд хянан шалгалт хийхийн тулд нутаг дэвсгэрээр нь дамжин өнгөрөх шаардлагатай оролцогч улсууд ийнхүү дамжин өнгөрөхийг хөнгөвчлөн дэмжинэ.

20.Хянан шалгуулж буй оролцогч улсын байгууламж буюу талбай энэхүү конвенцийн оролцогч бус улсын нутаг дэвсгэрт байрлаж байгаа тохиолдолд хянан шалгуулж буй улс тэдгээр байгууламж буюу талбайд хийх хянан шалгалтыг энэхүү хавсралтын заалтад нийцүүлэн явуулах явдлыг хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна. Энэхүү конвенцийн оролцогч бус улсын нутаг дэвсгэрт нэг буюу хэд хэдэн байгууламж буюу талбайтай оролцогч улс тухайн оролцогч улсад томилсон хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг хүлээн авагч улс хүлээж авах явдлыг хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээг авна. Хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс байгууламж буюу талбайд хүрэх боломжийг хангаж чадахгүй бол уг боломжийг хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэдгээ харуулна.

21.Хянан шалгалт явуулах хүсэлт гаргасан байгууламж буюу талбай нь оролцогч улсын нутаг дэвсгэрт боловч энэхүү конвенцийн оролцогч бус улсын хэргийн харьяалал буюу хяналтан дор орших газарт байрлаж байгаа тохиолдолд оролцогч улс эдгээр байгууламж буюу талбайд хийх хянан шалгалтыг энэхүү хавсралтын заалтад нийцүүлэн явуулах явдлыг хангах талаар хянан шалгуулж буй оролцогч улс болон хүлээн авагч оролцогч улсаас шаардагдаж болох шаардлагатай бүх арга хэмжээг авна. Хэрэв оролцогч улс тэдгээр байгууламж буюу талбайд хүрэх боломжийг хангаж чадахгүй бол уг боломжийг хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээг авсан гэдгээ харуулна. Хянан шалгалт явуулах хүсэлт гаргасан байгууламж буюу талбай нь оролцогч улсын байгууламж буюу талбай байгаа тохиолдолд энэ хэсгийг хэрэглэхгүй.

Хуваарьт бус агаарын хөлгийг хэрэглэх тохиролцоо

22.9 дүгээр зүйлийн дагуу хийх хянан шалгалт болон арилжааны хуваарьт тээвэр хэрэглэсэн тохиолдолд цаг тухайд нь хүрэх боломжгүй бусад хянан шалгалтын хувьд Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын өмчилж буй буюу түрээслэж буй агаарын хөлгийг хэрэглэх хэрэгтэй байж болно. Энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор оролцогч улс бүр хянан шалгах талбай байрлаж буй нутаг дэвсгэр рүү болон уг нутаг дэвсгэрээс хянан шалгах баг болон тоног төхөөрөмжийг тээвэрлэж буй хуваарьт бус агаарын хөлгийн дипломат зөвшөөрлийн байнгын дугаарыг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ. Заагдсан нэвтрэх боомтод хүрэх болон уг боомтоос явах агаарын хөлгийн чиглэл нь дипломат ийм зөвшөөрлийн үндэс болгон оролцогч улсууд болон Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын хооронд тохиролцсон агаарын олон улсын тогтсон замын дагуу байна.

23.Хуваарьт бус агаарын хөлгийг хэрэглэж байгаа тохиолдолд Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь агаарын хөлөгт хянан шалгалт хийх талбай байрлаж буй улсын агаарын орон зайд нэвтрэхээс өмнөх сүүлчийн нисэх зурвасаас нэвтрэх боомт хүртэлх аяллын төлөвлөгөөг хянан шалгуулж буй ороцогч улсад Үндэсний албаар дамжуулан тухайн нисэх зурвасаас хуваарийн дагуу гарах цагаас зургаагаас доошгүй цагийн өмнө өгнө. Ийм төлөвлөгөөг иргэний агаарын хөлөгт хэрэглэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагын журамд нийцүүлэн өгнө. Өөрийн өмчилж буй буюу түрээслэж буй агаарын хөлгийн аяллын хувьд Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь аяллын төлөвлөгөө бүрийн тэмдэглэх хэсэгт дипломат зөвшөөрлийн байнгын дугаар болон тухайн агаарын хөлгийг хянан шалгах агаарын хөлөг гэдгийг таниулж буй зохих тэмдэглэлийг тусгана.

24.Хянан шалгалт явуулах гэж буй улсын агаарын орон зайд нэвтрэхийн өмнө хянан шалгах багийн сүүлчийн нисэх зурвасаас хуваарийн дагуу гарахаас гурваас доошгүй цагийн өмнө хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч оролцогч улс нь 23 дахь хэсэгт нийцүүлэн бэлтгэж өгсөн аяллын төлөвлөгөөг хянан шалгах баг хүрэлцэн ирэхээр тооцоолсон цагаас өмнө нэвтрэх боомтод хүрэлцэн ирж болохоор батална.

25.Хянан шалгах багийн агаарын хөлгийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар өмчилж буюу түрээслэж буй тохиолдолд хянан шалгуулж буй оролцогч улс нь нэвтрэх боомтод уг агаарын хөлгийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын шаардсанаар буудал, аюулгүй байдлын хамгаалалт, засвар үйлчилгээ болон түлшээр хангана. Уг агаарын хөлөг нь газардсаны хураамж, хөөрсний хураамж, адилтгах хураамжийг хариуцахгүй. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь уг түлш, аюулгүй байдлын хамгаалалт болон засвар үйлчилгээний зардлыг хариуцна.

Захиргааны тохиролцоо

26.Хянан шалгуулж буй оролцогч улс нь холбоо харилцааны хэрэгсэл, асуулт хариулт явуулах болон бусад үүрэг даалгавар гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээнд хэлмэрчийн үйлчилгээ, тээвэр, ажлын орон зай, орон сууц, хоол, эмнэлгийн үйлчилгээ зэрэг хянан шалгах багт шаардлагатай үйлчилгээгээр хангах буюу ийм үйлчилгээг зохицуулна. Үүнтэй холбогдуулан хянан шалгах багийн гаргасан дээрх зардлыг Байгууллага хянан шалгуулж буй оролцогч улсад нөхөн олгоно.

Батлагдсан тоног төхөөрөмж

27.29 дэх хэсгийг мөрдөхийн хамт, хянан шалгах шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай гэж Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас тодорхойлсон бөгөөд 28 дахь хэсэгт нийцүүлэн батласан тоног төхөөрөмжийг хянан шалгах талбайд авч ирэхэд нь хянан шалгуулж буй оролцогч улсын зүгээс хянан шалгах багт хязгаарлалт тавихгүй. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь дээр тодорхойлсон зорилгод хэрэгтэй байж болох батлагдсан тоног төхөөрөмжийн жагсаалт болон уг тоног төхөөрөмжийг зохицуулж буй бөгөөд энэхүү хавсралтад нийцэх журмыг бэлтгэж, шаардлагатай үед шинэчлэнэ. Батлагдсан тоног төхөөрөмжийн жагсаалт болон эдгээр журмыг тогтоохдоо Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь уг тоног төхөөрөмжийг хэрэглэх магадлалтай бүх төрлийн байгууламжийн талаархи аюулгүй байдлыг бүрэн харгалзаж үзнэ. Батлагдсан тоног төхөөрөмжийн жагсаалтыг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурал хэлэлцэж, батална.

28.Тоног төхөөрөмж нь Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын хамгаалалтад байж, түүнийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар сонгож, хэмжин тэмдэглэж, батална. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь шаардлагатай тодорхой төрлийн хянан шалгалтад тусгайлан зориулагдсан тоног төхөөрөмжийг боломжтой хэмжээнд сонгоно. Сонгож, батласан тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүйгээр өөрчлөхөөс тусгайлан хамгаална.

29.Хянан шалгуулж буй оролцогч улс нь тогтоосон цагийн хязгаарыг хөндөхгүйгээр нэвтрэх боомтод хянан шалгах багийн гишүүдийг байлцуулан тоног төхөөрөмжийг шалгах, өөрөөр хэлбэл, хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч оролцогч улсын нутаг дэвсгэрт оруулсан буюу нутаг дэвсгэрээс гаргасан тоног төхөөрөмжийг таньж тогтоохоор үзлэг хийх эрхтэй байна. Тийнхүү таньж тогтоохыг хөнгөвчлөн дэмжихийн тулд Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь тухайн тоног төхөөрөмжийг сонгож, батласнаа нотлох баримт бичиг, төхөөрөмжийг хавсаргана. Түүнчлэн тоног төхөөрөмжийг шалгаснаар уг тоног төхөөрөмж нь тодорхой төрлийн хянан шалгалтанд зориулж батласан тоног төхөөрөмжийн тодорхойлолттой нийцэж байгааг хянан шалгуулж буй оролцогч улс хангалттай үзсэнийг нотолно. Хянан шалгуулж буй оролцогч улс уг толорхойлолтод тохироогүй, эсхүл дээр дурдсан нотлох баримт бичиг болон төхөөрөмжгүй тоног төхөөрөмжийг хасаж болно. Тоног төхөөрөмжийг шалгах журмыг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурал хэлэлцэж, батална.

30.Хянан шалгах баг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт хамаарахгүй боловч тухайн талбайд байгаа тоног төхөөрөмжийг хэрэглэх шаардлагатай гэж үзсэн бөгөөд уг тоног төхөөрөмжийг ашиглах боломж олгохыг хянан шалгуулж буй оролцогч улсаас хүссэн тохиолдолд хянан шалгуулж буй оролцогч улс боломжтой хэмжээндээ дээрх хүсэлтийг биелүүлнэ.

D. Хянан шалгалтын өмнөх үйл ажиллагаа

Мэдэгдэл

31.Ерөнхий захирал нь хянан шалгалт явуулах гэж буйгаа хянан шалгах баг нэвтрэх боомтод төлөвлөсөн ёсоор хүрэлцэн ирэхээс өмнө, хэрэв цагийн хязгаар тогтоосон бол түүний хүрээнд оролцогч улсад мэдэгдэнэ.

32.Ерөнхий захирлын хийх мэдэгдэлд дараахь мэдээлэл багтана:

(a)хянан шалгалтын төрөл;

(b)нэвтрэх боомт;

(c)нэвтрэх боомтод хүрэлцэн ирэх он, сар, өдөр болон цаг;

(d)нэвтрэх боомтод хүрэлцэн ирэх хэрэгсэл;

(e)хянан шалгалт хийх талбай;

(f)хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахын нэрс;

(g)шаардлагатай үед тусгай аяллын хөлөг онгоцны зөвшөөрөл.

33.Хянан шалгуулж буй оролцогч улс нь хянан шалгалт явуулах гэж буйгаа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар мэдэгдсэнийг хүлээж авснаа уг мэдэгдлийг хүлээж авснаас хойш нэг цагийн дотор нотолно.

34.Оролцогч өөр улсын нутаг дэвсгэрт байрлаж буй оролцогч аль нэг улсын байгууламжийг хянан шалгах тохиолдолд оролцогч хоёр улсад 31 болон 32 дахь хэсэгт нийцүүлэн нэгэн зэрэг мэдэгдэнэ.

Хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч улсын нутаг дэвсгэр рүү нэвтрэх, хянан шалгах талбай уруу хөдлөх

35.Хянан шалгах баг хүрэлцэн ирэх тухай мэдэгдэл авсан хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч улс түүнийг нутаг дэвсгэртээ нэн даруй нэвтрэх явдлыг хангах бөгөөд хянан шалгах баг болон түүний тоног төхөөрөмж, хангамжийг нэвтрэх боомтоос хянан шалгах талбай(нууд) уруу болон гарах боомт уруу аюулгүй хүрэх явдлыг хангах талаар өөрөөс хамаарах бүхнийг орон нутгийн дагалдан яваа хүмүүс, эсхүл бусад аргаар хийнэ.

36.Хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч оролцогч улс нь хянан шалгах багт хянан шалгах талбайд нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс хойш 12 цагийн дотор хүрэхэд нь шаардлагатай үед туслана.

Хянан шалгалтын өмнөх зааварчилгаа

37.Хянан шалгах талбайд хүрэлцэн ирмэгц, хянан шалгалт эхлэхээс өмнө тухайн байгууламж, тэнд явуулж буй үйл ажиллагаа, хянан шалгалтад шаардлагатай аюулгүй байдлын арга хэмжээ болон захиргаа, зохион байгуулалтын зохицуулалтын талаар газрын зураг болон бусад бичиг баримтын тусламжтайгаар байгууламжийн төлөөлөгчид хянан шалгах багт зааварчилгаа өгнө. Зааварчилгаанд зарцуулах цаг нь шаардлагатай наад захын хэмжээнд хязгаарлагдах бөгөөд ямар ч тохиолдолд гурван цагаас хэтрэхгүй.

Е. Хяналт шалгалт явуулах

Ерөнхий дүрэм

38.Хянан шалгах багийн гишүүд чиг үүргээ энэхүү конвенцийн заалт, түүнчлэн Ерөнхий захирлын тогтоосон дүрэм, оролцогч улсууд болон Байгууллагын хооронд байгуулсан байгууламжийн тухай хэлэлцээрт нийцүүлэн гүйцэтгэнэ.

39.Хянан шалгах баг нь Ерөнхий захирлын олгосон хянан шалгах мандатыг чанд сахина. Хянан шалгах баг нь энэ мандатаас гадуур ямарваа үйл ажиллагаанаас түдгэлзэнэ.

40.Хянан шалгах багийн үйл ажиллагааг түүнийг чиг үүргээ цаг тухайд нь үр дүнтэйгээр гүйцэтгэх явдлыг хангахаар, хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч улс, түүнчлэн хянан шалгуулж буй байгууламж буюу талбайд боломжийн хэмжээнд хамгийн саад бага учруулахаар зохицуулна. Хянан шалгах баг нь байгууламжийн ажиллагаанд шаардлагагүй саад учруулах буюу саатуулахаас, түүнчлэн түүний аюулгүй байдалд нөлөөлөхөөс зайлсхийнэ. Ялангуяа, хянан шалгах баг нь ямарваа байгууламжийг ажиллуулахгүй. Хэрэв хянан шалгагчид мандатаа гүйцэтгэхийн тулд байгууламжид тодорхой ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзвэл хянан шалгуулж буй байгууламжийн томилогдсон төлөөлөгчөөс уг ажиллагааг гүйцэтгэхийг хүснэ. Төлөөлөгч нь боломжтой хэмжээнд хүсэлтийг биелүүлнэ.

41.Хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт үүргээ гүйцэтгэхэд хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс тийнхүү хүсвэл хянан шалгах багийн гишүүдийг хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгчид дагалдах боловч ингэснээр хянан шалгах баг чиг үүргээ хэрэгжүүлэхийг саатуулах буюу өөрөөр саад учруулах ёсгүй.

42.Хянан шалгалт явуулах дэлгэрэнгүй журмыг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хянан шалгах зааварт оруулахаар 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж, батлах удирдамжийг харгалзан боловсруулна.

Аюулгүй байдал

43.Үйл ажиллагаагаа явуулахдаа хянан шалгагч болон хянан шалгагчийн туслах нь хянан шалгах талбайд тогтоосон аюулгүй байдлын журам, түүний дотор байгууламжийн доторхи хяналтан дор орших талбайг хамгаалах болон хувийн аюулгүй байдлын талаархи журмыг мөрдөнө.

Холбоо харилцаа

44.Хянан шалгагчид нь тухайн оронд байх хугацааны турш Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын Төв байртай холбоо харилцаатай байх эрхтэй. Энэхүү зорилгоор тэд зохих ёсоор гэрчлэгдэн батлагдсан өөрийн тоног төхөөрөмжийг хэрэглэж болох бөгөөд тэдэнд алсын бусад холбоо харилцаатай байх боломж олгохыг хянан шалгуулж буй оролцогч улс эсхүл хүлээн авагч оролцогч улсаас хүсэж болно. Хянан шалгах баг нь периметрийг харуулдан хамгаалж байгаа ажилтнууд болон хянан шалгах багийн бусад гишүүний хооронд хоёр талт радио харилцааны өөрийн системийг хэрэглэх эрхтэй.

Хянан шалгах баг, хянан шалгуулж буй оролцогч улсын эрх

45.Хянан шалгах баг нь энэхүү конвенцийн холбогдох зүйлүүд болон хавсралтууд, түүнчлэн хянан шалгах зааварт заасан байгууламжийн тухай хэлэлцээр болон журамд нийцүүлэн хянан шалгах талбайд саадгүй нэвтрэх эрхтэй. Хянан шалгах зүйлсийг хянан шалгагч нар сонгоно.

46.Хянан шалгагч нар нь холбогдох баримтыг тогтоох зорилгоор хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгчдийг байлцуулан байгууламжийн аливаа ажилтныг байцаах эрхтэй. Хянан шалгагч нар нь зөвхөн тухайн хянан шалгалтыг явуулахад шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг хүсэх бөгөөд хянан шалгуулж буй оролцогч улс нь уг мэдээллийг хүсэлтийн дагуу гарган өгнө. Хэрэв байгууламжийн ажилтанд тавьсан асуулт нь хянан шалгалтад холбогдолгүй гэж үзвэл хянан шалгуулж буй оролцогч улс нь уг асуултад хариулахаас татгалзах эрхтэй. Хэрэв хянан шалгах багийн тэргүүн тэдгээрийн холбогдлоос татгалзаж, энэ тухай мэдэгдвэл асуултыг хариу авахаар хянан шалгуулж буй оролцогч талд бичгээр өгнө. Хянан шалгах баг асуулт хариулт явуулахыг зөвшөөрөхөөс буюу асуултад хариулахаас татгалзсан тухай болон өгсөн тайлбарын талаар хянан шалгалтын илтгэлийн хянан шалгуулж буй оролцогч улсын зүгээс хамтран ажилласан тухай хэсэгт тэмдэглэж болно.

47.Хянан шалгагч нар нь үүргээ биелүүлэхэд нь холбогдолтой гэж үзсэн бичиг баримт, бүртгэл тэмдэглэлийг хянан шалгах эрхтэй.

48.Хянан шалгагч нар нь тэдний хүсэлтээр хянан шалгуулж буй оролцогч улсын, эсхүл хянан шалгуулж буй байгууламжийн төлөөлөгчдийн авсан гэрэл зургийг авах эрхтэй. Шууд гарах гэрэл зураг авах боломжоор мөн хангана. Хянан шалгах баг нь гэрэл зураг нь хүсэлтэд нь нийцэж буй эсэхийг тодорхойлох бөгөөд хэрэв нийцээгүй бол давтан гэрэл зураг авна. Хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улс гэрэл зураг бүрээс тус бүр нэг хувийг авч үлдэнэ.

49.Хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгчид нь хянан шалгах багийн хэрэгжүүлж буй нягтлан шалгах бүх үйл ажиллагааг ажиглах эрхтэй.

50.Хянан шалгуулж буй оролцогч улс нь байгууламж(ууд)-ийнх нь талаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын цуглуулсан мэдээлэл, тоо баримтын хуулбарыг хүсэлт гарган авна.

51.Хянан шалгагч нар хянан шалгалтын явцад үүсэх бүрхэг байдалтай холбогдуулан тодруулга хүсэх эрхтэй. Ийм хүсэлтийг хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгчөөр дамжуулан шуурхай гаргана. Хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгч нь тухайн бүрхэг байдлыг арилгахад шаардлагатай байж болох тодруулгыг хянан шалгалтын явцад хянан шалгах багт өгнө. Хэрэв хянан шалгах талбай дотор байрласан зүйл буюу барилгад хамаарах асуудлыг шийдвэрлээгүй бол шинж чанар, зориулалтыг тодруулах зорилгоор тухайн зүйл буюу барилгын гэрэл зургийг хэрэв тийнхүү хүссэн бол авна. Хэрэв хянан шалгалтын явцад бүрхэг байдлыг арилгаж чадахгүй бол хянан шалгагч нар нэн даруй Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Хянан шалгагч нар шийдвэрлэгдээгүй аливаа асуудал, холбогдох тодруулга, түүнчлэн авсан аливаа гэрэл зургийн хувийг хянан шалгалтын илтгэлд оруулна.

Дээж цуглуулах, боловсруулах, шинжлэх

52.Хянан шалгуулж буй оролцогч улсын буюу хянан шалгуулж буй байгууламжийн төлөөлөгчид хянан шалгагч нарыг байлцуулан хянан шалгах багийн хүсэлтээр дээж авна. Хэрэв хянан шалгуулж буй оролцогч улсын буюу хянан шалгуулж буй байгууламжийн төлөөлөгчидтэй урьдчилан тохиролцсон бол хянан шалгах баг нь өөрөө дээж авч болно.

53.Боломжтой тохиолдолд дээжийн шинжилгээг газар дээр нь гүйцэтгэнэ. Хянан шалгах баг нь дээжийн газар дээрх шинжилгээг өөрийн авч ирсэн батлагдсан тоног төхөөрөмжийг хэрэглэн гүйцэтгэх эрхтэй. Хянан шалгах багийн хүсэлтээр хянан шалгуулж буй оролцогч улс тохиролцсон журамд нийцүүлэн дээжийг газар дээр нь шинжлэхэд тусламж үзүүлнэ. Үүний оронд хянан шалгах баг нь газар дээрх зохих шинжилгээг уг багийг байлцуулан гүйцэтгэхийг хүсэж болно.

54.Хянан шалгуулж буй оролцогч улс нь авсан бүх дээжээс зарим хэсгийг авч үлдэх буюу дээжийг хувилах, түүнчлэн дээжийг газар дээр нь шинжлэхэд байлцах эрхтэй.

55.Хянан шалгах баг нь хэрэв шаардлагатай гэж үзвэл дээжийг Байгууллагын заасан лабораторид талбайгаас гаднах шинжилгээ хийхээр шилжүүлнэ.

56.Ерөнхий захирал нь дээжийн аюулгүй, бүрэн бүтэн байдал болон хадгалалтыг, түүнчлэн талбайгаас гаднах шинжилгээнд шилжүүлж буй дээжийн нууцлалыг хамгаалах явдлыг хангах гол хариуцлагыг хүлээнэ. Ерөнхий захирал нь 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж, батлах журамд нийцүүлэн хянан шалгах зааварт оруулахаар ийнхүү гүйцэтгэнэ. Тэрбээр:

(a)дээж цуглуулах, боловсруулах, тээвэрлэх болон шинжлэхийг зохицуулах чанга дэглэм тогтооно;

(b)өөр өөр төрлийн шинжилгээ хийхээр томилогдсон лабораторид гэрчилгээ олгоно;

(c)эдгээр томилогдсон лаборатори дахь тоног төхөөрөмж, журам, түүнчлэн шинжилгээний хөдөлгөөнт тоног төхөөрөмж, журмыг стандартчилж, эдгээр лаборатори, хөдөлгөөнт тоног төхөөрөмж, журамд гэрчилгээ олгохтой хамааруулан чанарын шалгалт болон ерөнхий жишгийг ажиглан шинжинэ;

(d)томилогсон лабораториудаас тодорхой мөрдөн шинжилгээтэй хамааруулан шинжилгээний буюу бусад чиг үүрэг гүйцэтгэх лабораторийг сонгоно.

57.Талбайгаас гадна шинжилгээ хийх тохиолдолд дээжийг наад зах нь томилогдсон хоёр лабораторид шинжилнэ. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь шинжилгээг шуурхай хийх явдлыг хангана. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар дээжийн тооллого хийж, хэрэглээгүй аливаа дээж буюу тэдгээрийн хэсгийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт буцааж өгнө.

58.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү конвенцийг биелүүлэхтэй холбоотой дээжийн лабораторийн шинжилгээний дүнг нэгтгэж, хянан шалгалтын эцсийн илтгэлд оруулна. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь томилогдсон лабораторийн ашигласан тоног төхөөрөмж болон аргачлалын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг илтгэлд оруулна.

Хянан шалгалтын хугацааг сунгах

59.Хянан шалгалтын хугацааг хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгчийн зөвшөөрлөөр сунгаж болно.

Үр дүнгийн талаархи зөвлөгөөн

60.Хянан шалгалт дуусмагц хянан шалгах баг хянан шалгах багийн урьдчилсан дүнг хянан үзэх болон аливаа бүрхэг байдлыг тодруулахаар хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгчид болон хянан шалгах талбайг хариуцаж буй ажилтнуудтай уулзана. Хянан шалгах баг нь хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгчдөд урьдчилсан дүнг стандарчилсан маягтад нийцүүлэн аливаа дээжийн жагсаалт, түүнчлэн цуглуулсан бичгэн мэдээлэл, тоо баримт болон талбайгаас гадна авсан бусад материалын хуулбарын хамт бичгээр өгнө. Уг баримт бичигт хянан шалгах багийн тэргүүн гарын үсэг зурна. Баримт бичгийн агуулгатай танилцсанаа тэмдэглэхийн тулд хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгч уг баримт бичигт дараа нь гарын үсэг зурна. Энэ уулзалтыг хянан шалгалтыг дууссанаас хойш 24 цагийн дотор дуусгана.

F. Явах

61.Хянан шалгалтын дараахь журмыг гүйцэтгэж дуусмагц хянан шалгах баг нь хянан шалгуулж буй оролцогч улс, эсхүл хүлээн авагч улсын нутаг дэвсгэрээс аль болох түргэн явна.

G. Илтгэл

62.Хянан шалгалтаас хойш 10 хоногийн дотор хянан шалгагч нар явуулсан үйл ажиллагаа, олж тогтоосон зүйлийнхээ талаар эцсийн бодит илтгэл бэлтгэнэ. Илтгэлд хянан шалгах мандатын дагуу зөвхөн энэхүү конвенцийн биелэхтэй холбоотой үйл баримтыг тусгана. Илтгэлд мөн хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгах багтай хамтран ажилласан тухай мэдээллийг мөн тусгана. Хянан шалгагч нарын ялгаатай саналыг илтгэлд хавсаргаж болно. Илтгэл нь нууц байна.

63.Эцсийн илтгэлийг нэн даруй хянан шалгуулж буй оролцогч улсад өгнө. Хянан шалгуулж буй оролцогч улсын олж тогтоосон зүйлийнхээ талаар нэн даруй бичгээр гаргаж болох аливаа саналыг илтгэлд хавсаргана. Эцсийн илтгэлийг хянан шалгуулж буй оролцогч улсын гаргаж хавсаргасан саналын хамт Ерөнхий захиралд хянан шалгалтаас хойш 30 хоногийн дотор өгнө.

64.Уг илтгэлд тодорхой бус зүйл байвал, эсхүл Үндэсний алба болон хянан шалгагч нарын хоорондын хамтын ажиллагаа шаардлагатай жишгийн хэмжээнд хүрэхгүй бол Ерөнхий захирал нь тодруулга авахаар оролцогч тухайн улсад хандана.

65.Хэрэв тодорхой бус зүйлийг арилгах боломжгүй, эсхүл тогтоосон баримт нь шинж чанараараа энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж үзэхэд хүргэж байгаа бол Ерөнхий захирал нь Гүйцэтгэх зөвлөлд сааталгүй мэдээлнэ.

H. Ерөнхий заалтыг хэрэглэх

66.Энэ хэсгийн заалт нь энэхүү хавсралтын III – XI хэсэгт тусгай төрлийн хянан шалгалтын хувьд заасан заалтаас ялгаатай байх (энэ тохиолдолд энэхүү хавсралтын III – XI хэсэгт тусгай төрлийн хянан шалгалтын хувьд заасан заалт давамгайлна)-аас бусад тохиолдолд энэ хэсгийн заалтыг энэхүү конвенцийн дагуу явуулах бүх хянан шалгалтад хэрэглэнэ.

4, 5 ДУГААР ЗҮЙЛ БОЛОН 6 ДУГААР ЗҮЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН

ДАГУУ ХЯНАН ШАЛГАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ АВАХ

ТАЛААРХИ ЕРӨНХИЙ ЗААЛТ

А. Анхны хянан шалгалт, байгууламжийн тухай хэлэлцээр

1.4, 5 дугаар зүйл болон 6 дугаар зүйлийн дагуу газар дээрх хянан шалгалтад хамрагдах мэдүүлсэн байгууламж бүр тухайн байгууламжийн тухай мэдүүлсний дараа анхны хянан шалгалтыг шуурхай явуулна. Энэ хянан шалгалтын зорилго нь өгсөн мэдээллийг нягтлан шалгах, тухайн байгууламжид цаашид нягтлан шалгах үйл ажиллагаа явуулах, түүний дотор газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр тасралтгүй ажиглан шинжихээр төлөвлөхөд хэрэгтэй аливаа нэмэлт мэдээлэл олж авах, түүнчлэн байгууламжийн тухай хэлэлцээрт ажиллахад оршино.

2.Оролцогч улсууд энэхүү конвенц тэдгээр улсын хувьд хүчин төгөлдөр болсны дараа тогтоосон цагийн хязгаарт мэдүүлэг нягтлан шалгах болон нягтлан шалгах тогтмол арга хэмжээг эхлүүлэх ажлыг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар бүх байгууламжид гүйцэтгэж чадах явдлыг хангана.

3.Оролцогч улс бүр мэдүүлсэн бөгөөд 4, 5 дугаар зүйл болон 6 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн дагуу газар дээр нь хянан шалгах байгууламж бүрийн хувьд Байгууллагатай байгууламжийн тухай хэлэлцээр байгуулна.

4.химийн зэвсэг устгах 5 болон 7 дахь хэсгийг хэрэглэх байгууламжаас бусад тохиолдолд байгууламжийн тухай хэлэлцээрийг энэхүү конвенц тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш эсхүл уг байгууламжийг анхны удаа мэдүүлснээс хойш 180 хоногийн дотор байгуулж дуусна.

5.Энэхүү конвенц оролцогч тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилээс илүү хугацааны дараа ажиллаж эхлэх химийн зэвсэг устгах байгууламжийн тохиолдолд байгууламжийн тухай хэлэлцээрийг тухайн байгууламж ажиллаж эхлэхээс өмнө 180 хоногоос хойшлуулахгүйгээр байгуулж дуусгана.

6.Энэхүү хавсралтын IV хэсгийн А ангийн 51 дэх хэсэгт нийцүүлэн батлагдсан бөгөөд байгууламжийн тухай шилжилтийн хэлэлцээр, газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар нягтлан шалгалт хийх тухай заалт, түүнчлэн тухайн тохиролцоог хэрэглэх цагийн хязгаар бүхий нягтлан шалгалтын шилжилтийн тохиролцоо нь хангалттай гэж Гүйцэтгэх зөвлөл шийдвэрлэж болохоос бусад тохиолдолд энэхүү конвенц оролцогч тухайн улсын хувьд хүчин төгөлдөр болоход ажиллаж байгаа, эсхүл түүнээс хойш нэг жилийн дотор ажиллаж эхлэх химийн зэвсэг устгах байгууламжийн тохиолдолд байгууламжийн тухай хэлэлцээрийг энэхүү конвенц тухайн оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 210 хоногийн дотор байгуулж дуусгана.

7.6 дахь хэсэгт дурдсан бөгөөд энэхүү конвенц тухайн оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш хоёр жилийн дотор ажиллахаа болих байгууламжийн тохиолдолд энэхүү хавсралтын IV хэсгийн А ангийн 51 дэх хэсэгт нийцүүлэн батлагдсан бөгөөд байгууламжийн тухай шилжилтийн хэлэлцээр, газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар нягтлан шалгалт хийх тухай заалт, түүнчлэн тухайн тохиролцоог хэрэглэх цагийн хязгаар бүхий нягтлан шалгалтын шилжилтийн тохиролцоо нь хангалттай гэж Гүйцэтгэх зөвлөл шийдвэрлэж болно.

8.Байгууламжийн тухай хэлэлцээр нь тийм хэлэлцээрийн загварт үндэслэх бөгөөд байгууламж бүрт явуулах хянан шалгалтыг зохицуулах дэлгэрэнгүй тохиролцоог тусгана. Загвар хэлэлцээр нь технологийн ирээдүйн ололтыг харгалзан үзэж, түүнийг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж, батална.

9.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь дараагийн хянан шалгалтын явцад хэрэглэхийг хүсэж болох гэрэл зураг, төлөвлөгөө болон бусад мэдээллийг хадгалах лацлагдсан чингэлгийг талбай бүрт авч үлдэж болно.

B. Байнгын тохиролцоо

10.Холбогдох тохиолдолд, энэхүү конвенцийн зохих заалт болон оролцогч улсууд болон Байгууллагын хоорондын байгууламжийн тухай хэлэлцээрт нийцүүлэн Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь байнга ажиглан шинжих багаж хэрэгсэл, систем болон лацыг суурилуулах, тэдгээрийг хэрэглэх эрхтэй.

11.Хянан шалгуулж буй оролцогч улс нь тохиролцсон журамд нийцүүлэн хянан шалгах багийн хэрэглэсэн буюу суурилуулсан аливаа багаж хэрэгслийг хянан шалгах, түүнчлэн хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгчдийг байлцуулан туршиж үзэх эрхтэй. Хянан шалгах баг нь хянан шалгуулж буй улсын химийн зэвсэг устгах технологийн явцыг өөрөө ажиглан шинжихээр сурилуулсан багаж хэрэгслийг хэрэглэх эрхтэй. Энэ үүднээс хянан шалгах баг нь химийн зэвсэг устгасныг нягтлан шалгах зорилгоор хэрэглэх гэж буй багаж хэрэгслийг хянан шалгах, түүнчлэн тэдгээрийг уг багийг байлцуулан туршуулах эрхтэй.

12.Хянан шалгуулж буй оролцогч улс нь байнга ажиглан шинжих багаж хэрэгсэл болон системийг тогтооход шаардлагатай бэлтгэлээр хангаж, дэмжлэг үзүүлнэ.

13.11 болон 12 дахь хэсгийг хэрэгжүүлэхийн тулд Бага хурал 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу зохих дэлгэрэнгүй журмыг хэлэлцэж, батална.

14.Хэрэв ажиглан шинжих багаж хэрэгслийг суурилуулсан байгууламжид ажиглан шинжих системд нөлөөлж болох үйл явдал үүссэн буюу үүсч болох бол хянан шалгуулж буй оролцогч улс Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт нэн даруй мэдэгдэнэ. Хянан шалгуулж буй оролцогч улс ажиглан шинжих системийн ажиллагааг сэргээх болон хэрэв шаарлагатай бол завсрын арга хэмжээг аль болох түргэн тогтоох үүднээс дараагийн үйлдлээ Техникийн нарийн бичгийн дарга нарын газартай уялдуулна.

15.Хянан шалгах баг нь ажиглан шинжих систем зөв ажиллаж байгаа бөгөөд тогтоосон лац нь бүрэн бүтэн болохыг хянан шалгалт бүрийн үед нягтлан шалгана. Үүнээс гадна, тоног төхөөрөмжийг арчилж засварлах буюу солих, эсхүл шаардлагатай бол ажиглан шинжих системийн хүрээг тохируулахаар ажиглан шинжих системд засвар үйлчилгээ хийхээр тухайн газарт очих шаардлагатай байж болно.

16.Хэрэв ажиглан шинжих системд аливаа доголдол илэрвэл Техникийн нарийн бичгийн дарга нарын газар энэ нь тоног төхөөрөмжийн доголдлоос, эсхүл байгууламжийн үйл ажиллагаанаас үүссэн эсэхийг тодорхойлохоор нэн даруй арга хэмжээ авна. Хэрэв энэ үзлэгийн дараа асуудал шийдвэрлэгдээгүй үлдвэл Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь бодит байдлыг нэн даруй тогтооно, түүний дотор шаардлагатай бол байгууламжид газар дээрх хянан шалгалт хийх, эсхүл байгууламжид очих замаар тогтооно. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь аливаа ийм асуудлыг илрүүлсний дараа нэн даруй хянан шалгуулж буй оролцогч улсад илтгэж, тухайн улс нь уг асуудлыг шийдвэрлэхэд нь туслана.

C. Хянан шалгалтын өмнөх үйл ажиллагаа

17.18 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд хянан шалгах баг нэвтрэх боомтод төлөвлөсөн ёсоор хүрэлцэн ирэхээс өмнө 24 цагаас хойшлуулахгүйгээр хянан шалгуулж буй оролцогч улсад хянан шалгалтын тухай мэдэгдэнэ.

