A

A

A

  • Нүүр
  • Олон талт гэрээ
  • ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ХУДАЛДААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ
Бүлэг: 1979

ЗЭРЛЭГ АМЬТАН БА УРГАМЛЫН АЙМГИЙН ХОВОРДСОН

ЗҮЙЛИЙГ ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД

ХУДАЛДААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦ

Удиртгал

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД:

Зэрлэг амьтан, ургамлын аймаг нь олон төрөл зүйл, үзэсгэлэнт сайхан болоод янз бүрийн хэлбэр төрхөөрөө энэ ертөнцийн байгалийн тогтолцооны орлуулашгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тэдгээрийг хамгаалж өнөөгийн болоод хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээх ёстойг хүлээн зөвшөөрч;

Гоо зүй, шинжлэх ухаан, соёл, амралт, эдийн засгийн үүднээс зэрлэг амьтан, ургамлын аймгийн үнэ цэнэ улам бүр өсөн нэмэгдэж буйг ухамсарлан;

Ард түмэн, улс гүрнүүд нь зэрлэг амьтан, ургамлын аймгаа хамигийн сайн хамгаалагчид байх ёстойг хүлээн зөвшөөрч;

Түүнчлэн зэрлэг амьтан, ургамлын зарим зүйлийг олон улсын хэмжээнд хэтрүүлэн ашиглах явдлыг зохицуулахад олон улсын хамтын ажиллагаа нэн шаардлагатай байгааг хүлээн зөвшөөрч;

Энэ зорилгын үүднээс зохих арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байгаад итгэж;

Дараахь зүйлийг харилцан тохиролцов:

НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Тодорхойлолт

Утгын хувьд өөр агуулга шаардагдахгүй бол энэхүү Конвенцийн зорилгод;

a.”Зүйл” гэж аливаа амьтан, ургамлын зүйл, салбар зүйл мөн тэдгээрийн газар зүйн хувьд тусгаарлагдмал бүлийг хэлнэ.

b.”Биет” гэж дараах байдлыг хэлнэ;

(i)амьд байгаа аливаа амьтан, ургамал, эсвэл тэдгээрийн цогцос, үлдэгдэл;

(ii)амьтны хувьд: 1, 2 дугаар хавсралт дахь зүйлүүдийн хувьд, тэдгээрийн хялбархан танигдах аливаа эд хэсэг буюу амьтны гаралтай зүйлс, 3 дугаар хавсралт дахь зүйлүүдийн хувьд мөн хавсралтад тодорхойлсон хялбархан танигдах эд хэсэг буюу амьтны гаралтай зүйлс;

(iii)ургамлын хувьд тухайд: 1 дүгээр хавсралт дахь зүйлүүдийн хувьд тэдгээрийн хялбархан танигдах аливаа эд хэсэг буюу тэдгээрийн гаралтай зүйлс, 2, 3 дугаар хавсралт дахь зүйлүүдийн хувьд эдгээр хавсралтаар тодорхойлсон хялбархан танигдах аливаа эд хэсэг буюу тэдгээрийн гаралтай зүйлс;

c.”Худалдаа” гэдэг экспорт, импорт, реэкспорт, далай тэнгисээс олзворлон оруулж ирэх үйл ажиллагаа.

d.“Реакспорт” гэж урьд нь импортоор оруулж ирсэн аливаа биетийг экспортлож гаргахыг хэлнэ.

e.“Далай, тэнгисээс олборлон оруулах” гэж аль ч улс оронд харьяалагддаггүй далай, тэнгисийн орчноос аливаа зүйлийн нөлөөлөх биетийг олзворлон аль нэг улсад тээвэрлэн оруулахыг хэлнэ.

f.“Шинжлэх ухааны байгууллага” гэж энэ Конвенцийн есдүгээр зүйлд заасны дагуу байгуулагдсан Үндэсний шинжлэх ухааны эрх бүхий байгууллагыг хэлнэ.

g.”Удирдан зохицуулах байгууллага” гэж энэ Конвенцийн есдүгээр зүйлд заасны дагуу байгуулагдсан Үндэсний Удирдан зохицуулах байгууллагыг хэлнэ

h.”Тал” гэж энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон улс.

ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Үндсэн зарчмууд

1.Устах аюулд орсон, худалдаалах үйл ажиллагаанд өртөгдөж байгаа буюу цаашид өртөгдөж болох бүх зүйлүүд 1 дүгээр хавсралтад багтана. Эдгээр зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг худалдаалахыг зөвхөн онцгой нөхцөлд зөвшөөрөх ба худалдаалах үйл ажиллагааг тэдгээрийн оршин тогтнох байдал аюул занал учруулахгүйгээр хатуу хяналт, зохицуулалтын дор явуулна.

2. 2 дугаар хавсралтад дараахь зүйл багтана:

a.Хэдийгээр эдүүгээ устах аюул заналхийлээгүй боловч тэдгээрийн цаашид оршин тогтноход харшлахаар ашиглалт явуулахгүй байх үүднээс тэдгээрийн төлөөлөх биетийн худалдааг хатуу хяналт зохицуулалтын дор явуулах шаардлагатай бүх зүйлүүд;

b.Энэ зүйлийн 2 дахь хэсгийн а-д заасан зарим зүйлийг төлөөлөх биетийн худалдааг үр нөлөөтэй хяналтын дор явуулахын тулд хууль тогтоомжоор зохицуулагдах бусад зүйлүүд.

3. 3 дугаар хавсралтад аливаа Талд ашиглах явдал гаргуулахгүй байх, түүнийг хязгаарлах зорилгоор өөрийн үндэсний хуулийн үйлчлэх хүрээнд зохицуулах шаардлагатай хэмээн тодорхойлсон ба тэдгээрийг худалдаалах явдлыг хянахад бусад Талуудтай хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэж байгаа бүх зүйлүүд багтана.

4.Энэхүү Конвенцийн заалтуудыг зөрчиж 1, 2, 3 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетийг худалдаалах явдлыг Талууд зөвшөөрөх ёсгүй.

ГУРАВДУГААР ЗҮЙЛ

1 дүгээр хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх

биетийг худалдаалах ажлыг зохицуулах

1. 1 дүгээр хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетийг худалдаалах буй үйл ажиллагааг явуулахдаа энэ зүйлийн холбогдох заалтуудыг мөрдлөг болгоно.

