A

A

A

Бүлэг: 1979

ЗЭРЛЭГ АМЬТДЫН НҮҮДЛИЙН ЗҮЙЛҮҮДИЙГ

ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД

Зэрлэг амьтдын зүйлийн олон янзын хэлбэр нь байгалийн дахин давтагдашгүй хэсгийн нэг бөгөөд хүн төрөлхтөний сайн сайхны тусын тулд хадгалагдан хамгаалагдах ёстойг хүлээн зөвшөөрч;

Хүн төрөлхтөн эх дэлхийнхээ баялгийг хойч үедээ өвлүүлэн үлдээж, энэхүү өвийг хадгалж хамгаалан ухаалгаар ашиглах хариуцлагаа мэдрэн;

Зэрлэг амьтдын байгаль орчин, экологи, генетик, шинжлэх ухаан, гоо зүй, чөлөөт амралт, соёл, боловсрол, нийгэм, эдийн засгийн байнга өсөн нэмэгдэж буй ач холбогдлыг ухамсарлан;

Зэрлэг амьтад, тухайлбал улс үндэстний газар нутгийн хил дамжин болон хилийн гадна нүүдэллэн амьдардаг зүйлүүдэд сэтгэл зовинон;

Улс гүрнүүд нь нутаг дэвсгэрийнхээ хилийн дотор амьдрах буюу нутгаар нь дамжин өнгөрч байгаа зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг ивээн хамгаалагч байх ёстойг хүлээн зөвшөөрч;

Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийн хамгаалалт, үр ашигтай менежментийг тэдгээр зүйлийн оршин амьдрахуйнхаа аль нэг шатанд нутаг дэвсгэрийн нь хилийн дотор амьдардаг улс бүрийн харилцан тохирсон үйл ажиллагаа шаардлагатай байгаад итгэл төгс байж;

Хүний хүрээлэн байгаа орчны талаархи Нэгдсэн Үндэстний Байгууллагын Бага хурал /Стокгольм 1972/ баталсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 27 дугаар хуралдаанаар сайшаан тэмдэглэсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний З2 дугаар Зөвлөмжийг эргэн санаж;

Дараахь байдлаар хэлэлцэн тохиролцов.

Нэгдүгээр зүйл

Тайлбар

1.Энэхүү Конвенцийн зорилгод нийцүүлэн:

a)"Нүүдлийн зүйл" гэдэг нь аль нэг төрөл зүйл эсхүл салбар зүйлийн (таксон) ихэнхи хэсгүүд нь нэг буюу хэд хэдэн улсын хилээр хэсэг хэсгээрээ эсхүл урьдчилан мэдэх боломжтой байдлаар дайран гардаг зэрлэг амьтдын нийт сүрэглэл буюу тэдгээрийн газар зүйн хувьд тусгаарлагдсан хэсэг.

b)"Нүүдлийн зүйлийн хамгаалалтын статус" гэдэг нь удаан хугацааны турш нүүдлийн зүйлийн тархац болон өсөлтөд нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийн нийлбэр юм.

c)"Хамгаалтын статус"-ыг дараахь нөхцөлд "тааламжтай" гэж үзнэ:

/1/нүүдлийн зүйл нь сүрэглэлийн хөдөлгөөний мэдээлэл агуулагчийн хувьд удаан хугацааны турш экосистемийнхээ амьдрах чадвартай бүрэлдэхүүн хэсэг болохоо харуулж байгаа;

/2/нүүдлийн зүйлийн тархац нутаг нь удаан хугацааны туршид хадгалагдаж ирсэн буюу одоо ч хэвээрээ байгаа;

/3/удаан хугацааны туршид нүүдлийн зүйлүүд амьдарч болох тохиромжтой амьдрах нутаг байгаа буюу ойрын ирээдүйд бий болох бол;

/4/Нүүдлийн зүйлийн тархалт болон өсөлт нь бүрэн тохиромжтой экосистемд оршиж байгаа буюу энэ нь байгалийн зөв менежменттэй нийцсэн түүхэн хамаарал болон төвшний хэм хэмжээнд ойртож очсон бол;

d)Энэ зүйлийн /с/-д заасан аль нэг нөхцөл хангагдаагүй тохиолдолд "хамгаалалтын статус"-ыг "тааламжгүй" гэж үзнэ.

e)Нийт тархац нутагтаа буюу ихэнхи хэсэгтээ устах аюулд орсон тухайн нүүдлийн зүйлийг "устах аюулд орсон" гэнэ.

