Хэвлэх DOC Татаж авах

ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЭР

 

Гишүүд,

 

Олон талт худалдааны талаархи Уругвайн үе шатны хэлэлцээ нь “дэлхийн худалдааг цаашид улам чөлөөтэй болгон өргөжүүлэх”, “ТХЕХ-ийн үүргийг бэхжүүлэх” болон өөрчлөгдөж буй олон улсын эдийн засгийн орчинд ТХЕХ-ийн тогтолцооны зохицох чадварыг дээшлүүлэх”-д чиглэгдсэн байна гэж 1986 оны 9 дүгээр сарын 20-нд Сайд нар тохиролцсоныг тэмдэглэж,

 

1994 оны ТХЕХ-ийн зорилтыг хэрэгжүүлэхийг эрмэлзэж,

 

гарал үүслийн талаар тодорхой, тогтсон дүрэмтэй байх, түүнийг мөрдөх нь олон улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг хүлээн зөвшөөрч,

 

гарал үүслийн дүрэм нь өөрөө худалдаанд шаардлагагүй саад тотгор учруулахгүй байх явдлыг хангахыг эрмэлзэж,

 

Гарал үүслийн дүрэм нь 1994 оны ТХЕХ-ийн дагуу гишүүдийн эдлэх эрхийг үгүйсгэхгүй буюу хөндөхгүй байх явдлыг хангахыг эрмэлзэж,

 

гарал үүслийн дүрмийн талаархи хууль, журам болон хэв заншлыг ил тод болгох нь зүйтэй гэдгийг хүлээн зөвшөөрч,

 

гарал үүслийн дүрмийг шударга, ил тод, тогтвортой, тууштай болон төвийг сахисан байдлаар боловсруулан мөрдөх явдлыг хангахыг эрмэлзэж,

 

энэхүү хэлэлцээрээс үүдэн гарах маргааныг шуурхай, үр дүнтэй, шударга байдлаар шийдвэрлэх зөвлөлдөөний зохих механизм болон журам байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч,

 

гарал үүслийн дүрмийг уялдуулан зохицуулах, тодорхой болгохыг эрмэлзэж,

 

үүгээр дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

 

I ХЭСЭГ

 

НЭР ТОМЪЁО БОЛОН ХАМААРАХ ХҮРЭЭ

 

1 дүгээр зүйл

 

Гарал үүслийн дүрэм

 

1.Энэхүү хэлэлцээрийн I-ээс IV хэсгийн зорилгоор гарал үүслийн дүрэм нь барааны гарал үүслийн улс орныг тодорхойлоход аливаа гишүүний мөрдөхөөр тогтсон хууль, журам болон нийтээр дагаж мөрдөх захиргааны шийдвэрүүд гэж тодорхойлогдоно. Ингэхдээ, гарал үүслийн тухайн дүрэм нь 1994 оны ТХЕХ-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг мөрдөхөд хамаарахгүй тарифын хөнгөлөлт үзүүлэхэд хүргэхүйц гэрээт буюу бие даасан худалдааны горимд хамаарахгүй байх болно.

 

2. 1 дэх хэсэгт заасан гарал үүслийн дүрэм нь 1994 оны ТХЕХ-ийн 1, 2, 3, 11 болон 13 дугаар зүйлд заасан үндэстний нэн тааламжтай нөхцөл, 1994 оны ТХЕХ-ийн 6 дугаар зүйлд заасан демпингийн эсрэг болон саармагжуулах татвар, 1994 оны ТХЕХ-ийн 19 дүгээр зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээ, 1994 оны ТХЕХ-ийн 9 дүгээр зүйлд заасан гарал үүслийн тэмдэг тавих шаардлага болон ялгаварлан гадуурхах аливаа тоо хэмжээний хязгаарлалт буюу тарифын квот зэрэг хөнгөлөлтийн бус худалдааны бодлогын хэрэгслүүдийг хэрэглэхэд ашиглагддаг гарал үүслийн бүх дүрмийг багтаана. Эдгээрт мөн засгийн газрын хангамж болон худалдааны статистикт ашиглагддаг гарал үүслийн дүрэм хамаарна.

 

II ХЭСЭГ

 

ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙГ ХЭРЭГЛЭХЭД

МӨРДӨХ ХЭМ ХЭМЖЭЭ

 

2 дугаар зүйл

 

Шилжилтийн үеийн хэм хэмжээ

 

IV хэсэгт өгүүлсэн гарал үүслийн дүрмийг уялдуулан зохицуулах ажлын хөтөлбөрийг дуусгавар болтол гишүүд дараахь шаардлагыг хангана:

 

(a)нийтээр дагаж мөрдөх захиргааны шийдвэрийг гаргахдаа биелүүлэх ёстой шаардлагуудыг тодорхой зааж өгнө. Нэн ялангуяа:

 

(i)тарифын ангилалын өөрчлөлтийн шалгуурыг хэрэглэх тохиолдолд гарал үүслийн тухайн дүрэм болон түүнд хамаарахгүй зүйлүүд нь тэрхүү дүрмэнд хамаарах тарифын жагсаалтын гарчиг буюу дэд гарчигийг нарийвчлан тодорхойлж өгнө;

 

(ii)үнийн дүнгээс хувиар тооцох шалгуурыг хэрэглэх тохиолдолд тухайн хувийг тооцох аргачлалыг гарал үүслийн дүрмэнд мөн зааж өгнө;