2. 1 дүгээр хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх аливаа биетийг экспортлохдоо экспортын зөвшөөрлийг урьдчилан авч танилцуулсан байх шаардлагатай. Экспортын зөвшөөрлийг зөвхөн дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд олгоно.

a.экспортлосноор уг зүйлийн оршин тогтноход хор хохирол учрахгүй гэсэн дүгнэлтийг экспортлогч орны Шинжлэх ухааны байгууллага гаргасан байх;

b.уг биетийг олж авахдаа тухайн орны амьтан, ургамлын аймгийг хамгаалах талаарх хууль, тогтоомжийг зөрчөөгүй болохыг экспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх;

c.гадаадад гаргах аливаа амьд биетийг гэмтээхгүй, эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй, тэдэнтэй хэрцгий харьцахгүй байх болон тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэн зохицуулсныг экспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх;

d.тухайн биетийг оруулах импортын зөвшөөрөл олгосон эсэхийг экспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх;

3. 1 дүгээр хавсралтад орсон зүйлүүдийн зүйлүүдийн төлөөлөх аливаа биетийг импортлохдоо импорт буюу импортын зөвшөөрөл, эсхүл реэкспортын гэрчилгээг урьдчилан авч танилцуулсан байх шаардлагатай. Импортын зөвшөөрлийг зөвхөн дараахь нөхцөлийг хангасан тохиоолдолд олгоно:

а.тухайн зүйл оршин тогтноход импортын зорилго харшлахгүй гэсэн дүгнэлтийг импортлогч орны Шинжлэх ухааны байгууллага гаргасан байх;

b.аливаа амьд биетийг хүлээн авахаар төлөвлөж байгаа Тал нь зохих ёсоор тоноглосон зориулалтын байртай, арчилж маллах бололцоотой эсэхийг импортлогч орны Шинжлэх ухааны байгууллага магадласан байх;

c.тухайн биетийг худалдаалах зорилгоор ашиглахгүй болохыг импортлогч орны Удирдан зохицуулах байгууллага тодруулсан байх.

4. 1 дүгээр хавсралтад орсон зүйлүүдийг төлөөлөх аливаа биетийг реэкспортоор гаргахдаа реэкспорын гэрчилгээг урьдчилан авч танилцуулсан байх шаардлагатай. Реэкспорын гэрчилгээг зөвхөн дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд олгоно:

a.уг биетийг тухайн оронд импортлон оруулахдаа энэхүү Конвенцийг мөрдлөг болгосныг реэкспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадлсан байх;

b.аливаа амьд биетийг гэмтээхгүй, эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй, тэдэнтэй хэрцгий харьцахгүй байх болон тээвэрлэх нөхцөлийг аль болохоор бүрдүүлэн зохицуулсныг реэкспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага тодруулсан байх.

c.импортоор оруулах аливаа амьд биетэд импортын зөвшөөрөл олгох эсэхийг реэкспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадлсан байх.

5. 1 дүгээр хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх аливаа биетийг далай тэнгисээс олзворлон авч оруулахын тулд оруулагч орны Удирдан зохицуулах байгууллагаас урьдчилан гэрчилгээ авсан байх шаардлагатай. Гэрчилгээг зөвхөн дараахь нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд олгоно:

a.аливаа зүйлийг олзворлож оруулснаар тухайн зүйлийн цаашид оршин тогтноход хор хохирол учрахгүй гэсэн дүгнэлтийг оруулж буй орны Шинжлэх ухааны байгууллага гаргасан байх;

b.уг амьд биетийг хүлээн авахаар төлөвлөж байгаа Тал нь шаардлагын дагуу тоноглосон зориуулалтын байртай, арчилж маллах бололцоотой эсэхийг оруулагч орны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх.

c.тухайн биетийг худалдаалах зорилгоор ашиглахгүй болохыг оруулж байгаа орны Удирдан зохицуулах байгууллага тодруулсан байх.

ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

2 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг

 худалдаалах ажлыг зохицуулах

1. 2 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх аливаа биетүүдийг худалдаалах бүх ажиллагааг явуулахдаа энэ зүйлийг мөрдлөг болгоно.

2.дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх аливаа биетийг экспортлохын тулд экспортын зөвшөөрлийг урьдчилан авч танилцуулсан байх шаардлагатай. Экспортын зөвшөөрлийг зөвхөн дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд олгоно:

a.Экспортод гаргаснаар тухайн зүйлийн оршин тогтноход хор хохирол учрахгүй гэсэн дүгнэлтийг экспортлогч орны Шинжлэх ухааны байгууллага гаргасан байх;

 b. уг биетийг олж авахдаа тухайн орны амьтан, ургамлын аймгийг хамгаалах талаарх хууль тогтоомжийг зөрчөөгүй болохыг экспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх;

c.аливаа аливаа амьд биетийг гэмтээхгүй, эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй, тэдэнтэй хэрцгий харьцахгүй байх болон тээвэрлэх нөхцөлийг аль болохоор бүрдүүлэн зохицуулсныг экспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх.

3.Талуудын Шинжлэх ухааны байгууллагууд нь 2 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг гаргахад зориулж, тухайн улсаас олгосон экспортын зөвшөөрөл болон Шинжлэх ухааны байгууллага 1 дүгээр хавсралтад оруулснаас илүү өндөр түвшинд экосистемдээ байр суурь эзэлж байдаг аливаа зүйлийн төлөөлөх биетүүдийг экспортлох явдлыг хязгаарлах шаардлагатай гэж үзвэл тухайн зүйлийн төлөөлөх биетүүдийг экспортлох зөвшөөрлийг хязгаарлах арга хэмжээ авахыг холбогдох Удирдан зохицуулах байгууллагад зөвлөнө.

4. 2 дугаар дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх аливаа биетийг Импортлохдоо экспортлох зөвшөөрөл буюу эсхүл реэкспортын гэрчилгээ урьдчилан авч танилцуулсан байх шаардлагатай.

5. 2 дугаар дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх аливаа биетийг Реэкспортлоход урьдчилан реэкспортын гэрчилгээ авч танилцуулахыг шаардлагатай. Реэкспортын гэрчилгээг зөвхөн дараахь нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд олгоно:

a.уг биетийг тухайн оронд импортлохдоо энэхүү Конвенцийг мөрдлөг болгож байгааг реэкспортлогч ороны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх.

b.аливаа амьд биетийг гэмтээхгүй, эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй, тэдэнтэй хэрцгий харьцахгүй байх болон тээвэрлэх нөхцөлийг аль болохоор бүрдүүлэн зохицуулсныг реэкспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх.

6. 2 дугаар дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх аливаа биетийг далай тэнгисээс олзворлон авч оруулах уг биетийг оруулагч ороны Удирдан зохицуулах байгууллагаас урьдчилан гэрчилгээ авах шаардлагатай. Гэрчилгээг зөвхөн дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд олгоно:

a.олзворлон авч нэвтрүүлснээр тухайн биетийн оршин тогтноход аюул занал учруулахгүй гэсэн дүгнэлтийг оруулагч орны Шинжлэх ухааны байгууллага гаргасан байх;

b.аливаа амьд биетийг гэмтээхгүй, эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй, тэдэнтэй хэрцгий харьцахгүй байх болон тээвэрлэх нөхцөлийг аль болохоор бүрдүүлэн зохицуулсныг олборлон авч оруулж байгаа орны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт дурдсан гэрчилгээг Шинжлэх ухааны байгууллагын зөвлөмжийг үндэслэн нэг жилээс илүүгүй хугацаагаар олгож болох ба олгох хугацаа, тухайн хугацаанд оруулах биетүүдийн нийт тооны талаар үндэсний шинжлэх ухааны бусад байгууллагууд, шаардлагатай гэж үзвэл олон улсын шинжлэх ухааны байгууллагуудтай санал солилцсон байна.

ТАВДУГААР ЗҮЙЛ

3 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх

биетүүдийг худалдаалах ажлыг зохицуулах

1. 3 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг худалдаалах бүх үйл ажиллагааг явуулахдаа энэ зүйлийг мөрдлөг болгоно.

