A

A

A

Бүлэг: 1979

ХУДАЛДААН ДАХЬ ТЕХНИКИЙН СААД ТОТГОРЫН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

Гишүүд,

Олон талт худалдааны талаархи Уругвайн шатны хэлэлцээг анхааралдаа авч,

1994 оны ТХЕХ –ийн зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж,

үйлдвэрлэлийн үр ашгийг сайжруулах, олон улсын худалдааг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлэх замаар олон улсын стандартууд болон үнэлгээ өгөх тогтолцооны энэ талаар оруулж чадах чухал хувь нэмрийг хүлээн зөвшөөрч,

ийнхүү олон улсын стандартууд болон үнэлгээ өгөх тогтолцоог боловсруулах явдалд дэмжлэг үзүүлэхийг эрмэлзэж,

хэдийгээр техникийн дүрэм, болон стандартууд, үүний дотор баглаа боодол, хаяглалт, шошго болон техникийн дүрэм болон стандартад нийцэж буй эсэхэд үнэлгээ өгөх журамд тавих шаардлага нь олон улсын худалдаанд илүүц саад тотгор учруулахгүй байх явдлыг хангахыг эрмэлзэж,

аль ч орны тухайд өөрийн экпортын чанарыг хангах, эсхүл хүн ам, амьтан буюу ургамлын амьдрал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, эсхүл залилах дадлаас урьдчилан сэргийлэх талаар шаардлагатай арга хэмжээг өөрсдийн үзэж буй зохистой түвшинд, гэхдээ ижил төстэй нөхцлүүд давамгайлсан орнуудын хооронд дур зоргоор буюу шударга бусаар алагчилах хэрэгсэл болгон ашиглахгүйгээр, эсхүл олон улсын худалдаанд далд хориг тавих хэлбэр бусаар, өөрөөр хэлбэл энэхүү хэлэлцээрийн заалтад нийцүүлэн авч байхыг хориглох ёсгүйг хүлээн зөвшөөрч,

аль ч орны тухайд өөрийн аюулгүй байдлын үндсэн ашиг сонирхлоо хамгаалахад шаардлагатай арга хэмжээ авахад нь саад үл учруулахыг хүлээн зөвшөөрч,

технологийг хөгжилтэй орноос хөгжиж буй оронд шилжүүлэхэд олон улсын стандарчлалын оруулж чадах хувь нэмрийг хүлээн зөвшөөрч,

техникийн дүрэм, стандарт болон техникийн дүрэм, стандартад нийцэж буй эсэхэд үнэлгээ өгөх журмыг тодорхойлох буюу хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудын өмнө онцгой хүндрэл тулгарч магадгүйг хүлээн зөвшөөрч, үүнтэй холбогдуулж тэдгээрт туслалцаа үзүүлэхийг хүсч,

үүгээр дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Нийтлэг заалтууд

1.1.Стандартчилал болон үнэлгээ өгөх журамд хамаарах нийтлэг нэр томъёонуудыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын тогтолцооны буюу олон улсын стандартчиллын байгууллагуудаас тогтоосон тодорхойлолтуудын утгаар ерөнхийд нь ойлгож, тэдгээрт хэрэглэгдэж буй утга болон энэхүү хэлэлцээрийн агуулга, зорилгыг анхааралдаа авна.

1.2.Харин энэхүү хэлэлцээрийн зорилгоор нэр томъёонуудын утгыг 1 дүгээр хавсралтад заасны дагуу ойлгоно.

1.3.Энэхүү хэлэлцээрийн заалтад бүх төрлийн бүтээгдэхүүн, үүний дотор аж үйлдвэр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хамаарна.

1.4.Засгийн газрын байгууллагуудын үйлдвэрлэл буюу хэрэгцээний шаардлагад зориулж засгийн газрын байгууллагуудаас бэлтгэдэг худалдааны нөхцлүүд нь энэхүү хэлэлцээрийн заалтад хамаарахгүй бөгөөд засгийн газрын нийлүүлэлтийн тухай хэлэлцээрээр түүний үйлчлэх хүрээнд зохицуулагдана.

1.5.Энэхүү хэлэлцээрийн заалтууд Эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн тухай хэлэлцээрийн хавсралт А-д тодорхойлсон эрүүл ахуй, ургамлын хорио цээрийн арга хэмжээнд хамаарахгүй болно.

1.6.Техникийн дүрэм, стандарт болон үнэлгээ өгөх журмын талаар энэхүү хэлэлцээрт иш татсан бүх заалтыг тэдгээрт хийсэн аливаа өөрчлөлт, түүнчлэн дүрэм буюу түүнд хамрагдах бүтээгдэхүүнд оруулсан аливаа нэмэлт өөрчлөлтийг ач холбогдол багатай өөрчлөлт, нэмэлтээс бусдыг нь тусгах байдлаар тайлбарлана.

ТЕХНИКИЙН ДҮРЭМ БОЛОН СТАНДАРТУУД

2 дугаар зүйл

Засгийн газрын төв байгууллагуудаас техникийн дүрмийг

боловсруулах, батлах болон хэрэгжүүлэх

Засгийн газрын төв байгууллагуудын тухайд:

2.1.Гишүүд техникийн дүрмийн хувьд аль ч гишүүний нутаг дэвсгэрээс гаралтай импортлосон бүтээгдэхүүнд үндэсний гаралтай ижил бүтээгдэхүүн болон аливаа бусад орноос гаралтай ижил бүтээгдэхүүнд үзүүлдэгээс дутуугүй тааламжтай нөхцөл үзүүлэх явдлыг хангана.

2.2.Гишүүд нь техникийн дүрмийг олон улсын худалдаанд илүүц саад тотгор учруулах, эсхүл, учруулахад хүргэхгүй байхаар боловсруулах, батлах буюу хэрэгжүүлэх явдлыг хангана. Эл зорилгын үүднээс техникийн дүрэм нь хуулийн зорилтыг биелүүлэхээс илүү хэмжээнд худалдааг хязгаарлахгүй байх бөгөөд хуулийн зорилтыг үл биелүүлэх нөхцөлд үүсч болох эрсдлийг бодолцсон байвал зохино. Хуулийн эдгээр зорилт нь inter alia: үндэсний аюулгүй байдлын шаардлагууд; залилах дадлаас урьдчилан сэргийлэх; хүн амын аюулгүй байдал буюу эрүүл мэнд, амьтан, ургамлын амьдрал буюу эрүүл мэнд, эсхүл, байгаль орчныг хамгаалах явдал. Гарч болзошгүй эрсдлийг тооцохдоо шинжлэх ухаан, техникийн мэдээлэл, холбогдох технологи буюу бүтээгдэхүүний төлөвлөж байгаа эцсийн ашиглалт зэрэг inter alia хүчин зүйлийг анхааралдаа авна.

2.3.Хэрэв техникийн дүрмийг батлахад нөлөөлсөн нөхцөл, шалтгаан нь үгүй болсон, эсхүл өөрчлөгдсөн нөхцөл, шалтгаанууд нь худалдаанд арай бага хязгаарлалт тогтоох арга хэрэглэж болохоор бол тэдгээр техникийн дүрмийг хэвээр хадгалах ёсгүй.

2.4.Техникийн дүрэм шаардагдаж байгаа бөгөөд олон улсын холбогдох стандартууд нь бэлэн байгаа, аль эсхүл тэдгээрийг боловсруулах ажил дуусч байгаа нөхцөлд гишүүд тэдгээрийг бүхэлд нь, эсхүл, зарим холбогдох хэсгийг эдгээр олон улсын стандарт буюу тэдгээрийн холбогдох хэсгүүд нь хууль ёсны зорилтуудыг биелүүлэхэд, тухайлбал, цаг уур буюу газар зүйн үндсэн хүчин зүйл, эсхүл технологийн гол асуудлаас шалтгаалан үр ашиггүй буюу зохимжгүй хэрэгсэл болохоос бусад тохиолдолд өөрийн техникийн дүрмийн үндэс болгож ашиглана.

2.5.Бусад гишүүний худалдаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болохуйц техникийн дүрмийг бэлтгэж, баталж, эсхүл, хэрэгжүүлж байгаа гишүүн нь өөр гишүүний хүсэлтийн дагуу уг техникийн дүрмийн зөвтгөх үндэслэлийг 2-4 дэх хэсгийн заалтын үүднээс тайлбарлана. Хэрэв техникийн дүрмийг бэлтгэх, батлах, эсхүл, хэрэгжүүлэхдээ 2 дахь шууд заасан хуулийн аль нэг зорилтыг биелүүлэх зорилгоор гүйцэтгэсэн болон олон улсын холбогдох стандартуудад нийцүүлсэн байвал тухайн техникийн дүрмийг олон улсын худалдаанд илүүц саад тотгор учруулахгүй гэж тооцно.

2.6.Техникийн дүрмүүдийг хооронд нь аль болох өргөн хүрээнд уялдуулах үүднээс гишүүд нь техникийн дүрмийг батласан, эсхүл батлахаар төлөвлөж байгаа бүтээгдэхүүний олон улсын стандартыг олон улсын стандартчилалтын холбогдох байгууллагууд боловсруулах явцад өөрийн боломжийн хүрээнд бүрэн оролцож байна.

2.7.Бусад гишүүний техникийн дүрэм нь өөрсдийнхөөс нь ялгаатай хэдий ч өөрсдийн нь техникийн дүрмийн зорилгод нийцнэ гэж үзвэл дурдсан техникийн дүрмийг хүлээн авах боломжийг гишүүд нааштайгаар авч үзнэ.

2.8.Зохих тохиолдолд гишүүд бүтээгдэхүүний зохион бүтээсэн байдал буюу тодорхой шинжинд тавих шаардлагаас илүү ашиглалтад тавих шаардлагад тулгуурласан техникийн дүрмийг тогтооно.

2.9.Олон улсын холбогдох стандарт байхгүй, аль эсхүл боловсруулж буй техникийн дүрмийн техникийн агуулга нь олон улсын холбогдох стандартын техникийн агуулгатай нийцэхгүй байгаа бөгөөд техникийн дүрэм нь бусад гишүүний худалдаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх магадлалтай тохиолдолд гишүүд:

2.9.1.техникийн тухайн дүрмийг нэвтрүүлэх тухайгаа бусад гишүүний сонирхож буй талуудад танилцуулах зорилгоор мэдэгдлийг цаг хугацааны зохих шатанд урьдчилан хэвлэн нийтлэнэ;

2.9.2.Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулж боловсруулж буй техникийн тухайн дүрэмд хамаарах бүтээгдэхүүнийг техникийн дүрмийн товч зорилго болон үндэслэлийн хамт бусад гишүүнд мэдэгдэнэ. Нэмэлт өөрчлөлт оруулах болон хийх тайлбарыг анхааралдаа авах боломжийг бий болгохын тулд уг мэдэгдлийг илүү эрт холбогдох шатанд хийнэ;

2.9.3.боловсруулж буй техникийн дүрмийн тухай дэлгэрэнгүй тайлбар буюу хуулбарыг хүсэлтийнх нь дагуу бусад гишүүнд хүргүүлэх бөгөөд боломжийн хэрээр олон улсын холбогдох стандартуудаас зарчмын ялгаатай хэсгийг онцолж заана;

2.9.4.тайлбараа боловсруулж бичгээр өгөх, уг тайлбарыг хүсэлтийн дагуу хэлэлцүүлэх, бичгээр өгсөн эдгээр тайлбар болон түүнтэй холбогдсон хэлэлцүүлгийн үр дүнг тусгуулах зорилгоор алагчилахгүй байх үндсэн дээр бусад гишүүнд боломжит цаг хугацаа олгож байна.