 

(iii)үйлдвэрлэл буюу боловсруулалтын түвшингийн шалгуурыг хэрэглэх тохиолдолд холбогдох барааны гарал үүслийг нь тодорхойлох шат дамжлагыг нарийвчлан зааж өгнө;

 

(b)гарал үүслийн дүрэмтэй холбоотой худалдааны бодлогын арга хэмжээ буюу арга хэрэгслэлийг үл харгалзан гишүүдийн гарал үүслийн дүрэм нь худалдааны зорилгыг шууд буюу шууд бусаар хэрэгжүүлэх арга хэрэгсэл болж ашиглагдахгүй;

 

(c)гарал үүслийн дүрэм нь өөрөө олон улсын худалдаанд хязгаарлах, гуйвуулах буюу сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй. Гарал үүслийн орныг тодорхойлох угтвар нөхцөл болгон хэт хатуу шаардлага тавих, эсхүл, үйлдвэрлэл буюу боловсруулалттай холбогдолгүй зарим нөхцөлийг биелүүлэхийг шаардахгүй. Гэхдээ, (а)-дэд хэсэгт заасан үнийн дүнгээс хувиар тооцох шалгуурыг хэрэглэх зорилгоор үйлдвэрлэл буюу боловсруулалттай шууд холбоогүй зардлыг оруулж тооцож болно;

 

(d)импорт, экспортын хувьд хэрэглэж буй гарал үүслийн дүрэм нь барааг дотоодод үйлдвэрлэсэн эсэхийг тодорхойлоход хэрэглэх гарал үүслийн дүрмээс илүү хатуу байхгүй бөгөөд тухайн бараа үйлдвэрлэгчдийн харьяаллаас үл хамааран бусад гишүүнийн дунд алагчилах явдал гаргахгүй байна;

 

(e)гишүүдийн гарал үүслийн дүрэм тууштай, нэгдмэл, шударга болон ухаалаг байдлаар дагаж мөрдөгдөнө;

 

(f)гишүүдийн гарал үүслийн дүрэм нь эерэг жишиг дээр үндэслэсэн байна. Гарал үүслийг тодорхойлох үндэс болохгүй зүйлийг дурдсан заалт бүхий гарал үүслийн дүрмийн (сөрөг жишиг) эерэг жишгийг тодотгох зорилгоор түүний хэсэг болгон хэрэглэх буюу гарал үүслийг эерэг байдлаар тодорхойлох шаардлагагүй зарим ганцаарчилсан тохиолдолд зөвшөөрнө;

 

(g)гишүүдийн гарал үүслийн дүрэмтэй холбогдолтой хууль тогтоомж, журам, шүүхийн шийдвэр болон нийтээр дагаж мөрдөх захиргааны шийдвэрийг 1994 оны ТХЕХ-ийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байгаа хэмээн ойлгож түүний дагуу нийтэлж байна;

 

(h)экспортлогч, импортлогч буюу зохих үндэслэлтэй аливаа бусад этгээдийн хүсэлтээр бараанд олгох гарал үүслийн талаархи дүгнэлтийг шаардлагатай бүх мэдээллийг өгсөн нөхцөлд аль болох богино хугацаанд буюу тухайн дүгнэлт хийлгэх тухай хүсэлт гаргаснаас хойш 150-иас илүүгүй хоногийн дотор гаргаж өгнө. Ийнхүү дүгнэлт гаргах тухай хүсэлтийг тухайн барааны худалдаа эхлэхээс өмнө үлээж авах бөгөөд түүнээс хойш хэзээ ч хүлээн авч болно. Үндэслэл болсон холбогдох баримт, нөхцөл, түүний дотор гарал үүслийн дүрэм нь харьцуулах боломжтой хэвээр үлдэх тохиолдолд тэрхүү дүгнэлт нь гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Холбогдох талуудад урьдчилан мэдэгдсэн тохиолдолд (j) дэд хэсэгт заасан хяналт хийх явцад урьд өмнөх дүгнэлтээс эсрэг шийдвэр гаргасан нөхцөлд дээрх дүгнэлт хүчингүй болно. Тэрхүү дүгнэлтийг (k) дэд хэсэгт заасны дагуу олон нийтэд мэдээлнэ;

 

(i)гарал үүслийн дүрмэнд өөрчлөлт оруулах буюу гарал үүслийн шинэ дүрэм нэвтрүүлэхэд дотоодын хууль, журмыг хөндөхгүй бөгөөд түүнд заасны дагуу эдгээр өөрчлөлтийг буцаан хэрэглэхгүй;

 

(j)гишүүдийн зүгээс гарал үүслийг тодорхойлохтой холбогдуулан авч буй захиргааны аливаа арга хэмжээг шүүхийн, арбитрын буюу захиргааны шүүн таслах байгууллага, эсхүл, хэм хэмжээ, тодорхойлолтыг гаргасан байгууллагаас үл хамаарах журмын дагуу шуурхай хянуулж болох бөгөөд үүний үр дүнд дээрх тодорхойлолтыг өөрчлөх буюу хүчингүй болгож болно;

 

