Хэвлэх DOC Татаж авах

УДААН ЗАДАРДАГ ОРГАНИК БОХИРДУУЛАГЧИЙН

ТУХАЙ СТОКГОЛЬМЫН КОНВЕНЦ

 

 

ХЭЛЭЛЦЭН ТОХИРОГЧ ТАЛУУД,

 

Удаан задардаг органик бохирдуулагч нь хорт чанартай, удаан задардаг, биоаккумуляци шинжтэй бөгөөд агаар, ус болон нүүдэллэгч амьд организмаар дамжин хил хязгаар алгасан үүссэн газраасаа хол тархаж, эх газрын болон далай тэнгисийн экосистемд хуримтлагдаж байгааг хүлээн зөвшөөрч,

 

Удаан задардаг органик бохирдуулагчдад өртсөний улмаас учрах сөрөг үр дагавар нь голдуу хөгжиж буй орнуудын хүн ам, ялангуяа эмэгтэйчүүдэд, тэднээр дамжин хойч үед нөлөөлөх болж байгааг харгалзан,

 

Ялангуяа Умард туйлын экосистем, хүн ам нь удаан задардаг органик бохирдуулагчийн био-хуримтлалд өртөн эрсдэн, уламжлалт хоол хүнс нь бохирдох нийтийн эрүүл мэндийн асуудал гарч байгааг анхааран,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн талаар дэлхий нийтээр арга хэмжээ авах шаардлагатайг ухамсарлан,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн үлдэгдэл, гарц хаягдлыг бууруулах, устгах арга хэмжээ авч, хүний эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах олон улсын үйл ажиллагааны эхлэлийг тавихад чиглэсэн НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн Ерөнхий Зөвлөлийн 1997 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 19/13 С тоот шийдвэрийг иш үндэс болгон,

 

Хүрээлэн буй орчны талаарх олон улсын холбогдох Конвенцийн заалтуудыг, тухайлбал Аюултай зарим химийн бодис, пестицидийг олон улсын хэмжээнд худалдаалахад хэрэглэх урьдчилан мэдээлж зөвшилцөх журмын тухай Роттердамын Конвенц, Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн Конвенц, түүний дотор эл Конвенцийн 11 дүгээр зүйлийн заалтын хүрээнд боловсруулсан бүс нутгийн хэлэлцээрийг иш татан,

 

Мөн түүнчлэн Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай Риогийн Тунхаглал, Хөтөлбөр-21-ийн холбогдох заалтуудыг иш татан,

 

Болгоомжлон сэрэмжлэх явдал нь бүх Талуудыг зовниулж байгаа бөгөөд энэхүү Конвенцид тусгагдсаныг анхааран,

 

Энэхүү Конвенц болон худалдаа, хүрээлэн буй орчны чиглэлийн олон улсын бусад гэрээ, хэлэлцээрүүд нь харилцан нийцэж, нэг нэгнийгээ дэмжинэ гэдгийг хүлээн зөвшөөрч,

 

Улс орнууд НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчмуудад нийцүүлэн өөрсдийн нөөц баялгаа хүрээлэн буй орчны болон хөгжлийн бодлогынхоо дагуу ашиглах бүрэн эрхтэй бөгөөд тэрхүү эрхээ эдлэхдээ эрх хяналтынх нь дор явагдаж буй үйл ажиллагаа дотоодын хууль, эрх мэдлийн хүрээнээс гадна оршиж буй газар нутаг, бусад орны байгаль орчинд хор хохирол учруулахгүй байх хариуцлага хүлээхийг нотлож,

 

Хөгжиж буй орнуудын, ялангуяа нэн буурай хөгжилтэй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын нөхцөл байдал, онцгой хэрэгцээ шаардлагыг, түүний дотор химийн салбарын удирдлага, зохицуулалтын үндэсний чадавхийг технологи шилжүүлэх, санхүү, техникийн туслалцаа үзүүлэх, Талуудын хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар бэхжүүлэхийг анхаарч,

 

Хөгжиж буй арлын жижиг улсуудыг тогтвортой хөгжүүлэх үйл ажиллагааны 1994 оны 5 дугаар сарын 6-нд Барбадост баталсан Хөтөлбөрийг анхааралдаа бүрэн авч,

 

Хөгжингүй ба хөгжиж буй орнуудын холбогдох боломж чадавхи, хариуцлага нь нийтлэг хэдий ч Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай Риогийн Тунхаглалын 7 дугаар зарчимд заасанчлан ялгавартай болохыг тэмдэглэж,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн үлдэгдэл, гарц хаягдлыг бууруулах, устгахад хувийн хэвшил, төрийн бус байгууллагууд чухал хувь нэмэр оруулж чадахыг хүлээн зөвшөөрч,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийг үйлдвэрлэгчид нь бүтээгдэхүүнийхээ сөрөг үр дагаврыг бууруулах, тэдгээрийн аюултай шинж чанарынх нь талаар хэрэглэгчид, Засгийн газар, олон нийтийг мэдээллээр хангах хариуцлага хүлээхийн ач холбогдлыг цохон тэмдэглэж,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн сөрөг нөлөөнөөс хамгаалах арга хэмжээг бохирдуулагчийн оршин тогтнох бүхий л хугацаанд авах шаардлагатайг ухамсарлан

 

Эрх бүхий үндэсний байгууллагууд хүрээлэн буй орчинтой холбогдолтой зардлыг тухайн газар нутагт нь хязгаарлах, эдийн засгийн хөшүүргүүдийг хэрэглэхийг эрмэлзэж, зарчмын хувьд бохирдуулагч нь бохирдуулсныхаа зардлыг нийтийн ашиг сонирхол, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтад саад учруулахгүйгээр зохих ёсоор харгалзан хариуцах ёстойг заасан Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай Риогийн Тунхаглалын 16 дугаар Зарчмыг дахин нотолж,

 

Пестицид, үйлдвэрлэлийн зориулалттай химийн бодисын талаар зохицуулалтын ба үнэлгээний хөтөлбөргүй Талуудыг тийм хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхийг нь хөхиүлэн дэмжиж,

 

Хүрээлэн буй орчинд ээлтэй алтернатив үйлдвэрлэл, химийн бодисыг бий болгох, хэрэглэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч,

 

Удаан задардаг органик бохирдуулагчийн сөрөг нөлөөнөөс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахын төлөө шийдвэр төгс байгаагаа нотолж,

 

Дараахь зүйлийг хэлэлцэн тохиролцов.

 

Нэгдүгээр зүйл

 

Зорилго

 

Хүрээлэн буй орчин, хөгжлийн тухай Риогийн Тунхаглалын 15 дугаар Зарчимд тусгасан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах аргачлалыг харгалзан энэхүү Конвенцийн зорилго нь хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг удаан задардаг органик бохирдуулагчаас хамгаалахад оршино.

 

Хоёрдугаар зүйл

 

Тодорхойлолтууд

 

Энэхүү Конвенцийн зорилгоор:

 

(а)”Тал” гэж энэхүү Конвенциор үүрэг хүлээхийг хүлээн зөвшөөрсөн, түүний хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр үйлчилж буй улс буюу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг хэлнэ.

 

(б)“Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага” гэж тухайн бүс нутгийн бүрэн эрхт улс орнуудын байгуулсан, гишүүн улсууд нь энэхүү Конвенциор зохицуулагдах асуудлуудын хувьд эрх мэдлээ түүнд шилжүүлсэн, дотоод журмынхаа дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурах, түүнийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох байгууллагыг хэлнэ.

 

(в)“Байлцан санал өгч буй Талууд” гэж байлцан дэмжиж буюу эсрэг санал өгч буй Талуудыг хэлнэ.

 

Гуравдугаар зүйл

 

Зориудаар хийсэн үйлдвэрлэл, хэрэглээтэй холбогдсон

гарц хаягдлыг бууруулах буюу устгах арга хэмжээ

 

1.Тал бүр:

 

(а)дараахь зүйлийг хориглох болон устгахад шаардлагатай хуулийн болон захиргааны арга хэмжээ авна. Үүнд:

 

(i)Хавсралт А–д дурдсан химийн бодисуудыг тухайн хавсралтад заасан нөхцлийн дагуу үйлдвэрлэх, хэрэглэх;

 

(ii)Хавсралт А-д дурдсан химийн бодисуудыг 2 дугаар заалтын дагуу импортлох, экспортлох; бөгөөд

 

(б)Хавсралт Б-д дурдсан химийн бодисуудыг тухайн хавсралтад заасан нөхцлийн дагуу үйлдвэрлэх, хэрэглэхийг хязгаарлана.

 

2.Дараахь зүйлийг хангахын тулд Талууд арга хэмжээ авна. Үүнд:

 

(а)Хавсралт А буюу Б-д дурдсан химийн бодисуудыг зөвхөн дараахь зорилгоор импортолно:

 

(i)6 дугаар зүйлийн 1 (г)-д заасны дагуу хүрээлэн буй орчинд халгүйгээр зайлуулах зорилгоор; буюу

 

(ii)Хавсралт А буюу Б-гийн нөхцлийн дагуу тухайн Талд зөвшөөрсөн хэрэглээ буюу зорилгод ашиглах;

 

(б)Хавсралт А-д дурдсан бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээнд нь тусгай зөвшөөрөл олгосон химийн бодисыг буюу Хавсралт Б-д дурдсан бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээнд нь тусгай зөвшөөрөл олгосон буюу зориулалтыг нь зөвшөөрсөн химийн бодисыг урьдчилан мэдээлж зөвшилцөх олон улсын журмын холбогдох бүх нөхцлийг харгалзан, зөвхөн дараахь нөхцөлд экспортлоно. Үүнд:

 

(i)6 дугаар зүйлийн 1 (г)-д заасны дагуу хүрээлэн буй орчинд халгүйгээр зайлуулах зорилгоор;

 

(ii)Хавсралт А буюу Б-д заасны дагуу тухайн химийн бодисыг ашиглах зөвшөөрөл авсан Талд;

 

(iii)Энэхүү Конвенцийн оролцогч биш боловч экспортлогч Талд жил бүр баталгаа гаргаж өгсөн Талд. Баталгаанд тухайн химийн бодисыг ямар зориулалтаар хэрэглэхийг заасан байх бөгөөд импортлогч улс нь тухайн химийн бодисын хувьд дараахь үүрэг хүлээх тухай мэдэгдлийг тусгасан байна:

 

а.гарц хаягдлаас сэргийлэх буюу түүнийг хамгийн бага хэмжээнд нь хүртэл бууруулахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээг авч, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалах:

 

б.6 дугаар зүйлийн 1 дүгээр заалтуудыг биелүүлэх;

 

в.шаардлагатай тохиолдолд хавсралт Б-гийн II хэсгийн 2 дугаар заалтуудыг биелүүлэх.

 

Энэхүү баталгаанд мөн эрх зүйн акт, зохицуулалтын захиргааныболон бодлогын заавар шинжтэй холбогдох бусад баримт бичгийг хавсаргана. Экспортлогч Тал нь баталгааг хүлээн авснаасаа хойш 60 хоногийн дотор Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлнэ.

 

(в)Хавсралт А-д дурдсан бөгөөд үйлдвэрлэл, хэрэглээний талаарх тусгай нөхцөл нь ямар ч Талд үйлчлэхээ больсон химийн бодисыг 6 дугаар зүйлийн 1 (г)-д заасанчлан хүрээлэн буй орчинд халгүйгээр зайлуулахаас бусад нөхцөлд экспортлохгүй байх;

 

(г)Энэхүү заалтын зорилгоор “энэхүү Конвенцийн оролцогч биш Тал” гэж тодорхой химийн бодисын хувьд энэхүү Конвенциор үүрэг хүлээгээгүй улс буюу бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагыг хэлнэ.