f)"Тархац нутаг" гэдэг нь нүүдлийн зүйлүүдийн байнга нутагшсан, эсвэл түр амьдардаг, нүүдэллэх замдаа дайран гардаг буюу нисэн өнгөрдөг хуурай хийгээд усан газар;

g)"Идээшил нутаг" гэдэг нь нүүдлийн зүйлүүдийн амьдрах тохиромжтой нөхцөл нь бүрдсэн, тархац нутгийн бүсийн доторхи нутаг дэвсгэр;

h)"Тархац нутгийн бүсийн улс" гэдэг нь тухайн нүүдлийн зүйлийн тархац нутаг газар нутагт нь багтдаг аливаа улс /эсхүл энэ зүйлийн /к/-д заасан бусад Талууд/ эсхүл төрийн далбаатай хөлөг онгоц нь газар нутгийн хилийн гаднаас нүүдлийн зүйлүүдийг агнадаг улс;

i)"Агнах" гэдэг нь барих, агнах, загасчлах, үргээх, зориуд хөнөөх, эсхүл эдгээр үйл ажиллагаанд оролцохоор завдах;

j)"Хэлэлцээр" гэдэг нь энэ Конвенцийн IV, V зүйлд заасан, нүүдлийн нэг буюу хэд хэдэн зүйлийг хамгаалахтай холбогдсон олон улсын хэлэлцээрүүд;

k)"Тал" гэдэг нь энэ Конвенцид нэгдэж, Конвенцийг хүчин төгөлдөр болохуйц асуудлуудаар олон улсын хэлэлцээр хийх, дүгнэлт гаргах, хэрэглэх эрхтэй улс эсхүл бие даасан улсуудын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг хэлнэ.

2.Өөрсдийнхөө эрх хэмжээний хүрээнд энэ Конвенцийн Талууд болж байгаа бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд энэхүү Конвенцийн гишүүн орнууддаа олгож буй эрх, үүргийг өөрийн нэр дээр хүлээнэ. Энэ тохиолдолд эдгээр байгууллагуудын гишүүн улсуудад тэдгээр эрхийг бие даан эдлэх эрх олгохгүй.

3.Энэхүү Конвенци нь "Оролцож санал өгсөн Талууд"-ын гуравны хоёроос доошгүй саналаар, эсхүл санал нэгтэйгээр аливаа шийдвэрийг гаргах бөгөөд "Оролцож санал өгсөн Талууд" гэдэг нь "Санал хураалтанд оролцож зөвшөөрсөн буюу татгалзсан санал гаргасан Талууд"-ыг хэлнэ. Санал хураалтанд оролцохоос татгалзсан Талууд нь "Оролцож санал өгсөн Талууд"-ын тоонд тооцогдохгүй.

Хоёрдугаар зүйл

Үндсэн зарчмууд

1.Тархац нутгийн бүсийн улсууд нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, энэ зорилгод нийцүүлэн тохирсон, мөн зохицсон арга хэмжээ авч байхыг зөвшөөрөх, хамгаалалтын статус нь тааламжгүй байгаа нүүдлийн зүйлүүдэд онцгой анхаарал тавин тэдгээр зүйлүүдийг болон идээшил нутгийг нь хамгаалах талаар тохиромжтой, зайлшгүй алхмуудыг дангаараа болон хамтын ажиллагааны явцад хийхийн ач холбогдлыг Талууд хүлээн зөвшөөрнө.

2.Нүүдлийн аливаа зүйлийг устах аюулд орохоос сэргийлэх үйл ажиллагаа явуулах хэрэгцээ шаардлагыг Талууд хүлээн зөвшөөрнө.

3.Талууд нь ялангуяа:

a)нүүдлийн зүйлүүдтэй холбоотой судалгаа шинжилгээний ажилд туслаж, хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлнэ.

b)1 дүгээр хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийг хамгаалалтанд яаралтай авах талаар хүчин чармайлт тавина.

c)2 дугаар хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн хамгаалалт, менежментийн асуудлыг хамарсан хэлэлцээр байгуулахад хүчин чармайлт тавина.

Гуравдугаар зүйл

Устах аюулд орсон нүүдлийн зүйлүүд

1 дүгээр хавсралт

1.Устах аюулд орсон нүүдлийн зүйлүүдийг 1 дүгээр хавсралтад оруулна.

2.Нүүдлийн зүйлийн устах аюулд орж буйг нь шинжлэх ухааны баттай мэдээ баримтаар нотлогдсон байвал уг зүйлүүдийг 1 дүгээр хавсралтад оруулна.

3.Талуудын Бага хурлаас дараахь зүйлийг тогтоовол нүүдэллэдэг зүйлүүдийг 1 дүгээр хавсралтаас хасаж болно. Үүнд:

a)Шинжлэх ухааны баттай мэдээ баримтаар тэдгээр зүйлийг устах аюулд орсон гэж үзэхээргүй байвал;

b)Нүүдлийн зүйлүүдийг 1 дүгээр хавсралтаас гаргаснаар устах аюулд дахин орохооргүй байвал;

4.1 дүгээр хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Тал дараахь зүйлд хүчин чармайлт тавина:

a)зүйлүүдийг устах аюулаас сэргийлэх ач холбогдол бүхий амьдрах нутгийг аль болох зохицсон, тохиромжтой аргаар хамгаалах, нөхөн сэргээх;

b)зүйлүүдийн нүүдэлд ноцтой саад тотгор болохуйц үйл ажиллагааны сөрөг нөлөө, саад бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг зайлуулах, хохирлыг багасгах буюу арилгах;

c)нутагшуулах гэж байгаа гадны зүйлүүдэд хатуу хяналт тавих, нутагшуулсан гадны зүйлүүдэд мөн хяналт тавих буюу тэдгээрийг устгахын зэрэгцээ нүүдэллэдэг зүйлүүдэд аюул учирч байгаа, цаашид учирч болзошгүй хүчин зүйлүүдээс аль болохоор сэргийлж, тэдгээрийг багасгах буюу хяналт тавих;

5.1 дүгээр хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улсууд болж байгаа Талууд нь тэдгээр зүйлүүдэд багтах амьтдыг агнахыг хориглоно.

