Хэвлэх DOC Татаж авах

ХУДАЛДААТАЙ ХОЛБОГДСОН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

 

 

Гишүүд,

 

“Хөрөнгө оруулалтын арга хэмжээний худалдааг хязгаарлах болон бусниулах үр дагавартай холбогдсон ТХЕХ-ийн зүйлүүдийн үйлчлэлийг судалсны үр дүнд худалдаанд ийм сөрөг нөлөө үзүүлэхийг таслан зогсоохуйц заалтуудыг цаашид хэлэлцэн боловсруулах” талаар Пунта-дель-Эстегийн Тунхаглалд сайд нарын хүрсэн тохиролцоог харгалзаж,

 

Дэлхийн худалдааг өргөжүүлэн тогтвортой либералчлахад дөхөм үзүүлэх, олон улсын хил хязгаар дамжсан хөрөнгө оруулалтыг дэмжих үндсэн дээр чөлөөт өрсөлдөөний нөхцөлийг хангах замаар худалдаанд оролцогч нийт түншүүд, ялангуяа хөгжиж буй гишүүн орнуудын эдийн засгийн өсөлтийг түргэтгэхийг эрмэлзэж,

 

хөгжиж буй гишүүн улсуудын, ялангуяа нэн буурай хөгжилтэй гишүүн орнуудын худалдаа, хөгжил, санхүүгийн тодорхой хэрэгцээ шаардлагыг анхааралдаа авч,

 

хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээ нь худалдааг хязгаарлах, бусниулах нөлөө үзүүлж болохыг хүлээн зөвшөөрч,

 

үүгээр дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

 

1 дүгээр зүйл

 

Хамрах хүрээ

 

Энэхүү хэлэлцээр нь зөвхөн барааны худалдаанд холбогдох хөрөнгө оруулалтын арга хэмжээнд хамаарна (энэхүү хэлэлцээрт цаашид “ХХХОАХ” гэнэ)

 

2 дугаар зүйл

 

Үндэсний нөхцөл болон тоо хэмжээний хязгаарлалт

 

1.Аль ч гишүүн 1994 оны ТХЕХ -т заасан бусад эрх үүргийг хөндөхгүйгээр 1994 оны ТХЕХ-ийн 3, эсхүл 11 дүгээр зүйлийн заалтад нийцэхгүй аливаа ХХХОАХ-г авахгүй.

 

2.1994 оны ТХЕХ-ийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэсний нөхцөлийн дагуух үүрэг болон 1994 оны ТХЕХ-ийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тоо хэмжээний хязгаарлалтыг нийтэд нь цуцлах үүрэгт нийцэхгүй ХХХОАХ-ний тайлбар жагсаалтыг энэ хэлэлцээрийн Хавсралтад тусгасан болно.

 

3 дугаар зүйл

 

Чөлөөлөлт

 

1994 оны ТХЕХ-ийн бүх чөлөөлөлт энэ хэлэлцээрийн заалтуудад зохих ёсоор хамаарах болно.

 

4 дүгээр зүйл

 

Хөгжиж буй гишүүн орнууд

 

Хөгжиж буй гишүүн орон 2 дугаар зүйлийн заалтаас түр татгалзах эрхтэй бөгөөд, чингэхдээ гишүүдэд 1994 оны ТХЕХ-ийн 3 болон 11 дүгээр зүйлийн заалтаас 1994 оны ТХЕХ-ийн 18 дугаар зүйл, 1994 оны ТХЕХ-ийн төлбөрийн тэнцлийн заалтуудын тухай харилцан ойлголцох баримт бичиг, 1979 оны 11 дүгээр сарын 28-нд батласан Төлбөрийн тэнцлийн зорилгоор авах худалдааны арга хэмжээний тухай тунхаглал (BISD 26S/205-209)-ын дагуу татгалзах эрхийн адил хэмжээгээр болон адил хэлбэрээр эдлэнэ.

 

5 дугаар зүйл

 

Мэдэгдэл болон шилжилтийн үеийн арга хэмжээ

 

1.Гишүүд ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор энэхүү хэлэлцээрийн заалтуудад нийцэхгүй, өөрийн авч буй бүх ХХХОАХ-ний талаар Барааны худалдааны зөвлөлд мэдэгдэх ёстой. Ерөнхий, эсхүл тусгайлсан байдлаар авах аливаа ХХХОАХ-г тэдгээрийн үндсэн тодорхойлолтын хамт мэдэгдэнэ.

 

2.ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц 1 дэх хэсгийн дагуу мэдэгдсэн бүх ХХХОАХ-г хөгжихгүй гишүүн орнууд 2 жилийн, хөгжиж буй гишүүн орнууд 5 жилийн, нэн буурай хөгжилтэй орнууд 7 жилийн дотор тус тус цуцлана.