(k)нууцын зэрэглэлд хамаарах буюу гарал үүслийн дүрмийг хэрэглэх зорилгоор нууцлах үндэслэлээр авсан бүх мэдээллийн нууцыг эрх бүхий холбогдох байгууллагууд чанд сахина. Эдгээр мэдээллийг шүүх хуралдааны явцад задруулах шаардлага гарахаас бусад тохиолдолд түүнийг өгсөн этгээд буюу засгийн газрын тусгай зөвшөөрөлгүйгээр задруулж үл болно;

 

3 дугаар зүйл

 

Шилжилтийн үеийн дараах хэм хэмжээ

 

Бүх гишүүн IV хэсэгт заасан уялдуулан зохицуулах ажлын хөтөлбөрийн үр дүнд гарал үүслийн уялдуулан зохицуулсан дүрэм нэвтрүүлэх зорилготой байгааг харгалзан уялдуулан зохицуулах ажлын хөтөлбөрийн үр дүнг хэрэгжүүлсний дараа гишүүд дор дурдсан нөхцөлийг хангана:

 

(a)гарал үүслийн дүрмийг 1 дүгээр зүйлд заасан бүх зорилгын хувьд нэгэн ижил хэрэглэнэ;

 

(b)гарал үүслийн дүрмийн тодорхой барааны гарал үүслийн орон гэж барааг бүхэлд нь үйлдвэрлэсэн, эсхүл, барааг үйлдвэрлэхэд нэгээс дээш орон хамрагдсан тохиолдолд хамгийн сүүлчийн, үлэмж хэмжээний боловсруулалт хийсэн орныг тухайн барааны гарал үүслийн орон гэж тодорхойлно;

 

(c)импорт, экспортын хувьд хэрэглэж буй гарал үүслийн дүрэм нь барааг дотоодод үйлдвэрлэсэн эсэхийг тодорхойлоход хэрэглэх гарал үүслийн дүрмээс илүү хатуу байх ёсгүй бөгөөд тухайн бараа үйлдвэрлэгчдийн харьяаллаас үл хамааран бусад гишүүнийн хооронд ялгаварлан гадуурхах явдал гаргахгүй байна;

 

(d)гишүүдийн гарал үүслийн дүрэм нь тууштай, нэгдмэл, шударга болон ухаалаг байдлаар дагаж мөрдөгдөнө;

 

(e)гишүүдийн гарал үүслийн дүрэмтэй холбогдолтой хууль, журам, шүүхийн шийдвэр болон нийтээр дагаж мөрдөх захиргааны шийдвэрийг 1994 оны ТХЕХ-ийн 10 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт хамаарч байгаа хэмээн ойлгож түүний дагуу хэвлэн нийтэлж байна;

 

(f)экспортлогч, импортлогч буюу зохих үндэслэлтэй аливаа бусад этгээдийн хүсэлтээр бараанд олгох гарал үүслийн талаарх дүгнэлтийг, шаардлагатай бүх мэдээллийг өгсөн нөхцөлд аль болох богино хугацаанд буюу тухайн дүгнэлт хийлгэх тухай хүсэлт гаргаснаас хойш 150-иас илүүгүй хоногийн дотор гаргаж өгнө. Ийнхүү дүгнэлт гаргах тухай хүсэлтийг тухайн барааны худалдаа эхлэхээс өмнө хүлээж авах бөгөөд түүнээс хойш хэзээ ч хүлээн авч болно. Үндэслэл болсон холбогдох баримт, нөхцөл, үүний дотор гарал үүслийн дүрэм нь харьцуулах боломжтой хэвээр үлдэх тохиолдолд тэрхүү дүгнэлт нь гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Холбогдох талуудад урьдчилан мэдэгдсэн тохиолдолд /h/ дэд хэсэгт заасан хяналт хийх явцад урьд өмнөх дүгнэлтээс эсрэг шийдвэр гаргасан нөхцөлд дээрх дүгнэлт хүчингүй болно. Тэрхүү дүгнэлтийг / i/ дэд хэсгийн заалтын дагуу олон нийтэд мэдээлнэ;

 

(g)гарал үүслийн дүрмэнд өөрчлөлт оруулах буюу гарал үүслийн шинэ дүрэм нэвтрүүлэхэд дотоодын хууль, журмыг хөндөхгүй бөгөөд түүнд заасны дагуу эдгээр өөрчлөлтийг буцаан хэрэглэхгүй;

 

(h)гишүүдийн зүгээс гарал үүслийг тодорхойлохтой холбогдуулан авч буй захиргааны аливаа арга хэмжээг шүүхийн, арбитрын буюу захиргааны шүүн таслах байгууллага, эсхүл, тодорхойлолтыг гаргасан байгууллагаас үл хамаарах журмын дагуу шуурхай хянуулж болох бөгөөд үүний үр дүнд дээрх тодорхойлолтыг өөрчлөх буюу хүчингүй болгож болно;

 

(i)нууцын зэрэглэлд хамаарах буюу гарал үүслийн дүрмийг хэрэглэх зорилгоор нууцлах үндэслэлээр авсан бүх мэдээллийн нууцыг эрх бүхий холбогдох байгууллагууд чанд сахина. Эдгээр мэдээллийг шүүх хуралдааны явцад задруулах шаардлага гарахаас бусад тохиолдолд түүнийг өгсөн этгээд буюу засгийн газрын тусгай зөвшөөрөлгүйгээр задруулж үл болно.

