Хэвлэх DOC Татаж авах

1994 ОНЫ ТАРИФ, ХУДАЛДААНЫ ЕРӨНХИЙ ХЭЛЭЛЦЭЭРИЙН

7 ДУГААР ЗҮЙЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

 

Ерөнхий тайлбар

 

1.Энэхүү хэлэлцээрийн 1 дүгээр зүйлд тодорхойлсноор “хэлцлийн үнэ” бол гаалийн үнийн анхдагч суурь болно. 1 дүгээр зүйлийг импортын барааны бодит төлсөн буюу төлбөл зохих үнэд шингээгүй гэхдээ гаалийн зорилгоор үнэлэхэд бүрдүүлэгч хэсэг болох бөгөөд худалдан авагчид ногдох зарим элементийн үнийг тооцох залруулга тодотгол гэх зэрэг зүйлсийг тодорхойлсон 8 дугаар зүйлийн хамт авч үзэх ёстой. Түүнчлэн худалдан авагчаас худалдагчид мөнгөн хэлбэрээр бус, тодорхой бараа, үйлчилгээний хэлбэрээр шилжүүлсэн, улмаар хэлцлийн үнэд оруулж тооцвол зохих зарим зүйлийн талаар тодорхой заалт 8 дугаар зүйлд тусгагдсан болно. 1 дүгээр зүйлд заасан аргаар гаалийн үнийг тогтоох боломжгүй бол 2-7 дугаар зүйлд заасан аргуудаар тогтооно.

 

2.Гаалийн үнийг 1 дүгээр зүйлд заасан аргаар тогтоох боломжгүй бол гаалийн үнийн үндэслэлийг 2, эсхүл 3 дугаар зүйлд заасны дагуу гаргах зорилгоор гаалийн байгууллага болон импортлогч нарын хоорондоо зөвлөлдөх үйл ажиллагаа явуулах нь зүйтэй. Жишээ нь, импортын ижил буюу төсөөтэй барааны гаалийн үнийн тухай мэдээлэл тухайн импортлох боомт дахь гаалийн байгууллагад байхгүй үед импортлогч тийм төрлийн мэдээлэлтэй байж болох юм. Нөгөө талаас импортын ижил буюу төсөөтэй барааны гаалийн үнийн талаархи импортлогчид тухай бүр байхааргүй мэдээлэл гаалийн байгууллагад байж болно. Хоёр тал гаалийн үнийн зохих үндэслэлийг тодорхойлох зорилгоор хоорондоо худалдааны нууцыг хадгалах шаардлагад нийцүүлэн зөвлөлдөх үйл ажиллагаа явуулах нь мэдээлэл солилцох боломжийг олгоно.

 

3.Импортын барааны хэлцлийн үнэ, эсхүл ижил болон төсөөтэй импортын барааны хэлцлийн үнийг үндэслэн гаалийн үнийг тогтоох боломжгүй бол 5, 6 дугаар зүйлд заасан хоёр үндэслэлээр гаалийн үнийг тогтооно. 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаалийн үнийг тогтоохдоо импортлогч оронд тухайн барааг харилцан хамааралгүй худалдан авагчид, импортлосон шинж байдлаар нь худалдаж борлуулсан үнэ дээр үндэслэнэ. Түүнчлэн хэрэв импортлогч хүсвэл импортолсны дараа боловсруулалт хийгдэх барааны үнийг 5 дугаар зүйлийн дагуу тогтоолгох эрхтэй. 6 дугаар зүйлд зааснаар гаалийн үнийг тогтоохдоо тооцооны үнэ дээр үндэслэнэ. Эдгээр хоёр хэрэглэж гаалийн үнийг тогтооход 5, 6 дугаар аргыг тодорхой бэрхшээлтэй байдгийг харгалзан импортлогч энэ хоёр аргын дэс дарааллыг сольж хэрэглэх эрхтэй болохыг 4 дүгээр зүйлд заасан болно.

 

4.Гаалийн үнийг дээр дурдсан зүйлүүдэд заасны дагуу тогтоох боломжгүй тохиолдолд 7 дугаар зүйл гаалийн үнийг хэрхэн тогтооход зохицуулна.

 

Гишүүд,

 

олон талт худалдааны хэлэлцээрүүдийг анхааралдаа авч,

 

1994 оны ТХЕХ -ийн зорилтуудын хэрэгжилтийг дээшлүүлэх болон хөгжиж буй орнуудын олон улсын худалдааг нэмэлт давуу зүйлсээр хангахыг эрмэлзэж;

 

1994 оны ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийн заалтуудын ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийг биелүүлэх явдлыг улам нэгмөр болон тодорхой болгох тэдгээрийг хэрэглэх зорилгоор дүрмийг сайтар боловсруулахыг эрмэлзэж;

 

зохиомол болон зоргоороо гаалийн үнийг хэрэглэхээс хамгаалах үүднээс гаалийн зорилгоор барааг үнэлэх шударга, нэгдмэл, дундыг барьсан тогтолцоо бий болгох шаардлагыг хүлээн зөвшөөрч;

 

үнэлэгдэж байгаа барааны хэлцлийн үнийг аль болохоор гаалийн зорилгоор барааны үнийг тогтоох үндэс болгох ёстойг хүлээн зөвшөөрч;

 

гаалийн үнэ нь арилжааны практиктай нийцсэн хялбар, ижилхэн шалгуурт тулгуурласан байх учиртай бөгөөд бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа эх сурвалжийг үл ялгаварлан, үнэлгээний журмыг нийтээр дагаж мөрдөх ёстойг хүлээн зөвшөөрч;

 

үнэлгээний журмыг демпингтэй тэмцэхэд хэрэглэх ёсгүйг хүлээн зөвшөөрч;

 

үүгээр дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

 

I ХЭСЭГ

 

ГААЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ДҮРЭМ

 

1 дүгээр зүйл

 

1.Импортлосон барааны гаалийн үнэ гэж тухайн барааны хэлцлийн үнэ, өөрөөр хэлбэл, барааг импортлогч оронд экспортоор худалдахад төлсөн буюу төлбөл зохих бодит үнийг 8 дугаар зүйлийн заалтын дагуу үнэлгээ хийснээр ойлгох бөгөөд тэгэхдээ дараахь нөхцөл бүрдсэн байвал зохино:

 

(а)барааг ашиглах, захиран зарцуулах талаар худалдан авагчийн эрхийг дор дурдсан хязгаарлалтуудыг ашиглахаас өөр ямар нэг байдлаар хязгаарлахгүй байх:

 

(i)импортлогч орны хууль тогтоомжоор болон төр засгийн эрх бүхий байгууллагаас тогтоосон буюу шаардсан хязгаарлалт;

 

(ii)барааг дамжуулан худалдах газар зүйн бүсийн хязгаарлалт; эсхүл,

 

(iii)барааны үнэд мэдэгдэхүйцээр нөлөөлөхөөргүй хязгаарлалт;

 

(b)үнэлэгдэж буй барааны борлуулалт, эсхүл үнэ нь тухайн барааны үнийг тогтоох боломжгүй болгох ямар нэгэн нөхцөл хүчин зйүлийн нөлөөнд өртөхгүй байх;

 

(c)хэрвээ 8 дугаар зүйлийн заалтын дагуу зохих залруулга хийх боломжгүй бол худалдан авагч барааг цааш нь ямар нэг байдлаар дамжуулан худалдах, захиран зарцуулах, ашиглахаас олох орлогын тодорхой хэсгийг худалдагчид шууд, эсхүл шууд бус байдлаар буцаан төлөхгүй байх; болон

 

(d)худалдан авагч, худалдагч талууд хоорондоо хамааралгүй байх, эсхүл хамааралтай байлаа ч хэлцлийн үнийг энэ зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар гаалийн зорилгоор хүлээн зөвшөөрч болохуйц байх,

 

2.(a) 15 дугаар зүйлийн утгаар худалдан авагч болон худалдагч талууд хоорондоо хамрааралтай байх нь хэлцлийн үнийг 1 дэх хэсгийн зорилгоор хүлээн зөвшөөрөх эсэхийг шийдвэрлэхэд хэлцлийн үнийг үгүйсгэх шууд үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд тухайн борлуулалт хийгдсэн нөхцөл байдлыг шалган үзэж, тийм хамаарал нь үнэд нөлөөлөөгүй байвал хэлцлийн үнийг хүлээн зөвшөөрнө. Хэрэв импортлогчийн гаргаж өгсөн, эсхүл өөр эх сурвалжаас авсан мэдээллийг гаалийн байгууллага хянаж үзээд ийм хамаарал нь үнэд нөлөөлсөн гэж үзэхээр бол гаалийн байгууллага энэ талаарх үндэслэлээ импортлогчид мэдэгдэж түүнд хариу өгөх боломжийг олгоно. Хэрэв импортлогч шаардвал үндэслэлийн тухай мэдээллийг бичгээр өгнө.

 

(b)Хоорондоо хамааралтай этгээдүүдийн хооронд худалдаа хийгдсэн байлаа ч хэлцлийн үнэ нь дор дурдсан үнийн аль нэгтэй тухайн нэг цаг мөчид буюу бараг нэг хугацаанд ойролцоо байсан гэдгийг импортлогч нотлож байгаа тохиолдолд хэлцлийн үнэ болон барааны үнэлгээг 1 дэх хэсгийн заалтад тохирч байгаад тооцно:

 

(i)тухайн импортлогч орны хамааралгүй худалдан авагчид экспортоор худалдсан ижил, эсхүл төсөөтэй барааны хэлцлийн үнэ;

 

(ii)5 дугаар зүйл заалтаар тогтоосон ижил, эсхүл төсөөтэй барааны гаалийн үнэ;

 

(iii)6 дугаар зүйлийн заалтаар тогтоосон ижил, эсхүл төсөөтэй барааны гаалийн үнэ.

 

Дээр дурдсан харьцуулан шалгалтыг гүйцэтгэхдээ арилжааны болон тоо хэмжээний түвшин мөн 8 дугаар зүйлд дурдсан бүрдүүлэгч хэсгүүдийн зөрүү түүнчлэн, худалдагч, худалдан авагч өөр хоорондоо хамааралгүй нөхцөл дахь борлуулалттай холбогдон худалдааны хувьд гарах зардлыг худалдагч, худалдан авагч өөр хоорондоо хамааралтай нөхцөл дахь борлуулалттай холбогдон худалдагчинй хувьд гарах зардлын зөрүүг зохих ёсоор бодолцвол зохино.

 

(c)Энэ 2(b) хэсэгт дурдсан харьцуулан шалгалтыг импортлогчийн санаачилгаар зөвхөн харьцуулалтын зорилгоор ашиглана. Орлуулах ямар нэг өөр үнийг энэ 2(b) хэсэгт зааснаар тогтоож болохгүй.

 

2 дугаар зүйл

 

1.(a) Хэрэв импортлосон барааны гаалийн үнийг 1 дүгээр зүйлд зааснаар тогтоох боломжгүй бол гаалийн үнэ нь үнийг нь тогтоож буй бараатай ижил барааг мөн тэр импортлогч оронд экспортоор тухайн цаг үед буюу ойролцоо хугацаанд худалдсан хэлцлийн үнэ байна.

 

(b)Энэ зүйлийн дагуу гаалийн үнийг тогтоохдоо үнийг нь тогтоож буй бараатай худалдааны ижил түвшинд, тооны хувьд ойролцоо хэмжээнд борлуулсан үнийг нь тодорхойлж буй бараатай ижил барааны хэлцлийн үнийг үндэслэнэ. Ийм борлуулалт байхгүй бол худалдааны өөр түвшин, эсхүл өөр тоо хэмжээгээр борлуулсан барааны хэлцлийн үнийг авч түүнд тухайн түвшин, тоо хэмжээний ялгааг харгалзан зохих залруулга хийсний үндсэн дээр гаалийн үнийг тогтоох үндэслэл болгоно. Ингэж үнийн залруулга хийхдээ гаалийн үнэ нэмэгдэх, буурахыг үл харгалзан гагцхүү түүний зөв, бодитой гэдгийн нотолгоог тодорхой гаргаж баталгаажуулсан байвал зохино.

 

Хэрэв 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан зардал, төлбөрийг хэлцлийн үнэд багтаасан бол импортлосон барааны болон асуудал нь хөндөгдөж буй ижил барааны хооронд тээвэрлэлтийн зай болон арга хэлбэрээс үүдэн зардал төлбөрт тийнхүү гарч байгаа мэдэгдэхүйц ялгааг тооцоонд тусгахын тулд холбогдох залруулга хийнэ.

 

3.Хэрэв энэ зүйлийг хэрэглэх явцад ижил барааны нэгээс илүү хэлцлийн үнэ олж тогтоосон бол импортолж буй барааны гаалийн үнийг тогтоох зорилгоор тэдгээрээс хамгийн бага үнийг ашиглана.

 

3 дугаар зүйл

 

1.(a) Хэрэв импортлосон барааны гаалийн үнийг 1, 2 дугаар зүйлд зааснаар тогтоох боломжгүй бол үнэлгээ хийж буй бараатай төсөөтэй барааг мөн тэр импортлогч оронд тухайн цаг үед ойролцоо хугацаанд худалдсан хэлцлийн үнэ нь гаалийн үнэ байна.

 

(b)Энэ зүйлийн дагуу гаалийн үнийг тогтоохдоо үнэлгээ хийгдэж буй бараатай худалдааны ижил түвшинд, тооны хувьд ойролцоо хэмжээнд худалдсан, үнэлгээ хийгдэж буй бараатай ижил төрлийн барааны хэлцлийн үнийг үндэслэнэ. Ийм борлуулалт байхгүй бол худалдааны өөр түвшинд болон/эсхүл өөр тоо хэмжээгээр худалдсан төсөөтэй барааны хэлцлийн үнийг авч түүнд тухайн түвшин, тоо хэмжээний ялгааг харгалзан зохих залруулга хийсний үндсэн дээр л гаалийн үнийг тогтоох үндэслэл болгоно. Ингэж үнийн залруулга хийхдээ гаалийн үнэ нэмэгдэх, буурахыг үл харгалзан гагцхүү түүний зөв, бодитой гэдгийн нотолгоог тодорхой гаргаж баталгаажуулсан байвал зохино.