18.Хянан шалгах баг нэвтрэх боомтод тооцоолсон ёсоор хүрэлцэн ирэхээс өмнө 72 цагаас хойшлуулахгүйгээр хянан шалгуулж буй оролцогч улсад анхны хянан шалгалтын тухай мэдэгдэнэ.

IV ХЭСЭГ А АНГИ

4 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН ДАГУУ ХИМИЙН ЗЭВСГИЙГ УСТГАХ

БОЛОН УСТГАЛЫГ НЯГТЛАН ШАЛГАХ

А.Мэдүүлэг

Химийн зэвсэг

1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a)(ii) дэд хэсгийн дагуу оролцогч улсын гаргах мэдүүлэг нь дараахь зүйлийг хамаарна:

(a)мэдүүлсэн химийн бодис бүрийн нийт тоо хэмжээ;

(b)химийн зэвсэг агуулах байгууламж бүрийн дараахь зүйлээр илэрхийлсэн тодорхой байрлал:

(i)нэр;

(ii)газар зүйн солбицол;

(iii)талбайн дэлгэрэнгүй бүдүүвч зураг, түүний дотор хил хязгаарын зураг болон байгууламж доторхи агуулахын байрлал.

(a)Химийн зэвсэг агуулах байгууламж бүрийн дараахь зүйлийг багтаасан эд хөрөнгийн жагсаалт:

(i)2 дугаар зүйлд нийцүүлэн химийн зэвсэг гэж тодорхойлсон химийн бодис;

(ii)химийн зэвсэг гэж тодорхойлсон цэнэглээгүй байлдааны хэрэгсэл, нэмэлт цэнэг, төхөөрөмж болон тоног төхөөрөмж;

(iii) (ii) дэд хэсэгт заасан байлдааны хэрэгсэл, нэмэлт цэнэг, төхөөрөмж болон тоног төхөөрөмж ашиглахтай холбогдуулан шууд хэрэглэхээр тусгайлан зориулсан тоног төхөөрөмж;

(iv) (ii) дэд хэсэгт заасан байлдааны хэрэгсэл, нэмэлт цэнэг, төхөөрөмж болон тоног төхөөрөмж ашиглахтай холбогдуулан шууд хэрэглэхээр тусгайлан зориулсан химийн бодис.

2.1 дэх хэсгийн (c)(i) дэд хэсэгт дурдсан химийн бодисыг мэдүүлэхэд дараахь заалтыг хэрэглэнэ:

(a)химийн бодисыг Химийн бодисын тухай хавсралтад заасан жагсаалтад нийцүүлэн мэдүүлнэ;

(b)химийн бодисын тухай хавсралтын жагсаалтуудад ороогүй химийн бодисын хувьд тухайн химийн бодисыг зохих жагсаалтад зааж оруулж болоход шаардлагатай мэдээлэл, түүний дотор цэвэр нийлмэлийн хорт шинжийн тухай мэдээллээр хангана. Прекурсорын хувьд урвалын эцсийн гол бүтээгдэхүүн(үүд)ий хорт шинж болон шинж чанарын тухай мэдээллээр хангана;

(c)химийн бодисыг Цэвэр болон хавсарга химийн шинжлэх ухааны олон улсын холбоо (IUPAC)-ны нэр томъёоны мөрдөгдөж буй систем, бүтцийн томъёо болон хэрэв Химийн бодисын үйлчилгээний бүртгэлийн дугаар заасан бол уг дугаарт нийцүүлэн химийн нэршлээр нь таньж тогтооно. Прекурсорын хувьд урвалын эцсийн гол бүтээгдэхүүн(үүд)ий хорт шинж болон шинж чанарын тухай мэдээллээр хангана;

(d)нэг буюу хэд хэдэн химийн бодисын холимогийн тохиолдолд химийн бодис бүрийг таньж тогтоож, тус бүрийн хувь хэмжээг заах бөгөөд уг холимогийг химийн хамгийн хорт бодисын ангиллын дагуу мэдүүлнэ. Хэрэв хоёр найрлагат химийн зэвсгийн бүрдүүлэгч бодис нь нэг буюу хэд хэдэн химийн бодисын холимогоос бүрдэж байвал химийн бодис бүрийг таньж тогтоож, тус бүрийн хувь хэмжээг заана.

(e)хоёр найрлагат химийн зэвсгийг 16 дахь хэсэгт дурдсан химийн зэвсгийн ангиллын хүрээнд холбогдох эцсийн бүтээгдэхүүний дагуу мэдүүлнэ. Хоёр найрлагат химийн байлдааны хэрэгсэл/төхөөрөмжийн төрөл бүрт дараахь нэмэлт мэдээллийг гаргаж өгнө:

(i)эцсийн хорт бүтээгдэхүүний химийн нэршил;

(ii)бүрдүүлэгч бодис бүрийн химийн найрлага болон тоо хэмжээ;

(iii)бүрдүүлэгч бодисын хоорондын жингийн бодит харьцаа;

(iv)аль бүрдүүлэгч бодисыг гол бүрдүүлэгч гэж үзсэн;

(v)100 хувийн гарцаар тооцоолон гол бүрдүүлэгч бодисоос стехиометрийн үндсэн дээр тооцоолон гаргасан эцсийн хорт бүтээгдэхүүний төлөвлөсөн тоо хэмжээ. Тодорхой эцсийн хорт бүтээгдэхүүнд зориулсан гол бүрдүүлэгч бодисын мэдүүлсэн тоо хэмжээ (тонноор)-г тухайн эцсийн хорт бүтээгдэхүүний 100 хувийн гарцаар тооцоолон стехиометрийн үндсэн дээр тооцоолон гаргасан тоо хэмжээ (тонноор)-тэй тэнцүү гэж үзнэ.

(f)олон найрлагат химийн зэвсгийн хувьд мэдүүлэг нь хоёр найрлагат химийн зэвсгийн хувьд заасантай адил байна;

(g)химийн бодис бүрийн хувьд хадгалах хэлбэр, өөрөөр хэлбэл, байлдааны хэрэгсэл, нэмэлт цэнэг, төхөөрөмж, тоног төхөөрөмж буюу чингэлэг болон бусад савны талаар мэдүүлнэ. Хадгалах хэлбэр бүрийн хувьд дараахь зүйлийг жагсаана:

(i)төрөл;

(ii)хэмжээ;

(iii)зүйлийн тоо;

(iv)зүйл бүрийн химийн цэнэгийн номинал жин.

(h)химийн бодис бүрийн хувьд хадгалах байгууламжид байгаа нийт жинг мэдүүлнэ;

(g)үүнээс гадна, том саванд хадгалагдаж байгаа химийн бодисын хувьд хэрэв мэдэгдэж байгаа бол хувь хэмжээний цэвэр байдлыг мэдүүлнэ.

3.1 дэх хэсгийн (c)(ii)т дурдсан цэнэглээгүй байлдааны хэрэгсэл, нэмэлт цэнэг, төхөөрөмж болон тоног төхөөрөмжийн төрөл бүрийн хувьд дараахь мэдээллийг агуулна.

(a)нэгжийн тоо;

(b)нэгж бүрийн цэнэглэх багтаамжийн номинал хэмжээ;

(c)багцаалсан химийн бодисын цэнэг.

3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a)(iii) дэд хэсгийн дагуу химийн зэвсгийн тухай мэдүүлэг гаргах

4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a)(iii) дэд хэсгийн дагуу гаргасан химийн зэвсгийн тухай мэдүүлэг нь дээрх 1-ээс 3 дахь хэсэгт заасан бүх мэдээллийг агуулна. Мэдүүлгийг гаргасан байх явдлыг хангах талаар оролцогч нөгөө улстай зохих тохиролцоонд хүрэх нь химийн зэвсэг нутаг дэвсгэрт нь байрлаж буй оролцогч улсын үүрэг хариуцлага болно. Хэрэв нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг байрлаж буй оролцогч улс энэ хэсэгт заасан үүргээ биелүүлж чадахгүй бол үүний шалтгааныг заана.

Өмнө нь шилжүүлсэн болон хүлээн авсан тухай мэдүүлэг

5.Оролцогч улс нь 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш химийн зэвсэг шилжүүлсэн, эсхүл хүлээн авсан, зэвсгийн хэлбэр болон хэмжээг жилд химийн бодис бүрээс 1 тонн хэтрүүлэн шилжүүлсэн, эсхүл хүлээн авсан тохиолдолд тийнхүү шилжүүлсэн, эсхүл хүлээн авсан тухайгаа 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a)(iii) дэд хэсгийн дагуу мэдүүлнэ. Ийм мэдүүлгийг 1 болон 2 дахь хэсэгт заасан эд хөрөнгө данслах маягтын дагуу гаргана. Энэ мэдүүлэгт мөн нийлүүлэгч болон хүлээн авагч улс, шилжүүлсэн, эсхүл хүлээн авсан он, сар, өдөр, түүнчлэн шилжүүлсэн зүйлсийн одоогийн байрлалыг аль болох тодорхой заана. 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1970 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хоорондох хугацаанд химийн зэвсэг шилжүүлсэн, эсхүл хүлээн авсан талаар дээр заасан бүх мэдээлэл байхгүй бол оролцогч улс өөрт байгаа бүх мэдээллийг мэдүүлэх бөгөөд мэдүүлгийг бүрэн гаргаж өгч чадахгүй байгаа талаар тайлбар гаргана.

Химийн зэвсэг устгах ерөнхий төлөвлөгөө танилцуулах

6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a)(v) дэд хэсгийн дагуу химийн зэвсгийг устгах ерөнхий төлөвлөгөөнд оролцогч улсын химийн зэвсэг устгах үндэсний хөтөлбөрийн тойм болон энэхүү конвенцид тусгасан устгалын шаардлагыг биелүүлэх оролцогч улсын чармайлтын тухай мэдээллийг ерөнхийд нь тусгана. Төлөвлөгөөнд дараахь зүйлийг заана:

(a)химийн зэвсгийг устгах байгууламж, хэрэв боломжтой бол химийн зэвсэг устгахаар төлөвлөж буй байгууламж бүрийн жил бүр устгах хугацаанд устгахаар төлөвлөж буй химийн зэвсгийн төрөл болон ойролцоо тоог заасан устгах ерөнхий хуваарь;

(b)химийн зэвсэг устгах одоо байгаа эсхүл устгах үед ажиллуулахаар төлөвлөж буй байгууламжийн тоо;

(c)байгаа болон төлөвлөж буй химийн зэвсэг устгах байгууламжийн хувьд:

(i)нэр болон байршил;

(ii)устгах химийн зэвсгийн төрөл, ойролцоо тоо болон химийн цэнэгийн төрөл (жишээлбэл: мэдрэлийн саа өвчин тээгч, эсхүл цэврүү тээгч), ойролцоо тоо;

(d)устгах байгууламжийг ажиллуулах боловсон хүчнийг бэлтгэх төлөвлөгөө болон хөтөлбөр;

(e)аюулгүй байдал болон хаягдалтай холбоотой устгах байгууламжийн биелүүлэх ёстой үндэсний стандарт;

(f)химийн зэвсэг устгах шинэ арга боловсруулах болон одоо байгаа аргыг сайжруулах талаархи мэдээлэл;

(g)химийн зэвсгийг устгах өртгийн тооцоо;

(h)устгах үндэсний хөтөлбөрт сөргөөр нөлөөлж болох аливаа асуудал.

B.Хадгалах байгууламжийг хамгаалах арга хэмжээ болон хадгалах байгууламжийг бэлтгэх

7.Оролцогч улс химийн зэвгийн тухай мэдүүлгийг өгөх хугацаанаас хэтрүүлэлгүй хадгалах байгууламжийг хамгаалах талаар зохистой гэж үзсэн арга хэмжээ авах бөгөөд өөрийн химийн зэвсгийг устгахаар гаргахаас бусад тохиолдолд түүнийг байгууламжаас шилжүүлэхээс сэргийлнэ.

8.Оролцогч улс хадгалах байгууламжид нь байгаа химийн зэвсгийг 37-гоос 49 дэх хэсэгт нийцүүлэн нягтлан шалгах зорилгоор чөлөөтэй нэвтрэхээр зохицуулах явдлыг хангана.

9.Устгахаар гаргахаас бусад тохиолдолд байгууламжаас аливаа химийн зэвсгийг шилжүүлэхэд хадгалах байгууламж хаалттай байгаа үед оролцогч улс байгууламжид тогтсон засвар арчилгааны үйл ажиллагаа, түүний дотор химийн зэвсгийн тогтсон засвар арчилгаа; аюулгүй байдлыг ажиглан шинжих болон биечлэн хамгаалахтай холбоотой үйл ажиллагаа; түүнчлэн химийн зэвсгийг устгалд оруулахад бэлтгэх ажиллагаагааг үргэлжлүүлэн явуулж болно.

10.Химийн зэвсгийн засвар арчилгааны үйл ажиллагаанд дараахь зүйл орохгүй:

(a)хордуулах бодис, эсхүл байлдааны хэрэгслийн гадна талыг солих;

(b) байлдааны хэрэгслийн анхны шинж чанар, эсхүл түүний хэсэг болон эд ангийг өөрчлөх.

11.Засвар арчилгааны бүх үйл ажиллагааг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар ажиглан хянана.

C. Устгах

Химийн зэвсэг устгах зарчим, арга

12.“Химийн зэвсэг устгах” гэж химийн бодисыг химийн зэвсэг үйлдвэрлэхэд тохиромжгүй хэлбэрт эргэж буцаах боломжгүй байдлаар агуулгаар нь хувиргах, түүнчлэн байлдааны хэрэгсэл болон бусад төхөөрөмжийг хэрэглэх боломжгүй байдалд эргэж буцаах боломжгүй байдлаар оруулах явцыг хэлнэ.

13.Оролцогч улс бүр дараахь аргыг хэрэглэхээс бусад тохиолдолд ямар аргаар химийн зэвсгийг устгахаа тодорхойлно: аливаа усанд живүүлэх, газарт булах, эсхүл ил агаарт шатаах. Тухайн улс химийн зэвсгийг зөвхөн тусгайлан заасан, түүнчлэн зохих ёсоор зохион бүтээж, тоноглосон байгууламжид устгана.

14.Оролцогч улс бүр химийн зэвсэг устгах байгууламж нь химийн зэвсэг устгах явдлыг хангах байдлаар баригдаж, ажиллах явдлыг; түүнчлэн устгах явцыг энэхүү конвенцийн заалтын дагуу нягтлан шалгах боломжоор хангана.

Устгах дараалал

15.Химийн зэвсгийг устгах дараалал нь 1 дүгээр зүйл болон бусад зүйлд заасан үүрэг, түүний дотор газар дээр нь тогтмол нягтлан шалгах үүрэгт тулгуурлана. Уг дараалалд устгах үед аюулгүй байдлыг багасгахгүй байх; устгах эхний шатанд итгэлцлийг бэхжүүлэх; химийн зэвсгийг устгах явцад тогтмол туршлага хуримтлуулах; түүнчлэн химийн зэвсгийн байгаа бодит нөөц болон устгахад сонгосон аргыг үл харгалзан хэрэглэхийг оролцогч улс анхаарна. Устгах дараалал нь тэнцүүлэх зарчим дээр тулгуурлана.

16.Оролцогч улс бүрийн мэдүүлсэн химийн зэвсгийг устгах зорилгоор гурван ангилалд хуваана:

1 дүгээр ангилал: I жагсаалтад орсон химийн бодисын үндсэн дээрх химийн зэвсэг болон түүний хэсэг буюу эд анги;

2 дугаар ангилал: Бусад бүх химийн бодисын үндсэн дээрх химийн зэвсэг болон түүний хэсэг буюу эд анги;

3 дугаар ангилал: Цэнэггүй байлдааны хэрэгсэл болон төхөөрөмж, түүнчлэн химийн зэвсэг ашиглахтай шууд холбоотойгоор хэрэглэхээр тусгайлан зориулагдсан тоног төхөөхөмж.

17.Оролцогч улс:

(a)1 дүгээр ангилалд орсон химийн зэвсгийг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа хоёр жилийн дотор устгаж эхлэх бөгөөд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа 10 жилийн дотор устгалаа дуусгана. Оролцогч улс дараахь устгах хугацаанд нийцүүлэн химийн зэвсгээ устгана:

(i)1 дүгээр үе: энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа хоёр жилийн дотор анхны устгах байгууламжийн туршилтыг дуусгана. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа гурван жилийн дотор 1 дүгээр ангилалд орсон химийн зэвсгийн 1-ээс доошгүй хувийг устгана;

(ii)2 дугаар үе: энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа таван жилийн дотор 1 дүгээр ангилалд орсон химийн зэвсгийн 20-иос доошгүй хувийг устгана;

(iii)3 дугаар үе: энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа долоон жилийн дотор 1 дүгээр ангилалд орсон химийн зэвсгийн 45-аас доошгүй хувийг устгана;

(iv)4 дүгээр үе: энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа 10 жилийн дотор 1 дүгээр ангилалд орсон химийн бүх зэвсгийг устгана.

(b)2 дугаар агилалд орсон химийн зэвсгийг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа нэг жилийн дотор устгах бөгөөд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа таван жилийн дотор устгалыг дуусгана. 2 дугаар ангилалд орсон химийн зэвсгийг устгах бүхий л хугацаанд жил бүр тэнцүү өсөх тоогоор устгана. Тийм зэвсгийн үндсэн харьцуулалт нь 2 дугаар ангиллын хүрээн дэх химийн бодисын жин байна;

(c)3 дугаар ангилалд орсон химийн зэвсгийг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа нэг жилийн дотор устгах бөгөөд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа таван жилийн дотор устгалаа дуусгана. 3 дугаар ангилалд орсон химийн зэвсгийг устгах бүхий л хугацаанд жил бүр тэнцүү өсөх тоогоор устгана. Харьцуулах хүчин зүйлийг цэнэггүй байлдааны хэрэгсэл болон төхөөрөмжийн хувьд цэнэгийн номинал багтаамж (м3)-аар, тоног төхөөрөмжийн хувьд нэгжийн тоогоор илэрхийлнэ.

18.Химийн хоёрлосон зэвсгийг устгахад дараахь зүйлийг хэрэглэнэ:

(a)устгах дарааллын зорилгоор, тодорхой эцсийн хорт бүтээгдэхүүнд зориулагдсан гол бүрдүүлэгчийн мэдүүлсэн тоо хэмжээ (тонноор) нь 100 хувийн гарцаар тооцоолон гол бүрдүүлэгч бодисоос стехиометрийн үндсэн дээр тооцоолон гаргасан эцсийн хорт бүтээгдэхүүний тоо хэмжээ (тонноор)-тэй тэнцүү гэж үзнэ.

(b)өгөгдсөн тоо хэмжээний гол бүрдүүлэгчийг устгах шаардлага нь холбогдох төрлийн химийн хоёрлосон байлдааны хэрэгсэл/төхөөрөмж дэх бүрдүүлэгч хэсгүүдийн бодит жингийн харьцаанаас тооцоолон гаргах өөр бүрдүүлэгч хэсгийн холбогдох хэмжээг устгах шаардлагыг дагуулна.

(c)Хэрэв бүрдүүлэгч хоорондын бодит жингийн харьцааны үндсэн дээр өөр бүрдүүлэгчийг шаардлагатайгаас илүү хэмжээгээр мэдүүлвэл устгах ажиллагааг эхэлснээс хойшхи эхний хоёр жилийн хугацаанд илүүдлийг устгана.

(d)Оролцогч улс ажлын дараагийн жил бүрийн эцэст бодит жингийн холбогдох төрлийн хоёрлосон байлдааны хэрэгсэл/төхөөрөмж дэх бүрдүүлэгчийн бодит жингийн харьцааны үндсэн дээр тодорхойлогдох өөр мэдүүлсэн хэмжээтэй бүрдүүлэгчийг үлдээж болно.

19.Олон найрлагат химийн зэвсгийн хувьд устгах дараалал нь хоёр найрлагат химийн зэвсгийн хувьд заасантай адил байна.

Устгалын завсрын хугацааг өөрчлөх

20.Гүйцэтгэх зөвлөл 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (а) (v) дэд хэсгийн дагуу inter alia 6 дахь хэсэгт нийцүүлэн химийн зэвсэг устгах ерөнхий төлөвлөгөөг 15-аас 19 дэх хэсэгт заасан устгах дараалалд нийцэж буйг нь дүгнэх үүднээс хянан үзнэ. Тийм даараалалд төлөвлөгөө нь нийцэхгүй байгаа төлөвлөгөөг нийцүүлэх зорилгоор Гүйцэтгэх зөвлөл оролцогч аливаа улстай зөвлөлдөнө.

21.Хэрэв оролцогч улс 1 дүгээр ангилалд орсон химийн зэвсгийг устгах дарааллын 1 дүгээр үе, 2 дугаар үе, эсхүл 3 дугаар үед заасан устгах түвшинд хүрч чадахгүй гэж түүнээс хамаарахгүй онцгой нөхцөл байдлаас үзэж байгаа бол тэдгээр түвшинг өөрчлөх санал гаргаж болно. Тийм саналыг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 120 хоногийн дотор гаргах бөгөөд уг санал гаргах болсон шалтгааны дэлгэрэнгүй тайлбарыг тусгасан байна.

22.Оролцогч улс бүр 1 дүгээр ангилалд орсон химийн зэвсгийг 21 дүгээр хэсгийн дагуу өөрчилсөн 17 дахь хэсгийн (а) дэд хэсэгт заасан устгах хугацаанд нийцүүлэн устгах явдлыг хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээ авна. Гэхдээ хэрэв оролцогч улс устгалын завсрын хугацаанд шаардлагатай 1 дүгээр ангилалд орсон химийн зэвсгийн хувь хэмжээнд устгах явдлыг хангаж чадахгүй гэж үзвэл тэрхүү хугацааг мөрдөх үүргийг нь сунгахыг Бага хуралд зөвлөмж болгохыг Гүйцэтгэх зөвлөлөөс хүсэж болно. Тийм хүсэлтийг устгалын завсрын хугацаанаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргах бөгөөд тийм хүсэлт гаргах болсон шалтгааны дэлгэрэнгүй тайлбар болон дараагийн устгалын завсрын хугацааг мөрдөх үүргээ биелүүлэх боломжтой гэсэн баталгаа бүхий оролцогч улсын төлөвлөгөөг тусгана.

23.Хэрэв хугацааг сунгавал оролцогч улс дараагийн устгах хугацааны хувьд заасан устгах цогц шаардлагыг мөрдөх үүргийг хүлээсээр байх болно. Энэ ангийн дагуу олгосон хугацаа сунгалт нь энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор 1 дүгээр ангилалд орсон химийн бүх зэвсгийг устгах оролцогч улсын үүргийг ямарваа байдлаар өөрчлөхгүй.

Устгалыг дуусгах хугацааг сунгах

24.Хэрэв оролцогч улс энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор 1 дүгээр ангилалд орсон бүх химийн зэвсгийн устгах явдлыг хангаж чадахгүй гэж үзвэл тийм химийн зэвсгийг устгах хугацааг сунгах талаархи хүсэлтээ Гүйцэтгэх зөвлөлд гаргаж болно. Тийм хүсэлтийг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш есөн жилийн дотор гаргана.

25.Хүсэлтэд дараахь зүйлийг тусгана:

(a)санал болгосон сунгалтын үргэлжлэх хугацаа;

(b)санал болгосон сунгалтын шалтгааны дэлгэрэнгүй тайлбар;

(c)санал болгосон сунгалтын хугацаа болон устгалын анхны 10 жилийн хугацааны үлдсэн хэсэгт хийх устгалын дэлгэрэнгүй төлөвлөгөө.

26.Хүсэлтийн талаархи шийдвэрийг Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөмжөөр Бага хурал дараагийн чуулганаараа гаргана. Аливаа сунгалт нь шаардлагатай хамгийн бага хугацаанд байх бөгөөд оролцогч улс бүх химийн зэвсгээ устгаж дуусах хугацааг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа 15 жилээс илүү гарах хугацаагаар сунгахгүй. Гүйцэтгэх зөвлөл хугацаа сунгах нөхцлийг, түүний дотор шаардлагатай гэж үзсэн нягтлан шалгах тодорхой арга хэмжээ болон оролцогч улс устгах хөтөлбөртэйгөө холбогдон үүссэн бэрхшээлийг даван туулахын тулд авсан тодорхой үйлдлийг тодорхойлно. Сунгасан хугацааны нягтлан шалгалтын зардлыг 4 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт нийцүүлэн хуваарилна.

27.Хэрэв хугацааг сунгавал оролцогч улс дараагийн хугацааг мөрдөх талаар зохих арга хэмжээ авна.

28.Хэрэв оролцогч улс 29 дэх хэсэгт нийцүүлэн устгалын тухай жил бүрийн дэлгэрэнгүй төлөвлөгөө болон 1 дүгээр ангилалд орсон химийн бүх зэвсгийг устгаж дуустал 36 дахь хэсэгт нийцүүлэн 1 дэх ангилалд орсон химийн зэвсгийг устгасан тухай жил бүрийн илгэлийг бэлтгэж өгсөөр байх болно. Түүнээс гадна сунгасан 90 хоног бүр дуусахаас өмнө оролцогч улс устгалын үйл ажиллагааны талаар Гүйцэтгэх зөвлөлд илтгэнэ. Гүйцэтгэх зөвлөл устгалыг дуусгахад чиглэсэн явцыг хянан үзэж энэ явцыг баримтжуулахад шаардлагатай арга хэмжээг авна. Сунгасан хугацаан дахь устгалын үйл ажиллагаатай холбоотой бүх мэдээллийг Гүйцэтгэх зөвлөл оролцогч улсад хүсэлтийн дагуу өгнө.

Устгалын тухай жил бүрийн дэлгэрэнгүй төлөвлөгөө

29.Устгалын тухай жил бүрийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн (a) дэд хэсгийн дагуу жил бүрийн устгах хугацаа эхлэхээс 60-аас доошгүй хоногийн өмнө Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгөх бөгөөд уг төлөвлөгөөнд дараахь зүйлийг заана:

(a)устгах байгууламж бүрт устгах гэж буй химийн зэвсгийн тодорхой төрөл бүрийн тоо хэмжээ болон химийн зэвсгийн тодорхой төрөл бүрийг устгаж дуусах эцсийн он, сар, өдөр;

(b)химийн зэвсэг устгах байгууламж бүрийн талбайн нарийвчилсан бүдүүвч зураг болон өмнө нь гаргасан бүдүүвч зурагт орсон аливаа өөрчлөлт;

(c)байгууламжийн зураг төсөл гаргах, байгууламжийг барих, эсхүл өөрчлөх, тоног төхөөрөмж суурилуулах, тоног төхөөрөмж шалгах болон оператор бэлтгэх, химийн зэвсгийн тодорхой төрөл бүрийн хувьд устгах ажиллагаа явуулах хугацаа, түүнчлэн сул зогсолтын төлөвлөгдсөн хугацааг заасан химийн зэвсэг устгах байгууламж бүрийн ирэх жилийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй хуваарь.

30.Оролцогч улс химийн зэвсэг устгах байгууламж бүрийн хувьд Техникийн нарийн бичгийн дарга нарын газрыг байгууламж дээр ашиглах урьдчилсан хянан шалгах журмыг боловсруулахад нь туслах зорилгоор байгууламжийн тухай дэлгэрэнгүй мэдээллээр хангана.

31.Устгах байгууламж бүрийн байгууламжийн талаархи байгууламжийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл нь дараахь зүйлийг агуулна:

(a)нэр, хаяг болон байршил;

(b)байгууламжийн дэлгэрэнгүй, тайлбартай зураг;

(c)байгууламжийн ажлын зураг, технологийн зураг болон хоолой, багаж хэрэгслийн ажлын хүснэгт;

(d)дараахь ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн техникийн дэлгэрэнгүй дүрслэл, түүний дотор ажлын хүснэгт болон багаж хэрэгслийн тодорхойлолт: байлдааны хэрэгсэл, төхөөрөмж болон савнаас химийн цэнэгийг арилгах; химийн шавхагдсан цэнэгийг түр хугацаагаар хадгалах; химийн хорт бодисыг устгах; түүнчлэн байлдааны хэрэгсэл, төхөөрөмж болон савыг устгах;

(e)устгах явцын техникийн дэлгэрэнгүй дүрслэл, түүний дотор материалын урсгал хөдөлгөөний хурд, хэм болон даралт, түүнчлэн устгалын тооцоолсон үр ашиг;

(f)химийн тодорхой зэвсгийн төрөл бүрийн тооцоолсон хүчин чадал;

(g)устгах бүтээгдэхүүн болон тэдгээрийг эцэслэн зайлуулах аргын дэлгэрэнгүй дүрслэл;

(h)энэхүү конвенцид нийцүүлэн хянан шалгалтыг хөнгөвчлөн дэмжих арга хэмжээний техникийн дэлгэрэнгүй дүрслэл;

(i)химийн зэвсгийг устгах байгууламжид шууд хүргэхэд хэрэглэгдэх устгах байгууламж дахь түр байлгах аливаа талбайн дэлгэрэнгүй дүрслэл, түүний дотор талбайн болон байгууламжийн зураг, байгууламжид устгагдах химийн зэвсгийн тодорхой төрөл бүрийн хадгалах хүчин чадлын тухай мэдээлэл;

(j)байгууламжид үйлчилж байгаа аюулгүй байдал болон эмчилгээний арга хэмжээний дэлгэрэнгүй дүрслэл;

(k)хянан шалгагч нарт зориулсан амьдрах болон ажлын байрны дэлгэрэнгүй дүрслэл;

(l)олон улсын хянан шалгалтын талаар санал болгож буй арга хэмжээ.

32.Оролцогч улс химийн зэвсэг устгах өөрийн байгууламж бүрт үйлдвэрийн ажиллагааны заавар, аюулгүй байдал болон эмчилгээний төлөвлөгөө, лаборатори ашиглах болон чанарын хангамж, хяналтын заавар, түүнчлэн өмнө нь олгосон материалыг оруулснаас бусад тохиолдолд олж авсан байгаль орчны зөвшөөрлийг гаргана.

33.Оролцогч улс өөрийн устгах байгууламж дахь хянан шалгах үйл ажиллагаанд нөлөөлж болох аливаа үйл явдлын талаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт шуурхай мэдэгдэнэ.

34.30-аас 32 дахь хэсэгт заасан мэдээлэл өгөх хугацааг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурал хэлэлцэж, батална.

35.Устгах байгууламж бүртэй холбоотой байгууламжийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хянан үзсэний дараа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь химийн зэвсэг устгах байгууламж нь химийн зэвсэг устгана гэдгийг батлахааар зохион бүтээгдсэн гэдгийг хангах, нягтлан шалгах арга хэмжээг хэрхэн хэрэглэж болох талаар урьдчилан төлөвлөх боломж олгох, түүнчлэн нягтлан шалгах арга хэмжээ хэрэглэх нь байгууламжийн зохих ажиллагаатай нийцэж байгаа бөгөөд байгууламжийн ажиллагаа нь зохих нягтлан шалгалт явуулах боломж олгох явдлыг хангахын тулд хэрэв хэрэгцээ гарвал холбогдох оролцогч улстай зөвлөлдөж эхлэнэ.

Устгалын тухай жил бүрийн илтгэл

36.Химийн зэвсэг устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотой мэдээллийг 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн (b) дэд хэсгийн дагуу Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт устгалын жил бүрийн хугацаа дууссаны дараа 60 хоногийн дотор өгөх бөгөөд уг мэдээлэлд өнгөрсөн жилийн турш устгах байгууламж бүрт устгасан химийн зэвсгийн бодит тоог заана. Зохих тохиолдолд устгах зорилгод хүрээгүй шалтгааныг заана.

D. Нягтлан шалгалт

Газар дээр нь хянан шалгах замаар химийн зэвсгийн мэдүүлгийг нягтлан шалгах

37.Химийн зэвсгийн мэдүүлгийг нягтлан шалгах зорилго нь 3 дугаар зүйлийн дагуу хийсэн холбогдох мэдүүлгийн үнэн зөвийг газар дээр нь нягтлан шалгах замаар батлахад оршино.

38.Хянан шалгагч нар тийм нягтлан шалгалтыг мэдүүлэг өгсний дараа даруй явуулна. Тэд химийн бодисын тоо хэмжээ болон шинж, байлдааны хэрэгсэл, төхөөрөмж болон бусад тоног төхөөрөмжийн төрөл болон тоог inter alia нягтлан шалгана.

39.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүр дэх химийн зэвсгийг үнэн зөв данслахыг хөнгөвчлөн дэмжих зорилгоор хянан шалгагч нар тохиролцсон лац, тэмдэглэгээ, эсхүл эд хөрөнгийн хяналтын бусад журмыг хэрэглэнэ.

40.Эд хөрөнгө данслах явцад хянан шалгагч нар аливаа нөөцийг зайлуулсныг тодорхой заахад, түүнчлэн данслах явцад хадгалах байгууламжийг хамгаалахад шаардлагатай байж болох тохиролцсон лацыг байрлуулна. Дансалж дууссаны дараа лацыг өөрөөр тохиролцоогүй бол авна.

Хадгалах байгууламжийг тогтмол нягтлан шалгах

41.Хадгалах байгууламжийг тогтмол нягтлан шалгах зорилго нь уг байгууламжаас химийн зэвсэг нууцаар гаргахгүй байх явдлыг хангахад оршино.

42.Тогтмол нягтлан шалгалтыг химийн зэвсгийг мэдүүлсний дараа аль болох түргэн эхлүүлэх бөгөөд хадгалах байгууламжаас химийн бүх зэвсгийг гаргаж дуусах хүртэл үргэлжилнэ. Энэ нь байгууламжийн тухай хэлэлцээрт нийцүүлэн газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжихийг хослуулна.

43.Хадгалах байгууламжаас химийн бүх зэвсгийг гаргасны дараа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар энэ талаархи оролцогч улсын мэдүүлгийг батална. Ийнхүү баталсны дараа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хадгалах байгууламжийн тогтмол нягтлан шалгалтыг дуусгавар болгож, хянан шалгагч нарын суурилуулсан ажиглан шинжих багаж хэрэгслийг даруй зайлуулна.

Хянан шалгах, очих

44.Хянан шалгалт хийвэл зохих хадгалах тодорхой байгууламжийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар байгууламжийг хянан шалгах хугацааг яг тодорхой урьдчилан мэдэх боломжгүй байхаар сонгоно. Газар дээр нь тогтмол хийх хянан шалгалтын давтамжийг тодорхойлох удирдамжийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаас хэлэлцэж, батласан зөвлөмжийг харгалзана.

45.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хадгалах байгууламжид хянан шалгалт хийх, эсхүл тэнд очих шийдвэрийнхээ тухай хянан шалгах баг байгууламжид тогтмол хянан шалгалт хийх, эсхүл тэнд очихоор төлөвлөгдсөн хугацаанаас 48 цагийн өмнө хянан шалгуулж буй оролцогч улсад мэдэгдэнэ. Яаралтай асуудлыг шийдвэрлэхээр хянан шалгалт хийх, эсхүл очих тохиолдолд энэ хугацааг богиносгож болно. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хянан шалгах, эсхүл очих зорилгыг заана.

46.Хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгагч нарыг ирэхэд зориулж аливаа шаардлагатай бэлтгэлийг хийх бөгөөд тэднийг нэвтрэх боомтоос хадгалах байгууламж уруу шуурхай хүргэх явдлыг хангана. Байгууламжийн тухай хэлэлцээрт хянан шалгагч нарт зориулсан захиргааны тохиролцоог заана.

47.Хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгах багийг химийн зэвсэг хадгалах байгууламжид хүрэлцэн хянан шалгалт явуулахаар ирмэгц байгууламжийн талаархи дараахь тоо баримтаар хангана:

(a)хадгалах барилга болон хадгалах талбайн тоо;

(b)хадгалах барилга болон хадгалах талбай бүрийн хувьд төрөл, таних дугаар, эсхүл талбайн бүдүүвч зураг дээр харуулсан тэмдэглэгээ;

(c)байгууламж дахь хадгалах барилга болон хадгалах талбай бүрийн хувьд химийн зэвсгийн тодорхой төрөл бүрийн нэгж тоо, түүнчлэн байлдааны хоёрлосон хэрэгслийн хэсэг бус савны хувьд сав бүрт байгаа химийн цэнэгийн бодит тоо хэмжээ.