Зөвхөн:

a)судалгаа шинжилгээний зориулалтаар;

b)тархацыг тэлэх буюу аюулд орсон зүйлүүдийг аврах зорилгоор;

c)нүүдлийн зүйлүүдийг уламжлалт амьжиргааны хэрэгцээ болгон агнадаг;

d)онцгой шаардлагатай зэрэг тохиолдолд агнах ба энэ нь утга агуулгын хувьд тодорхой, орон зай цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байна. Ингэж агнах нь тухайн зүйлүүдэд хохирол учруулахааргүй байна.

6.Талуудын Бага хурал 1 дүгээр хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Талуудад тэдгээр зүйлүүдэд тус болохуйц арга хэмжээг цаашид авч явуулах талаар санал дэвшүүлж болно.

7.Энэ зүйлийн 5 дугаар заалтын дагуу нүүдэллэдэг зүйлүүдийг агнасан бол Талууд нарийн бичгийн дарга нарын газарт аль болох түргэн мэдэгдэнэ.

Дөрөвдүгээр зүйл

Хэлэлцээрт хамрагдах нүүдлийн зүйлүүд

2 дугаар хавсралт

1.Хамгаалалт, менежментийн асуудалд нь олон улсын хэлэлцээр шаардлагатай байгаа хамгаалалтын статус нь тааламжгүй нүүдлийн зүйлүүд болон олон улсын хэлэлцээрийн дагуу явагдах хамтын ажиллагаанаас дорвитой ашиг тус хүртэхүйц хамгаалалтын статус бүхий нүүдлийн зүйлүүдийг 2 дугаар хавсралтад оруулна.

2.Шаардлагатай бол зарим зүйлийг 1 ба 2 дугаар хавсралтын хоёуланд нь оруулж болно.

3.2 дугаар хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Талууд нь зүйлүүдэд дорвитой ашиг тус өгөх хэлэлцээр байгуулахад хүчин чармайлт гаргах ба мөн хамгаалалтын тааламжгүй статус бүхий зүйлүүдэд нэн тэргүүний ач холбогдол өгнө.

4.Талууд аль нэг төрөл зүйл эсвэл салбар зүйлийн /таксон/ ихэнхи хэсгүүд нь нэг буюу хэд хэдэн улсын хилээр хэсэг хэсгээрээ эсхүл урьдчилан мэдэх боломжтой байдлаар дайран гардаг зэрлэг амьтдын нийт сүрэглэл буюу тэдгээрийн газар зүйн хувьд тусгаарлагдсан хэсгийн талаархи хэлэлцээрүүдийг байгуулж үйл ажиллагаа явуулахыг хөхиүлэн дэмжинэ.

5.Энэ зүйлийн заалтуудын дагуу байгуулсан хэлэлцээрүүдийн хувийг Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.

Тавдугаар зүйл

Хэлэлцээр байгуулах удирдамж

1.Хамгаалалтын тааламжтай статустай нүүдлийн зүйлүүдийг нөхөн сэргээх буюу статусыг нь хэвээр хадгалахад хэлэлцээрийн зорилго оршино. Энэ зорилгод хүрэхийн тулд Хэлэлцээр бүрт нүүдэллэдэг зүйлүүдийн хамгаалалт, менежментийн асуудлыг тусгасан байна.

2.Хэлэлцээр нь тухайн нүүдлийн зүйлийн тархац нутгийн бүсийг хамарсан байх ба энэ Конвенцийн Тал байх эсэхээс үл хамааран тэдгээр зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улсуудад түүнд нэгдэн орох боломж нээлттэй байна.

3.Боломжтой бол Хэлэлцээрт нэгээс олон нүүдлийн зүйлүүдийг хамруулах нь зүйтэй.

4.Хэлэлцээр нь:

a)хамрах нүүдлийн зүйлүүдийг тогтоосон байх;

b)нүүдлийн зүйлүүдийн тархац нутаг, нүүдэллэх замыг тодорхойлох;

c)Талууд Хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний эрх бүхий байгууллагыг томилсон байх;

d)шаардлагатай бол Хэлэлцээрийн зорилтыг биелүүлэх, түүний үр дүнд хяналт шинжилгээ хийх болон Талуудын Бага хуралд илтгэх тайланг бэлтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах;

e)Хэлэлцээрт Талуудын маргааныг зохицуулах заалтыг тусгах;

f)Бусад аливаа олон талын хэлэлцээр байсан ч халимын төрлийн нүүдлийн зүйлүүдийг агнах явдлыг хориглох, тэдгээр нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн бус улсуудаас hэлэлцээрт нэгдэн орох нөхцөлийг хангах ёстой.