 

2.Төсөөтэй барааны хэлцлийн үнэд 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохих зардал, төлбөрийг тусгасан байвал тэдгээрийн залруулгыг тээвэрлэлтийн зай болон арга хэлбэрийн ялгаанаас үүдэн гарах үнэлж буй импортын бараа буюу төсөөтэй барааны тийм зардал, төлбөрийн үлэмж харгалзан хийнэ.

 

3.Хэрэв энэ зүйлийг хэрэглэх явцад төсөөтэй барааны нэгээс илүү хэлцлийн үнэ олж тогтосон бол импортын барааны гаалийн үнийг тогтоох зорилгоор тэдгээрээс хамгийн багыг нь сонгож авна.

 

4 дүгээр зүйл

 

Хэрэв импортлож буй барааны гаалийн үнийг 1, 2 болон 3 дугаар зүйлийн заалтын дагуу тогтоох боломжгүй бол гаалийн үнийг 5 дугаар зүйлийн заалтын дагуу тогтоох бөгөөд энэ зүйлд ч зааснаар тогтоох боломжгүй бол 6 дугаар зүйлд заасныг мөрдөнө. Гэхдээ импортлогчийн хүсэлтээр 5 болон 6 дугаар зүйлийг хэрэглэх дэс дарааллыг сольж хэрэглэж болно.

 

5 дугаар зүйл

 

1.(a) Хэрэв импортын бараа, эсхүл, түүнтэй ижил, эсхүл, төсөөтэй импортлогч оронд импортлогдсон байдлаар нь дотоодын зах зээлд худалдсан байвал импортлосон, эсхүл, ижил, эсхүл төсөөтэй импортын барааг аль болох цогц тоо хэмжээгээр тухайн барааг худалдагч этгээдээс хамааралгүй этгээдэд үнэлж байгаа бараатай тухайн цаг үед буюу ойролцоо хугацаанд худалдсан нэгжийн үнийг үндэслэн энэ зүйлийн заалтын дагуу импортын барааны гаалийн үнийг тогтоох бөгөөд дотоодод худалдсан барааны нэгжийн үнээс дараах зардлыг хасаж тооцно:

 

(i)тухайн оронд ижилхан төрөл, зэрэглэлийн импортын барааг борлуулахтай холбогдон ашиг олох болон нийт зардлыг нөхөх зорилгоор ерөнхий байдлаар төлдөг буюу төлж байхаар зөвшөөрсөн комиссын шимтгэл, эсхүл нэмэгдэл;

 

(ii)импортлогч оронд гарсан тээврийн ердийн зардал, даатгал, тэдгээртэй холбоотой зардал;

 

(iii)шаардлагатай бол 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зардал, төлбөр; болон

 

(iv)барааг импортлох, худалдахтай холбогдуулан импортлогч оронд төлбөл зохих гаалийн болон үндэсний бусад албан татвар

 

(b)Хэрэв импортлож байгаа бараа, түүнтэй ижил, эсхүл төсөөтэй бараа оруулж ирэх тухайн цаг үед буюу ойролцоо хугацаанд худалдаагүй бол энэ зүйлийн 1(a) хэсгийн заалтад өөрөөр захагаагүй бол гаалийн үнийг импортлож байгаа бараа, эсхүл, ижил, эсхүл, төсөөтэй барааны импортлогч орны дотоодын зах зээлд худалдсан нэгж үнэ (гэхдээ оруулж ирснээс хойш 90 хоногоос хэтрэхгүй хугацаа өнгөрсөн байх)-ийг үндэслэн гаалийн үнийг тогтоож болно.

 

2.Хэрэв импортлож байгаа болон түүнтэй ижил эсхүл, төсөөтэй бараа нь импортлогдсон байдлаараа худалдагдаагүй бол импортлогчийн хүсэлтээр оруулж ирснээс хойш боловсруулалт хийсний дараа аль болох цогц тоо хэмжээгээр худалдагдсан нэгж үнийг үндэслэж гаалийн үнийг тогтоож болно. Чингэхдээ импортлогч орон доторхи худалдагч, худалдан авагч этгээдүүд хоорондоо хамааралгүй байх нөхцөлийг харгалзан үзэх бөгөөд боловсруулалт хийхэд гарсан нэмэгдэл зардлыг бодолцон зохих залруулга хийхээс гадна энэ зүйлийн 1(a) хэсэгт заасан зардлыг хасаж тооцно.

 

6 дугаар зүйл

 

1.Энэ зүйлийн заалтын дагуу импортын барааны гаалийн үнийг тогтоохдоо тооцооны үнийг үндэслэнэ. Тооцооны үнэ нь:

 

(a)импортлож буй барааг үйлдвэрлэх үед хэрэглэсэн материал болон үйлдвэрлэлийн буюу бусад боловсруулалтын ажиллагааны үнэ, эсхүл өртөг;

 

(b)үнийг нь тогтоож буй бараатай ижилхан төрөл, зэрэглэлийн барааны борлуулалтад ихэвчлэн тусгагдах импортлогч оронд зориулж нийлүүлэх экспортлогч орны үйлдвэрлэгчийн ашиг болон нийтлэг зардлын хэмжээ;

 

(c)8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн дагуу гишүүний сонгож авсан үнэлгээний аргад шаардагдах бусад бүх зардлын үнэ болон өртөгийн нийлбэрээс бүрдэнэ.

 

2.Тооцооны үнийг тодорхойлох зорилгоор аль ч гишүүн өөрийн нутаг дэвсгэртээ байнга оршин суудаггүй этгээдээс аливаа данс бүртгэл буюу тайлан тооцооны баримтыг үзүүлэх буюу судлах үүднээс тэдгээрийг олж өгөхийг шаардах болон тулгаж болохгүй. Харин энэ зүйлийн дагуу гаалийн үнэ тогтоох зорилгоор бараа үйлдвэрлэгчийн гаргаж өгсөн мэдээллийг импортлогч орны эрх бүхий байгууллага тухайн оронд шалгаж болно. Ийм шалгалтыг үйлдвэрлэгчийн зөвшөөрсөнөөр импортлогч орны холбогдох засгийн газарт урьдчилан мэдэгдэж,тэрээр түүнийг татгалзаагүй байх нөхцөөр гүйцэтгэнэ.

 

7 дугаар зүйл

 

1.Хэрэв импортлож буй барааны гаалийн үнийг 1-6 дугаар зүйлд зааснаар тогтоох боломжгүй бол 1994 оны ТХЕХ-ийн 7 дугаар зүйл болон энэхүү хэлэлцээрийн зарчим болон ерөнхий заалтуудад нийцсэн боломжийн арга хэрэгслийг ашиглах замаар импортлогч оронд байгаа мэдээлэл дээр үндэслэж тогтооно.

 

2.Энэ зүйлийн заалтын хүрээнд гаалийн үнийг тогтоохдоо дор дурдсан үнийг үндэслэж үл болно:

 

(a)импортлогч орон үйлдвэрлэсэн барааг тухайн оронд худалдан борлуулдаг үнэ;

 

(b)хоёр хувилбарт үнээс илүү өндрийг нь гаалийн зорилгоор сонгож авах систем;

 

(c)экспортлогч орны дотоод зах зээл дэх барааны үнэ;

 

(d)ижил, эсхүл, төсөөтэй барааны хувьд 6 дугаар зүйлд заасны дагуу бодож гаргасан тооцооны үнээс бусад үйлдвэрлэлийн зардал;

 

(e)импортлогч орноос бусад оронд тухайн барааг экспортлоход хэрэглэдэг үнэ;

 

(f)гаалийн доод өртөг, буюу;

 

(g)дурын буюу, эсхүл зохиомол үнэ.

 

3.Хэрэв импортлогч хүсэлт тавибал энэ зүйлд заасны дагуу тогтоосон гаалийн үнэ болон тэрхүү үнийг тогтооход хэрэглэсэн аргыг импортлогчид бичгээр мэдэгдэнэ.

 

8 дугаар зүйл

 

1. 1 дүгээр зүйлийн заалтуудын дагуу гаалийн үнийг тогтоохдоо дараахь зүйлийг импортлож буй бараанд жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнээ нэмэн тооцно:

 

(a)барааны жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэд ороогүй бөгөөд худалдан авагчаас гарсан дараахь зардлыг бодит хэмжээгээр нь:

 

(i)худалдан авалтынхаас бусад комиссын шимтгэл болон зуучлагчийн хөлс;

 

(ii)гаалийн зорилгоор тухайн бараатай хамтад нь авч үзэх чингэлгийн үнэ;

 

(iii)ажлын хөлс буюу материалын үнийг багтаасан баглаа боодлын өртөг.

 

(b)импортын барааг экспортод зориулж үйлдвэрлэн борлуулахад зориулж худалдан авагчаас үнэгүй буюу багасгасан үнээр шууд, эсхүл, шууд бус байдлаар нийлүүлсэн буюу үзүүлсэн дараах, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хувиар ногдох ёстой жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэд ороогүй өртгийн хэсэг,

 

(i)импортлож буй бараанд ашиглагдсан материал, бүрдэл хэсэг, эд анги, түүнтэй тэдгээртэй ижилтгах зүйлс;

 

(ii)импортлож буй барааны үйлдвэрлэлд ашигласан багаж хэрэгсэл, будаг, хэв, тэдгээртэй ижилтгах зүйлс;

 

(iii)импортлож буй барааг үйлдвэрлэхэд зарцуулсан материал;

 

(iv)импортлож буй барааг үйлдвэрлэхэд шаардлагатай бөгөөд импортлогч орны гадна хийж гүйцэтгэсэн инженерийн, боловсруулалтын, урлал чимэглэлийн болон загвар зохион бүтээлтийн зураг ажилбар, ажлын буюу бүдүүвч зураг, төсөл.

 

(c)үнэлж буй бараатай хамааралтай бөгөөд үнэлж байгаа барааны борлуулалтын нөхцөлийн хүрээнд худалдан авагчаас шууд буюу шууд бус хэлбэрээр төлөгдвөл зохих роялти болон тусгай зөвшөөрөлийн хураамж, тэгэхдээ тэдгээр роялти, тусгай зөвшөөрөлийн хураамжийн жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэд ороогүй хэсгийн хэмжээгээр;

 

(d)импортлож буй барааг цаашид аливаа нэгэн байдлаар дамжуулан худалдах, захиран зарцуулах, хэрэглэх явцаас олох орлогын худалдагчид шууд буюу шууд бус байдлаар шилжих бүхий л хэсгийн үнэ.

 

2.Өөрийн хууль тогтоомжийг боловсруулахдаа гишүүн бүр гаалийн үнэд дараахь зүйлийг бүрэн, эсхүл хэсэгчилэн оруулах, эсхүл оруулахгүй байхыг шийдвэрлэнэ:

 

(a)импортлож буй барааг оруулах импортын боомт буюу газар хүртэл тээврийн зардал;

 

(b)импортлож буй барааг оруулах боомт буюу газар хүртэл тээвэрлэхтэй холбоотой гарсан ачих, буулгах, хадгалж хамгаалах буюу боловсруулах зардал;

 

(c)даатгалын зардал.

 

3.Энэ зүйлд заасан жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэд нэмэлт оруулахдаа гагцхүү бодит тоогоор илэрхийлэгдсэн мэдээлэл дээр тулгуурлана.

 

4.Гаалийн үнийг тогтоохдоо жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэ дээр энэ зүйлд зааснаас өөр нэмэлтийг хийх ёсгүй.

 

9 дүгээр зүйл

 

1.Гаалийн үнийг тогтооход валютын хөрвөлт зайлшгүй шаардлагатай бол сонирхогч импортлогч орны эрх бүхий байгууллагаас зохих ёсоор нийтэлсэн ханшийг ашиглах бөгөөд тэрээр тэдгээр хэвлэлийн хамаарах харилцааны хувьд холбогдох валютын арилжааны нөхцөлийн дагуу импортлогч орны валютаар илэрхийлэгдэх бодит өртгийг аль болохоор үр дүнтэй илэрхийлж байх ёстой.

 

2.Гишүүн бүрийн шийдвэрлэсний дагуу хөрвүүлэх ханшид экспортлох, эсхүл, импортлох өдөр мөрдөгдөж буй ханшийг хэрэглэнэ.

 

10 дугаар зүйл

 

Өөрийн шинж байдлаараа нууц, эсхүл гаалийн үнэлгээний зорилгоор нууцлалын үндсэн дээр гаргаж өгсөн бүхий л мэдээллийн онцгой нууцлалыг эрх бүхий холбогдох байгууллагууд хангана. Ийм мэдээлэл гаргаж өгсөн этгээд болон засгийн гарын тусгай зөвшөөрөлгүйгээр тухайн мэдээллийг шүүх үйл ажиллагааны явцын шаардлагын дагуу задлахаас бусад тохиолдолд задалж болохгүй.

 

11 дүгээр зүйл

 

1.Гаалийн үнэ тогтоохтой холбоотой асуудлаар импортлогч буюу гаалийн татвар төлөгч бусад аль нэг этгээдийн торгуульгүйгээр гомдол мэдүүлэх эрхийг гишүүн бүр өөрийн хууль тогтоомжоор баталгаажуулж өгөх ёстой.

 

2.Гаалийн байгууллага буюу эсхүл, бие даасан хөндлөнгийн байгууллагыг торгуульгүйгээр эхлэн гомдол гаргах эрхээр хангахаас гадна шүүхийн байгууллагад торгууль шийтгэлгүйгээр гомдол гаргах эрхийг гишүүн бүр хууль тогтоомжоороо хангах ёстой.