48.Боломжтой хугацааны хүрээнд эд хөрөнгө данслах үедээ хянан шалгагч нар дараахь эрхтэй байна:

(a)хянан шалгалтын дараахь аргаас аль нэгийг хэрэглэх;

(i)байгууламжид хадгалж байгаа химийн бүх зэвсгийг данслах;

(ii)хянан шалгагч нарын сонгосноор тусгай барилга буюу талбайд хадгалж байгаа химийн бүх зэвсгийг данслах;

(iii)хянан шалгагч нарын сонгосноор байгууламжид хадгалж байгаа нэг буюу хэд хэдэн тодорхой төрлийн химийн бүх зэвсгийг данслах;

(b)дансалсан бүх эд зүйлийг тохиролцсон бүртгэлтэй тулгаж шалгах.

49.Байгууламжийн тухай хэлэлцээрт нийцүүлэн хянан шалгагч нар нь:

(a)хадгалах байгууламжийн бүх хэсэгт, түүний дотор тэнд байгаа аливаа байлдааны хэрэгсэл, төхөөрөмж, том чингэлэг болон бусад савд саадгүй нэвтрэх эрхтэй. Үйл ажиллагаагаа явуулахдаа хянан шалгагч нар тухайн байгууламж дахь аюулгүй ажиллагааны дүрмийг сахина. Хянан шалгах эд зүйлсийг хянан шалгагч нар сонгоно;

(b)химийн зэвсэг хадгалах байгууламж бүрт явуулах анхны болон дараагийн хянан шалгалтын явцад дээж авах байлдааны хэрэгсэл, төхөөрөмж болон чингэлэг савыг зааж сонгох, мөн тэдгээр байлдааны хэрэгсэл, төхөөрөмж болон чингэлэг савд салгах буюу өөрчлөх оролдлогыг тухай бүр мэдэх боломж олгох онцгой шошго тэмдэг тавих эрхтэй. Шошго тэмдэг тавигдсан эд зүйлсээс химийн зэвсэг хадгалах байгууламж дээр эсхүл химийн зэвсэг устгах байгууламж дээр дээж авах бөгөөд дээжийг устгалын холбогдох хөтөлбөрт нийцүүлэн аль болох боломжтой түргэн хугацаанд, ямар ч тохиолдолд устгах ажиллагаа дуусахаас хойшгүй авна.

Химийн зэвсгийн устгалыг тогтмол нягтлан шалгах

50.Химийн зэвсгийн устгалыг нягтлан шалгах зорилго нь дараахид оршино:

(a)устгавал зохих химийн зэвсгийн нөөцийн шинж болон тоо хэмжээг батлах;

(b)эдгээр нөөцийг устгасныг батлах.

51.Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа эхний 390 хоногийн турш химийн зэвсгийн устгалын ажиллагааг нягтлан шалгалтын шилжилтийн тохиролцоогоор зохицуулна. Ийм тохиролцоо, түүний дотор байгууламжийн тухай шилжилтийн хэлэлцээр, газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих аргаар нягтлан шалгах тухай заалт, түүнчлэн тохиролцоог хэрэглэх цагийн хязгаарыг Байгууллага болон хянан шалгуулж буй оролцогч улс хоорондоо тохиролцоно. Эдгээр тохиролцоог энэхүү конвенц тухайн оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 60 хоногийн дотор Гүйцэтгэх зөвлөл 31 дэх хэсэгт нийцүүлэн өгсөн байгууламжийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийн үнэлгээнд үндэслэх Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын зөвлөмжийг харгалзан батална. Гүйцэтгэх зөвлөл нь 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаас хэлэлцэж, батлах зөвлөмжид үндэслэн нягтлан шалгалтын шилжилтийн тийм тохиролцоо байгуулахад удирдлага болгох зүйлийг анхдугаар чуулганаараа тогтооно. Нягтлан шалгалтын шилжилтийн тохиролцоо нь 50 дахь хэсэгт заасан үүрэг зорилгод нийцүүлэн химийн зэвсгийн устгалыг шилжилтийн бүхий л хугацааны туршид нягтлан шалгах, түүнчлэн явагдаж буй устгалын ажиллагаанд саад учруулахаас зайлсхийхэд зориулагдана.

52.53-аас 61 дахь хэсгийн заалтыг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 390-ээс доошгүй хоногийн дараа эхлэх химийн зэвсэг устгах ажиллагаанд хэрэглэнэ.

53.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү конвенц, устгах байгууламжийн талаархи дэлгэрэнгүй мэдээлэл, мөн тухайн тохиолдолд өмнөх хянан шалгалтын туршлагын үндсэн дээр устгах байгууламж бүр дээр хийгдэх химийн зэвсгийн устгалыг хянан шалгах төлөвлөгөөний төслийг бэлтгэнэ. Төлөвлөгөөг тухайн байгууламж энэхүү конвенцийн дагуу устгах ажиллагааг эхлэхээс 270-аас доошгүй хоногийн өмнө дуусгаж, хянан шалгуулж буй оролцогч улсад саналыг нь авахаар өгнө. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар болон оролцогч улсын хооронд үүссэн аливаа саналын зөрүүг зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ. Шийдвэрлэж чадаагүй аливаа асуудлыг энэхүү конвенцийг бүрэн хэрэгжүүлэхийг хөнгөвчлөн дэмжих үүднээс зохих арга хэмжээ авахуулахаар Гүйцэтгэх зөвлөлд уламжилна.

54.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хянан шалгуулж буй оролцогч улсын химийн зэвсэг устгах байгууламж бүрд энэхүү конвенцийн дагуу устгах ажиллагаа эхлэхээс 270-аас доошгүй хоногийн өмнө байгууламжтай танилцаж, хянан шалгалтын төлөвлөгөөний зөв зохистой байдлыг дүгнэхээр анхлан очно.

55.Химийн зэвсгийн устгах ажиллагаа нэгэнт эхэлсэн устгах байгууламжийн хувьд Техникийн нарийн бичгийн дарга нарын газар анхлан очихоос өмнө байгууламжийг хоргүйжүүлэх шаардлагыг хянан шалгуулж буй оролцогч улсад тавихгүй. Очих хугацаа нь таван хоногоос хэтрэхгүй бөгөөд очих ажилтны тоо 15-аас хэтрэхгүй байна.

56.Нягтлан шалгах дэлгэрэнгүй төлөвлөгөөг Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын зохих зөвлөмжийн хамт хянуулахаар Гүйцэтгэх зөвлөлд өгнө. Гүйцэтгэх зөвлөл нь конвенцид заасан нягтлан шалгах зорилт, үүрэгт нийцүүлэн төлөвлөгөөг батлах үүднээс хянан үзнэ. Гүйцэтгэх зөвлөл нь мөн устгалыг нягтлан шалгах төлөвлөгөө нь нягтлан шалгалтын зорилгод нийцэж буй бөгөөд үр ашигтай, хэрэгжих боломжтойг батлах нь зүйтэй. Устгал эхлэх хугацаа эхлэхээс 180-аас доошгүй хоногийн өмнө хянан үзэж дуусах нь зүйтэй.

57.Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бүр нягтлан шалгалтын талаархи аливаа асуудлаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газартай зөвлөлдөж болно. Гүйцэтгэх зөвлөлийн аливаа гишүүний зүгээс татгалзал гараагүй бол төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэнэ.

58.Аливаа бэрхшээл гарсан бол Гүйцэтгэх зөвлөл тэдгээрийг зохицуулан шийдвэрлэхээр оролцогч улстай зөвлөлдөнө. Хэрэв аливаа бэрхшээл нь шийдвэрлэгдээгүй үлдвэл тэдгээрийг Бага хуралд уламжилна.

59.Химийн зэвсэг устгах байгууламжид зориулсан байгууламжийн тухай дэлгэрэнгүй хэлэлцээрт устгах байгууламж болон түүнийг ажиллуулах арга барилын онцлог шинжийг нь харгалзан дараахь зүйлийг заана:

(a)газар дээр нь хийх хянан шалгалтын дэлгэрэнгүй журам;

(b)газар дээр нь байрлуулсан багаж хэрэгсэл ашиглан тасралтгүй ажиглан шинжих болон хянан шалгагч нарыг биечлэн байлцуулах замаар нягтлан шалгах тухай заалт.

60.Байгууламж дээр энэхүү конвенцийн дагуу устгал эхлэхээс 60-аас доошгүй хоногийн өмнө хянан шалгагч нарт химийн зэвсэг устгах байгууламж бүрт нэвтрэх зөвшөөрөл олгоно. Ийнхүү нэвтрэх нь хянан шалгах тоног төхөөрөмж суурилуулах, энэ тоног төхөөрөмжийг хянан шалгах, түүний ажиллагааг турших, мөн байгууламжийн инженерийн эцсийн үзлэг хийх зорилготой байна. Химийн зэвсгийн устгах ажиллагаа нэгэнт эхэлсэн устгах байгууламжийн хувьд хянан шалгах тоног төхөөрөмжийг суурилуулж, турших зорилгоор 60 хоногоос хэтрэхгүй шаардлагатай хамгийн бага хугацаанд устгах ажиллагааг зогсооно. Туршилт болон үзлэгийн үр дүнгээс хамааран оролцогч улс болон Техникийн нарийн бичгийн дарга нарын газар тухайн байгууламжид холбогдох байгууламжийн тухай дэлгэрэнгүй хэлэлцээрт нэмэлт, эсхүл өөрчлөлт оруулах талаар тохиролцож болно.

61.Хянан шалгуулж буй оролцогч улс химийн зэвсэг хадгалах байгууламжаас тухайн устгах байгууламж уруу химийн зэвсэг зөөвөрлөх бүрдээ гарахаас дөрвөөс доошгүй цагийн өмнө химийн зэвсэг устгах байгууламж дахь хянан шалгах багийн ахлагчид бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд хадгалах байгууламжийн нэр, гарах, хүрэхээр тооцоолсон цаг, тээвэрлэж буй химийн зэвсгийн тодорхой төрөл болон тоо хэмжээ, шошго тэмдэг бүхий аливаа эд зүйлийг гаргасан эсэх, мөн тээвэрлэх аргын талаар тусгана. Энэ мэдэгдэлд нэгээс илүү зөөвөрлөлтийн талаар мэдэгдэж болно. Энэ мэдээлэлд гарсан аливаа өөрчлөлтийн талаар хянан шалгах багийн ахлагчид даруй бичгээр мэдэгдэнэ.

Химийн зэвсэг устгах байгууламж дахь химийн зэвсэг хадгалах байгууламж

62.Хянан шалгагч нар химийн зэвсгийг устгах байгууламжид авч ирсэн болон эдгээр химийн зэвсгийг хадгалсныг нягтлан шалгана. Хянан шалгагч нар химийн зэвсгийг устгахаас өмнө байгууламжийн аюулгүйн дүрэмтэй нийцэх тохиролцсон журмыг ашиглан зөөвөрлөлт бүрийн дансалсан жагсаалтыг нягтлан шалгана. Тэд зохих тохиолдолд устгахаас өмнө химийн зэвсгийн үнэн зөв дансалсан жагсаалт гаргах явцыг хялбарчлахын тулд тохиролцсон лац, тэмдэглэгээ, эсхүл эд хөрөнгө данслах хяналтын бусад журмыг хэрэглэнэ.

63.Химийн зэвсэг устгах байгууламжид байрлуулсан химийн зэвсэг хадгалах байгууламжид химийн зэвсэг хадгалуулмагц, түүнчлэн тийнхүү хадгалж байх хугацаанд эдгээр хадгалах байгууламжийг байгууламжийн тухай холбогдох хэлэлцээрт нийцүүлэн тогтмол хянан шалгалтад хамруулна.

64.Устгалын идэвхтэй үе дуусахад хянан шалгагч нар хадгалах байгууламжаас устгахаар гаргасан химийн бүх зэвсгийг дансална. Тэд 62 дахь хэсэгт дурдсан эд хөрөнгө данслах хяналтын журам ашиглан үлдэж буй химийн зэвсгийг үнэн зөв дансалсныг нягтлан шалгана.

Химийн зэвсэг устгах байгууламжид газар дээр нь нягтлан шалгах тогтмол арга хэмжээ

65.Устгалын бүхий л идэвхтэй үеийн турш химийн зэвсэг устгах байгууламжид болон тэдгээр байгууламжид байрлуулсан химийн зэвсэг хадгалах байгууламжид үйл ажиллагаагаа явуулах үүднээс нэвтрэх эрхийг хянан шалгагч нарт олгоно.

66.Химийн зэвсэг устгах байгууламж бүрд химийн зэвсгийг өөр чиглэлд зөөвөрлөхгүй бөгөөд устгах явц дууссаныг нотлохын тулд хянан шалгагч нар биечлэн байлцах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгсэл ашиглан ажиглан шинжих аргаар дараахь зүйлийг нягтлан шалгах эрхтэй:

(a)байгууламжид химийн зэвсэг хүлээн авах;

(b)химийн зэвсэг түр хугацаагаар байлгах талбай болон уг талбайд хадгалж буй химийн зэвсгийн тодорхой төрөл, тоо хэмжээ;

(c)устгаж буй химийн зэвсгийн тодорхой төрөл болон тоо хэмжээ;

(d)устгалын явц;

(e)устгалын эцсийн бүтээгдэхүүн;

(f)металл хэсгийн хэлбэрийг өөрчлөх;

(g)устгах явц болон байгууламжийн цогц байдал.

67.Хянан шалгагч нар химийн зэвсэг устгах байгууламжид түр байлгах талбай дахь байлдааны хэрэгсэл, төхөөрөмж буюу саванд дээж авах зорилгоор шошго тэмдэг тавих эрхтэй.

68.Хянан шалгалтын шаардлагад нийцэх хэмжээнд байгууламжийн ердийн үйл ажиллагааны үед авсан мэдээллийг зохих тоо баримтын жинхэнэ гэдгийг тогтоосны хамт хянан шалгах зорилгоор ашиглана.

69.Устгах үе бүхэн дууссаны дараа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар тогтоогдсон тоо хэмжээний химийн зэвсгийг устгаж дууссаныг илтгэсэн оролцогч улсын мэдүүлгийг батална.

70.Байгууламжийн тухай хэлэлцээрт нийцүүлэн хянан шалгагч нар:

(a)химийн зэвсэг устгах байгууламж болон тэдгээр байгууламжид байрлуулсан химийн зэвсэг хадгалах байгууламжийн бүх хэсэг, түүний дотор тэнд байгаа аливаа байлдааны хэрэгсэл, төхөөрөмж, чингэлэг болон бусад саванд саадгүй хүрнэ. Хянан шалгах зүйлийг хянан шалгуулж буй оролцогч улсын зөвшөөрсөн бөгөөд Гүйцэтгэх зөвлөлийн батласан нягтлан шалгалтын төлөвлөгөөнд нийцүүлэн хянан шалгагч нар сонгоно;

(b)устгах явцын турш дээжийг газар дээр нь тогтмол шинжлэхийг хийхийг ажиглан шинжинэ;

(c)шаардлагатай бол устгах байгууламж, эсхүл тэдгээр дэх хадгалах байгууламж дахь аливаа төхөөрөмж, чингэлэг болон бусад савнаас тэдний хүсэлтээр авсан дээжийг хүлээж авна.

IV ХЭСЭГ В АНГИ

ХИМИЙН ХУУЧИН ЗЭВСЭГ БОЛОН ОРХИСОН ХИМИЙН ЗЭВСЭГ

А. Ерөнхий зүйл

1.Химийн хуучин зэвсгийг В ангид заасны дагуу устгана.

2.Орхисон химийн зэвсгийг, түүний дотор 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн (b) дэд хэсгийн тодорхойлолтод нийцэж байгаа зэвсгийг С ангид заасны дагуу устгана.

B. Химийн хуучин зэвсэгт зориулсан горим

3.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн (a) дэд хэсэгт тодорхойлсон химийн хуучин зэвсэг нутаг дэвсгэрт нь байгаа оролцогч улс энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсны дараа 30 хоногийн дотор химийн эдгээр хуучин зэвсгийн байршил, төрөл, тоо хэмжээ болон одоогийн нөхцөл байдлын талаар боломжтой хэмжээнд тусгасан холбогдох бүх байгаа мэдээллийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө.

2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн (b) дэд хэсэгт тодорхойлсон химийн хуучин зэвсгийн тохиолдолд оролцогч улс энэхүү хавсралтын IV хэсгийн A ангийн 1-ээс 3 дахь хэсэгт заасан мэдээллийг боломжтой хэмжээнд тусгасан мэдүүлгийг 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (b) (i) дэд хэсгийн дагуу Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө.

4.Энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсны дараа химийн хуучин зэвсэг илрүүлсэн оролцогч улс химийн хуучин зэвсэг илрүүлсний дараа 180 хоногийн дотор 3 дахь хэсэгт заасан мэдээллийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө.

5.3 болон 4 дэх хэсгийн дагуу өгсөн мэдээллийг нягтлан шалгах, түүнчлэн химийн зэвсэг нь 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан химийн хуучин зэвсгийн тодорхойлолттой нийцэж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор Техникийн нарийн бичгийн дарга нарын газар анхны хянан шалгалт болон шаардлагатай байж болох аливаа цаашдын хянан шалгалтыг явуулна. 1925 болон 1946 оны хооронд үйлдвэрлэсэн химийн зэвсгийг ашиглах боломжтой эсэхийг тодорхойлоход удирдлага болгох зүйлийг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж, батална.

6.Оролцогч улс 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн (a) дэд хэсгийн тодорхойлолтттой нийцэж байгаа гэж Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас батласан химийн хуучин зэвсгийг хорт хаягдлын хувьд авч үзнэ. Оролцогч улс нь химийн хуучин зэвсгийг хорт хаягдлын хувьд үндэсний хууль тогтоомжийн дагуу устгах, эсхүл өөрөөр зайлуулах талаар авч байгаа арга хэмжээнийхээ тухай Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ.

7.3-аас 5 дахь хэсгийг мөрдөхийн хамт, оролцогч улс 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн (b) дэд хэсгийн тодорхойлолтттой нийцэж байгаа гэж Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас батласан химийн хуучин зэвсгийг 4 дүгээр зүйл болон энэхүү хавсралтын IV хэсгийн A ангид нийцүүлэн устгана.

C. Орхисон химийн зэвсэгт зориулсан горим

8.Орхисон химийн зэвсэг нутаг дэвсгэрт нь байгаа оролцогч улс (цаашид “нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улс” гэх) энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсны дараа 30 хоногийн дотор орхисон химийн зэвсгийн талаархи холбогдох бүх байгаа мэдээллийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө. Энэ мэдээлэлд орхисон химийн зэвсгийн байршил, төрөл, тоо хэмжээ болон одоогийн нөхцөл байдал, түүнчлэн орхисон талаар боломжтой хэмжээнд тусгана.

9.Энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсны дараа орхисон химийн зэвсэг илрүүлсэн оролцогч улс орхисон химийн зэвсэг илрүүлсний дараа 180 хоногийн дотор илрүүлсэн орхисон химийн зэвсгийн талаархи холбогдох бүх байгаа мэдээллийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө. Энэ мэдээлэлд орхисон химийн зэвсгийн байршил, төрөл, тоо хэмжээ болон одоогийн нөхцөл байдал, түүнчлэн орхисон талаар боломжтой хэмжээнд тусгана.

10.Оролцогч өөр улсын нутаг дэвсгэрт химийн зэвсэг орхисон оролцогч улс (цаашид “Химийн зэвсэг орхигч оролцогч улс” гэх) энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор орхисон химийн зэвсгийн талаархи холбогдох бүх байгаа мэдээллийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө. Энэ мэдээлэлд орхисон химийн зэвсгийн байршил, төрөл, тоо хэмжээ болон одоогийн нөхцөл байдал, түүнчлэн орхисон талаар боломжтой хэмжээнд тусгана.

11.8-аас 10 дахь хэсгийн дагуу өгсөн холбогдох бүх байгаа мэдээллийг нягтлан шалгах, түүнчлэн энэхүү хавсралтын IV хэсгийн А ангийн 41-ээс 43 дахь хэсэгт нийцүүлэн тогтмол нягтлан шалгалт шаардлагатай эсэхийг тодорхойлох зорилгоор Техникийн нарийн бичгийн дарга нарын газар анхны хянан шалгалт болон шаардлагатай байж болох аливаа цаашдын хянан шалгалтыг явуулна.

12.Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын илтгэлийг Гүйцэтгэх зөвлөл, нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улс болон химийн зэвсэг орхигч оролцогч улс, эсхүл химийн зэвсэг орхисон гэж нутаг дэвсгэрийн оролцогч улс мэдүүлсэн буюу Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас тогтоосон аливаа оролцогч улсад өгнө. Хэрэв шууд хамаарал бүхий аль нэг оролцогч улс илтгэлийн талаар сэтгэл хангалуун бус байвал асуудлаа энэхүү конвенцийн заалтад нийцүүлэн зохицуулах, эсхүл асуудлыг шуурхай шийдвэрлүүлэх үүднээс Гүйцэтгэх зөвлөлд тавих эрхтэй.

13.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн дагуу, орхисон химийн зэвсгийг нутаг дэвсгэр дээр нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улстай хамтран устгах зорилгоор зөвлөлдөхийг нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улс 8-аас 12 дахь хэсгийн дагуу химийн зэвсэг орхигч оролцогч улс гэж тогтоогдсон оролцогч улсаас хүсэх эрхтэй. Тухайн улс ийм хүсэлтийн тухай Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт нэн даруй мэдээлнэ.

14.Устгах талаар харилцан тохиролцсон төлөвлөгөө байгуулах үүднээс нутаг дэвсгэр нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улс болон химийн зэвсэг орхигч оролцогч улс хоорондын зөвлөлдөөн нь 13 дахь хэсэгт дурдсан хүсэлтийн тухай мэдээг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хүлээж авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор эхлэнэ. Устгах талаар харилцан тохиролцсон төлөвлөгөөг 13 дахь хэсэгт дурдсан хүсэлтийн тухай мэдээг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хүлээж авсан өдрөөс хойш 180 хоногийн дотор Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө. Химийн зэвсэг орхигч оролцогч улс болон нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улсын хүсэлтээр Гүйцэтгэх зөвлөл нь устгах талаар харилцан тохиролцсон төлөвлөгөөг тараах цагийн хязгаарыг сунгаж болно.

15.Орхисон химийн зэвсгийг устгах зорилгоор химийн зэвсэг орхигч оролцогч улс нь шаардлагатай бүх санхүүгийн, техникийн, шинжээчийн, байгууламжийн болон бусад эх сурвалжаар хангана. Нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улс зохих ёсоор хамтран ажиллана.

16.Хэрэв химийн зэвсэг орхигч оролцогч улс нь тогтоогдох боломжгүй, эсхүл энэхүү конвенцийн оролцогч улс биш бол нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улс тэдгээр орхисон химийн зэвсгийг устгах явдлыг хангахын тулд тэдгээр орхисон химийн зэвсгийг устгахад тусламж үзүүлэхийг Байгууллага болон оролцогч бусад улсаас хүсэж болно.

17.8-аас 16 дахь хэсгийг мөрдөхийн хамт, 4 дүгээр зүйл болон энэхүү хавсралтын IV хэсгийн A ангийг орхисон химийн зэвсгийг устгахад мөн хэрэглэнэ. 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн (b) дэд хэсэгт заасан химийн хуучин зэвсгийн тодорхойлолтод мөн нийцэж байгаа орхисон химийн зэвсгийн тохиолдолд Гүйцэтгэх зөвлөл нь устгах тухай заалтыг өөрчлөх, эсхүл онцгой тохиолдолд хэрэглэхийг түдгэлзүүлэх нь энэхүү конвенцийн зүйл, зорилгод аюул учруулахгүй гэж тодорхойлвол нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улсын хүсэлтээр дангаараа эсхүл химийн зэвсэг орхигч оролцогч улстай хамтран тухайн заалтыг өөрчлөх, эсхүл онцгой тохиолдолд хэрэглэхийг түдгэлзүүлж болно. 2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн (b) дэд хэсэгт заасан химийн хуучин зэвсгийн тодорхойлолтод нийцэхгүй байгаа орхисон химийн зэвсгийн тохиолдолд Гүйцэтгэх зөвлөл нь цагийн хязгаар болон устгах дарааллын тухай заалтыг онцгой тохиолдолд өөрчлөх нь энэхүү конвенцийн зүйл, зорилгод аюул учруулахгүй гэж тодорхойлвол нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улсын хүсэлтээр дангаараа, эсхүл химийн зэвсэг орхигч оролцогч улстай хамтран тухайн заалтыг онцгой тохиолдолд өөрчилж болно. Энэ хэсэгт дурдсан аливаа хүсэлтэд заалтыг өөрчлөх тодорхой санал болон өөрчлөх санал болгож байгаа шалтгааны дэлгэрэнгүй тайлбарыг тусгана.

18.Оролцогч улсууд хоорондоо орхисон химийн зэвсгийг устгах талаар хэлэлцээр, эсхүл тохиролцоо байгуулж болно. Нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг орхигдсон оролцогч улсын хүсэлтээр Гүйцэтгэх зөвлөл нь орхисон химийн зэвсгийн устгал нь 17 дахь хэсэгт нийцэх явдлыг тухайн хэлэлцээр буюу тохиролцоо хангаж байна гэж үзвэл тэдгээр хэлэлцээр буюу тохиролцооны сонгосон заалт нь энэ ангийн заалтыг давамгайлах хүчинтэй гэж дангаараа, эсхүл химийн зэвсэг орхигч оролцогч улстай хамтран шийдвэрлэж болно.

V ХЭСЭГ

ХИМИЙН ЗЭВСЭГ ҮЙЛДВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ УСТГАХ,

УСТГАЛЫГ 5 ДУГААР ЗҮЙЛИЙН ДАГУУ НЯГТЛАН ШАЛГАХ

А. Мэдүүлэг

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн тухай мэдүүлэг

1.Конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (с) (ii) дэд хэсгийн дагуу оролцогч улсын химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн тухай мэдүүлэгт байгууламж бүрийн хувьд дараахь зүйлийг тусгана:

(a)байгууламжийн нэр, өмчлөгчдийн нэр, 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш байгууламжийг ажиллуулж буй компани буюу аж ахуйн нэгжийн нэр;

(b)байгууламжийн тодорхой байршил, түүний дотор хаяг, цогцолборын байршил, цогцолбор дахь тухайн байгууламжийн байршил, түүний дотор хэрэв байгаа бол тодорхой барилга байгууламжийн дугаар;

(c)энэ нь химийн зэвсэг гэж тодорхойлсон химийн бодис бэлтгэхэд зориулагдсан байгууламж мөн эсэх, эсхүл энэ нь химийн зэвсэг цэнэглэхэд зориулагдсан байгууламж эсэх, эсхүл хоёулаа эсэх тухай мэдэгдэл;

(d)байгууламжийг барьж дууссан он, сар, өдөр болон байгууламжид байгууламжийн үйлдвэрлэх явцын шинжийг ихээхэн өөрчилсөн аливаа өөрчлөлт хийхэд, түүний дотор шинэ эсхүл засварлагдсан тоног төхөөрөмж суурилуулахад зарцуулсан хугацаа;

(e)химийн зэвсэг гэж тодорхойлсон байгууламжид бэлтгэгдсэн химийн бодис; байгууламжид цэнэглэгдсэн байлдааны хэрэгсэл, төхөөрөмж болон сав; тийнхүү бэлтгэж буюу цэнэглэж эхэлсэн болон дууссан хугацааны талаархи мэдээлэл:

(i)химийн зэвсэг гэж тодорхойлсон байгууламжид бэлтгэгдсэн химийн бодисын хувьд тухайн мэдээлэл нь Цэвэр болон хавсарга химийн шинжлэх ухааны олон улсын холбоо (IUPAC)-ны нэр томъёоны мөрдөгдөж буй систем, бүтцийн томъёо болон хэрэв Химийн бодисын үйлчилгээний бүртгэлийн дугаар заасан бол уг дугаарт нийцүүлэн химийн нэршлийг заасан бэлтгэсэн химийн бодисын тодорхой төрлийн хэлбэрээр, түүнчлэн тонноор хэмжигдсэн жингээр илэрхийлсэн химийн бодис бүрийн хэмжээний хэлбэрээр илэрхийлэгдэнэ;

(ii)байгууламжид цэнэглэгдсэн байлдааны хэрэгсэл, төхөөрөмж болон савны хувьд тухайн мэдээлэл нь цэнэглэгдсэн химийн зэвсгийн тодорхой төрлийн болон нэгж бүрийн химийн бодисын цэнэгийн жингийн хэлбэрээр илэрхийлэгдэнэ;

(f)химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн үйлдвэрлэх хүчин чадал:

(i)химийн зэвсэг үйлдвэрлэсэн байгууламжийн хувьд үйлдвэрлэх хүчин чадал нь тухайн байгууламжид бодитоор ашиглагдаж буй, эсхүл бодитоор ашиглагдахгүй байгаа явцын тохиолдолд ашиглагдахаар төлөвлөгдөж буй технологийн горимд үндэслэн тодорхой бодисыг жилд үйлдвэрлэх хүчин чадлын тоо хэмжээний хэлбэрээр илэрхийлэгдэнэ;

(ii)химийн зэвсгийг цэнэглэсэн байгууламжийн хувьд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд тодорхой төрлийн химийн зэвсэг бүрт байгууламжийн цэнэглэж болох химийн бодисын тоо хэмжээний хэлбэрээр илэрхийлэгдэнэ;

(g)химийн зэвсэг үйлдвэрлэх устгагдаагүй байгууламж бүрийн хувьд тухайн байгууламжийн тухай дараахь зүйлийг агуулсан тодорхойлолт:

(i)талбайн бүдүүвч зураг;

(ii)байгууламжийн технологийн урсгалын бүдүүвч зүраг;

(iii)байгууламж дахь барилга, байгууламж дахь тусгай тоног төхөөрөмж болон уг тоног төхөөрөмжийн аливаа эд ангийн дансалсан жагсаалт;

(h)дараахь зүйлийг заасан байгууламжийн тухайн үеийн байдал:

(i)тухайн байгууламжид химийн зэвсэг хамгийн сүүлд үйлдвэрлэсэн он, сар, өдөр;

(ii)байгууламжийг устгасан эсэх, түүний дотор устгасан он, сар, өдөр болон арга хэлбэр;

(iii)энэхүү конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө тухайн байгууламжийг химийн зэвсэг үйлдвэрлэхэд хамааралгүй үйл ажиллагаанд ашигласан, эсхүл өөрчилсөн эсэх, хэрэв тийм бол ямар өөрчлөлт хийгдсэн талаархи мэдээлэл, химийн зэвсэг үйлдвэрлэхэд хамааралгүй үйл ажиллагаа эхэлсэн он, сар, өдөр, түүнчлэн зохих тохиолдолд бүтээгдэхүүний төрлийг заасан уг үйл ажиллагааны шинж чанар;

(i)байгууламжийг хаахаар оролцогч улсын авсан арга хэмжээний тухай тодорхойлолт, түүнчлэн байгууламжийн үйл ажиллагааг зогсоохоор оролцогч улсын авсан болон авах арга хэмжээний тухай тодорхойлолт;

(j)үйл ажиллагааг нь зогсоосон байгууламжийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хэвийн үйл ажиллагааны тухай тодорхойлолт;

(k)байгууламжийг химийн зэвсгийг устгахаар хувиргах эсэх тухай мэдэгдэл, хэрэв тийм бол тийнхүү хувиргах он, сар, өдөр.

3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (c) (iii) дэд хэсгийн дагуу гаргах химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн тухай мэдүүлэг

2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (c) (iii) дэд хэсгийн дагуу гаргах химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн тухай мэдүүлэг нь дээрх 1 дэх хэсэгт заасан бүх мэдээллийг агуулна. Мэдүүлэг гаргах явдлыг хангахын тулд өөр улстай хамтран зохих тохиролцоо хийх нь тухайн байгууламж нутаг дэвсгэрт нь байгаа эсхүл байсан оролцогч улсын үүрэг хариуцлага юм. Хэрэв тухайн байгууламж нутаг дэвсгэрт нь байгаа, эсхүл байсан оролцогч улс энэ үүргээ биелүүлэх боломжгүй бол үүний шалтгааныг заана.

Урьд нь шилжүүлсэн болон хүлээн авсан тухай мэдүүлэг

3.Оролцогч улс нь 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш химийн зэвсэг үйлдвэрлэх тоног төхөөрөмж шилжүүлсэн, эсхүл хүлээн авсан тохиолдолд тийнхүү шилжүүлсэн, эсхүл хүлээн авсан тухайгаа 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (a)(iii) дэд хэсгийн дагуу, түүнчлэн 5 дахь хэсэгт нийцүүлэн мэдүүлнэ. 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 1970 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хоорондох хугацаанд химийн зэвсэг үйлдвэрлэх тоног төхөөрөмж шилжүүлсэн, эсхүл хүлээн авсан талаар дээр заасан бүх мэдээлэл байхгүй бол оролцогч улс өөрт байгаа бүх мэдээллийг мэдүүлэх бөгөөд мэдүүлгийг бүрэн гаргаж өгч чадахгүй байгаа талаар тайлбар гаргана.

a.3 дахь хэсэгт дурдсан химийн зэвсэг үйлдвэрлэх тоног төхөөрөмж гэж:

(a)тусгай тоног төхөөрөмж;

(b)химийн зэвсэг хэрэглэхтэй шууд холбоотойгоор ашиглахад тусгайлан зориулагдсан тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд чиглэсэн тоног төхөөрөмж;

(c)химийн байлдааны хэрэгслийн химийн бус эд ангийг үйлдвэрлэхэд гагцхүү зориулагдсан, эсхүл ашиглагдаж буй тоног төхөөрөмж.

5.Химийн зэвсэг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг шилжүүлсэн, эсхүл хүлээн авсан тухай мэдүүлэг нь дараахь зүйлийг заана:

(a)химийн зэвсэг үйлдвэрлэх тоног төхөөрөмжийг хэн хүлээн авсан/ шилжүүлсэн;

(b)тухайн тоног төхөөрөмжийн шинж;

(c)шилжүүлсэн буюу хүлээн авсан он, сар, өдөр;

(d)хэрэв мэдэгдэж буй бол тухайн тоног төхөөрөмжийг устгасан эсэх;

(e)хэрэв мэдэгдэж буй бол одоо байгаа газар.

Устгах тухай ерөнхий төлөвлөгөөг өргөн барих

6.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүрийн хувьд оролцогч улс нь дараахь мэдээллийг гарган өгнө:

(a)авах арга хэмжээний төлөвлөсөн цагийн хязгаар;

(b)устгах арга.

7.Оролцогч улс химийн зэвсгийг устгах байгууламжид түр хугацаагаар хувиргах гэж буй химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүрийн хувьд тухайн оролцогч улс дараахь мэдээллийг гарган өгнө:

(a)устгах байгууламжид хувиргахад зарцуулахаар төлөвлөсөн цагийн хязгаар;

(b)байгууламжийг химийн зэвсэг устгах байгууламжийн хувьд ашиглахад зарцуулахаар төлөвлөсөн цагийн хязгаар;

(c)шинэ байгууламжийн тухай тодорхойлолт;

(d)тусгай тоног төхөөрөмжийг устгах арга;

(e)химийн зэвсэг устгах зорилгоор ашигласны нь дараа байгууламжийг устгахад зарцуулах цагийн хязгаар;

(f)хувиргасан байгууламжийг устгах арга.

Устгах тухай жилийн төлөвлөгөө болон устгалын тухай илтгэлийг өргөн барих

8.Оролцогч улс нь устгах тухай жилийн төлөвлөгөөг дараагийн устгалын жил эхлэхээс 90-ээс доошгүй хоногийн өмнө бэлтгэж өгнө. Жилийн төлөвлөгөөнд дараахь зүйлийг тусгана:

(a)устгагдах хүчин чадал;

(b)устгал явагдах байгууламжийн нэр, байршил;

(c)байгууламж бүрт устгагдах барилга, тоног төхөөрөмжийн жагсаалт;

(d)устгах талаар төлөвлөсөн арга.