 

3.Шинэ пестицид буюу үйлдвэрлэлийн шинэ химийн бодисын талаар зохицуулалтын ба үнэлгээний нэг буюу хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж буй Тал бүр Хавсралт Г-гийн 1-д заасан шалгуурын дагуу авч үзвэл удаан задардаг органик бохирдуулагчийн шинж чанартайд тооцогдох шинэ пестицид буюу үйлдвэрлэлийн шинэ химийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг хориглох зорилгоор зохицуулалтын холбогдох арга хэмжээ авна.

 

4.Пестицид, үйлдвэрлэлийн химийн бодисын талаар зохицуулалтын ба үнэлгээний нэг буюу хэд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж буй Тал бүр пестицид, үйлдвэрийн химийн бодисын талаар үнэлгээ хийхдээ Хавсралт Г-гийн 1-д заасан шалгууруудыг харгалзан үзнэ.

 

5.Энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй бол 1, 2 дугаар заалт нь лабораторийн судалгаа болон стандартын зорилгоор ашиглах химийн бодист хамаарахгүй.

 

6.Хавсралт А-гийн дагуу тусгай зөвшөөрөл авсан буюу Хавсралт Б-гийн дагуу тусгай зөвшөөрөл авсан буюу зориулалт нь зөвшөөрөгдсөн аливаа Тал тусгай зөвшөөрөл, зориулалтын дагуу явагдаж буй үйлдвэрлэл, хэрэглээ хүнд нөлөөлөх, хүрээлэн буй орчинд хаягдал болон гарахаас сэргийлэх буюу тийм нөлөө, хаягдлыг хамгийн бага байлгахаар үйл ажиллагаагаа явуулна. Зөвшөөрөгдсөн хэрэглээ, зориулалтын улмаас хүрээлэн буй орчинд хэвийн нөхцөлд зайлшгүй гарах гарц хаягдлыг мөрдөгдөж байгаа стандарт, зөвлөмжийн дагуу аль болох бага хэмжээнд байлгана.

 

Дөрөвдүгээр зүйл

 

Тусгай зөвшөөрлийн бүртгэл

 

1.Хавсралт А буюу Б-д дурдсан тусгай зөвшөөрлийг авсан Талуудыг ялгах зорилгоор энэхүү бүртгэлийг бий болгов. Үүнд Хавсралт А буюу Б-гийн бүх Талаас хэрэгжүүлж болох заалтуудыг ашигладаг Талууд хамаарахгүй. Бүртгэлийг Нарийн бичгийн дарга нарын газраас хөтлөх бөгөөд нийтэд нээлттэй байна.

 

2.Бүртгэлд дараахь зүйл багтана. Үүнд:

 

(а)Хавсралт А, Б-д заасан тусгай зөвшөөрлийн төрлийн жагсаалт;

 

(б)Хавсралт А, Б-д заасан тусгай зөвшөөрлийг авсан Талуудын жагсаалт; болон

 

(в)Бүртгэгдсэн тусгай зөвшөөрөл бүрийн үйлчлэл дуусах хугацааны жагсаалт.

 

3.Аливаа улс Конвенцийн оролцогч Тал болохдоо Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэл өгч, хавсралт А, Б-д заасан тусгай зөвшөөрлийн нэг буюу хэд хэдэн төрлийг авахаар бүртгүүлж болно.

 

4.Хэрэв Тал нь бүртгэлдээ өмнө хугацаа заагаагүй буюу хугацааг нь 7 дугаар заалтын дагуу сунгаагүй бол тусгай зөвшөөрлийн бүх бүртгэл нь энэхүү Конвенц тухайн бодисын хувьд хүчин төгөлдөр болсноос хойш 5 жилийн дараа дуусна.

 

5.Талуудын Бага Хурал нь анхдугаар чуулганаараа бүртгэлд орох зүйлийг хянан хэлэлцэх журмын талаар шийдвэр гаргана.

 

6.Бүртгэлд орох зүйлийг хянахаас өмнө холбогдох Тал тусгай зөвшөөрлийг бүртгүүлэх шаардлага хэвээр байгааг нотолсон илтгэлийг Нарийн бичгийн дарга нарын газарт өгнө. Нарийн бичгийн дарга нарын газар нь илтгэлийг бүх Талуудад хүргүүлнэ. Бүртгэлийг олдсон бүх мэдээлэлд үндэслэн хянана. Дүнгээр нь Талуудын Бага Хурал шаардлагатай гэж үзвэл холбогдох Талд зөвлөмж гаргаж болно.

 

7.Талуудын Бага Хурал холбогдох Талын хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг 5 хүртэл жилээр сунгаж болно. Чингэхдээ хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудын онцгой нөхцөл байдлыг зохих ёсоор харгалзан үзнэ.

 

8.Аливаа Тал тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн мэдэгдлээ Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэл өгөн цуцалж болно. Цуцлалт нь тухайн мэдэгдэлд дурдсан өдрөөс эхлэн үйлчилнэ.

 

9.Аль нэг төрлийн тусгай зөвшөөрөлд ямар ч Тал бүртгүүлээгүй бол тухайн төрлийн хувьд шинэ бүртгэл хийхгүй байж болно.

 

Тавдугаар зүйл

 

Зориудын бус үйлдвэрлэлээс гарах хаягдлыг

бууруулах буюу устгах арга хэмжээ

 

Тал бүр Хавсралт В-д дурдсан химийн бодис бүрийн хүний үйл ажиллагаатай холбогдон бий болсон гарц хаягдлыг бууруулах, боломжтой бол бүр мөсөн зогсоох зорилгоор дараахь наад захын арга хэмжээг авна. Үүнд:

 

(а)Өөрийнх нь хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн дотор үйл ажиллагааны төлөвлөгөөг, шаардлагатай бол бүсийн буюу дэд бүсийн хэмжээнд боловсруулж, улмаар 7 дугаар зүйлд заасан төлөвлөгөөний нэг хэсэг болгон хэрэгжүүлж, чингэхдээ Хавсралт В-д дурдсан химийн бодисын гарц хаягдлыг тогтоох, тодорхойлох болон зохицуулах, (б)-гээс (д) хүртэлх дэд заалтуудыг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг зорино. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд доорх зүйлийг оруулна. Үүнд:

 

(i)Хавсралт В-д тодорхойлсон эх үүсвэрийн төрлүүдийг харгалзан үзэж гарч байгаа болон цаашид гарч болзошгүй гарц хаягдлын, түүний дотор эх үүсвэрийн бүртгэлийг бий болгох, явуулахтай холбогдсон үнэлгээ. Чингэхдээ;

 

(ii)Тийм гарц хаягдлыг зохицуулах талаар оролцогч Талаас явуулж буй бодлого, гарсан хууль тогтоомжийн үр дүнгийн үнэлгээ;

 

(iii)Энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн бөгөөд (i), (ii)-д дурдсан үнэлгээг харгалзсан стратеги;

 

(iv)Дээрх стратегитай холбогдсон бөгөөд түүнийг таниулан сурталчлахад чиглэсэн сургалт, боловсролыг дэмжих алхмууд;

 

(v)Эдгээр стратеги болон энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд гарсан ахиц ололтыг 5 жил тутам хянан үзэхэд гарах үр дүн; хяналтын үр дүнг 15 дугаар зүйлийн дагуу гаргах илтгэлд тусгана;

 

(vi)Үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний дотор түүнд тусгагдсан стратеги, арга хэмжээг хэрэгжүүлэх график;

 

(б)Гарц хаягдлыг түргэн бөгөөд бодитойгоор бууруулах, эх үүсвэрийг нь арилгахад хүргэхүйц хэрэгжүүлж болох зохистой практик арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлнэ;

 

(в)Хавсралт В-д дурдсан гарц хаягдлыг бууруулах, хаягдлаас сэргийлэх арга хэмжээний тухай ерөнхий чиглэл болон Талуудын Бага хурлаас батлан гаргах зөвлөмжийг харгалзан хавсралт В-д дурдсан химийн бодис бий болох, хаягдал болон гарахаас сэргийлэх зорилгоор орлуулах буюу сайжруулсан материал, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн үйл явцыг бий болгох, хэрэглэхийг дэмжих буюу зохих нөхцөлд шаардана;

 

(г)Хавсралт В-гийн II хэсэгт тодорхойлсон эх үүсвэрийн төрлүүдэд эхэн үед онцгой анхаарч шинэ эх үүсвэрийн хувьд тэргүүний арга техникийг хэрэглэх явдлыг Талаас тийм арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн эх үүсвэрийн төрлүүдийн хувьд дэмжих буюу шаардлагатай бол үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх графикийн дагуу шаардана. Тухайн хавсралтын II хэсэгт заасан төрлүүд дэх шинэ эх үүсвэрийн хувьд тэргүүний арга техникийг ашиглах шаардлагыг боломжийн хэрээр даруй, гэхдээ тухайн Талын хувьд энэ Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн дотор ашиглана. Талууд тодорхойлсон төрлүүдэд хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практик ашиглахыг дэмжинэ. Тэргүүний арга техникийг ашиглах, хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практик ажиллагааг хэрэгжүүлэхдээ гарц хаягдлаас сэргийлэх, хорогдуулах арга хэмжээний талаар тухайн Хавсралтад тусгасан ерөнхий чиглэл болон Талуудын Бага хурлаас гарах тэргүүний арга технийк, хүрээлэн буй орчны тэргүүний практикийн тухай зөвлөмжийг харгалзана;

 

(д)Тэргүүний арга техникийг ашиглах, хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практикийг хэрэгжүүлэх явдлыг:

 

(i)Байгаа эх үүсвэрүүдийн хувьд Хавсралт В-гийн II хэсэгт дурдсан эх үүсвэрийн төрлүүдийн болон мөн хавсралтын III хэсэгт тусгасантай адил эх үүсвэрийн төрлүүдийн хувьд;

 

(ii)Шинэ эх үүсвэрүүдийн хувьд Хавсралт В-гийн III хэсэгт дурдсантай адил бөгөөд тухайн Талаас дэд заалт (г)-ийн хүрээнд авч үзээгүй эх үүсвэрүүдийн хувьд тус тус үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу дэмжинэ

 

Талууд тэргүүний арга техникийг ашиглах, хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практик ажиллагааг хэрэгжүүлэхдээ гарц хаягдлаас сэргийлэх, бууруулах арга хэмжээний талаар Хавсралт В-д тусгасан ерөнхий чиглэл болон Талуудын Бага хурлаас батлан гаргах тэргүүний арга техник ба хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практикийн тухай зөвлөмжийг харгалзана;

 

(е)Энэхүү заалт болон Хавсралт В –гийн зорилгоор:

 

(i)“Тэргүүний арга техник” гэж Хавсралт В-гийн I хэсэгт дурдсан химийн бодисын гарц хаягдал, түүнээс хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөнөөс сэргийлэх, энэ нь биелшгүй тохиолдолд бууруулахад чиглэсэн, практикийн хувьд хаягдлыг бууруулах үндсийг зарчмын хувьд олгож буй үйл ажиллагаа, түүнийг явуулах хамгийн үр ашигтай, шилдэг арга барилыг хэлнэ;

 

(ii)“Арга техник” гэж ашиглаж буй технологи болон түүнийг зохиох, хийж бүтээх, арчлах, ажиллуулах болон ашиглалтаас гаргах арга замыг хэлнэ;

 

(iii)“Байгаа” арга техник гэж гүйцэтгэгчид ашиглах боломжтой, үйлдвэрлэлийн холбогдох секторт өргөнөөр хэрэглэхээр эдийн засгийн болон техникийн нөхцөл, зардал, давуу талыг нь харгалзан боловсруулсан арга техникийг хэлнэ;

 

(iv)“Тэргүүний” гэж хүрээлэн буй орчныг хамгаалахад хамгийн үр ашигтай байх явдлыг хэлнэ:

 

(v)“Хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практик ” гэж хүрээлэн буй орчны хяналтын арга хэмжээ, стратегийн хамгийн зохистой хослолыг хэрэглэх явдлыг хэлнэ;

(vi)“Шинэ эх үүсвэр” гэж дор дурдсанаас наад зах нь 1 жилийн дараа байгуулж эхэлсэн буюу үлэмж өөрчлөлт оруулсантай холбогдон бий болсон эх үүсвэрийг хэлнэ:

 

а.Холбогдох Талын хувьд энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсон; буюу

 

б.Хавсралт В-д оруулсан нэмэлт өөрчлөлтөд дурдсан эх үүсвэр энэхүү Конвенцийн нөхцөлд хамаарах болж, тухайн нэмэлт өөрчлөлт холбогдох Талын хувьд хүчин төгөлдөр болсон.