 

3.Гомдолтой холбогдон гарсан шийдвэр болон түүний үндэслэлийг гомдол гаргагчид бичгээр мэдэгдэнэ. Цаашид давж заалдах эрхийн талаар гомдол гаргагчид мөн мэдэгдэнэ.

 

12 дугаар зүйл

 

Энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон нийтлэг хууль, журам, шүүхийн шийдвэр, захиргааны журмыг 1994 оны ТХЕХ-ийн 10 дугаар зүйлд заасны дагуу холбогдох импортлогч орон хэвлэн нийтлэнэ.

 

13 дугаар зүйл

 

Хэрэв дурдсан импортын барааны гаалийн үнийг тодорхойлохын хувьд гаалийн үнийг эцэслэн тогтоох асуудлын хугацааг сунгах шаардлага гарвал импортлогч гаалиас бараагаа ямарч тоихолдолд авах боломжоор хангагдах ёстой. Гэхдээ тийнхүү шаардлагатай үед импортлогч бараанд ногдвол зохих гаалийн татварыг төлнө гэдгийг нотлохуйц барьцаа, эсхүл урьдчилгаа, эсхүл аль нэг бололцоотой өөр арга хэрэгсэллээр хангах ёстой. Эдгээр нөхцөл байдалдтай холбогдсон заалдтуудыг гишүүн бүр хууль тогтоомждоо тусгавал зохино.

 

14 дүгээр зүйл

 

Хэлэлцээрийн 1 дүгээр хавсралтад заасан тайлбарууд нь энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болох бөгөөд энэхүү хэлэлцээрүүдийн зүйлүүдийг холбогдох тайлбаруудтай уялдуулан тайлбарлаж хэрэглэнэ. 2 болон 3 дугаар хавсралт нь мөн энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болно.

 

15 дугаар зүйл

 

1.Энэхүү хэлэлцээрт:

 

(a)“импортын барааны гаалийн үнэ” гэдгийг импортын барааны үнийн дүнгээс хувиар тооцож (ad valorem) гаалийн татвар ногдуулах зорилгоор тогтоосон үнэ;

 

(b)“импортлогч орон” гэдгийг бараа импортлож буй улс буюу гаалийн нутаг дэвсгэр;

 

(c)“үйлдвэрлэсэн” гэдгийг тарьж ургуулсан, үйлдвэрлэсэн хийсэн, олзворлосоныг хамруулан ойлгоно.

 

2.Энэхүү хэлэлцээрт:

 

(a)“ижил бараа” гэдэгт бүхий л үзүүлэлт, үүний дотор физик шинж, чанар, нэр хүндийн хувьд ижил барааг ойлгоно. Энэ тодорхойлолтын нөхцөлийг хангаж байвал гадаад үзэмжийн бага зэрэг ялгаа нь ижил бараа гэж үзэхэд саад болохгүй;

 

(b)“төсөөтэй бараа” гэдэгт үнийг нь тогтоож буй бараатай бүхий л талаараа ижилхэн биш боловч үзүүлэлтийн хувьд ижил бөгөөд ижил үүрэг гүйцэтгэж байгаа болон арилжааны хувьд харилцан орлох нөхцөлийг бүрдүүлсэн ижилхан бүрдүүлэгч материалтай барааг ойлгоно. Барааны төсөөтэй эсэхийн шалгуурыг тодорхойлох хүчин зүйлд барааны чанар, нэр хүнд, барааны тэмдгийг тооцон хамааруулах ёстой;

 

(c)“ижил бараа”, “төсөөтэй бараа” гэдэг ойлголтод энэ хэлэлцээрийн 8 дугаар зүйлийн 1 (b) (iv) -д заасан залруулгыг уг заалтад дурдагдсан холбогдох элементүүд импортлогч оронд гүйцэтгэгдсэн тул хийгээгүй инженерийн, боловсруулалтын, урлал чимэглэлийн загвар, зураг төслийн ажлыг агуулсан буюу тусгасан барааг холбогдох тохиолдолуудад хамруулахгүй;

 

(d)хэрэв үнийг нь тогтоож буй барааг нэг улсад үйлдвэрлээгүй бол тухайн барааг “ижил бараа” буюу “төсөөтэй бараа”-нд тооцохгүй;

 

(e)хэрэв үнийг нь тогтоож буй бараатай тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн ижил бараа ч, төсөөтэй бараа ч байхгүй байх тохиолдолд л өөр үйлдвэрлэгчийн барааг анхааран үзэж болно.

 

3.Энэхүү хэлэлцээрт: “адилхан төрөл, зэрэглэлийн бараа” гэдэгт аль нэг аж үйлдвэр, аж үйлдвэрийн салбарт үйлдвэрлэсэн барааны бүлэг жагсаалтад багтах барааг хэлэх бөгөөд ижил буюу төсөөтэй барааг багтаана.

 

4.Энэхүү хэлэлцээрийн зорилгоор зөвхөн дор дурдсан этгээдүүдийг харилцан хамааралтай гэж үзнэ. Үүнд хэрэв:

 

(a)тэд бие биенийхээ бизнест захирал буюу ажилтнаар ажилладаг бол;

 

(b)тэд хууль ёсоор зөвшөөрөгдсөн бизнесийн түншүүд бол;

 

(c)тэд ажил олгогч болон ажиллагч бол;

 

(d) хоёулангийхан санал өгөх эрх буюу хувьцааны 5 буюу түүнээс дээш хувийг аль нэг этгээд шууд буюу шууд бусаар өмчилж, хянаж, эсхүл эзэмшдэг бол;

 

(e)тэдний нэг нь нөгөөгөө шууд буюу шууд бусаар хянадаг бол;

 

(f)тэд хоёулаа аливаа гуравдагч этгээдийн шууд буюу шууд бус хяналтад байдаг бол;

 

(g)тэд хамтдаа аливаа гуравдагч этгээдэд шууд буюу шууд бус байдлаар хяналт тавьдаг буюу;

 

(h)тэд нэг гэр бүлийн хүмүүс байх.

 

5.Хэрэв аль нэг нь нөгөөгийнхөө онцгой эрхт төлөөлөгч, онцгой эрхт борлуулагч, эсхүл онцгой эрхт зуучлагч байдлаар үйл ажиллагааны хамааралтай (өөр хоорондоо холбоотой) байвал энэ хэлэлцээрийн зорилгоор харилцан хамааралтай этгээдэд тооцогдоно. Гэхдээ ийнхүү харилцан хамааралтайд тооцохын тулд тэдгээр нь энэ зүйлийн 4 дэх хэсгийн шалгуурын хүрээнд багтдаг байвал зохино.

 

16 дугаар зүйл

 

Импортлогч бичгээр хүсэлт тавьж импортын барааны гаалийн үнийг хэрхэн тогтоосон талаар импортлогч орны гаалийн байгууллагаас бичгээр тайлбар гаргуулж авах эрхтэй.

 

17 дугаар зүйл

 

Гаалийн үнэлгээний зорилгоор бүрдүүлсэн мэдүүлэг, бичиг баримт болон өргөдлийн үнэн зөв, голч бодит байдлыг нягтлан шалгах гаалийн байгууллагын эрх хэмжээг хязгаарлах буюу эргэлзээ буй болгох зүйл энэхүү хэлэлцээрт байхгүй.

 

II ХЭСЭГ

 

Удирдлага, зөвлөлдөөн, маргаан шийдвэрлэлт

 

18 дугаар зүйл

 

Байгууллагын бүтэц

 

1.Гишүүн бүрийн төлөөлөгчөөс бүрдсэн Гаалийн үнэлгээний хороо (цаашид “хороо” гэнэ) -г үүгээр байгуулж байна. Хороо даргаа сонгох бөгөөд гол төлөв жилд нэг удаа хуралдана. Түүнчлэн хорооны хуралдааныг энэхүү хэлэлцээрийн холбогдох заалтуудыг үндэслэн хуралдуулах бөгөөд чингэхдээ дараахь зорилгыг мөрдлөгө болгоно. Үүнд: гаалийн үнийн системийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар гишүүдийг хамарсан зөвлөлдөөн явуулах аятай боломж олгох, хэлэлцээрийн хэрэгжүүлэхэд тус дэмжлэг үзүүлэх, гишүүдээс түүнд хүлээлгэж болох бусад тийм үүргийг биелүүлэх талаар шийдвэр гаргах зэрэг асуудлыг авч хэлэлцэнэ. Дэлхийн худалдааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

 

2.Энэхүү хэлэлцээрийн 2 дугаар хавсралтад тодорхойлсон үүргийг гүйцэтгэж, түүгээр тогтоосон дүрэм, журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулах үүрэг бүхий Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл (цаашид “ГХАЗ” гэнэ) -ийн ивээл дор ажиллах, Гаалийн үнэлгээний техникийн хороо (цаашид “Техникийн хороо” гэнэ) -г байгуулна.

 

19 дүгээр зүйл

 

Зөвлөлдөх буюу маргаан шийдвэрлэх

 

1.Хэрэв энэхүү хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийг энэхүү хэлэлцээрийн хүрээнд зөвлөлдөөн хийх болон маргаан шийдвэрлэхэд баримтлана.

 

2.Хэрэв аль нэг гишүүн буюу бусад гишүүнийн үйл ажиллагааны улмаас энэхүү хэлэлцээрийн дагуу шууд буюу шууд бусаар эдлэх ёстой давуу тал үгүйсгэгдэж буюу буурч, эсхүл энэхүү хэлэлцээрийн аль нэг зорилгыг хангахад саад учирч байна гэж үзвэл ийнхүү үзэж буй гишүүн нь энэ асуудлаар харилцан хүлээн авахуйц шийдэлд хүрэх үүднээс холбогдох гишүүн буюу гишүүдтэй зөвлөлдөөн хийх хүсэлтийг тавьж болно. Зөвлөлдөөн хийх талаар бусад гишүүнээс тавьсан аливаа хүсэлтийг гишүүн бүр нааштайгаар авч үзэх ёстой.

 

3.Техникийн хороо нь тавигдсан хүсэлтийн дагуу зөвлөлдөөн хийж буй гишүүдэд зөвлөлгөө өгөх, туслалцаа үзүүлэх явдлыг хангана.

 

4.Маргаанд оролцогч талын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар энэхүү хэлэлцээрийн заалтуудын талаархи маргааныг шалган шийдвэрлэх зорилгоор байгуулагдах хөндлөнгийн хэсэг нь нарийн судалгаа шаардсан асуудлаар Техникийн хорооноос судалгаа хийхийг хүсч болно. Хөндлөнгийн хэсэг нь тодорхой маргаан бүрээр Техникийн хорооны эрх хэмжээний хүрээг тодорхойлох бөгөөд тухайн асуудлаар Техникийн хорооны зүгээс бэлтгэж танилцуулах илтгэлийг хүлээн авах хугацааг тогтооно. Хөндлөнгийн хэсэг уг асуудлаар Техникийн хорооноос гаргасан илтгэлийг харгалзан үзнэ. Техникийн хороо энэ хэсгийн дагуу гаргасан маргаантай асуудлаар нийтийн тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд хөндлөнгийн хэсэг маргаанд оролцогч талуудад тухайн асуудлаар өөрсдийнхөө үзэл бодлыг хөндлөнгийн хэсэгт танилцуулах боломжийг олговол зохино.

 

5.Хөндлөнгийн хэсэгт гаргаж өгсөн нууц мэдээллийг, тийм мэдээллийг ирүүлсэн этгээд, байгууллага, эрх бүхий байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүйгээр задруулж үл болно. Хэрэв ийм мэдээллийг хөндлөнгийн хэсгээс хүссэн бөгөөд тийм мэдээллийг задлах эрх хөндлөнгийн хэсэгт олгогдоогүй тохиолдолд уг мэдээллийг олгосон этгээд, байгууллага буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрснөөр тийм мэдээллийн талаархи нууц бус хураангуйг олгож болно.

 

III ХЭСЭГ

 

Тусгай болон Ялгавартай нөхцөл

 

20 дугаар зүйл

 

1.ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт 1979 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар оролцогч биш байсан хөгжиж буй гишүүн орнууд энэ хэлэлцээрийн заалтуудыг ДХБ байгуулах тухай хэлэлцээр тухайн гишүүдийн хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 жилээс илүүгүй хугацаагаар хойшлуулан хэрэглэж болно. Энэхүү хэлэлцээрийг хэрэглэх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн хөгжиж буй гишүүн орнууд энэ тухайгаа ДХБ -ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.

 

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны зэрэгцээ ТХЕХ-ийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрт 1979 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар оролцогч биш байсан хөгжиж буй гишүүн орнууд энэ хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийн 2 (b) (iii) заалт, 6 дугаар зүйлийг энэхүү хэлэлцээрийн бусад бүх заалтыг хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс хойш 3 жилээс илүүгүй хүртэл хугацаагаар хойшлуулан хэрэглэж болно. Энэ хэсэгт тусгайлан дурдсан заалтуудыг хэрэглэх хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн хөгжиж буй гишүүн орнууд энэ тухайгаа ДХБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдэнэ.

 

3.Хөгжингүй гишүүн орнууд нь хүсэлт гаргасан хөгжиж буй гишүүн орнуудад харилцан тохиролцсон нөхцөлөөр техниийн туслалцаа үзүүлнэ. Энэ үндсэн дээр хөгжингүй гишүүн орнууд тодорхой чиглэлээр, тухайлбал, боловсон хүчнийг давтан сургах туслалцааг хэрэгжүүлэх арга хэмжээг бэлтгэх, гаалийн үнэлгээний аргачлалын холбогдолтой мэдээллээр хангах, энэхүү хэлэлцээрийн заалтуудыг хэрэглэх талаар зөвлөгөө өгөх зэрэг асуудлаар техникийн туслалцаа үзүүлэх хөтөлбөр боловсруулах ажлыг хамарч болно.