9.Оролцогч улс нь устгалын тухай жилийн илтгэлийг өмнөх устгалын жил дууссанаас хойш 90 хоногийн дотор бэлтгэж өгнө. Жилийн илтгэлд дараахь зүйлийг тусгана:

(a)устгасан хүчин чадал;

(b)устгал явагдсан байгууламжийн нэр, байршил;

(c)байгууламж бүрт устгасан барилга, тоног төхөөрөмжийн жагсаалт;

(d)устгасан арга.

10.Конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (c) (iii) дэд хэсгийн дагуу мэдүүлсэн химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн хувьд, дээрх 6-аас 9 дэх хэсэгт заасан мэдүүлгийг гаргах явдлыг хангахын тулд өөр улстай хамтран зохих тохиролцоо хийх нь тухайн байгууламж нутаг дэвсгэрт нь байгаа, эсхүл байсан оролцогч улсын үүрэг хариуцлага юм. Хэрэв тухайн байгууламж нутаг дэвсгэрт нь байгаа, эсхүл байсан оролцогч улс энэ үүргээ биелүүлэх боломжгүй бол үүний шалтгааныг заана.

B. Устгах

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгах ерөнхий зарчим

11.Оролцогч улс бүр 5 дугаар зүйлд болон энэ хэсэгт заасан зарчмын дагуу химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгахад хэрэглэх аргыг тодорхойлно.

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг хаахад баримтлах зарчим, арга

12.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг хаахын зорилго нь байгууламжийн үйл ажиллагааг зогсооход оршино.

13.Байгууламжийг хаах талаар тохиролцсон арга хэмжээг оролцогч улс байгууламж бүрийн онцлог шинж чанарыг харгалзан авч хэрэгжүүлнэ. Эдгээр арга хэмжээнд дараахь зүйл inter alia хамрагдана:

(a)тохиролцсон үйл ажиллагаанаас бусад зорилгоор байгууламжийн тусгай барилга болон ердийн барилгыг эзэмшихийг хориглох;

(b)химийн зэвсэг үйлдвэрлэхтэй шууд холбоотой тоног төхөөрөмж, түүний дотор inter alia үйл ажиллагааг хянах тоног төхөөрөмж, хэрэгслийг салгах;

(c)химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад гагцхүү ашиглаж буй хамгаалалтын суурилуулалт, тоног төхөөрөмжийг ашиглалтаас гаргах;

(d)Химийн зэвсэг гэж тодорхойлсон химийн бодисыг синтезэд оруулах, салгах буюу цэвэршүүлэхэд зориулагдсан технологийн аливаа тусгай тоног төхөөрөмж, аливаа хадгалах төмөр сав, эсхүл химийн зэвсэг цэнэглэх аливаа машинд химийн бодис нэмэх эсхүл түүнээс химийн бодис гарахаас, түүнчлэн халаалт, хөргөлт, эсхүл ийм тоног төхөөрөмж, хадгалах төмөр сав буюу машиныг цахилгаан болон бусад төрлийн эрчим хүчээр хангахаас сэргийлэх чимээ дарагч болон бусад төхөөрөмжийг суурилуулах;

(e)тохиролцсон үйл ажиллагаанд шаардлагатайгаас бусад химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж уруу чиглэсэн хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих төмөр зам, авто зам болон бусад замыг хаах.

14.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг хаасан үед ч оролцогч улс нь байгууламж дахь аюулгүй байдлыг хангах болон биечлэн хамгаалах үйл ажиллагааг үргэлжлүүлж болно.

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгахаас өмнөх техникийн засвар арчилгааг хангах

15.Оролцогч улс нь химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжид техникийн ердийн засвар арчилгааг хангах, түүний дотор харагдах орчны хянан шалгалт, урьдчилан сэргийлэх засвар арчилгаа, урсгал засвар хийх үйл ажиллагааг зөвхөн аюулгүй байдлын үүднээс явуулж болно.

16.Засвар арчилгааны төлөвлөгдсөн бүх үйл ажиллагааг устгалын ерөнхий буюу дэлгэрэнгүй төлөвлөгөөнд тусгана. Засвар арчилгааны үйл ажиллагаанд дараахь зүйл багтахгүй:

(a)технологийн аливаа тоног төхөөрөмжийг солих;

(b)химийн технологийн тоног төхөөрөмжийн шинж чанарыг өөрчлөх;

(c)аливаа төрлийн химийн бодис үйлдвэрлэх.

17.Засвар үйлчилгээний бүх үйл ажиллагааг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хянана.

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг химийн зэвсэг устгах байгууламж болгон түр хугацаагаар хувиргах зарчим, арга

18.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг химийн зэвсэг устгах байгууламж болгон түр хугацаагаар хувиргахтай холбоотой арга хэмжээ нь түр хугацаагаар хувиргасан байгууламжид үйлчлэх горим нь химийн зэвсэг үйлдвэрлэх хувиргаагүй байгууламжид үйлчлэх горимын нэгэн адил чанд байх явдлыг хангана.

19.Энэхүү конвенц хүчин төгөлдөр болохоос өмнө химийн зэвсэг устгах байгууламж болгон түр хугацаагаар хувиргасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн ангиллын дор мэдүүлнэ.

Эдгээр байгууламжид тухайн байгууламжийн талаархи мэдээллийн үнэн зөвийг батлахаар хянан шалгагч нар анхлан очно. Байгууламжийг химийн зэвсэг дахин үйлдвэрлэх байгууламжийн хувьд ажиллах боломжгүй болгохуйц байдлаар эдгээр байгууламжийг хувиргах ажиллагааг явуулсныг нягтлан шалгах шаардлагатай бөгөөд ийм нягтлан шалгалт нь конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор үйл ажиллагаа явуулах боломжгүй болох байгууламжид чиглэсэн арга хэмжээний хүрээнд хэрэгжинэ.

20.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг хувиргах гэж буй оролцогч улс нь энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор, эсхүл түр хугацаагаар хувиргах тухай шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор байгууламжийг хувиргах тухай ерөнхий төлөвлөгөө, дараа нь жилийн төлөвлөгөөгөө Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өргөн барина.

21.Хэрэв оролцогч улс нь энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсны дараа хаагдсан химийн зэвсэг үйлдвэрлэх нэмэлт байгууламжийг химийн зэвсэг устгах байгууламж болгон хувиргах хэрэгтэй болбол энэ талаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт хувиргахаас 150-иас доошгүй хоногийн өмнө мэдээлнэ. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь байгууламжийг хувиргасны дараа химийн зэвсэг үйлдвэрлэх боломжгүй болгоход чиглэсэн шаардлагатай арга хэмжээг авах явдлыг оролцогч улсын хамт хангана.

22.Химийн зэвсэг устгахаар хувиргасан байгууламж нь химийн зэвсгийн үйлдвэрлэлийг сэргээх талаар хаагдсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдэж буй химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжаас илүүгүй боломжтой байна. Үйл ажиллагааг нь сэргээхэд хаагдсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдэж буй химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжид зарцуулахаас доошгүй цаг шаардана.

23.Химийн зэвсэг үйлдвэрлэх хувиргасан байгууламжийг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор устгана.

24.Химийн зэвсэг үйлдвэрлэх аливаа байгууламжийг хувиргах аливаа арга хэмжээ нь байгууламж бүрт тусгай байх бөгөөд байгууламж бүрийн онцлог шинжээс шалтгаална.

25.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг химийн зэвсэг устгах байгууламж болгон хувиргах зорилгоор хэрэгжүүлэх цогц арга хэмжээ нь энэхүү конвенц тухайн оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэрэгжүүлэх химийн зэвсэг үйлдвэрлэх бусад байгууламжийн үйл ажиллагааг зогсооход чиглэсэн цогц арга хэмжээнээс бага байж болохгүй.

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгахад хамаарах зарчим, арга

26.Оролцогч улс нь химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн тодорхойлолтод хамаарах тоног төхөөрөмж, барилгыг дараахь байдлаар устгана:

(a)бүх төрлийн тусгай тоног төхөөрөмж болон ердийн тоног төхөөрөмжийг биечлэн устгана;

(b)бүх төрлийн тусгай барилга болон ердийн барилгыг биечлэн устгана.

27.Оролцогч улс нь химийн цэнэглээгүй байлдааны хэрэгсэл, түүнчлэн химийн зэвсгийг ажиллуулах тоног төхөөрөмж үйлдвэрлэх байгууламжийг дараахь байдлаар устгана:

(a)химийн байлдааны хэрэгсэл, химийн зэвсгийг ажиллуулахтай шууд холбоотойгоор ашиглахаар тусгайлан бүтээгдсэн тоног төхөөрөмжийн химийн бус эд ангийг үйлдвэрлэхэд гагцхүү ашиглагдаж буй байгууламжийг мэдүүлж, устгана. Устгах ажиллагаа болон түүний нягтлан шалгалтыг химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгах асуудлыг зохицуулсан 5 дугаар зүйл болон энэхүү хавсралтын энэ хэсгийн заалтуудын дагуу явуулна;

(b)химийн байлдааны хэрэгслийн химийн бус эд ангийг үйлдвэрлэхэд гагцхүү зориулсан буюу ашиглагдаж буй бүх тоног төхөөрөмжийг биечлэн устгана. Тусгайлан бүтээгдсэн цутгуур, металл бүрэлдүүлэгч хэв зэрэг тоног төхөөрөмжийг устгахаар тусгай байршилд авч ирж болно.

(c)үйлдвэрлэлийн ийм үйл ажиллагаанд ашиглагдаж буй бүх барилга, ердийн тоног төхөөрөмжийг устгана, эсхүл шаардлагатай бол 9 дүгээр зүйлд заасны дагуу зөвлөлдөөн, хянан шалгалт хийх замаар баталж энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор хувиргана.

(d)Устгах, эсхүл хувиргах ажиллагаа явагдаж байсан ч энэхүү конвенцоор хориглоогүй үйл ажиллагаа үргэлжилж болно.

Устгах дараалал

28.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгах дараалал нь 1 дүгээр зүйл болон энэхүү конвенцийн бусад зүйлд заасан үүрэг, түүний дотор газар дээр нь тогтмол нягтлан шалгалт хийхтэй холбоотой үүрэгт үндэслэнэ. Энэ нь устгал явуулах үед аюулгүй байдлыг багасгахгүй байх талаархи оролцогч улсын ашиг сонирхол; устгалын эхний шатанд итгэлцлийг бэхжүүлэх; химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгах явцад аажмаар туршлага хуримтлуулах; байгууламжийн бодит шинж байдал болон түүнийг устгах талаар сонгосон аргаас хамаарахгүйгээр хэрэглэх асуудлыг харгалзана. Устгах дараалал нь тэнцвэржүүлэх зарчимд тулгуурлана.

29.Устгал явуулах үе бүрт оролцогч улс химийн зэвсэг үйлдвэрлэх аль байгууламжийг устгахаа тодорхойлох бөгөөд устгалын үе бүрийн эцэст 30 болон 31 дэх хэсэгт зааснаас илүүгүй зүйл үлдэхээр устгалыг хийнэ. Оролцогч улс нь өөрийн байгууламжийг илүү хурдан устгахыг хориглохгүй.

30.I жагсаалтад орсон химийн бодисыг үйлдвэрлэдэг химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжид дараахь заалтыг хэрэглэнэ:

(a)оролцогч улс нь тухайн байгууламжийн устгалыг энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор эхлэх бөгөөд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 10 жилийн дотор дуусгана. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болоход гишүүн байсан улсын хувьд энэ бүх хугацаа нь устгалын гурван тусадаа үед, тухайлбал 2-5 жил, 6-8 жил болон 9-10 жилд хуваагдана. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа гишүүн болсон улсын хувьд устгалын хугацааг 28 болон 29 дэх хэсгийг харгалзан тохируулна;

(b)үйлдвэрлэх хүчин чадлыг тухайн байгууламжийн хувьд харьцуулах хүчин зүйл болгон хэрэглэнэ. Түүнийг химийн хоёрлосон зэвсэгт зориулагдсан журмыг харгалзан хордуулах бодисын тонноор илэрхийлнэ;

(c)үйлдвэрлэх хүчин чадлын талаар тохиролцсон зохих түвшинг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойшхи 8 дахь жилийн эцэст тогтооно. Холбогдох түвшингээс хэтэрсэн үйлдвэрлэх хүчин чадлыг устгалын эхний 2 үе шатны турш тэнцүү өсөх тоогоор устгана;

(d)өгөгдсөн хэмжээ бүхий хүчин чадлыг устгах шаардлага нь I жагсаалтад орсон байгууламжид нийлүүлэлт хийсэн, эсхүл тэнд үйлдвэрлэсэн I жагсаалтад орсон химийн бодисоор байлдааны хэрэгсэл буюу төхөөрөмжийг цэнэглэсэн химийн зэвсэг үйлдвэрлэх аливаа бусад байгууламжийг устгах шаардлагыг дагуулна;

(e)химийн зэвсэг устгах байгууламжид түр хугацаагаар хувирсан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж нь энэ хэсгийн заалтын дагуу хүчин чадлыг устгах үүрэгт хамаарсан хэвээр байна.

31.Оролцогч улс нь 30 дахь хэсэгт хамрагдаагүй химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн устгалыг энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилийн дотор эхлэх бөгөөд энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дотор дуусгана.

Устгах дэлгэрэнгүй төлөвлөгөө

32.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг устгахаас 180-аас доошгүй хоногийн өмнө оролцогч улс inter alia дараахь зүйлийн талаар байгууламжийг хувиргах дэлгэрэнгүй төлөвлөгөө, түүний дотор 33 дахь хэсгийн (f) дэд хэсэгт дурдсан устгалыг нягтлан шалгах талаар санал болгож буй арга хэмжээг тусгасан дэлгэрэнгүй төлөвлөгөөг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө.

(a)устгах байгууламжид хянан шалгагч нарыг байлгах хугацаа;

(b)мэдүүлсэн эд хөрөнгийн жагсаалтын зүйл бүрт хэрэглэгдэх арга хэмжээг нягтлан шалгах журам.

33.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүрийг устгах дэлгэрэнгүй төлөвлөгөөнд дараахь зүйлийг тусгана:

(a)устгах явцын дэлгэрэнгүй хуваарь;

(b)байгууламжийн бүтцийн зураг;

(c)технологийн урсгалын бүдүүвч зүраг;

(d)устгах тоног төхөөрөмж, барилга болон бусад зүйлийн дансалсан дэлгэрэнгүй жагсаалт;

(e)эд хөрөнгийн жагсаалтын зүйл бүрт хэрэглэх арга хэмжээ;

(f)нягтлан шалгах талаар санал болгож буй арга хэмжээ;

(g)байгууламжийг устгах явцад мөрдөх аюулгүй байдлын арга хэмжээ;

(h)хянан шалгагч нарыг хангах ажлын болон амьдрах нөхцөл.

34.Хэрэв оролцогч улс химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг химийн зэвсэг устгах байгууламж болгон түр хугацаагаар хувиргах гэж буй бол аливаа хувиргах үйл ажиллагаа явуулахаас өмнө 150-иас доошгүй хоногийн өмнө Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Мэдэгдэлд:

(a)байгууламжийн нэр, хаяг, байршлыг заана;

(b)химийн зэвсгийг устгахад хамаарагдах бүх бүтэц, газрын талбайн бүдүүвч зургийг гарган өгч, мөн химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн түр хугацаагаар хувиргах бүх бүтцийг тогтооно;

(c)устгавал зохих химийн зэвсгийн төрөл, түүнчлэн химийн цэнэгийн төрөл, тоо хэмжээг заана;

(d)устгах аргыг заана;

(e)химийн зэвсгийг устгах зорилгоор үйлдвэрлэлийн үйл явц болон тусгай тоног төхөөрөмжийн аль хэсгийг хувиргахыг заасан технологийн урсгалын бүдүүвч зургийг гаргаж өгнө;

(f)хувиргах явцад хөндөгдөж болох лац, хянан шалгалтын тоног төхөөрөмжийг холбогдох тохиолдолд заана;

(g)дараахь хугацааг тогтоосон хуваарийг гаргаж өгнө: төсөл боловсруулах, байгууламжийг түр хугацаагаар хувиргах, тоног төхөөрөмж суурилуулах, тоног төхөөрөмжийг шалгах, устгах ажиллагаа болон хаалтад зориулсан хугацаа.

35.Химийн зэвсгийг устгах зорилгоор түр хугацаагаар хувиргасан байгууламжийг устгахтай холбогдуулан мэдээллийг 32 болон 33 дахь хэсэгт нийцүүлэн гаргаж өгнө.

Дэлгэрэнгүй төлөвлөгөөг хянан үзэх

36.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь оролцогч улсын санал болгосон устгалын дэлгэрэнгүй төлөвлөгөө болон нягтлан шалгалтын арга хэмжээнд үндэслэн оролцогч улстай нягт зөвлөлдөж байгууламжийн устгалыг нягтлан шалгах төлөвлөгөөг бэлтгэнэ. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар болон оролцогч улсын хооронд холбогдох арга хэмжээний талаар үүссэн аливаа саналын зөрүүг зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ. Шийдвэрлэж чадаагүй аливаа асуудлыг энэхүү конвенцийг бүрэн хэрэгжүүлэхийг хөнгөвчлөн дэмжих үүднээс зохих арга хэмжээ авахуулахаар Гүйцэтгэх зөвлөлд уламжилна.

37.5 дугаар зүйл болон энэ хэсгийн заалтын биелэлтийг хангахын тулд Гүйцэтгэх зөвлөл болон оролцогч улс устгал болон нягтлан шалгалт явуулах нэгтгэсэн төлөвлөгөөг тохиролцоно. Энэ тохиролцоог устгал эхлэхээр төлөвлөсөн хугацаанаас 60-аас доошгүй хоногийн өмнө дуусгах нь зүйтэй.

38.Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бүр устгал болон нягтлан шалгалт явуулах нэгтгэсэн төлөвлөгөөний зүй зохистой байдлын талаархи аливаа асуудлаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газартай зөвлөлдөж болно. Гүйцэтгэх зөвлөлийн аливаа гишүүний зүгээс татгалзал гараагүй бол төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэнэ.

39.Аливаа бэрхшээл гарсан бол Гүйцэтгэх зөвлөл тэдгээрийг зохицуулан шийдвэрлэхээр оролцогч улстай зөвлөлдөнө. Хэрэв аливаа бэрхшээл нь шийдвэрлэгдээгүй үлдвэл тэдгээрийг Бага хуралд уламжилна. Устгах аргын талаархи аливаа саналын зөрүүг шийдвэрлэх нь устгах төлөвлөгөөний хүлээж авах боломжтой бусад хэсгийг хэрэгжүүлэхийг саатуулж болохгүй.

40.Хэрэв нягтлан шалгалтын асуудлаар Гүйцэтгэх зөвлөлтэй тохиролцоонд хүрч чадаагүй эсхүл нягтлан шалгалтын батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй бол устгалын нягтлан шалгалтыг газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр байнга ажиглан шинжих болон хянан шалгагч нарыг байлцуулах замаар хэрэгжүүлнэ.

41.Устгал болон нягтлан шалгалтыг тохиролцсон төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Нягтлан шалгалт нь устгах үйл явцад зохисгүйгээр саад учруулахгүй бөгөөд устгалыг гэрчлэх хянан шалгагч нарыг газар дээр нь байлцуулах замаар нягтлан шалгалтыг хэрэгжүүлнэ.

42.Хэрэв нягтлан шалгалтын болон устгалын шаардлагатай арга хэмжээг төлөвлөсөн ёсоор аваагүй бол энэ тухай оролцогч бүх улсад мэдээлнэ.

С. Нягтлан шалгалт

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн мэдүүлгийг газар дээр нь хянан шалгах замаар нягтлан шалгах

43.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү конвенц оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 90 болон 120 хоногийн хоорондын хугацаанд химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүрт анхны хянан шалгалт явуулна.

44.Анхны хянан шалгалт нь дараахь зорилготой байна:

(a)химийн зэвсэг үйлдвэрлэхийг зогсоосон бөгөөд байгууламжийг энэхүү конвенцид нийцүүлэн ашиглалтаас хассаныг нотлох;

(b)байгууламжид химийн зэвсэг үйлдвэрлэхийг зогсоохоор авсан арга хэмжээтэй танилцахыг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвшөөрөх;

(c)түр хугацаагаар лацдахыг хянан шалгагч нарт зөвшөөрөх;

(d)барилгын эд хөрөнгийн болон тусгай тоног төхөөрөмжийн жагсаалтыг батлахыг хянан шалгагч нарт зөвшөөрөх;

(e)байгууламжид явуулах хянан шалгалтын үйл ажиллагааг төлөвлөхөд, түүний дотор зөвшөөрөлгүй хөндсөнийг илэрхийлж буй лац болон тухайн байгууламжийн хувьд байгууламжийн тухай дэлгэрэнгүй хэлэлцээрийн дагуу суурилуулах бусад тохиролцсон тоног төхөөрөмж хэрэглэхийг төлөвлөхөд шаардлагатай мэдээллийг олж авах;

(f)байгууламжид хянан шалгалт хийх журмын тухай дэлгэрэнгүй хэлэлцээрийн талаар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах.

45.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүр дэх мэдүүлсэн эд зүйлсийг үнэн зөв данслахыг хөнгөвчлөн дэмжих зорилгоор хянан шалгагч нар тохиролцсон лац, тэмдэглэгээ, эсхүл эд хөрөнгийн хяналтын бусад журмыг хэрэглэнэ.

46.Хянан шалгагч нар химийн зэвсэг үйлдвэрлэхийг сэргээсэн, эсхүл мэдүүлсэн аливаа эд зүйлийг зайлуулсныг илрүүлэх шаардлагатай байж болох тохиролцсон төхөөрөмжийг суурилуулна. Тэд хянан шалгуулж буй оролцогч улсын хэрэгжүүлж буй хаах арга хэмжээнд саад болохгүй байхын тулд шаардлагатай арга хэмжээ авна. Хянан шалгагч нар төхөөрөмжид засвар арчилгаа хийх, бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгахаар эргэж ирж болно.

47.Хэрэв анхны хянан шалгалтын үндсэн дээр Ерөнхий захирал байгууламжийг энэхүү конвенцид нийцүүлэн ашиглалтаас хасахад нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл хянан шалгуулж буй оролцогч улсаас уг конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 180 хоногийн дотор дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхийг энэхүү конвенцийг оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 135 хоногийн дотор хүсэж болно. Хянан шалгуулж буй оролцогч улс хүсэлтийг өөрийн үзэмжээр шийдвэрлэнэ. Хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс хүсэлтийг биелүүлэхгүй бол Ерөнхий захирал болон уг улс энэ асуудлыг шийдвэрлэхээр зөвлөлдөнө.

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжид тогтмол нягтлан шалгалт хийх болон тэдгээрийн үйл ажиллагааг зогсоох

48.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжид тогтмол хийх нягтлан шалгалтын зорилго нь химийн зэвсэг үйлдвэрлэхийг сэргээсэн, эсхүл мэдүүлсэн аливаа эд зүйлийг зайлуулсныг уг байгууламжид илрүүлэх явдлыг хангахад оршино.

49.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүрт зориулсан байгууламжийн тухай дэлгэрэнгүй хэлэлцээрт дараахь зүйлийг заана:

(a)газар дээр нь хийх хянан шалгалтын дэлгэрэнгүй журам. Үүнд дараахь зүйлийг багтааж болно:

(i)нүдээр хийх үзлэг;

(ii)лац, бусад тохиролцсон төхөөрөмжийг шалгах буюу засвар үйлчилгээ хийх;

(iii)дээж авах, шинжлэх;

(b)байгууламжийг нууцаар дахин ашиглах явдлаас урьдчилан сэргийлэхийн тулд зөвшөөрөлгүй хөндсөнийг илэрхийлж буй лац болон бусад зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмжийг ашиглах журам. Үүнд дараахь зүйлийг заана:

(i)суурилуулах төрөл, байрлал, журам;

(ii)тийм лац болон тоног төхөөрөмжид хийх засвар арчилгаа;

(c)бусад тохиролцсон арга хэмжээ;

50.Тухайн байгууламжид хянан шалгалт хийх арга хэмжээний тухай дэлгэрэнгүй хэлэлцээрт заасан лац болон бусад батлагдсан тоног төхөөрөмжийг энэхүү конвенц оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болноос хойш 240 хоногийн дотор байрлуулна. Тийм лац болон тоног төхөөрөмж суурилуулах зорилгоор химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүрт очихыг хянан шалгагч нарт зөвшөөрнө.

51.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүрт хуанлийн жил бүрийн туршид дөрөв хүртэл удаа хянан шалгалт хийхийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт зөвшөөрнө.

52.Ерөнхий захирал химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжид хянан шалгалт хийх, эсхүл тэнд очих шийдвэрийнхээ тухай хянан шалгах баг байгууламжид тогтмол хянан шалгалт хийх, эсхүл тэнд очихоор төлөвлөсөн хугацаанаас 48 цагийн өмнө хянан шалгуулж буй оролцогч улсад мэдэгдэнэ. Яаралтай асуудлыг шийдвэрлэхээр хянан шалгалт хийх, эсхүл очих тохиолдолд энэ хугацааг богиносгож болно. Ерөнхий захирал хянан шалгах, эсхүл очих зорилгыг заана.

53.Хянан шалгагч нар нь химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн бүх хэсэгт байгууламжийн хэлэлцээрт нийцүүлэн саадгүй нэвтрэх эрхтэй. Мэдүүлсэн эд хөрөнгийн жагсаалтаас хянан шалгавал зохих эд зүйлийг хянан шалгагч нар сонгоно.

54.Газар дээр нь тогтмол хийх хянан шалгалтын давтамжийг тодорхойлох удирдамжийг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурал хэлэлцэж, батална. Хянан шалгалт хийвэл зохих үйлдвэрлэлийн тодорхой байгууламжийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар байгууламжийг хянан шалгах хугацааг яг тодорхой урьдчилан мэдэх боломжгүй байхаар сонгоно.

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн устгалыг нягтлан шалгах

55.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн устгалыг тогтмол нягтлан шалгах зорилго нь байгууламжийг энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүрэгт нийцүүлэн устгасан, түүнчлэн мэдүүлсэн эд хөрөнгийн жагсаалтын эд зүйл бүрийг устгал хийх тохиролцсон дэлгэрэнгүй төлөвлөгөөнд нийцүүлэн устгасныг нотлоход оршино.

56.Мэдүүлсэн эд хөрөнгийн жагсаалтын бүх эд зүйлийг устгасны дараа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь энэ талаархи оролцогч улсын мэдүүлгийг батална. Ийнхүү баталсны дараа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн устгалын тогтмол нягтлан шалгалтыг дуусгавар болгож, хянан шалгагч нарын суурилуулсан бүх төхөөрөмж, ажиглан шинжих багаж хэрэгслийг даруй зайлуулна.

57.Ийнхүү баталсны дараа оролцогч улс байгууламжийг устгасан тухай мэдүүлэг хийнэ.

Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг химийн зэвсэг устгах байгууламж болгон түр хугацаагаар хувиргасныг нягтлан шалгах

58.Үйлдвэрлэлийн байгууламжийг түр хугацаагаар хувиргах гэж буй тухай анхны мэдэгдлийг хүлээж авснаас хойш 90 хоногийн дотор хянан шалгагч нар түр хугацаагаар хийх гэж буй хувиргалттай танилцах болон хувиргах явцад шаардлагатай болох хянан шалгалтын боломжтой арга хэмжээний талаар судлахаар байгууламжид очих эрхтэй.

59.Ийнхүү очсоноос хойш 60 хоногийн дотор Техникийн нарийн бичгийн дарга нарын газар болон хянан шалгуулж буй оролцогч улс түр хугацаанд хувиргах үеийн хянан шалгалтын нэмэлт арга хэмжээг тусгасан шилжилтийн хэлэлцээр байгуулна. Шилжилтийн хэлэлцээрт хувиргах явцад химийн зэвсэг үйлдвэрлэхгүй байгаа тухай итгэл төрүүлэх хянан шалгалтын журмыг, түүний дотор лац, ажиглан шинжих тоног төхөөрөмж, хяналт шалгалт хэрэглэх талаар заана. Энэ хэлэлцээр нь түр хугацаагаар хувиргах үйл ажиллагааг эхлэхээс байгууламжийг химийн зэвсэг устгах байгууламж болгон ажиллуулж эхлэх хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна.

60.Шалгуулж буй оролцогч улс нь шилжилтийн хэлэлцээрийг байгуулах хүртэл байгууламжийн аливаа хэсгийг зайлуулах буюу хувиргахгүй, эсхүл түүнчлэн энэхүү конвенцийн дагуу суурилуулсан байж болох аливаа лац буюу хянан шалгалтын бусад тохиролцсон тоног төхөөрөмжийг зайлуулах буюу хувиргахгүй.

61.Байгууламж нь нэгэнт түүнийг химийн зэвсэг устгах байгууламжийн хувьд ажиллуулж эхэлсэн бол энэхүү хавсралтын химийн зэвсэг устгах байгууламжид хэрэглэгдэх IV хэсгийн A ангид хамрагдана. Ажиллуулж эхлэхээс өмнөх үед хамаарах тохиролцоог шилжилтийн хэлэлцээрээр зохицуулна.

62.Устгах ажиллагааны явцад хянан шалгагч нар түр хугацаагаар хувиргасан химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн бүх хэсэгт, түүний дотор химийн зэвсэг устгахад шууд хамааралгүй хэсэгт нэвтрэх эрхтэй.

63.Байгууламжийг химийн зэвсэг устгах зорилгоор түр хугацаагаар хувиргах ажиллагааг эхлэхээс өмнө болон түүнийг химийн зэвсэг устгах байгууламжийн хувьд ажиллууллахаа больсны дараа уг байгууламж нь химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжид хэрэглэгдэх энэ хэсгийн заалтуудад хамрагдана.

D. Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор хувиргах

Хувиргах хүсэлт гаргах журам

64.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор ашиглах хүсэлтийг оролцогч улс энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болохоос өмнө тийм зорилгоор ашиглаж байсан, эсхүл тийм зорилгоор ашиглахаар төлөвлөж буй аливаа байгууламжийн хувьд гаргаж болно.

65.Энэхүү конвенц оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болоход энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор ашиглаж байгаа химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн хувьд хүсэлтийг энэхүү конвенц тухайн оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор Ерөнхий захиралд өгнө. Хүсэлтэд 1 дэх хэсгийн (h)( iii) дэд хэсэгт нийцүүлэн өгсөн тоо баримтаас гадна дараахь мэдээллийг тусгана:

(a)хүсэлт гаргах болсон дэлгэрэнгүй үндэслэл;

(b)дараахь зүйлийг тусгасан байгууламжийг хувиргах ерөнхий төлөвлөгөө:

(i)байгууламжид явуулах үйл ажиллагааны шинж чанар;

(ii)хэрэв төлөвлөж буй үйл ажиллагаа нь химийн бодисыг үйлдвэрлэх, боловсруулах, эсхүл хэрэглэхтэй холбоотой бол: химийн бодис бүрийн нэр, байгууламжийн бүдүүвч зураг, жилд үйлдвэрлэх, боловсруулах, эсхүл хэрэглэхээр төлөвлөсөн тоо хэмжээ;

(iii)аль барилга байгууламжийг ашиглахаар санал болгож буй болон хэрэв өөрчлөлт хийхээр санал болгож буй бол ямар өөрчлөлт санал болгож буй тухай;

(iv)аль барилга байгууламжийг устгасан эсхүл устгахаар төлөвлөсөн тухай болон устгах төлөвлөгөө;

(v)байгууламжид ямар тоног төхөөрөмж ашиглах тухай;

(vi)ямар тоног төхөөрөмжийг зайлуулсан, устгасан эсхүл ямар тоног төхөөрөмжийг устгахаар санал болгосон тухай болон устгах төлөвлөгөө;

(vii)холбогдох тохиолдолд, санал болгосон хувиргах хуваарь;

(viii)тухайн талбайд ажиллаж буй бусад байгууламж бүрийн үйл ажиллагааны шинж чанар;

(c) (b) дэд хэсэгт заасан арга хэмжээ, түүнчлэн оролцогч улсын санал болгосон аливаа бусад арга хэмжээ нь байгууламж дээр химийн зэвсэг үйлдвэрлэх нөөц хүчин чадлыг бий болгохгүй байх явдлыг яаж хангах тухай дэлгэрэнгүй тайлбар.

66.Энэхүү конвенц оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болоход энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор ашиглахгүй байгаа химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийн хувьд хүсэлтийг хувиргах тухай шийдвэр гаргаснаас хойш 30 хоногийн дотор, гэхдээ ямар ч тохиолдолд энэхүү конвенц оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн жилийн дотор Ерөнхий захиралд өгнө. Хүсэлтэд дараахь мэдээллийг тусгана:

(a)хүсэлт гаргах болсон дэлгэрэнгүй үндэслэл, түүний дотор эдийн засгийн хэрэгцээг тусгасан үндэслэл;

(iii)аль барилга байгууламжийг үлдээхээр санал болгож буй болон хэрэв өөрчлөлт хийхээр санал болгож буй бол ямар өөрчлөлт санал болгож буй тухай;

(iv)аль барилга байгууламжийг устгасан, эсхүл устгахаар төлөвлөсөн тухай болон устгах төлөвлөгөө;

(vi)ямар тоног төхөөөрөмжийг зайлуулах, устгахаар санал болгосон тухай болон устгах төлөвлөгөө;

(vii)санал болгосон хувиргах хуваарь;

67.Оролцогч улс хүсэлтдээ итгэлийг бэхжүүлэхэд зохистой гэж үзэж буй аливаа бусад арга хэмжээг санал болгож болно.

Шийдвэр гаргахаас өмнөх үйлдэл

68.Бага хурлын шийдвэр гарахаас өмнө оролцогч улс энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болохоос өмнө тийм зорилгоор ашиглаж байсан байгууламжийг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор үргэлжлүүлэн ашиглаж болно, гэхдээ зөвхөн хэрэв оролцогч улс хүсэлтдээ аливаа тусгай тоног төхөөрөмж болон тусгай барилга ашиглахгүй байгаа бөгөөд 13 дахь хэсэгт заасан аргаар ашиглалтын бус байдалд шилжүүлснийг нотолвол тийнхүү ашиглаж болно.

69.Хэрэв хүсэлт гаргасан байгууламжийг энэхүү конвенц тухайн оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болохоос өмнө энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор ашиглаагүй, эсхүл 68 дахь хэсэгт заасан нотолгоо хийгдээгүй бол оролцогч улс 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу бүх үйл ажиллагаагаа нэн даруй зогсооно. Оролцогч улс энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор 13 дахь хэсэгт нийцүүлэн байгууламжийг хаана.

Хувиргах нөхцөлүүд

70.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор хувиргах нөхцөл болгож байгууламж дээрх бүх тусгай тоног төхөөрөмжийг устгах ёстой бөгөөд уг байгууламжийг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор ашиглаж буй бусад барилга байгууламжаас ялгаж буй болон I жагсаалтад орсон химийн бодистой холбоогүй бүх тусгай шинж чанарыг арилгах ёстой.

71.Хувиргасан байгууламжийг дараахь зорилгоор ашиглахгүй:

(a)I жагсаалтад орсон химийн бодис эсхүл 2 дугаар жагсаалтад орсон химийн бодисыг үйлдвэрлэх, боловсруулах эсхүл хэрэглэхтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд;

(b)гүйцэтгэх зөвлөл ихээхэн хортой химийн аливаа бодис, түүний дотор ихээхэн хортой органофосфорын химийн аливаа бодис үйлдвэрлэх, эсхүл ихээхэн хортой буюу муутган устгах өндөр чанар бүхий химийн бодистой ажиллахад тусгай тоног төхөөрөмж шаардагдах аливаа бусад үйл ажиллагаа нь 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж батлавал зохих хортой байдлын үзүүлэлт, муутган устгах чанар болон холбогдох тохиолдолд техникийн бусад хүчин зүйлийг харгалзаж үзэхэд энэхүү конвенцийн зүйл, зорилгод аюул учруулахааргүй гэж шийдвэрлээгүй бол тийм үйлдвэрлэл болон үйл ажиллагаанд.