5.Хэлэлцээр нь:

а)тухайн нүүдлийн зүйлийн хамгаалалтын статусын талаар тогтмол үзлэг шалгалт хийж, уг статуст хохирол учруулж болхоор хүчин зүйлүүдийг тогтоох;

b)тохиролцсон хамгаалалт, менежментийн төлөвлөгөө;

c)тухайн нүүдлийн зүйлүүдийн нүүдэллэх явцыг онцгой анхааран сүрэглэлийн хөдөлгөөн болон экологийг судлах;

d)тухайн нүүдлийн зүйлүүдийн талаар мэдээлэл, ялангуяа судалгаа шинжилгээний үр дүн, холбогдох тоо баримт солилцох;

e)хамгаалалтын тааламжтай статусыг нь хэвээр хадгалахад ач холбогдол бүхий идээшил нутагт шаардлагын хэмжээнд хүртэл хамгаалалт, нөхөн сэргээлт хийх, нүүдлийн зүйлүүдэд хохирол учруулж болзошгүй нутагшуулж буй эсхүл нутагшуулсан гадны зүйлүүдэд хатуу хяналт тавих зэргээр идээшил нутгийг тэнцвэрт байдлын алдагдлаас хамгаалах;

f)нүүдлийн тохиромжтой замын дагуу байрласан амьдрах нутгийн сүлжээг хадгалах;

g)нүүдлийн зүйлүүдэд тааламжтай шинэ идээшил нутгийн талаар болон тааламжтай идээшил нутагт нүүдэллэдэг зүйлүүдийг нутагшуулах тухай заалт;

h)амьтдын нүүдэллэхэд учруулж байгаа саад бэрхшээлийг бололцооны хирээр арилгах;

i)нүүдлийн зүйлүүдийн идээшил нутагт тэдгээр зүйлүүдэд хортой элдэв бодис хаяхаас сэргийлэх, хаяхыг багасгах буюу түүнд хяналт тавих;

j)нүүдлийн зүйлүүдийг авлах явдлыг хянах ба зохицуулах байгаль орчинд халгүй зарчимд тулгуурласан арга хэмжээнүүд;

k)хууль бус авлалтыг хориглох журам;

l)нүүдлийн зүйлүүдэд учирч байгаа бодит аюулын талаар мэдээлэл солилцох;

m)нүүдлийн зүйлүүдийн хамгаалалтын статус ноцтой хөндөгдсөн тохиолдолд хамгаалалтын үйл ажиллагааг нэн даруй чангатгах, журамлах;

n)Хэлэлцээрийн агуулга, зорилгыг олон нийтэд сурталчлах заалтыг хамруулах.

Зургадугаар зүйл

Тархац нутгийн бүсийн улсууд

1.Талуудаас хүлээн авсан мэдээллийг ашиглан 1, 2 дугаар хавсралтад заасан нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улсуудын жагсаалтыг Нарийн бичгийн дарга нарын газар хөтөлнө.

2.Талууд нутаг дэвсгэрийнхээ хилийн гадна нүүдлийн зүйлүүдийг агнадаг өөрийн улсын төрийн далбаатай хөлөг онгоцнууд, энэ агналтын цаашдын төлөвлөгөөний талаар болон 1, 2 дугаар хавсралтад орсон нүүдлийн зүйлүүдийн алиных нь тархац нутгийн бүсийн улс болох гэж байгаа тухайгаа Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлнэ.

3. 1, 2 дугаар хавсралтад заасан нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Талууд эдгээр зүйлүүдийг хамгаалахаар энэхүү Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор авч явуулж байгаа арга хэмжээнийхээ тухай Талуудын Бага хурлын ээлжит хуралдаан бүрээс 6 сарын өмнө Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан Талуудын Бага Хуралд мэдэгдэнэ.

Долдугаар зүйл

Талуудын Бага хурал

1.Талуудын Бага хурал нь энэ Конвенцийн шийдвэр гаргах байгууллага болно.

2.Нарийн бичгийн дарга нарын газар энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор Талуудын Бага хурлыг зарлан хуралдуулна.

3.Бага хурал өөр шийдвэр гаргаагүй бол үүнээс хойш нарийн бичгийн дарга нарын газар Талуудын Бага хурлын ээлжит хуралдааныг гурван жил тутамд хуралдуулах ба хэрвээ Талуудын гуравны нэгээс доошгүй хувь нь бичгээр хүсэлт гаргавал ээлжит бус хуралдааныг хуралдуулна.

4.Талуудын Бага хурал нь энэ Конвенцийн санхүүгийн асуудлыг зохицуулж хяналтандаа авна. Талуудын Бага хурал ээлжит хуралдаан бүрээрээ дараагийн санхүүгийн үеийн төсвийг батална. Талууд Бага хурлаас зөвшөөрөгдсөн хэмжээний татварыг уг төсөвт оруулна. Санхүүгийн дүрэм, журам, төсвийн талаархи заалт, татварын хэмжээ болон түүнд орсон өөрчлөлтийг Талууд санал нэгтэйгээр батална.