 

IV ХЭСЭГ

 

Төгсгөлийн заалт

 

21 дүгээр зүйл

 

Тайлбар

 

Бусад гишүүнийн зөвшөөрөлгүйгээр энэ хэлэлцээрийн аль нэг заалтад тайлбар хийхгүй.

 

22 дугаар зүйл

 

Үндэсний хууль тогтоомж

 

1.Гишүүн бүр энэхүү хэлэлцээрийн заалтуудыг хэрэглэж эхлэх өдрөөс өмнө өөрийн хууль, журам болон захиргааны журмыг энэхүү хэлэлцээрийн заалтуудад нийцүүлэх явдлыг хангана.

 

2.Гишүүн бүр энэхүү хэлэлцээртэй холбоотой өөрийн хууль, журам тэдгээр хууль журмыг зохион байгуулан хэрэгжүүлэхэд оруулсан аливаа өөрчлөлтийн талаар Хороонд тухай бүр мэдэгдэж байна.

 

23 дугаар зүйл

 

Хянан үзэх

 

Хороо энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт болон үйлчлэлийг түүний зорилгыг харгалзан жил бүр хянаж үзнэ. Хороо хэлэлцээрийг тийнхүү хянан үзэх хугацаанд болсон үйл явцын тухай Барааны худалдааны зөвлөлд жил бүр мэдэгдэнэ.

 

24 дүгээр зүйл

 

Нарийн бичгийн дарга нарын газар

 

Зөвхөн Техникийн хороо тусгайлан хариуцахаар заагдсан үүргийг ГХАЗ-ийн нарийн бичгийн дарга нарын газар гүйцэтгэхээс бусад тохиолдолд ДХБ–ын Нарийн бичгийн дарга нарын газар энэхүү хэлэлцээрт үйлчлэх ажлыг хариуцана.

 

 

ХАВСРАЛТ 1

 

ТАЙЛБАР БИЧИГ

 

Ерөнхий тайлбар

 

Үнэлгээний аргуудыг дэс дараалан хэрэглэх

 

1.1-ээс 7 дугаар зүйлд импортын барааны гаалийн үнийг энэ хэлэлцээрийн заалтын дагуу хэрхэн тогтоохыг тодорхойлсон. Үнэлгээний аргуудыг дэс дараалан хэрэглэхээр тогтоосон. Гаалийн үнэлгээний үндсэн арга нь 1 дүгээр зүйлээр тодорхойлогдох бөгөөд түүнд туссан нөхцөлүүд хангагдсан бүх тохиолдолд импортлосон барааны үнэлгээг энэ зүйлийн дагуу тогтооно.

 

2.1 дүгээр зүйл заалтын дагуу гаалийн үнийг тогтоох боломжгүй үед дараагийн зүйлүүдийг дэс дараалан хэрэглэн гаалийн үнэ тогтоож болох эхний зүйл хүртэл үргэлжилнэ. 4 дүгээр зүйлд заасны дагуу үнийг тодорхой зүйлийн дагуу тогтоох боломжгүйгээс бусад тохиолдолд дараа дараагийн зүйлийн заалтыг дэс дарааллаар нь хэрэглэнэ.

 

3.Хэрэв импортлогч 5 болон 6 дугаар зүйлийн дэс дарааллыг солих хүсэлтийг тавиагүй тохиолдолд хэвийн дэс дарааллыг баримтлана. Хэрэв импортлогч тийм хүсэлт тавьж байгаа хэдий ч 6 дугаар зүйлийн дагуу гаалийн үнэ тогтоох боломжгүй нь нотлогдож байвал, хэрэв бололцоотой бол, 5 дугаар зүйлийн дагуу гаалийн үнийг тогтооно.

 

4.Хэрэв гаалийн үнийг 1-ээс 6 дугаар зүйлийн заалтын дагуу тогтоох боломжгүй тохиолдолд түүнийг 7 дугаар зүйлийн заалтын дагуу тогтооно.

 

Нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчмыг хэрэглэх

 

1.“Нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчим” гэдэг нь эдийн засгийн ямар эх сурвалж, төлбөрийн үүргийг актив, пассивын агуулгаар бүртгэх, актив, пассивт гарч буй ямар өөрчлөлтийг бүртгэх, ямар мэдээллийг нээлттэй байлгах, тийнхүү нээлттэй байхыг хэрхэн хангах, санхүүгийн ямар мэдээг бэлтгэж байх талаар аливаа улсад тухайн цаг үед зөвшилцөн тогтсон буюу эрх бүхий байгууллагаас дэмжин гаргасан ойлголтыг хэлнэ. Эдгээр стандартуудад ерөнхий хэрэглээний удирдамжийн зарчим төдийгүй нарийвчилсан практик болон дэг журмын дэлгэрэнгүй аргачлал буюу заавар багтана.

 

2.Тухайн улс орон дахь нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчмаар холбогдох зүйлийн дагуу бэлтгэгдсэн мэдээллийг энэхүү хэлэлцээрийн зорилгоор гишүүн бүрийн гаалийн байгууллагууд ашиглана. Жишээлбэл, 5 дугаар зүйлийн заалтын дагуу ердийн ашиг буюу нийт зардлуудыг тодорхойлоход импортлогч орны нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчмын дагуу бэлтгэсэн мэдээллийг ашиглана. Нөгөө талаас, 6 дугаар зүйлийн дагуу ердийн ашиг болон нийт зардлуудыг тодорхойлоход үйлдвэрлэгч орны нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчмын дагуу бэлтгэгдсэн мэдээллийг ашиглана. Өөр нэг жишээ дурдахад, 8 дугаар зүйлийн 1 (b) (ii) дугаар хэсэгт дурдсан элементүүдийг импортлогч оронд тогтоохын тулд тухайн орны нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчмын дагуу тодорхойлсон мэдээллийг ашиглана.

 

1 дүгээр зүйлд холбогдох тайлбар

 

Жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэ

 

1.Жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэ гэдэг нь импортлосон барааны үнэнд худалдан авагчаас худалдагчийн орлого болгон хийсэн буюу хийх ёстой нийт төлбөрийг ойлгоно. Төлбөр нь заавал мөнгөний хөрвүүлгийн хэлбэртэй байх шаардлагагүй. Төлбөр нь аккредетивийн болон төлбөрийн бусад арга хэрэгслээр хийгдсэн байж болно. Төлбөрийг шууд буюу шууд бус байдлаар гүйцэтгэж болно. Худалдан авагчийн зүгээс худалдагчийн өрийг бүрэн буюу хэсэгчилэн тооцон суутгахыг шууд бус төлбөрийн жишээ байдлаар авч үзэж болно.

 

2.8 дугаар зүйлд заасан залруулгаас бусад тохиолдолд худалдан авагчийн өөрийн зардлаар худалдан авагчийн хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг хэдийгээр худалдагчид орлого авчирч байлаа ч худалдагчид өгөх шууд бус төлбөр гэж тооцохгүй. Иймд гаалийн үнэ тогтоох үед иймэрхүү үйл ажиллагааны өртгийг жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэ дээр нэмэхгүй.

 

3.Хэрэв дараахь төлбөр, эсхүл зардал импортын бараанд жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнээс ялгаран тогтоогдож байвал түүнийг гаалийн үнэд оруулахгүй:

 

(a)импортлосны дараа үйлдвэрлэлийн байгууламж барьж байгуулах, машин, техник тоног төхөөрөмж бүтээн босгох, угсрах, хэвийн ажиллагааг нь хангахад шаардагдах техникийн үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон хөлс;

 

(b)импортлосны дараахь тээврийн өртөг;

 

(c)импортлогч орны гаалийн болон албан татвар.

 

4.Жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэ нь импортлосон барааны үнэд хамаарна. Тиймээс худалдан авагчаас худалдагчид шилжиж буй ногдол ашиг болон импортлосон бараатай хамааралгүй бусад төлбөр гаалийн үнийн хэсэг болохгүй.

 

1 (a) (iii) дэх хэсэг

 

Жинхэнэ төлсөн үнэ буюу төлбөл зохих үнийг хүлээн зөвшөөрөх аргагүй хязгаарлалтад барааны үнэд дорвитой нөлөө үзүүлэхгүй хязгаарлалтыг хамруулна. Тийм хязгаарлалтын жишээ нь шинэ загварын автомашиныг албан ёсоор борлуулж эхлэх хүртэлх хугацаанд худалдан авагчийн худалдан борлуулах, үзэсгэлэн зохион байгуулах эрхийг худалдан авагчийн зүгээс хориглосон байх тохиолдол байж болно.

 

1 (b) дэх хэсэг

 

1.Хэрэв борлуулалт болон үнэ нь ямар нэгэн нөхцөл буюу хүчин зүйлийн нөлөөлөлд орж, түүний улмаас үнэлэгдэж буй барааны бодит үнийг тогтоох боломжгүй болж байгаа бол хэлцлийн үнийг гаалийн үнэлгээ хийхэд ашиглаж болохгүй. Үүний зарим жишээ нь:

 

(a)худалдан авагч худалдагчаас тодорхой тоо хэмжээгээр өөр төрлийн барааг худалдан авах нөхцөлтэйгээр тухайн импортлож байгаа барааны үнийг худалдагч тогтоосон тохиолдол;

 

(b)импортын барааны үнэ нь худалдан авагчаас тухайн импортын барааны худалдагчид зөрүүлж зарсан өөр барааны үнээс хамааралтай байх;

 

(c)импортлож байгаа бараатай хамааралгүй төлбөрийн хэлбэрээр тухайлбал, импортлож байгаа бараа нь хагас бэлэн бүтээгдэхүүн байгаад боловсруулалт хийсний дараа эцсийн бүтээгдэхүүнээс худалдагч тодорхой хэмжээгээр авахаар тохиролцож зарахаар үнэ тохирсон байх.

 

2.Гэхдээ импортын барааны үйлдвэрлэл буюу зах зээлийн сурталчилгаатай, хамааралтай нөхцөл буюу хүчин зүйл нь хэлцлийн үнийн аргаас татгалзахад хүргэх ёсгүй. Тухайлбал, импортлогч оронд зураг төслийн болон бүтээн босгох төлөвлөлтийн ажлыг хийж гүйцэтгэн худалдан авагчаас худалдагчид өгөх явдал нь 1 дүгээр зүйлийн дагуу хэлцлийн үнийн аргаас татгалзахад хүргэх ёсгүй. Үүнтэй ижил хэдийгээр худалдан авагч өөрийн зардлаар өөрийн зах зээл дэх борлуулалттай холбоотой үйл ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч чингэх тухай худалдагчтай тохиролцсон эдгээр үйл ажиллагааны үнэ нь гаалийн үнэлгээнд шингэх ёсгүй бөгөөд эдгээр үйл ажиллагаа нь хэлцлийн үнээс татгалзахад хүргэх ёсгүй.

 

2 дахь хэсэг

 

1.2 (a) болон 2 (b) хэсэг нь хэлцлийн үнийг хүлээн зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлэх өөр өөр арга хэрэгслийг олгож байгаа болно.

 

2.2 (a) хэсэгт худалдагч буюу худалдан авагч харилцан хамааралтай үед худалдааны нөхцөл байдлыг нягтлан шалгасан байх, энэхүү харилцан хамаарал үнэд нөлөөлөөгүй тохиолдолд гаалийн үнийн байдлаар хэлцлийн үнийг авах талаар туссан. Энэ нь худалдан авагч буюу худалдагч харилцан хамааралтай байх бүх тохиолдолд хэргийг шалгана гэсэн үг биш. Ийм шалгалтыг зөвхөн үнийг зөвшөөрч болох эсэх талаар эргэлзээ байгаа тохиолдолд хийх шаардлагатай. Хэрэв үнийг зөвшөөрч болох эсэх талаар гаалийн байгууллагад эргэлзээ байхгүй тохиолдолд импортлогчоос цаашид мэдээлэл шаардалгүйгээр үнийг хүлээн зөвшөөрөа ёстой. Тухайлбал, гаалийн байгууллага харилцан хамаарлыг урьдчилан шалгасан байх, эсхүл худалдан авагч, худалдагчийн талаар нарийвчилсан мэдээлэл авсан байх, мөн харилцан хамаарал үнэд нөлөөлөөгүй гэдгийг шалгалт, мэдээллээр нэгэнт нотлосон байх тохиолдол юм.

 

3.Хэрэв гаалийн байгууллага цаашдын байцаалт судалгаагүйгээр хэлцлийн үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тохиолдолд худалдааны нөхцөл байдлыг шалгахад шаардлагатай нарийвчилсан мэдээллийг цаашид гарган өгөх бололцоог тэрээр импортлогчид олгох ёстой. Үүнтэй уяалдан, харилцан хамаарал үнэд нөлөөлсөн эсэхийг тогтоох үүднээс худалдагч буюу худалдан авагч худалдааны харилцаагаа яаж буй болгосон болон яригдаж буй үнэ бүрдсэн арга зам хэлцэлтэй хамааралтай эсэх асуудлыг гаалийн байгууллага шалгах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэдийгээр худалдагч буюу худалдан авагч 15 дугаар зүйлийн дагуу харилцан хамааралтай боловч худалдах буюу худалдан авах үйл явц, үнэд энэ хамаарал нөлөөлөөгүй гэдгийг батлаж нотлосон тохиолдолд энэхүү хамаарлыг үнэд нөлөөлөөгүйд тооцно. Үүний нэг жишээ нь тухайн яригдаж буй үйлдвэрийн үнэ тогтоох ердийн журамд нийцүүлэх байдлаар буюу худалдагч түүнтэй холбоогүй худалдан авагчид зарсан борлуулалтынхаа үнийг тогтоох замаар тухайн үнийг тогтоосон бол энэ нь харилцаа холбоо үнэнд нөлөөлөөгүй болохыг харуулна. Дахин нэг жишээ авч үзэхэд үнийн дүн нийт зардал дээр нэмээд тухайн аж ахуйн нэгжийн тухайн хугацаанд (жишээ нь, нэг жилийн хугацаанд) ижил барааны борлуулалтаас олох нийт ашиг орлогыг төлөөлөхүйц ашгийг оролцуулаад бүгдийг нь багтаахад хангалттай байвал энэ нь үнэнд нөлөөлөөгүй болохыг харуулна.