2. 3 дугаар хавсралтад тэрхүү зүйлийг оруулсан аливаа орноос уг хавсралтад орсон зүйлийн төлөөлөх аливаа биетийг экспортлохдоо урьдчилан экспортлох зөвшөөрөл авч танилцуулах шаардлагатай. Экспортлох зөвшөөрлийг зөвхөн дараахь нөхцөлийг биелүүлсэн тохиолдолд олгоно:

a.уг биетийг олж авахдаа тухайн орны амьтан, ургамлын аймгийг хамгаалах талаархи хууль тогтоомжийг зөрчөөгүй болохыг экспортлогч улсын Удирдан зохицуулах байгууллага магадласан байх.

b.аливаа амьд биетийг гэмтээхгүй, эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй, тэдэнтэй хэрцгий харьцахгүй байх болон тээвэрлэх нөхцөлийг аль болохоор бүрдүүлэн зохицуулсныг экспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадласан байх.

3.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт зааснаас бусад нөхцөлд 3 дугаар хавсралтад орсон зүйлийг төлөөлөх аливаа биетийг импортлоход түүний гарал үүслийн тухай гэрчилгээг урьдчилан танилцуулах ба хэрэв уг биетийг 3 дугаар хавсралтад оруулсан орноос импортлож байгаа бол экспортлох зөвшөөрөл авч танилцуулах шаардлагатай.

4.Реэкспортлох тохиоолдолд тухайн биетийг тэр оронд боловсруулан реэкспортоор гаргаж байгаа болохыг нотолж реэкспортлогч орны Удирдан зохицуулах байгууллагаас олгосон гэрчилгээг импортлогч орон тухайн биетийн талаар энэхүү Конвенцийн заалтууд хэрэгжиж буйг батлах баримт болгон хүлээж авна.

ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

Зөвшөөрөл ба гэрчилгээ

1. 3, 4, 5 дугаар зүйлийн заалтуудын дагуу олгосон зөвшөөрөл ба гэрчилгээ нь энэ заалтуудтай тохирч байх ёстой.

2.Аливаа экспортын зөвшөөрөл нь 4 дүгээр хавсралт дахь албан загварт заасан мэдээ сэлтийг өөртөө агуулах ба түүнийг олгосон өдрөөс нь хойш зургаан сарын хугацаанд ашиглаж болно.

3.Зөвшөөрөл гэрчилгээ бүрт энэ Конвенцийн нэр, олгосон Удирдан зохицуулах байгууллагын нэр, тамга, мөн байгууллагаас олгосон хяналтын дугаар байна.

4.Удирдан зохицуулах байгууллагаас олгосон бүх зөвшөөрөл буюу гэрчилгээний дээр хувь /хуулбар гэж тодорхой тэмдэглэсэн байх бөгөөд тэдгээрийг сунгаж баталгаажуулалгүйгээр жинхэнэ эх хувийн оронд ашиглаж болохгүй/

5.Аль нэг хэсэг биетийг тээвэрлэхэд жич зөвшөөрөл буюу гэрчилгээ авах шаардлагатай.

6.Аливаа биетийг импортлогч орны Удирдан зохицуулах байгууллага нь экспортын зөвшөөрөл, реэкспортын гэрчилгээ мөн тухайн биетийг импортлохтой холбогдсон аливаа зөвшөөрлийг хүчингүй болгох ба хэвээр үлдээх эрх эдэлнэ.

7.Удирдан зохицуулах байгууллага аливаа биетийг тодорхойлох үйл ажиллагааг хялбар болгохын тулд түүний тохиромжтой боломжтой газар нь тэмдэг тавьж болно. Энэ зорилгоор “Тэмдэг” гэдэг нь аливаа биетийг тодорхойлон тогтоох зориуулалттай, үл арилах дардас, тугалган лац байх бөгөөд аливаа хүмүүс түүнийг дуурайлган үйлдэхэд аль болохоор төвөгтэй байхаар хийсэн байна.

ДОЛДУГААР ЗҮЙЛ

Худалдаанд үл хамаарах болон бусад

онцгой заалтуудын тухай

1. 3, 4, 5 дугаар зүйлийн заалтуудыг тухайн биетүүдийг гаалийн хяналтад байгаа үед аль нэг Талын нутгаар тээвэрлэн өнгөрөх юмуу тухайн нутаг дэвсгэрт тээвэрлэхэд хэрэглэхгүй.

2.Энэхүү Конвенцийн заалтуудыг тухайн биетэд хэрэглэхээс өмнө уг биетийг олж авсныг экспортлогч болон экспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадласан тохиолдолд 3, 4, 5 дугаар зүйлийн заалтуудыг хэрэглэхгүй бөгөөд Удирдан зохицуулах байгууллага үүнийг нотолж гэрчилгээ олгоно.

3. 3, 4, 5 дугаар зүйлийн заалтуудыг гэрийн мал ба хувийн амьтан, ургамлын зүйлүүдэд хэрэглэхгүй. Эдгээр нь үл хамаарах тухай заалтыг дараахь нөхцөлд хэрэглэхгүй:

a.1 дүгээр хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг эзэд нь байнга оршин суугаа орноос өөр газраас олж авсан бөгөөд уг биетийг оршин суудаг орондоо импортолж байгаа;

b.2 дугаар дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетүүдийн хувьд:

тэдгээрийг эзэн нь байнга оршин суугаа улсаасаа өөр аль нэг улсын зэрлэг амьтан, ургамлын аймгаас олж авсан бол;

зэрлэг амьтан, ургамлынхаа аймгаас уг биетүүдийг олгосон орон тэдгээрийг экспортлохын өмнө урьдчилан экспортын зөвшөөрөл олгохыг шаардаж байгаа бол.

Энэхүү Конвенцийн заалтуудыг биетүүдийн хувьд хэрэглэхээс өмнө тэдгээрийг олж авсныг Удирдан зохицуулах байгууллага магадлаж тогтоосон тохиоолдлыг үүнд хамааруулахгүй.

4. 1 дүгээр хавсралтад орсон амьтны зүйлүүдийн төлөөлөх биетийг худалдаалах зорилгоор хорионд өгсөн үржүүлж юмуу ургамлын зүйлүүдийн төлөөлөх биетийг тарьж ургуулж байгаа бол 2 дугаар хавсралт дахь зүйлүүдийн биетүүдэд хамааруулж үзнэ.

5. Хэрэв амьтны зүйлийг төлөөлөх ямар нэг биетийг хорионд өгсөн үржүүлсэн буюу ургамлын зүйлийн төлөөлөх биетийг тарьж ургуулсан, эсхүл амьтан, ургамлын эд хэсэг, тэдгээрийн гаралтай зүйлс болхыг экспортлогч орны Удирдан зохицуулах байгууллага магадлан тогтоосон тохиолдолд тухайн байгууллагаас олгох үнэмлэхийг 3, 4, 5 дугаар зүйлийн заалтууд дахь зөвшөөрөл, гэрчилгээний оронд авна.