 

3.Барааны худалдааны зөвлөл нь энэхүү хэлэлцээрийн заалтуудыг хэрэгжүүлэхэд онцгой бэрхшээлтэй тулгараад байгаа хөгжиж буй, үүний дотор нэн буурай хөгжилтэй улсын хувьд 1 дэх хэсгийн дагуу мэдэгдсэн ХХХОАХ-г цуцлах шилжилтийн үеийн хугацааг тэдгээрийн хүсэлтээр сунгаж болно. Барааны худалдааны зөвлөл эдгээр хүсэлтийг авч үзэхдээ холбогдох гишүүний хөгжил, санхүү болон худалдааны хэрэгцээг нь анхааралдаа авна.

 

4. 1 дэх хэсгийн дагуу аливаа ХХХОАХ-г ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсантай нь харьцуулахад тэдгээрийн 2 дугаар зүйлийн заалттай зөрчилдөх байдал нь улам нэмэгдэхүйц аливаа өөрчлөлтийг шилжилтийн үед хийх ёсгүй. ДХБ-ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болох өдрөөс 180 хоногоос багагүй хугацааны өмнө авч эхэлсэн ХХХОАХ-нд 2 дахь хэсэгт заасан шилжилтийн үеийн арга хэмжээний давуу байдал хамаарахгүй.

 

5.Гишүүн нь ажиллаж буй үйлдвэрүүдийг 1 дэх хэсгийн дагуу мэдэгдсэн ХХХАОХ-ний үйлчлэлээс үүдэн ашиггүй байдалд оруулахгүйн тулд шилжилтийн үед шинэ хөрөнгө оруулалтын хувьд ижил төстэй ХХХОАХ-г 2 дахь зүйлийн заалтыг харгалзахгүйгээр хэрэгжүүлж болно. Үүнийг тухайн (i) ийм хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн нь өмнө нь байгуулагдсан үйлдвэрийн бүтээгдэхүүнтэй ижил төстэй байвал; (ii) шаардлагатай үед шинэ хөрөнгө оруулагч болон ажиллаж буй үйлдвэрийн хоорондох өрсөлдөөний зөрчлөөс сэрэмжлэх хэрэглэж болно. Ийнхүү шинэ хөрөнгө оруулалтын хувьд авч буй аливаа ХХХОАХ-ний талаар Барааны худалдааны зөвлөлд мэдэгдэх ёстой. Өрсөлдөөнд нөлөө үзүүлэхийн хувьд ийм ХХХОАХ-ний нөхцөл нь одоо ажиллаж буй үйлдвэрүүдийн тухайд хэрэглэж болох нөхцөлтэй адил байх ёстой бөгөөд тэрээр нэгэн зэрэг хүчингүй болно.

 

6 дугаар зүйл

 

Ил тод байдал

 

1.Гишүүд ХХХОАХ-ний тухайд 1994 оны ТХЕХ-ийн 10 дугаар зүйлд заасан ил тод байх болон мэдэгдэл өгч байх талаархи үүрэг, “мэдэгдэл өгөх” үүргийн тухайд 1979 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр батласан Мэдэгдэл өгөх, зөвлөлдөх, маргаан шийдвэрлэх, ажиглалт хийх тухай харилцан ойлголцох баримт бичиг, мөн 1994 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр батласан Мэдэгдэл хийх журмын талаар сайд нарын гаргасан шийдвэрийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг дахин нотолж байна.

 

2.Гишүүн бүр өөрийн нутаг дэвсгэрт ХХХОАХ-г нийтэлж болох бүх хэвлэлүүдийн талаар ч Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ.

 

3.Гишүүн бүр энэхүү хэлэлцээрээс үүдэн гарах аливаа асуудлаар өөр аль нэг гишүүнээс зохих мэдээлэл авах хүсэлт тавьбал түүнийг нааштайгаар хүлээн авах болон зөвлөлдөөн хийх талаар бололцоотой бүхнийг хийнэ. 1994 оны ТХЕХ-ийн 10 дугаар зүйлд заасны дагуу мэдээллийг задруулснаар хууль тогтоомжийг биелүүлэхэд саад болох, эсхүл олон нийтийн эрх ашигт өөр байдлаар нийцэхгүй байх, улсын ч бай, хувийн ч бай аливаа үйлдвэрийн хууль ёсны арилжааны ашиг сонирхолд хохирол учруулахаар байвал ийнхүү мэдээллийг заавал өгөхийг гишүүнээс шаардахгүй.

 

7 дугаар зүйл

 

Худалдаатай холбогдсон хөрөнгө

оруулалтын арга хэмжээний асуудлыг эрхэлсэн хороо

 

1.Худалдаатай холбогдсон хөрөнгө оруулалтын арга хэмжээний асуудлыг эрхэлсэн хороо (цаашид “Хороо” гэнэ)-г үүгээр байгуулж байгаа бөгөөд тэрээр бүх гишүүнд нээлттэй байна. Хороо өөрийн дарга, орлогч даргыг сонгох бөгөөд жилд нэгээс доошгүй удаа, эсхүл аль нэгэн гишүүний саналаар үүнээс өөр хугацаанд хуралдаж болно.