2.10. 9.дэх хэсгийн оршлын дагуу мөрдөгдөх ёстой бөгөөд хэрэв аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах буюу үндэсний аюулгүй байдалтай холбоотой тулгамдсан асуудлууд гишүүнд тулгарах, эсхүл тулгарах аюул гарах тохиолдолд техникийн дүрмийг баталсны дараа дараахь алхамуудыг хийсэн тохиолдолд 9 дэх хэсэгт заасан арга хэмжээг шаардлагатай гэж үзвэл авахгүй байж болно:

2.10.1.Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулж техникийн тухайн дүрэм болон түүнд хамаарах бүтээгдэхүүний тухай мэдэгдлийг техникийн дүрмийн зорилго, үндэслэл, түүнчлэн тулгамдсан асуудлын шалтгааны хамт бусад гишүүнд даруй мэдэгдэх;

2.10.2.бусад гишүүнд хүсэлтийх нь дагуу техникийн дүрмийн хуулбарыг хүргүүлэх;

2.10.3.тайлбараа боловсруулж бичгээр өгөх, уг тайлбарыг хүсэлтийн дагуу хэлэлцүүлэх, бичгээр өгсөн эдгээр тайлбар болон түүнтэй холбогдсон хэлэлцүүлгийн үр дүнг тусгуулах зорилгоор алагчилахгүй байх үндсэн дээр бусад гишүүнд боломж олгоно.

2.11.Гишүүд техникийн батлагдсан бүх дүрмийг бусад гишүүний сонирхож буй талуудад танилцуулах зорилгоор тэдгээрийг даруй хэвлүүлэх буюу бусад хэлбэрээр танилцах боломжийг олгох явдлыг хангана.

2.12.10дахь хэсэгт дурдсан яаралтай нөхцөлөөс бусад тохиолдолд экспортлогч гишүүн, нэн ялангуяа хөгжиж буй орнуудын үйлдвэрлэгчдэд өөрийн бүтээгдэхүүн буюу үйлдвэрлэлийн арга барилаа импортлогч гишүүний шаардлагад нийцүүлэхэд цаг хугацаа олгох үүднээс гишүүд нь техникийн дүрмийг хэвлэн нийтлүүлэх, хүчин төгөлдөр болгохын хооронд боломжит хугацаа тогтооно.

3 дугаар зүйл

Техникийн дүрмийг орон нутгийн засгийн газрын байгууллага

болон засгийн газрын бус байгууллагуудаас боловсруулах, батлах болон хэрэгжүүлэх

Өөрийн нутаг дэвсгэрт байрлаж буй орон нутгийн засгийн газрын болон засгийн газрын бус байгууллагуудын тухайд:

3.1.Мэдэгдэл хийх үүргийн тухай 2 дугаар зүйлийн 9.2, 10.1 дэх хэсгээс бусад 2 дугаар зүйлд орсон заалтыг дээрх байгууллагуудаар мөрдүүлэх явдлыг хангах үүднээс гишүүд өөрсдийн боломжит арга хэмжээ авч байна.

3.2.Гишүүн орнуудын засгийн газрын төв байгууллагуудын шууд харьяалалд байдаг доод шатны орон нутгийн засгийн газрын байгууллагуудаас гаргасан техникийн дүрмийн хувьд 2 дугаар зүйлийн 9.2, 10.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдэхийг гишүүд хариуцах бөгөөд уг техникийн дүрэм нь тухайн гишүүний засгийн газрын төв байгууллагаас өмнө нь мэдэгдсэн техникийн дүрмийн агуулгатай үндсэндээ ижил бол мэдэгдэл шаардлагагүй.

3.3.2 дугаар зүйлийн 9 болон 10 дахь хэсэгт дурдсан мэдэгдэл өгөх, мэдээллээр хангах, санал гаргах болон хэлэлцүүлэг явуулах зэрэг бусад гишүүнтэй явуулах харилцаа холбоог засгийн газрын төв байгууллагаар дамжуулахыг гишүүд шаардаж болно.

3.4.Өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд орон нутгийн засгийн газрын буюу засгийн газрын бус байгууллагуудаас 2 дугаар зүйлийн заалтад харшлах аливаа үйл ажиллагааг явуулахыг шаардах эсхүл, дэмжихэд чиглэсэн арга хэмжээг гишүүд авч хэрэгжүүлэхгүй.

3.5.Энэхүү хэлэлцээрийн дагуу гишүүд 2 дугаар зүйлд заасан бүх заалтыг биелүүлэх хариуцлагыг бүрэн хүлээнэ. Гишүүд 2 дугаар зүйлийн заалтыг засгийн газрын төв байгууллагаас бусад байгууллагуудаар ч сахиулах явдлыг дэмжих зорилгоор нааштай арга хэмжээ болон механизмуудыг боловсруулж хэрэгжүүлнэ.

4 дүгээр зүйл

Стандартыг боловсруулах, батлах болон хэрэгжүүлэх

4.1.Энэхүү хэлэлцээрийн 3 дугаар хавсралтад заасан стандартыг боловсруулах, батлах болон хэрэгжүүлэх шударга дадлын тухай журам (энэхүү хэлэлцээрт “Шударга дадлын журам” гэнэ)-ыг засгийн газрын стандартчилалын төв байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэх, сахиулах явдлыг гишүүд хангана. Тэд нутаг дэвсгэрт нь байрладаг орон нутгийн засгийн газрын болон засгийн газрын бус стандартчиллын байгууллагуудаар, түүнчлэн өөрсдөө буюу тэдгээрийн аль нэг буюу хэд хэдэн байгууллагууд нь гишүүн болох тэдгээрийн нутаг дэвсгэрт нь байршилтай бүсийн стандартчилалтын байгууллагуудаар Шударга дадлын журмыг хүлээн зөвшөөрүүлэх, түүнийг сахиулах явдлыг хангах зорилгоор гишүүд өөрийн тохирох боломжит арга хэмжээг авч байна. Үүнээс гадна гишүүд стандартчилалын байгууллагуудаас Шударга дадлынн журамтай харшлах үйл ажиллагааг явуулахыг шаардсан буюу дэмжсэн шууд буюу шууд бус нөлөө бүхий арга хэмжээг хэрэгжүүлэхгүй. Шударга дадлын журмыг стандартчилалын байгууллагуудаар сахиулах гишүүний үүрэг нь Шударга дадлын журмыг стандартчилалын байгууллага нь хүлээн зөвшөөрсөн буюу үл зөвшөөрсөн байдлаас үл хамааран хэрэгжих ёстой.

4.2.Шударга дадлын журмыг хүлээн зөвшөөрч түүнийг сахиж буй стандартчилалын байгууллагуудыг энэхүү хэлэлцээрийн зарчмыг сахиж буй гэж тооцохыг гишүүд хүлээн зөвшөөрнө.

ТЕХНИКИЙН ДҮРЭМ БОЛОН СТАНДАРТАД НИЙЦЭХ

5 дугаар зүйл

Засгийн газрын төв байгууллагуудаас гаргах

нийцүүлэх үнэлгээний журам

5.1.Гишүүд техникийн дүрэм буюу стандартад нийцэж байгаа талаар эерэг баталгаа гаргах шаардлагатай тохиолдолд бусад гишүүний нутаг дэвсгэрээс гаралтай бүтээгдэхүүний тухайд засгийн газрын төв байгууллагуудаас дараахь заалтуудыг хэрэглэх явдлыг хангана:

5.1.1.бусад гишүүний нутаг дэвсгэрээс гаралтай бүтээгдэхүүн оруулах зөвшөөрлийг нийлүүлэгчид олгохдоо тухайн нөхцөл байдалд үндэсний бүтээгдэхүүн, эсхүл аль нэг бусад орноос гаралтай ижил бүтээгдэхүүнд зөвшөөрөл олгодог таатай нөхцөлөөс дутуугүй тааламжтай нөхцөл бүрдүүлэх утгаар нийцүүлэх үнэлгээний журмыг боловсруулан баталж хэрэглэх бөгөөд бараа нийлүүлэгчид зөвшөөрөл өгснөөр түүнд энэхүү журмын дагуу үнэлгээ явуулах эрх олгогдож, үүний дотор, урьдаас заасан бол үнэлгээг үйлдвэрлэлийн газар явуулах болон үнэлгээнд тэмдэг даруулах явдал орно;

Нийцүүлэх үнэлгээний журмыг олон улсын худалдаанд илүүц саад тотгор учруулах, эсхүл учрахад хүргэх байдлаар боловсруулан баталж хэрэгжүүлж үл болно. Энэ нь, inter alia, импортлогч гишүүнд түүний бүтээгдэхүүн нь мөрдөж буй техникийн дүрэм болон стандартад нийцэж байна гэсэн итгэлийг өгөх шаардлагатай тийм хэмжээнээс илүү хатуу байдлаар эсхүл, илүү хатуу нөхцлөөр үнэлгээ өгөх журмыг үл хэрэглэх болно гэсэн үг юм. Чингэхдээ харин үл нийцэх нөхцлөөс үүдэн гарах эрсдлийг зохих ёсоор тооцож үзнэ.