 

III ХЭСЭГ

 

МЭДЭГДЭЛ ӨГӨХ, ХЯНАН ҮЗЭХ, ЗӨВЛӨЛДӨХ БОЛОН МАРГААН

ШИЙДВЭРЛЭХ ЖУРМЫН ТАЛААРХИ ТОХИРОЛЦОО

 

4 дүгээр зүйл

 

Байгууллагууд

 

1.Гишүүн тус бүрийн төлөөлөгчдөөс бүрдсэн Гарал үүслийн дүрмийн хороо (энэхүү хэлэлцээрт цаашид “Хороо” гэнэ)-г үүгээр байгуулж байна. Хороо нь өөрийн даргаа сонгох бөгөөд I, II, III болон IV хэсэгт заасан үйл ажиллагаа буюу дурдсан хэсэгт заасан зорилгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар зөвлөлдөх боломжийг гишүүдэд олгох, түүнчлэн энэхүү хэлэлцээрийн дагуу буюу Барааны худалдааны зөвлөлөөс түүнд ногдуулсан үүргийг биелүүлэх зорилгоор шаардлагатай үедээ, ингэхдээ жилд нэгээс доошгүй удаа хуралдана. Шаардлагатай гэж үзвэл Хороо нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан Техникийн хорооноос энэхүү хэлэлцээрт холбогдох асуудлаар мэдээлэл болон зөвлөлгөө авахыг хүсч болно. Түүнчлэн, Хороо нь энэхүү хэлэлцээрийн дээр дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай гэж үзсэн бусад ажлыг Техникийн хороогоор гүйцэтгүүлж болно. ДХБ-ын нарийн бичгийн дарга нарын газар нь Хорооны нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

 

2.Гаалийн хамтын ажиллагааны зөвлөл (ГХАЗ)-ийн ивээл дор Гарал үүслийн дүрмийн техникийн хороо (энэхүү хэлэлцээрт цаашид “Техникийн хороо” гэнэ)-г 1 дүгээр хавсралтад заасны дагуу байгуулна. Техникийн хороо нь IV хэсэгт заасан болон 1 дүгээр хавсралтад нарийвчлан тодорхойлсон техникийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Шаардлагатай үед Техникийн хороо нь энэхүү хэлэлцээртэй холбогдолтой асуудлаар Хорооноос мэдээлэл болон зөвлөлгөө авахыг хүсч болно. Түүнчлэн, Техникийн хороо нь энэхүү хэлэлцээрийн дээр дурдсан зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай гэж үзсэн бусад ажлыг Хороогоор гүйцэтгүүлж болно. ГХАЗ-ийн нарийн бичгийн дарга нарын газар нь Техникийн хорооны нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

 

5 дугаар зүйл

 

Гарал үүслийн дүрмийг өөрчлөх, гарал үүслийн шинэ

дүрэм нэвтрүүлэхтэй холбогдсон мэдээлэл болон журам

 

1.Гишүүн тус бүр ДХБ-ын тухай хэлэлцээр тухайн орны хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор өөрийн орны хүчин төгөлдөр мөрдөж буй гарал үүслийн дүрэм, гарал үүслийн дүрэмтэй холбогдсон шүүхийн шийдвэр, нийтээр дагаж мөрдөх захиргааны тогтоолуудыг нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ. Гарал үүслийн дүрмийг санамсаргүйгээр хүргүүлээгүй тохиолдолд холбогдох гишүүн нь энэ тухайгаа мэдмэгц тэр даруйд түүнийг хүргүүлнэ. Нарийн бичгийн дарга нарын газрын хүлээж авсан болон мэдэлд нь байгаа мэдээллийн жагсаалтыг гишүүдэд тараана.

 

2.Энэхүү хэлэлцээрийн 2 дугаар зүйлд заасан хугацаанд гарал үүслийн дүрмэндээ ялимгүй төдийгээс бусад өөрчлөлт оруулж байгаа буюу шинэ дүрэм нэвтрүүлж байгаа бөгөөд тэр нь энэ зүйлийн зорилгын дагуу 1 дэх хэсэгт дурдсан болон Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлээгүй гарал үүслийн аливаа дүрмийг багтааж байгаа тохиолдолд гишүүд нь тухайн гишүүний хувьд онцгой нөхцөл байдал үүссэн буюу үүсэх аюул учирснаас бусад тохиолдолд оруулсан өөрчлөлт буюу гарал үүслийн шинэ дүрэм хүчин төгөлөр болохоос 60-аас доошгүй хоногийн өмнө гарал үүслийн дүрмэндээ өөрчлөлт оруулах буюу гарал үүслийн шинэ дүрэм нэвтрүүлэх зорилгыг нь сонирхогч талууд мэдэж авах боломжтой аргаар энэ тухай мэдэгдэл нийтэлнэ. Дээр дурдсан онцгой тохиолдолд гишүүд нь өөрчлөлт оруулсан буюу шинэ дүрмээ аль болох богино хугацаанд нийтэлнэ.

 

6 дугаар зүйл

 

Хянан үзэх

 

1.Хэлэлцээрийн зорилгыг хэрэгжүүлэх үүднээс Хороо нь энэхүү хэлэлцээрийн II, III хэсгийн хэрэгжилт болон үйлчлэлийг жил бүр хянан үзнэ. Хороо нь тайлангийн хугацаанд болсон үйл явдлын талаар Барааны худалдааны зөвлөлд жил бүр илтгэнэ.