72.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг хувиргах ажиллагааг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш зургаан жилийн дотор явуулж дуусгана.

72bis. Хэрэв тухайн улс 72 дахь хэсэгт заасан хувиргах зургаан жилийн хугацааны дараа энэхүү конвенцийг соёрхон батлах, эсхүл түүнд нэгдэн орвол Гүйцэтгэх зөвлөл химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор хувиргах хүсэлт гаргах эцсийн хугацааг дараагийн ээлжит хоёрдугаар чуулганаараа тогтооно. Тийм хүсэлтийг батлах тухай Бага хурлын шийдвэрт 75 дахь хэсгийн дагуу хувиргах ажиллагааг дуусгах хамгийн ойрын хамгийн боломжтой хугацааг тогтооно. Хувиргах ажиллагааг аль болох түргэн, гэхдээ ямар ч тохиолдолд конвенц тухайн оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш зургаан жилийн дотор дуусгана. Энэ хэсэгт өөрчилснөөс бусад тохиолдолд энэхүү хавсралтын энэ хэсгийн D ангийн бүх заалтыг хэрэглэнэ.

Гүйцэтгэх зөвлөлийн болон Бага хурлын шийдвэр

73.Ерөнхий захирал хүсэлтийг хүлээн авснаас хойш 90 хоногийн дотор Техникийн нарийн бичгийн дарга нарын газар байгууламжийн анхны хянан шалгалтыг хийнэ. Энэхүү хянан шалгалтын зорилго нь хүсэлтэд заасан мэдээллийн үнэн зөв эсэхийг тогтоох, хувиргах гэж буй байгууллагын техникийн шинж байдлын тухай мэдээллийг авах, байгууламжийг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор ашиглахыг зөвшөөрч болох нөхцөлийг дүгнэхэд оршино. Ерөнхий захирал байгууламжийг энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор хувиргах ажлыг гүйцэтгэх болон хувиргасан байгууламж нь зөвхөн энэхүү конвенцоор хориглоогүй зорилгод ашиглагдах тухай итгэл төрүүлэхэд шаардлагатай арга хэмжээний талаархи зөвлөмжөө багтаасан илтгэлийг Гүйцэтгэх зөвлөл, Бага хурал, оролцогч бүх улсад шуурхай өгнө.

74.Хэрэв байгууламж нь энэхүү конвенц оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болохоос өмнө энэхүү конвенцоор хориглоогүй зорилгоор ашиглагдаж байсан бөгөөд ашиглагдсан хэвээр байгаа боловч 68 дахь хэсэгт заасан нотлох шаардлагатай арга хэмжээ авагдаагүй бол Ерөнхий захирал энэ тухай Гүйцэтгэх зөвлөлд нэн даруй мэдээлнэ. Гүйцэтгэх зөвлөл шаардлагатай гэж үзсэн бусад арга хэмжээг хэрэгжүүлэхийг, inter alia байгууламжийг хаах, тусгай тоног төхөөрөмжийг зайлуулах, барилга байгууламжийг өөрчлөхийг шаардаж болно. Гүйцэтгэх зөвлөл эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх хугацааг тогтоож тэдгээрийг хангалттай хэрэгжүүлэх хүртэл хугацаагаар хүсэлтийг хэлэлцэхийг түдгэлзүүлнэ. Энэ хугацааг дууссан даруй уг арга хэмжээг хэрэгжүүлсэн эсэхийг тогтоохоор байгууламжид хянан шалгалт хийнэ. Хэрэв эдгээр арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол байгууламжийн бүх ажиллагааг бүрэн зогсоохыг тухайн оролцогч улсаас шаардана.

75.Бага хурал Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөмжийн дагуу Ерөнхий захирлын илтгэлийг хүлээж авснаас хойш аль болох түргэн илтгэл болон оролцогч улсуудын аливаа саналыг харгалзан хүсэлтийг батлах эсэх асуудлыг шийдвэрлэж, тийнхүү батлах нөхцөлийг тогтооно. Хэрэв аливаа оролцогч улс хүсэлтийг батлахыг болон холбогдох нөхцөлийг эсэргүүцвэл сонирхогч оролцогч улсууд харилцан хүлээж авахуйц шийдэлд хүрэх зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаагаар зөвлөлдөнө. Хүсэлт болон холбогдох нөхцөлийн тухай шийдвэрийг түүнд оруулахаар санал болгож буй аливаа өөрчлөлтийн хамт зөвлөлдөх хугацаа дууссанаас хойш зарчмын асуудлын хувьд аль болох түргэн гаргана.

76.Хэрэв хүсэлтийг батласан бол тийм шийдвэр гарснаас хойш 90 хоногийн дотор байгууламжийн тухай хэлэлцээрийг байгуулна. Байгууламжийн тухай хэлэлцээрт байгууламжийг хувиргах болон ашиглахыг зөвшөөрөх нөхцөлүүд, түүний дотор нягтлан шалгалтын арга хэмжээг тусгана. Байгууламжийн тухай хэлэлцээр байгуулагдахаас өмнө байгууламжийг хувиргах ажлыг эхлэхгүй.

Хувиргах дэлгэрэнгүй төлөвлөгөө

77.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламжийг хувиргахаас 180-аас доошгүй хоногийн өмнө оролцогч улс inter alia дараахь зүйлийн талаар байгууламжийг хувиргах дэлгэрэнгүй төлөвлөгөө, түүний дотор хувиргалтыг нягтлан шалгах талаар санал болгож буй арга хэмжээг тусгасан дэлгэрэнгүй төлөвлөгөөг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө:

(a)хувиргах байгууламжид хянан шалгагч нарыг байлгах хугацаа;

78.Химийн зэвсэг үйлдвэрлэх байгууламж бүрийг хувиргах дэлгэрэнгүй төлөвлөгөөнд дараахь зүйлийг тусгана:

(a)хувиргах явцын дэлгэрэнгүй хуваарь;

(b)байгууламжийг хувиргахын өмнөх болон дараахь бүтцийн зураг;

(c)байгууламжийг хувиргахын өмнөх болон зохих тохиолдолд дараахь технологийн урсгалын бүдүүвч зүраг;

(d)устгах тоног төхөөрөмж, барилга байгууламж болон бусад зүйл, түүнчлэн өөрчлөх барилга байгууламжийн дансалсан дэлгэрэнгүй жагсаалт;

(e)эд хөрөнгийн жагсаалтын зүйл бүрт хэрэглэх арга хэмжээ байгаа бол тэдгээр арга хэмжээ;

(g)байгууламжийг хувиргах явцад мөрдөх аюулгүй байдлын арга хэмжээ;

79.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь оролцогч улсын санал болгосон хувиргах дэлгэрэнгүй төлөвлөгөө болон нягтлан шалгах талаар санал болгож буй арга хэмжээ, түүнчлэн өмнөх хянан шалгалтын туршлагад үндэслэн оролцогч улстай нягт зөвлөлдөж байгууламжийн хувиргалыг нягтлан шалгах дэлгэрэнгүй төлөвлөгөөг бэлтгэнэ. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар болон оролцогч улсын хооронд холбогдох арга хэмжээний талаар үүссэн аливаа саналын зөрүүг зөвлөлдөх замаар шийдвэрлэнэ. Энэхүү конвенцийг бүрэн хэрэгжүүлэхийг хангах үүднээс шийдвэрлэж чадаагүй аливаа асуудлыг зохих арга хэмжээ авахуулаар Гүйцэтгэх зөвлөлд уламжилна.

80.5 дугаар зүйл болон энэ хэсгийн заалтын биелэлтийг хангахын тулд Гүйцэтгэх зөвлөл болон оролцогч улс хувиргал болон нягтлан шалгалт явуулах талаархи нэгтгэсэн төлөвлөгөөг хоорондоо тохиролцоно. Энэ тохиролцоог хувиргах ажиллагаа эхлэхээр төлөвлөсөн хугацаанаас 60-аас доошгүй хоногийн өмнө дуусгана.

81.Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бүр хувиргал болон нягтлан шалгалт явуулах нэгтгэсэн төлөвлөгөөний зүй зохистой байдлын талаар аливаа асуудлаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газартай зөвлөлдөж болно. Гүйцэтгэх зөвлөлийн аливаа гишүүний зүгээс татгалзал гараагүй бол төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэнэ.

82.Аливаа бэрхшээл гарсан бол Гүйцэтгэх зөвлөл тэдгээрийг зохицуулан шийдвэрлэхээр оролцогч улстай зөвлөлдөнө. Хэрэв аливаа бэрхшээл нь шийдвэрлэгдээгүй үлдвэл тэдгээрийг Бага хуралд уламжилна. Хувиргах аргын талаархи аливаа саналын зөрүүг шийдвэрлэх нь хувиргах төлөвлөгөөний хүлээж авах боломжтой бусад хэсгийг хэрэгжүүлэхийг саатуулж болохгүй.

83.Хэрэв нягтлан шалгалтын асуудлаар Гүйцэтгэх зөвлөлтэй тохиролцоонд хүрч чадаагүй, эсхүл нягтлан шалгалтын батлагдсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй бол хувиргалын нягтлан шалгалтыг газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр тасралтгүй ажиглан шинжих болон хянан шалгагч нарыг байлцуулах замаар хэрэгжүүлнэ.

84.Хувиргал болон нягтлан шалгалтыг тохиролцсон төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлнэ. Нягтлан шалгалт нь хувиргах үйл явцад зохисгүйгээр саад учруулахгүй бөгөөд хувиргалыг гэрчлэх хянан шалгагч нарыг газар дээр нь байлцуулах замаар нягтлан шалгалтыг хэрэгжүүлнэ.

85.Хувиргах ажиллагаа дууссаныг Ерөнхий захирал нотолсны дараа 10 жилийн турш оролцогч улс байгууламжид хэдийд ч саадгүй нэвтрэх боломжийг хянан шалгагч нарт олгоно. Хянан шалгагч нар байгууламжийн бүх талбай, бүх үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн бүх зүйлийг ажиглах эрхтэй. Хянан шалгагч нар байгууламж дээрх үйл ажиллагаа нь Гүйцэтгэх зөвлөл болон Бага хурлын энэ ангийн дагуу тогтоосон аливаа нөхцөлд нийцэж байгааг нягтлан шалгах эрхтэй. Хянан шалгагч нар энэхүү хавсралтын II хэсгийн E ангийн заалтад нийцүүлэн байгууламжийн аль ч хэсгээс дээж авч, I жагсаалтад орсон химийн бодис, тэдгээрийн тогтмол дайвар болон задлах бүтээгдэхүүн, түүнчлэн 2 дугаар жагсаалтад орсон химийн бодис байхгүй гэдгийг нягтлан шалгах, мөн байгууламж дээрх үйл ажиллагаа нь энэ ангийн дагуу Гүйцэтгэх зөвлөл болон Бага хурлаас химийн үйл ажиллагааны хувьд тогтоосон аливаа бусад нөхцөлд нийцэж байгааг нягтлан шалгах эрхтэй. Хянан шалгагч нар энэхүү хавсралтын X хэсгийн С ангид нийцүүлэн байгууламж байрлаж байгаа үйлдвэрийн талбайд удирдлаган дор нэвтрэх эрхтэй. Уг 10 жилийн турш оролцогч улс хувиргасан байгууламж дээрх үйл ажиллагааны талаар жил бүр илтгэнэ. 10 жилийн хугацаа дуусмагц Гүйцэтгэх зөвлөл Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын зөвлөмжийг харгалзан цаашид авах нягтлан шалгалтын арга хэмжээний шинж чанарыг тодорхойлно.

86.Хувирсан байгууламжийг нягтлан шалгахтай холбоотой зардлыг 5 дугаар зүйлийн 19 дэх хэсэгт нийцүүлэн хуваарилна.

VI ХЭСЭГ

6 ДУГААР ЗҮЙЛД НИЙЦҮҮЛСЭН ЭНЭХҮҮ КОНВЕНЦООР

ХОРИГЛООГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

I ЖАГСААЛТАД ОРСОН ХИМИЙН БОДИС БОЛОН

ТИЙМ ХИМИЙН БОДИСТ ХАМААРАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД

ЗОРИУЛСАН ГОРИМ

А. Нийтлэг заалт

1.Оролцогч улс I жагсаалтад орсон химийн бодисыг оролцогч улсын нутаг дэвсгэрээс гадна үйлдвэрлэх, олж авах, хадгалах буюу ашиглахгүй бөгөөд дээрх химийн бодисыг өөр оролцогч улсаас өөр нутаг дэвсгэрт шилжүүлэхгүй.

2.Оролцогч улс I жагсаалтад орсон химийн бодисыг доор дурдсанаас бусад тохиолдолд үйлдвэрлэх, олж авах, хадгалах, шилжүүлэх буюу ашиглахгүй:

(a)химийн бодисыг эрдэм шинжилгээ, анагаах ухаан, эм зүйн болон хамгаалах зорилгоор хэрэглэх;

(b)химийн бодисын төрөл, тоо хэмжээг дээрх зорилгоор батлагдаж болох төрөл, тоо хэмжээгээр хатуу хязгаарлах;

(c)тийм химийн бодисын нийт хэмжээ тодорхой хугацаанд дээрх зорилгоор 1 тоннтой тэнцэх буюу бага байх;

(d)үйлдвэрлэл болон химийн зэвсгийн нөөцөөс гаргах болон шилжүүлэх замаар аливаа нэг жилд дээрх зорилгоор оролцогч улсын олж авсан нийт хэмжээ нь 1 тоннтой тэнцэх буюу бага байх.

B. Шилжүүлэх

3.Оролцогч улс I жагсаалтад орсон химийн бодисыг зөвхөн өөр оролцогч улсад зөвхөн 2 дахь хэсэгт нийцүүлэн эрдэм шинжилгээ, анагаах ухаан, эм зүйн болон хамгаалах зорилгоор өөрийн газар нутгаас гадагш шилжүүлж болно.

4.Шилжүүлсэн химийн бодисыг гуравдагч улс уруу дахин шилжүүлэхгүй.

5.Химийн бодисыг өөр оролцогч улсад шилжүүлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө шилжүүлсэн тухай оролцогч хоёр улс хоёулаа Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.

5bis. 5 миллиграм буюу түүнээс бага тоо хэмжээний хувьд хэрэв анагаах ухаан/оношлогооны зорилгоор шилжүүлэх бол I жагсаалтад орсон сакситоксин хэмээх химийн бодис нь 5 дахь хэсэгт заасан мэдэгдэл өгөх хугацаанд хамрагдахгүй. Энэ тохиолдолд шилжүүлэхийн өмнөхөн мэдэгдлийг өгнө.

6.Оролцогч улс бүр өмнөх жил хийсэн шилжүүлгийн талаар жил бүрийн дэлгэрэнгүй мэдүүлэг хийнэ. Мэдүүлгийг тухайн жил дууссанаас хойш 90 хоногийн өмнө өгөх бөгөөд I жагсаалтад орсон шилжүүлсэн химийн бодис бүрийн хувьд дараахь мэдээллийг агуулна:

(a)химийн бодисын нэр, бүтцийн томъёолол болон хэрэв өгөгдсөн бол Химийн абстракт үйлчилгээний бүртгэлийн дугаар;

(b)бусад оролцогч улсаас олж авсан буюу бусад оролцогч улс уруу шилжүүлсэн тоо хэмжээ. Шилжүүлэг бүрийн хувьд тоо хэмжээ, хүлээн авагч болон зорилгыг тусгана.

C. Үйлдвэрлэх

Үйлдвэрлэх ерөнхий зарчим

7.8-аас 12 дахь хэсэгт заасан үйлдвэрлэлийн явцад оролцогч улс бүр хүмүүсийн аюулгүй байдлыг хангах болон байгаль орчныг хамгаалахыг эн тэргүүнд чухалчилна. Оролцогч улс бүр химийн зэвсгийн аюулгүй байдал болон хаягдлын талаархи үндэсний жишигтээ нийцүүлэн үйлдвэрлэл явуулна.

Бага оврын ганц байгууламж

8.Оролцогч улс бүр эрдэм шинжилгээ, анагаах ухаан, эм зүйн буюу хамгаалах зорилгоор I жагсаалтад орсон химийн бодисыг 10, 11 болон 12 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд тухайн оролцогч улсын батласан бага оврын ганц байгууламж дээр үйлдвэрлэнэ.

9.Бага оврын ганц байгууламж дээрх үйлдвэрлэлийг тасралтгүй ажиллахаар зохицуулаагүй үйлдвэрлэлийн шугам дээр урвалын саванд явуулна. Урвалын савны багтаамж нь 100 литрээс хэтрэхгүй бөгөөд 5 литрээс илүү багтаамжтай урвалын савны нийт багтаамж нь 500 литрээс илүүгүй байна.

Бусад байгууламж

10.Нэг жилд нийт 10 кг-аас хэтрэхгүй тоо хэмжээгээр I жагсаалтад орсон химийн бодисыг хамгаалалтын зорилгоор бага оврын ганц байгууламжаас гадна өөр нэг байгууламж дээр үйлдвэрлэж болно. Энэ байгууламжийг оролцогч улс батална.

11.Нэг жилд 100 гр-аас илүү тоо хэмжээгээр I жагсаалтад орсон химийн бодисыг эрдэм шинжилгээ, анагаах ухаан буюу эм зүйн зорилгоор бага оврын ганц байгууламжаас гадна нийт хэмжээ нь байгууламж бүрт нэг жилд 10 кг-аас хэтрэхгүй байхаар өөр байгууламж дээр үйлдвэрлэж болно. Эдгээр байгууламжийг оролцогч улс батална.

12.I жагсаалтад орсон химийн бодисын синтезийг эрдэм шинжилгээ, анагаах ухаан болон эм зүйн зорилгоор, гэхдээ хамгаалах зорилгоор бус нийт хэмжээ нь байгууламж бүрт нэг жилд 100 гр-аас доош байхаар лабораторид хийж болно. D болон E ангид заасан мэдүүлэг болон нягтлан шалгалтад хамаарах аливаа үүрэгт эдгээр байгууламж хамрагдахгүй.

D. Мэдүүлэг

Бага оврын ганц байгууламж

13.Бага оврын ганц байгууламж ажиллууллахаар төлөвлөж буй оролцогч улс бүр байгууламжийн тодорхой байрлал болон техникийн дэлгэрэнгүй тодорхойлолт, түүний дотор тоног төхөөрөмжийн дансалсан жагсаалт болон нарийвчилсан бүдүүвч зургийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө. Байгаа байгууламжийн хувьд анхны энэ мэдүүлгийг энэхүү конвенц тухайн оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор өгнө. Шинэ байгууламжийн тухай анхны мэдүүлгийг үйл ажиллагаагаа эхлэхээс 180-аас доошгүй хоногийн өмнө өгнө.

14.Оролцогч улс бүр анхны мэдүүлэгт хамаарах төлөвлөсөн өөрчлөлтийн талаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт урьдчилсан мэдэгдэл өгнө. Мэдэгдлийг өөрчлөлт хийгдэхээс 180-аас доошгүй хоногийн өмнө өгнө.

15.I жагсаалтад орсон химийн бодисыг бага оврын ганц байгууламж дээр үйлдвэрлэж буй оролцогч улс өмнөх жилийн байгууламжийн үйл ажиллагаанд холбогдох жил бүрийн дэлгэрэнгүй мэдүүлэг хийнэ. Мэдүүлгийг тухайн он дууссанаас хойш 90-ээс доошгүй хоногийн дотор өгөх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

(a)байгууламжийн тодорхойлолт;

(b)байгууламжид үйлдвэрлэсэн, олж авсан, хэрэглэсэн буюу хадгалсан I жагсаалтад орсон химийн бодис бүрийн хувьд дараахь мэдээлэл:

(i)химийн бодисын нэр, бүтцийн томъёо болон хэрэв Химийн бодисын үйлчилгээний бүртгэлийн дугаар заасан бол уг дугаар;

(ii)ашигласан арга болон үйлдвэрлэсэн тоо хэмжээ;

(iii)I жагсаалтад орсон химийн бодис үйлдвэрлэхэд ашигласан 1, 2 эсхүл 3 дугаар жагсаалтад орсон прекурсорын нэр, тоо хэмжээ;

(iv)байгууламжид болон хэрэглээний зорилгоор хэрэглэсэн тоо хэмжээ;

(v)оролцогч улс дахь өөр байгууламжаас хүлээн авсан болон өөр байгууламж уруу зөөвөрлөсөн тоо хэмжээ. Зөөвөрлөлт бүрийн тоо хэмжээ, хүлээн авагч болон зорилгыг тусгана;

(vi)жилийн аль ч цагт хадгалах дээд тоо хэмжээ;

(vii)он дуусахад хадгалсан тоо хэмжээ;

(c)өмнө нь өгсөн байгууламжийн техникийн дэлгэрэнгүй тодорхойлолт, түүний дотор тоног төхөөрөмжийн дансалсан жагсаалт болон нарийвчилсан бүдүүвч зурагтай харьцуулахад тухайн жилийн турш байгууламжид гарсан аливаа өөрчлөлтийн талаархи мэдээлэл.

16.I жагсаалтад орсон химийн бодисыг бага оврын ганц байгууламж дээр үйлдвэрлэж буй оролцогч улс бүр ирэх жил байгууламж дээр явуулахаар төлөвлөж буй үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн талаар жил бүрийн дэлгэрэнгүй мэдүүлэг хийнэ. Мэдүүлгийг тухайн он эхлэхээс 90-ээс доошгүй хоногийн өмнө өгөх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

(a)байгууламжийн тодорхойлолт;

(b)байгууламжид үйлдвэрлэх, олж авах, хэрэглэх буюу хадгалахаар төлөвлөж буй I жагсаалтад орсон химийн бодис бүрийн хувьд дараахь мэдээлэл:

(ii)үйлдвэрлэхээр төлөвлөсөн тоо хэмжээ болон үйлдвэрлэлийн зорилго;

(c)өмнө нь өгсөн байгууламжийн техникийн дэлгэрэнгүй тодорхойлолт, түүний дотор тоног төхөөрөмжийн дансалсан жагсаалт болон нарийвчилсан бүдүүвч зурагтай харьцуулахад тухайн жилийн турш байгууламжид гарна гэж үзэж буй аливаа өөрчлөлтийн талаархи мэдээлэл.

10 болон 11 дэх хэсэгт дурдсан бусад байгууламж

17.Байгууламж бүрийн хувьд оролцогч улс байгууламж буюу түүний холбогдох хэсгийн нэр, байршил болон техникийн дэлгэрэнгүй тодорхойлолтыг Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас хүссэний дагуу Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт өгнө. I жагсаалтад орсон химийн бодисыг хамгаалалтын зорилгоор үйлдвэрлэдэг багйууламжийг тусгайлан заана. Байгаа байгууламжийн хувьд анхны энэ мэдүүлгийг энэхүү конвенц тухайн оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор өгнө. Шинэ байгууламжийн тухай анхны мэдүүлгийг үйл ажиллагаагаа эхлэхээс 180-аас доошгүй хоногийн өмнө өгнө.

18.Оролцогч улс бүр анхны мэдүүлэгт хамаарах төлөвлөсөн өөрчлөлтийн талаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт урьдчилсан мэдэгдэл өгнө. Мэдэгдлийг өөрчлөлт хийгдэхээс 180-аас доошгүй хоногийн өмнө өгнө.

19.Оролцогч улс бүр өмнөх жилийн байгууламжийн үйл ажиллагаанд холбогдох жил бүрийн дэлгэрэнгүй мэдүүлгийг байгууламж бүрийн хувьд хийнэ. Мэдүүлгийг тухайн он дууссанаас хойш 90-ээс доошгүй хоногийн дотор өгөх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

(a)байгууламжийн тодорхойлолт;

(b)I жагсаалтад орсон химийн бодис бүрийн хувьд дараахь мэдээлэл:

(ii)үйлдвэрлэсэн тоо хэмжээ болон хамгаалах зорилгоор үйлдвэрлэсэн тохиолдолд ашигласан арга;

(iii)I жагсаалтад орсон химийн бодис үйлдвэрлэхэд ашигласан I, II эсхүл III жагсаалтад орсон прекурсорын нэр, тоо хэмжээ;

(v)оролцогч улс дахь өөр байгууламжид шилжүүлсэн тоо хэмжээ. Шилжүүлэг бүрийн тоо хэмжээ, хүлээн авагч болон зорилгыг тусгана;

(c)өмнө нь өгсөн байгууламжийн техникийн дэлгэрэнгүй тодорхойлолттой харьцуулахад тухайн жилийн турш байгууламж, эсхүл түүний холбогдох хэсгүүдэд гарсан аливаа өөрчлөлтийн талаархи мэдээлэл.

20.Оролцогч улс бүр ирэх жил байгууламж дээр явуулахаар төлөвлөж буй үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийн талаар жил бүрийн дэлгэрэнгүй мэдүүлгийг байгууламж бүрийн хувьд хийнэ. Мэдүүлгийг тухайн он эхлэхээс 90-ээс доошгүй хоногийн өмнө өгөх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана:

(ii)үйлдвэрлэхээр төлөвлөж буй тоо хэмжээ, үйлдвэрлэл явагдах цаг хугацаа болон үйлдвэрлэлийн зорилго;

(c)өмнө нь өгсөн байгууламжийн техникийн дэлгэрэнгүй тодорхойлолттой харьцуулахад тухайн жилийн турш байгууламж, эсхүл түүний холбогдох хэсгүүдэд гарна гэж үзэж буй аливаа өөрчлөлтийн талаархи мэдээлэл.

E. Нягтлан шалгалт

Бага оврын ганц байгууламж

21.Бага оврын ганц байгууламж дээр нягтлан шалгалтын үйл ажиллагаа явуулах зорилго нь үйлдвэрлэж буй I жагсаалтад орсон химийн бодисын тоо хэмжээг зөв мэдүүлсэн бөгөөд ялангуяа нийт хэмжээ нь 1 тонноос хэтрэхгүй байгааг нягтлан шалгахад оршино.

22.Байгууламжийг газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар тогтмол нягтлан шалгалтанд хамруулна.

23.Тодорхой байгууламжид явуулах хянан шалгалтын тоо, эрч, үргэлжлэх хугацаа, цаг хугацаа болон арга хэлбэр нь холбогдох химийн бодисоор энэхүү конвенцийн зүйл, зорилгод учруулж буй аюул, байгууламжийн онцлог, түүн дээр явуулж буй үйл ажиллагааны шинж чанарт үндэслэнэ. Удирдлага болговол зохих зүйлсийг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж, батална.

24.Анхны хянан шалгалтын зорилго нь байгууламжийн талаар өгсөн мэдээллийг нягтлан шалгах, түүний дотор 9 дэх хэсэгт заасан урвалын савны хязгаарыг нягтлан шалгахад оршино.

25.Энэхүү конвенц оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 180 хоногийн дотор тухайн улс загвар хэлэлцээрт суурилсан, байгууламжийн хянан шалгалтын нарийвчилсан журмыг хамарсан байгууламжийн тухай хэлэлцээрийг Байгууллагатай байгуулна.

26.Энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсны дараа бага оврын ганц байгууламж байгуулахаар төлөвлөж буй оролцогч улс бүр загвар хэлэлцээрт суурилсан, байгууламжийн хянан шалгалтын нарийвчилсан журмыг хамарсан байгууламжийн тухай хэлэлцээрийг байгууламжийг ашиглах болон түүний ажиллуулж эхлэхээс өмнө Байгууллагатай байгуулна.

27.Хэлэлцээрийн загварыг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж, батална.

28.10 болон 11 дэх хэсэгт дурдсан аливаа байгууламж дээр нягтлан шалгалтын үйл ажиллагаа явуулах зорилго нь доор дурдсаныг нягтлан шалгахад оршино:

(a)байгууламжийг мэдүүлсэн химийн бодисоос бусад I жагсаалтад орсон ямарваа химийн бодисыг үйлдвэрлэхэд ашиглаагүй;

(b)үйлдвэрлэсэн, боловсруулсан эсхүл хэрэглэсэн I жагсаалтад орсон химийн бодисын тоо хэмжээг зөв мэдүүлсэн бөгөөд уг тоо хэмжээ нь мэдүүлсэн зорилгын хэрэгцээнд нийцэж байгаа;

(c)I жагсаалтад орсон химийн бодисыг өөр чиглэлд зөөвөрлөхгүй буюу өөр зорилгоор ашиглахгүй.

29.Байгууламжийг газар дээр нь хянан шалгах болон газар дээр нь байрлуулсан багаж хэрэгслээр ажиглан шинжих замаар тогтмол нягтлан шалгалтанд хамруулна.

30.Тодорхой байгууламжид явуулах хянан шалгалтын тоо, эрч, үргэлжлэх хугацаа, цаг хугацаа болон арга хэлбэр нь үйлдвэрлэсэн химийн бодисын тоо хэмжээгээр энэхүү конвенцийн зүйл, зорилгод учруулж буй аюул, байгууламжийн онцлог, түүн дээр явуулж буй үйл ажиллагааны шинж чанарт үндэслэнэ. Удирдлага болговол зохих зүйлсийг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж, батална.

31.Энэхүү конвенц оролцогч улсын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 180 хоногийн дотор тухайн улс загвар хэлэлцээрт суурилсан, байгууламж бүрийн хянан шалгалтын нарийвчилсан журмыг хамарсан байгууламжийн тухай хэлэлцээрүүдийг Байгууллагатай байгуулна.

32.Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа тийм байгууламж байгуулахаар төлөвлөж буй оролцогч улс бүр байгууламжийн тухай хэлэлцээрийг байгууламжийг ашиглах болон түүний ажиллуулж эхлэхээс өмнө Байгууллагатай байгуулна.

VII ХЭСЭГ

6 ДУГААР ЗҮЙЛД НИЙЦҮҮЛЭН ЭНЭХҮҮ КОНВЕНЦООР

ХОРИГЛООГҮЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА

II ЖАГСААЛТАД ОРСОН ХИМИЙН БОДИС БОЛОН

ХИМИЙН ТИЙМ БОДИСТ ХАМААРАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИД

ЗОРИУЛСАН ГОРИМ

А. Мэдүүлэг

Үндэсний нийт тоо баримтын талаархи мэдүүлэг

1.6 дугаар зүйлийн 7 болон 8 дахь хэсгийн дагуу оролцогч улс бүрээс гаргах анхны болон жил бүрийн мэдүүлэгт II жагсаалтад орсон химийн бодисыг өмнөх хуанлийн жилд үйлдвэрлэсэн, боловсруулсан, хэрэглэсэн, импортлосон болон экспортлосон тоо хэмжээний талаархи үндэсний нийт тоо баримт, түүнчлэн холбогдох орон бүрийн хувьд импорт болон экспортын тоо хэмжээний тодорхойлолтыг багтаана.

2.Оролцогч улс бүр:

(a)энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор; түүнчлэн дараагийн хуанлийн жилээс эхлэн 1 дэх хэсгийн дагуу анхны мэдүүлгийг;

(b)өмнөх хуанлийн жил дууссанаас хойш 90 хоногийн дотор жил бүрийн мэдүүлгийг тус тус өгнө.

II жагсаалтад орсон химийн бодисыг үйлдвэрлэх, боловсруулах буюу хэрэглэх үйлдвэрийн талбайн талаархи мэдүүлэг

3.Дараахь хэмжээнээс илүүгээр хуанлийн өмнөх гурван жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, боловсруулсан буюу хэрэглэсэн, эсхүл хуанлийн дараагийн жил үйлдвэрлэх, боловсруулах буюу хэрэглэхээр төлөвлөж буй нэг буюу хэд хэдэн үйлдвэрээс бүрдэх үйлдвэрийн бүх талбайн хувьд анхны болон жил бүрийн мэдүүлгийг шаардана:

(a)II жагсаалтын А хэсэгт “*” тэмдгээр заасан химийн бодисын 1 кг;

(b)II жагсаалтын А хэсэгт жагсаасан химийн аливаа бусад бодисын 100 кг;

(c)II жагсаалтын В хэсэгт жагсаасан химийн бодисын 1 тонн.

4.Оролцогч улс бүр:

(a)энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор; түүнчлэн дараагийн хуанлийн жилээс эхлэн 3 дахь хэсгийн дагуу анхны мэдүүлгийг;

(b)өмнөх хуанлийн жил дууссанаас хойш 90 хоногийн дотор өнгөрсөн үйл ажиллагааны тухай жил бүрийн мэдүүлгийг;

(c)дараагийн хуанлийн жил эхлэхээс өмнө 60 хоногоос хойшлуулахгүйгээр төлөвлөж буй үйл ажиллагааны талаархи жил бүрийн мэдүүлгийг тус тус өгнө. Жил бүрийн мэдүүлгийг өгсний дараа төлөвлөсөн нэмэлт аливаа үйл ажиллагааны талаар уг үйл ажиллагаа эхлэхээс өмнө тав хоногоос хойшлуулахгүйгээр мэдүүлнэ.

5.3 дахь хэсгийн дагуу мэдүүлэг өгөхийг II жагсаалтад орсон химийн бодисын бага концентрац бүхий хольцын хувьд ер нь шаардахгүй. Зөвхөн II жагсаалтад орсон химийн бодисыг хольцоос гарган авах нь амархан бөгөөд түүний нийт жин нь энэхүү конвенцийн зүйл, зорилгод аюул учруулна гэж үзэх тохиолдолд мэдүүлэг өгөхийг удирдамжийн дагуу шаардана. Ийм удирдамжийг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж, батална.

6.3 дахь хэсгийн дагуу өгөх үйлдвэрийн талбайн талаархи мэдүүлэгт дараахь зүйлийг тусгана:

(a)үйлдвэрийн талбайн нэр, түүнийг ажиллуулж буй өмчлөгч, компани буюу аж ахуйн нэгжийн нэр;

(b)хаяг бүхий түүний тодорхой байршил;

(c)энэхүү хавсралтын VIII хэсгийн дагуу мэдүүлсэн үйлдвэрийн талбай дахь үйлдвэрийн тоо.

7.3 дахь хэсгийн дагуу өгөх үйлдвэрийн талбайн талаархи мэдүүлэгт үйлдвэрийн талбайд байрлах бөгөөд 3 дахь хэсэгт заасан тодорхойлолтод хамрагдаж байгаа үйлдвэр бүрийн хувьд дараахь зүйлийг тусгана:

(a)үйлдвэрийн нэр, түүнийг ажиллуулж буй өмчлөгч, компани буюу аж ахуйн нэгжийн нэр;

(b)үйлдвэрийн талбай дахь түүний тодорхой байршил, түүний дотор хэрэв байвал тусгай барилга байгууламжийн дугаар;

(c)түүний гол үйл ажиллагаа;

(d)үйлдвэр нь:

(i)II жагсаалтад орсон мэдүүлсэн химийн бодис үйлдвэрлэдэг, боловсруулдаг эсхүл хэрэглэдэг эсэх;

(ii)тийм үйл ажиллагаанд эсхүл олон зорилгод чиглэсэн эсэх;

(iii)II жагсаалтад орсон мэдүүлсэн химийн бодисын хувьд бусад үйл ажиллагаа явуулдаг, түүний дотор тийм бусад үйл ажиллагаа (жишээлбэл, хадгалах)-ны тодорхойлолт хийдэг эсэх.

(e)II жагсаалтад орсон мэдүүлсэн химийн бодис бүрийн хувьд үйлдвэрийн үйлдвэрлэх хүчин чадал.