5.Талуудын Бага хурлын хуралдаан бүр энэ Конвенцийн хэрэгжилтэд хяналт тавих бөгөөд ялангуяа:

a)нүүдлийн зүйлүүдийн статусыг хянаж тодорхойлох;

b)нүүдлийн зүйлүүдийн, ялангуяа 1, 2 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн хамгаалалтад гарсан ахиц дэвшлийг хянах;

c)Шинжлэх ухааны зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газарт ажил үүргээ явуулах бололцоо өгөх заалт оруулж, удирдамжаар хангах;

d)Шинжлэх ухааны зөвлөл, Нарийн бичгийн дарга нарын газар, Талууд болон Хэлэлцээрийн дагуу байгуулагдсан аливаа байгууллагуудын тайланг хүлээн авч хэлэлцэх;

e)нүүдлийн зүйлүүдийн хамгаалалтын статусыг сайжруулах талаар Талуудад зөвлөмж гаргах, хэлэлцээрүүдийн хүрээнд гарсан ахиц дэвшлийг хянах;

f)Хэлэлцээр байгуулагдаагүй тохиолдолд зүйлүүдийн хамгаалалтын статусыг сайжруулах арга хэмжээг хэлэлцэх нүүдлийн зүйлүүд буюу нүүдлийн зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улс болох Талуудын уулзалтыг зарлан хуралдуулах тухай зөвлөмж гаргах;

g)Конвенцийн үр ашигтай байдлыг дээшлүүлэх талаар Талуудад зөвлөмж гаргах;

h)Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт арга хэмжээ авах талаар шийдвэр гаргана.

6.Талуудын Бага хурлын хуралдаан бүрээс дараагийн хуралдаан болох өдөр, газрыг товлоно.

7.Талуудын Бага хурлын хуралдаанаас хуралдааны дэгийг тогтоож батална. Конвенцид өөрөөр заагаагүй бол Талуудын Бага хурлын хуралдаанаас шийдвэр гаргахад оролцож санал өгсөн Талуудын гуравны хоёроос доошгүй санал шаардлагатай.

8.НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, энэ Конвенцийн Тал бус аливаа улс, хэлэлцээрийн дагуу Талуудаас томилсон байгууллагууд Талуудын Бага хурлын хуралдаанд ажиглагчаар оролцож болно.

9.Талуудын Бага Хурлын хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газар ирүүлсэн нүүдлийн зүйлүүдийн хадгалалт, хамгаалалт, менежментийн талаар мэдлэг туршлага бүхий, дараахь ангилалд хамаарах байгууллага, агентлагийг оролцогч Талуудын гуравны нэгээс доошгүй саналаар Талуудын Бага хурлын хуралдаанд оролцохыг зөвшөөрнө. Үүнд:

a)олон улсын төрийн болон төрийн бус байгууллага, агентлаг, тухайн улсын төрийн яам, байгууллага;

b)байрлаж байгаа тухайн улс орноос дээрх зорилгоор зөвшөөрөгдсөн засгийн газрын бус байгууллагууд;

Зөвшөөрөгдсөн тохиолдолд эдгээр ажиглагчид нь хуралдаанд оролцох боловч санал хураалтанд оролцох эрхгүй.

Наймдугаар зүйл

Шинжлэх ухааны зөвлөл

1.Талуудын Бага хурал нь анхны хуралдаанаараа шинжлэх ухааны асуудлуудаар зөвлөгөө өгөх Шинжлэх ухааны зөвлөл байгуулна.

2.Аль ч Тал мэдлэг туршлагатай шинжээчийг Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүнээр томилж болно. Гэхдээ Талуудын Бага хурлаас сонгож томилсон мэргэжлийн шинжээч нарыг Шинжлэх ухааны зөвлөлд гишүүнээр оруулах бөгөөд шинжээч нарын тоо, сонгох шалгуур, томилсон хугацаа зэргийг Талуудын Бага хурал тодорхойлно.

3.Талуудын Бага хурлаас шаардаж Нарийн бичгийн дарга нарын газар хүсэлт гаргасны дагуу Шинжлэх ухааны зөвлөл хуралдана.

4.Шинжлэх ухааны зөвлөл нь Талуудын Бага хурлаар батлагдах өөрийн дүрэм журамтай байна.

5.Талуудын Бага Хурлаас дараахь зүйлүүдийг хамарч болох Шинжлэх ухааны зөвлөлийн чиг үүргийг тодорхойлно:

a)Талуудын Бага хурал, Нарийн бичгийн дарга нарын газар болон хэрэв Талуудын Бага Хурлаас сайшаасан бол Конвенц буюу хэлэлцээрийн хүрээнд ажиллаж буй байгууллага буюу аль нэг Талд шинжлэх ухааны зөвлөгөө өгөх;

b)нүүдлийн зүйлүүдийн судалгааны ажил, түүний зохицуулалтын талаар Талуудын Бага хуралд зөвлөх болон нүүдлийн зүйлүүдийн хамгаалалтын статусыг тогтоохын тулд судалгааны ажлын үр дүнг үнэлэх ба энэхүү статусын талаар болон түүнийг сайжруулахаар авах арга хэмжээний тухай Талуудын Бага хуралд тайлагнах;

c)1, 2 дугаар хавсралтад оруулах нүүдлийн зүйлүүдийн талаар болон тэдгээр нүүдэлдэг зүйлүүдийн тархац нутгийн бүсийг заасан зөвлөмжийг Талуудын Бага хуралд оруулах;

d)Нүүдлийн зүйлүүдийн тухай хэлэлцээрт тусгах хамгаалалт, менежментийн онцгой арга хэмжээнүүдийн тухай Талуудын Бага хуралд санал дэвшүүлэх;

e)Конвенцийг хэрэгжүүлэх шинжлэх ухааны асуудлууд, ялангуяа нүүдлийн зүйлүүдийн идээшил нутагтай холбогдсон асуудлуудыг шийдвэрлэхэд Талуудын Бага хуралд санал дэвшүүлэх.