 

2.Хороо нь Барааны худалдааны зөвлөлөөс түүнд хүлээлгэсэн үүргийг биелүүлэх бөгөөд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдсон аливаа асуудлаар зөвлөлдөх бүхий л боломжийг гишүүдэд бүрдүүлж өгнө.

 

3.Хороо энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлтэд хяналт тавих бөгөөд энэ талаар жил бүр Барааны худалдааны зөвлөлд тайлагнаж байна.

 

8 дугаар зүйл

 

Зөвлөлдөх, маргаан шийдвэрлэх

 

Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн дагуу боловсруулан хэрэгжүүлж буй 1994 оны ТХЕХ-ийн 22, 23 дугаар зүйлийн заалтыг энэхүү хэлэлцээрийн хүрээнд зөвлөлдөх, маргаан шийдвэрлэх тохиолдолд хэрэглэнэ.

 

9 дүгээр зүйл

 

Барааны худалдааны зөвлөлөөс хянах

 

Барааны худалдааны зөвлөл нь ДХБ -ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос таван жилээс хэтрэхгүй хугацаанд энэхүү хэлэлцээрийн хэрэгжилтийн явцыг хянан үзэх бөгөөд шаардлагатай бол хэлэлцээрт өөрчлөлт оруулах тухай саналыг Сайд нарын бага хуралд дэвшүүлнэ. Барааны худалдааны зөвлөл нь тийнхүү хянан үзэхдээ хөрөнгө оруулалтын бодлого болон өрсөлдөөний бодлоготой холбогдсон заалтыг энэхүү хэлэлцээрт нэмж оруулах эсэх асуудлыг шийднэ.

 

ХАВСРАЛТ

 

ТАЙЛБАР ЖАГСААЛТ

 

1.1994 оны ТХЕХ-ийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэсний нөхцөлийн үүрэгт нийцэхгүй ХХХОАХ-нд үндэсний хууль тогтоомжийн дагуу буюу захиргааны журмаар заавал биелүүлэх, эсхүл хэрэгжүүлж байгаа, аль эсхүл давуу тал олж авахад түүнийг биелүүлэх шаардагдах арга хэмжээнд хамаарах бөгөөд тэдгээр нь:

 

(a)тодорхой бүтээгдэхүүний хувьд, эсхүл бүтээгдэхүүний тоо хэмжээ буюу өртгийн үзүүлэлтээр, эсхүл дотоодын үйлдвэрлэлийн тоо хэмжээ буюу өртгийн үзүүлэлтээр дотоодын гаралтай, эсхүл дотоодын аль нэг эх үүсвэрээс гаралтай бүтээгдэхүүнийг үйлдвэр худалдан авах буюу ашиглах; эсхүл

 

(b)аль нэг үйлдвэрийн импортын бүтээгдэхүүнийг худалдан авах болон ашиглах хэмжээ нь түүний экспортлодог дотоодын бүтээгдэхүүний тоо хэмжээ буюу өртөгтэй уялдаатайгаар хязгаарлагдсан байхыг тус тус шаардаж байгаа тохиолдолд.

 

2.1994 оны ТХЕХ-ийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тоо хэмжээний хязгаарлалтыг нийтээр цуцлах тухай үүрэгт нийцэхгүй ХХХОАХ-нд үндэсний хууль тогтоомжийн дагуу буюу захиргааны журмаар заавал биелүүлэх, эсхүл хэрэгжүүлж байгаа, эсхүл давуу тал олж авахад түүнийг биелүүлэх шаардагдах арга хэмжээ багтах бөгөөд тэдгээр нь:

 

(a)үйлдвэрийн дотоодын үйлдвэрлэлд ашиглаж байгаа, эсхүл түүнтэй холбоотой бүтээгдэхүүний импортыг бүхэлд нь буюу тоо хэмжээний хувьд түүний экспортод гаргадаг дотоодын бүтээгдэхүүний тоо хэмжээ буюу үнэтэй нь уялдуулан;

 

(b)дотоодын үйлдвэрлэлд ашиглаж байгаа буюу түүнтэй холбоотой бүтээгдэхүүний импортыг тухайн үйлдвэрт орох гадаад валютын тоо хэмжээгээр гадаад валют олох боломжийг хязгаарлах замаар; эсхүл

 

тодорхой бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ буюу дотоод үйлдвэрлэлийн үнэ, тоо хэмжээнд эзлэх хувиар илэрхийлэх үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт буюу экспортын худалдааг тус тус хязгаарлана.