6. 3, 4, 5 дугаар зүйлийн заалтууд нь тухайн орны Удирдан зохицуулах байгууллагад бүртгэлтэй эрдэмтэд буюу эрдэм шинжилгээний байгууллагуудын хооронд арилжааны бус зориулалтаар биетүүдийг түр хэрэглэх, бэлэглэх, дурсгах, солилцох. Удирдан зохицуулах байгууллагаас олгосон баталгаатай шошго бүхий биетүүдийг цуглуулга, музейд зориуулж хадгалах, хатаасан, эсхүл ариутгасан биетүүд, амьд ургамал, эд хэсгийг шилжүүлэх зэрэгт хамаарахгүй.

7. Аль нэг улсын Удирдан зохицуулах байгууллага 3, 4, 5 дугаар зүйлийн шаардлагаас татгалзаж, амьтны нүүдлийн хүрээлэн, цирк, амьтан, ургамлын үзэсгэлэн буюу бусад төрлийн явуулын үзүүлбэрийн хэсгийг зөвшөөрөл ба гэрчилгээгүйгээр тээвэрлэхийг дараахь нөхцөлийг хангасан тохиолдолд зөвшөөрч болно:

a.экспортлогч буюу импортлогч нь Удирдан зохицуулах байгууллагад тухайн биетүүдээ тодорхой бүртгүүлсэн байх;

b.тухайн биетүүд нь энэ зүйлийн 2, 5 дугаар заалтуудын аль нэгтэй тохирсон байх;

c.аливаа амьд амьтныг тээвэрлэх, маллахдаа гэмтээхгүй, эрүүл мэндэд нь хор хохирол учруулахгүй ба тэдгээртэй хэрцгий харьцахгүй гэдгийг Удирдан зохицуулах байгууллага магадласан байх.

НАЙМДУГААР ЗҮЙЛ

Хэлэлцэн тохирогч Талуудаас авах арга хэмжээ

1.Талууд энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэх болон энэ Конвенцийн заалтуудыг зөрчиж биетүүдийг худалдаалах явдлыг хориглон зогсоох талаар холбогдох арга хэмжээг авч байна. Эдгээр арга хэмжээнд дараах асуудал хамаарна:

a.тухайн биетүүдийг худалдаалсан буюу эзэмшсэнийнх нь төлөө шийтгэл ногдуулах;

b.тухайн биетүүдийг хураан авах, эсвэл экспортолсон улсад нь эргүүлж өгөх зэрэг үйл ажиллагаа.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээнээс гадна тус Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан авсан арга хэмжээг зөрчиж худалдаалсан биетийг хураасны улмаас учирсан хохирлыг аливаа Тал дотооддоо нөхөн төлөх талаар зохистой механизм хэрэглэж болно.

3.Биетүүдийг худалдаалах үйл ажиллагаанд хяналт, шалгалт тавихдаа тэдгээрийг аль болохоор саатуулахгүйгээр нэвтрүүлэхэд Талууд бололцооныхоо хэрээр дэмжлэг үзүүлнэ. Дээрх нөхцөлийг хангах үүднээс аливаа Талууд нь биетүүдээ шалгуулж нэвтрүүлэх хилийн боомтоо сонгон авч болно. Үүний сацуу Талууд дамжуулан өнгөрүүлэх, зогсоолд байлгах, тээвэрлэх аль ч үед тухайн бүх амьд биетүүдэд зохих анхаарал тавьж, тэдгээрийг гэмтээхгүй, эрүүл мэндэд нь хол хохирол учруулахгүй, тэдэнтэй хэрцгий харьцахгүй байх нөхцөлийг аль болох хангах үүрэг хүлээнэ.

4.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээний дагуу амьд биетийг хураан авч байгаа бол:

a.тухайн биетийг хураан авсан орны Удирдан зохицуулах байгууллагын мэдэлд шилжүүлж маллуулах;

b.Удирдан зохицуулах байгууллага экспортлогч оронтой зөвлөсний дараа уг биетийг тухайн орны өөрийнх нь зардлаар буцаах, эсхүл аврах төвд юмуу энэхүү Конвенцийн зорилгод нийцэх өөр аль нэг газар шилжүүлэх;

c.энэ зүйлийн 6-д заасны дагуу шийдвэр гаргахад тус дөхөм үзүүлэх ба түүний дотор аврах төв буюу өөр газрыг сонгохын тулд Удирдан зохицуулах байгууллага нь шинжлэх ухааны байгууллагаас зөвлөгөө авах, шаардлагатай гэж үзвэл Нарийн бичгийн дарга нарын газартай санал бодол солилцож болно.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан аврах төв гэдэг нь амьд биетүүдийг, тухайлбал хураагдсан зүйлүүдийг харж хандаж байх үүргийг Удирдан зохицуулах байгууллагаас авсан байгууллага юм.

6.Талууд 1, 2, 3 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг худалдаалж байгаа талаар бүртгэл хөтлөх бөгөөд тэр нь дараахь мэдээ сэлтийг өөртөө агуулна:

a)экспортлогч ба импортлогчийн нэр хаяг;

b)олгосон зөвшөөрөл, гэрчилгээний тоо, төрөл, уг худалдааг хийсэн улс орны нэр, 1, 2, 3 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн нэрс хийгээд тэднийг төлөөлөх биетүүдийн тоо, төрөл, шаардлагатай бол биетийн хэмжээ хүйс.

7.Талууд энэхүү Конвенцийг хэрэгжүүлж буй талаар дор дурдсан хугацаанд тайлан бэлтгэж Нарийн бичгийн дарга нарын газарт явуулна:

a.энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан мэдээллийн талаархи тайланг жил бүр;

b.энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль зүйн, захиргааны ба зохицуулах арга хэмжээний талаарх тайланг хоёр жилд нэг удаа.

8.Хэрэв тухайн Талын хууль тогтоомжид харшлахгүй бол энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан мэдээллийг олон нийтийн хүртэл болгож болно.

ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Удирдан зохицуулах ба Шинжлэх

ухааны байгууллагууд

1.Талууд энэхүү Конвенцийг хэрэгжүүлэх зорилгоор дараахь байгууллагыг байгуулна:

a.Тухайн Талын нэрийн өмнөөс зөвшөөрөл, гэрчилгээ олгох эрх бүхий нэг буюу хэд хэдэн Удирдан зохицуулах байгууллага;

b.нэг буюу хэд хэдэн Шинжлэх ухааны байгууллага.

2.Улс орнууд энэхүү Конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан эсхүл нэгдэн орсон тухай баримт бичгээ Гэрээ хадгалагч улсын Засгийн газарт өгч бусад Талуудтай болон Нарийн бичгийн дарга нарын газартай харилцаж байх. Удирдан зохицуулах байгууллагын нэр, хаягийг мэдэгдэнэ.

3.Энэ зүйлийн заалдуудын дагуу томилолт, эрх олгохтой холбоотой аливаа өөрчлөлтийг Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан холбогдох Тал, бусад Талуудад мэдэгдэнэ.

4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт нэрлэгдсэн Удирдан зохицуулах байгууллага нь хэрэв Нарийн бичгийн дарга нарын газар буюу өөр бусад Талуудын Удирдан зохицуулах байгууллагаас шаардвал өгсөн зөвшөөрөл, гэрчилгээ хуурамч бус болохыг нотолж тамга тэмдэг ба бусад хэрэгслийн дардасыг хүргүүлнэ.