 

4.2(b) хэсэг нь хэлцлийн үнийг гаалийн байгууллагын урьд нь хүлээн зөвшөөрсөн “шалгуур” үнэтэй ихээхэн ойролцоо бөгөөд тиймээс түүнийг 1 дүгээр зүйлийн дагуу хүлээн авч болохуйц үнэ гэдгийг нотлох боломж импортлогчид олгоно. Хэрэв 2 (b) хэсгийн дагуух шалгуурыг хангаж байвал 2 (а) хэсэгт дурдагдсан нөлөөллийн асуудлыг авч үзэх шаардлагагүй. Хэрэв гаалийн байгууллагад 2 (b) хэсэг дэх шалгуурын аль нэгийг бүрэн хангахаар мэдээлэл байвал импортлогчоос батлах нотлохыг шаардах учиргүй. 2 (b) хэсэгт заасан “хамааралгүй худалдан авагч” гэсэн нь худалдагчаас аливаа дурын тохиолдолд хамааралгүй худалдан авагч этгээдийг хэлнэ.

 

2 (b) дахь хэсэг

 

Нэг үнэ нөгөөтэй “ихээхэн ойролцоо” байгаа эсэхийг тогтооход хэд хэдэн хүчин зүйлд анхаарал хандуулах ёстой. Үүнд импортлосон барааны үйлдвэрлэлийн өөрийн мөн чанар, барааг импортлосон улирал, түүнчлэн арилжааны талаасаа үнийн зөрүү мэдэгдэхүйц их байгаа эсэх зэрэг хамрагдана. Эдгээр хүчин зүйл нь тодорхой тохиолдол бүрт өөрчлөгдөж, янз бүр болох боломжтой байдгаас тогтмол нэг хувь хэмжээ зэрэг нэгдсэн стандарт хэмжүүрийг хэрэглэх боломжгүй. Тухайлбал, хэлцлийн үнэ нь шалгуур үнэтэй ихээхэн ойролцоо эсэхийг 1 дүгээр зүйлийн 2(b) хэсэгт заасны дагуу тогтоох явцад зарим нэг төрөл загварын барааны үнэ бараг ижилхан үед хүлээн зөвшөөрдөггүй байхад нөгөө төрлийн барааны хувьд ихээхэн ялгаатай үнийг хүлээн зөвшөөрөх тохиолдол байдаг.

 

2 дугаар зүйлд холбогдох тайлбар

 

1. 2 дугаар зүйлийг мөрдөхдөө гаалийн байгууллага нь боломжтой тохиолдол бүрт арилжааны ижил түвшинд үнэлгээ хийгдэж буй бараатай ойролцоо тоо ширхэгтэй, ижил барааны борлуулалтыг авч үзнэ. Ийм борлуулалт олдоогүй тохиолдолд дараахь гурван нөхцөлийн аль нэгд хийгдсэн төсөөтэй барааны борлуулалтыг ашиглаж болох юм:

 

(a)тухайн борлуулалт арилжааны түвшинд хийгдсэн боловч тоо ширхэгийн хувьд өөр байх;

 

(b)тухайн борлуулалт арилжааны ялгаатай түвшинд хийгдсэн боловч тоо ширхэгийн хувьд үндсэндээ ижил байх;

 

(c)тухайн борлуулалт арилжааны ялгаатай түвшинд хийгдсэн боловч тоо ширхэгийн хувьд өөр байх.

 

2.Хэрэв дээрх гурван нөхцөлийн аль нэгээр хийгдсэн арилжаа олдвол холбогдох тохиолдолдтой нийцүүлэн дараах залруулга хийнэ:

 

(a)зөвхөн тоо хэмжээний хүчин зүйлийн хувьд;

 

(b)зөвхөн худалдааны түвшингийн хүчин зүйлийн хувьд; эсхүл

 

(c)худалдааны түвшин болон тоо хэмжээний хүчин зүйлийн аль алины хувьд

 

3.”Болон/эсхүл” гэдэг хэллэг нь борлуулалтын сонголтод уян хатан хандаж, дээр дурдсан гурван нөхцөлийн аль нэгээр залруулга хийх боломж олгоно.

 

4. 2 дугаар зүйлийн зорилгоор импортлосон ижил барааны хэлцлийн үнэ гэдэгт 1 (b) болон 2 дахь хэсэгт заасны дагуу зохих залруулга хийсэн бөгөөд 1 дүгээр зүйлийн заалтыг үндэслэн хүлээн зөвшөөрөгдсөн гаалийн үнийг ойлгоно.

 

5.Арилжааны ялгаатай түвшин, эсхүл ялгаатай тоо ширхэгийн хувьд залруулга хийх нөхцөл гэдэг нь өртгийг нэмэгдүүлэх ч бай, бууруулах ч бай ямар ч байсан залруулгын учир зүйн үндэслэлтэй, нягт нямбай хийгдсэн болохыг тодорхой харуулах нотолгоон дээр, жишээлбэл: янз бүрийн түвшний, эсхүл тоо ширхэгтэй нөхцөлд зориулсан хүчин төгөлдөр үнийн жагсаалтыг үндэслэн залруулгыг хийхэд оршино. Үүний жишээ байдлаар, 10 нэгжээс бүрдсэн ачилттай импортын барааг үнэлэх үед ижил барааны зөвхөн 500 нэгжийн хэлцлийн үнэ, түүнд зориулж худалдагчаас тоо хэмжээнээс хамаарах үнэ бууралт өгсөн нь мэдэгдэж байгаа бол шаардлагатай залруулгыг худалдагчийн үнийн жагсаалт болон тухайн 10 нэгжийн борлуулалтын үнэд тулгуурлан хийж болно. Өөр тоо ширхэгтэй тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа баримталдаг ердийн шударга үнийн жагсаалтыг гаргасан болохоор борлуулалтыг заавал арван нэгжийнхээр хийсэн байх ёстой гэж шаардахгүй. Гэхдээ ийм бодит арга хэмжээ авахгүй тохиолдолд 2 дугаар зүйлд заасны дагуу гаалийн үнэлгээг тогтоох нь тохиромжгүй.

 

3 дугаар зүйлд холбогдох тайлбар

 

1.3 дугаар зүйлийг мөрдөхдөө гаалийн байгууллага нь боломжтой тохиолдол бүрт арилжааны ижил түвшинд барааны үнэлгээ хийгдэж буй бараатай ойролцоо тоо ширхэгтэй төсөөтэй барааны борлуулалтыг авч үзнэ. Тийм борлуулалт олдоогүй тохиолдолд доорх гурван нөхцөлийн аль нэгд хийгдсэн төсөөтэй барааны борлуулалтыг ашиглаж болно:

 

(a)тухайн борлуулалт арилжааны ижил түвшинд хийгдсэн боловч тоо ширхэгийн хувьд өөр байх;

 

(b)тухайн борлуулалт арилжааны ялгаатай түвшинд хийгдсэн боловч тоо ширхэгийн хувьд үндсэндээ ижил байх;

 

(c)тухайн борлуулалт арилжааны ялгаатай түвшинд хийгдсэн бөгөөд тоо ширхэгийн хувьд өөр байх.

 

2.Хэрэв дээрх гурван нөхцөлийн аль нэгээр хийгдсэн арилжаа олдвол холбогдох тохиолдолтой нийцүүлэн дараахь чиглэлээр залруулга хийнэ:

 

(a)зөвхөн тоо хэмжээний хүчин зүйлийн хувьд;

 

(b)зөвхөн худалдааны түвшингийн хүчин зүйлийн хувьд; эсхүл

 

(c)арилжааны түвшин болон тоо хэмжээний хүчин зүйлийн аль алины нь хувьд

 

3.“Болон/эсхүл” гэдэг хэллэг нь борлуулалтын сонголтод уян хатан хандаж, дээр дурдсан гурван нөхцөлийн аль нэгээр залруулга хийх боломж олгоно.

 

4. 3 дугаар зүйлийн зорилгоор импортлосон төсөөтэй барааны хэлцлийн үнэ гэдэгт 1 (b) болон 2 дахь хэсэгт заасны дагуу зохих залруулга хийсэн бөгөөд 1 дүгээр зүйлийн заалтыг үндэслэн хүлээн зөвшөөрөгдсөн гаалийн үнийг ойлгоно.

 

5.Арилжааны ялгаатай түвшин, эсхүл ялгаатай тоо ширхэгийн хувьд залруулга хийх нөхцөл гэдэг нь өртгийг нэмэгдүүлэх ч бай, бууруулах ч бай ямар ч байсан залруулгын учир зүйн үндэслэлтэй, нягт нямбай хийгдсэн болохыг тодорхой харуулах нотолгоон дээр, жишээлбэл янз бүрийн түвшний, эсхүл, тоо ширхэгтэй нөхцөлд зориулсан хүчин төгөлдөр үнийн жагсаалтыг үндэслэн залруулга хийхэд оршино. Үүний жишээ байдлаар, 10 нэгжээс бүрдсэн ачилттай импортын барааг үнэлэх үед ижил барааны зөвхөн 500 нэгжийн хэлцлийн үнэ, түүнд зориулж худалдагчаас тоо хэмжээнээс хамаарах үнэ бууралт өгсөн нь мэдэгдэж байгаа бол шаардлагатай залруулгыг худалдагчийн үнийн жагсаалт болон тухайн 10 нэгжийн борлуулалтын үнэд тулгуурлан хийж болно. Өөр тоо ширхэгтэй тухайн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа баримталдаг ердийн шударга үнийн жагсаалтыг гаргасан болохоор борлуулалтыг заавал арван нэгжийнхээр хийсэн байх ёстой гэж шаардахгүй. Гэхдээ ийм бодит арга хэмжээ авахгүй тохиолдолд 2 дугаар зүйлд заасны дагуу гаалийн үнэлгээг тогтоох нь тохиромжгүй.

 

5 дугаар зүйлийн тайлбар

 

1.“Нийлбэр дүнгээрээ хамгийн олон тоогоор зарагдсан барааны нэгж үнэ” гэдэгт импортлосны дараагаар арилжааны анхны түвшинд барааг худалдан авсан этгээдтэй хамааралгүй этгээдэд хамгийн их тоо хэмжээгээр борлуулсан үнийг ойлгоно.

 

2.Олон тоо ширхэгтэй зүйл худалдан авахад нэгжийн үнийг бууруулдаг үнийн жагсаалтыг баримтлан бараа бүтээгдэхүүнийг борлуулах нь үүний нэг жишээ юм.

 

Борлуулсан тоо ширхэг

Нэгжийн үнэ

Борлуулалтын тоо

Үнэ бүрээр борлуулагдсан барааны нийт тоо ширхэг

1-10 ширхэг

100

5 ширхэгээр 10 удаа

3 ширхэгээр 5 удаа

65

11-25 ширхэг

95

11 ширхэгээр 5 удаа

55

25-аас дээш

ширхэг

90

30 ширхэгээр 1 удаа

50 ширхэгээр 1 удаа

80

 

 

Нэг үнээр хамгийн олон борлогдсон нь 80 байна. Тиймээс хамгийн олон тоо ширхэгтэй нэгжийн үнэ бол 90.

 

3.Үүний өөр жишээ болгон хоёр борлуулалтыг авч үзэж болно. Эхний 500 ширхэгийг нэг бүрийг нь 95 мөнгөний нэгжээр борлуулсан. Хоёрдох 400 ширхэгийг нэг бүрийг нь 90 мөнгөний нэгжээр борлуулсан. Энэ жишээний хувьд аль нэг үнээр нь борлуулагдсан хамгийн олон тоо нь 500 ширхэг байна. Тиймээс нийт дүнгээр хамгийн олон тоо ширхэгтэй борлуулалт хийх нэгжийн үнэ нь 95 байна.

 

4.Харилцан ижилгүй тоо ширхэгтэй бүтээгдэхүүнийг янз бүрийн үнээр борлуулсан дараахь нөхцөл гуравдахь жишээ болно:

 

(a) Борлуулалтууд

 

Тоо ширхэг                                                                          Нэгжийн үнэ

 

                        40 ширхэг                                                                             100

                        30 ширхэг                                                                             90

                        15 ширхэг                                                                             100

                        50 ширхэг                                                                             95

                        25 ширхэг                                                                             105

                        35 ширхэг                                                                             90

                        5 ширхэг                                                                                100

 

(b) Нийт дүн

 

Нийт борлуулсан тоо ширхэг                                                   Нэгжийн үнэ

 

                                    65                                                                                            90

                                    50                                                                                            95

                                    60                                                                                            100

                                    25                                                                                            105

 

 

Энэ жишээн дээр аль нэг үнээр хамгийн олон нь 65 -ыг борлуулсан байна. Тиймээс хамгийн олон тоо ширхэгтэй нэгжийн үнэ бол 90.

 

5.Дээрхи 1 дэх хэсэгт тусгасанчлан импортын барааны үйлдвэрлэл болон экспортлоход зориулсан борлуулалттаас холбоотой ашиглахын тулд хямдруулсан үнээр буюу үнэгүй шууд буюу шууд бусаар нийлүүлэлт хийх этгээдэд импортлогч оронд борлуулалт хийх үед 5 дугаар зүйлд заасны дагуу нэгжийн үнийг тогтооход 8 дугаар зүйлийн 1 (b) хэсэгт тусгасан хэсгүүдийн алиныг нь ч харгалзан үзэхгүй.