 

(ё)Тал нь энэхүү заалтын дагуу тэргүүний арга техникийг ашиглах үүднээс хаягдлыг хязгаарлах хэмжээ буюу үйл ажиллагааны стандартыг ашиглаж болно.

 

Зургадугаар зүйл

 

Нөөц болон хаягдлаас үүссэн гарц болон хаягдлыг

бууруулах буюу устгах арга хэмжээ

 

1.Хавсралт А буюу Б-д дурдсан химийн бодисоос бүрдсэн буюу тийм бодис бүхий бодисын нөөц болон Хавсралт А,Б,В-д дурдсан химийн бодисоос бүрдсэн буюу тийм бодис бүхий буюу тийм бодисоор хордсон бодис бүхий хаягдал, түүний дотор хаягдал болж буй бүтээгдэхүүн, зүйлийг хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүйгээр зохицуулахын тулд Тал тус бүр:

 

(а)дараах зүйлийг тодорхойлоход чиглэсэн холбогдох стратегийг боловсруулна:

 

(i)Хавсралт А буюу Б-д дурдсан химийн бодисоос бүрдсэн буюу тийм бодис бүхий бодисуудын нөөц;

 

(ii)Хавсралт А, Б, В-д дурдсан химийн бодисыг агуулсан буюу тэдгээрээр бохирдсон хаягдал, хэрэглэж буй бүтээгдэхүүн, зүйлс;

 

(б)Хавсралт А буюу Б-д дурдсан химийн бодисоос бүрдсэн буюу тийм бодисыг агуулсан, түүгээр бохирдсон нөөцийг дэд заалт (а)-д заасан стратегийн үндсэн дээр боломжийн хэрээр тогтооно;

 

(в)Нөөцийг нөхцөл байдлыг нь харгалзан аюулгүйгээр, үр ашигтайгаар, хүрээлэн буй орчинд халгүйгээр зохицуулна. Хавсралт А, Б-д дурдсан химийн бодисын нөөцийг хавсралт А-д заасан тусгай зөвшөөрөл буюу Хавсралт Б-д заасан тусгай зөвшөөрөл буюу зөвшөөрөгдсөн зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөлд хаягдал хэмээн үзэж, дэд заалт (г)–д заасны дагуу арга хэмжээ авна. Үүнд 3 дугаар зүйлийн 2 дугаар заалтын дагуу экспортлохыг зөвшөөрсөн нөөц хамаарахгүй;

 

(г)Тийм хаягдал, түүний дотор бүтээгдэхүүн, зүйлс хаягдал болоход зохих арга хэмжээг авна. Тухайлбал:

 

(i)Хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүйгээр цуглуулж, тээвэрлэж, хадгална;

 

(ii)Удаан задардаг органик бохирдуулагч нь устах буюу бүрмөсөн хувирч, бохирдуулагчийн шинж чанараа алдаж байхаар зайлуулна. Хэрэв устгах буюу бүрмөсөн хувиргах нь хүрээлэн буй орчинд халтай эсвэл удаан задардаг органик бохирдуулагчийн агууламж нь маш бага бол хүрээлэн буй орчинд халгүй өөр замаар зайлуулна. Чингэхдээ олон улсын, түүний дотор 2 дугаар заалтын дагуу боловсруулан гаргах дүрэм, стандарт, зөвлөмжүүд болон аюултай хаягдлын талаарх олон улсын болон бүс нутгийн холбогдох дүрэм журам, зааврыг харгалзана;

 

(iii)Удаан задардаг органик бохирдуулагчийг сэргээх, дахин боловсруулах, хэрэглээнд оруулах, шууд буюу өөр хэлбэрээр ашиглахад хүргэхүйц зайлуулах арга ажиллагаанд зөвшөөрөл олгохгүй байна;

 

(iv)Олон улсын холбогдох дүрэм, стандарт, зөвлөмжийг чанд сахих үндсэн дээр олон улсын хил дамнуулан тээвэрлэнэ.

 

(д)Хавсралт А, Б буюу В-д дурдсан химийн бодисоор бохирдсон газрыг тодорхойлох арга замыг бий болгох талаар хүчин чармайлт гаргана; тийм газрыг сэргээх арга хэмжээ авч буй бол түүнийг хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүйгээр явуулна;

 

2.Талуудын Бага хурал нь Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн Конвенцийн холбогдох байгууллагуудтай, тухайлбал дараахь зорилгоор нягт хамтран ажиллана:

 

(а)Удаан задардаг органик бохирдуулагчийн Хавсралт Г-гийн 1 дүгээр заалтад заасан шинж чанар дахин илрэхгүйгээр устах, бүрмөсөн хувирах түвшинг тогтоох;

 

(б)Дээр дурдсан хүрээлэн буй орчинд халгүй зайлуулах арга гэж юу болохыг тодорхойлох;

 

(в)Энэ зүйлийн 1 дэх заалтын (г) (ii) –д дурдсан удаан задардаг органик бохирдуулагчийн бага агууламжийг тодорхойлох үүднээс Хавсралт А, Б, В -д дурдсан

химийн бодисуудын концентрацийн түвшинг тогтоох.

 

Долдугаар зүйл

 

Хэрэгжүүлэх төлөвлөгөө

 

1.Тал бүр:

 

(a)Энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ биелүүлэхийг зорино;

 

(б)Өөрийнх нь хувьд Конвенц хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн дотор Талуудын Бага хуралд Конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хүргүүлнэ.

 

(в)Конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө үе үе болон Талуудын Бага хурлаас заасны дагуу тогтмол хянан шинэчилнэ.

 

2.Талууд Конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулах, биелүүлэх, шинэчлэхэд бие биедээ туслалцаа үзүүлэх үүднээс шууд буюу дэлхий нийтийн, бүсийн, дэд бүсийн байгууллагуудаар дамжуулан хамтран ажиллах ба үндэсний холбогдох этгээдүүдтэй, түүний дотор эмэгтэйчүүдийн байгууллага, хүүхдийн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн байгууллагуудтай зөвлөлдөнө.

 

3.Талууд удаан задардаг органик бохирдуулагчийн талаарх үндэсний төлөвлөгөөг шаардлагатай тохиолдолд тогтвортой хөгжлийнхөө стратегид тусгах арга замыг эрэлхийлж ажиллана.

 

 

Наймдугаар зүйл

 

Химийн бодисыг Хавсралт А, Б, В-д оруулах

 

1.Тал нь Хавсралт А, Б буюу В-д химийн бодис нэмж оруулах саналаа Нарийн бичгийн дарга нарын газарт гаргаж болно. Саналд Хавсралт Г-д дурдсан мэдээллийг тусгасан байна. Саналыг боловсруулахдаа бусад Талын болон Нарийн бичгийн дарга нарын газрын туслалцааг авч болно.

 

2.Нарийн бичгийн дарга нарын газар саналд Хавсралт Г-д заасан мэдээллийг тусгасан эсэхийг нягтлан шалгана. Мэдээллийг тусгасан гэж үзвэл түүнийг Удаан задардаг органик бохирдуулагчийн асуудал хариуцсан Хороонд хүргүүлнэ.

 

3.Байгаа бүх мэдээллийг зохих ёсоор харгалзан Хороо нь саналыг Хавсралт Г-д заасан шалгууруудыг ашиглан уян хатан, ил тод байдлаар хянан үзнэ.

 

4.Хэрэв Хороо:

 

(а)шалгуурын нөхцлүүд хангагдсан гэж үзвэл уг санал болон Хорооны дүгнэлтийг Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан бүх Тал ба ажиглагчдад толилуулж, хавсралт Д-д заасан мэдээллийг гаргаж өгөхийг хүснэ;

 

(б)шалгуурын нөхцлүүд хангагдсангүй гэж үзвэл уг санал болон Хорооны дүгнэлтийг Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан бүх Тал болон ажиглагчдад толилуулж, саналыг хэлэлцэх явдлыг түдгэлзүүлнэ.

 

5.Аливаа Тал 4 дүгээр заалтын дагуу хэлэлцэхийг нь түдгэлзүүлсэн саналыг Хороонд дахин тавьж болно. Чингэхдээ түүнийг авч үзэх өөрийн үндэслэлүүдийг, түүнчлэн Хороо яагаад түүнийг дахин авч үзэх шаардлагатайг заасан үндэслэлүүдийг Хороонд гаргаж болно. Хэрэв Хороо түүнийг энэхүү журмын дагуу авч үзээд хэлэлцэхийг нь дахин түдгэлзүүлбэл холбогдох Тал Хорооны шийдвэртэй заргалдаж болох ба Талуудын Бага хурал асуудлыг дараагийн хуралдаанаараа авч хэлэлцэнэ. Талуудын Бага хурал нь Хавсралт Г-д дурдсан шалгууруудыг үндэслэн Хорооны дүгнэлт болон Тал, ажиглагчдаас өгсөн нэмэлт мэдээллийг харгалзан саналыг хэлэлцэх шийдвэр гаргаж болно.

 

6.Хэрэв Хороо шалгуурын нөхцлүүд хангагдсан гэж үзсэн буюу Бага хурал саналыг хэлэлцэх нь зүйтэй гэж тогтсон тохиолдолд Хороо саналыг хянан үзнэ. Чингэхдээ хүлээн авсан нэмэлт мэдээллийг харгалзах бөгөөд Хавсралт Д-гийн дагуу эрсдлийн тодорхойлолтын төслийг бэлтгэнэ. Эрсдлийн тодорхойлолтын төслийг Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан бүх Тал, ажиглагчдад толилуулан саналыг нь авч, эрсдлийн тодорхойлолтыг гүйцээнэ.

 

7.Хороо Хавсралт Д-гийн дагуу бэлтгэсэн эрсдлийн тодорхойлолтын үндсэн дээр:

 

(а)тухайн химийн бодис нь хүрээлэн буй орчны үйл явцад хол тархаж, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд дэлхий нийтийг хамарсан арга хэмжээ авахыг шаардахуйц сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл саналыг хэлэлцэнэ. Шинжлэх ухааны бүрэн мэдээлэл нотолгоо хангалттай бус байх нь саналыг хэлэлцэхэд саад болохгүй. Хороо Хавсралт Е-д дурдсан асуудлуудтай холбогдсон мэдээлэл өгөхийг Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан бүх Тал, ажиглагчдаас хүснэ. Мөн эрсдлийн удирдлагын үнэлгээг, түүний дотор тухайн химийн бодист тавих хяналтын арга хэмжээнд Хавсралт Е –гийн дагуу хийх үнэлгээг бэлтгэх; буюу

 

(б)саналыг цаашид хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл эрсдлийн тодорхойлолтыг Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан бүх Тал, ажиглагчдад толилуулан саналыг хэлэлцэхийг түдгэлзүүлнэ.