5.2. 1 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд гишүүд дараахь байдлыг хангана:

5.2.1.үнэлгээ өгөх журмыг аль болох шуурхай хэрэгжүүлэх болон дуусгах бөгөөд бусад гишүүний нутаг дэвсгэрээс гаралтай бүтээгдэхүүний тухайд орон нутгийн ижил бүтээгдэхүүнд тогтоодгоос дутуугүй тааламжтай дарааллыг тогтооно;

5.2.2.үнэлгээ өгөх журмын үргэлжлэх стандартын хугацааг нийтлэх буюу үргэлжлэхээр төлөвлөж буй хугацааг өргөдөл гаргагч хүссэн тохиолдолд мэдэгдэж, өргөдөл хүлээж авсан нөхцөлд эрх бүхий байгууллага нь бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хянан үзэж дутагдалтай талыг тодорхой нарийвчилсан байдлаар өргөдөл гаргагчид хэлж өгч, шаардлагатай тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулахаар бол эрх бүхий байгууллага нь үнэлгээний үр дүнг өргөдөл гаргагчид тодорхой нарийвчилсан байдлаар аль болох түргэн хугацаанд гаргаж өгч, өргөдөлд дутагдалтай талууд байсан ч эрх бүхий байгууллага нь өргөдөл гаргагчийн хүсэлтийн дагуу үнэлгээ өгөх ажлыг бололцоотой хэмжээнд гүйцэтгэж, үнэлгээ аль шатанд явагдаж буй тухай мэдээллийг өргөдөл гаргагчид ямар нэгэн шалтгаан тоочиж хойшлуулахгүй хэлж өгөх;

5.2.3.мэдээллийн тухайд тавих шаардлагыг үнэлгээ өгөх болон төлбөр тогтооход хангалттай байх тийм хэмжээгээр хязгаарлах;

5.2.4.үнэлгээ өгөх журмын явцад гарч ирсэн аль, эсхүл түүнтэй холбогдуулж өгсөн бусад гишүүний нутаг дэвсгэрээс гаралтай бүтээгдэхүүний тухай мэдээллийн нууцыг орон нутгийн бүтээгдэхүүнтэй адилхан аргаар хүндэтгэж, тэдгээрийн арилжааны хууль ёсны эрх ашгийг нэгэн адил байдлаар хамгаалах;

5.2.5.бусад гишүүний нутаг дэвсгэрээс гаралтай бүтээгдэхүүний үнэлгээнд тогтоох аливаа төлбөр нь орон нутгийн, аль эсхүл аль нэг өөр орноос гаралтай бүтээгдэхүүний үнэлгээнд тогтоодог аливаа төлбөртэй тэнцүү байх бөгөөд тэгэхдээ харилцаа холбоо, тээврийн үнэ, түүнчлэн өргөдөл гаргагчийн үйлдвэрлэлийн газар болон үнэлгээ өгөх байгууллагын байршлын ялгаанаас үүдэн гарах бусад зардлыг бодолцох;

5.2.6.үнэлгээ өгөх журамд ашиглах үйлдвэрийн газрын болон загвар сонголтын үйл явц нь өргөдөл гаргагч буюу түүний агентуудад илүүц хүндрэл учруулах ёсгүй байх;

5.2.7.мөрдөж буй техникийн дүрэм болон стандартад нийцэж буйд үнэлгээ өгсний дараа бүтээгдэхүүний тодорхойлолтод өөрчлөлт оруулах аливаа тохиолдолд өөрчлөгдсөн бүтээгдэхүүний тухайд үнэлгээ өгөх журам нь уг бүтээгдэхүүн нь техникийн холбогдох дүрэм болон стандартад тэр хэвээрээ нийцэж байна гэсэн итгэлийг баталгаажуулах шаардлагатай хэмжээний тодорхойлолтоор хязгаарлагдах;

5.2.8.үнэлгээ өгөх журмын явцтай холбогдуулж гарсан гомдлыг хянан үздэг журамтай байх, гарсан гомдол нь батлагдсан тохиолдолд алдааг засах арга хэмжээг авдаг байх,

5.3.Өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд газар дээр нь шалгалт явуулахад 1 болон 2 дахь хэсэгт орсон аль ч заалт гишүүдэд саад болох ёсгүй.

5.4.Бүтээгдэхүүн нь техникийн дүрэм болон стандартад нийцэж байгаа тухай эерэг баталгаа шаардагдах тохиолдолд, мөн олон улсын стандартчилалтын байгууллагуудаас гаргасан холбогдох удирдамж буюу зөвлөмжүүд бэлэн байгаа, эсхүл, тэдгээрийг боловсруулах ажил нь дуусах шатанд байгаа нөхцөлд засгийн газрын төв байгууллагууд тэдгээрийг бүхэлд нь буюу хэсэгчилсэн байдлаар үнэлгээ өгөх журамдаа ашиглах явдлыг гишүүд хангана. Харин үндэсний аюулгүй байдлын шаардлага, залилах практикаас урьдчилан сэргийлэх явдал, хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдал, амьтан буюу ургамлын амьдрал, эрүүл мэнд, эсхүл, байгаль орчныг хамгаалах явдал, уур амьсгал буюу газар зүйн үндсэн хүчин зүйлүүд, технологийн буюу дэд бүтцийн үндсэн асуудлууд зэрэг шалтгаанаар уг удирдамж буюу зөвлөмжүүд, эсхүл, тэдгээрийн холбогдох хэсгүүд оролцож буй гишүүдэд тохиромжгүй байх тохиолдлууд энд хамаарахгүй.

5.5.Үнэлгээ өгөх журмыг хооронд нь аль болох өргөн хүрээнд уялдуулан зохицуулах үүднээс олон улсын стандартчилалын байгууллагуудаас үнэлгээ өгөх журмын талаар удирдамж болон зөвлөмж бэлтгэх талаар хийж буй ажилд гишүүд өөрийн боломжийн хэрээр бүрэн оролцох ёстой.

5.6.Олон улсын стандартчилалын байгууллагаас холбогдох удирдамж буюу зөвлөмж гараагүй, аль эсхүл санал болгож буй үнэлгээ өгөх журмын техникийн агуулга нь олон улсын стандартчилалын байгууллагуудын гаргасан холбогдох удирдамж болон зөвлөмжүүдтэй нийцэхгүй байгаа, түүнчлэн үнэлгээ өгөх журам нь бусад гишүүний худалдаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж болзошгүй аливаа тохиолдолд гишүүд:

5.6.1.нийцэж байгаа талаар үнэлгээ өгөх тодорхой журам нэвтрүүлэх гэж байгаа тухайгаа ДХБ-ын бусад гишүүн орнуудын сонирхогч талуудад танилцах боломж олгохын тулд мэдэгдлийг цаг хугацааны хувьд илүү эрт шатанд хэвлэн нийтлэнэ;

5.6.2.нийцэж байгаа талаар үнэлгээ өгөх тухайн журамд хамаарах бүтээгдэхүүний талаар үнэлгээ өгөх журмын товч зорилго, үндэслэлийн хамт бусад гишүүнд нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулж мэдэгдэнэ. Нэмэлт өөрчлөлт оруулах болон санал хүлээж авах боломжийг хангахын тулд уг мэдэгдлийг цаг хугацааны хувьд илүү эрт шатанд хэвлэнэ;

5.6.3.боловсруулж буй үнэлгээ өгөх журмын тухай дэлгэрэнгүй тайлбар буюу түүний хуулбарыг хүсэлтийн нь дагуу буюу гишүүдэд өгөх, боломжтой тохиолдолд олон улсын холбогдох стандартуудаас утгаараа ялгаатай хэсгийг онцолж заана;

5.6.4.бичгээр саналаа өгөх, уг саналаар хүсэлтийн дагуу уг хэлэлцүүлэг хийх, бичгээр өгсөн эдгээр санал болон түүнтэй холбогдсон хэлэлцүүлгийн үр дүнг тусгуулах зорилгоор алагчлахгүй байх үндсэн дээр бусад гишүүнд боломжийн цаг хугацаа олгож байна.

5.7. 6дахь хэсгийн оршилд орсон заалтыг мөрдөх ёстой боловч гишүүнд аюулгүй байдал, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах явдал, эсхүл, үндэсний аюулгүй байдалтай холбоотой хойшлуулшгүй асуудлууд тулгарах, аль эсхүл тулгарах аюул гарах тохиолдолд техникийн дүрмээ баталсны дараа доорх алхамуудыг хийсэн тохиолдолд 6 дахь хэсэгт заасан арга хэмжээнүүдийг өөрийн үзэмжийн дагуу авахгүй байж болно:

5.7.1.тухайн журам болон түүнд хамаарах бүтээгдэхүүний тухай мэдээллийг журмын товч зорилго болон үндэслэл, түүнчлэн хойшлуулшгүй асуудлын шалтгааны хамт нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулж бусад гишүүнд мэдэгдэх;

5.7.2.тухайн дүрэм, журмын хуулбарыг бусад гишүүнд хүсэлтийнх нь дагуу өгөх;

5.7.3.бичгээр саналаа өгөх, саналыг хүсэлтийнх нь дагуу хэлэлцүүлэх, бичгээр өгсөн санал болон хэлэлцүүлгийн үр дүнг тусгуулах боломжийг бусад гишүүнд алагчлахгүй байх үндсэн дээр олгоно.

5.8.Үнэлгээ өгөх батлагдсан бүх журмыг бусад гишүүн орнуудын сонирхож буй талуудад танилцуулах зорилгоор тэдгээрийг яаралтай хэвлэлд нийтлүүлэх, аль эсхүл өөр аргаар олж авч танилцах боломжийг тэдэнд олгоно.

5.9. 7 дахь хэсэгт дурдсан яаралтай нөхцлөөс бусад тохиолдолд экспортлогч гишүүн орны, ялангуяа хөгжиж буй орнуудын үйлдвэрлэгчдэд өөрийн бүтээгдэхүүн буюу үйлдвэрлэлийн арга барилаа импортлогч гишүүний шаардлагад нийцүүлэхэд цаг хугацаа олгох үүднээс гишүүд нь үнэлгээ өгөх журмыг хэвлэн нийтлүүлэх болон хүчин төгөлдөр болохын хооронд хангалттай хугацаа тогтооно.

6 дугаар зүйл

Нийцэж байгаа үнэлгээг засгийн газрын төв

байгууллагуудаар хүлээн зөвшөөрүүлэх

Өөрийн засгийн газрын төв байгууллагуудын тухайд:

6.1.Үнэлгээ өгөх журам нь өөрийн журмаас ялгаатай байсан ч уг журам нь өөрийн журмын адил мөрдөж буй техникийн дүрэм болон стандартад нийцэж байгааг магадлаж мэдсэн нөхцөлд 3 болон 4 дэх хэсгийн заалтад харшлахгүйгээр, үнэлгээ өгөх журмын үр дүнг бусад гишүүн оронд хүлээн зөвшөөрүүлэх явлыг гишүүд боломжийн хэрээр хангана. Санал нийлж харилцан тохиролцоонд хүрэхийн тулд урьдчилж, тухайлбал дараахь асуудлаар зөвлөлдөх нь шаардлагатай гэж үзнэ:

6.1.1.үнэлгээний үр дүн нь удаан хугацаанд баталгаатай байна гэсэн итгэлтэй байхын тулд экспортлогч гишүүний үнэлгээ өгөх холбогдох байгууллагын нэр хүндтэй болон ижил хэмжээний буюу техникийн эрх мэдэл, тухайлбал, энэ тухайд олон улсын стандартчилалын байгууллагуудын холбогдох заавар болон удирдамжид нийцсэн байдал нь итгэмжлэлээр баталгаажуулсан нь техникийн хангалттай эрх мэдлийн баталгаа болно;

6.1.2.экспортлогч гишүүн орны эрх бүхий байгууллагуудын өгсөн үнэлгээний үр дүнгээр үнэлгээний үр дүнг хүлээн зөвшөөрөх явдлыг хязгаарласан байна.