8.3 дахь хэсгийн дагуу өгөх үйлдвэрийн талбайн талаархи мэдүүлэгт мэдүүлгийн босгоос дээшхи II жагсаалтад орсон химийн бодис бүрийн талаархи дараахь мэдээллийг мөн тусгана:

(a)химийн бодисын нэр, байгууламжийн ашиглаж буй ердийн буюу барааны нэр, бүтцийн томъёо болон хэрэв Химийн бодисын үйлчилгээний бүртгэлийн дугаар заасан бол уг дугаар;

(b)анхны мэдүүлгийн тохиолдолд: өнгөрсөн хуанлийн гурван жил тутамд үйлдвэрийн талбайн үйлдвэрлэсэн, боловсруулсан, хэрэглэсэн, импортлосон болон экспортлосон нийт хэмжээ;

(c)өнгөрсөн үйл ажиллагааны талаархи жил бүрийн мэдүүлгийн тохиолдолд: өнгөрсөн хуанлийн жилд үйлдвэрийн талбайн үйлдвэрлэсэн, боловсруулсан, хэрэглэсэн, импортлосон болон экспортлосон нийт хэмжээ;

(d)төлөвлөсөн үйл ажиллагааны талаархи жил бүрийн мэдүүлгийн тохиолдолд: дараагийн хуанлийн жилд үйлдвэрийн талбайн үйлдвэрлэх, боловсруулах, хэрэглэх, импортлох болон экспортлохоор төлөвлөж буй нийт хэмжээ, түүний дотор үйлдвэрлэх, боловсруулах буюу хэрэглэхээр төлөвлөсөн хугацаа;

(e)химийн бодисыг үйлдвэрлэсэн, боловсруулсан буюу хэрэглэсэн, эсхүл үйлдвэрлэх, боловсруулах буюу хэрэглэх зорилго:

(i)бүтээгдэхүүний төрлийг тодорхойлохын хамт талбайд боловсруулах болон хэрэглэх;

(ii)бусад үйлдвэрийн салбар, худалдааны байгууллага буюу өөр чиглэл, түүнчлэн хэрэв боломжтой бол эцсийн бүтээгдэхүүний төрлийг тодорхойлохын хамт оролцогч улсын нутаг дэвсгэр дотор, эсхүл хэргийн харьяалал буюу хяналтан дор нь орших аливаа бусад газарт худалда,х эсхүл шилжүүлэх;

(iii)холбогдох улсуудыг тодорхойлохын хамт шууд экспортлох; эсхүл

(iv)бусад зорилго, түүний дотор эдгээр бусад зорилгыг тодорхойлох.

Химийн зэвсгийн зорилгоор II жагсаалтад орсон химийн бодисыг урьд нь үйлдвэрлэсэн талаархи мэдүүлэг

9.Оролцогч улс бүр энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор II жагсаалтад орсон химийн бодисыг 1946 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш хэдийд ч химийн зэвсгийн зорилгоор үйлдвэрлэсэн үйлдвэрүүдээс бүрдсэн үйлдвэрийн бүх талбайн талаар мэдүүлнэ.

10.9 дэх хэсгийн дагуу өгөх үйлдвэрийн талбайн талаархи мэдүүлэгт дараахь зүйлийг тусгана:

(c)үйлдвэрийн талбайд байрлах бөгөөд 9 дэх хэсэгт заасан тодорхойлолтод хамрагдах үйлдвэр бүрийн хувьд 7 дахь хэсгийн (a) болон (e) дэд хэсгийн дагуу шаардагдах адил мэдээлэл;

(d)химийн зэвсгийн зорилгоор үйлдвэрлэсэн II жагсаалтад орсон химийн бодис бүрийн хувьд:

(i)химийн бодисын нэр, химийн зэвсэг үйлдвэрлэх зорилготой үйлдвэрийн талбайн ашиглаж буй ердийн буюу барааны нэр, бүтцийн томъёо болон хэрэв Химийн бодисын үйлчилгээний бүртгэлийн дугаар заасан бол уг дугаар;

(ii)химийн бодис үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон үйлдвэрлэсэн тоо хэмжээ;

(iii)химийн бодис хүргэсэн байршил болон хэрэв мэдэж байгаа бол тэнд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн.

Оролцогч улсуудад мэдээлэх

11.Энэ ангийн дагуу мэдүүлсэн үйлдвэрийн талбайн жагсаалтыг 6 дахь хэсэг, 7 дахь хэсгийн (a) дэд хэсэг, 7 дахь хэсгийн (c) дэд хэсэг, 7 дахь хэсгийн (d) (i) дэд хэсэг, 7 дахь хэсгийн (d) (iii) дэд хэсэг, 8 дахь хэсгийн (a) дэд хэсэг болон 10 дахь хэсгийн дагуу өгсөн мэдээллийн хамт Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас оролцогч улсуудад хүсэлтээр нь хүргүүлнэ.

В. Нягтлан шалгах

Ерөнхий зүйл

12.Дараахь хэмжээнээс илүүгээр хуанлийн өмнөх гурван жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, боловсруулсан буюу хэрэглэсэн, эсхүл хуанлийн дараагийн жил үйлдвэрлэх, боловсруулах буюу хэрэглэхээр төлөвлөж буй нэг буюу хэд хэдэн үйлдвэрээс бүрдэх үйлдвэрийн мэдүүлсэн талбайд газар дээр нь хянан шалгалт хийх замаар 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нягтлан шалгалтыг явуулна:

(a)II жагсаалтын А хэсэгт “*” тэмдгээр заасан химийн бодисын 10 кг;

(b)II жагсаалтын А хэсэгт жагсаасан химийн аливаа бусад бодисын 1 тонн;

(c)II жагсаалтын В хэсэгт жагсаасан химийн бодисын 10 тонн.

13.8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (a) дэд хэсгийн дагуу Бага хурлаас батлах Байгууллагын хөтөлбөр, төсөвт энэ ангийн дагуу нягтлан шалгахад зориулсан хөтөлбөр, төсвийг тусдаа зүйл болгон оруулна. 6 дугаар зүйлийн дагуу нягтлан шалгалт явуулах боломжийг олгох эх үүсвэрийг хуваарилахдаа Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш эхний гурван жилийн хугацаанд А ангийн дагуу мэдүүлсэн үйлдвэрийн талбайд анхны хянан шалгалт хийхийг чухалчлан үзнэ. Хуваарилалтыг олж авсан туршлага дээр үндэслэн дараа нь хянан үзнэ.

14.Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь анхны хянан шалгалт болон дараагийн хянан шалгалтыг 15-аас 22 дахь хэсэгт нийцүүлэн явуулна.

Хянан шалгалтын зорилго

15.Хянан шалгалтын ерөнхий зорилго үйл ажиллагаа нь энэхүү конвенцоор хүлээсэн үүрэг болон мэдүүлэгт заасан мэдээлэлд нийцэж буйг нягтлан шалгахад оршино. А ангийн дагуу мэдүүлсэн үйлдвэрийн талбайд хийх хянан шалгалтын тусгай зорилгод дараахь зүйлийн нягтлан шалгалт хамаарна:

(a)энэхүү хавсралтын VI хэсэгт нийцүүлснээс бусад тохиолдолд I жагсаалтад орсон химийн бодис байхгүй, ялангуяа түүнийг үйлдвэрлээгүй;

(b)II жагсаалтад орсон химийн бодисыг үйлдвэрлэх, боловсруулах, эсхүл хэрэглэх түвшин мэдүүлэгтэй нийцэж байгаа;

(c)II жагсаалтад орсон химийн бодисыг энэхүү конвенцоор хориглосон үйл ажиллагаанд чиглүүлээгүй.

Анхны хянан шалгалт

16.12 дахь хэсгийн дагуу хянан шалгагдах үйлдвэрийн талбай бүр аль болох түргэн, гэхдээ болбол энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа гурван жилийн дотор анхны хянан шалгалтыг хүлээж авна. Энэ хугацааны дараа мэдүүлсэн үйлдвэрийн талбайд үйлдвэрлэх, боловсруулах эсхүл хэрэглэх тухай анх мэдүүлсний дараа нэг жилийн дотор анхны хянан шалгалтыг хүлээж авна. Анхны хянан шалгалтад хамаарах үйлдвэрийн талбайг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар үйлдвэрийн талбайг хянан шалгах хугацааг яг тодорхой урьдчилан мэдэх боломжгүй байхаар сонгоно.

17.Анхны хянан шалгалтын үед үйлдвэрийн талбайн хувьд байгууламжийн тухай хэлэлцээрийн төслийг хянан шалгуулж буй оролцогч улс болон Техникийн нарийн бичгийн дарга нарын газар үүнийг хэрэггүй гэж тохиролцоогүй бол бэлтгэнэ.

18.Дараагийн хянан шалгалтын давтамж, эрчийн хувьд хянан шалгагч нар химийн холбогдох бодисоор энэхүү конвенцийн зүйл, зорилгод учруулж болох аюул, үйлдвэрийн талбайн шинж чанар, тэнд явуулж буй үйл ажиллагааны мөн чанарыг дараахь шалгуурыг inter alia харгалзан анхны хянан шалгалтын явцад үнэлж дүгнэнэ:

(a)жагсаалтад орсон химийн бодисын болон хэрэв байгаа бол түүнтэй хамт үйлдвэрлэгдсэн эцсийн бүтээгдэхүүний хордуулах чанал;

(b)хянан шалгуулж буй талбайд ер нь хадгалдаг жагсаалтад орсон химийн бодисын тоо хэмжээ;

(c)хянан шалгуулж буй талбайд ер нь хадгалдаг жагсаалтад орсон химийн бодисын түүхий эд бүхий химийн бодисын тоо хэмжээ;

(d)II жагсаалтад орсон үйлдвэрийн үйлдвэрлэх хүчин чадал;

(e)xянан шалгуулж буй талбайд химийн хорт бодис анхлан үйлдвэрлэх, хадгалах болон цэнэглэх боломж, хувиргах боломж.

Хянан шалгах

19.Анхны хянан шалгалт хүлээж авснаар 12 дахь хэсгийн дагуу хянан шалгагдах үйлдвэрийн талбай бүр нь дараагийн хянан шалгалтуудад хамрагдана.

20.Хянан шалгах үйлдвэрийн тодорхой талбайг сонгохдоо, түүнчлэн хянан шалгалтын давтамж, эрчийг тодорхойлохдоо Техникийн нарийн бичгийн дарга нарын газар нь байгууламжийн тухай холбогдох хэлэлцээр, түүнчлэн анхны хянан шалгалт болон дараагийн хянан шалгалтын үр дүнг харгалзан химийн холбогдох бодисоор энэхүү конвенцийн зүйл, зорилгод учруулж болох аюул, үйлдвэрийн талбайн шинж чанар, тэнд явуулж буй үйл ажиллагааны мөн чанарыг зохих ёсоор харгалзан үзнэ.

21.Хянан шалгагдах үйлдвэрийн талбайг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар түүнийг хянан шалгах хугацааг яг тодорхой урьдчилан мэдэх боломжгүй байхаар сонгоно.

22.Энэ ангийн заалтуудын дагуу нэг жилд үйлдвэрийн талбайд хоёроос олон хянан шалгалт хүлээж авахгүй. Гэхдээ энэ нь 9 дүгээр зүйлийн дагуу хийх хянан шалгалтыг хязгаарлахгүй.

Хянан шалгалтын журам

23.Удирдлага болгохоор тохиролцсон зүйлс, энэхүү хавсралтын холбогдох бусад заалт болон Нууцлалын тухай хавсралтаас гадна доорхи 24-өөс 30 дахь хэсгийг хэрэглэнэ.

24.Анхны хянан шалгалтыг дууссаны дараа 90 хоногийн дотор мэдүүлсэн үйлдвэрийн талбайн хувьд байгууламжийн тухай хэлэлцээрийг хянан шалгуулж буй оролцогч улс болон Байгууллагын хооронд хянан шалгуулж буй оролцогч улс болон Техникийн нарийн бичгийн дарга нарын газар үүнийг хэрэггүй гэж тохиролцоогүй бол байгуулна. Энэ нь загвар хэлэлцээрт үндэслэх бөгөөд мэдүүлсэн үйлдвэрийн талбайд хянан шалгалт явуулах ажиллагааг зохицуулна. Хэлэлцээрт хянан шалгалтын давтамж болон эрч, түүнчлэн 25-аас 29 дэх хэсэгт нийцүүлэн хянан шалгалтын нарийвчилсан журмыг заана.

25.Мэдүүлсэн үйлдвэрийн талбайн хүрээн дэх II жагсаалтад орсон мэдүүлсэн үйлдвэрүүд нь хянан шалгалтын гол обьект болно. Хэрэв хянан шалгах баг үйлдвэрийн талбайн бусад хэсэгт нэвтрэхийг хүсвэл энэхүү хавсралтын II хэсгийн 51 дэх хэсгийн дагуу тодруулга өгөх үүрэгт, түүнчлэн байгууламжийн тухай хэлэлэлцээрт эсхүл байгууламжийн тухай хэлэлцээр байхгүй бол энэхүү хавсралтын X хэсгийн 51 дэх хэсэгт зааснаар удирдлаган дор нэвтрэх журамд нийцүүлэн тэдгээр талбайд нэвтрэх эрхийг олгоно.

26.Мэдүүлсэн химийн бодисыг өөр чиглэлд явуулаагүй бөгөөд үйлдвэрлэл нь мэдүүлэгтэй нийцсэнийг нотлох үүднээс бүртгэл тэмдэглэлд хүрэх эрхийг зохих тохиолдолд олгоно.

27.Химийн бодисын жагсаалтад орсон бөгөөд мэдүүлээгүй химийн бодис байхгүйг шалгахаар дээж авч шинжилнэ.

28.Хянан шалгалт хийх талбайд дараахь талбай багтана:

(a)химийн бодис (урвалж) хүргэж өгөх буюу хадгалж байгаа талбай;

(b)урвалын саванд нэмэхээс өмнө урвалж дээр үйл ажиллагаа гүйцэтгэх талбай;

(c) (a) дэд хэсэг эсхүл (b) дэд хэсэгт дурдсан талбайгаас урвалын сав руу холбогдох клапан, урсгал хэмжүүр гэх мэтийн хамт хүрэх түүхий эд нийлүүлэх шугам;

(d)урвалын савны гадаад байдал болон туслах тоног төхөөрөмж;

(e)урвалын савнаас урт болон богино хугацаанд хадгалах агуулах, эсхүл II жагсаалтад орсон химийн бодисын цаашид боловсруулах тоног төхөөрөмжид хүрэх шугам;

(f) (а)-(е) дэд хэсгийн дагуу аливаа зүйлтэй холбоотой хяналтын тоног төхөөрөмж;

(g)хог болон хаягдал боловсруулах тоног төхөөрөмж болон талбай;

(h)шаардлага хангахгүй байгаа химийн бодисыг зайлуулах тоног төхөөрөмж болон талбай.

29.Хянан шалгалтын хугацаа 96 цагаас илүү үргэлжлэхгүй; гэхдээ хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улс хоорондоо тохиролцож хугацааг сунгаж болно.

Хянан шалгалтын тухай мэдэгдэх

30.Хянан шалгуулах гэж буй үйлдвэрийн талбайд хянан шалгах баг ирэхээс 48-аас доошгүй цагийн өмнө оролцогч улсад хянан шалгалтын тухай Техникийн нарийн бичгийн дарга нарын газар мэдэгдэнэ.

С. Энэхүү конвенцийн оролцогч бус улсад шилжүүлэх

31.II жагсаалтад орсон химийн бодисыг зөвхөн оролцогч улсуудад шилжүүлэх эсхүл тэдгээрээс хүлээн авна. Энэ үүрэг энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш гурван жилийн дараа хүчин төгөлдөр болно.

32.Завсрын ийм гурван жилийн хугацаанд, оролцогч улс бүр энэхүү конвенцийн оролцогч бус улсуудад II жагсаалтад орсон химийн бодисыг шилжүүлэх талаар доор тодорхойлсон эцсийн хэрэглээний тухай гэрчилгээ шаардана. Тийм шилжүүлгийн хувьд оролцогч улс бүр шилжүүлж буй химийн бодисыг зөвхөн энэхүү конвенцоор хориглоогүй зорилгод ашиглах явдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна. Оролцогч улс шилжүүлж буй химийн бодистой хамааруулан дараахь зүйлийн нотолгоог хүлээн авагч улсаас inter alia шаардана.

(a)уг химийн бодисыг зөвхөн энэхүү конвенцоор хориглоогүй зорилгод ашиглана;

(b)тэдгээрийг цааш шилжүүлэхгүй;

(c)тэдгээрийн төрөл, тоо хэмжээ,

(d)тэдгээрийн эцсийн хэрэглээ;

(e)эцсийн хэрэглэгчдийн нэр, хаяг.

VIII ХЭСЭГ

1.6 дугаар зүйлийн 7 болон 8 дахь хэсгийн дагуу оролцогч улсаас гаргах анхны болон жил бүрийн мэдүүлэгт III жагсаалтад орсон химийн бодисыг өмнөх хуанлийн жилд үйлдвэрлэсэн, импортлосон болон экспортлосон тоо хэмжээний талаархи үндэсний нийт тоо баримт, түүнчлэн холбогдох орон бүрийн хувьд импорт болон экспортын тоо хэмжээний тодорхойлолтыг багтаана.

3.Оролцогч улс бүр:

III жагсаалтад орсон химийн бодисыг үйлдвэрлэх үйлдвэрийн талбайн талаархи мэдүүлэг

3.3 дугаар жагсаалтад орсон химийн бодисын 30 тонноос илүүгээр хуанлийн өмнөх жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эсхүл хуанлийн дараагийн жил үйлдвэрлэхээр төлөвлөж буй нэг буюу хэд хэдэн үйлдвэрээс бүрдэх үйлдвэрийн бүх талбайн хувьд анхны болон жил бүрийн мэдүүлгийг шаардана.

5.3 дахь хэсгийн дагуу мэдүүлэг өгөхийг III жагсаалтад орсон химийн бодисын бага концентрац бүхий хольцын хувьд ер нь шаардахгүй. Зөвхөн III жагсаалтад орсон химийн бодисыг хольцоос гарган авах нь амархан бөгөөд түүний нийт жин нь энэхүү конвенцийн зүйл, зорилгод аюул учруулна гэж үзэх тохиолдолд мэдүүлэг өгөхийг удирдамжийн дагуу шаардана. Ийм удирдамжийг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаар хэлэлцэж, батална.

(c)энэхүү хавсралтын VII хэсгийн дагуу мэдүүлсэн үйлдвэрийн талбай дахь үйлдвэрийн тоо.

(c)түүний гол үйл ажиллагаа.

(a)Химийн бодисын нэр, байгууламжийн ашиглаж буй ердийн буюу барааны нэр, бүтцийн томъёо болон хэрэв Химийн бодисын үйлчилгээний бүртгэлийн дугаар заасан бол уг дугаар;

(b)Хуанлийн өмнөх жил үйлдвэрлэсэн, эсхүл төлөвлөж буй үйл ажиллагааны талаар мэдүүлэг өгсөн тохиолдолд хуанлийн дараагийн жилд үйлдвэрлэхээр төлөвлөсөн химийн бодисын дараахь шатлалаар илэрхийлэгдсэн ойролцоо хэмжээ: 30-аас 200 тонн, 200-гаас 1.000 тонн, 1000-аас 10.000 тонн, 10.000-аас 100.000 тонн болон 100.000-аас дээш тонн;

(c)Химийн бодисыг үйлдвэрлэсэн, эсхүл үйлдвэрлэх зорилго.

Химийн зэвсгийн зорилгоор III жагсаалтад орсон химийн бодисыг урьд нь үйлдвэрлэсэн талаархи мэдүүлэг

(c)үйлдвэрийн талбайд байрлах бөгөөд 9 дэх хэсэгт заасан тодорхойлолтод хамрагдах үйлдвэр бүрийн хувьд 7 дахь хэсгийн (a) болон (с) дэд хэсгийн дагуу шаардагдах адил мэдээлэл;

(d)химийн зэвсгийн зорилгоор үйлдвэрлэсэн III жагсаалтад орсон химийн бодис бүрийн хувьд:

(i)Химийн бодисын нэр, химийн зэвсэг үйлдвэрлэх зорилготой үйлдвэрийн талбайн ашиглаж буй ердийн буюу барааны нэр, бүтцийн томъёо болон хэрэв Химийн бодисын үйлчилгээний бүртгэлийн дугаар заасан бол уг дугаар;

(ii)Химийн бодис үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон үйлдвэрлэсэн тоо хэмжээ;

(iii)Химийн бодис хүргэсэн байршил болон хэрэв мэдэж байгаа бол тэнд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн.

Оролцогч улсуудад мэдээлэх

11.Энэ ангийн дагуу мэдүүлсэн үйлдвэрийн талбайн жагсаалтыг 6 дахь хэсэг, 7 дахь хэсгийн (a) дэд хэсэг, 7 дахь хэсгийн (c) дэд хэсэг, 8 дахь хэсгийн (a) дэд хэсэг болон 10 дахь хэсгийн дагуу өгсөн мэдээллийн хамт Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас оролцогч улсуудад хүсэлтээр нь хүргүүлнэ.

В. Нягтлан шалгах

Ерөнхий зүйл

12.3 дугаар жагсаалтад орсон химийн аливаа бодисыг мэдүүлгийн 30 тонны босгоос дээш нийт 200 тонноос хэтрүүлэн хуанлийн өмнөх жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эсхүл хуанлийн дараагийн жил үйлдвэрлэхээр төлөвлөж буй үйлдвэрийн мэдүүлсэн талбайд газар дээр нь хянан шалгалт хийх замаар 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нягтлан шалгалтыг явуулна.

13.8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (a) дэд хэсгийн дагуу Бага хурлаас батлах Байгууллагын хөтөлбөр, төсөвт энэ ангийн дагуу нягтлан шалгахад зориулсан хөтөлбөр, төсвийг тусадаа зүйл болгон энэхүү хавсралтын VII хэсгийн 13 дахь хэсгийг харгалзан оруулна.

14.Энэ ангийн дагуу Техникийн нарийн бичгийн дарга нарын газар дараахь чухал хүчин зүйлсийн үндсэн дээр тусгайлан зохион бүтээсэн компьютерийн програм хангамж ашиглах зэрэг зохих механизмаар хянан шалгалт хийгдэх үйлдвэрийн талбайг таамгаар сонгоно:

(a)хянан шалгалтын газар зүйн шударга хуваарилалт;

(b)холбогдох химийн бодис, үйлдвэрийн талбайн шинж болон үйлдвэрийн талбайд явуулж буй үйл ажиллагаанын мөн чанарт хамаарах мэдүүлсэн үйлдвэрийн талбайн талаархи Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт байгаа мэдээлэл.

15.Энэ ангийн заалтуудын дагуу нэг жилд үйлдвэрийн талбайд хоёроос олон хянан шалгалт хүлээж авахгүй. Гэхдээ энэ нь 9 дүгээр зүйлийн дагуу хийх хянан шалгалтыг хязгаарлахгүй.

16.Энэ ангийн дагуу хянан шалгалт хийхээр үйлдвэрийн талбайг сонгохдоо Техникийн нарийн бичгийн дарга нарын газар энэхүү хавсралтын энэ хэсэг болон IX хэсгийн дагуу хуанлийн жилд оролцогч улсын хүлээн авах хянан шалгалтын нэгтгэсэн тоонд дараахь хязгаарлалтыг мөрдөнө: хянан шалгалтын нэгтгэсэн тоо нь гурав дээр энэхүү хавсралтын энэ хэсэг болон IX хэсгийн дагуу оролцогч улсын мэдүүлсэн үйлдвэрийн талбайн нийт тооны 5 хувийг нэмсэн тоо, эсхүл 20 хянан шалгалтаас, чингэхдээ энэ хоёр тооны аль багаас хэтрэхгүй.

Хянан шалгалтын зорилго

17.А ангийн дагуу мэдүүлсэн үйлдвэрийн талбайд хийх хянан шалгалтын ерөнхий зорилго нь уг үйл ажиллагаа нь мэдүүлэгт заах мэдээлэлд нийцэж буйг нягтлан шалгахад оршино. Хянан шалгалтын тодорхой зорилго нь энэхүү хавсралтын VI хэсэгт нийцсэнээс бусад тохиолдолд I жагсаалтад орсон химийн аливаа бодис байхгүйг, ялангуяа түүнийг үйлдвэрлээгүйг нягтлан шалгахад оршино.

Хянан шалгалтын журам

18.Удирдлага болгохоор тохиролцсон зүйлс, энэхүү хавсралтын холбогдох бусад заалт болон Нууцлалын тухай хавсралтаас гадна доорхи 19-өөс 25 дахь хэсгийг хэрэглэнэ.

19.Хянан шалгуулж буй оролцогч улс хүсэлт гаргаагүй бол байгууламжийн тухай хэлэлцээр байгуулахгүй.

20.Мэдүүлсэн үйлдвэрийн талбайн хүрээн дэх III жагсаалтад орсон мэдүүлсэн үйлдвэрүүд нь хянан шалгалтын гол обьект болно. Хэрэв энэхүү хавсралтын II хэсгийн 51 дэх хэсэгт нийцүүлэн хянан шалгах баг бүрхэг байдлыг тодруулахаар үйлдвэрийн талбайн бусад хэсэгт нэвтрэхийг хүсвэл нэвтрэх эрхийн хэмжээг хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улсын хооронд тохиролцоно.

21.Бүртгэл тэмдэглэлийг үзэх нь хянан шалгалтын зорилтод хүрэхэд тус дөхөм болно гэж хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улс зөвшөөрсөн тохиолдолд хянан шалгах баг тийнхүү үзэж болно.

22.Химийн бодисын жагсаалтад орсон бөгөөд мэдүүлээгүй химийн бодис байхгүйг шалгахаар дээж авч, газар дээр нь шинжилж болно. Бүрхэг байдлыг шийдвэрлээгүй тохиолдолд хянан шалгуулж буй оролцогч улсын зөвшөөрөлтэйгөөр талбайгаас гаднах лабораторид дээжийг шинжилж болно.

23.Хянан шалгалт хийх талбайд дараах талбай багтана:

(c) (a) дэд хэсэг эсхүл (b) дэд хэсэгт дурдсан талбайгаас урвалын сав уруу холбогдох клапан, урсгал хэмжүүр гэх мэтийн хамт хүрэх түүхий эд нийлүүлэх шугам;

(e)урвалын савнаас урт болон богино хугацаанд хадгалах агуулах, эсхүл III жагсаалтад орсон химийн бодисын цаашид боловсруулах тоног төхөөрөмжид хүрэх шугам;

24.Хянан шалгалтын хугацаа 24 цагаас илүү үргэлжлэхгүй; гэхдээ хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улс хоорондоо тохиролцож хугацааг сунгаж болно.

Хянан шалгалтын тухай мэдэгдэх

25.Хянан шалгуулах гэж буй үйлдвэрийн талбайд хянан шалгах баг ирэхээс 120-иос доошгүй цагийн өмнө оролцогч улсад хянан шалгалтын тухай Техникийн нарийн бичгийн дарга нарын газар мэдэгдэнэ.

26.3 дугаар жагсаалтад орсон химийн бодисыг энэхүү конвенцийн оролцогч бус улсад шилжүүлэх бол оролцогч улс бүр шилжүүлж буй химийн бодисыг зөвхөн энэхүү конвенцоор хориглоогүй зорилгод ашиглах явдлыг хангах талаар шаардлагатай арга хэмжээ авна. Оролцогч улс шилжүүлж буй химийн бодистой хамааруулан дараахь зүйлийн нотолгоог хүлээн авагч улсаас inter alia шаардана.

(c)тэдгээрийн төрөл, тоо хэмжээ,;

(d)тэдгээрийн эцсийн хэрэглээ;

(e)эцсийн хэрэглэгчдийн нэр, хаяг.

27.Энэхүү конвенцийн оролцогч бус улсад III жагсаалтад орсон химийн бодисыг шилжүүлэх талаар Бага хурал энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш таван жилийн дараа бусад арга хэмжээг тогтоох хэрэгтэй эсэх талаар асуудлыг хэлэлцэнэ.

IX ХЭСЭГ

ХИМИЙН БОДИС ҮЙЛДВЭРЛЭХ

БУСАД БАЙГУУЛАМЖИД ХАМААРАХ ГОРИМ

А. Мэдүүлэг

Химийн бодис үйлдвэрлэх бусад байгууламжийн жагсаалт

1.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн дагуу оролцогч улс бүрээс гаргах анхны мэдүүлэгт дараахь бүх үйлдвэрийн талбайн жагсаалт багтана:

(a)хуанлийн өмнөх жилийн хугацаанд жагсаалтад ороогүй тодорхой органик химийн бодисыг 200 тонноос дээш хэмжээгээр синтезийн аргаар үйлдвэрлэсэн; эсхүл

(b)фосфор, хүхэр буюу фторын элемент агуулсан бөгөөд жагсаалтад ороогүй тодорхой органик химийн бодисыг 30 тонноос дээш хэмжээгээр синтезийн аргаар хуанлийн өмнөх жилийн хугацаанд үйлдвэрлэсэн нэг буюу хэд хэдэн үйлдвэр (цаашид “ФХФ-үйлдвэр” болон “ФХФ-химийн бодис” гэх)-ээс бүрддэг.

2.1 дэх хэсгийн дагуу өгөх химийн бодис үйлдвэрлэх бусад байгууламжийн жагсаалтад дэлбэрэх буюу нүүрс төрөгч гагцхүү үйлдвэрлэсэн үйлдвэрийн талбайг оруулахгүй.

3.Оролцогч улс бүр 1 дэх хэсгийн дагуу химийн бодис үйлдвэрлэх бусад байгууламжийн жагсаалтыг өөрийн анхны мэдэгдлийн нэг хэсэг болгон энэхүү конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор өгнө. Оролцогч улс бүр дараагийн хуанлийн жил эхлэснээс хойш 90 хоногийн дотор уг жагсаалтыг шинэчлэхэд шаардлагатай мэдээллийг жил бүр өгнө.

4.1 дэх хэсгийн дагуу өгөх химийн бодис үйлдвэрлэх бусад байгууламжийн жагсаалтад үйлдвэрийн талбай бүрийн талаар дараахь мэдээллийг тусгана:

(b)үйлдвэрийн талбайн хаяг бүхий тодорхой байршил;

(c)түүний гол үйл ажиллагаа;

(d)1 дэх хэсэгт заасан химийн бодисыг үйлдвэрийн талбайд үйлдвэрлэж буй үйлдвэрийн ойролцоо тоо.

5.1 дэх хэсгийн (а) дэд хэсгийн дагуу жагсаасан үйлдвэрийн талбайн хувьд жагсаалтад ороогүй тодорхой органик химийн бодисыг хуанлийн өмнөх жилд үйлдвэрлэсэн дараахь шатлалаар илэрхийлэгдсэн ойролцоо нийт хэмжээний тухай мэдээллийг жагсаалтад мөн тусгана: 1.000 хүртэл тонн, 1.000-аас 10.000 хүртэл тонн, 10.000-аас дээш тонн.

6.1 дэх хэсгийн (b) дэд хэсгийн дагуу жагсаасан үйлдвэрийн талбайн хувьд жагсаалтад үйлдвэрийн талбай доторхи ФХФ-үйлдвэрийн тоог зааж, ФХФ-үйлдвэрийн хуанлийн өмнөх жилд үйлдвэрлэсэн ФХФ-химийн бодисын дараахь шатлалаар илэрхийлэгдсэн ойролцоо нийт хэмжээний тухай мэдээллийг жагсаалтад мөн тусгана: 200 хүртэл тонн, 200-гаас 1.000 хүртэл тонн, 1.000-аас 10.000 хүртэл тонн болон 10.000-аас дээш тонн.

Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас туслалцаа үзүүлэх

7.Хэрэв оролцогч улс 1 дэх хэсгийн дагуу химийн бодис үйлдвэрлэх байгууламжийн жагсаалтаа гаргахад нь туслалцаа үзүүлэхийг хүсэх шаардлагатай гэж захиргааны шалтгаанаар үзвэл тийм туслалцаа үзүүлэхийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас хүсэж болно. Жагсаалт бүрэн эсэх талаархи асуудлыг дараа нь оролцогч улс болон Техникийн нарийн бичгийн дарга нарын хооронд зөвлөлдөөний замаар шийдвэрлэнэ.

Оролцогч улсуудад мэдээлэх

8.1 дэх хэсгийн дагуу өгсөн химийн бодис үйлдвэрлэх бусад байгууламжийн жагсаалт, түүний дотор 4 дэх хэсгийн дагуу өгсөн мэдээллийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас оролцогч улсуудад хүсэлтээр нь хүргүүлнэ.

В. Нягтлан шалгах

Ерөнхий зүйл

9.С ангийн заалтуудыг мөрдөхийн хамт, 6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан нягтлан шалгалтыг газар дээр нь хийх хянан шалгалтаар дамжуулан дараахь талбайд хийнэ:

(a)1 дэх хэсгийн (a) дэд хэсэгт заасан үйлдвэрийн талбай;

(b)Хуанлийн өмнөх жилийн хугацаанд 200 тонноос илүү ФХФ-химийн бодис үйлдвэрлэсэн нэг буюу хэд хэдэн ФХФ-үйлдвэрээс бүрдэх 1 дэх хэсгийн (b) дэд хэсгийн дагуу жагсаасан үйлдвэрийн талбай.

10.8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (a) дэд хэсгийн дагуу Бага хурлаас батлах Байгууллагын хөтөлбөр, төсөвт түүнийг хэрэгжүүлж эхэлсний дараа энэ ангийн дагуу нягтлан шалгахад зориулсан хөтөлбөр, төсвийг тусдаа зүйл болгон оруулна.

11.Энэ ангийн дагуу Техникийн нарийн бичгийн дарга нарын газар дараахь чухал хүчин зүйлсийн үндсэн дээр тусгайлан зохион бүтээсэн компьютерийн програм хангамж ашиглах зэрэг зохих механизмаар хянан шалгалт хийгдэх үйлдвэрийн талбайг таамгаар сонгоно:

(b)үйлдвэрийн талбайн шинж болон үйлдвэрийн талбайд явуулж буй үйл ажиллагаанд хамаарах жагсаасан үйлдвэрийн талбайн талаархи Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт байгаа мэдээлэл;

(c)25 дахь хэсэгт нийцүүлэн тохиролцох үндсийн талаар оролцогч улсуудаас гаргасан санал.

12.Энэ ангийн заалтуудын дагуу нэг жилд үйлдвэрийн талбайд хоёроос олон хянан шалгалт хүлээж авахгүй. Гэхдээ энэ нь 9 дүгээр зүйлийн дагуу хийх хянан шалгалтыг хязгаарлахгүй.

13.Энэ ангийн дагуу хянан шалгалт хийхээр үйлдвэрийн талбайг сонгохдоо Техникийн нарийн бичгийн дарга нарын газар энэхүү хавсралтын энэ хэсэг болон VIII хэсгийн дагуу хуанлийн жилд оролцогч улсын хүлээн авах хянан шалгалтын нэгтгэсэн тоонд дараахь хязгаарлалтыг мөрдөнө: хянан шалгалтын нэгтгэсэн тоо нь гурав дээр энэхүү хавсралтын энэ хэсэг болон VIII хэсгийн дагуу оролцогч улсын мэдүүлсэн үйлдвэрийн талбайн нийт тооны 5 хувийг нэмсэн тоо, эсхүл 20 хянан шалгалтаас, чингэхдээ энэ хоёр тооны аль багаас хэтрэхгүй.

Хянан шалгах зорилго

14.А ангийн дагуу мэдүүлсэн үйлдвэрийн талбайд хийх хянан шалгалтын ерөнхий зорилго нь уг үйл ажиллагаа нь мэдүүлэгт заах мэдээлэлд нийцэж буйг нягтлан шалгахад оршино. Хянан шалгалтын тодорхой зорилго нь энэхүү хавсралтын VI хэсэгт нийцсэнээс бусад тохиолдолд I жагсаалтад орсон химийн аливаа бодис байхгүйг, ялангуяа түүнийг үйлдвэрлээгүйг нягтлан шалгахад оршино.

Хянан шалгалтын журам

15.Удирдлага болгохоор тохиролцсон зүйлс, энэхүү хавсралтын холбогдох бусад заалт болон Нууцлалын тухай хавсралтаас гадна доорхи 16-гаас 20 дахь хэсгийг хэрэглэнэ.

16.Хянан шалгуулж буй оролцогч улс хүсэлт гаргаагүй бол байгууламжийн тухай хэлэлцээр байгуулахгүй.

17.1 дэх хэсэгт заасан химийн бодис үйлдвэрлэж буй үйлдвэрийн талбай, ялангуяа, 1 дэх хэсгийн (b) дэд хэсгийн дагуу заасан жагсаалтад орсон ФХФ-үйлдвэр нь хянан шалгахаар сонгосон үйлдвэрийн талбайд хянан шалгалт явуулах гол обьект болно. Хянан шалгуулж буй оролцогч улс энэхүү хавсралтын X хэсгийн C ангид заасан удирдлаган дор нэвтрэх журамд нийцүүлэн тэдгээр үйлдвэрт нэвтрэхийг удирдан зохицуулах эрхтэй. Хэрэв энэхүү хавсралтын II хэсгийн 51 дэх хэсэгт нийцүүлэн хянан шалгах баг бүрхэг байдлыг тодруулахаар үйлдвэрийн талбайн бусад хэсэгт нэвтрэхийг хүсвэл нэвтрэх эрхийн хэмжээг хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улсын хооронд тохиролцоно.