 

6. 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлсон “ашиг болон ерөнхий зардал”-г нэгэн бүхэл гэж үзэх хэрэгтэйг тэмдэглэвэл зохино. Ижил төрлийн буюу ижил зэрэглэлийн импортын барааг импортлосон оронд хийсэн борлуулалтаас авсан тоо импортлогчийн тоотой таарахгүй байхгүй л бол импортлогчийн өгсөн буюу импортлогчийн нэрийн өмнөөс өгсөн мэдээллийг үндэслэн бууруулах зорилгоор тоог тодорхойлох нь зүйтэй. Импортлогчийн тоо дээрх тоотой таарахгүй тохиолдолд ашиг болон ерөнхий зардлын нийт дүнг импортлогчийн өгсөн буюу түүний нэрийн өмнөөс өгсөн мэдээллээс өөр холбогдох мэдээлэл дээр үндэслэн тогтоож болно.

 

7.“Ерөнхий зардал”-д яригдаж байгаа барааны зах зээлийн судалгааны зориулалттай шууд болон шууд бус зардлыг оруулна.

 

8. 5 дугаар зүйлийн 1 (a) (iv)-д заасны дагуу барааны борлуулалтаас авах орон нутгийн татвар хасагдаагүй бол 5 дугаар зүйлийн 1 (a) (i) хэсгийн заалтын дагуу хасагдах ёстой.

 

9. 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зуучлалын шимтгэл, эсхүл, ердийн ашиг болон ерөнхий зардлыг тодорхойлохтой холбогдсон тодорхой барааг “ижил төрөл чанарын буюу, зэрэглэлийн бараа” юу, эсхүл өөр төрлийн бараа юу гэдгийг тохиолдол бүрээр хамааралтай нөхцөл байдалдтай нь уяалдуулан авч үзнэ. Шаардлагатай мэдээллийг авч болох, үнэлгээ хийгдэж буй барааг оролцуулан ижил төрөл буюу зэрэглэлийн импортын барааг маш бага хэмжээтэй буюу хэсгийг импортолдог оронд хийгдсэн борлуулалтыг шалгаж үзэх нь зүйтэй. 5 дугаар зүйлийн хувьд “ижил төрөл буюу зэрэглэлийн бараа”-нд уг барааг үнэлж буй орноос импортлосон бараа, түүнчлэн бусад орноос импортлосон бараа орно.

10. 5 дугаар зүйлийн 1 (b) хэсгийн зорилгоор “хамгийн эрт хугацаа” гэдэгт нэгж үнэ тогтооход хангалттай тоо хэмжээ бүхий тухайн импортын, эсхүл ижил, эсхүл төсөөтэй импортын барааны худалдаалагдсан байх өдрийг ойлгоно.

 

11.Хэрэв 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан аргыг ашиглаж байгаа бол цаашдын боловсруулалтын үйл ажиллагаанаас үнэд шингэсэн зардлын борлуулалтыг тухайн ажлын нэмэгдэл өртөгтэй хамааралтай бодит, хэмжиж болохуйц тоо баримт дээр тулгуурласан байвал зохино. Үнэлгээний тооцооны суурь нь үйлдвэрлэлд хэрэглэдэг томъёо, орцын хэмжээ, бүтээн байгуулалтын арга болон үйлдвэрийн практикийн бусад төрлөөс бүрдэнэ.

 

12.Хэрэв цаашдын боловсруулалтын үр дүнд импортлосон бараа өөрийн шинж төрхөө алдсан бол 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан үнэлгээний аргыг хэрэглэж болохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Хэдийгээр импортлосон бараа өөрийн шинж төрхөө алдсан боловч боловсруулалтын үйл ажиллагаанаас нэмэгдсэн өртгийг онцгой хүндрэлгүйгээр нягт нарийн тогтоож болох тохиолдлууд байдаг. Нөгөө талаас импортлосон бараа өөрийн шинж байдлаа алдаагүй боловч импортлосон улсад зарагдсан бараанд тухайн бараа маш бага хувийг эзэлж байгаа тохиолдолд энэ үнэлгээний аргыг хэрэглэхэд тохиромжгүй. Дээр дурдсаныг харгалзан тийм төрлийн нөхцөл байдал бүрийг тодорхой тохиолдол бүрт тусд нь авч үзэх ёстой.

 

6 дугаар зүйлийн тайлбар

 

1.Энэхүү хэлэлцээрийн дагуу гаалийн үнийг импортлогч оронд байгаа бэлэн мэдээлэлд тулгуурлан тодорхойлдог ерөнхий зарчимтай. Гэвч тооцооны үнийг тодорхойлохын тулд үнэлэгдэж байгаа барааг үйлдвэрлэх зардал, тэрчлэн импортлогч улс орны гаднаас хүлээн авсан бусад мэдээллийг шалгах зайлшгүй шаардлагатай байж болно. Түүгээр үл барам, ихэнх тохиолдолд тухайн барааны үйлдвэрлэгч нь импортлогч улс орны хууль тогтоомжийн үйлчлэх хүрээний гадна байдаг. Ерөнхийдөө худалдагч болон худалдан авагчид харилцан хамааралтай, мөн түүнчлэн үйлдвэрлэгч нь өртөг зардлын талаар шаардлагатай мэдээлэл, цаашдын аливаа нягтлан шалгах үйл ажиллагаанд зайлшгүй зүйлсээр импортлогч улс орны эрх бүхий байгууллагыг хангахад бэлэн байх зэрэг тохиолдлуудаар тооцооны үнийн аргын хэрэглээ хязгаарлагддаг.

 

2. 6 дугаар зүйлийн 1 (a) хэсэгт дурдсан “зардал буюу өртөг”-ийг үнэлэгдэж байгаа барааны үйлдвэрлэлтэй холбоотой мэдээлэл дээр тулгуурлан үйлдвэрлэгчийн нэрийн өмнөөс тогтооно. Энэ нь барааг үйлдвэрлэгч улс оронд мөрдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн нийтлэг зарчимд нийцсэн үйлдвэрлэгчийн худалдааны нягтлан бодох бүртгэл дээр үндэслэнэ.

 

3.“Зардал буюу өртөг”-д 8 дугаар зүйлийн 1 (a) (ii) болон (iii) хэсэгт дурдсан бүрдэл хэсгүүдийн өртгийг шингээнэ. Импортын барааг үйлдвэрлэхэд зориулж худалдан авагчаас шууд буюу шууд бус байдлаар нийлүүлсэн 8 дугаар зүйлд холбогдох тайлбарын заалтын дагуу болон мөн зүйлийн 1 (b) дүгээр хэсэгт дурдсан аливаа бүрдэл хэсгүүдийн хувь тэнцүүлсэн үнийг нэмж оруулна. Импортлогч оронд хийж гүйцэтгэсэн 8 дугаар зүйлийн 1(b) (iv) хэсэгт заасан бүрдэл хэсгүүдийн үнээс зөвхөн үйлдвэрлэгч төлсөн хэсгийн хэмжээг оруулна. Энэ нь тооцооны үнийг тогтоох үед дээрх хэсэгт дурдсан бүрдэл хэсгүүдийн зардал буюу өртгийг дахин давхар тооцохгүй байх ёстой.

 

4. 6 дугаар зүйлийн 1(b)-д заасан “ашиг болон ерөнхий зардлын дүн”-г үйлдвэрлэгчийн тоо, экспортлогч орны үйлдвэрлэгч импортлогч оронд экспортлохоор үйлдвэрлэсэн бөгөөд үнэлгээ хийгдэж буй бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн буюу зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад ямагт баримталдаг үзүүлэлттэй дүйцэхгүй биш л бол үйлдвэрлэгчийн буюу түүний нэрийн өмнөөс өгсөн мэдээллийг үндэслэн тодорхойлно.

 

5.Энэхүү эх бичвэрт “Ашиг болон ерөнхий зардлын дүн”-г нэг бүхэл хэмээн авч үзэх ёстойг тэмдэглэвэл зохино. Ямарваа нэгэн тодорхой тохиолдолд хэрэв үйлдвэрлэгчийн ашгийн үзүүлэлт бага, ерөнхий зардал өндөр бол энэ байдлыг харгалзан үзэлгүйгээр ижил төрлийн буюу зэрэглэлийн барааны худалдааны ердийн үзүүлэлттэй тэдгээр ашиг болон ерөнхий зардлын нийлбэр тохирч байж болно. Хэрэв импортлогч оронд барааг эргэлтэд оруулж эхэлсэн бөгөөд үйлдвэрлэгч ийнхүү шинээр эргэлтэнд оруулсантай холбогдсон өндөр үзүүлэлттэй ерөнхий зардлаа нөхөхийн тулд, ашгийн тэг, эсхүл доогуур түвшинг үйлдвэрлэгч болох тийм нөхцөл байдал тохиолдож болно. Хэрэв худалдааны тодорхой нөхцөл байдлаас болж импортын барааны борлуулалтаас бага ашиг олж байгааг үйлдвэрлэгч нотлох гэж байгаа бол түүний бүрдүүлж өгсөн бодит ашгийн үзүүлэлтүүд нь худалдааны бодит үндэслэлтэй байх ёстой бөгөөд үйлдвэрлэгчийн үнийн бодлого нь тухайн салбарын үнийн ердийн бодлогыг илэрхийлж байх ёстой. Иймэрхүү нөхцөл байдал тухайлбал, хэрэв үйлдвэрлэгч урьдчилан тооцоолоогүй барааны эрэлтийн уналтаас болж үнээ түр зуур бууруулах, эсхүл импортлогч оронд үйлдвэрлэх бараанд иж бүрдэл болгох зорилгоор худалдах болон, эсхүл барааны өрсөлдөх чадвараа хадгалж үлдэх үүднээс бага ашгийг хүлээн зөвшөөрсөн тохиолдол байж болох юм. Хэрэв ашиг болон ерөнхий зардлын талаар үйлдвэрлэгчийн өөрийнх нь үзүүлэлтүүд үнэлж байгаа бараатай ижил төрлийн буюу зэрэглэлтэй барааныхтай тохирохгүй бол экспортлогч орны үлйдвэрлэгч импортлогч оронд экспортлохоор экспортлогч орны үйлдвэрлэгчийн хийж байгаа ашиг болон ерөнхий зардлын дүнг үйлдвэрлэгч буюу түүний нэрийн өмнөөс бүрдүүлснээс өөр бусад мэдээлэл дээр үндэслэж болно.

 

6.Хэрэв үйлдвэрлэгч буюу түүний нэрийн өмнөөс бүрдүүлсэн мэдээлэлээс өөр мэдээллийг тооцооны үнэ тогтоох зорилгоор ашигласан бол импортлогч орны эрх бүхий байгууллага хэрэв импортлогч хүсвэл, импортлогчид тухайн мэдээллийн эх үүсвэр, үзүүлэлт болон тооцоо хийхэд үндэслэсэн үзүүлэлтийн талаар 10 дугаар зүйлийн дагуу мэдээлнэ.

 

7. 6 дугаар зүйлийн 1(b)-д хэсэгт заасан “ерөнхий зардал”-д барааг экспортод зориулж үйлдвэрлэсэн болон арилжсан шууд буюу шууд бус, гэхдээ 6 дугаар зүйлийн 1(а) хэсэгт ороогүй зардлуудыг багтаана.

 

8.Тодорхой барааг бусад бараатай “ижил төрлийн буюу зэрэглэлийн бараа” болох эсэхийг тогтооход тухайн тохиолдол болгонд зохих нөхцөл байдал бүрийг тооцон тус тусад нь шийдэж байх хэрэгтэй. 6 дугаар зүйлийн заалтын дагуу ердийн ашиг болон ерөнхий зардлыг тогтооход импортлогч оронд экспортлосон бөгөөд түүний хувьд шаардлагатай мэдээлэл өгч болох үнэлж байгаа барааг оруулсан хамгийн бага бүлэг болон хэд хэдэн барааны арилжааг шалгаж үзвэл зохино. 6 дугаар зүйлийн зорилгоор “ижил төрлийн буюу зэрэглэлтэй бараа”-г үнэлж байгаа бараатай нэг орноос авсан байх ёстой.

 

 

7 дугаар зүйлд холбогдох тайлбар

 

1. 7 дугаар зүйлийн дагуу тогтоосон гаалийн үнэ нь боломжтой тохиолдолд аль болох урьд нь тогтоосон гаалийн үнэ дээр үндэслэх ёстой.

 

2. 7 дугаар зүйлийн дагуу хэрэглэх үнэлгээний аргууд нь 1-ээс 6 дугаар зүйлд заасан тэр аргууд байх боловч тухайн аргуудыг хэрэглэхэд 7 дугаар зүйлийн зорилго, заалттай нийцүүлэн ухаалаг уян хатан байдлаар хандах нь зүйтэй.

 

3.Ухаалаг уян хатан байдлаар хандахын зарим жишээ:

 

(a)Ижил барааны хувьд - ижил бараа нь үнэлж байгаа бараатай тухайн цаг үед, эсхүл ойролцоо хугацаанд экспортлосон байх ёстой гэсэн шаардлагыг уян хатан байдлаар тайлбарлах, үнэлж байгаа барааг экспортлосон орноос өөр улс оронд үйлдвэрлэсэн ижил барааг гаалийн үнэлгээний суурь байдлаар авч үзэх, импортын ижил барааны 5 болон 6 дугаар зүйлийн дагуу урьд өмнө нь тогтоосон гаалийн үнийг ашиглаж болох.

 

(b)Төсөөтэй барааны хувьд–төсөөтэй бараа нь үнэлж байгаа бараатай тухайн цаг үед, эсхүл ойролцоо хугацаанд экспортлосон байх ёстой гэсэн шаардлагыг уян хатан тайлбарлах, үнэлж байгаа барааг экспортлосон орноос өөр улс оронд үйлдвэрлэсэн импортын төсөөтэй барааг гаалийн үнэлгээний суурь байдлаар авч үзэх, 5 болон 6 дугаар зүйлийн дагуу төсөөтэй барааны урьд өмнө нь тогтоосон гаалийн үнийг ашиглаж болох.