Есдүгээр зүйл

Нарийн бичгийн дарга нарын газар

1.Конвенцийг хэрэгжүүлэх үүднээс Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулна.

2.Конвенц хүчин төгөлдөр болохоос эхлэн Нарийн бичгийн дарга нарын газар нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирлын удирдлага дор байна. Гүйцэтгэх захирал өөрийн шаардлагатай гэж үзсэн хэлбэрээр зэрлэг амьтдын хамгаалалт, хадгалалт, менежментийн асуудлаар мэдлэг туршлага бүхий засгийн газар хоорондын, төрийн бус, олон улсын болон үндэсний хэмжээний байгууллагуудаас тусламж авч болно.

3.НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр цаашид Нарийн бичгийн дарга нарын газрыг санхүүжүүлж чадахгүйд хүрвэл Талуудын Бага хурлаас Нарийн бичгийн дарга нарын газрын хувьд өөр зохион байгуулалт хийнэ.

4.Нарийн бичгийн дарга нарын газрын үүрэг нь:

a) i/Талуудын бага хурал

ii/Шинжлэх ухааны зөвлөлийн хуралдаануудын үйлчилгээ зохион байгуулалтыг хариуцана.

b)Талууд, хэлэлцээрийн хүрээнд томилогдсон байгууллагууд болон нүүдэллэдэг зүйлүүдтэй холбогдсон үйл ажиллагаа явуулдаг олон улсын бусад байгууллагуудтай харилцаа холбоо тогтоож, үүнийг хөхиүлэн дэмжих;

c)Конвенцийн цаашдын зорилт, хэрэгжилттэй холбоотой мэдээлэл, тайланг зохих эх сурвалжаас олж авах, тэдгээр мэдээллийг зохистойгоор түгээх арга хэмжээ авах;

d)Конвенцийн зорилгод хамаарах аливаа асуудалд Талуудын Бага хурлын анхаарлыг хандуулах;

e)Нарийн бичгийн дарга нарын газрын ажлын тайлан ба Конвенцийн хэрэгжилтийн тухай тайланг бэлтгэж Талуудын Бага хуралд оруулах;

f)1, 2 дугаар хавсралтад орсон нүүдэллэдэг зүйлүүдийн тархац нутгийн бүсийн улсуудын жагсаалтыг гаргаж хэвлэх;

g)Талуудын Бага хурлын чиглэлийн дагуу хэлэлцээр байгуулахыг хөхиүлэн дэмжих;

h)Хэлэлцээрүүдийн жагсаалтыг гаргаж Талуудад танилцуулах, Талуудын Бага хурал шаардлагатай гэж үзвэл Хэлэлцээрийн талаархи бүх мэдээллээр хангах;

i)7 дугаар зүйлийн 5-ын e/, f/, g/ заалтын дагуу Талуудын Бага хурлаас гаргасан зөвлөмж буюу h/ заалтад холбогдох шийдвэрийн жагсаалтыг гаргаж нийтлэх;

j)Конвенц болон түүний зорилгын тухай олон нийтэд мэдээлж байх;

k)энэхүү Конвенц буюу Талуудын Бага хурлаар хүлээсэн бусад чиг үүргийг гүйцэтгэх.

Аравдугаар зүйл

Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах

1.Талуудын Бага хурлын ээлжит болон ээлжит бус хуралдаанаар энэхүү Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулж болно.

2.Нэмэлт өөрчлөлт оруулах саналыг аль ч Тал гаргаж болно.

3.Санал болгож байгаа нэмэлт өөрчлөлтийн эх бичвэр болон нэмэлт өөрчлөлт хийх болсон шалтгааныг энэ асуудлыг хэлэлцэх хуралдаанаас дор хаяж нэг зуун тавь хоногоос доошгүй хугацааны өмнө Нарийн бичгийн дарга нарын газарт илгээх ба Нарийн бичгийн дарга нарын газар энэ талаар бүх Талуудад даруй мэдэгдэнэ. Эх бичвэрийн талаархи саналаа Талууд хуралдаан эхлэхээс жар хоногоос доошгүй хугацааны өмнө Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар санал ирүүлэх хугацаа дуусмагц энэ өдрийг хүртэл ирсэн бүх саналуудыг Талуудад дамжуулна.

4.Оролцож санал өгч байгаа Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар нэмэлт өөрчлөлт батлагдана.

5.Батлагдсан нэмэлт өөрчлөлтүүд нь тэдгээрийг хүлээн зөвшөөрсөн бүх Талуудын хувьд Конвенцид оролцогч Талуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ Гэрээ хадгалагчид өгснөөс хойш гуравдах сарын эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Талуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ Гэрээ хадгалагчид өгсөн Талуудын хувьд тухайн Тал эдгээр нэмэлт өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ Гэрээ хадгалагчид өгснөөс хойш гурав дахь сарын эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Арван нэгдүгээр зүйл

Хавсралтуудад нэмэлт өөрчлөлт оруулах

1.Талуудын Бага хурлын ээлжит болон ээлжит бус хуралдаанаар 1 ба 2 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж болно.