 

8.Тал нь 7 (б) заалтын дагуу түдгэлзүүлсэн саналтай холбогдуулан санал тавигч болон бусад Талаас нэг жил хүртэлх хугацааны дотор нэмэлт мэдээлэл авах асуудлыг Хороонд тавих хүсэлтийг Талуудын Бага хуралд гаргаж болно. Хороо саналыг дурдсан хугацааг өнгөрсний дараа хүлээн авсан нэмэлт мэдээллийн үндсэн дээр 6 дугаар заалт болон Талуудын Бага хурлаас тогтоох дарааллын дагуу дахин хэлэлцэнэ. Хэрэв саналыг авч үзээд түүнийг хэлэлцэхийг дахин түдгэлзүүлбэл Тал Хорооны шийдвэртэй заргалдаж болох ба Талуудын Бага хурал асуудлыг дараагийн хуралдаанаараа авч хэлэлцэнэ. Талуудын Бага хурал нь нь Хавсралт Д-д дурдсан эрсдлийн тодорхойлолтыг үндэслэн Хорооны дүгнэлт, Тал болон ажиглагчдаас өгсөн бусад нэмэлт мэдээллийг харгалзан саналыг хэлэлцэх шийдвэр гаргаж болно. Хэрэв Талуудын Бага хурал саналыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл Хороо эрсдлийн удирдлагын үнэлгээг бэлтгэнэ.

 

9.Хороо 6 дугаар заалтад дурдсан эрсдлийн тодорхойлолт, 7(а) буюу 8 дугаар заалтад дурдсан эрсдлийн удирдлагын үнэлгээг үндэслэн тухайн химийн бодисыг Хавсралт А, Б буюу В дэх жагсаалтад оруулах асуудлыг Талуудын Бага хурлаар хэлэлцүүлэх эсэх талаар зөвлөмж гаргана. Талуудын Бага хурал Хорооны зөвлөмжийг, түүний дотор шинжлэх ухааны баримт нотолгоо хангалттай бус байгааг харгалзан тухайн химийн бодисыг Хавсралт А, Б буюу В-д оруулах эсэх, хяналтын холбогдох арга хэмжээг тусгах эсэх талаар шийдвэр гаргана.

 

Есдүгээр зүйл

 

Мэдээлэл солилцоо

 

1.Тал бүр доорх чиглэлээр мэдээлэл солилцох буюу тийнхүү солилцоход тус дөхөм үзүүлнэ:

 

(а)удаан задардаг органик бохирдуулагчийн үйлдвэрлэл, хэрэглээ, гарц хаягдлыг бууруулах буюу зогсоох;

 

(б)удаан задардаг органик бохирдуулагчийг орлох зүйлс, түүний дотор тэдгээрийн улмаас учирч буй эрсдэл, эдийн засаг, нийгмийн хохирол.

 

2.Талууд 1 дүгээр заалтад дурдсан мэдээлийг шууд буюу Нарийн бичгийн дарга нарын газраар дамжуулан солилцоно.

 

3.Тал бүр тийм мэдээлэл солилцох үндэсний төвийг томилж ажиллуулна.

 

4.Нарийн бичгийн дарга нарын газар нь удаан задардаг органик бохирдуулагчийн талаарх мэдээлэл, түүний дотор Талууд, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудаас ирүүлсэн мэдээллийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ.

 

5.Хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдлын тухай мэдээллийг энэхүү Конвенцийн зорилгоор нууцад хамааруулахгүй. Энэхүү Конвенцийн дагуу өөр бусад мэдээлэл солилцож байгаа Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр нууц мэдээлийг задруулахгүй байна.

 

Аравдугаар зүйл

 

Олон нийтийн мэдээлэл, сурталчилгаа, боловсрол

 

Тал бүр дараах арга хэмжээг авахад бололцооныхоо хэрээр дэмжиж тусална. Үүнд:

 

(а)удаан задардаг органик бохирдуулагчийн талаар бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчдад сурталчлан танилцуулах;

 

(б)9 дүгээр зүйлийн 5 дугаар заалтыг харгалзан удаан задардаг органик бохирдуулагчийн тухай байгаа бүхий л мэдээллийг олон нийтэд хүргэх.

 

(в)удаан задардаг органик бохирдуулагчид, тэдгээрээс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлдэг уршиг нөлөө болон тэдгээрийг орлуулах зүйлийн талаар танилцуулсан олон нийтийн сурталчилгааны болон сургалтын хөтөлбөрийг, ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд, боловсрол дутмаг хүмүүст зориулан боловсруулж хэрэгжүүлэх;

 

(г)удаан задардаг органик бохирдуулагчид, тэдгээрээс хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлж буй уршиг нөлөөний талаар хэлэлцэх, холбогдох арга хэмжээг боловсруулахад олон нийтийг оролцуулах, тухайлбал энэхүү Конвенцийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах боломжийг олгох;

 

(д)ажилчин, эрдэм шинжилгээний ажилтан, сурган хүмүүжүүлэгчид, техникийн болон удирдах боловсон хүчин бэлтгэх;

 

(е)сургалт, олон нийтийн сурталчилгааны материалыг үндэсний болон олон улсын хэмжээнд боловсруулах, солилцох; болон

 

(ё)боловсролын ба сургалтын хөтөлбөрийг үндэсний болон олон улсын хэмжээнд боловсруулж хэрэгжүүлэх.

 

2.Тал бүр 1 дүгээр заалтад дурдсан мэдээллийг бололцооны хэрээр олон нийтэд нээлттэй байлгаж, шинэчилж байна.

 

3.Үйлдвэрлэлийн болон мэргэжлийн ашиглагчид нь 1 дүгээр заалтад дурдсан мэдээллийг үндэсний, шаардлагатай бол дэд бүсийн, бүсийн ба олон улсын түвшинд солилцох явдлыг Тал бүр бололцооны хэрээр дэмжинэ.

 

4.Талууд удаан задардаг органик бохирдуулагчид болон тэдгээрийг орлох зүйлийн тухай мэдээлэл солилцохдоо мэдээлэх хуудас, илтгэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон харилцаа холбооны бусад хэрэгслийг ашиглаж болох бөгөөд үндэсний болон олон улсын мэдээллийн төвүүдийг байгуулж болно.

 

5.Тал бүр хавсралт А, Б буюу В-д дурдсан бөгөөд жилд гарсан буюу зайлуулсан химийн бодисын хэмжээний тухай мэдээлэл цуглуулах, солилцох үүднээс гарсан, шилжүүлсэн бохирдуулагчийг бүртгэх хэрэгсэл, механизмыг бий болгох асуудлыг нааштайгаар авч үзнэ.

 

Арван нэгдүгээр зүйл

 

Судалгаа, боловсруулалт, шинжилгээ

 

1.Талууд удаан задардаг органик бохирдуулагчид, тэдгээрийг орлуулах бодис, удаан задардаг органик бодис болж болзошгүй зүйлс, түүний дотор тэдгээрийн:

 

(а)хүрээлэн буй орчинд гарах гарц хаягдал, эх үүсвэр;

 

(б)хүрээлэн буй орчин болон хүний биед орших байдал, түвшин, хандлага;

 

(в)хүрээлэн буй орчинд шилжин тархах, хувирах явдал;

 

(г)хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө;

 

(д)нийгэм-эдийн засаг, соёлын үр дагавар;

 

(е)гарц хаягдлын хорогдол, устал; болон

 

(ё)үүсгэгч эх үүсвэрийг бүртгэх нэгдсэн арга зүй болон гарц хаягдлыг хэмжих аналитик арга техникийн талаар үндэсний ба олон улсын түвшинд зохих судалгаа, боловсруулалт, шинжилгээ хийх болон хамтарч ажиллахыг болоцооны хэрээр дэмжинэ.

 

2.Талууд 1 дүгээр заалтыг хэрэгжүүлэхдээ:

 

(а)давхардсан ажиллагаа, хүч чармайлт аль болох бага гаргахыг анхаарч шинжилгээ судалгаа хийх, мэдээлэл цуглуулах, шинжилгээ явуулах явдлыг тодорхойлох, үнэлж дүгнэх, санхүүжүүлэхэд чиглэсэн олон улсын хөтөлбөр, сүлжээ, байгууллагыг бололцооны хэрээр хөгжүүлж дэмжинэ ;

 

(б)ялангуяа хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын шинжлэх ухаан-техникийн судалгаа явуулах боломж чадавхийг бэхжүүлэх, мэдээлэл, судалгааг ашиглах, солилцох явдлыг нь хөхиүлэн дэмжихэд чиглэсэн үндэсний болон олон улсын хүчин чармайлтыг бололцоогоороо хөхиүлэн дэмжинэ;

 

(в)хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орнуудын, ялангуяа санхүү хийгээд техникийн талаарх хэрэгцээ шаардлагыг харгалзаж, (а), (б) дэд заалтад дурдсан хүчин чармайлтыг хэрэгжүүлэхэд оролцох чадавхийг нь бэхжүүлэх талаар хамтран ажиллана;

 

(г)удаан задардаг органик бохирдуулагчаас нөхөн үржихүйн эрүүл мэндэд үзүүлдэг нөлөөллийг бууруулах талаар судалгаа хийнэ;

 

(д)судлах, боловсруулах, шинжилгээ хийх талаар энэхүү заалтад дурдсан үйл ажиллагааны үр дүнтэй цаг тухайд нь танилцах боломжийг олон нийтэд байнга олгоно;

 

(е)судлах, боловсруулах болон шинжилгээ хийх явцад гарсан мэдээллийг хадгалах, баяжуулах талаар хамтран ажиллах буюу тийнхүү хамтран ажиллах явдлыг дэмжинэ.

 

Арван хоёрдугаар зүйл

 

Техникийн туслалцаа

 

1.Хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудын хүсэлтээр техникийн зохих туслалцааг цаг тухайд нь олгож байх нь энэхүү Конвенцийг амжилттай хэрэгжүүлэх чухал нөхцөл гэдгийг Талууд хүлээн зөвшөөрч байна.

 

2.Талууд хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудад онцгой хэрэгцээ шаардлагыг нь харгалзан туслах, энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх чадавхийг нь хөгжүүлэн бэхжүүлэх үүднээс тэдэнд техникийн зохих туслалцааг цаг тухайд нь үзүүлэх талаар хамтран ажиллана.

 

3.Хөгжингүй болон бусад орон болох Талаас боломж чадавхиа харгалзан үзүүлэх техникийн туслалцаанд энэхүү Конвенциор хүлээсэн үүргийг биелүүлэх чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн техникийн тусламжийг харилцан тохиролцсоноор оруулна. Энэ талаар удирдлага болгох нэмэлт чиглэлийг Талуудын Бага хурал батлан гаргана.

 

4.Талууд хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудад энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан техникийн туслалцаа үзүүлэх, технологи шилжүүлэхийг дэмжих үүднээс шаардлагатай бол тохиролцоо байгуулна. Тийм тохиролцоонд энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудад туслах үндэсний чадавхийг бэхжүүлэх, технологи шилжүүлэх бүсийн болон салбар бүсийн төвүүд хамаарна. Энэ талаар удирдлага болгох нэмэлт чиглэлийг Талуудын Бага хурал батлан гаргана.

 

5.Талууд техникийн туслалцааны талаар арга хэмжээ авахдаа нэн буурай хөгжилтэй болон арлын хөгжиж буй жижиг орнуудын онцлог хэрэгцээ шаардлага, онцгой байдлыг энэ зүйлийн хувьд бүрэн харгалзан үзнэ.

 

Арван гуравдугаар зүйл

 

Санхүүгийн эх үүсвэр, механизм

 

1.Тал бүр энэхүү Конвенцийн зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг үндэсний төлөвлөгөө, тэргүүлэх зорилт, хөтөлбөрийн дагуу санхүүгийн талаар бололцооны хэрээр дэмжиж урамшуулна.