6.2.Үнэлгээ өгөх журам нь 1 дэх хэсгийн заалтыг бололцооны хэрээр хэрэгжүүлэх нөхцөлийг олгож байх явдлыг гишүүд хангана.

6.3.Үнэлгээ өгөх журмынхаа үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх зорилгоор хэлэлцээ хийж, гэрээ байгуулах тухай бусад гишүүний хүсэлтийг дэмжиж байхыг гишүүдэд зөвлөж байна. Эдгээр тохиролцоо нь 1 дэх хэсгийн шалгуурт нийцсэн байх болон тухайн бүтээгдэхүүний худалдаанд дэмжлэг үзүүлэх боломжийн тухайд харилцан сэтгэл хангалуун байх явдалд хүргэх шаардлагыг гишүүд тавьж болно.

6.4.Бусад гишүүний нутаг дэвсгэрт байршилтай үнэлгээ өгдөг байгууллагуудад өөрийн үнэлгээ өгөх журамд оролцох талаар зөвшөөрч, чингэхдээ өөрийн нутаг дэвсгэрт, эсхүл, аль нэг орны нутаг дэвсгэрт байршилтай байгууллагуудад үзүүлдэг нөхцөлөөс дутуугүй тааламжтай байдлаар хандахыг гишүүдэд зөвлөмж болгож байна.

7 дугаар зүйл

Нийцэж байгаа талаар орон нутгийн засгийн газрын

Байгууллагуудаас үнэлгээ өгөх журам

Өөрийн нутаг дэвсгэрт байрлаж буй орон нутгийн засгийн газрын байгууллагуудын тухайд:

7.1. 5 дугаар зүйлийн 6.2 болон 7.1 дэх хэсэгт

дурдсан мэдэгдэл хийхтэй холбогдсон үүргээс бусад 5, 6 дугаар зүйлд орсон заалтуудыг дээрх байгууллагуудаар мөрдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг гишүүд өөрийн боломжийн хэрээр авч байна.

7.2.Гишүүн орнуудын засгийн газрын төв байгууллагуудын шууд удирдлагын дор байдаг доод шатны орон нутгийн засгийн газрын байгууллагууд үнэлгээ өгөх журмыг 5 дугаар зүйлийн 6.2 болон 7.1 дэх хэсгийн заалтын дагуу мэдүүлж байх явдлыг гишүүд хангах бөгөөд үүнд тухайн гишүүний засгийн газрын төв байгууллагуудаас урьд нь мэдэгдэл нь хэвлэгдсэн үнэлгээ өгөх журмын техник агуулгатай зарчмын хувьд ижил үнэлгээ өгөх журам хамаарахгүй.

7.3.5 дугаар зүйлийн 6 болон 7 дахь хэсэгт заасан мэдэгдэл өгөх, мэдээллээр хангах, санал гаргах болон хэлэлцүүлэг явуулах зэрэг бусад гишүүнтэй барих харилцаа холбоог засгийн газрын төв байгууллагаар дамжуулахыг гишүүд шаардаж болно.

7.4. 5 болон 6 дугаар зүйлийн заалтад харшлах аливаа үйл ажиллагааг өөрийн нутаг дэвсгэрийн хүрээнд явуулахыг орон нутгийн засгийн газрын байгууллагуудаас шаардах, эсхүл, дэмжихэд чиглэсэн арга хэмжээг гишүүд явуулж болохгүй.

7.5.Энэхүү хэлэлцээрийн дагуу гишүүд 5 болон 6 дугаар зүйлд орсон бүх заалтуудыг сахих хариуцлагыг бүрэн хүлээнэ. 5 болон 6 дугаар зүйлийн заалтыг засгийн газрын төв байгууллагаас бусад байгууллагуудаар сахиулах талаар гишүүд үр дүнтэй арга хэмжээ, механизмуудыг боловсруулж хэрэгжүүлнэ.

8 дугаар зүйл

Нийцэж байгаа талаар засгийн газрын бус

байгууллагуудаас үнэлгээ өгөх журам

8.1.Үнэлгээ өгөх журам боловсруулж буйг мэдээлэх тухай үүргээс бусад 5 болон 6 дугаар зүйлд орсон заалтыг тухайн нутаг дэвсгэрт үнэлгээ өгөх журмыг хэрэгжүүлдэг засгийн газрын бус байгууллагуудаар мөрдүүлэх явдлыг хангах талаар гишүүд өөрийн боломжийн хэрээр зохистой арга хэмжээнүүдийг авч байна. Үүнээс гадна 5 болон 6 дугаар зүйлд үл нийцэх арга хэмжээг эдгээр байгууллагуудаас авахыг шаардах, эсхүл, дэмжихэд шууд буюу дам нөлөө үзүүлэхүйц арга хэмжээг гишүүд хэрэгжүүлж болохгүй.

8.2.Засгийн газрын төв байгууллагууд нь засгийн газрын бус байгууллагуудын хийсэн үнэлгээ өгөх журмыг авч хэрэглэхдээ үнэлгээ өгөх журам боловсруулж буйг мэдээлэх үүргээс бусад 5 болон 6 дугаар зүйлийн заалтууд мөрдөгдсөн тохиолдолд л хүлээн зөвшөөрч байх явдлыг гишүүд хангана.

9 дүгээр зүйл

Олон улсын болон бүсийн системүүд

9.1.Техникийн дүрэм болон стандарттай нийцэж буй эерэг баталгаа гаргах шаардлагатай тохиолдолд гишүүд үнэлгээ өгөх олон улсын системийг боловсруулан батлах болон түүнд гишүүнээр элсэх буюу түүний оролцогч болох зэрэг зохистой арга хэмжээ авна.

9.2.Гишүүний нутаг дэвсгэрт байрлаж буй холбогдох байгууллагууд нь үнэлгээ өгөх олон улсын болон бүсийн системд гишүүн, эсхүл, оролцогчоор байх тохиолдолд уг системүүдийг 5 болон 6 дугаар зүйлийн заалттай нийцүүлэх явдлыг хангах талаар гишүүд өөрт байгаа боломжтой арга хэмжээнүүдийг авч байна. Түүнчлэн, 5 болон 6 дугаар зүйлийн аль нэг заалттай харшилсан үйл ажиллагааг явуулах, эсхүл, дэмжихээр шууд буюу шууд бус байдлаар нөлөөлөх аль нэг арга хэмжээг гишүүд авч хэрэгжүүлж болохгүй.

9.3.Засгийн газрын төв байгууллагууд нь олон улсын болон бүсийн нийцэж байгаа талаар үнэлгээ өгөх системд тулгуурлахдаа эдгээр систем нь 5 болон 6 дугаар зүйлийн заалттай хэрхэн нийцэж буй тэр хэмжээгээр зөвшөөрөх явдлыг гишүүд хангана.

МЭДЭЭЛЭЛ, ТУСЛАЛЦАА

10 дугаар зүйл

Техникийн дүрэм, стандартууд, үнэлгээ өгөх

журмын тухай мэдээлэл

10.1.Бусад гишүүн болон тэдгээрийн сонирхож буй талуудын үндэслэлтэй хүсэлтэд хариу өгөх, түүнчлэн дараахь асуудлуудаар холбогдох лавлагаа гаргаж өгч чадахуйц Мэдэллийн төв байгуулах ажлыг гишүүд хариуцна:

10.1.1.техникийн дүрмийг хэрэгжүүлдэг эрх бүхий засгийн газрын төв буюу орон нутгийн байгууллага, засгийн газрын бус байгууллага, аль эсхүл эдгээр байгууллагууд нь гишүүнээр буюу оролцогчоор нь ордог бүсийн стандартчилалын байгууллагуудаас нутаг дэвсгэрийн хүрээнд батласан, эсхүл, санал болгосон техникийн аливаа дүрэм;

10.1.2.засгийн газрын төв буюу орон нутгийн байгууллага, аль эсхүл эдгээр байгууллага нь гишүүнээр, эсхүл, оролцогчоор нь ордог бүсийн стандартчилалын байгууллагуудаас нутаг дэвсгэрийн хүрээнд батласан буюу санал болгосон аливаа стандарт;

10.1.3.техникийн дүрэм хэрэгжүүлдэг эрх бүхий төв буюу орон нутгийн засгийн газрын байгууллагууд, засгийн газрын бус байгууллага, аль эсхүл эдгээр байгууллагууд нь гишүүн буюу оролцогчоор нь ордог бүсийн байгууллагуудаас нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлж, эсхүл, боловсруулж буй үнэлгээ өгөх аливаа журмууд;

10.1.4.олон улс болон бүсийн стандартчилалын байгууллага болон үнэлгээ өгөх систем дэх, түүнчлэн энэхүү хэлэлцээрийн хүрээнд хийгдэх хоёр болон олон талын тохиролцоон дахь гишүүний, эсхүл, түүний нутаг дэвсгэрийн төв буюу орон нутгийн холбогдох байгууллагуудын гишүүнчлэл болон оролцоо, тэрээр түүнчлэн эдгээр систем болон тохиролцооны заалтуудын талаар хангалттай мэдээллээр хангах чадвартай байна;

10.1.5.энэхүү хэлэлцээрийн дагуу хэвлэн нийтлүүлсэн мэдээллийн эх сурвалж, аль эсхүл уг мэдээллийг хаанаас олж авах тухай мэдээлэл;

10.1.6. 3 дахь хэсэгт дурдсан мэдээллийн төвүүдийн байршил.

10.2.Харин хэрэв хууль зүйн буюу захиргааны шалтгааны улмаас гишүүн нь нэгээс илүү мэдээллийн төв байгуулсан бол тус гишүүн нь мэдээллийн төв тус бүрийн үүргийн хүрээний талаар бүрэн бөгөөд тодорхой мэдээллийг бусад гишүүнд хүргүүлнэ. Түүнчлэн, хүсэлтийг мэдээллийн зохисгүй төвд тавьсан тохиолдолд уг хүсэлтийг шаардлагатай мэдээллийн төв рүү шилжүүлэх асуудлыг гишүүн хариуцна.