3.Санал болгож байгаа нэмэлт өөрчлөлтийн эх бичвэр болон нэмэлт өөрчлөлт хийх болсон боломжит шинжлэх ухааны баталгаан дээр тулгуурласан шалтгааныг хуралдаанаас нэг зуун тавь хоногоос доошгүй хугацааны өмнө Нарийн бичгийн дарга нарын газарт илгээх ба Нарийн бичгийн дарга нарын газар энэ талаар бүх Талуудад даруй мэдэгдэнэ. Эх бичвэрийн талаархи саналаа Талууд хуралдаан эхлэхээс жар хоногоос доошгүй хугацааны өмнө Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар санал ирүүүлэх хугацаа дуусмагц энэ өдрийг хүртэл ирсэн бүх саналуудыг Талуудад хүргүүлнэ.

4.Оролцож санал өгч байгаа Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар нэмэлт өөрчлөлтийг батална.

5.Хавсралтуудад хийгдсэн нэмэлт өөрчлөлт Талуудын Бага хурлын хуралдаанаар батлагдсан өдрөөс хойш 90 хоногийн дараа энэ зүйлийн 6-д заасны дагуу тайлбар хийсэн Талуудаас бусад бүх Талуудын хувьд хүчин төгөлдөр болно.

6.Энэ зүйлийн 5-д заасан 90 хоногийн хугацаанд аль нэг Тал нэмэлт өөрчлөлтийн талаар Гэрээ хадгалагчид бичгээр мэдэгдэн тайлбар хийж болно. Нэмэлт өөрчлөлтийн талаар хийсэн тайлбарыг Гэрээ хадгалагчид бичгээр мэдэгдэж буцааж авч болох бөгөөд тухайн Талын хувьд тайлбараа буцааж авснаас хойш 90 хоногийн дараа нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болно.

Арван хоёрдугаар зүйл

Олон улсын Конвенц болон бусад хууль

тогтоомжид үзүүлэх нөлөө

1.Энэхүү Конвенцийн заалтууд нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2750 С/ХХҮ/ шийдвэрийн дагуу хуралдсан Далайн эрх зүйн тухай НҮБ-ын Бага Хурлаас гаргасан далайн эрх зүйн заалт, тайлбарууд болон далайн эрх зүйд хамаарах аль ч улсын одоо болон ирээдүйн шаардлага хууль зүйн үзэл баримтлал, эргийн болон төрийн далбаагаа мандуулсан улсуудын шүүх эрх зүйн хэм хэмжээг хөндөхгүй.

2.Энэхүү Конвенцийн заалтууд нь орлцогч аль нэг Талын гэрээ, конвенц, хэлэлцэрээр хүлээсэн эрх, үүргийг үл хөндөнө.

3.Энэхүү Конвенцийн заалтууд нь Талуудын улс орондоо 1 ба 2 дугаар хавсралтад заасан нүүдэллэдэг зүйлүүдийг хамгаалахтай холбогдсон дотоодын хатуу арга хэмжээ авах буюу 1 ба 2 дугаар хавсралтад ороогүй зүйлүүдийг хамгаалах арга хэмжээ авах эрхийг хөндөхгүй.

Арван гуравдугаар зүйл

Маргаан шийдвэрлэх

1.Хоёр буюу хэд хэдэн Талын хооронд энэ Конвенцийг тайлбарлах, хэрэглэх явцад ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд түүнийг маргаанд оролцогч Талууд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ.

2.Хэрэв маргааныг энэ зүйлийн 1-д зааснаар шийдэж чадахгүй бол Талууд харилцан зөвшилцөж арбитрт, тухайлбал Гаага хот дахь Арбитрын байнгын шүүхэд хандаж болох бөгөөд Талууд арбитраас гаргасан шийдвэрийг биелүүлнэ.

Арван дөрөвдүгээр зүйл

Тайлбар хийх

1.Энэхүү Конвенцийн заалтуудад ерөнхий тайлбар хийгдэхгүй. Энэ зүйл болон 11-р зүйлд заасны дагуу тусгай тайлбар хийж болно.

2.Улс орнууд болон бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсаны дараа 1 ба 2 дугаар хавсралт, эсхүл хамтад нь эсхүл аль нэг нүүдэллэдэг зүйлтэй холбогдсон тайлбар илгээж болох ба Гэрээ хадгалагч тухайн Тал тайлбараа буцааж авсан тухай Талуудад мэдэгдэл илгээснээс хойш 90 хоног хүртэл хугацаанд тэдгээр улс нь Оролцогч Талд тооцогдохгүй.

Арван тавдугаар зүйл

Гарын үсэг зурах

Энэхүү Конвенц нь бүх улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд гарын үсэг зурахад зориулж Бонн хотноо 1980 оны 6 сарын 22-ныг хүртэл нээлттэй байна.

Арван зурГАдугаар зүйл

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, сайшаан дэмжих

1.Энэхүү Конвенц нь соёрхон батлагдах, хүлээн зөвшөөрөгдөх, батлагдах баримт бичиг юм. Соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан тухай баримт бичгийг Конвенцийн Гэрээ хадгалагч болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газарт өгч хадгалуулна.

Арван долдугаар бүлэг

Нэгдэн орох

Энэ Конвенц нь 1980 оны 6 сарын 22-ноос эхлэн гарын үсэг зураагүй бүх улс орон, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нэгдэн ороход нээлттэй байна. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Гэрээ хадгалагчид өгч хадгалуулна.