 

2.Энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхэд гарах тохиролцсон нэмэлт бүх зардлыг нөхөх боломжийг хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудад олгох үүднээс хөгжингүй орон болох Талууд санхүүгийн шинэ нэмэлт хөрөнгийг тусламж авч буй Тал болон 6 дугаар заалтад дурдсан механизмд оролцож буй этгээдийн хооронд тохиролцсоны дагуу гаргана. Бусад Тал санхүүгийн тийм хөрөнгийг өөрийн боломжийн дагуу сайн дурын үндсэн дээр олгож болно. Бусад эх үүсвэр хандив оруулах явдлыг дэмжинэ. Эдгээр үүргийг биелүүлэхэд үзүүлэх санхүүгийн туслалцаа нь хүрэлцэхүйц, урьдчилан тооцож болохуйц, цаг үеэ олсон, хандив оруулж буй Талуудын санхүүгийн үүрэг хариуцлага нь тэнцвэртэй байхын чухлыг тус тус харгалзана.

 

3.Энэхүү Конвенциор хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбогдуулан хөгжингүй болон бусад орон болох Талаас өөрсдийн боломж, үндэсний төлөвлөгөө, тэргүүлэх зорилт, хөтөлбөрөө харгалзан үзүүлж болох болон хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудын авах санхүүгийг туслалцааг хоёр талын, бүсийн болон олон талын бусад үүсвэр буюу сувгаар дамжуулж болно.

 

4.Хөгжиж буй орон болох Талуудаас энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлэх нь хөгжингүй орон болох Талууд санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлэх, технологи шилжүүлэх талаар Конвенциор хүлээсэн үүргээ хэр зэрэг биелүүлэхээс хамаарна. Хөгжиж буй орон болох Талуудын хувьд нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах нь нэн тэргүүний бөгөөд хамгаас чухал зорилго болохыг бүрэн харгалзахын хамт хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг хамгаалахад зохих ёсоор анхаарна.

 

5.Талууд санхүүжилтийн талаар арга хэмжээ авахдаа нэн буурай хөгжилтэй болон арлын хөгжиж буй жижиг орнуудын онцлог хэрэгцээ шаардлага, онцгой байдлыг бүрэн анхаарч үзнэ.

 

6.Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд нь туслах үүднээс хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудад санхүүгийн хүрэлцэхүйц бөгөөд тогтвортой хөрөнгийг буцалтгүйгээр буюу хөнгөлөлттэй нөхцлөөр олгох механизмыг үүгээр тогтоож байна. Энэхүү механизм нь Талуудын Бага хурлын ерөнхий удирдлага, шаардлагатай бол тодорхой чиглэлийн дор үйл ажиллагаагаа явуулах бөгөөд ажлаа Бага хуралд тайлагнана. Механизмын үйл ажиллагааг Талуудын Бага хурлаас батлан гаргах шийдвэрийн үндсэн дээр нэг буюу хэд хэдэн этгээдэд, түүний дотор үйл ажиллагаагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудад хариуцуулна. Механизм нь олон талын, бүсийн болон хоёр талын шугамаар санхүүгийн болон техникийн туслалцаа үзүүлдэг бусад этгээдийг хамарч болно. Механизмд оруулах хандив нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудад 2 дугаар заалтын дагуу олгож байгаа санхүүгийн бусад хөрөнгөд нэмэлт дэмжлэг болно.

 

7.Талуудын Бага хурал энэхүү Конвенцийн зорилго болон 6 дугаар заалтын дагуу уг механизмын үйл ажиллагаанд удирдлага болгох чиглэлийг анхдугаар хуралдаанаараа баталж, түүнийг хүчин төгөлдөр болгох журмын талаар санхүүгийн механизмд оролцож буй этгээд буюу этгээдүүдтэй тохирно. Чиглэл нь, тухайлбал дараахь асуудлуудыг зохицуулна:

 

(а)бодлого, стратеги болон хөтөлбөрийн тэргүүлэх зорилтууд, түүнчлэн санхүүжилт авах, түүнийг хэрэглэх дэлгэрэнгүй бөгөөд тодорхой шалгуур, зөвлөмжийг тодорхойлох, түүний дотор хөрөнгийн ашиглалтыг тогтмол хянаж, үнэлж дүгнэх;

 

(б)энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны санхүүжилт нь хангалттай бөгөөд тогтвортой байгаа эсэх талаар санхүүгийн механизмд оролцож буй этгээд буюу этгээдүүдээс Талуудын Бага хуралд тогтмол илтгэл бэлтгэн тавих;

 

(в)санхүүжилтийн олон эх үүсвэрийг олж ашиглах арга зам, механизм, тохиролцоог дэмжих;

 

(г)энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бөгөөд бэлэн байгаа санхүүжилтийн хэмжээг үнэн зөвөөр тодорхойлох арга зам, хэлбэр. Чингэхдээ удаан задардаг органик бохирдуулагчийг шахан зайлуулах нь удаан хугацааны тогтвортой санхүүжилт болон түүнийг үе үе хянан үзэхийг шаардаж болзошгүйг харгалзах;

 

(д)Зохицуулалтад нь тус дөхөм үзүүлэх үүднээс санхүүгийн бэлэн байгаа эх үүсвэр болон санхүүжилтийг хэрэгжүүлж буй байдлын тухай мэдээллийг санхүүгийн хэрэгцээ шаардлагын тухай мэдээний хамт сонирхсон Талуудад өгөх.

 

8.Талуудын Бага хурал энэхүү зүйлийн дагуу байгуулж буй механизмын үр өгөөж, түүнээс хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудын өөрчлөгдөж буй хэрэгцээ шаардлагыг хангаж буй байдал, 7 дугаар заалтад дурдсан шалгуур, чиглэл, санхүүжилтийн түвшин, түүнчлэн санхүүгийн механизмыг ажиллуулах үүрэг хүлээсэн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг хоёр дахь хуралдаанаасаа хэтрэлгүй хянаж эхэлж, түүнээс хойш тогтмолжуулна.

 

Арван дөрөвдүгээр зүйл

 

Санхүүгийн түр зохицуулалт

 

Хүрээлэн буй орчны Өөрчлөн байгуулсан дэлхий дахины Санг байгуулах тухай баримт бичгийн дагуу ажиллаж буй Хүрээлэн буй орчны дэлхий дахины Сан нь энэхүү Конвенц хүчин төгөлдөр болох үеэс Талуудын Бага хурлын анхны хуралдаан болох хүртэл буюу Талуудын Бага хурал 13 дугаар зүйлийн дагуу зохион байгуулалтын холбогдох бүтцийг томилох хүртэл 13 дугаар зүйлд заасан санхүүжилтийн механизмын үүргийг түр гүйцэтгэнэ. Хүрээлэн буй орчны дэлхий дахины Сан удаан задардаг органик бохирдуулагчийн талаар тухайлсан арга хэмжээ авах замаар энэхүү үүргээ гүйцэтгэнэ. Чингэхдээ энэ салбарт шинэ зохицуулалт шаардагдаж болзошгүйг харгалзана.

 

Арван тавдугаар зүйл

 

Илтгэл мэдээлэл

 

1.Тал бүр энэхүү Конвенцийн заалтуудыг хэрэгжүүлэхээр авч буй арга хэмжээ болон тэдгээр арга хэмжээ нь Конвенцийн зорилгыг биелүүлэхэд хэр үр дүнтэй байгаа талаар Талуудын Бага хуралд тайлагнана.

 

2.Тал бүр Нарийн бичгийн дарга нарын газарт дараахь зүйлийг хүргүүлнэ. Үүнд:

 

(а)Хавсралт А, Б-д дурдсан химийн бодис тус бүрийн үйлдвэрлэсэн, импортлосон, экспортлсон нийт хэмжээний тухай стастистикийн тоо баримт буюу тийм мэдээллийн үнэлгээ;

 

(б)тийм химийн бодисыг импортоор авсан болон экспортлосон орнуудын жагсаалт.

 

3.Илтгэлийг тогтмол хугацаанд тайлагнаж байх бөгөөд, илтгэлийн хэлбэр, загварыг Талуудын Бага хурлын анхдугаар хуралдаанаас тогтооно.

 

Арван зургадугаар зүйл

 

Үр өгөөжийн үнэлгээ

 

1.Талуудын Бага хурал энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш дөрөв дэх жилээс эхлэн, цаашдаа Бага хурлаас тогтоох хугацаанд Конвенцийн үр өгөөжийн дүнг тогтмол үнэлж байна.

 

2.Үнэлгээг хийхэд тус дөхөм үзүүлэх үүднээс болон Хавсралт А, Б, В-д дурдсан химийн бодис болон тэдгээрийн бүс нутаг хийгээд дэлхий дахинаа тархсан байдлын тухай хяналтын харьцуулсан мэдээлэлтэй болохын тулд Талуудын Бага хурал анхны хуралдаанаараа зохих зохицуулалтыг санаачилна. Зохицуулалт нь:

 

(а)шаардлагатай бол бүсийн хэмжээнд хэрэгжихээр байх бөгөөд Талуудын техникийн болон санхүүгийн бололцоонд түшиглэсэн, хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, хяналтын механизмыг бүрэн хэмжээгээр ашиглах, холбогдох арга зам, хандлагуудыг уялдуулан зохицуулах явдлыг дэмжихэд чиглэсэн байна;

 

(б)бүс хоорондын ялгаа, тэдгээрээс хяналт хийх чадавхийг нь харгалзан үзэж шаардлагатай бол нэмэлт оруулж болохоор байна;

 

(в)бүсийн болон дэлхий дахины хэмжээнд Талуудын Бага хурлаас тогтоох хугацаанд явуулах хяналтын дүнгийн талаар Талуудын Бага хуралд тавих илтгэлийг хамарна.

 

3.Энэ зүйлийн 1 дүгээр заалтад дурдсан үнэлгээг шинжлэх ухаан, хүрээлэн буй орчин, техник, эдийн засгийн түүний дотор дараахь мэдээллийн үндсэн дээр гаргана. Үүнд:

 

(а)2 дугаар заалтын дагуу гаргах илтгэл болон хяналтын бусад мэдээлэл;

 

(б)15 дугаар зүйлийн дагуу өгөх үндэсний илтгэл; болон

 

(в)Конвенцийг мөрдөөгүй талаарх 17 дугаар зүйлээр тогтоох журмын дагуу өгөх мэдээлэл.

 

Арван долдугаар зүйл

 

Конвенцийг мөрдөөгүй нөхцөл

 

Талуудын Бага хурал энэхүү Конвенцийн заалтуудыг мөрдөөгүй нөхцөл байдлыг тогтоох болон Конвенцийг биелүүлээгүй Талын талаар авах арга хэмжээг тодорхойлох журам, зохион байгуулалтын механизмыг аль болох даруй боловсруулан батална.

 

Арван наймдугаар зүйл

 

Маргаан шийдвэрлэх

 

1.Талууд энэхүү Конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар гарсан аливаа маргааныг хэлэлцээний буюу өөрсдийн сонгосон бусад арга замаар эв зүйгээр шийдвэрлэнэ.

 

2.Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах үед буюу түүнд нэгдэн орох, мөн түүнээс хойш ямар ч үед бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага биш аливаа Тал Конвенцийг хэрэглэх болон тайлбарлахтай холбогдсон ямар ч маргааны тухайд дор дурдсан шийдвэрлэх арга замын аль нэгийг буюу хоёуланг хүлээн зөвшөөрч буй бусад Талтай үүссэн маргаанаа шийдвэрлэхдээ заавал дагаж мөрдөнө гэдгээ Эх хадгалагчид ирүүлэх батламж бичигтээ мэдэгдэж болно. Үүнд:

 

(а)Талуудын Бага хурлаас хавсралтаар баталсан журмын дагуу аль болох богино хугацаанд арбитраар хянан хэлэлцүүлэх;

 

(б)Маргааныг Олон улсын шүүхэд шилжүүлэх;

 

3.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага болох Тал 2(а) заалтад дурдсан журмын дагуу явагдах арбитражийн хувьд дээрх мэдэгдлийг хийж болно;

 

4.Энэ зүйлийн 2 буюу 3 дугаар заалтын дагуу хийсэн мэдэгдэл нь түүнд заасан нөхцлийнхөө хугацаа дуустал буюу түүнийг цуцалсан талаар Эх хадгалагчид бичгээр мэдэгдэл өгснөөс хойш 3 сарын дараа хүчин төгөлдөр байна.