10.3.Бусад гишүүний болон тэдгээрийн сонирхож буй талуудын тавьсан бүх асуудалд хариулж чадах, түүнчлэн дор дурдсан холбогдох баримт бичгүүдийг гаргаж өгөх, эсхүл, хаанаас авч болох талаар мэдээлэл болон баримт бичиг өгөх зориулалт бүхий нэг буюу түүнээс дээш тооны мэдээллийн төв байгуулах явдлыг хангах үүднээс гишүүн бүр өөрийн боломжид тулгуурлан шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна:

10.3.1.засгийн газрын бус стандартчилалын байгууллага, эсхүл, эдгээр байгууллага нь гишүүн буюу оролцогчоор нь байдаг бүсийн стандартчилалын байгууллагуудаас түүний нутаг дэвсгэрт батласан буюу санал болгосон аливаа стандартууд;

10.3.2.засгийн газрын бус байгууллага, эсхүл, эдгээр байгууллага нь гишүүн буюу оролцогчоор нь байдаг бүсийн байгууллагуудаас түүний нутаг дэвсгэрт хэрэгжүүлдэг аливаа үнэлгээ өгөх журам буюу санал болгож буй үнэлгээ өгөх журам;

10.3.3.олон улс болон бүсийн стандартчилалын байгууллага болон үнэлгээ өгөх систем дэх, түүнчлэн энэхүү хэлэлцээрийн хүрээнд хийгдэх хоёр болон олон талт тохиролцоон дахь нутаг дэвсгэрийн засгийн газрын бус холбогдох байгууллагуудын гишүүнчлэл болон оролцоо, мөн эдгээр систем болон тохиролцооны заалтуудын талаархи хангалттай мэдээлээр хангах чадвартай байна.

10.4.Бусад гишүүн, эсхүл, бусад гишүүний сонирхож буй талуудаас энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу бичиг баримтуудын хуулбарыг авах хүсэлт тавьсан тохиолдолд дээрх бичиг баримтуудыг хүргэх үнийг (хэрэв тийм үнэ байх тохиолдолд) тээвэрлэлтийн бодит зардлаас бусад хэсгийн хувьд тухайн гишүүн буюу бусад аль ч гишүүний иргэдийн хувьд адил тэнцүү байдлаар тогтоох явдлыг хангах талаар гишүүд боломжийн хүрээнд зохистой арга хэмжээнүүдийг авч байна.

10.5.Хөгжилтэй гишүүн орнууд бусад гишүүний хүсэлтийн дагуу холбогдох мэдэгдэлд хамаарах баримтуудаа англи, франц буюу испани хэл дээрх орчуулгаар, эсхүл, овор ихтэй бичиг баримтын тухайд товчилсон хэлбэрээр хүргүүлж байна.

10.6.Нарийн бичгийн дарга нарын газар нь энэхүү хэлэлцээрийн заалтын дагуу мэдэгдэл хүлээж авсан тохиолдолд бүх гишүүн болон сонирхож буй олон улсын стандартчилалын болон үнэлгээ өгөх байгууллагуудад мэдүүлгийн хуулбарыг хүргэж, хөгжиж буй орны гишүүдийн анхаарлыг тэдгээрийн хувьд сонирхол бүхий бүтээгдэхүүний талаархи мэдүүлэгт хандуулж байна.

10.7.Худалдаанд чухал нөлөө үзүүлж болзошгүй техникийн дүрэм болон стандартууд, аль эсхүл үнэлгээ өгөх журамтай холбоотой асуудлуудаар гишүүн нь аль нэгэн оронтой буюу орнуудтай тохиролцоонд хүрсэн тохиолдолд гэрээний аль нэг тал болох наад зах нь нэг гишүүн нь гэрээнд тусгагдсан бүтээгдэхүүний тухай мэдээг гэрээний товч танилцуулгын хамт бусад гишүүнд Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан мэдэгдэнэ. Ижил төстэй гэрээ байгуулах, аль эсхүл ийм гэрээнд оролцох талаар зөвшөөрөл авах үүднээс бусад гишүүнтэй хүсэлтийнх нь дагуу зөвлөлдөхийг сонирхож буй талуудад санал болгож байна.

10.8.Дараахь зүйлийг шаардаж буй ямар ч зүйл энэхүү хэлэлцээрт байхгүй:

10.8.1.эх бичвэрийг гишүүний эх хэлээс бусад өөр хэл дээр нийтлүүлэх;

10.8.2. 5 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд баримт бичгийн төслийн зарим хэсэг буюу хуулбарыг гишүүний эх хэлээс бусад хэлээр гаргаж өгөх; эсхүл

10.8.3.агуулгыг нь дэлгэснээр аюулгүйн байдлын үндсэн эрх ашигт нь харшлана гэж үзэж буй мэдээллийг гишүүдээс гаргуулах.

10.9.Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэлийг англи, франц, испани хэлээр ирүүлнэ.

10.10.Гишүүд засгийн газрын нэгдсэн нэг төв байгууллага томилж 3 дугаар хавсралтад орсон журмуудаас бусад, энэхүү хэлэлцээрт заасан мэдэгдэл хийх журамтай холбоотой заалтыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг түүнд хариуцуулна.

10.11.Хэрэв хууль зүйн буюу захиргааны шалтгааны улмаас мэдүүлэг хийх хариуцлагыг хоёр буюу түүнээс дээш засгийн газрын төв байгууллагуудад хуваах болсон тохиолдолд тухайн гишүүн нь эдгээр байгууллага тус бүрийн хариуцлагын хүрээний талаар дэлгэрэнгүй бөгөөд ойлгомжтой мэдээллийг бусад гишүүнд хүргүүлнэ.

11 дүгээр зүйл

Бусад гшүүнд үзүүлэх техникийн туслалцаа

11.1.Техникийн дүрэм боловсруулах асуудлын талаар гишүүдэд хүсэлтийнх нь дагуу бусад гишүүн, ялангуяа хөгжиж буй орны гишүүдэд зөвлөлгөө өгч байна.

11.2.Үндэсний стандартчилалын байгууллага байгуулах, мөн олон улсын стандартчилалын байгууллагын ажилд оролцох талаар гишүүдийн хүсэлтийх нь дагуу бусад гишүүн, нэн ялангуяа хөгжиж буй гишүүдэд зөвлөлгөө өгч, харилцан тохиролцсон хугацаа болон нөхцөлийн үндсэн дээр тэдэнд техникийн туслалцаа үзүүлж, тэдгээрийн үндэсний стандартчилалын байгууллагаас ийм чиглэлийн ажил явуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

11.3.Өөрийн нутаг дэвсгэрийн зохицуулагч байгууллагуудыг бусад гишүүн, нэн ялангуяа хөгжиж буй гишүүдэд зөвлөлгөө өгөх ажилд татан оролцуулах талаар гишүүд хүсэлтийнх нь дагуу боломжтой арга хэмжээнүүдийг авч, хугацаа болон нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр тэдэнд доорх асуудлаар техникийн туслалцаа үзүүлнэ:

11.3.1.зохицуулагч байгууллага, аль эсхүл техникийн дүрэмд нийцэж буйд үнэлгээ өгөх байгууллага байгуулах;

11.3.2.тэдгээрийн техникийн дүрмийг дээд зэргээр биелүүлэх арга замууд.

11.4.Бусад гишүүн, нэн ялангуяа хөгжиж буй гишүүдэд зөвлөлгөө өгөх ажлыг зохион байгуулах талаар гишүүд хүсэлтийнх нь дагуу өөрийн боломжийн хүрээнд зохих арга хэмжээ авч, хүсэлт гаргагч гишүүний нутаг дэвсгэрт баталж гаргасан стандартуудтай нийцэж буй эсэхэд үнэлгээ өгөх тийм байгууллагыг байгуулах талаар хугацаа болон нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр тэдэнд техникийн туслалцаа үзүүлнэ.

11.5.Гишүүд бусад гишүүн, нэн ялангуяа хөгжиж буй гишүүдэд зөвлөлгөө өгөх болон хэрэв тэдгээрийн үйлдвэрлэгчид нь хүсэлт хүлээн авагч гишүүний нутаг дэвсгэр дэх засгийн газрын буюу засгийн газрын бус байгууллагуудаас хэрэгжүүлж буй үнэлгээ өгөх системд хамрагдахыг хүсэх тохиолдолд ямар алхам хэрэгжүүлэх талаар хугацаа болон нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр тэдэнд техникийн туслалцаа үзүүлнэ.

11.6.Үнэлгээ өгөх олон улсын болон бүсийн системд гишүүнээр, аль эсхүл оролцогчоор ордог гишүүд нь бусад гишүүн, нэн ялангуяа хөгжиж буй гишүүдэд хүсэлтийнх нь дагуу зөвлөлгөө өгч, дээрх системд гишүүн буюу оролцогчоор байх үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байгууллага болон хууль зүйн үндэслэлийг бий болгох чиглэлээр хугацаа болон нөхцөлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр тэдэнд техникийн туслалцаа үзүүлнэ.

11.7.Үнэлгээ өгөх олон улс буюу бүсийн системд гишүүн, аль эсхүл оролцогчоор ордог нутаг дэвсгэрийн байгууллагууд нь бусад гишүүн, нэн ялангуяа хөгжиж буй гишүүдэд хүсэлтийнх нь дагуу зөвлөлгөө өгөх, дээрх системд гишүүн буюу оролцогчоор байх үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгдөг байгууллага хуулийн хүрээг бүрдүүлэхэд техникийн туслалцаа үзүүлэх талаар гаргасан хүсэлтийг гишүүд авч үзэж дэмжлэг үзүүлнэ.

11.8 1-7 дахь хэсгийн заалтын дагуу бусад гишүүнд зөвлөлгөө өгөх болон техникийн туслалцаа үзүүлэхдээ гишүүд нь нэн буурай хөгжилтэй орнуудын хэрэгцээг нэн тэргүүнд авч үзнэ.

12 дугаар зүйл

Хөгжиж буй гишүүн орнуудад тусгайлан,

Ялгавартай хандах нөхцөл

12.1.Энэхүү хэлэлцээрийн оролцогч хөгжиж буй гишүүдийн тухайд дараах заалтууд болон энэхүү хэлэлцээрийн бусад зүйлүүдийн холбогдох заалтын дагуу тэдэнд тусгайлан болон ялгавартайгаар хандах нөхцөлийг гишүүд бүрдүүлэн мөрдөнө.

12.2.Гишүүд хөгжиж буй гишүүн орнуудын эрх болон үүрэгт нь хамааралтай энэхүү хэлэлцээрийн заалтад онцгой анхаарал тавьж, энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад хөгжиж буй гишүүдийн хөгжил, санхүү болон худалдааны онцлог хэрэгцээг үндэсний хэмжээнд болон уг хэлэлцээрийн дагуу зохион байгуулалтын түвшинд анхааралдаа авна.

12.3.Гишүүд техникийн дүрэм, стандарт, үнэлгээ өгөх журмыг боловсруулах болон хэрэгжүүлэхдээ эдгээр техникийн дүрэм, стандарт, үнэлгээ өгөх журам нь хөгжиж буй гишүүн орнуудын экспортод илүүц саад тотгор учруулахгүй байх явдлыг хангах үүднээс хөгжиж буй гишүүн орнуудын хөгжил, санхүү болон худалдааны онцлог хэрэгцээг анхааралдаа авна.