Арван наймдугаар бүлэг

Хүчин төгөлдөр болох

1.Энэхүү Конвенц нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай арван тав дахь баримт бичгийг Гэрээ хадгалагчид өгсөн өдрөөс хойш гурав дахь сарын эхний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

2.Энэ Конвенц нь түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу энэ тухай 15 дахь баримт бичгийг Гэрээ хадгалагчид өгсний дараа түүнд нэгдэн орсон оролцогч улс орон, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан, нэгдэн орсон тухай баримт бичгээ Гэрээ хадгалагчид өгсөн өдрөөс хойш 90 дэх өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Арван есдүгээр бүлэг

Конвенциос гарах

Талууд аль ч үед энэхүү Конвенцийг цуцлах тухайгаа Гэрээ хадгалагчид бичгээр мэдэгдэж болно. Конвенцийн Гэрээ хадгалагч мэдэгдэл хүлээн авснаас хойш 12 сарын дараа Конвенцийг цуцлах явдал хүчин төгөлдөр болно.

Хорьдугаар бүлэг

Гэрээ хадгалагч

1.Энэхүү Конвенцийн англи, франц, герман, орос, испани хэл дээрх эх бичвэрүүд нь адил хүчинтэй бөгөөд Гэрээ хадгалагчид хадгалагдана. Гэрээ хадгалагч нь энэ Конвенцид гарын үсэг зурсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хүргүүлсэн бүх улс орон, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудад эдгээр эх бичвэрүүдийн баталгаажуулсан хувийг илгээнэ.

2.Гэрээ хадгалагч нь холбогдох Засгийн газруудтай зөвлөлдсөний дараа энэ Конвенцийн эх бичвэрийн араб болон хятад хэл дээрх албан ёсны орчуулгыг бэлтгэнэ.

3.Гэрээ хадгалагч нь гарын үсэг зурсан ба нэгдэн орсон улс гүрэн ба бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд, Нарийн бичгийн дарга нарын газарт гарын үсэг зурсан тухай болон соёрхон баталсан, хүлээн звшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулсан тухай, энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон тухай, Конвенцид хийсэн нэмэлт өөрчлөлт, тусгай тайлбар ба Конвенцийг цуцалсан тухай мэдэгдлүүдийн талаар мэдээлж байна.

4.Гэрээ хадгалагч энэхүү Конвенц хүчин төгөлдөр болмогц эх бичвэрийн албан ёсны хувийг НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт НҮБ-ын дүрмийн 102 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэх болон хэвлүүлэхээр илгээнэ.

ДЭЭРХИЙГ НОТОЛЖ зохих бүрэн эрх олгогдсон төлөөлөгч нар энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

Конвенцийг 1979 оны 6 сарын 2З-ны өдөр Бонн хотноо үйлдэв.

КОНВЕНЦИЙН 1, 2 ДУГААР ХАВСРАЛТ

/1985, 1988, 1991, 1994 онуудын Талуудын бага хурлаар нэмэлт өөрчлөлт хийснээр/

Хүчин төгөлдөр болсон: 1994-09-09

1 ДҮГЭЭР ХАВСРАЛТ

Тайлбар

1.Энэ хавсралтанд орсон нүүдлийн зүйлүүдэд:

a)зүйл эсхүл дэд зүйл,

b)зүйл эсхүл нүүдлийн салбар зүйлүүд хамаарна.

2.Салбар зүйлийн нэрээр зүйлийг лавламжид зөвхөн мэдээллийн буюу ангиллын зорилгоор хамааруулав.

3."/s.1/" товчлол нь латин нэр нь өргөн утгаар хэрэглэгддэгийг тэмдэглэв.

4.Зүйлийн нэрийн дараа тавьсан /*/ тэмдэг нь уг зүйл, уг зүйлийн тусгаарлагдсан популяци, эсхүл салбар зүйл нь 2 дугаар Хавсралтанд орсон болохыг заана.

2 ДУГААР ХАВСРАЛТ

a)зүйл эсхүл дэд зүйлийн нэр,

Өөрөөр заагаагүй бол лавламжинд зүйлээс салбар зүйл дээгүүр байхаар хийгдсэн үед тэр салбар зүйл доторхи нүүдлийн бүх зүйлүүд нь байгуулагдах хэлэлцээрээс ихээхэн ашиг олох бололцоотой.

2.Овгийн буюу багийн нэрийн дараахь "spp" товчлол нь тэр овгийн доторхи нүүдлийн бүх зүйлийг тэмдэглэхэд хэрэглэгдэв.

3.Зүйлээс салбар зүйлийг дээгүүр тавьсан нь зөвхөн мэдээлэл, ангиллын зорилготой болно.

4."/s.1/" товчлол нь латин нэр нь өргөн утгаар хэрэглэгддэгийг тэмдэглэв.

5.Зүйл эсхүл салбар зүйлийн нэрийн дараа тавьсан /*/ тэмдэг нь уг зүйл, тэдгээрийн тусгаарлагдсан популяци, эсвэл салбар зүйлд орох нэг буюу хэд хэдэн зүйл 1 дүгээр Хавсралтад орсон болохыг заана.