 

(c)Ялгавар үнийн аргын хувьд–5 дугаар зүйлийн 1 (a) хэсэгт заасны дагуу бараа нь “импортлосон байдал”-аараа борлогдсон байх шаардлагыг уян хэрэглэх “90 хоног” гэсэн шаардлага уян хатан хэрэгжиж болно.

 

8 дугаар зүйлийн тайлбар

 

1 (a) (i) хэсэг

 

“Худалдааны зуучлалын шимтгэл” гэдэгт үнэлж байгаа барааг гадаадаас худалдан авахад импортлогчийг төлөөлснийх нь төлөө импортлогчийн төлөөлөгчдөө төлсөн шан харамжийг хэлнэ.

1 (b) (ii) дэх хэсэг

 

1. 8 дугаар зүйлийн 1 (b) (ii) хэсэгт заасан бүрдэл хэсгүүдийг зохих хугацаанд нь импортлосон бараанд хуваарилахад тухайн бүрдэл хэсгийн үнэ болон уг үнийг импортын бараанд хуваарилах арга зам гэсэн хоёр хүчин зүйл байна. Эл хүчин зүйлийн хуваарилалт нь нөхцөл байдалд тохирсон ухаалаг байдлаар болон нийтээр хүлээн зөвшөөрсөн нягтлан бодох бүртгэлийн зарчмын дагуу хийгдсэн байх ёстой.

 

2.Бүрдэл хэсгийн үнийн хувьд хэрэв импортлогчтой хамааралгүй этгээдээс тухайн бүрдэл хэсгийг худалдан авсан бол импортлогчийн худалдан авсан тэрхүү өртөг нь хуваарилах үнэ болно. Хэрвээ импортлогч, эсхүл түүнтэй хамааралтай этгээд бүрдэл хэсгийг үйлдвэрлэсэн бол тухайн бүрдэл хэсгийн үйлдвэрлэлийн зардал нь үнэ нь болно. Хэрэв бүрдэл хэсэг нь импортлогчид урьд нь ашиглагдаж байсан бол тухайн импортлогч худалдаж авсан, эсхүл, үйлдвэрлэснээс үл хамааран түүний анхны үнэ, эсхүл үйлдвэрлэлийн өртгийг харьцуулан багыг нь сонгох замаар бүрдэл хэсгийн бодит үнийг гаргана.

 

3.Бүрдэл хэсгийн үнийг тогтоомогц түүнийг импортлосон бараанд хуваарилах шаардлагатай. Энд янз бүрийн боломжууд байдаг. Тухайлбал, хэрэв импортлогч тухайн импортын бүхий л үнэд ногдох татвараа нэг удаа бүгдийг төлөхийг хүсч байвал анхны ачилтад өртгийг хуваарилж болох юм. Өөр нэг жишээ нь импортлогч өртгийг эхний ачилт хийх хүртэл үйлдвэрлэж гаргасан нэгжийн тоонд хуваах хүсэлт тавьж болох юм. Цаашилбал бас барааны талаар гэрээ буюу хатуу хүлээх үүрэг байгаа бол бүх хүлээгдэж байгаа бараанд бүрдэл хэсгийн үнийг хуваарилуулахыг импортлогч хүсч болно. Импортлогчоос бүрдүүлсэн бичиг баримтаас хуваарилах арга зам хамаарна.

 

4.Дээр дурдсан зүйлийг хялбарчилан тайлбарлавал: Импортлогч үйлдвэрлэгчийг импортлосон барааг үйллдвэрлэх үед ашиглах ёстой хэвээр хангасан бөгөөд 10000 нэгж бараа худалдан авах гэрээг үйлдвэрлэгчтэй хийжээ. Эхний 1000 нэгж барааг хүлээн авах үед үйлдвэрлэгч 4000 нэгж барааг үйлдвэрлэчихсэн байжээ. Энд импортлогч гаалийн байгууллагаас хэвний үнийг 1000 болон 4000, эсхүл 10000 нэгж бараанд хуваарилуулахыг хүсч болно.

 

1(b) (iv) дэх хэсэг

 

1. 8 дугаар зүйлийн 1(b) (iv) хэсэгт заасан бүрдэл хэсгүүдэд хамаарах нэмэлтүүд нь бодит бөгөөд тоогоор илэрхийлэгдсэн үзүүлэлт дээр тулгуурласан байх ёстой. Импортлогч болон гаалийн байгууллагын хоёулангийнх нь нэмэгдсэн үнийг тодорхойлох ачааллыг багасгах үүднээс худалдан авагчийн худалдааны тайлангийн системд байгаа бэлэн үзүүлэлтүүийг аль болох авч ашиглах хэрэгтэй.

 

2.Худалдан авагч худалдан авч, эсхүл, түрээслэх замаар худалдан авагчаас ханган нийлүүлсэн тэдгээр бүрдэл хэсгүүдийн хувьд түүнийг худалдан авсан буюу түрээслэн авсан худалдан авагчийн зардал байна. Нийтийн эзэмшилд байдаг бүрдэл хэсгүүдийн хувьд тэдгээрийн хуулбарыг авах зардлаас бусад нэмэлт хийхгүй.

 

3.Нэмэгдэх ёстой үнийн тооцооны хөнгөн хялбар байх нь тухайн фирмийн бүтэц болон менежментийн үйл ажиллагаа, мөн түүнчлэн нягтлан бодох бүртгэлийн аргаас хамаардаг.

 

4.Тухайлбал, хэд хэдэн орноос янз бүрийн барааг импортлодог фирм нь импортлогч орны гадна байрлах дизайнын төвийн бүртгэлийг хөтлөх замаар тухайн бараанд хамаарах зардлуудыг нарийн нямбай бүртгэдэг байж болно. Ийм тохиолдолд 8 дугаар зүйлийн заалтын дагуу холбогдох шууд залруулга хийж болно.

 

5.Өөр тохиолдолд фирм нь импортлогч орны гадна байрлах дизайнын төвийн зардлыг тодорхой бараанд хуваариллгүйгээр ерөнхий нэмэгдэл зардал байдлаар тооцож болно. Энэ тохиолдолд холбогдох залруулгыг 8 дугаар зүйлийн заалтын дагуу дизайнын төвийн нийт зардлыг уг төвийн үйлчилгээ туслалцаанд тулгуурлан үйлдвэрлэгддэг бүх бараанд хуваарилан, импортын нэгж барааны үнэ дээр нэмэх замаар хийж болно.

 

6.Дээрх нөхцөл байдлын өөрчлөлт нь хуваарилалтын тохирох арга замыг тогтоох үеийн олон янзын хүчин зүйлийг авч үзэхийг шаарддаг.

 

7.Тухайн бүрдэл хэсгийн үйлдвэрлэл хэд хэдэн улс орон болон ихээхэн хугацааг хамарч байгаа тохиолдолд залруулга нь импортын улсын гадна тухайн бүрдэл хэсгийн үнэ дээр нэмэгдсэн хэсгээр хязгаарлагдана.

 

1 (c) хэсэг

 

1. 8 дугаар зүйлийн 1 (c) хэсэгт заасан роялти буюу тусгай зөвшөөрлийн төлбөр нь юуны түрүүнд патентийн худалдааны тэмдэг болон зохиогчийн эрхийн төлбөрийг багтааж болно. Гэхдээ гаалийн үнийг тогтоох үед импортлож байгаа барааны жинхэнэ төлсөн буюу төлөх ёстой үнэ дээр импортын оронд импортын барааг дахин хувилах, олшруулах эрхийн төлбөрийг нэмэхгүй.

 

2.Импортлосон барааг түгээх, дахин худалдах эрхтэй холбоотой худалдан авагчийн хийсэн төлбөрийг хэрвээ импортлогч оронд экспортлох борлуулалтын нөхцөл болгоогүй бол импортлосон бараанд жинхэнэ төлсөн буюу төлөх ёстой үнэ дээр нэмэхгүй.

 

3 дахь хэсэг

 

1. 8 дугаар зүйлийн дагуу хийгдэх нэмэлтүүдийн хувьд бодит тоон илэрхийлэл бүхий үзүүлэлт байхгүй бол хэлцлийн үнийг 1 дүгээр зүйлийн дагуу тогтоож болохгүй. Дээр дурдсаныг хялбарчлан тайлбарлавал килограммаар оруулсны дараа шингэн байдалд хувиргасан импортын тодорхой барааны хувьд литрээр зарсан үнэ дээр тулгуурлан роялти төлөгдсөн. Хэрэв роялтийн төлбөрийн зарим хэсэг нь импортын бараан дээр зарим хэсэг нь импортын бараатай огт хамааралгүй бусад хүчин зүйл (импортын бараа бүтээгдэхүүнийг дотоодын орцтой хольж, дангаараа танигдах шинжээ алдсан буюу худалдан авагч, худалдагч хоёрын хоорондын санхүүгийн тусгай гэрээнд роялтийн төлбөрийг онцгойлон заахгүй байх тохиолдол) зэрэг дээр тулгуурласан бол роялти төлбөрийг нэмэхийг оролдох нь зүйд нийцэхгүй. Гэхдээ роялтийн төлбөр нь зөвхөн импортын бараан дээр түшиглэсэн бөгөөд хялбар байдлаар тоон үзүүлэлтээр илэрхийлэгдэх бол жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэ дээр нэмэлт хийж болно.

 

9 дүгээр зүйлд холбогдох тайлбар

 

9 дүгээр зүйлийн зорилгоор “импортын хугацаа” гэдэгт гаалийн зорилгоор нэвтрэх хугацааг багтаан ойлгож болно.

 

11 дүгээр зүйлд холбогдох тайлбар

 

1. 11 дүгээр зүйл нь гаалийн байгууллагаас үнэлж байгаа барааны үнэлгээг тодорхойлсоны эсрэг гомдол гаргах эрхийг импортлогчид олгодог. Гомдлыг эхлээд гаалийн шатнны байгууллагад гаргаж болох бөгөөд, гэхдээ импортлогч эцсийн шатанд гомдлоо шүүхэд гаргах эрхтэй байх ёстой.

 

2.“Торгуульгүйгээр” гэдэг нь импортлогч зөвхөн гомдол гаргах эрхээ эдэлсэний төлөө торгуулах буюу торгуульд өртөх сүрдүүлэгт орох ёсгүй. Шүүхийн ердийн зардлын төлбөр, өмгөөлөгчийн хөлсийг торгууль байдлаар авч үзэхгүй.

 

3.Ногдуулсан гаалийн татварыг гомдол гаргахаас өмнө бүрэн хэмжээнд төлөхийг шаардахад гишүүнд саад болох зүйл 11 дүгээр зүйлд байхгүй.

 

15 дугаар зүйлд холбогдох тайлбар

 

4 дэх хэсэг

 

15 дугаар зүйлийн зорилгоор “этгээд” гэсэн нэр томьёо нь зохих тохиолдолд хуулийн этгээдийг оруулна.

 

4 (e) дэх хэсэг

 

Энэхүү хэлэлцээрийн дагуу нэг этгээд нөгөөгийн үйл ажиллагааг хязгаарллах буюу чиглүүлэх хууль зүйн болон практик боломжтой бол эхний этгээд нь нөгөө этгээдээ хянадаг гэж үзнэ.

 

ХАВСРАЛТ 2

 

ГААЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ТЕХНИКИЙН ХОРОО

 

1.Энэхүү хэлэлцээрийн 18 дугаар зүйлийн дагуу хэлэлцээрийг тайлбарлан хэрэглэхэд нэгдмэл байдлыг техникийн түвшинд хангах үүднээс Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн ивээл дор Техникийн хороог байгуулна.

 

2.Техникийн хорооны үүрэг хариуцлагад дараахь зүйл хамаарна:

 

(a)Гишүүдийн гаалийн үнэлгээний тогтолцооны өдөр тутмын үйл ажиллагааны явцад учирч буй техникийн тодорхой хүндрэлтэй асуудлыг авч үзэх болон танилцуулсан баримтуудын үндсэн дээр шаардлагатай шийдэлд хүрэх зөвлөлгөө өгөх;

 

(b)Энэхүү хэлэлцээрт хамааралтай үнэлгээний хууль, журам болон практикийг судлах, тухайн судалгааны үр дүнгийн талаар илтгэл бэлтгэх;

 

(c)Энэхүү хэлэлцээрийн үйлдэл, эрх зүйн байдлын техникийн асуудлын талаар жил бүр тайлан бэлтгэх, тараах;

 

(d)Импортын барааг гаалийн зорилгоор үнэлэхтэй холбоотой аль ч гишүүн болон Хорооноос тавьсан хүсэлтэд хариу мэдээлэл болон зөвлөгөө өгөх. Тухайн мэдээлэл, зөвлөгөө нь зөвлөлгөө өгөх, тэмдэглэл, тайлбар хийх хэлбэртэй байна;

 

(e)Энэхүү хэлэлцээрийг цаашид олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх явдлыг өргөжүүлэх үүднээс гишүүдэд хүсэлтийнх нь дагуу техникийн туслалцаа үззлэх явдлыг хөнгөвчлөх;

 

(f)Энэхүү хэлэлцээрийн 19 дүгээр зүйлийн дагуу хөндлөнгийн хэсгээс хандасныг үндэслэн хяналт, шалгалт явуулах;

 

(g)Хорооны зүгээс түүнд ногдуулж болох бусад үүргийг гүйцэтгэх.

 

Ерөнхий зүйл

 

3.Техникийн хороо нь тодорхой асуудлууд тухайлбал, түүний гишүүд, Хороо болон хөндлөнгийн хэсгээс хүсэлт болгосон асуудлаар богино хугацаанд өөрийн ажлыг дуусгавар болгохыг эрмэлзэнэ. 19 дүгээр зүйлийн 4 дүгээр хэсэгт заасны дагуу хөндлөнгийн хэсэг нь Техникийн хорооноос илтгэл ирүүлэх хугацааг тусгайлан тогтоож өгөх бөгөөд энэ хугацааны дотор Техникийн хороо нь тайлангаа өгсөн байвал зохино.