12.4.Хэдийгээр олон улсын стандарт, удирдамж буюу зөвлөмжүүд бэлэн байж болох авч хөгжиж буй гишүүн орнуудын хувьд өөрийн онцлог технологийн болон нийгэм-эдийн задсгийн нөхцөл байдал, өөрийн хөгжлийн хэрэгцээнд тохирох орон нутгийн технологи болон үйлдвэрлэлийн арга, процессыг хадгалахад чиглэгдсэн тодорхой техникийн дүрэм, стандарт буюу үнэлгээ өгөх журам батлахыг гишүүд хүлээн зөвшөөрнө. Иймд өөрийн хөгжил, санхүү, худалдааны шаардлагад нийцэхгүй олон улсын стандартууд, үүний дотор туршилтын аргыг өөрийн техникийн дүрэм болон стандартын үндэс болгож ашиглахыг хөгжиж буй гишүүн орнуудаас шаардахгүй гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрнө.

12.5.Олон улсын стандартчилалын байгууллага, үнэлгээ өгөх олон улсын системүүдийг зохион байгуулах болон ажиллуулахад хөгжиж буй гишүүн орнуудын онцлог асуудлыг анхааралдаа авахын зэрэгцээ түүнд бүх гишүүдийн холбогдох байгууллагуудыг идэвхтэй, өргөнөөр оролцуулах явдлыг хангах зорилгоор гишүүд өөрийн боломжтой, зохистой арга хэмжээнүүдийг авч байна.

12.6.Хөгжиж буй гишүүдийн онцгой сонирхож буй бүтээгдэхүүний талаар тэдгээрийн хүсэлтийн дагуу олон улсын стандартчилалын байгууллагуудаас олон улсын стандарт бий болгох асуудлыг судлах, боломжтой тохиолдолд түүнийг боловсруулах явдлыг хангах талаар гишүүд бололцооныхоо хэрээр зохистой арга хэмжээнүүдийг авч байна.

12.7.Техникийн дүрэм, стандарт, үнэлгээ өгөх журмыг боловсруулах болон хэрэгжүүлэх ажил нь хөгжиж буй гишүүн орнуудын экспортыг өргөжүүлэх, нэр төрлийг нь нэмэгдүүлэхэд илүү саад тотгор учруулахгүй байх явдлыг хангах үүднээс гишүүд 11 дүгээр зүйлийн заалтын дагуу хөгжиж буй гишүүн орнуудад техникийн туслалцаа үзүүлнэ. Техникийн туслалцааны нөхцөлийг тогтоохдоо хүсэлт гаргасан гишүүн, ялангуяа нэн буурай хөгжилтэй гишүүний хөгжлийн түвшинг анхааралдаа авна.

12.8.Хөгжиж буй гишүүд техникийн дүрэм, стандарт, үнэлгээ өгөх журам боловсруулах болон хэрэгжүүлэх явцад онцлог асуудлуудтай, түүний дотор бүтэц зохион байгуулалт, дэд бүтцийн чанартай хүндрэлүүдтэй тулгарч болзошгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Цаашилбал, хөгжиж буй гишүүн орнуудын хөгжил хийгээд худалдааны онцлог хэрэгцээ, түүнчлэн тэдгээрийн технологийн хөгжлийн шат нь энэхүү хэлэлцээрийн дагуу хүлээх үүргээ бүрэн биелүүлэх боломжийг нь хязгаарлаж болохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд, энэхүү нөхцөлийг гишүүд бүрэн харгалзах болно. Энэ ёсоор энэхүү хэлэлцээрийг мөрдөх боломжийг хөгжиж буй гишүүдэд олгох үүднээс, 13 дугаар зүйлд заасан Худалдаан дахь техникийн саад тотгорын хороо (энэхүү хэлэлцээрт “Хороо” гэнэ) нь хүсэлтийн дагуу энэхүү хэлэлцээрийн үүргээс бүрэн буюу хэсэгчилсэн байдлаар, хугацааны хувьд хязгаартайгаар чөлөөлөх эрх эдэлнэ. Ирүүлсэн хүсэлтийг хянаж үзэхдээ Хороо нь техникийн дүрэм, стандарт, үнэлгээ өгөх журам боловсруулах болон хэрэгжүүлэх шатанд гардаг хүндрэлтэй асуудлууд болон хөгжиж буй гГишүүн орнуудын хөгжил болон худалдааны онцгой шаардлагууд, түүнчлэн энэхүү хэлэлцээрийн дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлэхэд тэдгээрийн бололцоог хязгаарлаж болзошгүй технологийн хөгжлийн үе шат зэргийг харгалзах болно. Хороо нь нэн буурай хөгжилтэй гишүүдийн асуудлыг онцгойлон авч үзнэ.

12.9.Зөвлөлдөөний явцад хөгжилтэй гишүүд нь стандарт, техникийн дүрэм болон үнэлгээ өгөх журам тодорхойлох болон хэрэгжүүлэх үед хөгжиж буй орнуудын өмнө тулгардаг онцлог хүндрэлүүдийг харгалзаж, энэ чиглэлээр хөгжиж буй гишүүдэд туслах зорилгоор хөгжиж буй гишүүдийн санхүү, худалдаа болон хөгжлийн талаарх тэдгээрийн онцгой хэрэгцээг анхааралдаа авч тооцно.

12.10.Хороо нь энэхүү хэлэлцээрийн дагуу хөгжиж буй гишүүдэд үндэсний болон олон улсын түвшинд олгосон тусгайлсан болон ялгавартай журмыг үе үе хянан үзэж байна.

БАЙГУУЛЛАГА, ЗӨВЛӨЛДӨӨН, МАРГААН ШИЙДВЭРЛЭЛТ

13 дугаар зүйл

Худалдаан дахь техникийн саад тотгорын хороо

13.1.Худалдаан дахь техникийн саад тотгорын хороог үүгээр байгуулж байгаа бөгөөд түүний бүрэлдэхүүнд гишүүн бүрийн төлөөлөгчийг оролцуулна. Хороо нь өөрийн даргыг сонгож, энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх, эсхүл, түүний зорилтыг урагшлуулах асуудлаар зөвлөлдөх боломжийг гишүүдэд олгох үүднээс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд, гэхдээ жилд нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд энэхүү хэлэлцээрийн дагуу, эсхүл, гишүүдээс өгсөн үүргийг ханган биелүүлнэ.

13.2.Шаардлагатай тохиолдолд Хороо нь ажлын хэсэг буюу бусад албыг байгуулах бөгөөд, тэдгээр нь энэхүү хэлэлцээрийн холбогдох заалтын дагуу Хорооноос зааж өгч болох үүргийг биелүүлнэ.

13.3.Энэхүү хэлэлцээрийн хүрээнд болон техникийн бусад байгууллагуудад засгийн газрын хийх ажлыг шаардлагагүйгээр давхардуулах явдлаас болгоомжлох нь зүйтэй гэж ойлгоно. Ийм давхардлыг хамгийн доод хэмжээ хүртэл багасгахын тулд Хороо энэ асуудлыг судална.

14 дүгээр зүйл

Зөвлөлдөөн, маргаан шийдвэрлэлт

14.1.Энэхүү хэлэлцээрийн үйлчлэлийг хөндөж буй аливаа асуудалтай холбоотой зөвлөлдөөн, маргаан шийдвэрлэлтийг Маргаан шийдвэрлэх байгууллагын ивээл дор, маргаан шийдвэрлэх тохиролцооны дагуу боловсруулан хэрэгжүүлсэн 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 22, 23 дугаар зүйлийг Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн дагуу боловсруулсан байдлаар нь мөрдлөг болгон хэрэгжүүлнэ.

14.2.Маргаанд оролцогч аль нэг талын хүсэлтийн дагуу, эсхүл, өөрийн санаачилгаар маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүн нь мэргэжилтний зүгээс нарийн суалгаа явуулах шаардлагатай техникийн талын асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх зорилго бүхий техникийн шинжээчдийн хэсэг байгуулж болно.

14.3.Техникийн шинжээчдийн хэсгийн ажлыг 2 дугаар хавсралтад заасан журмаар зохицуулна.

14.4.Аль нэг гишүүн нь нөгөө гишүүнийг 3, 4, 7, 8 болон 9 дүгээр зүйлийн дагуу хангалттай үр дүнд хүрч чадаагүй болон түүний худалдааны эрх ашгийг хөндсөн гэж үзсэн тохиолдолд маргаан шийдвэрлэх тухай дээр дурдсан заалтуудыг хэрэглэж болно. Үүнтэй холбогдуулж гарсан үр дүнг тухайн яригдаж буй байгууллага нь хэрэв гишүүн байсан бол гэсэн нөхцлөөр авч үзнэ.

ТӨГСГӨЛИЙН ЗААЛТУУД

15 дугаар зүйл

Төгсгөлийн заалтууд

Тайлбар

15.1.Бусад гишүүнийн зөвшөөрөлгүйгээр энэхүү хэлэлцээрийн аль ч заалтын тухайд тайлбар хийж болохгүй.

Хянан үзэх

15.2.Гишүүн бүр ДХБ-ын хэлэлцээр түүний хувьд хүчин төгөлдөр болмогц энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх болон хэрэглэх явдлыг хангах зорилгоор мөрдөгдөж байгаа, эсхүл, авах гэж байгаа арга хэмжээнүүдийн талаар Хороонд яаралтай мэдэгдэнэ. Цаашилбал, энэхүү арга хэмжээнүүдийн тухайд гарсан аливаа өөрчлөлтүүдийг Хороонд мөн мэдэгдэж байна.

15.3.Хороо нь энэхүү хэлэлцээрийн зорилтын үүднээс түүний хэрэгжилт болон гүйцэтгэлийг жил бүр хянан үзэж байна.

15.4.Хороо нь 12 дугаар зүйлийн заалтыг хөндөхгүйгээр эдийн засгийн харилцан ашиг болон эрх, үүргийн тэнцвэрийг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд энэхүү хэлэлцээрт заасан эрх, үүргийн талаар нэмэлт өөрчлөлт оруулах талаар зөвлөмж гаргах үүднээс ДХБ-ын хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш гурав дахь жил дуусгавар болохоос өмнө болон түүнээс хойш гурван жилийн хугацаа бүрийн төгсгөлд энэхүү хэлэлцээрийн гүйцэтгэл, хэрэгжилтийн явц, үүний дотор ил тод байдалтай холбоотой заалтуудыг дахин хянан үзэж байна. Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад олж авсан туршлагад үндэслэж Хороо нь тохиромжтой үед энэхүү хэлэлцээрийн эх бичигт нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Барааны худалдааны зөвлөлд оруулна.

Хавсралтууд

15.5 Энэхүү хэлэлцээрийн хавсралтууд нь түүний салшгүй хэсэг мөн.