АРАВДУГААР ЗҮЙЛ

Конвенцид нэгдэн ороогүй орнуудтай

 худалдаа хийх тухай

Энэхүү Конвенцид нэгдэн ороогүй оронд экспортлох, реэкспортлох буюу тэндээс импортлох тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон бөгөөд энэ Конвенцийн зөвшөөрөл, гэрчилгээний шаардлагыг үндсэнд нь хангасан адил төстэй баримт бичгийг аливаа Тал албан ёсны зөвшөөрөл, гэрчилгээний нэгэн адил хүлээн авч болно.

АРВАН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Талуудын Бага Хурал

1.Энэхүү Конвенцид хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор хэлэлцэн тохирогч Талуудын Бага хурлын чуулганыг Нарийн бичгийн дарга нарын газраас зарлан хуралдуулна.

2.Хэрэв Бага хурал өөрөөр шийдвэрлээгүй бол Нарийн бичгийн дарга нарын газар цаашид ээлжит чуулганыг дор хаяж хоёр жилд нэг удаа, ээлжит чуулганыг Талуудын гуравны нэгээс доошгүй нь бичгээр эрэлт хүсэлт гаргасны үндсэн дээр хуралдуулж байна.

3.Талууд ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр энэхүү Конвенцийн хэрэгжилтийн явцыг Дараахь чиглэлээр хэлэлцэж шийдвэрлэнэ:

a.Нарийн бичгийн дарга нарын газар үүргээ биелүүлэх бололцоо бүрдүүлэхэд шаардлагатай шийдвэр гаргах, санхүүгийн талаар заалтуудыг батлах;

b.15 дугаар зүйлийн дагуу 1, 2 дугаар хавсралтад оруулах өөрчлөлтийг хэлэлцэн батлах;

c. 1, 2, 3 дугаар хавсралтад оруулсан зүйлүүдийг нөхөн сэргээх, хамгаалах талаар явуулж байгаа үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх;

d.Нарийн бичгийн дарга нарын газар ба аль нэг Талын оруулсан илтгэлийг хүлээн авч хэлэлцэх;

e.Шаардлагатай үед энэхүү Конвенцийн үр нөлөөг дээшлүүлэх талаар зөвлөмж гаргах.

4.Ээлжит чуулганаар Талууд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуралдуулах дараагийн ээлжит чуулганы хугацаа, газрыг товлоно.

5.Аль нэг хуралдаанаар Талууд чуулганы дүрэм, дэгийг тодорхойлон баталж болно.

6.НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, түүнчлэн энэхүү Конвенцид нэгдэн ороогүй аливаа орон Бага хурлын чуулганд ажиглагчаар оролцож болох бөгөөд асуудал хэлэлцэхэд зөвхөн оролцох эрхтэй, харин санал өгөх эрхгүй байна.

7.Зэрлэг амьтан, ургамлын аймгийг хамгаалах хийгээд энэ чиглэлийн менежментийн Салбарт мэргэжсэн дараахь байгууллагууд Бага хурлын чуулганд ажиглагчаа илгээх Хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт тавьж Талуудын гуравны хоёроос доошгүй нь зөвшөөрвөл ажиглагчаар оролцоно:

a.Олон улсын байгууллагууд, засгийн газрын ба засгийн газрын бус байгууллагууд, үндэсний засгийн газрын байгууллагууд;

b.Энэ зорилгоор тухайн улс орноос томилогдсон үндэсний засгийн газрын байгууллагууд.

Ажиглагчид чуулганд оролцохдоо асуудлыг хэлэлцэхэд оролцох эрх эдлэх ба санал өгөх эрхгүй байна.

АРВАН ХОЁРДУГААР ЗҮЙЛ

Нарийн бичгийн дарга нарын газар

1.Энэхүү Конвенц хүчин төгөлдөр болмогц НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх Захирал Нарийн бичгийн дарга нарын газрыг зохион байгуулах үүрэг хүлээнэ. Тэрээр өөрийн зохимжтой гэж үзсэн арга барилаар ажиллах бөгөөд түүнд зэрлэг амьтан, ургамлын аймгийг хамгаалах ба энэ чиглэлийн менежментийн салбар мэргэжсэн Засгийн газар хоорондын, Засгийн газрын бус, Олон улсын болон үндэсний байгууллагууд тусална.

2.Нарийн бичгийн дарга нарын газрын үүрэгт дараахь асуудал багтана.

a.Хэлэлцэн тохирогч Талууд Бага хурлын чуулганыг зохиоон байгуулах, түүнд үйлчлэх;

b.Энэхүү Конвенцийн 15, 16 дугаар зүйлийн заалтуудын дагуу өөрт ногдуулсан үүргийг гүйцэтгэх;

c.Талуудын Бага хурлаас баталсан хөтөлбөрийн дагуу шинжлэх ухаан, техникийн судалгаа явуулах, энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд түүний дотор амьд биетүүдийг бэлтгэж тээвэрлэх стандарт, тэдгээр биетийг тодорхойлох аргын талаар судалгаа, шинжилгээ хийхэд дэмжлэг үзүүлэх;

d.Талуудаас ирүүлсэн тайланг судалж үзэх, энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай нэмэлт мэдээлэл авах тухай хүсэлтийг Талуудад тавих;

e.Энэхүү Конвенцийн зорилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа асуудалд Талуудын анхаарлыг хандуулах;

f.1, 2, 3 дугаар хавсралт болон тэдгээр орсон зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг тодорхойлон тогтооход холбогдсон мэдээллийг хэвлэж Талуудад тараах;

g.Талуудын үйл ажиллагаа, энэхүү Конвенцийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар жилийн тайлан болон Талуудын Бага хурлын чуулганаас хүссэн бусад тайлан мэдээг бэлтгэж Талуудад тараах;

h.Энэхүү Конвенцийн зорилго, заалтуудыг хэрэгжүүлэх, түүний дотор шинжлэх ухаан, техникийн чанартай мэдээлэл солилцох талаар зөвлөмж гаргах;

i.Талуудаас түүнд хүлээлгэсэн бусад үүргийг гүйцэтгэх.

АРВАН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Олон улсын арга хэмжээ

1. 1, 2 дугаар хавсралтад орсон аль нэг зүйл түүнийг төлөөлөх биетүүдийг худалдаалсны уршгаар сөрөг нөлөөлөлд орсон юмуу, эсхүл энэхүү Конвенцийн заалтууд нь амьдралд үр дүнтэй хэрэгжихгүй байгаа тухай мэдээллийг Нарийн бичгийн дарга нарын газар авбал тухайн мэдээллийг холбогдох Тал буюу Талуудын Удирдан зохицуулах байгууллагад илгээнэ.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан мэдээллийг аль нэг Тал хүлээн авбал өөрийн хууль тогтоомжийн хүрээнд тухайн мэдээллийг холбогдох мэдээ баримтыг Нарийн бичгийн дарга нарын газарт аль болохоор богино хугацаанд мэдээлэхийн хамтаар шаардлагатай гэж үзвэл засч залруулах талаар санал тавина. Хэрэв тухайн Тал шалган тодруулах нь зүйтэй гэж үзвэл туусгай эрх олгосон нэг буюу хэд хэдэн хүнийг томилон шалгуулж болно.