 

2.Хороо нь I, II, III хэсгийн заалтуудыг хянан үзэж, уялдуулан зохицуулах ажлын хөтөлбөрийн үр дүнг тусгах зорилгоор шаардлагатай гэж үзсэн нэмэлт өөрчлөлтийн талаар санал дэвшүүлнэ.

 

3.Хороо нь Техникийн хороотой хамтран 9 дүгээр зүйлийн зорилт, зарчмыг анхааралдаа авч уялдуулан зохицуулах ажлын хөтөлбөрийн үр дүнд зохих нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх, санал болгох тогтолцоог бий болгоно. Тэрээр аливаа технологийн өөрчлөлтийн улмаас бий болж байгаа үйлдвэрлэлийн шинэ журмыг харгалзан дүрмийг шинэчлэх буюу илүү үр нөлөөтэй болгох шаардлагыг хамарч болох юм.

 

7 дугаар зүйл

 

Зөвлөлдөөн

 

Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн хүрээнд боловсруулан хэрэглэж буй 1994 оны ТХЕХ-ийн 22 дугаар зүйлийн заалтууд энэхүү хэлэлцээрт хамаарна.

 

8 дугаар зүйл

 

Маргаан шийдвэрлэх

 

Маргаан шийдвэрлэх тухай харилцан ойлголцох баримт бичгийн хүрээнд боловсруулан хэрэглэж буй 1994 оны ТХЕХ-ийн 23 дугаар зүйлийн заалтууд энэхүү хэлэлцээрт хамаарна.

 

IV ХЭСЭГ

 

ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН УЯЛДУУЛАН ЗОХИЦУУЛАЛТ

 

9 дүгээр зүйл

 

Зорилт болон зарчим

 

1.Гарал үүслийн дүрмийг уялдуулан зохицуулах, түүнчлэн дэлхийн худалдааны үйл ажиллагааг илүү тогтвортой болгох зорилгоор Сайд нарын бага хурал нь ГХАЗ-тэй хамтран боловсруулсан ажлын хөтөлбөрийг дор дурдсан зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ:

 

(a)гарал үүслийн дүрмийг 1 дүгээр зүйлд заасан бүх зорилгын хувьд нэгэн ижил хэрэглэнэ;

 

(b)барааг бүхэлд нь үйлдвэрлэсэн, эсхүл барааг үйлдвэрлэхэд нэгээс дээш орон хамрагдсан тохиолдолд хамгийн сүүлчийн, үлэмж хэмжээний боловсруулалт хийсэн орныг тухайн барааны гарал үүслийн орон гэж тодорхойлох талаар гарал үүслийн дүрмэнд заана;

 

(c)гарал үүслийн дүрэм нь бодитой, ойлгомжтой бөгөөд тогтвортой байна;

 

(d)гарал үүслийн дүрэмтэй холбоотой худалдааны бодлогын арга хэмжээ буюу арга хэрэгслийг үл харгалзан гишүүдийн гарал үүслийн дүрэм нь худалдааны зорилгыг шууд буюу шууд бусаар хэрэгжүүлэх арга хэрэгсэл болж ашиглагдахгүй. Гарал үүслийн дүрэм нь өөрөө олон улсын худалдаанд хязгаарлах, гуйвуулах буюу сөрөг нөлөө үзүүлэх ёсгүй. Гарал үүслийн орныг тодорхойлох угтвар нөхцөл болгон хэт хатуу шаардлага тавих, эсхүл үйлдвэрлэл буюу боловсруулалттай холбогдолгүй зарим нөхцөлийг биелүүлэхийг шаардахгүй. Гэхдээ үнийн дүнгээс хувиар тооцох шалгуурыг хэрэглэх зорилгоор үйлдвэрлэл буюу боловсруулалттай шууд холбоогүй зардлыг оруулж тооцож болно;

 

(e)гарал үүслийн дүрэм нь тууштай, нэгдмэл, шударга болон ухаалаг байдлаар дагаж мөрдөгдөнө;

 

(f)гарал үүслийн дүрэм нь өөр хоорондоо авцалдаатай байна;

 

(g)гарал үүслийн дүрэм нь эерэг жишигт тулгуурлана. Сөрөг жишгийг эерэг жишгийг тодруулахад ашиглаж болно.

 

Aжлын хөтөлбөр

 

2.(a) Ажлын хөтөлбөрийг ДХБ -ын тухай хэлэлцээр хүчин төгөлдөр болмогц нэн даруй эхлүүлэх бөгөөд түүнээс хойш гурван жилийн дотор хийж гүйцэтгэж дуусгана;

 

(b)4 дүгээр зүйлд заасан Хороо болон Техникийн хороо нь дээрх ажлыг хийж гүйцэтгэвэл зохих байгууллага нь болно;

 

(c)ГХАЗ-өөс илүү тодорхой хувь нэмэр оруулах боломжийг хангах үүднээс Хороо нь энэ зүйлийн 1 дүгээр хэсэгт дурдсан зарчимд үндэслэн дор дурдсан ажлын үр дүнд гарсан тайлбар болон саналыг Техникийн хорооноос авна. Уялдуулан зохицуулах ажлын хөтөлбөрийг зохих хугацаанд нь дуусгавар болгох зорилгоор уг ажлыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн бүлэг, хэсгийн дагуу барааны бүлэглэлийн үндсэн дээр хийж гүйцэтгэнэ.