ХАВСРАЛТ 1

ЭНЭХҮҮ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ЗОРИЛГООР ХЭРЭГЛЭХ

НЭР ТОМЪЁО, ТЭДГЭЭРИЙН ТОДОРХОЙЛОЛТ

СОУБ/ОУЦТХ-ны 2 дугаар зааврын 1991 оны зургадугаар хэвлэлд дурдсан Стандартчилал болон түүнд хамаарах арга хэмжээнүүдтэй холбогдолтой ерөнхий нэр томъёонууд буюу тэдгээрийн тодорхойлолтуудад орсон нэр томъёонуудыг энэхүү хэлэлцээрт хэрэглэхдээ дээрх зааварт өгсөн тодорхойлолтуудтай нэгэн адил утгатай байх бөгөөд энэхүү хэлэлцээрийн хамрах хүрээнээс үйлчилгээг хассан болохыг тооцож үзнэ.

Энэхүү хэлэлцээрт дараах тодорхойлолтуудыг хэрэглэнэ:

1.Техникийн дүрэм

Барааны тодорхойлолт буюу түүнтэй холбоотой боловсруулалт болон үйлдвэрлэлийн аргууд, түүнчлэн заавал биелүүлэх шаардлагатай захиргааны заалтуудыг тогтоосон бичиг баримт. Тэрээр, түүнчлэн бараа, ажиллавар, эсхүл, үйлдвэрлэлийн аргын тухайд хэрэглэгддэг нэр томъёо, тэмдэглэл, баглаа боодол, тэмдэг, хаяглалт буюу шошгод тавих шаардлагыг дагнан агуулсан буюу хөндсөн байж болно.

Тайлбар тэмдэглэл

СОУБ/ОУЦТХ-ны 2 дугаар зааварт орсон тодорхойлолт нь тусгаарлагдсан зүйл биш бөгөөд тэрбээр “барилгын блок” гэсэн системд суурилсан байна.

2.Стандарт

Эрх бүхий байгууллагаас баталж гаргасан, бүтээгдэхүүн буюу түүний боловсруулалт, үйлдвэрлэлийн аргуудтай холбогдолтой хэвийн нөхцөлд болон олон удаа хэрэглэх дүрэм, заавар буюу тодорхойлолтыг агуулсан заавал биелүүлэх шаардлагагүй бичиг баримт. Тэрбээр, түүнчлэн бараа, боловсруулалт, эсхүл, үйлдвэрлэлийн аргад холбогдолтой нэр томъёо, тэмдэглэл, баглаа боодол, хаяглалт буюу шошгод тавих шаардлагыг бараа, боловсруулалт буюу аргад хамаарах хэмжээгээр агуулсан буюу хөндсөн байж болно.

Тайлбар тэмдэглэл

Тодорхойлолтыг нь СОУБ/ОУЦТХ-ны 2 дугаар зааварт дурдсан нэр томъёонууд нь бүтээгдэхүүн боловсруулалт, буюу үйлчилгээнд хамаарна. Энэхүү хэлэлцээр нь зөвхөн бүтээгдэхүүн, эсхүл, боловсруулалт болон үйлдвэрлэлийн аргатай холбоотой техникийн дүрэм, стандарт, үнэлгээ өгөх журамд хамаарна. СОУБ/ОУЦТХ-ны 2 дугаар зааварт тодорхойлсон стандартуудыг заавал буюу сайн дурын үндсэн дээр биелүүлж болно. Энэхүү хэлэлцээрийн зорилгоор стандартыг сайн дурын үндсэн дээр, харин техникийн дүрмийг заавал биелүүлэх шаардлагатай гэж тодорхойлно. Олон улсын стандартчилалын байгууллагын бэлтгэдэг стандартууд нь нийтийн тохиролцоон дээр үндэслэгдэнэ. Нийтийн тохиролцоон дээр үндэслээгүй баримт бичгүүд энэхүү хэлэлцээрийн хүрээнд мөн хамаарна.

3.Үнэлгээ өгөх журам

Техникийн дүрэм буюу стандартуудад тусгагдсан холбогдох шаардлагууд нь биелэгдэж буй эсэхийг тогтооход шууд буюу шууд бусаар ашиглагдах аливаа журам.

Тайлбар тэмдэглэл

Үнэлгээний журам нь дээжийг төлөөлүүлж авах, туршилт, шинжилгээ хийх журам тохирох эсэхийн үнэлгээ, шалгалт болон нотолгоо бүрдүүлэх, бүртгэл, аккердитаци, зөвшөөрөл бүрдүүлэх, түүнчлэн тэдгээрийг нэгтгэх журам зэргийг хамарна.

4.Олон улсын байгууллага буюу систем

Гишүүнчлэл нь наад зах нь бүх гишүүний холбогдох байгууллагуудад нээлттэй байгууллага буюу систем.

5.Бүсийн байгууллага буюу систем

Гишүүнчлэл нь зөвхөн зарим гишүүний холбогдох байгууллагуудад нээлттэй байгууллага буюу систем.

6.Засгийн газрын төв байгууллага

Төв засгийн газар, түүний яам, газрууд, эсхүл, яригдаж буй үйл ажиллагааны хүрээнд төв засгийн газрын хяналтын дор ажилладаг аливаа байгууллага.

Тайлбар бичиг

Европын хамтын нөхөрлөлийн тухайд засгийн газрын төв байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг заалтуудыг хэрэглэнэ. Гэхдээ Европын хамтын нөхөрлөлийн хүрээнд үнэлгээ өгөх бүсийн байгууллага буюу системийг байгуулж болох бөгөөд ийм тохиолдолд тэдгээр нь үнэлгээ өгөх бүсийн байгууллага буюу системийн тухай энэхүү хэлэлцээрийн заалтад хамаарах болно.

7.Орон нутгийн засгийн газрын байгууллага

Төв засгийн газраас бусад засгийн газрууд (жишээ нь муж, аймаг, газар, кантон, нутгийн захиргаа), тэдгээрийн яам, газрууд эсхүл, яригдаж буй үйл ажиллагааны хүрээнд эдгээр засгийн газрын хяналтын дор ажилладаг аливаа байгууллага.

8.Засгийн газрын бус байгууллага

 Төв буюу орон нутгийн засгийн газрын байгууллагаас бусад байгууллага, үүний дотор техникийн дүрэм хэрэгжүүлэх эрх мэдэл бүхий засгийн газрын бус байгууллага.

ХАВСРАЛТ 2

ТЕХНИКИЙН ШИНЖЭЭЧДИЙН ХЭСГҮҮД

14 дүгээр зүйлийн заалтын дагуу байгуулагдаж буй техникийн шинжээчдийн хэсэгт дараахь журам хамаарна:

1.Техникийн шинжээчдийн хэсгүүд нь маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүний мэдлийн дор ажиллана. Тэд эрх мэдлийн хүрээ болон ажлын нарийвчилсан журмаа маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнээр шийдвэрлүүлж тэдгээрт ажлаа тайлагнана.

2.Уг асуудлаар мэргэшсэн болон туршлагажсан хүмүүс техникийн шинжээчдийн хэсэгт оролцохыг хязгаарлана.

3.Мэргэжлийн шинжээчдийн шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгцээг өөрөөр хангах бололцоогүй гэж маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүн үзсэн онцгой тохиолдлоос бусад үед болон маргаанд оролцогч талууд харилцан тохиролцосноос бусад нөхцөлд маргаанд оролцогч талуудын иргэд техникийн шинжээчдийн хэсгийн бүрэлдэхүүнд орж болохгүй. Маргаанд оролцогч талуудын засгийн газрын ажилтнууд техникийн шинжээчдийн хэсэгт ажиллахыг хориглоно. Техникийн шинжээчдийн хэсгийн гишүүд нь засгийн газрын төлөөлөгч, эсхүл, аль нэгэн байгууллагын төлөөлөгчийн хувьд бус, бие даасан байдлаар ажиллах болно. Иймд засгийн газрууд буюу байгууллагууд нь техникийн шинжээчдийн хэсэгт хэлэлцэж буй асуудлын талаар тэдгээрт заавар удирдамж өгөхгүй.

4.Техникийн шинжээчдийн хэсэг нь зөвлөлдөөн хийж, өөрсдөө зохимжтой гэж үзсэн аль ч эх үүсвэрээс мэдээлэл болон техникийн зөвлөлгөө авч болно. Гишүүний шүүх эрх мэдлийн эх үүсвэрээс мэдээлэл буюу зөвлөлгөө авахаар хүсэлт тавихаас өмнө техникийн шинжээчдийн хэсэг нь тухайн гишүүний засгийн газарт энэ тухай мэдээлнэ. Техникийн шинжээчдийн хэсэг шаардлагатай болон зохимжтой гэж үзсэн тийм мэдээллийн талаар техникийн шинжээчдийн тавьсан хүсэлтэд аль ч гГишүүн шуурхай бөгөөд бүрэн хариулт өгнө.

5.Маргаанд оролцогч талуудад техникийн шинжээчдийн хэсэгт олгосон нууцын зэрэглэлд хамаарахаас бусад холбогдох бүх мэдээлэлтэй танилцах боломжийг олгоно. Техникийн шинжээчдийн хэсэгт өгсөн нууцын зэрэглэлтэй мэдээллийг мэдээлэл өгсөн засгийн газар, байгууллага буюу хувь хүний албан ёсны зөвшөөрөлгүйгээр задруулахыг хориглоно. Техникийн шинжээчдийн хэсэгт ийм мэдээллийг гаргаж өгөх талаар хүсэлт тавигдсан боловч уг мэдээллийг задруулах талаар техникийн шинжээчдийн хэсэгт эрх олгогдоогүй тохиолдолд, мэдээллийг өгсөн засгийн газар, байгууллага буюу хувь хүн нь уг мэдээллийн талаар нууц бус товч танилцуулгыг бэлтгэж өгнө.

6.Техникийн шинжээчдийн хэсэг нь гишүүдийн саналыг авах, тэдгээрийг эцсийн тайландаа зохих ёсоор тусгах зорилгоор тайлангийн төслөө гишүүдэд хүргүүлнэ. Эцсийн тайлангаа маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүнд танилцуулсны дараа түүнийг мөн гишүүдэд тараана.

ХАВСРАЛТ 3

СТАНДАРТЫГ БЭЛТГЭХ, БАТЛАХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ

ШУДАРГА ПРАКТИКИЙН ДҮРЭМ

Нийтлэг заалтууд

А.Энэхүү дүрмийн зорилгоор тухайн хэлэлцээрийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан тодорхойлолтуудыг хэрэглэнэ.

В.Энэхүү дүрэм нь стандартчилалын дараах байгууллагууд хүлээн зөвшөөрөхөд нээлттэй байна. Үүнд: засгийн газрын төв байгууллага, засгийн газрын орон нутгийн байгууллага, эсхүл, засгийн газрын бус байгууллага байхаас үл шалтгаалан ДХБ-ын гишүүний нутаг дэвсгэр дэх стандартчилалын аль ч байгууллага, түүний нэг буюу түүнээс олон гишүүд нь ДХБ -ын гишүүн орны засгийн газрын бүсийн стандартчилалын аль ч байгууллага, нэг буюу түүнээс олон гишүүд нь ДХБ-ын гишүүний нутаг дэвсгэрт байрлаж буй засгийн газрын бус байгууллагын бүсийн стандартчилалын аль ч байгууллагууд (энэхүү дүрэмд хамтдаа “стандартчилалын байгууллагууд”, тус тусдаа “стандартчилалын байгууллага” гэж нэрлэгдэнэ).