3.Тухайн Талаас өгсөн буюу энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан шалгалтын үр дүнд олсон мэдээллийг Талуудын дараагийн Бага хурал хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл ямар нэгэн зөвлөмж гаргаж болно.

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Улс орнуудын дотоодын хууль тогтоомж,

олон улсын конвенциудад үзүүлэх нөлөө

1.Энэхүү Конвенцийн заалтууд ямар ч нөхцөлд Талуудын дараахь эрхийг хөндөхгүй:

а.1, 2, 3 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг худалдаалах, олзворлох, эзэмших болон тээвэрлэх нөхцөлийн талаар дотооддоо илүү хүчтэй арга хэмжээ авах, эсхүл тэдгээр үйлдлийг бүрэн хориглох талаар арга хэмжээ авах;

b.1, 2, 3 дугаар хавсралтад ороогүй зүйлүүдийг худалдаалах, олзворлох, эзэмших ба тээвэрлэхийг хязгаарласан буюу хориглосон арга хэмжээг дотооддоо авч хэрэгжүүлэх.

2.Энэхүү Конвенцийн заалтууд нь ямар ч нөхцөлд эдүгээ үйлчилж байгаа буюу Цаашид аль ч Талын хувьд хүчин төгөлдөр болж болох бөгөөд биетүүдийг арилжаалах, олзворлон авах, эзэмших ба тээвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаарх аливаа гэрээ, Конвенц болон олон улсын хэлэлцээрээр Талуудын хүлээсэн үүрэг, дотооддоо авсан буюу авах арга хэмжээний заалтуудыг, тэдгээрийн дотор гааль, хүн амын эрүүл мэнд, мал эмнэлэг буюу ургамлын хорио цээр тогтоох талаар авах аливаа арга хэмжээг хэрхэвч хөндөхгүй.

3.Энэхүү Конвенцийн заалтууд нь ямар ч нөхцөлд хамтын ажиллагаа тогтоож буй улс орны хооронд байгуулсан буюу байгуулж болох аливаа гэрээ хэлэлцээрийн заалтууд, тэдгээрийн дагуу улс орны хүлээсэн үүргийг ба холбоо, гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон улс орны хооронд хийгдэж буй арилжаа наймаанд хамаарагдах түвшинд гаалийн ерөнхий гадаад хяналт шалгалт тогтоосон буюу түүнийг цаашид мөрдөх, эсхүл тухайн хэлэлцээрт нэгдэн орсон орнуудын хооронд хийгдэж байгаа гаалийн хяналт, шалгалтыг өөрчлөх талаарх бүс нутгийн худулдааны хэлэлцээрийг хөндөхгүй.

4.Энэхүү Конвенцид нэгдэн орсон улс уг Конвенцийг хүчин төгөлдөр болох үед үйлчилж байгаа бөгөөд 2 дугаар хавсралтад орсон далай тэнгисийн амьтан, ургамлыг хамгаалахтай холбогдсон заалт бүхий ямар нэг өөр гэрээ, Конвенц ба Олон улсын хэлэлцээрт урьд өмнө нь нэгдэн орсон улс орныг тэрхүү гэрээ, Конвенц болон Олон улсын хэлэлцээрийн заалтын дагуу ажиллах эрхийг өөрсдөд нь үлдээж, 2 дугаар хавсралтад орсон зүйлүүдийн төлөөлөх биетүүдийг тухайн улсад бүртгэлтэй хөлөг онгоцоор олзворлон авч худалдаалах талаар энэ Конвенцийн заалтаар хүлээсэн үүргээс чөлөөлнө.

5.Энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олж авсан аливаа биетийг экспортлоход, 3, 4, 5 дугаар зүйлийн заалтуудыг үл хэрэгсэн, тухайн биетийг олзворлон нэвтрүүлэгч орны Удирдан зохицуулах байгууллагаас өөр гэрээ, Конвенц болон Олон улсын хэлэлуцээрийн заалтуудын дагуу олзворлолт хийснийг нотолсон гэрчилгээ зайлшгүй шаардлагатай байна.

6.Энэхүү Конвенцид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2750С (ХХҮ) дугаар тогтоолын дагуу хуралддаг Далайн эрх зүйн асуудлаарх НҮБ-ын Бага хурлаар далайн эрх зүйг төрөлжүүлэн эмхэтгэх буюу боловсронгуй болгоход мөн эдүүгээ болон цаашид далайн эрх зүйн асуудлаар хийгээд эрэг хавийн улс орон, зонхилогч улс гүрний харьяаллын шинж чанар, хил заагийн талаар аливаа орноос мэдүүлэх зарга ба баримтлах хууль ёсны байр суурьт хор хохирол учруулах зүйл огт байхгүй болно.

АРВАН ТАВДУГААР ЗҮЙЛ

1, 2 дугаар хавсралтад оруулах нэмэлт өөрчлөлт

1.Бага хурлын чуулганы үеэр 1, 3 дугаар хавсралтад оруулах нэмэлт өөрчлөлтүүдийн талаар дараахь заалтуудыг мөрдөнө:

а.Аль ч Тал дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр 1, 2 дугаар хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал тавьж болно. Санал болгож буй нэмэлт өөрчлөлтийнхөө бүрэн эх бичвэрийг чуулган эхлэхээс 150 хоногийн өмнө Нарийн бичгийн дарга нарын газарт ирүүлсэн байна. Нарийн бичгийн дарга нарын газар энэ зүйлийн 2 дахь хэсгийг b, c-д заасны дагуу тэрхүү нэмэлт өөрчлөлтийн талаар бусад Талуудтай болон сонирхогч байгууллагуудтай зөвлөлдөөд, хариуг чуулган эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө бүх Талууд мэдэгдэнэ.

b.нэмэлт, өөрчлөлтийг оруулахад байлцаж, оролцсон Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар батлана. Энэ утгаараа санал хураахад байлцаж оролцсон Талууд гэдэг нь санал хураахад байлцаж "Зөвшөөрсөн "  буюу "Татгалзсан"  санал өгсөн талуудыг хэлнэ. Нэмэлт, өөрчлөлтийг батлахад шаардлагатай гуравны хоёрт түдгэлзсэн Талуудын тоог оруулахгүй.

c.чуулганаар баталсан нэмэлт, өөрчлөлтүүд нь энэ зүйлийн 3 дахь хэсгийн дагуу нэмэлт тайлбар хийгчдээс бусад бүх Талын хувьд уг чуулган болсоноос хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

2.Бага хурлын чуулгануудын хооронд 1, 2 дугаар хавсралтад оруулах нэмэлт, өөрчлөлтийн хувьд дараахь заалтуудыг мөрдөнө:

а.энэ зүйлээр тогтоосон захидал харилцааны горим, журмын дагуу аль ч Тал чуулгануудын хооронд хэлэлцүүлэхээр 1, 2 дугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал тавьж болно.