 

(i)Бүхэлд нь үйлдвэрлэсэн болон наад захын ажиллагаа буюу боловсруулалт хийсэн

 

Техникийн хороо нь дараахь зүйлийн талаар уялдуулан зохицуулсан томъёолол боловсруулна:

 

-нэг оронд бүхэлд нь үйлдвэрлэсэн гэж үзэх бараа. Энэ талаархи ажлыг аль болохоор нарийвчилсан байдлаар хийсэн байвал зохино;

 

-тухайн барааны гарал үүслийг дангаараа нөхцөлдүүлж чадахгүй ялимгүй ажиллагаа буюу боловсруулалт,

 

Энэхүү ажлын үр дүнг Хорооноос тавьсан хүсэлтийг хүлээж авснаас хойш гурван сарын дотор Хороонд тайлагнана.

 

(ii)Үлэмж хэмжээний боловсруулалт-Тарифын ангиллын өөрчлөлт

 

-Техникийн хороо нь үлэмж хэмжээний боловсруулалтын шалгуурын үндсэн дээр тухайн бараа буюу барааны бүлэглэлийн гарал үүслийн дүрмийг боловсруулахдаа тарифын гарчиг буюу дэд гарчигийг өөрчлөх тухай ойлголтыг ашиглах боломжийг хэлэлцэж, боловсруулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл барааны жагсаалтын хүрээнд энэхүү шалгуурт нийцэж буй наад захын өөрчлөлтийг тодорхойлно;

 

-Ажлынхаа үр дүнг улиралд нэгээс доошгүй удаа Хороонд танилцуулах үүднээс Техникийн хороо нь УС-ийн жагсаалтын бүлэг, хэсгийг харгалзан дээр дурдсан ажлыг бараагаар хувааж гүйцэтгэнэ. Техникийн хороо дээр дурдсан ажлыг Хорооноос хүсэлт хүлээж авснаас хойш нэг жил гурван сарын дотор гүйцэтгэж дуусгана.

 

(iii)Үлэмж хэмжээний боловсруулалт – Нэмэлт шалгуур

 

УС-ийн жагсаалтыг дангаар нь хэрэглэснээр үлэмж хэмжээний боловсруулалтыг томъёолох боломжгүй барааны бүлэг буюу барааны тус бүрийн төрлөөр (ii) дэд хэсэгт заасан ажлыг гүйцэтгэж дуусгасны дараа Техникийн хороо нь:

 

-үлэмж хэмжээний боловсруулалтын шалгуурын үндсэн дээр тухайн бараа буюу барааны хэсгийн гарал үүслийн дүрмийг боловсруулахдаа бусад шаардлагыг, түүний дотор үнийн дүнгээс хувиар тооцох болон/буюу үйлдвэрлэл буюу боловсруулалтын түвшин зэргийг нэмэлт буюу дагнасан байдлаар хэрэглэх асуудлыг хэлэлцэж боловсруулна;

 

-өөрийн саналын талаар тайлбар өгч болно;

 

-ажлынхаа үр дүнг улиралд нэгээс доошгүй удаа Хороонд танилцуулах үүднээс Техникийн хороо нь УС-ийн жагсаалтын бүлэг, хэсгийг харгалзан дээр дурдсан ажлыг бараагаар хувааж гүйцэтгэнэ. Техникийн хороо дээр дурдсан ажлыг хоёр жилийн дотор, гэхдээ Хорооноос хүсэлт хүлээж авснаас хойш гурван сарын дотор гүйцэтгэж дуусгана.

 

Хорооны үүрэг

 

3.1 дэх хэсэгт дурдсан зарчмыг үндэслэн:

 

(a) 2 (с) хэсгийн (i), (ii) болон (iii) дугаар дэд хэсэгт заасан хугацааны дагуу Хороо нь Техникийн хорооны тайлбар, саналыг батлах зорилгоор түүнийг тогтмол авч хэлэлцэнэ. Хороо нь ажлаа сайжруулах буюу боловсронгуй болгох болон/буюу шинэ арга хандлага боловсруулан хэрэглэхийг Техникийн хорооноос шаардаж болно. Техникийн хороонд туслалцаа үзүүлэх зорилгоор нэмэгдэл ажил гүйцэтгүүлэх болсны үндэслэлийг Хороо гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шаардлагатай үед ажил гүйцэтгэх арга хандлагын хувилбарыг зааж өгнө;

 

(b)Хороо нь 2 (с) хэсгийн (i), (ii) болон (iii) дугаар дэд хэсэгт заасан ажлыг хийж гүйцэтгэсний дараа түүний үр дүн нь нийтдээ хэрхэн уялдаж байгаа талаас нь авч хэлэлцэнэ.

 

Уялдуулан зохицуулах ажлын хөтөлбөрийн үр дүн

болон цаашдын ажил.

 

4.Сайд нарын бага хурал нь уялдуулан зохицуулах ажлын хөтөлбөрийн үр дүнг энэхүү хэлэлцээрийн салшгүй хэсэг болох хавсралтад зааж өгнө. Сайд нарын бага хурал нь дээр дурдсан хавсралтын хүчин төгөлдөр болох хугацааг тогтооно.