С.Энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл, үүнээс гарч буй стандартчилалын байгууллагууд нь энэ тухайгаа Женевт байдаг СОУБ/ОУЦТХ-ны мэдээллийн төвд мэдэгдэл өгнө. Мэдэгдэлд тухайн байгууллагын нэр, хаяг болон одоо хэрэгжүүлж байгаа болон хийхээр төлөвлөж буй стандартчилалын арга хэмжээнүүдийн цар хүрээний талаар оруулна. Уг мэдэгдлийг шууд СОУБ/ОУЦТХ-ны мэдээллийн төвд, эсхүл, СОУБ/ОУЦТХ-ны гишүүн үндэсний байгууллагаар дамжуулж, аль эсхүл илүү тохиромжтой гэж тооцогдох тохиолдолд СОУБНЕТ-ын холбогдох үндэсний гишүүн буюу олон улсын салбараар дамжуулж хүргүүлнэ.

Зарчмын заалтууд

D.Стандартуудын тухайд, стандартчилалын байгууллага нь ДХБ-ын аль ч гишүүний нутаг дэвсгэрээс гаралтай бүтээгдэхүүнд үндэсний гаралтай, эсхүл, аль нэг бусад орноос гаралтай ижил төрлийн бүтээгдэхүүнд олгодог нөхцлөөс дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.

E.Стандартчилалын байгууллага нь стандартыг боловсруулах, батлах буюу хэрэгжүүлэхдээ олон улсын худалдаанд илүүц саад тотгор учруулах, эсхүл, тийм байдалд хүргэхгүй байх явдлыг хангана.

F.Олон улсын стандартууд бэлэн байгаа, аль эсхүл тэдгээрийг боловсруулах ажил нь дуусч байгаа нөхцөлд эдгээр олон улсын стандарт буюу холбогдох хэсгүүд нь зарим шалтгаанаар, тухайлбал хамгаалалтын хангалтгүй түвшин, эсхүл, цаг уур буюу газар зүйн чухал хүчин зүйл, эсхүл, технологийн үндсэн асуудлууд зэргээс шалтгаалан үр ашиггүй буюу зохимжгүй байх тохиолдлоос бусад нөхцөлд стандартчилалын байгууллага нь тэдгээрийг бүхэлд нь, эсхүл, зарим холбогдох хэсгийг нь өөрийн боловсруулж буй стандартын үндэс болгож ашиглана.

G.Стандартуудыг аль болох өргөн хүрээнд хооронд нь уялдуулан зохицуулах үүднээс стандартчилалын байгууллага нь өөрсдөө стандартаа батласан, аль эсхүл батлахаар төлөвлөж буй салбарт олон улсын стандартыг олон улсын стандартчилалын холбогдох байгууллагууд боловсруулах явцад боломжийн хүрээнд зохих хэлбэрээр бүрэн оролцох болно. Гишүүний нутаг дэвсгэрт байршилтай стандартчилалын байгууллагуудаас тухайн салбарт хэрэгжүүлж буй олон улсын стандартчилалын тодорхой үйл ажиллагаан дахь оролцоог хангахын тулд тухайн нутаг дэвсгэрт байршилтай стандартчилалын байгууллагуудын оролцоог боломжтой тохиолдолд нэг бүрэлдэхүүн хэсгээс бүрдэх төлөөлөгчдөөр төлөөлүүлнэ.

H.Аль нэг гишүүний нутаг дэвсгэрт байрлаж буй стандартчилалын байгууллага нь тухайн үндэстний нутаг дэвсгэр дэх стандартчилалын бусад байгууллага, эсхүл, олон улсын болон бүсийн стандартчилалын холбогдох байгууллагуудын ажлыг давтах, эсхүл, давхардуулахаас зайлсхийх талаар аль болохоор хичээнэ. Түүнчлэн тэд боловсруулж буй стандартуудынхаа тухайд үндэсний хэмжээнд нийтийн тохиролцоонд хүрэхийн тулд бүх талаар хичээнэ. Иймд маягаар бүсийн стандартчилалын байгууллага ч олон улсын стандартчилалын холбогдох байгууллагуудын ажлыг давтах, эсхүл, давхардуулахаас зайлсхийх талаар аль болохоор хичээх болно.

I.Зохимжтой тохиолдолд, стандартчилалын байгууллага нь бүтээгдэхүүний бүтээц, эсхүл, үзэмжийн шинж үзүүлэлтээс илүү ашиглалтад тавих шаардлагад тулгуурласан стандартуудыг тогтооно.

J.Стандартчилалын байгууллага нь наад зах нь зургаан сар тутамд нэг удаа ажлын хөтөлбөр, нэр, хаяг, тухайн үед бэлтгэж буй болон урьд нь батласан стандартуудынхаа талаар тусгасан ажлын хөтөлбөрөө нийтэлнэ. Стандарт боловсруулах тухай шийдвэр гарсан цагаас хойш стандарт батлах хүртэлх хугацаанд стандарт боловсруулалтын шатанд байгаа гэж үзнэ. Холбогдох стандартын төслийн нэрийг хүсэлтийн дагуу англи, франц буюу испани хэлээр гаргаж өгнө. Ажлын хөтөлбөр батлагдсан тухай мэдээллийг тухайн байдлаас шалтгаалан стандартчилалын үндэсний, эсхүл, бүсийн хэвлэлд нийтэлнэ.

Ажлын хөтөлбөрт стандарт бүрийн тухайд уг асуудалд СОУБНЕТ-ын дүрмийн дагуу ангилал, стандартын боловсруулалтын үе шат, стандартдаа үндэс болгож авсан аливаа олон улсын стандартуудыг заасан байна. Стандартчилалын байгууллага нь ажлын хөтөлбөрөө нийтлүүлж буй энэ хугацаанаас оройтуулалгүйгээр ажлын ийм хөтөлбөр байгаа тухай мэдэгдлийг Женев дэх СОУБ/ОУЦТХ-ны Мэдээллийн төвд өгнө.

Уг мэдэгдэлд стандартчилалын байгууллагын нэр, хаяг, ажлын хөтөлбөрийг нийтэлсэн хэвлэлийн нэр, дугаар, ажлын хөтөлбөрт хамаарах хугацаа, зардал /хэрэв зардлыг тооцсон тохиолдолд/, хөтөлбөрийг хаанаас, яаж олж авч болохыг заана. Мэдэгдлийг СОУБ/ОУЦТХ-ны Мэдээллийн төвд шууд, эсхүл, СОУБ/ОУЦТХ-ны үндэсний холбогдох гишүүн буюу СОУБНЕТ-ын олон улсын салбараар дамжуулж хүргэж болно.

K.СОУБ/ОУЦТХ-ны үндэсний гишүүн нь СОУБНЕТ-ны гишүүн болох, эсхүл, өөр байгууллагыг гишүүнээр нь элсэхийг даалгах, түүнчлэн СОУБНЕТ-ын гишүүнд олгож болох хамгийн дэвшилттэй хэлбэрийн гишүүнчлэлийг олж авах талаар бүх талаар хүчин зүтгэнэ. Стандартчилалын бусад байгууллагууд нь СОУБНЕТ-ын гишүүнтэй эвлэлдэн нэгдэх талаар хүчин зүтгэнэ.

L.Стандартыг батлахаасаа өмнө, стандартчилалын байгууллага нь ДХБ-ын гишүүний нутаг дэвсгэрийн сонирхож буй талуудад стандартын төслийн талаар саналаа өгөхөд нь зориулж доод тал нь 60 хоногийн хугацааг олгож байна. Гэвч аюулгүй байдал, эрүүл мэнд буюу байгаль орчинтой холбоотой асуудлууд гарч ирсэн, эсхүл, гарч ирэх аюул учрах тохиолдолд уг хугацааг багасгаж болно. Санал авах хугацааг эхлэхээс өмнө стандартчилалын байгууллага нь санал ирүүлэх хугацааны талаарх мэдэгдлийг J-хэсэгт дурдсан хэвлэлд нийтэлнэ. Уг мэдэгдэлд стандартын төсөл нь олон улсын холбогдох стандартуудаас ялгавартай байгаа эсэхийг боломжийн хэрээр зааж өгнө.

M.ДХБ-ын Гишүүний нутаг дэвсгэрийн хүрээн дэх сонирхож буй талуудын хүсэлтийн дагуу, стандартчилалын байгууллага нь санал авахаар танилцуулсан төслийн хуулбарыг шуурхай хүргэх, эсхүл, хүргэх асуудлыг зохион байгуулна. Энэхүү үйлчилгээнд авах төлбөр нь төслийг хүргэх бодит зардлуудаас бусад үзүүлэлтийн тухайд гадаад, дотоодын талуудад нэгэн адил байна.

N.Стандартыг боловсруулах ажлыг үргэлжлүүлэхдээ стандартчилалын байгууллага нь санал авах хугацаанд хүлээж авсан саналуудыг анхааралдаа авна. Шударга практикийн дүрмийг хүлээн зөвшөөрсөн стандартчилалын байгууллагуудаар дамжуулан хүлээж авсан саналуудын талаарх хариуг холбогдох хүсэлтийн дагуу аль болох түргэн хугацаанд өгнө. Хариу өгөхдөө олон улсын холбогдох стандартуудаас яагаад гажуудах болсон шалтгаануудаа тайлбарлана.

O.Стандарт нэгэнт батлагдвал, түүнийг яаралтай нийтлүүлнэ.

Р.ДХБ-ын гишүүний нутаг дэвсгэр дэх сонирхож буй аль нэг талын хүсэлтийн дагуу, стандартчилалын байгууллага нь хамгийн сүүлд гарсан ажлын хөтөлбөр, эсхүл, боловсруулсан стандартын хуулбарыг яаралтай хүргэх буюу хүргэх ажлыг зохион байгуулна. Энэхүү үйлчилгээнд авах төлбөр нь хуулбарыг хүргэх бодит зардлуудаас бусад үзүүлэлтүүдийн тухайд гадаад, дотоодын талуудад нэгэн адил байна.

Q.Стандартчилалын байгууллага нь энэхүү Шударга практикийн дүрмийг хүлээн зөвшөөрсөн стандартчилалын байгууллагуудаас зөвлөлдөөн хийх талаар ирүүлсэн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч энэхүү Дүрмийн хэрэгжилтийн талаар зөвлөлдөх боломжийг тэдэнд олгож байна. Тэрээр аливаа гомдлыг бодитойгоор шийдвэрлэхийг хичээнэ.