18.Бүртгэл тэмдэглэлийг үзэх нь хянан шалгалтын зорилтод хүрэхэд тус дөхөм болно гэж хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улс зөвшөөрсөн тохиолдолд хянан шалгах баг тийнхүү үзэж болно.

19.Химийн бодисын жагсаалтад орсон бөгөөд мэдүүлээгүй химийн бодис байхгүйг шалгахаар дээж авч, газар дээр нь шинжилж болно. Бүрхэг байдлыг шийдвэрлээгүй тохиолдолд хянан шалгуулж буй оролцогч улсын зөвшөөрөлтэйгөөр талбайгаас гаднах лабораторид дээжийг шинжилж болно.

20.Хянан шалгалтын хугацаа 24 цагаас илүү үргэлжлэхгүй; гэхдээ хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улс хоорондоо тохиролцож хугацааг сунгаж болно.

Хянан шалгалтын тухай мэдэгдэх

21.Хянан шалгуулах гэж буй үйлдвэрийн талбайд хянан шалгах баг ирэхээс 120-иос доошгүй цагийн өмнө оролцогч улсад хянан шалгалтын тухай Техникийн нарийн бичгийн дарга нарын газар мэдэгдэнэ.

С. В ангийг хэрэгжүүлэх болон хянан үзэх

Хэрэгжүүлэх

22.Хэрэв энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш гурав дахь жилд Бага хурал ээлжит чуулганаараа өөрөөр шийдвэрлээгүй бол энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш дөрөв дэх жил эхлэхэд В анги хэрэгжиж эхэлнэ.

23.Ерөнхий захирал энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш гурав дахь жилд болох Бага хурлын ээлжит чуулганд зориулан энэхүү Хавсралтын VII болон VIII хэсэг, түүнчлэн энэ хэсгийн А ангийн заалтуудыг хэрэгжүүлэх талаархи Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын туршлагыг тусгасан илтгэл бэлтгэнэ.

24.Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш гурав дахь жилд болох ээлжит чуулганаараа Бага хурал ФХФ-үйлдвэр болон химийн бодис үйлдвэрлэх бусад байгууламжийн хооронд В ангийн дагуу нягтлан шалгахад шаардлагатай нөөцийг хуваарилах асуудлыг Ерөнхий захирлын илтгэлийг үндэслэн шийдвэрлэнэ. Үгүй бол, хуваарилалтын асуудлыг Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын шинжээчийн дүгнэлтэд орхих бөгөөд 11 дэх хэсэгт заасан чухал хүчин зүйлст нэмнэ.

25.Хянан шалгалтын талаар оролцогч улсуудаас гаргасан саналыг 11 дэх хэсэгт заасан сонгох үйл явц дахь чухал хүчин зүйл гэж харгалзан үзэхүйцээр ямар үндсэн дээр (жишээлбэл, бүс нутгийн) толилуулахыг Гүйцэтгэх зөвлөлийн зөвлөснөөр Бага хурал энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш гурав дахь жилд болох ээлжит чуулганаараа шийдвэрлэнэ.

Хянан үзэх

26.8 дугаар зүйлийн 22 дахь хэсгийн дагуу зарлан хуралдуулсан Бага хурлын анхны ээлжит бус чуулганаар Нягтлан шалгалтын тухай хавсралтын энэ хэсгийн заалтуудыг олж авсан туршлагын үндсэн дээр химийн бодисын үйлдвэрлэлд хамаарах нягтлан шалгалтын нийтлэг горимыг иж бүрэн хянан үзэх хүрээнд дахин шалгана. Бага хурал дараа нь нягтлан шалгалтын горимыг улам үр дүнтэй болгохоор зөвлөмж гаргана.

X ХЭСЭГ

9 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ХҮСЭЛТИЙН ДАГУУ

ХИЙХ ХЯНАН ШАЛГАЛТ

1.9 дүгээр зүйлд заасан хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг энэ үүргийг биелүүлэх зорилгоор зөвхөн тусгайлан томилогдсон хянан шалгагч болон хянан шалгагчийн туслах хийнэ. 9 дүгээр зүйлд заасан хүсэлтийн дагуу ердийн хянан шалгалтыг хийх хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг томилохын тулд Ерөнхий захирал хянан шалгах ердийн үйл ажиллагааны хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахуудаас тэдгээрийг сонгож, санал болгох хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахын жагсаалтыг гаргана. Уг жагсаалт нь шаардлагатай мэргэшлийг эзэмшсэн, туршлагатай, мэргэжлийн бэлтгэлтэй, мэдлэг чадвартай хангалттай тооны хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахуудаас бүрдэх бөгөөд тэдгээрийн боломж, ээлж дарааллын шаардлагыг харгалзан хянан шалгагч нарыг уян хатан байдлаар сонгож болохоор хийгдсэн байна. Үүнтэй холбогдуулан хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахыг сонгохдоо аль болох газар зүйн өргөн хүрээг хамруулахыг чухалчилж үзнэ. Хянан шалгагч болон хянан шалгагчийн туслах энэхүү хавсралтын II хэсгийн А ангийн дагуу гаргасан журмыг дагаж мөрдөнө.

2.Ерөнхий захирал хянан шалгах багийн бүрэлдэхүүний хэмжээг тодорхойлж, гаргсан тодорхой хүсэлт, нөхцөл байдлыг харгалзсаны үндсэн дээр түүний гишүүдийг сонгоно. Хянан шалгах багийн бүрэлдэхүүний хэмжээ нь хянан шалгах мандатыг бодитоор хэрэгжүүлэхэд шаардлагатай доод хэмжээнд байна. Хянан шалгах багийн гишүүн нь хүсэлт гаргагч оролцогч улс, эсхүл хянан шалгуулж буй оролцогч улсын харьяат бус этгээд байна.

B. Урьдчилсан хянан шалгах үйл ажиллагаа

3.Хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтын хувьд Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хүсэлтийн дагуу нэн даруй арга хэмжээг авахад бэлэн байгаа эсэхийн талаар Ерөнхий захирлаас хянан шалгуулах хүсэлтийг хүргүүлэхээс өмнө оролцогч улс бүр нотолгоо хүсч болно. Хэрэв Ерөнхий захирал ийм нотолгоо нэн даруй өгч чадахгүй бол, тэрбээр хүсэлтийг нотлох ажлыг дарааллыг харгалзан аль болох боломжийн хэрээр эрт хийнэ. Түүнчлэн, тэрбээр яаралтай тухайн арга хэмжээг хэзээ авч болох талаар оролцогч улсад мэдээлнэ. Хэрэв Ерөнхий захирал хүсэлтийн дагуу авах арга хэмжээг цаашид авч чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрвэл, тэрбээр цаашид нөхцөл байдлыг сайжруулах холбогдох арга хэмжээ авахыг Гүйцэтгэх зөвлөлөөс хүсч болно.

Мэдэгдэл

4.Гүйцэтгэх зөвлөл болон Ерөнхий захиралд хүргүүлэх хүсэлтийн дагуу хийх хянан шалгах тухай хянан шалгах хүсэлт нь наад зах нь дараахь мэдээлэл агуулна:

(a)хянан шалгалгт хийлгэх оролцогч улс, хэрэв боломжтой бол хүлээн авагч улс;

(b)ашиглагдаж буй нэвтрэх цэг;

(c)хянан шалгах талбайн хэмжээ, төрөл;

(d)энэхүү конвенцийг мөрдөхгүй байж болохтой холбоотой асуудал, түүний дотор тухайн асуудлыг үүсгэх энэхүү конвенцийн холбогдох заалтуудын онцлог байдал, мөрдөхгүй байх боломжийн талаархи шинж чанар, нөхцөл байдал, түүнчлэн асуудал үүссэнээс үүдэх холбогдох бүх мэдээлэл;

(e)хүсэлт гаргагч оролцогч улсын ажиглагчийн нэр.

Хүсэлт гаргагч оролцогч улс шаардлагатай гэж үзсэн нэмэлт аливаа мэдээллийн хүргүүлнэ.

5.Ерөнхий захирал хүсэлт гаргагч оролцогч улсад түүний хүсэлтийг хүлээн авсан тухайгаа нэг цагийн дотор мэдэгдэнэ.

6.Нэвтрэх боомтод хянан шалгах баг хүрэлцэн ирэхээс өмнө 12 цагаас доошггүй хугацаанд хянан шалгалт хийлгэж буй оролцогч улсыг тухайн мэдээллээр Ерөнхий захирал хангах боломж олгох үүднээс хүсэлт гаргагч оролцогч улс хянан шалгах талбайн байршлыг Ерөнхий захиралд мэдэгдэнэ.

7.Хянан шалгах талбайг хүсэлт гаргагч оролцогч улсын хүсэлтээр газар зүйн солбилцлыг маш тодорхой, хэрэв боломжтой бол хамгийн ойролцоох секундийг заасан цэгтэй холбоотой талбайн бүдүүвч зургаар аль болох боломжийн хэрээр тодорхой заана. Хэрэв боломжтой бол хүсэлт гаргагч оролцогч улс хянан шалгах талбайн ерөнхий үзүүлэлттэй газрын зураг болон хянан шалгалт хийгдэх талбайн хүсэлт болгосон периметрийг аль болох боломжийн хэрээр тодорхой заасан бүдүүвч зургийг гаргаж өгнө.

8.Хүсэлт болгосон периметр нь:

(a)аливаа барилга буюу бусад байгууламжийн гадна талаас гадагш наад зах нь 10 метрийн зайд байрласан байх;

(b)хамгаалалтын тухайн бүсийг огтлохгүй байх;

(c)хүсэлт гаргагч оролцогч улс хүсэлт болгосон периметрийн зах хязгаарт оруулах чиг санаа бүхий хамгаалалтын тухайн бүсийн гадна талаас гадагш наад зах нь 10 метрийн байрласан байх.

9.Хэрэв хүсэлт болгосон периметр нь 8 дахь хэсэгт заасан тодорхойлолтод нийцэхгүй бол түүнийг тухайн заалттай нийцүүлэх зорилгоор хянан шалгах баг дахин бүдүүвчилнэ.

10.Ерөнхий захирал нэвтрэх цэгт хянан шалгах баг товлосон хугацаанд хүрэлцэн ирэхээс өмнө 12 цагаас доошгүй хугацаанд 7 дахь хэсэгт тодорхойлсон хянан шалгах газрын байршлын тухай Гүйцэтгэх зөвлөлд мэдэгдэнэ.

11.10 дахь хэсэгт заасны дагуу Гүйцэтгэх зөвлөлд мэдэгдэхдээ Ерөнхий захирал хянан шалгах хүсэлт, түүний дотор 7 дахь хэсэгт тодорхойлсон хянан шалгах талбайн байршлын талаархи мэдээллийг хянан шалгуулж буй оролцогч улсад илгээнэ. Энэ мэдэгдэлд энэхүү хавсралтын II хэсгийн 32 дахь хэсэгт заасан мэдээллийг мөн оруулна.

12.Нэвтрэх боомтод хянан шалгах баг хүрэлцэн ирэхдээ хянан шалгах мандатын талаар хянан шалгуулж буй оролцогч улсад хянан шалгах баг мэдээлнэ.

Хянан шалгуулж буй оролцогч улсын, эсхүл хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт нэвтрэх

13.9 дүгээр зүйлийн 13-18 дахь хэсгийн дагуу Ерөнхий захирал хянан шалгах хүсэлтийг хүлээн авсны дараа аль болох богино хугацаанд хянан шалгах багийг илгээнэ. Хянан шалгах баг 10 болон 11 дэх хэсгийн заалтуудын дагуу аль болох богино хугацаанд хүсэлтэд заасан нэвтрэх боомтод хүрэлцэн ирнэ.

14.Хэрэв хүсэлт болгосон периметрийг хянан шалгуулж буй оролцогч улс хүлээн зөвшөөрвөл, хянан шалгах баг нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс хойш 24 цагийн дотор дээрх хүсэлт болгосон периметрийг аль болох богино хугацаанд эцсийн периметр гэж тогтооно. Хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгах багийг хянан шалгах талбайн эцсийн периметрт хүргэж өгнө. Хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс үүнийг шаардлагатай гэж үзвэл, энэ хэсэгт тодорхойлсон эцсийн периметрийг тогтоосон хугацаа өнгөрснөөс хойш 12 цагийн тэднийг хүргэж өгөх ажлыг эхлүүлнэ. Ямар ч тохиолдолд хянан шалгах баг нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс хойш 36 цагийн дотор хүргэж өгөх явдлыг дуусгана.

15.Мэдүүлсэн бүх байгууламжийн хувьд (a) болон (b) дэд хэсэгт заасан журмыг (энэ хэсгийн зорилгод, “мэдүүлсэн байгууламж” гэж 3, 4 болон 5 дугаар зүйлийн дагуу мэдүүлсэн бүх байгууламжуудыг хэлнэ. 6 дугаар зүйлийн хувьд “мэдүүлсэн байгууламж” гэж энэхүү хавсралтын VI хэсгийн дагуу мэдүүлсэн байгууламж түүнчлэн, энэхүү хавсралтын VII хэсгийн 7 болон 10 (c) дэд хэсэг, VIII хэсгийн 7 болон 10 (c) дэд хэсгийн дагуу мэдүүлсэн үйлдвэрийн байгууламжийг зөвхөн хэлнэ) хэрэглэнэ.

(a)Хэрэв хүсэлт болгосон периметр нь мэдүүлсэн периметртэй адил, эсхүл түүний дотор бол мэдүүлсэн периметрийг эцсийн периметр гэж үзнэ. Гэхдээ хянан шалгуулж буй оролцогч улс зөвшөөрсөн бол, эцсийн периметрийг хүсэлт гаргагч оролцогч улсын хүсэлт болгосон периметртэй нийцүүлэн багасгаж болно.

(b)Хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгалтын багийг эцсийн периметрт аль болох богино хугацаанд хүргэж өгөх бөгөөд гэхдээ ямар ч тохиолдолд хянан шалгах баг нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс хойш 24 цагийн дотор периметрт тэднийг ирүүлэх нөхцлийг хангана.

Эцсийн периметрийн нэмэлт периметрийг тогтоох

16.Хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс нэвтрэх боомтонд хүсэлт болгосон периметрийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол нэмэлт периметрийг аль болох богино хугацаанд, гэхдээ ямар ч тохиолдолд хянан шалгах баг нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс хойш 24 цагийн дотор санал болгоно. Санал зөрүүтэй тохиолдолд хянан шалгуулж буй оролцогч улс болон хянан шалгах баг эцсийн периметрийг тохиролцох зорилгоор хэлэлцээ хийнэ.

17.Нэмэлт периметрийг 8 дахь хэсэгт заасны дагуу аль болох тодорхой тогтооно. Энэ нь хүсэлт болгосон бүх периметрийг багтаах бөгөөд журам ёсоор тухайн газрын жам ёсны байршил болон тогтоосон хил хязгаарыг харгалзан сүүлчинхтэй нягт холбоотой байна. Хэрэв хамгаалалтын халхавч байгаа бол энэ нь хүрээлэн байгаа тухайн халхавчийн ойролцоо байна. Хянан шалгуулж буй оролцогч улс дараахь аргуудаас ядаж хоёрыг нь хослуулж периметрүүдийн хоорондын уялдааг тогтоохыг эрмэлзэнэ:

(a)хүсэлт болгосон периметрийн талбайгаас мэдэгдэхүйцээр илүү гарсан талбайг үл хамрах нэмэлт периметр;

(b)хүсэлт болгосон периметрээс бага зэргийн адил зайд байрлах нэмэлт периметр;

(c)нэмэлт периметрийн талбайгаас хүсэлт болгосон периметрийн ядаж аль нэг хэсэг нь харагдах.

18.Хэрэв нэмэлт периметрийг хянан шалгах баг хүлээн зөвшөөрвөл түүнийг эцсийн периметр гэж үзэх бөгөөд хянан шалгах багийг нэвтрэх боомтоос тухайн периметрт хүргэж өгнө. Хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс үүнийг шаардлагатай гэж үзвэл 16 дахь хэсэгт заасан хугацаа дуусахаас өмнө 12 цагийн дотор нэмэлт периметрийг санал болгох зорилгоор тийнхүү хүргэж өгөх явдлыг эхлүүлж болно. Ямар ч тохиолдолд хянан шалгах баг нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс хойш 36 цагийн дотор хүргэж өгөх явдлыг дуусгана.

19.Хэрэв эцсийн периметрийг тохиролцоогүй бол периметрийн талаархи хэлэлцээг аль болох богино хугацаанд дуусгах бөгөөд түүнийг аль ч тохиолдолд хянан шалгах баг нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс хойш 24-өөс илүү цагаар үргэлжлүүлэхгүй. Хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс үүнийг шаардлагатай гэж үзвэл 16 дахь хэсэгт заасан хугацаа дуусахаас өмнө 12 цагийн дотор нэмэлт периметрийг санал болгох зорилгоор тийнхүү хүргэж өгөх явдлыг эхлүүлж болно. Ямар ч тохиолдолд хянан шалгах баг нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс хойш 36 цагийн дотор хүргэж өгөх явдлыг дуусгана.

20.Тухайн газарт хүрэлцэн ирсний дараа хэлэлцээ хийх явдлыг хөнгөвчлөх, эцсийн периметрийн талаар тохиролцоонд хүрэх, эцсийн периметрт нэвтрүүлэх зорилгоор хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгах багийг нэмэлт периметрт саадгүй нэвтрүүлнэ.

21.Хэрэв тухайн газарт хянан шалгах баг хүрэлцэн ирснээс хойш 72 цагийн дотор тохиролцоонд хүрч чадаагүй бол нэмэлт периметрийг эцсийн периметр болгон тогтооно.

Байрлалын нягтлан шалгах

22.Хянан шалгах багийн хүрэлцэн ирсэн хянан шалгалт хийх талбайг хүсэлт гаргагч оролцогч улсаас тодорхойлсон хянан шалгах талбайтай нийцүүлэх явдлыг хөнгөвчлөх зорилгоор хянан шалгах баг байрлал тогтоох батлагдсан тоног төхөөрөмжийг ашиглах эрхтэй бөгөөд түүнчлэн тухайн тоног төхөөрөмжийг зааврых нь дагуу суурилуулах эрхтэй. Хянан шалгах баг газрын зурагт заасан тухайн газрын тэмдэглэгээг үндэслэн түүний байршлийг нягтлан шалгаж болно. Хянан шалгуулж буй оролцогч улс уг асуудлаар хянан шалгах багт туслалцаа үзүүлнэ.

Хамгаалагдсан талбай, гарцыг хянах

23.Нэвтрэх боомтод хянан шалгах баг хүрэлцэн ирснээс хойш 12 цагаас илүүгүй хугацааны дараа хянан шалгуулж буй оролцогч улс хүсэлт болгосон периметрээс хуурай газар, агаар болон усан замын тээврийн хэрэгслийг гарах бүх цэгээс гаргах талаархи үйл ажиллагааны талаархи бодит баримтын мэдээллийг цуглуулж эхэлнэ. Тухайн улс нэмэлт буюу эцсийн периметрийн алинд нь түрүүлж ирснээс шалтгаалан хүрэлцэн ирсэн хянан шалгах багд уг мэдээллийг өгнө.

24.Энэ үүргийг замын хуудас, фото зураг, видео бичлэг, эсхүл гарах тухайн үйл ажиллагааг ажиглах зориулалтаар хянан шалгах багаас олгосон химийн илрүүлэгч тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мэдээлэл хэлбэрээр цуглуулсан бодит баримтын мэдээллийг цуглуулах аргаар гүйцэтгэж болно. Нөгөө талаас хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгах багийн нэг, эсхүл зарим гишүүнд бие дааж замын хуудас хөтлөх, фото зураг авах, гарч буй тээврийн хэрэгслийн видео бичлэг хийх, эсхүл химийн илрүүлэгч тоног төхөөрөмж ашиглах зэрэг хянан шалгуулж буй оролцогч улс болон хянан шалгах багийн хооронд тохиролцож болох бусад аргаар тухайн үүргийг гүйцэтгүүлэхээр зөвшөөрч болно.

25.Хянан шалгах баг нэмэлт периметр, эсхүл эцсийн периметрийн алинд нь түрүүлж хүрэлцэн ирснээс шалтгаалан хянан шалгах багаас гарах үйл ажиллагааг хянах журмыг хэрэгжүүлэх талбайг хамгаалах ажлыг эхлүүлнэ.

26.Тухайн журамд дараахь зүйл багтана: гарч буй тээврийн хэрэгслийн тодорхойлолт, замын хуудсыг бөглөх, фото зураг авах болон хянан шалгах багаас гарч буй тээврийн хөдөлгөөн болон гарч буй тээврийн хэрэгслийн видео бичлэгийг хийх. Хянан шалгах баг гарах өөр ажиллагаа байхгүй эсэхийг хянан шалгахаар периметрийн дагалдах бусад аливаа хэсэгт очих эрхтэй.

27.Хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улсн хооронд тохиролцсон гарцыг хянах үйл ажиллагааны талаархи нэмэлт журамд түүнчлэн дараахь зүйл inter alia хамаарна:

(a)мэдрэмтгий багаж ашиглах;

(b)таамгаар сонгон нэвтрэх;

(c)дээжинд шинжилгээ хийх.

28.Хамгаалагдсан талбай болон гарцыг хянах бүхий л үйл ажиллагааг периметрийн гадна талаас хэмжигдэх 50 хүртэлх метрийн өргөнтэй периметрийн гадна талын дагуу байрлах зурвасын хүрээнд хэрэгжүүлнэ.

29.Хянан шалгах баг талбайгаас гарах тээврийн хэрэгсэлд нэвтрэх зохицуулалтын дагуу хянан шалгалт хийх эрхтэй. Хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгалтад хамрагдах тээврийн аливаа хэрэгсэлд хянан шалгах баг бүрэн нэвтрэх чадахгүй, хянан шалгах хүсэлтэд тусгасан асуудлыг биелүүлэх боломжгүй гэх зорилгод ашиглахгүй байх тохиолдолд хянан шалгах багд туслах бүхий л боломжит хүчин чармайлтыг гаргана.

30.Талбайд нэвтрэх албан хаагч болон тээврийн хэрэгсэл, талбайгаас гарах албан хаагч болон хувийн зорчигчийг хянан шалгахгүй.

31.Дээр дурдсан журмыг хянан шалгалт явуулах хугацааны туршид хэрэглэх бөгөөд, аль ч үед байгууламжийн хэвийн үйл ажиллагаанд ямар ч шалтгаангүйгээр саад учруулах, эсхүл удаашруулж болохгүй.

Урьдчилан хянан шалгах заавар, хянан шалгах төлөвлөгөө

32.Хянан шалгах төлөвлөгөөг боловсруулах ажлыг хөнгөвчлөх зорилгоор хянан шалгуулж буй оролцогч улс талбайд нэвтрүүлэхээс өмнө хянан шалгах багийн аюулгүй байдлыг хангаж, материал-техникийн туслалцаа үзүүлнэ.

33.Урьдчилан хянан шалгах зааврыг энэ Хавсралтын II хэсгийн 37 дахь хэсгийн дагуу явуулна. Урьдчилан хянан шалгах зааврын хэрэгжилтийн тухайд хянан шалгуулж буй оролцогч улс хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтын зорилгод хамаарахгүй, мэдрэмж бүхий гэж үзсэн тоног төхөөрөмж, баримт бичгүүд буюу бүсийг хянан шалгах багт тодорхойлж болно. Түүнчлэн талбайг хариуцах албан хаагч талбайн байршлын төлөвлөгөө болон бусад холбогдох шинж чанарын талаар хянан шалгах багт заавар өгнө. Хянан шалгах багт талбайн зохих газар зүйн онцлог байдал болон эргэн тойрон дахь байгууламжийг илэрхийлсэн газрын зураг, эсхүл бүдүүвч зургийг мөн олгоно. Хянан шалгах багийг албан хаагчдын объект болон тайлангийн талаархи мэдээллээр мөн хангана.

34.Урьдчилан хянан шалгах зааварчилгааны дараа хянан шалгах баг холбогдох мэдээллийн үндсэн дээр хянан шалгах багаас явуулах үйл ажиллагаа, түүний дотор нэвтрэхийг хүссэн талбайн тусгай бүсийг тодорхойлсон хянан шалгах анхны төлөвлөгөөг бэлтгэнэ. Хянан шалгах төлөвлөгөөнд түүнчлэн хянан шалгах баг дэд бүлэгт хуваагдах эсэх талаар тусгана. Хянан шалгах төлөвлөгөөг хянан шалгуулж буй оролцогч улсын болон хянан шалгалт явуулж буй талбайн төлөөлөгчдөд өгнө. Түүнийг С хэсэг, түүний дотор нэвтрэх болон үйл ажиллагаатай холбоотой заалтуудын дагуу хэрэгжүүлнэ.

Перимтерт явуулах үйл ажиллагаа

35.Хянан шалгах баг эцсийн периметр, эсхүл нэмэлт периметрийн алинд нь түрүүлж хүрэлцэн ирснээс шалтгаалан энэ хэсэгт заасан журмын дагуу периметрт явуулах үйл ажиллагааг нэн даруй явуулах, хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг гүйцэтгэж дуусах хүртэл тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэх эрхтэй.

36.Периметрт явуулах үйл ажиллагаа хэрэгжүүлэхдээ, хянан шалгах баг дараахь эрхтэй байна:

(a)энэхүү хавсралтын II хэсгийн 27-30 дахь хэсгийн дагуу хяналтын төхөөрөмжийг ашиглах;

(b)ус, агаар, хөрс, эсхүл урсгалаас дээж авах;

(c)хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улсын хооронд тохиролцсон байж болох аливаа нэмэлт үйл ажиллагааг явуулах.

37.Хянан шалгах багийн периметрт явуулах үйл ажиллагааг периметрийн гадна талаас хэмжигдэх 50 хүртэлх метрийн өргөнтэй периметрийн гадна талын дагуу байрлах зурвасын хүрээнд хэрэгжүүлнэ. Хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс зөвшөөрвөл хянан шалгах баг периметрийн зурвас дахь аливаа барилга байгууламж буюу бүтцэд нэвтэрч болно. Зайнаас хийх хяналт шалгалтын төхөөрөмж нь дотогшоо хандсан байна. Мэдүүлсэн байгууламжийн хувьд тухайн зурвас нь хянан шалгуулж буй оролцогч улсын үзэмжээр мэдүүлсэн периметрийн дотор, эсхүл гадна талаар, эсхүл аль алинаар дайрч болно.

С. Хянан шалгалт хийх

Ерөнхий журам

38.Хянан шалгуулж буй оролцогч улс хүсэлт болгосон периметрт түүнчлэн хэрэв энэ нь ялгаатай бол эцсийн периметрт нэвтрэх нөхцлийг хангана. Тэдгээр периметрийн доторх тодорхой газар буюу газруудад нэвтрэх түвшин болон шинж чанарыг хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улс нэвтрэх зохицуулалтыг үндэслэн хоорондоо тохиролцоно.

39.Хянан шалгуулж буй оролцогч улс хүсэлт болгосон периметрт аль болох богино хугацаанд гэхдээ ямар ч тохиолдолд хянан шалгах хүсэлт гаргаснаар энэ конвенцийг биелүүлэхгүй байх боломжтой холбоотой асуудлыг тодруулах зорилгоор хянан шалгах баг нэвтрэх боомтод хүрэлцэн ирснээс хойш 108 цагаас илүүгүй хугацаанд нэвтрэх нөхцлөөр хангана.

40.Хянан шалгах багийн хүсэлтийн дагуу хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгах талбайд агаараар нэвтрэх нөхцлийг олгоно.

41.38 дахь хэсэгт заасан нэвтрэх нөхцлийг олгох шаардлагыг биелүүлэхдээ хянан шалгуулж буй оролцогч улс өмчлөх эрх, эсхүл эрж хайх болон хураахтай холбоотой байж болох үндсэн хуулийн аливаа үүргийг харгалзан хамгийн дээд түвшинд нэвтрүүлэх үүргийг дагаж мөрдөнө. Хянан шалгуулж буй оролцогч улс нэвтрэх зохицуулалтын үндсэн дээр үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай тийм арга хэмжээг авах эрхтэй. Хянан шалгуулж буй оролцогч улс энэхүү конвенцоор хориглосон үйл ажиллагаанд оролцохгүй байх өөрийн үүргээс татгалзаж байгаа гэж энэ хэсгийн заалтуудыг ишлэл болгохгүй.

42.Хэрэв хянан шалгуулж буй улс байгууламж, үйл ажиллагаа эсхүл мэдээлэлд нэвтрэх бүрэн бус нөхцөл олговол тэрээр хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг төөрөгдүүлэхтэй холбогдож гарах биелүүлэхгүй байж болох асуудлыг тодруулахад нэмэлт арга хэмжээгээр хангах бүхий л зохих хүчин чармайлтыг авах үүрэгтэй.

43.4, 5 болон 6 дугаар зүйлийн дагуу мэдүүлсэн байгууламжийн эцсийн периметрт хүрэлцэн ирмэгц урьдчилсан хянан шалгах талаар зааварчилгаа болон хамгийн наад захын шаардлагыг хангасан хянан шалгах төлөвлөгөөг хэлэлцсэний дараа нэвтрэх эрхийг олгох бөгөөд аль ч тохиолдолд энэ нь гурван цагаас хэтрэхгүй байна. Мэдүүлсэн байгууламжийн хувьд 3 дугаар зүйлийн 1 (d) хэсгийн дагуу хэлэлцээг эхлүүлэх бөгөөд эцсийн периметрт хүрэлцэн ирснээс хойш 12 цагийн дотор зохицуулалттайгаар нэвтрэнэ.

44.Хянан шалгах хүсэлтийн дагуу хүсэлтээр хийх хянан шалгалтын явуулахдаа хянан шалгах баг энэхүү конвенцийн заалтыг биелүүлэхгүй байж болохтой холбоотой асуудлыг тодруулах зорилгоор хангалттай баримтыг тогтооход шаардлагатай тийм арга хэмжээг авах бөгөөд түүнтэй холбоогүй бусад үйл ажиллагаанаас татгалзана. Тэрээр хянан шалгуулж буй оролцогч улсаас энэхүү конвенцийн заалтыг биелүүлэхгүй байж болохтой холбоотой тийм баримтыг цуглуулж баримтжуулах бөгөөд хянан шалгуулж буй оролцогч улс үүний талаар хүсэлт тавиагүй бол түүнтэй илэрхий холбоогүй мэдээллийг цуглуулж баримтжуулахгүй. Тухайн хэрэгтэй холбоогүй болсон цуглуулагдсан болон нэмэлт аливаа материалыг хадгалахгүй.

45.Хянан шалгах баг өөрийн зорилгыг үр дүнтэй, цаг хугацаанд нь биелүүлэх, хамгийн нарийн аргаар хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг явуулах зарчмыг удирдлага болгоно. Энэ нь боломжтой бол тухайн баг хэрэглэж болох наад захын нарийн журмыг бүх тохиолдолд хэрэглэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл илүү нарийн зохицуулалт бүхий нарийн журмыг ашиглана.

Зохицуулалттай нэвтрэх

46.Хянан шалгах баг хянан шалгах төлөвлөгөөнд хянан шалгалтын аль ч үед хянан шалгуулж буй оролцогч улсаас оруулж болох өөрчлөлт болон санал, түүний дотор химийн зэвсэгтэй холбоогүй өндөр мэдрэмж бүхий тоног төхөөрөмж, мэдээлэл, эсхүл бүсийг хамгаалах талаар урьдчилан хянан шалгах зааварчилгааг харгалзан үзнэ.

47.Хянан шалгуулж буй оролцогч улс нэвтрэхэд ашиглах периметрийн орох/гарах цэгийг тогтооно. Хянан шалгах баг болон хянан шалгуулж буй оролцогч улс дараахь зүйлийн талаар хэлэлцээ хийнэ: 48 дахь хэсэгт заасан эцсийн буюу хүсэлт болгосон периметрийн хүрээнд тодорхой аливаа газар буюу газруудад нэвтрэх түвшин; хянан шалгах багаас явуулах тодорхой аливаа үйл ажиллагаа, түүний дотор дээж авах; хянан шалгуулж буй оролцогч улсаас тодорхой үйл ажиллагааг явуулах; болон хянан шалгуулж буй оролцогч улсаас тодорхой мэдээллээр хангах.

48.Нууцлалын тухай хавсралтын холбогдох заалтуудад нийцүүлэн хянан шалгуулж буй оролцогч улс нууц мэдээлэл болон химийн зэвсэгтэй холбоогүй мэдээллийг задлахаас урьдчилан сэргийлэх, мэдрэмж бүхий төхөөрөмжийг хамгаалах арга хэмжээг авах эрхтэй. Тийм арга хэмжээнд дараахь зүйлүүд багтана:

(a)албан газраас мэдрэмж бүхий баримт бичгүүдийг гаргах;

(b)мэдрэмж бүхий самбар, өмч хөрөнгө болон тоног төхөөрөмжийг нуух;

(c)мэдрэмж бүхий компьютер, эсхүл цахим системийн мэдрэмж бүхий тоног төхөөрөмжийн элементийг нуух;

(d)компьютерийн системийг хязгаарлах болон илрүүлэх төхөөрөмжийг унтраах;

(e)I, II болон III жагсаалтад дурдсан химийн бодис байгаа, эсхүл байхгүй эсэхийг тогтоох зорилгоор дээжинд хийсэн дүгнэлтийг хязгаарлах;

(f)хянан шалгагчдад хянан шалгах зүйлийн тодорхой хувь хэмжээ, эсхүл барилга байгууламжийн тоог үзэмжээрээ сонгохыг санал болгож хянан шалгалтыг явуулах үзэмжээрээ сонгон нэвтрэх аргыг ашиглах; энэ зарчмыг барилга байгууламжийн дотоод хэсэг болон мэдрэмж бүхий хэсэгт мөн адил хэрэглэнэ;

(g)зарим хязгаарлагдмал тохиолдолд зөвхөн тусгай хянан шалгагчдыг хянан шалгах талбайн тодорхой хэсэгт нэвтрүүлэх.

49.Хянан шалгуулж буй оролцогч улс аливаа эд зүйл, барилга, байгууламж, чингэлэг, эсхүл тээврийн хэрэгсэлд хянан шалгах баг бүрэн нэвтрээгүй, эсхүл 48 дахь хэсгийн дагуу хамгаалагдсан бол биелүүлэх боломжгүй асуудлыг тусгасан хянан шалгах хүсэлтэд хамаарах зорилгод эдгээрийг ашиглахгүй байх талаар хянан шалгах багт таниулах боломжит бүхий л хүчин чармайлтыг гаргана.

50.Үүнийг inter alia агаар мандлын нөлөөллөөс хамгаалахын тулд бүрхүүлийг нь хэсэгчлэн авах, эсхүл бүтээх зэргээр хянан шалгуулж буй оролцогч улсын үзэмжийн дагуу хаалттай орон зайн доторхийг нэвтрэх хэсгээс нь харуулах байдлаар хянан шалгах аргаар, эсхүл бусад аргаар хийнэ.

51.4, 5 болон 6 дугаар зүйлийн дагуу мэдүүлсэн байгууламжийн хувьд дараахь зүйлийг хэрэглэнэ:

(a)байгууламжийн хэлэлцээрт заасан байгууламжийн хувьд эцсийн периметрт нэвтрэх болон түүний хүрээнд явуулах үйл ажиллагааг хэлэлцээрээр тогтоосон хил хязгаарын дотор хэрэгжүүлнэ;

(b)байгууламжийн хэлэлцээрт заагаагүй байгууламжийн хувьд нэвтрэх талаархи хэлэлцээ болон үйл ажиллагааг энэхүү конвенцийн дагуу тогтоосон хянан шалгах нийтлэг хэрэглэгдэх үндсэн зарчмын зохицуулна;

(c)4, 5 болон 6 дугаар зүйлийн дагуу явуулах хянан шалгалтын хувьд нэвтрэх эрхийн хүрээнээс гадна нэвтрэх асуудлыг энэ хэсгийн журмын дагуу зохицуулна.