 

4.Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газар Техникийн хорооны үйл ажиллагаанд шаардлагын хэрээр туслалцаа үзүүлнэ.

 

Төлөөлөл

 

5.Гишүүн бүр Техникийн хороонд төлөөлөлтэй байх эрхтэй. Гишүүн бүр Техникийн хороонд түүнийг төлөөлөх нэг төлөөлөгч бологн түүний нэг буюу хэд хэдэн орлогчийг томилж болно. Техникийн хороонд төлөөлөл бүхий Гишүүнийг энэхүү хавсралтад “Техникийн хорооны гишүүн” гэж нэрлэнэ. Техникийн хорооны гишүүний төлөөлөгч зөвлөхтэй байж болно. Дэлхийн худалдааны байгууллагын нарийн бичгийн дарга нарын газраас хуралдаануудад ажиглагчийн хувиар оролцуулж болно.

 

6.Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн боловч Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн бус орон Техникийн хорооны хуралдаанд нэг төлөөлөгч болон нэг буюу хэд хэдэн орлогчтойгоор оролцож болно. Ийм төлөөлөгчид Техникийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцоно.

 

7.Техникийн хорооны даргын зөвшөөрсний дагуу Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга (энэхүү хавсралтад “ерөнхий нарийн бичгийн дарга” гэнэ) Дэлхийн худалдааны байгууллагын ч, Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн ч гишүүн бус орны төлөөлөгчийг, мөн түүнчлэн олон улсын засгийн газар хоорондын болон худалдааны байгууллагын төлөөлөгчдийг Техникийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцохыг урьж болно.

 

8.Техникийн хорооны хурлын төлөөлөгч, түүний орлогч, зөвлөхөд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.

 

Техникийн хорооны хуралдаан

 

9.Техникийн хороо шаардлагын дагуу, гэхдээ жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Техникийн хорооны өмнөх хуралдаан бүр дээр дараагийн хуралдааны товыг тогтооно. Хуралдааны товыг, эсхүл хорооны аль нэгэн гишүүний хүсэлтийг Техникийн хорооны гишүүдийн ердийн олонхи дэмжиж байвал, эсхүл яаралтай хуралдуулах шаардлагатай тохиоллдолд хорооны даргын хүсэлтээр хуралдааны өдрийг өөрчилж болно. Хэлэлцээрийн 19 дүгээр зүйлийн дагуу хөндлөнгийн хэсгээс даалгасан асуудлыг судлан хэлэлцэх үүднээс шаардлагатай бол энэ хэсгийн эхний өгүүлбэрт заасан хугацааг харгалзахгүйгээр Техникийн хороо хуралдаж болно.

 

10.Өөрөөр заагаагүй бол Техникийн хорооны хуралдааныг Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн төв байранд хийнэ.

 

11.Яаралтай тохиолдлоос бусад үед Техникийн хорооны хуралдаан эхлэх товыг хамгийн наад тал нь 30 хоногийн өмнө гишүүн орон болон 6 болон 7 дахь хэсэгт заасан талуудад Ерөнхий нарийн бичгийн даргаас мэдэгдсэн байвал зохино.

 

Хэлэлцэх асуудал

 

12.Урьдчилсан байдлаар хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Ерөнхий нарийн бичгийн даргын газраас боловсруулж яаралтай тохиолдлоос бусад үед 30 хоногийн дотор Техникийн хорооны гишүүн болон 6 болон 7 дахь хэсэгт заасан талуудад тараасан байна. Энэ төлөвлөгөөнд өмнөх хуралдааны үед Техникийн хорооноос дэмжсэн асуудлууд, Хорооны даргын өөрийн саналаар оруулсан асуудал болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Хороо буюу түүний аль нэгэн гишүүний хүсэлт болгосон бүх асуудлыг оруулна.

 

13.Техникийн хороо хуралдаан болгоны өмнө өөрийн хэлэлцэх асуудлыг тогтооно. Хуралдааны явцад хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Техникийн хорооноос өөрчилж болно.

 

Албан тушаалтан болон үйл ажиллагааны дэг

 

14.Гишүүдийн төлөөлөгчдийн дундаас Техникийн хороо нь дарга болон түүний нэг буюу хэд хэдэн орлогчийг сонгоно. Дарга болон түүний орлогч нар нэг жилийн хугацаанд тухайн албан тушаалд байна. Хугацаа нь дууссан дарга болон орлогч нар дахин сонгогдож болно. Дарга болон түүний орлогчийн эрх нь хэрвээ тэд Техникийн хорооны гишүүнийг төлөөлөхгүй болсон бол автомат байдлаар хүчингүй болно.

 

15.Хэрэв дарга аль нэгэн хуралд буюу түүний зарим хэсэгт оролцоогүй тохиолдолд орлогч дарга удирдана. Энэ тохиолдолд орлогч дарга нь даргатай ижил эрх, үүрэгтэй байна.

 

16.Хуралдааны дарга Техникийн хорооны хуралдаанд техникийн хорооны гишүүний төлөөлөгчийн хувьд бус өөрийн үүргийнхээ дагуу оролцоно.

 

17.Энэхүү дүрмээр хуралдааны даргад олгосон эрх үүргээс гадна тэрээр хурал бүрийг нээх, хаах талаар зарлах, хэлэлцүүлэгийг хөтлөх, үг хэлэх эрх олгох, хуралдааны явцыг хянах зэрэг нэмэлт үүрэгтэй. Хэрвээ илтгэгч хэлэлцэж буй зүйлтэй холбоогүй мэдэгдэл хийж байгаа бол түүнд хурлын дарга хурлын дэгийг мөрдөхийг анхааруулж болно.

 

18.Аливаа нэг асуудлыг хэлэлцэх үед төлөөлөгч хуралдааны дэгийн чанартай асуудал хөндөж болно. Тийм тохиолдолд дарга даруй дэгийг даруй тогтооно. Энэхүү дүрэм журмын талаар маргаан дэгдвэл дарга үүнийг хуралдаанд танилцуулж, шийдүүлэх бөгөөд өөрөөр шийдвэрлээгүй бол хүлээн зөвшөөрөгдөнө.

 

19.Ерөнхий нарийн бичгийн дарга болон түүний томилсон Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын газрын албан тушаалтан нар Техникийн хорооны хуралдааны нарийн бичгийн үйл ажиллагааг эрхэлнэ.

 

Хуралдааны ирцийн бүрдэлт, санал хураалт

 

20.Техникийн хорооны гишүүдийн ердийн олонхи төлөөлөгч оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.

 

21.Техникийн хорооны гишүүн бүр нэг саналын эрхтэй байна. Техникийн хорооны шийдвэр нь хуралдаанд оролцож байгаа гишүүдийн наад зах нь гуравны хоёрын санал авсан тохиолдолд хүчинтэй. Тодорхой асуудлаар санал өгсөн байдлаас хамаарахгүйгээр Техникийн хороо нь хэлэлцүүлгийн явцад гарсан янз бүрийн үзэл бодлыг багтаасан бүрэн тайланг Хороо болон Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлд танилцуулж болно. Дээр дурдсанаас гадна хөндлөнгийн хэсгээс оруулсан асуудлаар Техникийн хороо нь зөвшилцлийн зарчмаар шийдвэр гаргана. Хэрэв хөндлөнгийн хэсгээс оруулсан асуудлаар зөвшилцөлд хүрч чадахгүй бол Техникийн хороо бодит байдлыг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд гишүүийн үзэл бодлыг агуулсан тайлан бэлтгэнэ.

 

Хэл болон тэмдэглэл

 

22.Техникийн хорооны албан ёсны хэл нь англи, франц, испани хэл байна. Хэрэв бүх гишүүн орчуулгагүй байхыг зөвшөөрөөгүй бол эдгээр гурван хэлний аль нэгээр хэлсэг үг, хийгдсэн мэдэгдлийг нөгөө хоёр албан ёсны хэлний нэг рүү даруй хөрвүүлнэ. Дээрхээс өөр аль нэг хэл дээр хэлсэн үг, хийсэн мэдэгдлийг англи, франц, испани хэл рүү орчуулсан орчуулгыг үг хэлсэн төлөөлөгчид хийсэн байх тохиолдолд тэдгээрийг албан ёсны хэл рүү орчуулна. Албан ёсны баримт бичигт Техникийн хороо зөвхөн англи, франц, испани хэлийг ашиглана. Техникийн хороонд зориулсан меморандум болон албан мэдээг албан ёсны хэлний аль нэгэн дээр танилцуулна.

 

23.Техникийн хороо түүний бүх хуралдааны талаар болон хэрэв даргалагч зайлшгүй шаардлагатай гэж үзвэл хуралдааны протокол болон товч хураангуй тайланг нэгтгэсэн илтгэл бэлтгэнэ. Даргалагч буюу түүнийг төлөөлөх этгээд Хорооны болон Гаалийн хамтын ажиллагааны зөвлөлийн хуралдаан бүр дээр Техникийн хорооны ажлын талаар мэдээлэл хийнэ.

 

ХАВСРАЛТ 3

 

1. 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан хөгжиж буй гишүүн орнуудад зориулсан хэлэлцээрийг хэрэглэх хугацааг 5 жилээр хойшлуулах заалт зарим орны бодит байдалд хангалттай биш хугацаа байж болох юм. Ийм тохиолдолд хөгжиж буй гишүүн орон 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг дуусахаас өмнө сунгах хүсэлтээ тавьж болох бөгөөд хэрвээ тухайн хөгжиж буй орон хойшлуулах бодти үндэслэлээ гаргасан тохиолдолд үүнд гишүүд хүндэтгэлтэй хандана.

 

2.Одоогоор албан ёсоор тогтоосон үнийн доод хязгаарын дагуу үнэлгээ хийж байгаа хөгжиж буй Гишүүн орон бусад гишүүнтэй тохиролцсон нөхцөлд хязгаартай буюу шилжилтийн үндсэн дээр үнийн доод хязгаарыг хадгалан үлдэх боломж олгосон тайлбар хийж болно.

 

3.Импортлогчийн хүсэлтээр хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн дагуу дэс дарааллыг өөрчлөх явдал хөгжиж буй гишүүний хувьд бодит хүндрэл учруулж байгаа гэж үзсэн тохиолдолд 4 дүгээр зүйлд дараах тайлбар хийж болно:

 

“.. .. ..-н Засгийн газар энэхүү хэлэлцээрийн 4 дүгээр зүйлийн холбогох заалтуудыг гаалийн удирдах газар 5 болон 6 дугаар зүйлүүдийн дарааллыг солих хүсэлтийг зөвшөөрөх тохиолдолд л мөрдөнө гэдгийг зааж өгөх эрхийг нэмэлт болгон оруулж байна”.

 

Хэрэв хөгжиж буй гишүүн орон ийм тайлбар хийх тохиолдолд хэлэлцээрийн 21 дүгээр зүйлийн дагуу гишүүд зөвшөөрнө.

 

4.Хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй хамаатай дараахь тайлбарыг хөгжиж буй гишүүн орон хийх талаар хүсэлт гаргаж болно:

 

“.. .. ..-н Засгийн газар энэхүү хэлэлцээрийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг импортлогчийн хүсэлт гаргахыг үл харгалзан түүнд хийсэн тайлбарын заалтуудтай нийцүүлэн мөрдөнө гэдгийг зааж өгөх эрхийг нэмэлт болгон оруулж байна”.

 

Хэрэв хөгжиж буй гишүүн орон ийм тайлбар хийх тохиолдолд хэлэлцээрийн 21 дүгээр зүйлийн дагуу гишүүд зөвшөөрнө.

 

5.Хэлэлцээрийн 1 дүгээр зүйлийг хэрэгжүүлэх явцад онцгой эрх бүхий төлөөлөгч, онцгой эрх бүхий төлөөлөгч, онцгой эрх бүхий зуучлагч нарын хийх импорттой холбоотой хүндрэлтэй асуудал зарим хөгжиж буй оронд тохиолдож болох юм. Хэрэв практикт хөгжиж буй гишүүн орнуудын хувьд ийм хүндрэлтэй асуудал гарч ирсэн тохиолдолд хэлэлцээрийг хэрэглэж буй гишүүд зохистой шийдэл гаргах үүднээс тухайн гишүүдийн хүсэлтээр энэ асуудлын судалгааг хийж гүйцэтгэнэ.

 

6. 17 дугаар зүйлд хэлэлцээрийг хэрэгжүүлэх явцад гаалийн үнэлгээний зорилгоор бүрдүүлсэн мэдүүлэг, бичиг баримт болон өргөдлийн үнэн бодит болон голч зөв байдлыг гаалийн байгууллага лавллан шалгах хэрэгцээтэй тулгарч болно. Тухайн зүйлд гаалийн үнийг тогтоохтой холбоотой гаальд мэдүүлсэн буюу бүрдүүлсэн үнийн бүрдэл хэсгүүд нь бүрэн бөгөөд зөв гэдгийг шалгах үүднээс, тухайлбал, лавлагаа шалгалт явуулах болсныг энэ зүйл хүлээн зөвшөөрч байгаа болно. Энэ лавлагаа шалгалтыг явуулахдаа гишүүд өөрийн хууль тогтоомжийн хүрээнд импортлогчийг бүрэн хэмжээнд хамтарч ажиллана хэмээн тооцоолох эрхтэй.

 

7.Жинхэнэ төлсөн буюу төлбөл зохих үнэд худалдан авагчаас худалдагчид шууд буюу худалдан авагчаас худалдагчийн өмнөөс гуравдагч этгээдэд төлсөн импортын барааны арилжааны нөхцөл байдлаар төлбөр хийгдсэн болон хийгдэх ёстой бүх бодит төлбөрийг хамруулан ойлгоно.