 

5.Мэдэгдлийн хугацаа дууссан, түүнийг цуцалсан буюу шинэ мэдэгдэл хийсэн зэрэг нь Талууд өөрөөр тохироогүй бол арбитраж буюу Олон улсын шүүхийн явцад нөлөөлөхгүй.

 

6.Хэрэв маргалдагч Талууд 2 дугаар заалтын дагуу буюу түүнд дурдсаны адил журмыг хүлээн аваагүй буюу хооронд нь маргаан байгаа гэдгийг нэг Тал нь нөгөө Талдаа мэдэгдсэнээс хойш 12 сарын дотор маргаанаа зохицуулж чадаагүй бол уг маргааныг аль нэг талын хүсэлтээр Эвлэрүүлэх комисст шилжүүлнэ. Эвлэрүүлэх комисс нь зөвлөмж бүхий илтгэл гаргана. Эвлэрүүлэх комисст холбогдох нэмэлт журмыг Талуудын Бага хурлын 2 дугаар хуралдаанаас хэтрэлгүйгээр хавсралтаар батлан гаргана.

 

Арван есдүгээр зүйл

 

Талуудын Бага хурал

 

1.Үүгээр Талуудын Бага хурлыг байгуулав.

 

2.Талуудын Бага хурлын анхдугаар хуралдааныг энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсноос хойш нэг жилээс хэтрэлгүйгээр НҮБ-ын Хүрээлэн буй орчны Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал хуралдуулна. Цаашид Талуудын Бага хурлын ээлжит хуралдааныг Бага хурлаас тогтоох хугацаанд зарлан хуралдуулна.

 

3.Талуудын Бага хурлын ээлжит бус хуралдааныг Бага хурлаас шаардлагатай гэж үзсэн үед буюу оролцогч Талуудын наад зах нь гуравны нэгний дэмжлэг авсан аливаа Талын бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу хуралдуулна.

 

4.Талуудын Бага хурал нь анхныхаа хуралдаанаар өөрийн болон туслах байгууллагуудынхаа журам, санхүүгийн дүрэм, мөн түүнчлэн Нарийн бичгийн дарга нарын газрын үйл ажиллагаанд удирдлага болох санхүүгийн заалтуудыг зөвшилцөх журмаар батална.

 

5.Талуудын Бага хурал нь энэхүү Конвенцийн биелэлтийг байнга хянан үнэлж дүгнэнэ. Мөн Конвенциор хүлээлгэсэн үүргийг биелүүлэх бөгөөд үүний тулд:

 

(а)Энэхүү Конвенцийг хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзсэн туслах байгууллагуудыг 6 дугаар заалтын дагуу байгуулна;

 

(б)Эрх бүхий олон улсын байгууллагууд, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллана;

 

(в)15 дугаар зүйлийн дагуу Талуудад толилуулж буй бүх мэдээлэл, түүний дотор 3 дугаар зүйлийн 2 (б) (iii) заалтын үр дүнг тогтмол хянан үзнэ;

 

(г)Конвенцийн зорилгод хүрэхэд шаардагдах нэмэлт арга хэмжээг хэлэлцэж хэрэгжүүлнэ.

 

6.Энэхүү Конвенциор хүлээлгэсэн үүргийг нь гүйцэтгүүлэхийн тулд Талуудын Бага хурал анхныхаа хуралдаанаар Удаан задардаг органик бохирдуулагчийн асуудал хариуцсан Хороо хэмээх туслах байгууллагыг байгуулна. Үүнтэй холбогдуулан:

 

(а)Удаан задардаг органик бохирдуулагчийн асуудал хариуцсан Хорооны гишүүдийг Талуудын Бага хурлаас томилно. Гишүүд нь химийн салбарт үнэлгээ буюу удирдлагын чиглэлээр мэргэшсэн, засгийн газраас томилсон мэргэжилтнүүд байна. Хорооны гишүүдийг газар зүйн тэгш хуваарилалтын үндсэн дээр томилно.

 

(б)Талуудын Бага хурал нь Хорооны ажиллах журам, зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар шийдвэр гаргана.

 

(в)Хороо нь зөвлөмжөө зөвшилцөх журмаар гаргах талаар хүчин чармайлт тавина. Хэрэв бүх арга зам барагдаж, зөвшилцөлд хүрч чадаагүй бол зөвлөмжөө байлцан санал өгч буй гишүүдийн гуравны хоёрын саналаар батлан гаргана.

 

7.Талуудын Бага хурал 3 дахь хуралдаанаараа 3 дугаар зүйлийн 2 (б) заалтад дурдсан журам шаардлагатай хэвээр байгаа эсэхийг үр дүнгийн нь хамт үнэлж дүгнэнэ.

 

8.НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Олон улсын цөмийн энергийн агентлаг, мөн түүнчлэн Конвенцид оролцоогүй улс Талуудын Бага хуралд ажиглагчаар оролцож болно. Мөн Конвенцид хамаарах асуудлаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Талуудын Бага хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт тавьсан үндэсний болон олон улсын, засгийн газар хоорондын болон төрийн бус байгууллагуудыг Талуудын гуравны нэгээс багагүй нь дэмжсэн тохиолдолд Талуудын Бага хуралд оролцуулж болно.

 

Хорьдугаар зүйл

 

Нарийн бичгийн дарга нарын газар

 

1.Үүгээр Нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулав.

 

2.Нарийн бичгийн дарга нарын газар дараахь үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

 

(а)Талуудын Бага хурал, түүний туслах байгууллагуудын хуралдааны бэлтгэлийг хангах, шаардлагатай үйлчилгээ үзүүлэх;

 

(б)Энэхүү Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь хөгжиж буй болон шилжилтийн эдийн засагтай орон болох Талуудад хүсэлтийнх нь дагуу туслах;

 

(в)Олон улсын холбогдох бусад байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газартай шаардлагатай зохицуулалт хийх;

 

(г)15 дугаар зүйлийн дагуу хүлээн авсан болон байгаа бусад мэдээлэл дээр үндэслэн үе үе илтгэл бэлтгэж, Талуудад хүргүүлэх;

 

(д)Үүргээ үр дүнтэй биелүүлэхэд нь шаардагдах захиргааны болон гэрээт тохиролцоог Талуудын Бага хурлын ерөнхий чиглэлийн дор байгуулах;

 

(е)Энэхүү Конвенцид заасан нарийн бичгийн даргын газрын бусад ажил болон Талуудын Бага хурлаас тогтоож болох бусад үүргийг гүйцэтгэх.

 

3.Хэрэв Талуудын Бага хурал байлцан санал өгч буй гишүүдийнхээ дөрөвний гурвын саналаар нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг олон улсын өөр ямар нэг буюу хэд хэдэн байгууллагад хариуцуулахаар шийдвэрлээгүй л бол НҮБ-ын Хүрээлэн буй орчны Хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал тус нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэнэ.

 

Хорин нэгдүгээр зүйл

 

Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах

 

1.Аль ч Тал энэхүү Конвенцид нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал тавьж болно.

 

2.Энэхүү Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийг Талуудын Бага хурлын хуралдаанаар батална. Нэмэлт өөрчлөлтийн тухай саналыг Нарийн бичгийн дарга нарын газар уг нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн батлах хуралдаан болохоос 6 сараас доошгүй хугацааны өмнө Талуудад тараана. Нэмэлт өөрчлөлтийн тухай саналыг Нарийн бичгийн дарга нарын газар мөн Конвенцид гарын үсэг зурсан Талуудад болон Конвенцийн Эх хадгалагчид танилцуулахаар хүргүүлнэ.

 

3.Талууд Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар зөвшилцөлд хүрэх хүчин чармайлт гаргана. Хэрэв бүх арга зам барагдаж, зөвшилцөлд хүрч чадаагүй бол нэмэлт өөрчлөлтийг байлцан санал өгч буй Талуудын дөрөвний гурвын саналаар батална.

 

4.Нэмэлт өөрчлөлтийг Эх хадгалагч соёрхон батлуулах, хүлээн зөвшөөрүүлэх буюу батлуулахаар бүх Талд хүргүүлнэ.

 

5.Нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн буюу баталсныг Эх хадгалагчид бичгээр мэдэгдэнэ. 3 дугаар заалтын дагуу баталсан нэмэлт өөрчлөлт нь түүнийг хүлээн авсан Талуудын дөрөвний гурваас доошгүй нь нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан тухай батламж бичгээ Эх хадгалагчид хадгалуулснаас хойш 90 дэх хоногоос хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан Талын хувьд холбогдох батламж бичгийг Эх хадгалагч хүлээн авснаас хойш 90 дэх өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

 

Хорин хоёрдугаар зүйл

 

Хавсралтыг батлах, түүнд нэмэлт өөрчлөлт оруулах

 

1.Энэхүү Конвенцийн Хавсралт нь Конвенцийн салшгүй хэсэг байх бөгөөд түүнд өөрөөр заагаагүй бол Конвенциос иш татах нь түүний хавсралтаас иш татсантай адил байх болно.

 

2.Аливаа нэмэлт Хавсралт нь дүрэм журмын, шинжлэх ухаан, техникийн буюу зохион байгуулалтын асуудлаар хязгаарлагдсан байна.

 

3.Энэхүү Конвенцид нэмэлт Хавсралт оруулахыг санал болгох, түүнийг батлах, хүчин төгөлдөр болгоход дараахь журмыг мөрдөнө. Үүнд:

 

(а)Нэмэлт хавсралтыг 21 дүгээр зүйлийн 1, 2, 3 дугаар заалтад тусгасан журмын дагуу санал болгож батална;

 

(б)Нэмэлт хавсралтыг хүлээн зөвшөөрөх боломжгүй аливаа Тал нэмэлт хавсралтыг баталсан тухай Эх хадгалагчаас мэдээлэл авснаасаа хойш 1 жилийн дотор энэ тухайгаа Эх хадгалагчид бичгээр мэдэгдэнэ. Эх хадгалагч мэдэгдлийг хүлээн авсан даруйдаа бүх Талд уламжилна. Аливаа Тал хүлээн авах боломжгүй талаар өмнө нь хийсэн мэдэгдлээ хэзээ ч эгүүлэн авч болох бөгөөд хавсралт нь тухайн Талын хувьд мэдэгдэл хийсэн үеэс эхлэн /в/ дэд заалтын дагуу хүчин төгөлдөр болно;

 

(в)Нэмэлт хавсралт нь түүнийг баталсан тухай Эх хадгалагч мэдэгдэл тарааснаас хойш нэг жилийн дараа (б) дэд заалтын дагуу мэдэгдэл хийгээгүй бүх Талын хувьд хүчин төгөлдөр болно.