52.3 дугаар зүйлийн 1 (d) хэсгийн дагуу мэдүүлсэн байгууламжийн хувьд дараахь зүйлийг хэрэглэнэ: хэрэв хянан шалгуулж буй оролцогч улс 47 болон 48 дахь хэсгийн журмыг хэрэглэн химийн зэвсэгтэй холбоогүй газар, эсхүл байгууламжид бүрэн нэвтрэх эрх олгоогүй бол биелүүлэх боломжгүй асуудлыг тусгасан хянан шалгах хүсэлтэд хамаарах зорилгод тухайн газар, эсхүл байгуцуламжийг ашиглахгүй байх талаар хянан шалгах багт таниулах боломжит бүхий л хүчин чармайлтыг гаргана.

Ажиглагч

53.9 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийн заалтуудын дагуу хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтад ажиглагч оролцуулахад хүсэлт гаргагч оролцогч улс хянан шалгах баг ирсэн зохих хугацаанд түүнтэй адил нэвтрэх боомтод ажиглагч ирүүлэх асуудлыг зохицуулахаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газартай харилцана.

54.Ажиглагч хянан шалгалтын хугацаанд хянан шалгуулж буй оролцогч улсад, эсхүл хүлээн авагч улсад байгаа хүсэлт гаргагч оролцогч улсын элчин сайд яам, эсхүл элчин сайдын яам байхгүй тохиолдолд хүсэлт гаргагч оролцогч улстай байнга холбоотой байх эрхтэй. Хянан шалгуулж буй оролцогч улс ажиглагчийг холбооны хэрэгслээр хангана.

55.Ажиглагч хянан шалгах талбайн нэмэлт, эсхүл эцсийн периметрийн аль нэгэнд нь ямар ч нөхцөлд түрүүлж ирэх, хянан шалгуулж буй оролцогч улсаас заасан хянан шалгах талбайд нэвтрэх эрхтэй. Хянан шалгах баг шаардлагатай гэж үзвэл ажиглагч түүнд зөвлөмж өгөх эрхтэй. Хянан шалгалтын хугацаанд хянан шалгах баг хянан шалгалтын үйл ажиллагаа болон дүгнэлтийн тухай ажиглагчид байнга мэдээлж байна.

56.Тухайн оронд байх хугацаанд нь хянан шалгуулж буй оролцогч улс ажиглагчийг холбооны хэрэгсэл, орчуулагч, тээврийн хэрэгсэл, ажлын болон амьдрах орон байр, хоол хүнс болон эмнэлгийн тусламж зэрэг шаардлагатай үйлчилгээгээр ийг хангана. Хянан шалгуулж буй оролцогч улсын, эсхүл хүлээн авагч улсын нутаг дэвсгэрт ажиглагч хүрэлцэн ирэхтэй холбоотой бүхий л зардлыг хүсэлт гаргагч оролцогч улс хариуцана.

Хянан шалгах хугацаа

57.Хянан шалгалтын хугацаа хянан шалгуулж буй оролцогч улстай байгуулсан хэлэлцээрээр сунгаагүй бол 84 цагаас хэтрэхгүй байна.

D. Ханан шалгалтын дараахь үйл ажиллагаа

Буцах

58.Хянан шалгах талбайд хянан шалгалтын журмыг биелүүлснээр хянан шалгах баг болон хүсэлт гаргагч оролцогч улсын ажиглагч нэвтрэх боомтод нэн даруй хүрэлцэн ирэх бөгөөд аль болох богино хугацаанд хянан шалгуулж буй оролцогч улсын нутаг дэвсгэрээс гарна.

Илтгэл

59.Хянан шалгах тухай илтгэлд хянан шалгах багаас явуулсан үйл ажиллагаа, ялангуяа хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтын хүсэлтэд дурдсан энэхүү конвенцийг биелүүлэхгүй байх боломжтой холбоотой асуудалд бодит дүгнэлт хийсэн тухай ерөнхийлөн дүгнэж, энэхүү конвенцид шууд хамаарах мэдээллээр хязгаарлагдана. Уг илтгэлд хянан шалгагчдыг нэвтрүүлсэн байдал болон тэдэнд үзүүлсэн туслалцаа шинж байдлын талаархи хянан шалгах багийн дүгнэлт оруулахаас гадна, хянан шалгалтын мандатыг бүрэн хэрэгжүүлэх түвшний талаар мөн оруулна. Хүсэлтийн дагуу хийх хянан шалгах хүсэлтэд дурдсан энэхүү конвенцийг биелүүлэхгүй байх боломжтой холбоотой нарийвчилсан мэдээллийг төгсгөлийн илтгэл хавсралт болгох бөгөөд мэдрэмж бүхий мэдээллийг хамгаалахтай холбогдох заалтыг мөрдөх нөхцөлөөр Техникийн нарийн бичгийн дарга нарын газарт хадгалуулна.

60.Хянан шалгах баг өөрийн ажлын үндсэн байранд ирсний дараа 72 цагаас хойшгүй хугацаанд хянан шалгалтын тухай урьдчилсан илтгэлийг Нууцлалын тухай хавсралтын 17 дахь хэсгийг inter alia харгалзан үзэж Ерөнхий захиралд хүргүүлнэ. Ерөнхий захирал хянан шалгалтын тухай урьдчилсан илтгэлийг хүсэлт гаргагч оролцогч улс, хянан шалгуулж буй оролцогч улс болон Гүйцэтгэх зөвлөлд нэн даруй хүргүүлнэ.

61.Хянан шалгах тухай илтгэлийн эцсийн төслийг хүсэлтийн дагуу хийх хянан шалгалт дууссаны дараа 20 хоногоос илүүгүй хугацаанд хянан шалгуулж буй оролцогч улс хийнэ. Хянан шалгуулж буй оролцогч улс химийн зэвсэгтэй холбоогүй, эсхүл тэдний үзэж байгаагаар Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас гадагш гарах ёсгүй нууцад хамаарах аливаа мэдээллийг тодорхойлох эрхтэй. Техникийн нарийн бичгийн дарга нарын газар хянан шалгуулж буй оролцогч улсаас гаргасан хянан шалгалтын тухай илтгэлийн эцсийн төслийг өөрчлөх саналыг авч үзэх бөгөөд ямар ч тохиолдолд боломжтой бол түүнийг батална. Дараа нь төслийн эцсийн хувилбарыг хүсэлтийн дагуу хийх хянан шалгалт дууссанаас хойш 30-аас илүүгүй хоногийн хугацаанд цаашид тараах болон 9 дүгээр зүйлийн 21-ээс 25 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцүүлэхээр Ерөнхий захиралд өгнө.

XI ХЭСЭГ

ХИМИЙН ЗЭВСГИЙГ АШИГЛАСАН БАЙЖ БОЛОХ ТОХИОЛДОЛД

ЯВУУЛАХ МӨРДӨН БАЙЦААЛТ

А. Ерөнхий заалтууд

1.Химийн зэвсгийг хэрэглэсэн гэж сэжиглэж буй, эсхүл дайн өдөөх хэлбэртэй үймээнийг зогсоох зорилгоор химийн арга хэрэгслийг хэрэглэсэн гэж сэжиглэх тохиолдолд 9 болон 10 дугаар зүйлийн дагуу үүсгэх мөрдөн байцаалтыг энэхүү хавсралт болон Ерөнхий захирлаас тогтоосон журмын дагуу явуулна.

2.Тусгай журамд хамаарах дор дурдсан нэмэлт заалтууд химийн зэвсгийг ашигласан гэж сэжиглэх тохиолдолд шаардагдана.

B. Урьдчилсан хянан шалгалтын үйл ажиллагаа

Мөрдөн байцаалт явуулах хүсэлт

3.Химийн зэвсгийг ашигласан гэж сэжиглэх тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хүсэлтийг Ерөнхий захиралд аль болох боломжийн хугацаанд хүргүүлэх бөгөөд түүнд дараахь мэдээллийг тусгана:

(a)нутаг дэвсгэрт нь химийн зэвсэг хэрэглэсэн гэж сэжиглэгдэж буй оролцогч улс;

(b)орох цэг, эсхүл нэвтрэхэд санал болгосон аюулгүй маршрут;

(c)химийн зэвсгийг хэрэглэсэн гэж сэжиглэгдэж буй бүсийн байршил, шинж чанар;

(d)химийн зэвсгийг хэрэглэсэн гэж сэжиглэж буй цаг хугацаа;

(e)хэрэглэсэн гэж сэжиглэгдэж буй химийн зэвсгийн төрөл;

(f)хэрэглэсэн гэж сэжиглэж буй түвшин;

(g)хорт химийн бодисын шинж чанарын боломжит тодорхойлолт;

(h)хүн, амьтан болон ургамалд үзүүлэх нөлөөлөл;

(i)хэрэв шаардлагатай бол тодорхой төрлийн туслалцааг хүсэх.

4.Мөрдөн байцаалт явуулахыг хүссэн оролцогч улс шаардлагатай гэж үзсэн нэмэлт алива мэдээллийг хэдийд ч хүргүүлж болно.

Мэдэгдэл

5.Ерөнхий захирал хүсэлт гаргагч оролцогч улсад түүний хүсэлтийг хүлээн авсан тухайгаа нэн даруй мэдэгдэж Гүйцэтгэх зөвлөл болон оролцогч бүх улсад энэ тухай мэдээлнэ.

6.Зохих үед Ерөнхий захирал нутаг дэвсгэрт нь мөрдөн байцаалт явуулахыг хүссэн оролцогч улсад мэдэгдэнэ. Ерөнхий захирал хэрэв мөрдөн байцаалт явуулахад оролцогч бусад улсын нутаг дэвсгэрт нэвтрэх шаардлагатай бол тэдгээрт энэ тухай мэдэгдэнэ.

Хянан шалгах багийг томилох

7.Ерөнхий захирал химийн бодисыг ашигласан гэж сэжиглэгдэх тохиолдолд мөрдөн байцаалт явуулахад шаардагдаж болох тодорхой салбарт мэргэшсэн шинжээчийн жагсаалтыг бэлтгэж энэ жагсаалтыг байнга шинэчилж байна. Уг жагсаалтын талаар энэхүү конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногоос илүүгүй хугацаанд болон жагсаалтад өөрчлөлт орсны дараа оролцогч улс бүрт мэдээлж байна. Оролцогч улс уг жагсаалтыг хүлээн авснаас хойш 30 хоногийн хугацаанд түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичгээр мэдэгдээгүй тохиолдолд эл жагсаалтад орсон аливаа мэргэшсэн шинжээчийг томилогдсон гэж үзнэ.

8.Ерөнхий захирал хүсэлтэд заасан тодорхой нөхцөл байдал, онцгой шинж чанарыг харгалзан хүсэлтийн дагуу хийх хянан шалгалтыг хийхээр урьд нь томилогдсон хянан шалгагч болон хянан шалгагчийн туслахаас хянан шалгах багийн ахлагч, гишүүдийг сонгоно. Үүнээс гадна өмнө нь томилогдсон хянан шалгагчдын дунд тодорхой мөрдөн байцаалтыг зохих хэмжээнд явуулахад шаардлагатай шинжээч байхгүй байна гэж Ерөнхий захирал үзвэл мэргэшсэн шинжээчдийн жагсаалтаас нэмэлт болгон хянан шалгах багийн гишүүдийг сонгож болно.

9.Ерөнхий захирал хянан шалгах багийн зааварчилгааг хэрэгжүүлэхдээ хүсэлт гаргагч оролцогч улсаас өгсөн аливаа нэмэлт мэдээлэл, эсхүл хянан шалгалтыг илүү үр дүнтэй хурдан хийх нөхцлийг хангах аливаа бусад эх үүсвэрийг ашиглана.

Хянан шалгах багийг илгээх

10.Химийн зэвсгийг ашигласан гэж сэжиглэгдэх тохиолдолд мөрдөн байцаалт явуулах хүсэлтийг хүлээн авсны дараа Ерөнхий захирал оролцогч холбогдох улстай нэн даруй холбоо барих замаар багийг хүлээн авах талаар тохиролцох талаар хүсэлт гаргаж аюулгүй байдлыг хангуулах нотолгоо гаргуулна.

11.Ерөнхий захирал багийн аюулгүй байдлын харгалзан аль болох богино хугацаанд багийг илгээнэ.

12.Хэрэв хянан шалгах баг хүсэлт хүлээн авснаас хойш 24 цагийн дотор гараагүй бол Ерөнхий захирал саатсан тухай шалтгааныг Гүйцэтгэх зөвлөл болон оролцогч улсуудад мэдээлнэ.

Зааварчилгаа

13.Хянан шалгах баг хянан шалгах хугацаанд хэдийд ч хянан шалгуулж буй оролцогч улсын төлөөлөгчдөөс зааварчилгаа авах эрхтэй.

14.Хянан шалгалт явуулахаас өмнө хянан шалгах баг материал-техникийн хангамж болон техникийн аюулгүй байдлыг хангахад хэрэглэх хянан шалгах төлөвлөгөөг бэлтгэнэ. Хянан шалгах төлөвлөгөөг шаардлага гарсан үед шинэчилж байна.

С. Хянан шалгах ажиллагаа явуулах

Нэвтрэх

15.Хянан шалгах баг химийн зэвсгийг ашигласан гэж сэжиглэгдэж буй аливаа болон бүх бүсэд нэвтрэх эрхтэй. Тухайн баг химийн зэвсгийг ашигласан гэж сэжиглэгдэх тохиолдолд идэвхтэй мөрдөн байцаалт явуулахад шаардлагатай гэж үзэж буй эмнэлэг, дүрвэгсэдийн хуарин болон бусад байранд нэвтрэх эрхтэй. Тийнхүү нэвтрэхдээ хянан шалгах баг хянан шалгуулж буй оролцогч улстай зөвлөлдөнө.

Дээж авах

16.Хянан шалгах баг шаардлагатай гэж үзэж буй төрөл, тоо хэмжээгээр дээж авах эрхтэй. Хэрэв хянан шалгах баг үүнийг шаардлагатай гэж үзэж, холбогдох хүсэлт гаргавал хянан шалгуулж буй оролцогч улс хянан шалгагч, хянан шалгагчийн туслахын хяналтын дор дээжийг цуглуулахад туслалцаа үзүүлнэ. Хянан шалгуулж буй оролцогч улс хэрэглэсэн гэж сэжиглэгдэж буй газрын зэргэлдээх талбай болон хянан шалгах багийн хүссэн бусад бүсээс холбогдох хяналтын дээж авахыг нь зөвшөөрөх бөгөөд түүнд энэ талаар зохих туслалцаа үзүүлнэ.

17.Хэрэглэсэн гэж сэжиглэгдэж байгаа тохиолдлыг мөрдөн байцаахад чухал гэж тооцогдох дээжинд химийн хорт бодис, зэвсэг хэрэгсэл болон төхөөрөмж, зэвсэг хэрэгслийн үлдэгдэл, байгалийн зэрэг дээж (агаар, хөрс, ургамал, ус, цас гэх мэтийн дээжис) хүн, эсхүл амьтнаас гаралтай био-эмнэлгийн дээж (цус, шээс, ялгадас, эд эс гэх мэтийн дээжис) тус тус хамаарна.

18.Хэрэв цуглуулсан дээжийг олшруулах боломжгүй бол дүгнэлтийг байгууламжийн гадна орших лабораторид хийлгэж, үлдсэн дээжийг дүгнэлт хийсний дараа хүсэлтийн дагуу хянан шалгуулж буй оролцогч улсад эгүүлэн өгнө.

Хянан шалгах талбайг томсгох

19.Хэрэв хянан шалгалтын явцад хянан шалгах баг оролцогч хөрш улсад мөрдөн байцаалтыг явуулах шаардлагатай гэж үзвэл Ерөнхий захирал оролцогч тухайн улсын нутаг дэвсгэрт нэвтрэх шаардлагын тухай түүнд мэдэгдэх бөгөөд багийг хүлээн авах талаар тохиролцох талаар хүсэлт гаргаж аюулгүй байдлыг хангуулах нотолгоо гаргуулна.

Хянан шалгах хугацааг сунгах

20.Хэрэв мөрдөн байцаалттай холбоотой тусгай бүсэд аюулгүй нэвтрэх боломжгүй гэж хянан шалгах баг үзвэл хүсэлт гаргагч оролцогч улсад нэн даруй мэдэгдэнэ. Хэрэв шаардлагатай бол хянан шалгах хугацааг аюулгүй нэвтрэх нөхцөл бүрдэх, хянан шалгах баг өөрийн үүргийг биелүүлж дуусах хүртэл хугацааг сунгана.

Асуулга

21.Хянан шалгах баг химийн зэвсгийг хэрэглэсэн гэж сэжиглэгдсэнээс үүдэж үр дүнд нь өртөгдсөн байж болох аливаа этгээдэд асуулга тавьж, шалгах эрхтэй. Түүнчлэн, тэрээр химийн зэвсгийг хэрэглэсэн гэж сэжиглэгдсэн тохиолдолд түүнийг харсан гэрч, эмнэлгийн албан хаагч, бусад этгээд болон химийн зэвсгийг хэрэглэсэн гэж сэжиглэгдсэнээс үүдэж үр дүнд нь өртөгдөж эмчилгээ хийлгэсэн, эсхүл тухайн этгээдүүдтэй холбоотой байж болох этгээдэд асуулга тавих эрхтэй. Хянан шалгах баг өвчтөний түүх байгаа бол түүнийг үзэж болох бөгөөд, зохих үед химийн зэвсгийг хэрэглэсэн гэж сэжиглэгдсэнээс үүдэж үр дүнд нь өртөгсдийн цогцсонд задлан хийхэд оролцохыг тэдэнд зөвшөөрнө.

D. Илтгэл

Журам

22.Хянан шалгах баг хянан шалгуулж буй оролцогч улсын нутаг дэвсгэрт ирснээс хойш 24 цагаас илүүгүй хугацаанд нөхцөл байдлын тухай илтгэлийг Ерөнхий захиралд илгээнэ. Тухайн баг мөрдөн байцаалтын явцад шаардлагатай бол явцын тухай илтгэлийг мөн илгээнэ.

23.Хянан шалгах баг өөрийн ажлын үндсэн байранд ирсний дараа 72 цагаас хойшгүй хугацаанд хянан шалгалтын тухай урьдчилсан илтгэлийг Ерөнхий захиралд хүргүүлнэ. Илтгэлийн эцсийн хувилбарыг өөрийн ажлын үндсэн байранд ирсний дараа 30 хоногоос илүүгүй хугацаанд Ерөнхий захиралд хүргүүлнэ. Ерөнхий захирал урьдчилсан болон илтгэлийн эцсийн хувилбарыг Гүйцэтгэх зөвлөл болон оролцогч бүс улсад нэн даруй хүргүүлнэ.

Агуулга

24.Нөхцөл байдлын тухай илтгэлд туслалцаа үзүүлэх яаралтай шаардлага болон бусад холбогдох мэдээллийг тусгана. Явцын тухай илтгэлд мөрдөн байцаалтын явцад тодорхойлж болох үзүүлэх туслалцаа болон цаашдын яаралтай шаардлагын тухай тусгана.

25.Төгсгөлийн илтгэлд хянан шалгалтын талаархи ,тухайлбал хүсэлтэд дурдсан ашигласан гэж сэжиглэгдэх нөхцөлтэй холбоотой бодит дүгнэлтийг тусгана. Үүнээс гадгна ашигласан гэж сэжиглэгдэх тохиолдолд мөрдөн байцаалт явуулсан тухай илтгэлд мөрдөн байцаалтын явц, дараахь зүйлийг агуулсан түүний янз бүрийн үе шатыг нэмэлт болгон тодорхойлж оруулна:

(a)дээж авсан газар болон хугацаа, шинжилгээ хийсэн газар; болон

(b)нотлох баримт, түүнчлэн асуулга явуулсан бичлэг, эмнэлгийн үзлэгийн үр дүн, шинжлэх ухааны дүгнэлт, хянан шалгах багаас шалгасан баримт бичгүүд.

26.Хэрэв хянан шалгах баг дээжийг лаборатороор шинжлэх хугацаанд аливаа бохирдол, эсхүл бусад бодисыг inter alia тодорхойлох зорилгоор хэрэглэсэн аливаа химийн зэвсгийн үүсвэрийг тогтооход үйлчилж болох түүний мөрдөн байцаалтад хамаарах мэдээллийг цуглуулсан бол тухайн мэдээллийг илтгэлд оруулна.

E. Энэхүү конвенцид оролцогч бус улсууд

27.Энэхүү конвенцийн оролцогч бус улс оролцсон, эсхүл оролцогч улсын хяналтан дор байдаггүй нутаг дэвсгэрт химийн зэвсгийг ашигласан сэжиглэгдэх тохиолдолд Байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргатай нягт хамтран ажиллана. Зохих хүсэлтийн дагуу Байгууллага Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэлд захиран зарцуулуулахаар өөрийн эх үүсвэрийг өгнө.

НУУЦ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХАВСРАЛТ

(“НУУЦЛАЛЫН ТУХАЙ ХАВСРАЛТ”)

А. Нууц мэдээлэлтэй харьцах ерөнхий зарчим

1.Нууц мэдээллийг хамгаалах үүрэг нь иргэний болон цэргийн үйл ажиллагаа, байгууламжийн аль алины нягтлан шалгалтад хамаарна. 8 дугаар зүйлд заасан ерөнхий үүргийн дагуу Байгууллага нь:

(a)энэхүү конвенцоор хүлээсэн үүрэг хариуцлагаа цаг тухайд нь үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээний мэдээлэл, тоо баримтыг зөвхөн шаардана;

(b)техникийн нарийн бичгийн дарга нарын газрын хянан шалгагч нар болон бусад ажилтан y, ажлын үр ашиг, ур чадвар, шударга байдлын дээд жишгийг хангахад шаардлагатай арга хэмжээг авна;

(c)энэхүү конвенцийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс хэлэлцээр, дүрэм боловсруулах бөгөөд хүрэх боломжийг оролцогч улсаас Байгууллагад олгох мэдээллийг аль болох тодорхой заана.

2.Ерөнхий захирал нууц мэдээллийн хамгаалалтыг хангах үндсэн үүрэг хариуцлагатай. Ерөнхий захирал Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын нууц мэдээлэлтэй харьцахыг зохицуулах чанд дэглэм тогтоох бөгөөд чингэхдээ дараахь зүйлийг удирдлага болгон мөрдөнө:

(a)мэдээллийг дараахь тохиолдолд нууц гэж үзнэ:

(i)мэдээллийг олж авсан эх сурвалж болох болон энэхүү мэдээлэл хамаарах оролцогч улс ингэж тогтоосон;

(ii)Ерөнхий захирлын бодлоор мэдээллийг зөвшөөрөлгүйгээр задлах нь уг мэдээлэллийн хамаарах оролцогч улсад эсхүл энэхүү конвенцийг хэрэгжүүлэх механизмд хохирол учруулна гэх үндэслэл байгаа;

(b)Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын олж авсан бүх тоо баримт болон мэдээлэлийг нууц мэдээлэл агуулсан эсэхийг тогтоох зорилгоор Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын зохих нэгж дүгнэнэ. Оролцогч бусад улсад энэхүү конвенцийг үргэлжлүүлэн биелүүлж байгааг нотлоход нь оролцогч улсуудад шаардлагатай тоо баримтыг тэдгээр улсад ердийн журмаар өгнө. Ийм тоо баримтад дараахь зүйлийг хамруулна:

(i)Нягтлан шалгалтын тухай хавсралтад нийцүүлэн 3, 4, 5 болон 6 дугаар зүйлийн дагуу оролцогч улсуудын өгсөн анхны болон жил бүрийн илтгэл болон мэдүүлэг;

(ii)нягтлан шалгах үйл ажиллагааны үр дүн болон үр өгөөжийн тухай ерөнхий илтгэл;

(iii)энэхүү конвенцийн заалтад нийцүүлэн оролцогч бүх улсад өгөх мэдээлэл;

(c)байгууллагын олж авсан энэхүү конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдох мэдээллийг дараахиас бусад тохиолдолд хэвлэн нийтлэхгүй эсхүл өөрөөр нийтийн хүртээл болгохгүй:

(i)Энэхүү конвенцийн хэрэгжилтийн тухай ерөнхий мэдээллийг Бага хурал, эсхүл Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрт нийцүүлэн нийтэд зориулан эмхэтгэж, нийтийн хүртээл болгож болно;

(ii)тухайн мэдээлэл хамаарах оролцогч улсаас илэрхий зөвшөөрөл авсны үндсэн дээр аливаа мэдээллийг нийтийн хүртээл болгож болно;

(iii)нууцын зэрэглэлд багтаж байгаа мэдээллийг зөвхөн энэхүү конвенцийн хэрэгцээнд чанд нийцүүлэн нийтийн хүртээл болгохыг хангах журмын дагуу Байгууллагаас нийтийн хүртээл болгоно. Тийм журмыг 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаас хэлэлцэж, батална.

(d)нууц тоо баримт буюу баримт бичгийн эмзэг байдлын түвшинг тэдгээртэй зохих ёсоор харьцах, хамгаалахыг хангахын тулд нэг мөр хэрэглэх шалгуурт үндэслэн тогтооно. Эл зорилгоор ангиллын тогтолцоог нэвтрүүлэх бөгөөд уг тогтолцоо нь энэхүү конвенцийг бэлтгэх явцад хийсэн ажлыг харгалзан мэдээллийг нууцлалын зохих ангилалд оруулахыг болон мэдээллийн нууц шинж чанарын үргэлжлэх үндэслэлтэй хугацааг хангах тодорхой шалгуурыг хангана. Ангиллын тогтолцоо нь хэрэгжих явцдаа шаардлагатай уян хатан байдлыг хангахын сацуу нууц мэдээлэл өгч буй оролцогч улсуудыг хамгаална. Ангиллын тогтолцоог 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаас хэлэлцэж, батална;

(e)нууц мэдээллийг Байгууллагын байранд аюулгүй хадгална. Зарим тоо баримт болон баримт бичгийг оролцогч улсын Үндэсний албанд мөн хадгалж болно. Зөвхөн тодорхой байгууламжийг хянан шалгахад шаардлагатай эмзэг мэдээллийг, түүний дотор inter alia гэрэл зураг, төлөвлөгөө болон бусад баримт бичгийг тухайн байгуулламжид цоожлон хадгална;

(f)Техникийн нарийн бичгийн дарга нарын газар энэхүү конвенцийн нягтлан шалгах тухай заалтуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд дээд зэргээр нийцэх хэмжээнд мэдээлэлтэй харьцаж, түүнийг тухайн мэдээлэл хамаарах байгууламжийг шууд таньж тогтоох боломж олгохгүй хэлбэрээр хадгална;

(g)байгууламжаас гаргасан нууц мэдээлэл нь энэхүү конвенцийн нягтлан шалгах тухай заалтуудыг цаг тухайд нь үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай хамгийн бага хэмжээнд байна;

(h)нууц мэдээлэлд нэвтрэхийг ангилалд нийцүүлэн зохицуулна. Байгууллага дотор нууц мэдээллийг тараахад “мэдэх шаардлагатай хэмжээ” гэсэн зарчмыг хатуу баримтална.

3.Ерөнхий захирал Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын нууц мэдээлэлтэй харьцахыг зохицуулсан горимын хэрэгжилтийн талаар Бага хуралд жил бүр илтгэнэ.

4.Оролцогч улс бүр Байгууллагаас хүлээн авсан мэдээлэлтэй тухайн мэдээллийн хувьд тогтоосон нууцлалын түвшинд нийцүүлэн харьцана. Холбогдох хүсэлтийн дагуу оролцогч улс Байгууллагаас түүнд өгсөн мэдээлэлтэй харьцах тухай дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.

B. Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын ажилтныг ажилд авах, ажиллуулах

5.Ажилтныг ажилд авах нөхцөл нь нууц мэдээлэлд хүрэх болон түүнтэй харьцах нь Ерөнхий захирлын А ангид нийцүүлэн тогтоосон журамд нийцэх явдлыг хангахуйц байна.

6.Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын албан тушаал бүрийг тухайн албан тушаалд хэрэв нууц мэдээлэл хэрэгцээтэй бол тийнхүү хэрэгцээтэй нууц мэдээлэлд хүрэх хэмжээг заасан албан ёсны ажлын байрны тодорхойлолтоор зохицуулна.

7.Ерөнхий захирал, хянан шалгагч нар болон бусад ажилтан албан үүргээ гүйцэтгэх явцад мэдэж авсан аливаа нууц мэдээллийг чиг үүрэг нь дууссаны дараа ч аливаа зөвшөөрөлгүй этгээдэд задруулахгүй. Тэд аливаа оролцогч улстай хамаарах үйл ажиллагаатайгаа холбогдуулан хүрэх эрхтэй аливаа мэдээллийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газраас гадна аливаа улс, байгууллага буюу этгээдэд мэдэгдэхгүй.

8.Хянан шалгагч нар чиг үүргээ гүйцэтгэхдээ зөвхөн мандатаа биелүүлэхэд нь шаардлагатай мэдээлэл, тоо баримтыг шаардана. Тэд тохиолдлоор цуглуулсан бөгөөд энэхүү конвенцийг дагаж мөрдөж байгааг нягтлан шалгахад хамааралгүй мэдээллийг бүртгэн тэмдэглэхгүй.

9.Ажилтнууд ажиллах хугацаа болон түүнийг дууссаны дараа таван жилийг хамарсан нууцлалын тухай хэлэлцээрийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газартай тус бүрчлэн байгуулна.

10.Зүй бусаар задруулахаас зайлсхийхийн тулд хянан шалгагч нар болон ажилтнуудад аюулгүй байдал, түүнчлэн зүй бусаар задруулсан тохиолдолд хүлээж болох шийтгэлийн талаар зохих ёсоор зөвлөж, сануулна.

11.Оролцогч улсын нутаг дэвсгэр, эсхүл хэргийн харьяалал буюу хяналтан дор нь орших аливаа өөр газарт явуулж буй үйл ажиллагаанд хамаарах нууц мэдээлэлд хүрэх боломжийг ажилтанд олгохоос 30-аас доошгүй хоногийн өмнө ийнхүү хүрэх боломж олгох саналын тухай холбогдох оролцогч улсад мэдэгдэнэ. Хянан шалгагч нарын хувьд томилгооны талаархи санал нь энэ шаардлагыг хангана.

12.Хянан шалгагч нар болон Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын бусад ажилтны ажлын гүйцэтгэлийг дүгнэхдээ нууц мэдээлэл хамгаалах талаархи тухайн ажилтны үзүүлэлтийг тусгайлан анхаарна.

C. Газар дээр нь нягтлан шалгах явцад эмзэг суурилуулалтыг хамгаалах болон нууц тоо баримтыг задруулахаас сэргийлэх арга хэмжээ

13.Оролцогч улсууд нууцлалыг хамгаалахад шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч болох бөгөөд чингэхдээ тэд үүргээ холбогдох зүйлүүд болон Нягтлан шалгалтын тухай хавсралтад нийцүүлж байгаагаа харуулахаар биелүүлнэ. Хянан шалгалт хүлээж авахдаа оролцогч улс эмзэг бөгөөд хянан шалгах зорилгод хамааралгүй гэж үзэж байгаа тоног төхөөрөмж, бичиг баримт буюу талбайг хянан шалгах багт зааж өгч болно.

14.Хянан шалгах баг газар дээр нь хийх хянан шалгалтыг хамгийн түрэмгий бус байдлаар, зорилтоо цаг тухайд нь үр ашигтай биелүүлэхээр явуулах зарчмыг удирдлага болгоно. Тэд химийн зэвсэгт хамааралгүй эмзэг тоног төхөөрөмж болон мэдээллийг хамгаалах явдлыг хангах үүднээс хянан шалгах аль ч шатанд хянан шалгуулж буй оролцогч улсаас гаргаж болох саналыг харгалзан үзнэ.

15.Хянан шалгах баг хянан шалгалтыг зохицуулж буй холбогдох зүйлүүд болон хавсралтад заасан заалтуудыг чанд мөрдөнө. Тэд эмзэг тоног төхөөрөмжийг хамгаалах болон нууц тоо баримтыг задруулахаас сэргийлэх зориулалттай журмыг бүрэн хүндэтгэнэ.

16.Тохиролцоо болон байгууламжийн тухай хэлэлцээрийг боловсруулах явцад нууц мэдээлэл хамгаалах шаардлагад зохих анхаарлыг хандуулна. Байгууламж тус бүрийн хянан шалгах журмын тухай хэлэлцээрт хянан шалгагч нар нэвтрэх эрх олгогдсон байгууламжийн бүсүүдийг тодорхойлох, газар дээр нь нууц мэдээллийг хадгалах асуудал, тохиролцсон бүс дэх хянан шалгалтын арга хэмжээний хүрээ, дээж авах болон шинжлэх, бүртгэлд нэвтрэх, түүнчлэн багаж хэрэгсэл болон тасралтгүй ажиглан шинжих тоног төхөөрөмжийг ашиглах асуудлаархи тусгай бөгөөд нарийвчилсан тохиролцоог тусгана.

17.Хянан шалгалт бүрийн дараа бэлтгэх илтгэлд зөвхөн энэхүү конвенцийг дагаж мөрдөхтэй холбоотой баримтыг тусгана. Илтгэлийг нууц мэдээлэлтэй харьцах асуудлыг зохицуулсан Байгууллагаас тогтоосон дүрэмд нийцүүлэн ашиглана. Шаардлагатай бол илтгэлд байгаа мэдээллийг Техникийн нарийн бичгийн дарга нарын газар болон хянан шалгуулж буй оролцогч улсаас гадагш дамжуулахаас өмнө арай эмзэг бус хэлбэрт оруулж болно.

D. Нууцлалыг зөрчсөн эсхүл зөрчсөн гэх тохиолдолд хэрэглэх журам

18.Ерөнхий захирал 8 дугаар зүйлийн 21 дэх хэсгийн (i) дэд хэсгийн дагуу Бага хурлаас хэлэлцэж, батласан зөвлөмжийг харгалзан нууцлалыг зөрчсөн, эсхүл зөрчсөн гэх тохиолдолд дагаж мөрдөх шаардлагатай журмыг тогтооно.

19.Ерөнхий захирал тус бүрчлэн байгуулсан нууцлалын тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хянана. Нууц мэдээллийг хамгаалах талаархи үүргээ зөрчсөн гэх хангалттай шинж тэмдэг илэрсэн гэж Ерөнхий захирал үзэж байгаа бол мөрдөн байцаалтыг даруй эхлүүлнэ. Хэрэв нууцлалыг зөрчсөн тухай оролцогч улс мэдэгдвэл Ерөнхий захирал мөн мөрдөн байцаалтыг даруй эхлүүлнэ.

20.Нууц мэдээллийг хамгаалах талаархи үүргээ зөрчсөн ажилтнуулын хувьд Ерөнхий захирал шийтгэлийн болон сахилгын зохих арга хэмжээ авна. Ноцтойгоор зөрчсөн тохиолдолд Ерөнхий захирал хэргийн харьяаллын хувьд олгосон дархан эрхийг нь эгүүлэн авч болно.

21.Оролцогч улсууд нууцлалыг зөрчсөн эсхүл зөрчсөн гэх тохиолдолд мөрдөн байцаалт явуулахад нь болон зөрчлийг тогтоосон тохиолдолд зохих арга хэмжээ авахад нь Ерөнхий захиралтай боломжтой хэмжээнд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ.

22.Байгууллага нь Техникийн нарийн бичгийн дарга нарын газрын ажилтнуудын гаргасан нууцлалын талаархи ямарваа зөрчилд хариуцлага хүлээхгүй.

23.Оролцогч улс болон Байгууллагын аль алинтай холбоотой зөрчлийн хувьд Бага хурлын туслах байгууллага хэлбэрээр байгуулагдсан “Нууцлалтай холбоотой маргаан шийдвэрлэх комисс” хэргийг хэлэлцэнэ. Энэ комиссыг Бага хурал томилно. Түүний бүрэлдэхүүн, үйл ажиллагааны журмыг зохицуулсан дүрмийг Бага хурал анхдугаар чуулганаараа батална.