b.далай, тэнгисийн зүйлүүдийн хувьд санал болгосон нэмэлт, өөрчлөлтийн бүрэн эх бичвэрийг Нарийн бичгийн дарга нарын газар хүлээн авмагц түүнийг Талуудад нэн даруй илгээнэ. Тэрээр эдгээр зүйлтэй холбоотой ямар нэгэн үүрэг хүлээсэн засгийн газар хоорондын байгууллагатай, тодруулбал тэдгээр байгууллагаас өгч болох эрдэм шинжилгээний мэдээ сэлтийг олж авах, тэдгээр байгууллагаас Байгаль хамгаалах талаар авч буй аливаа арга хэмжээг зохицуулах зорилгын үүднээс зөвлөлдөж байна. Нарийн бичгийн дарга нарын газар тэдгээр байгууллагын илэрхийлсэн санаа бодол, өгсөн мэдээлэл, өөрийн дүгнэлт ба зөвлөмжийг Талуудад аль болхоор шуурхай мэдээлнэ.

c.далай тэнгисийн бус зүйлсийн хувьд санал болгосон нэмэлт, өөрчлөлтийн бүрэн эх бичвэрийг Нарийн бичгийн дарга нарын газар хүлээн авмагц түүнийг Талууд нэн даруй илгээж, дараа нь өөрийнхөө зөвлөмжийг аль болохоор яаралтай явуулна.

d.энэ зүйлийн b, c-д заасны дагуу Нарийн бичгийн дарга нарын газар Талууд өөрийн зөвлөмжөө илгээсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор аливаа Тал санал болгосон тухайн нэмэлт, өөрчлөлтийн талаар санаа бодлоо холбогдох эрдэм шинжилгээний мэдээ сэлт ба мэдээллийн хамт Нарийн бичгийн дарга нарын газарт ирүүлж болно.

e.Нарийн бичгийн дарга нарын газар хүлээн авсан бүх хариуултыг өөрийн зөвлөмжийн хамт Талуудад аль болохоор шуурхай илгээнэ.

f.хэрэв Нарийн бичгийн дарга нарын газар энэхүү зүйлийн е-д заасны дагуу Талуудадхариулт, зөвлөмж илгээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор уг санал болгосон нэмэлт, өөрчлөлтийн талаар татгалзсан хариулт аваагүй бол тухайн нэмэлт, өөрчлөлт энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт тайлбар хийгчээс бусад бүх Талуудын хувьд 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

g.хэрэв Нарийн бичгийн дарга нарын газар аль нэг Талаас татгалзсан хариу авбал энэ зүйлийн h, i, j, заалтын дагуу санал болгосон нэмэлт, өөрчлөлтийн талаар шуудангаар санал хураана.

h.Нарийн бичгийн дарга нарын газар тухайн Талаас татгалзсан хариулт авсан тухайгаа бүх Талуудад мэдэгдэнэ.

i.Нарийн бичгийн дарга нарын газар энэ зүйлийн h-д заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор наад зах нь Талуудын тэн хагасаас “Зөвшөөрсөн”, ”Татгалзсан” эсвэл “Түдгэлзсэн” гэсэн санал болгосон нэмэлт, өөрчлөлтийг Бага хурлын дараачийн чуулганаар хэлэлцүүлэхээр шилжүүлнэ.

j.хэрэв Талуудын тэн хагасаас санал авбал уг нэмэлт, өөрчлөлтийг Талуудын “Зөвшөөрсөн” буюу ”Татгалзсан” гэж өгсөн саналын гуравны хоёрын олонхиор батлана.

k.Нарийн бичгийн дарга нарын газар санал хураалтын дүнг Талуудад мэдээлнэ.

l.хэрэв санал болгосон нэмэлт, өөрчлөлт батлагдвал энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэмэлт тайлбар хийгчээс бусад бүх Талын хувьд түүнийг баталсан тухай Нарийн бичгийн дарга нарын газар мэдэгдсэн өдрөөс хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

3.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн c, 2 дахь хэсгийн l-д заасан 90 хоногийн хугацаанд аль ч Тал тухайн нэмэлт, өөрчлөлтийн тухай Гэрээ хадгалагч Засгийн газарт бичгээр мэдэгдэх замаар нэмэлт тайлбар хийж болно. Нэмэлт тайлбарыг цуцлаагүй Талыг тухайн зүйлүүдийг худалдаалахтай холбогдсон асуудлын хувьд энэхүү Конвенцид нэгдэн орсон улс хэмээн тооцохгүй.

АРВАН ЗУРГАДУГААР ЗҮЙЛ

3 дугаар хавсралт ба түүнд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай

1.Аль ч Тал Нарийн бичгийн дарга нарын газарт хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу түүний хууль зүйн хүрээнд зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа зүйлүүдийн жагсаалтыг хүссэн цагтаа гарган өгч болно. 3 дугаар хавсралтад оруулахаар зүйлүүдийнхээ нэрсийг өгсөн Талуудын нэр, танилцуулсан зүйлүүдийн шинжлэх ухааны нэр томьёо болон нэгдүгээр зүйлийн b-ийн заалтын дагуу эдгээр зүйлүүдтэй холбогдох амьтан, ургамлын аливаа эд хэсэг, тэдний гаралтай зүйлийн нэрсийг уг хавсралтад оруулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гаргаж өгсөн жагсаалт бүрийг Нарийн бичгийн дарга нарын газар хүлээн авсныхаа дараа тэдгээрийг Талууд аль болохоор шуурхай илгээнэ. Тухайн жагсаалтыг Талуудад илгээсэн өдрөөс хойш 90 хоногийн дараа тэрээр 3 дугаар хавсралтын бүрэлдэхүүн хэсэгт тооцоолж хүчин төгөлдөр болно. Жагсаалтыг илгээсний дараа аль ч Тал хүссэн цагтаа Гэрээ хадгалагч Засгийн газарт бичгээр мэдэгдэх замаар аливаа зүйл буюу эд хэсэг, тэдгээрийн гаралтай зүйлүүдийн талаар нэмэлт тайлбар хийж болох бөгөөд тухайн улс нэгэнт хийсэн нэмэлт тайлбараа цуцлаагүй тохиоолдолд тэдгээр зүйл, холбогдох эд хэсэг буюу түүний гаралтай зүйлсийг худалдаалах талаар энэхүү Конвенцид нэгдэн орсон улс хэмээн тооцохгүй.

3. 3 дугаар хавсралтад оруулахаар аливаа зүйлийг тодорхойлсон Тал аль ч үед Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэх замаар түүнийг хавсралтаас хасуулж болох ба Нарийн бичгийн дарга нарын газар энэ тухай Талуудад мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэн өдрөөс хойш 90 хоногийн дараа хавсралтаас хассанд тооцогдоно.

4.Энэ 1 дэх хэсэгт заасны дагуу жагсаалт гарган өгсөн аль ч Тал Нарийн бичгийн дарга нарын газарт тухайн зүйлийг хамгаалах талаар өөрийн бүх хууль тогтоомжийн хуулбар, тэрчлэн шаардлагатай гэж үзсэн юмуу Нарийн бичгийн дарга нарын газраас шаардсан аливаа тайлбар зэргийг хамт хүргүүлнэ. Тухайн зүйл 3 дугаар хавсралтад байгаа үед холбогдох Тал өөрийн хууль тогтоомжид аливаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хууль зүйн шинээр батлагдсан тайлбарыг өгч байна.