 

4.Хавсралт А, Б буюу В-д нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгох, нэмэлт өөрчлөлтийг батлах, хүчин төгөлдөр болгохдоо энэхүү Конвенцид хавсралт нэмэхийг санал болгох, хавсралтыг батлах, хүчин төгөлдөр болгоход баримталдгийн адил журмыг мөрдөнө. Гагцхүү Хавсралт А, Б буюу В-д оруулсан нэмэлт өөрчлөлт нь тэдгээр хавсралтад оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар 25 дугаар зүйлийн 4 дүгээр заалтын дагуу мэдэгдэл хийсэн Талын хувьд хүчин төгөлдөр болохгүй. Тийм мэдэгдэл хийсэн Талын хувьд хавсралтад оруулсан нэмэлт өөрчлөлт нь түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу түүнд нэгдэн орсон тухай батламж бичгээ Эх хадгалагчид хадгалуулснаас хойш 90 хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

 

5.Хавсралт Г, Д буюу Е–д нэмэлт өөрчлөлт оруулахыг санал болгох, нэмэлт өөрчлөлтийг батлах, хүчин төгөлдөр болгохдоо доорх журмыг баримтална:

 

(а)нэмэлт өөрчлөлтийг 21 дүгээр зүйлийн 1, 2 дугаар заалтад тусгасан журмын дагуу санал болгоно;

 

(б)Талууд хавсралт Г, Д буюу Е–д оруулах нэмэлт өөрчлөлтийг зөвшилцөх журмаар шийдвэрлэнэ;

 

(в)Хавсралт Г, Д буюу Е–д нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэрийг Эх хадгалагч Талуудад хүргэнэ. Нэмэлт өөрчлөлт шийдвэрт заасан хугацаанд бүх Талын хувьд хүчин төгөлдөр болно.

 

6.Хэрэв нэмэлт хавсралт буюу хавсралтад оруулах нэмэлт өөрчлөлт нь энэхүү Конвенцид оруулах нэмэлт өөрчлөлттэй холбоотой бол нэмэлт хавсралт буюу нэмэлт өөрчлөлт нь энэхүү Конвенцид оруулсан нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох хүртэл хүчин төгөлдөр болохгүй.

 

Хорин гуравдугаар зүйл

 

Санал өгөх эрх

 

1.Энэхүү Конвенцид оролцогч Тал бүр энэ зүйлийн 2 дугаар заалтад дурдсанаас бусад тохиолдолд нэг санал өгнө.

 

2.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь эрх хэмжээнийхээ асуудлаар санал өгөх эрхтэй бөгөөд саналын тоо нь түүний энэхүү Конвенцид оролцогч гишүүн улсууд болох Талуудын тоотой тэнцүү байна. Тийм байгууллага гишүүн аль нэг улс нь санал өгөх эрхээ эдлэхэд санал өгөхгүй, байгууллага нь санал өгөх эрхээ эдэлж байхад гишүүн улсууд нь санал өгөхгүй.

 

Хорин дөрөвдүгээр зүйл

 

Гарын үсэг зурах

 

Энэхүү Конвенц нь 2001 оны 5 дугаар сарын 23-нд Стокгольмд, 2001 оны 5 дугаар сарын 24-нөөс 2002 оны 5 дугаар сарын 22–нд Нью-Йорк дахь НҮБ-ын Төв байранд бүх улс, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагуудад гарын үсэг зурахад нээлттэй байна.

 

Хорин тавдугаар зүйл

 

Соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох

 

1.Энэхүү Конвенцийг улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орно. Конвенц нь түүнд гарын үсэг зурах явдал хаагдсаны дараахь өдрөөс эхлэн улс орнууд болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагууд нэгдэн ороход нээлттэй байна. Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу түүнд нэгдэн орох тухай батламж бичгүүд нь Эх хадгалагчид хадгалагдана.

 

2.Аль ч гишүүн орон нь оролцогч Тал болоогүй байхад энэхүү Конвенцид оролцогч болж байгаа бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага Конвенцид заасан бүхий л үүргийг биелүүлнэ. Нэг буюу хэд хэдэн гишүүн орон нь Конвенцийн тал байх тийм байгууллагын хувьд Конвенциор хүлээсэн үүргээ биелүүлэх талаар хэн нь ямар хариуцлага хүлээх талаар байгууллага ба түүний гишүүн орнууд хэлэлцэн шийдвэрлэнэ. Байгууллага болон түүний гишүүн орнууд Конвенцийн дагуу эдлэх эрхээ давхардан хэрэгжүүлэхгүй.

 

3.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага нь Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох батламж бичигтээ Конвенциор зохицуулагдах асуудлын талаар эдлэх эрх хэмжээнийхээ хүрээг заана. Байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд гарсан холбогдох өөрчлөлтийн талаар Эх хадгалагчид мэдээлж, тэр нь цааш Талуудад мэдэгдэнэ.

 

4.Аливаа тал Конвенцийг соёрхон батлах, хүлээн зөвшөөрөх, батлах буюу нэгдэн орох батламж бичигтээ Хавсралт А, Б буюу В-д оруулсан нэмэлт өөрчлөлт нь түүний хувьд холбогдох батламж бичгээ Эх хадгалагчид өгснөөр хүчин төгөлдөр болно гэж мэдэгдэж болно.

 

Хорин зургадугаар зүйл

 

Хүчин төгөлдөр болох

 

1.Энэхүү Конвенц түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай 50 дахь батламж бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш 90 дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

 

2.Энэхүү Конвенц нь түүнийг соёрхон баталсан, хүлээн зөвшөөрсөн, баталсан буюу нэгдэн орсон тухай 50 дахь батламж бичгийг хадгалуулахаар өгснөөс хойш соёрхон баталж, хүлээн зөвшөөрч, баталж буюу нэгдэж байгаа улс орон, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд тухайн улс, байгууллага холбогдох батламж бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш 90 дэх хоногоос эхлэн хүчин төгөлдөр болно.

 

3.Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас хадгалуулахаар өгсөн аливаа батламж бичгийг 1, 2 дугаар заалтын зорилгын үүднээс тухайн байгууллагын гишүүн орнуудаас хадгалуулахаар өгсөн баримт бичгийн нэмэлт гэж үзэхгүй.

 

Хорин долдугаар зүйл

 

Тайлбар

 

Энэхүү Конвенцид тайлбар хийж болохгүй.

 

Хорин наймдугаар зүйл

 

Конвенциос гарах

 

1.Тал нь энэхүү Конвенц түүний хувьд хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жил өнгөрсний дараа Эх хадгалагчид бичгээр мэдэгдэл өгөх замаар Конвенциос гарч болно.

 

2.Эх хадгалагч гарах тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш нэг жилийн дараа буюу гарах мэдэгдэлд заасан хугацаа өнгөрсний дараа Конвенц тухайн талын хувьд үйлчлэхээ болино.

 

Хорин есдүгээр зүйл

 

Эх хадгалагч

 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэхүү Конвенцийн Эх хадгалагч байна.

 

Гучдугаар зүйл

 

Адил хүчинтэй эх бичвэрүүд

 

Энэхүү Конвенцийн англи, араб, испани, хятад, орос, франц хэлээр үйлдсэн, адил хүчинтэй эх бичвэрүүд нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалагдана.

 

ДЭЭРХИЙГ НОТОЛЖ доор дурдсан нэр бүхий төлөөлөгчид бүрэн эрхийнхээ дагуу энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

 

Хоёр мянга нэг оны тавдугаар сарын хоринхоёр дахь өдөр Стокгольм хотноо үйлдэв.

 

Хавсралт А

 

УСТГАХ

 

I Хэсэг

 

Химийн бодис

Үйл ажиллагаа

Тусгай нөхцөл

Альдрин*

CAS№ 309-00-2

(CAS-олон улсын код) Chemical Abstract’s servise

үйлдвэрлэл

Байхгүй

хэрэглээ

Орон нутгийн эктопаразитицид

Инсектицид

Хлорден*

CAS № 57-74-9

 

 

үйлдвэрлэл

Бүртгэлд орсон Tалуудад зөвшөөрөгдсөнөөр

хэрэглээ

Орон нутгийн эктопаразитицид

Инсектицид

Термитицид

Байшин барилга, гүүр далангийн термитицид

Засмал замын термитицид

Наамал банз, сарампайн цавууны нэмэлт

Дилдрин*

CAS № 60-57-1

үйлдвэрлэл

Байхгүй

хэрэглээ

ХАА-н үйлажиллагаанд

Эндрин*

CAS №72-20-8

үйлдвэрлэл

Байхгүй

хэрэглээ

Байхгүй

Гептахлор*

CAS № 76-44-8

үйлдвэрлэл

Байхгүй

хэрэглээ

Термитицид

Барилгын хийцийн термитицид

Термитицид (хөрсний)

Ой модыг арчлах

Газар доорхи кабель шугамын ашиглалт

Гексахлорбензол

CAS №118-74-1

үйлдвэрлэл

Бүртгэлд орсон Tалуудад зөвшөөрөгдсөнөөр

хэрэглээ

Завсрын бүтээгдэүүн

Пестицидийн уусгагч

Завсрын бүтээгдэхүүнийг хязгаарласан битүү системийн хэсэг

Мирекс*

CAS№2385-85-5

үйлдвэрлэл

Бүртгэлд орсон Tалуудад зөвшөөрөгдсөнөөр

хэрэглээ

Термитицид

Токсафен*

CAS№ 8001-35-2

үйлдвэрлэл

Байхгүй

хэрэглээ

Байхгүй

Полихлорт бифенил

(РСВ)

үйлдвэрлэл

Байхгүй

хэрэглээ

Энэхүү хавсралтын II хэсэгт заагдсан нөхцөлд хэрэглэнэ

 

 

Тайлбар:

 

(i)Энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй л бол бүтээгдэхүүн болон эд зүйлст зориудын бус микробохирдуулагчийн хэлбэрээр байх химийн бодис энэхүү Хавсралтад хамаарахгүй ;

 

(ii)Энэхүү тайлбар 3 дугаар зүйлийн 2 дугаар заалтын зорилгын хувьд үйлдвэрлэл, хэрэглээний талаарх тусгай зөвшөөрөлд хамаарахгүй. Тухайн бодисын хувьд хүлээх үүрэг хүчин төгөлдөр болох үед буюу өмнө нь үйлдвэрлэсэн буюу хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүнд байх бодисын хэмжээ нь тухайн бүтээгдэхүүн ашиглагдаж байгаа тухай холбогдох Тал Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдсэн тохиолдолд энэхүү Хавсралтад хамаарахгүй. Нарийн бичгийн дарга нарын газар тийм мэдээллийг нийтэд хүртээлтэй байлгана.

 

(iii)Энэ тайлбар нь энэхүү Хавсралтын 1 дүгээр хүснэгтийн “Химийн бодис” баганад одоор тэмдэглэсэн бодисуудад хамаарахгүй бөгөөд 3 дугаар зүйлийн 2 дугаар заалтын зорилгын хувьд үйлдвэрлэл, хэрэглээний талаарх тусгай зөвшөөрөлд тооцогдохгүй. Хаалттай тогтолцоонд, хязгаарлагдмал хүрээн дэх үйлдэрлэл, хэрэглээний явцад байгаа завсрын химийн бодис нь хүн, байгальтай их хэмжээгээр харьцаанд орохгүй гэж үзэж болох тул Оролцогч Тал энэхүү хавсралтад заасан химийн бодисын тодорхой хэмжээний үйлдвэрлэл, хэрэглээг Хавсралт Г-гийн 1 дүгээр заалтад дурдсан шалгуураар авч үзвэл удаан задардаг органик бохирдуулагчийн шинж чанарыг гаргадаггүй бусад бодисыг үйлдвэрлэх явцад химийн урвалд орж хувирах завсрын химийн бодис мэтээр үзэж, Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэн зөвшөөрч болно. Мэдэгдэл нь тухайн химийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээний нийт хэмжээний тухай мэдээллийг буюу тийм мэдээлийг үнэлж дүгнэсэн тайлбарыг болон хаалттай тогтолцоонд, хязгаарлагдмал хүрээн дэх үйл явцын шинж чанарын тухай мэдээллийг, түүний дотор эцсийн бүтээгдэхүүн дэх удаан задардаг органик бохирдуулагчийн анхдагч материалын хувираагүй болон зориудын биш микробохирдуулагчийн тоо хэмжээний тухай мэдээллийг тусгасан байна. Энэхүү Хавсралтанд өөрөөр заагаагүй бол энэхүү журмыг хэрэглэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар нь мэдэгдлийг Талуудын Бага хурал ба олон нийтэд хүртээлтэй байлгана. Тийм үйлдвэрлэл, хэрэглээг үйлдвэрлэл, хэрэглээний тусгай зөвшөөрөлд хамааруулж үзэхгүй. Холбогдох Тал Нарийн бичгийн дарга нарын газарт шинэ мэдэгдэл өгөн Талуудын Бага хурал тухайн үйлдвэрлэл, хэрэглээг хянан үзэж, өөрөөр шийдээгүйгээс хугацааг нь дахин арван жилээр сунгаагүй л бол, тийм үйлдвэрлэл, хэрэглээг арван жилийн дараа зогсооно. Мэдэгдлийг давтан өгч болно;

 

(iv)Энэхүү Хавсралтын тусгай бүх зөвшөөрлийг 4 дүгээр зүйлийн дагуу бүртгүүлсэн Талууд эдэлж болно. Үүнд энэхүү Хавсралтын II хэсгийн заалтын дагуу бүх Тал эдэлж болох бөгөөд хэрэглээнд байгаа бүтээгдэхүүний полихлорт бифенилийг ашиглах явдал хамаарахгүй.