 

ХАВСРАЛТ 1

 

ГАРАЛ ҮҮСЛИЙН ДҮРМИЙН ТЕХНИКИЙН ХОРОО

 

Үүрэг

 

1.Техникийн хороо нь дараахь байнгын үүрэг хүлээнэ:

 

(a)Техникийн хорооны аливаа гишүүний хүсэлтээр, гишүүдийн гарал үүслийн дүрмийг дагаж мөрдөх өдөр тутмын ажиллагаанд үүсч буй техникийн шинж чанартай тодорхой хүндрэлүүдийг судалж, өгөгдсөн баримт мэдээнд тулгуурлан асуудлыг шийдвэрлэх зохих арга замын талаар зөвлөлгөө өгнө;

 

(b)Аливаа гишүүн буюу Хорооноос хүсэлт гаргасны дагуу барааны гарал үүслийг тодорхойлохтой холбогдсон аливаа асуудлын талаар мэдээллээр хангаж, зөвлөлгөө өгнө;

 

(c)Энэхүү хэлэлцээрийн хэрэгжилт болон эрх зүйн байдалтай холбогдолтой техникийн асуудлын талаар үе үе тайлан бэлтгэж тараана;

 

(d) II, III хэсгийн ажиллагаа болон хэрэгжилттэй холбогдолтой техникийн асуудлуудыг жил бүр хянан үзнэ.

 

2.Техникийн хороо нь Хорооноос гаргасан хүсэлтийн дагуу бусад үүргийг хүлээнэ.

 

3.Техникийн хороо нь онцгой асуудлаар, нэн ялангуяа гишүүдээс буюу Хорооноос дэвшүүлсэн асуудлаархи ажлыг боломжтой хамгийн богино хугацаанд хийж гүйцэтгэнэ.

 

Төлөөлөл

 

4.Гишүүн бүр Техникийн хороонд төлөөлөлтэй байх эрхтэй. Гишүүн бүр Техникийн хороонд нэг төлөөлөгч болон нэг буюу түүнээс дээш орлогч төлөөлөгчийг томилж болно. Ийнхүү Техникийн хороонд төлөөлөл бүхий Гишүүн нь цаашид Техникийн хорооны “гишүүн” гэж нэрлэгдэнэ. Техникийн хорооны хуралдаан дээр Техникийн хорооны гишүүдийн төлөөлөгчдөд зөвлөхүүд тусалж болно. ДХБ -ын Нарийн бичгийн дарга нарын газар дурдсан хуралдаанд ажиглагчаар оролцож болно.

 

5.ДХБ -ын гишүүн бус ГХАЗ-ийн гишүүд нь Техникийн хорооны хуралдаанд нэг төлөөлөгч болон нэг буюу түүнээс дээш орлогч төлөөлөгчөөр төлөөлүүлж болно. Эдгээр төлөөлөгч нь Техникийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцоно.

 

6.ГХАЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга (энэхүү хавсралтад цаашид Ерөнхий нарийн бичгийн дарга гэж нэрлэгдэх) Техникийн хорооны даргаас цаашид зөвшөөрсний үндсэн дээр Техникийн хорооны хуралдаанд ДХБ буюу ГХАЗ-ийн гишүүн бус засгийн газрын төлөөлөгч, түүнчлэн олон улсын засгийн газрын болон худалдааны байгууллагын төлөөлөгчдийг Техникийн хорооны хуралдаанд ажиглагчаар оролцуулахаар урьж болно.

 

7.Техникийн хорооны хурлын төлөөлөгч, түүний орлогч болон зөвлөхөд нэр дэвшүүлэх ажлыг Ерөнхий нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.

 

Хуралдаан

 

8.Техникийн хороо нь шаардлагын дагуу, ингэхдээ жилд нэгээс доошгүй удаа хуралдана.

 

Журам

 

9.Техникийн хороо нь өөрийн даргаа сонгож, ажлын дотоод журмаа батална.

 

ХАВСРАЛТ 2

 

ГАРАЛ ҮҮСЛИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ДҮРМИЙН

ТАЛААРХИ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ

 

1.Зарим гишүүн гарал үүслийн хөнгөлөлтгүй дүрмээс ялгагдах гарал үүслийн хөнгөлөлттэй дүрэм хэрэглэдгийг хүлээн зөвшөөрч гишүүд дараахь зүйлийн талаар үүгээр тохиролцов.

 

2.Энэхүү хамтарсан тунхаглалын зорилгоор, 1994 оны ТХЕХ-ийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хамааралгүй тарифын хөнгөлөлт үзүүлэх үндэслэл болох гэрээт буюу бие даасан журмын хүрээнд тухайн бараанд хөнгөлөлт үзүүлэх эсэхийг тодорхойлох зорилгоор аливаа гишүүний мөрдөхөөр тогтсон хууль тогтоомж болон нийтээр дагаж мөрдөх захиргааны шийдвэрүүд гэж гарал үүслийн хөнгөлөлттэй дүрмийг тодорхойлно.

 

3.Гишүүд дор дурдсан нөхцөлийг хангахаар тохиролцов:

 

(a)Нийтээр дагаж мөрдөх захиргааны шийдвэр гаргахдаа биелүүлбэл дараахь шаардлагыг нарийвчлан тодорхойлно:

 

(i)тарифын ангиллыг өөрчлөх шалгуур хэрэглэх тохиолдолд тэрхүү гарал үүслийн хөнгөлөлттэй дүрэм болон түүнд хамаарахгүй зүйл нь дүрмэнд тарифын жагсаалт дахь гарчиг болон дэд гарчигийг тодорхой заасан байна;

 

(ii)үнийн дүнгээс хувиар тооцох шалгуур хэрэглэх тохиолдолд тэрхүү хувийг тооцох аргачлалыг гарал үүслийн хөнгөлөлттэй дүрмэнд заасан байна;

 

(iii)үйлдвэрлэл болон боловсруулалтын түвшингийн шалгуур хэрэглэх тохиолдолд холбогдох барааны гарал үүслийг тодорхойлох түвшинг нарийн зааж өгсөн байна.