АРВАН ДОЛДУГААР ЗҮЙЛ

Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах

1.Нарийн бичгийн дарга нарын газар энэхүү Конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэн батлах зорилгоор наад зах нь Талуудын гуравны нэгийн бичгээр гаргасан хүсэлтийг үндэслэн Талуудын Бага хурлын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна. Конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлтийг санал хураахад байлцаж оролцон Талуудын гуравны хоёрын олонхийн саналаар батлана. Энэ утгаар “Санал хураахад байлцаж оролцсон Талууд” гэдэг нь тэнд байж “Зөвшөөрсөн” буюу “Татгалзсан” санал өгсөн Талуудыг хэлнэ. Түдгэлзсэн Талуудыг нэмэлт, өөрчлөлтийг батлахад шаардлагатай гуравны хоёрын тоонд оруулахгүй.

2.Санал болгосон аливаа нэмэлт, өөрчлөлтийн бүрэн эх бичвэрийг Нарийн бичгийн дарга нарын газар чуулган эхлэхээс 90-ээс доошгүй хоногийн өмнө талуудад мэдээлж байна.

3.Уг нэмэлт, өөрчлөлт нь түүнийг хүлээн зөвшөөрсөн Талуудын хувьд Талуудын гуравны хоёр нь хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ Гэрээ хадгалагч Засгийн газарт хадгалуулахаар өгснөөс хойш 60 хоногийн дараа хүчин төгөлдөр болно. Дараа нь нэмэлт, өөрчлөлт бусад Талуудын хувьд хүлээн зөвшөөрсөн тухай баримт бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш 60 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

АРВАН НАЙМДУГААР ЗҮЙЛ

Маргаан шийдвэрлэх

1.Энэхүү Конвенцийн заалтуудыг тайлбарлах буюу хэрэглэхтэй холбогдон хоёр буюу хэд хэдэн Талуудын хооронд үүссэн маргааныг уг маргаанд оролцогч Талууд хэлэлцээний замаар шийдвэрлэнэ.

2.Хэрэв маргааныг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэж чадахгүй бол Талууд харилцан тохиролцох замаар маргаанаа Арбитрт, тодруулбал Гаага дахь Арбитрын байнгын шүүхэд мэдүүлж болох бөгөөд маргаанаа мэдүүлсэн Талууд Арбитрын шийдвэрт захирагдана.

АРВАН ЕСДҮГЭЭР ЗҮЙЛ

Гарын үсэг зурах

Энэхүү Конвенц нь Вашингтон хотноо 1973 оны 4 дүгээр сарын 30-ныг хүртэл, дараа нь Берн хотод 1974 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд гарын үсэг зурахад нээлттэй байна.

ХОРЬДУГААР ЗҮЙЛ

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх ба батлах

Энэхүү Конвенцийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан тухай баримт бичгээ Гэрээ хадгалагч Засгийн газар болох Швейцарийн Холбооны Улсын Засгийн газарт хадгалуулахаар өгнө.

ХОРИН НЭГДҮГЭЭР ЗҮЙЛ

Нэгдэн орох

Энэхүү Конвенц нь түүнд нэгдэн ороход тодорхойгүй хугацаанд нээлттэй байна. Нэгдэн орсон тухай Баримт бичгүүдийг Гэрээ хадгалагч Засгийн газарт өгч хадгалуулна.

ХОРИН ХОЁРДУУГААР ЗҮЙЛ

Хүчин төгөлдөр болох

1.Энэхүү Конвенц нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай арав дахь баримт бичгийг Гэрээ хадгалагч Засгийн газарт хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

2.Энэхүү Конвенц нь соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай арав дахь баримт бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу түүнд нэгдэн орсон орнуудын хувьд энэхүү Конвенц нь тухайн улс орон түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

ХОРИН ГУРАВДУГААР ЗҮЙЛ

Тайлбар хийх

1.Энэхүү Конвенцийн заалтуудын талаар ерөнхий тайлбар хийхийг зөвшөөрөхгүй. Тодорхой тайлбарыг энэ зүйл ба 15, 16 дугаар зүйлийн заалтуудын дагуу оруулж болно.

2.Аливаа улс соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар өгөхдөө тодорхой нэмэлт тайлбарыг дараахь байдлаар хийж болно:

a.1, 2, 3 дугаар хавсралтад орсон аливаа зүйлийн талаар;

b.3 дугаар хавсралтад орсон зүйлүүдтэй холбогдуулан заасан аливаа эд хэсэг буюу тэдгээрийн гаралтай зүйлийн талаар.

3.Энэ зүйлийн заалтуудын дагуу хийсэн тайлбараа холбогдох Тал цуцлаагүй тохиолдолд тэрхүү тайлбарт заасан зүйлүүд, эд хэсэг буюу тэдгээрийн гаралтай зүйлсийг худалдаалахтай холбогдсон асуудлын хувьд энэхүү Конвенцид нэгдэн ороогүй улс хэмээн үзнэ.

ХОРИН ДӨРӨВДҮГЭЭР ЗҮЙЛ

Конвенциос гарах

Аливаа Тал хүссэн цагтаа Гэрээ хадгалагч Засгийн газарт бичгээр мэдэгдэж энэхүү Конвенциос гарч болно. Гэрээ хадгалагч Засгийн газар уг мэдээллийг хүлээн авснаас хойш 12 сарын дараа Конвенциос гарах асуудал хүчин төгөлдөр болно.

ХОРИН ТАВДУГААР ЗҮЙЛ

Гэрээ хадгалагч

1.Энэхүү Конвенцийн Англи, Испани, Орос, Франц, Хятад хэлээр үйлдсэн эх бичвэрүүд нь адил хүчинтэй байх бөгөөд тэдгээрийг Гэрээ хадгалагч Засгийн газарт өгч хадгалуулна. Гэрээ хадгалагч Засгийн газар нь энэхүү Конвенцид гарын үсэг зурсан болон нэгдэн орсон тухай баримт бичгээ өгсөн бүх улсад Конвенцийн баталгаажуулсан хувийг илгээнэ.

2.Гэрээ хадгалагч Засгийн газар нь гарын үсэг зурсан, соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай баримт бичгээ өгсөн, Конвенц хүчин төгөлдөр болсон, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан, тайлбар хийсэн, түүнээс гарах тухай мэдэгдэл авсан тухайн Конвенцд гарын үсэг зурсан, нэгдэн орсон бүх орон болон Нарийн бичгийн дарга нарын газарт мэдээлж байна.

3.Энэхүү Конвенц хүчин төгөлдөр болмогц Гэрээ хадгалагч Засгийн газар түүний баталгаат хувийг НҮБ-ын Дүрмийн 102 дугаар зүйлийн дагуу бүртгүүлж, нийтлүүлэхээр НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт илгээнэ.

Дээр дурдсаныг нотлож бүрэн эрх бүхий дор нэр дурдсан төлөөлөгчид энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

Вашингтон хотноо нэг мянга есөн зуун далан гурван оны гуравдугаар сарын гуравны өдөр гарын үсэг зурав.