 

(b)Гишүүдийн гарал үүслийн хөнгөлөлттэй дүрэм нь эерэг жишиг дээр үндэслэсэн байна. Гарал үүслийг тодорхойлох үндэс болохгүй (сөрөг жишиг) зүйлийг дурдсан заалт бүхий гарал үүслийн хөнгөлөлттэй дүрмийг эерэг жишгийг тодотгох зорилгоор түүний хэсэг болгон хэрэглэх буюу мөн хөнгөлөлттэй гарал үүслийг эерэг байдлаар тодорхойлох шаардлагагүй зарим ганцаарчилсан тохиолдолд зөвшөөрнө;

 

(c)Гишүүдийн гарал үүслийн хөнгөлөлттэй дүрэмтэй холбогдолтой хууль, журам, шүүхийн шийдвэр болон нийтээр дагаж мөрдөх захиргааны шийдвэрийг 1994 оны ТХЕХ-ийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байгаа мэт ойлгож түүний дагуу нийтэлсэн байна;

 

(d)Экспортлогч, импортлогч буюу зохих үндэслэлтэй аливаа бусад этгээдийн хүсэлтээр бараанд олгох хөнгөлөлттэй гарал үүслийн талаархи дүгнэлт, шаардлагатай бүх мэдээллийг өгсөн нөхцөлд аль болох богино хугацаанд буюу тухайн дүгнэлт хийлгэх тухай хүсэлт гаргаснаас хойш 150-иас илүүгүй хоногийн дотор гаргаж өгнө. Ийнхүү дүгнэлт гаргах тухай хүсэлтийг тухайн барааны худалдаа эхлэхээс өмнө хүлээж авах бөгөөд түүнээс хойш хэзээ ч хүлээн авч болно. Үндэслэл болсон холбогдох баримт, нөхцөл, үүний дотор гарал үүслийн дүрэм нь харьцуулах боломжтой хэвээр үлдэх тохиолдолд тэрхүү дүгнэлт нь гурван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Холбогдох талуудад урьдчилан мэдэгдсэн тохиолдолд (f) дэд хэсэгт заасан хяналт хийх явцад урьд өмнөх дүгнэлтээс эсрэг шийдвэр гаргасан нөхцөлд дээрх дүгнэлт хүчингүй болно. Тэрхүү дүгнэлтийг (g) дэд хэсэгт заасны дагуу олон нийтэд мэдээлнэ;

 

(e)Гарал үүслийн хөнгөлөлттэй дүрмэнд өөрчлөлт оруулах буюу гарал үүслийн шинэ хөнгөлөлттэй дүрэм нэвтрүүлэхэд дотоодын хууль, журмыг хөндөхгүй бөгөөд түүнд заасны дагуу эдгээр өөрчлөлтийг буцаан хэрэглэхгүй;

 

(f)Гишүүдийн зүгээс хөнгөлөлттэй гарал үүслийг тодорхойлохтой холбогдуулан авч буй захиргааны аливаа арга хэмжээг шүүхийн, арбитрын буюу захиргааны шүүн таслах байгууллага, эсхүл, тодорхойлолтыг гаргасан байгууллагаас үл хамаарах журмын дагуу шуурхай хянуулж болох бөгөөд үүний үр дүнд дээрх тодорхойлолтыг өөрчлөх буюу хүчингүй болгож болно;

 

(g)Нууцын зэрэглэлд хамаарах буюу хөнгөлөлттэй гарал үүслийг дүрмийг хэрэглэх зорилгоор нууцлах үндэслэлээр авсан бүх мэдээллийн нууцыг эрх бүхий холбогдох байгууллагууд чанд сахина. Эдгээр мэдээллийг шүүх хуралдааны явцад задруулах шаардлага гарахаас бусад тохиолдолд түүнийг өгсөн этгээд буюу засгийн газрын тусгай зөвшөөрөлгүйгээр задруулж үл болно.

 

4.ДХБ –ын тухай хэлэлцээр холбогдох гишүүний хувьд хүчин төгөлдөр болсон өдөр хүчин төгөлдөр байсан гарал үүслийн хөнгөлөлттэй дүрэм, түүний дотор хөнгөлөлттэй дүрэмтэй холбогдсон хөнгөлөлттэй арга хэмжээний жагсаалт, шүүхийн шийдвэр болон нийтээр дагаж мөрдөх захиргааны шийдвэрүүдийг Нарийн бичгийн дарга нарын газарт нэн даруй хүргүүлэхээр тохиролцов. Улмаар гарал үүслийн хөнгөлөлттэй дүрмэндээ оруулсан аливаа өөрчлөлт буюу шинэчилсэн хөнгөлөлттэй дүрмээ аль болох богино хугацаанд Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлж байхаар гишүүд тохиролцов. Нарийн бичгийн дарга нарын газарт хүлээж авсан болон түүний мэдэлд байгаа мэдээллийн жагсаалтыг нарийн бичгийн дарга нарын газраас гишүүдэд тарааж байна.