 

II Хэсэг

 

Полихлорт бифенил

 

Тал бүр:

 

(а)Полихлорт бифенилыг тоног төхөөрөмжид (трансформатор, конденсатор болон шингэн бодис агуулдаг бусад хүлээн авагчид) хэрэглэх явдлыг Талуудын Бага хурлаар хэлэлцэж, 2025 он гэхэд хориглохтой холбогдуулан дараахь тэргүүлэх зорилтуудын дагуу арга хэмжээ авна. Үүнд:

 

(i)5 литрээс илүү эзэлхүүнтэй, 10 хувиас илүү концентрацитай полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмжийг илрүүлэх, шошголох, хэрэглээнээс гаргах;

 

(ii)5 литрээс илүү эзэлхүүнтэй, 0.05 хувиас илүү полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмжийг илрүүлэх, шошголох, хэрэглээнээс гаргах;

 

(iii)5 литрээс илүү эзэлхүүнтэй, 0.005 хувиас илүү концентрацитай полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмжийг илрүүлэх, хэрэглээнээс гаргах.

 

(б)полихлорт бифенилд өртөх, эрсдэх явдлыг бууруулах, түүний хэрэглээнд хяналт тавих зорилгоор (а) дэд заалтад тусгасан зорилтуудын дагуу дараахь арга хэмжээ авахыг дэмжинэ:

 

(i)огт гэмтээгүй, шингэн алдахгүй битүү тоног төхөөрөмжийг зөвхөн хүрээлэн буй орчинд хаягдах гарц бохирдол нь маш бага байх бөгөөд арилгаж болох газарт л ашиглах;

 

(ii)хүнс, тэжээл үйлдвэрлэдэг, боловсруулдаг газруудад ашиглахгүй байх;

 

(iii)сургууль, эмнэлэг бүхий суурин газарт ашиглах тохиолдолд гал түймэр гарахад хүргэж болзошгүй цахилгааны саатлаас сэргийлэх, хамгаалах бүхий л арга хэмжээг авах, битүү сав агууламжийг тогтмол шалгаж байх.

 

(в)дэд заалт (a)-д дурдсан полихлорт бифенил агуулсан тоног төхөөрөмжийг хүрээлэн буй орчинд халгүй зайлуулахаас өөр зориулалтаар экспортлох, импортлохгүй байх; чингэхдээ 3 дугаар зүйлийн 2 дугаар заалтыг харгалзахгүй байна;

 

(г)0.005 хувиас дээш концентрац бүхий полихлорт бифенил агуулсан шингэнийг арчилгаа, үйлчилгээнээс өөр бусад зорилгоор ашиглуулахгүй байх;

 

(д)полихлорт бифенил агуулсан шингэнийг болон 0.005 хувиас дээш концентрац бүхий полихлорт бифенилээр бохирдсон тоног төхөөрөмжийг 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу хүрээлэн буй орчинд халгүйгээр зайлуулах асуудлыг Талуудын Бага хурлаар хэлэлцүүлэн 2028 оноос өмнө аль болох даруй шийдвэрлэх;

 

(е)0.005 хувиас дээш концентрац бүхий полихлорт бифенил агуулсан бусад (кабелийн бүрхүүл, хатсан жийргэвч ба будсан эдлэл гэх мэт) зүйлийг илрүүлж, 6 дугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу арга хэмжээ авах; /энэхүү Хавсралтын I дүгээр хэсгийн (ii) тайлбар хамаарахгүй/

 

(ё)полихлорт бифенилыг устгах явцын талаар 5 жил тутам илтгэл бэлтгэн 15 дугаар зүйлийн дагуу Талуудын Бага хуралд хүргүүлэх;

 

(ж)Талуудын Бага хурал полихлорт бифенилтэй холбогдсон асуудлуудыг хянан үзэхдээ (ё)-д заасан илтгэлийг хэлэлцэнэ; Бага хурал полихлорт бифенилийг устгах үйл явцыг 5 жил тутам буюу зохих өөр хугацаанд хянан үзнэ. Чингэхдээ дээр дурдсан илтгэлийг харгалзана.

 

Хавсралт Б

 

ХЯЗГААРЛАЛТ

 

I хэсэг

 

Химийн бодис

Үйл ажиллагаа

Зөвшөөрөгдөх зориулалт буюу тусгай заалт

ДДТ

[1.1.1-трихлор –2.2-бис (4-хлорфенил)этан]

CAS № 50-29-3

Үйлдвэрлэл

Зөвшөөрөгдөх зориулалт: Энэхүү хавсралтын II хэсэгт заасны дагуу өвчний нян тээгчийн хяналтанд ашиглах

Тусгай нөхцөл:

Дикофолын үйлдвэрлэлд завсрын бүтээгдэхүүн байдлаар

Завсрын бүтээгдэхүүн

Хэрэглээ

Зөвшөөрөгдөх зориулалт:

Энэхүү хавсралтын II хэсэгт заасны дагуу өвчний нян тээгчийн хяналт.

Тусгай нөхцөл:

Дикофолын үйлдвэрлэл

Завсрын бүтээгдэхүүн

 

 

Тайлбар:

 

(i)Энэхүү Конвенцид өөрөөр заагаагүй л бол бүтээгдэхүүн болон эд зүйлсэд зориудын биш микробохирдуулагчийн хэлбэрээр орших химийн бодисын тоо хэмжээ энэхүү хавсралтад хамаарахгүй;

 

(ii)Энэхүү тайлбар 3 дугаар зүйлийн 2 дугаар заалтын зорилгын хувьд үйлдвэрлэл, хэрэглээний талаарх тусгай зөвшөөрөлд хамаарахгүй. Тухайн бодисын хувьд хүлээх үүрэг хүчин төгөлдөр болох үед буюу өмнө нь үйлдвэрлэсэн буюу хэрэглэгдэж байгаа бүтээгдэхүүнд байх бодисын хэмжээ нь тухайн бүтээгдэхүүн ашиглагдаж байгаа тухай холбогдох Тал Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдсэн тохиолдолд энэхүү Хавсралтад хамаахгүй. Нарийн бичгийн дарга нарын газар тийм мэдээллийг нийтэд хүртээлтэй байлгана.

 

(iii)Энэ тайлбар нь энэхүү хавсралтын 1 дүгээр хүснэгтийн “Химийн бодис” баганад одоор тэмдэглэсэн бодисуудад хамаарахгүй бөгөөд 3 дугаар зүйлийн 2 дугаар заалтын зорилгын хувьд үйлдвэрлэл, хэрэглээний талаарх тусгай зөвшөөрөлд тооцогдохгүй. Хаалттай тогтолцоонд, хязгаарлагдмал хүрээн дэх үйлдэрлэл, хэрэглээний явцад байгаа завсрын химийн бодис нь хүн, байгальтай их хэмжээгээр харьцаанд орохгүй гэж үзэж болох тул Оролцогч Тал энэхүү хавсралтад заасан химийн бодисын тодорхой хэмжээний үйлдвэрлэл, хэрэглээг хавсралт Г-гийн 1 дүгээр заалтад дурдсан шалгуураар авч үзвэл удаан задардаг органик бохирдуулагчийн шинж чанарыг гаргадаггүй бусад бодисыг үйлдвэрлэх явцад химийн урвалд орж хувирах завсрын химийн бодис мэтээр үзэж, Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдэн зөвшөөрч болно. Мэдэгдэл нь тухайн химийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээний нийт хэмжээний тухай мэдээлэл буюу тийм мэдээлийг үнэлж дүгнэсэн тайлбарыг болон хаалттай тогтолцоонд, хязгаарлагдмал хүрээн дэх үйл явцын шинж чанарын тухай мэдээллийг, түүний дотор эцсийн бүтээгдэхүүн дэх удаан задардаг органик бохирдуулагчийн анхдагч материалын хувираагүй болон зориудын биш микробоирдуулагчийн тоо хэмжээний тухай мэдээллийг тусгасан байна. Энэ Хавсралтад өөрөөр заагаагүй бол энэхүү журмыг хэрэглэнэ. Нарийн бичгийн дарга нарын газар нь тийм мэдэгдлийг Талуудын Бага хурал ба олон нийтэд хүртээлтэй байлгана. Тийм үйлдвэрлэл, хэрэглээг үйлдвэрлэл, хэрэглээний тусгай зөвшөөрөлд хамааруулж үзэхгүй. Холбогдох Тал Нарийн бичгийн дарга нарын газарт шинэ мэдэгдэл өгөн Талуудын Бага хурал тухайн үйлдвэрлэл, хэрэглээг хянан үзэж, өөрөөр шийдээгүйгээс хугацааг нь дахин арван жилээр сунгаагүй л бол, тийм үйлдвэрлэл, хэрэглээг арван жилийн дараа зогсооно. Мэдэгдлийг давтан өгч болно;

 

(iv)Энэхүү Хавсралтын тусгай бүх зөвшөөрлийг 4 дүгээр зүйлийн дагуу бүртгүүлсэн Талууд эдэлж болно.

 

II хэсэг

 

ДДТ (1.1.1 трихлор-2, 2-бис(4-хлорфенил) этан)

 

1.ДДТ-г үйлдвэрлэх ба/буюу хэрэглэх хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт мэдэгдээгүй тохиолдолд ДДТ-гийн үйлдвэрлэл ба хэрэглээг хориглоно. Үүгээр байгуулж буй ДДТ-гийн бүртгэл нь олон нийтэд ил тод байна. Нарийн бичгийн дарга нарын газар ДДТ-гийн бүртгэлийг хийнэ.

 

2.Аюулгүй, үр ашигтай орлуулах зүйл байхгүй үед ДДТ-г өвчний нян тээгчдэд хяналт тавих зорилгоор үйлдэрлэх ба/буюу хэрэглэж байгаа Тал тийм үйлдвэрлэл, хэрэглээг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас боловсруулсан зөвлөмж болон ДДТ-г ашиглах чиглэлийн дагуу хязгаарлана.

 

3.ДДТ-гийн бүртгэлд ороогүй Тал нь өвчний нян тээгчдэд хяналт тавих зорилгоор ДДТ-г үйлдвэрлэх шаардлагатай бол ДДТ-гийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Нарийн бичгийн дарга нарын газарт аль болох даруй тавина. Чингэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад мөн адил мэдэгдэнэ.

 

4.ДДТ-г ашиглаж буй Тал Нарийн бичгийн дарга нарын газар болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад ашиглаж буй тоо хэмжээ, ашиглалтын нөхцөл, ДДТ нь холбогдох өвчлөлийг анагаахад хэр зэрэг хамаатай талаар Талуудын Бага хурлаас Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай зөвлөлдөн тогтоох журмын дагуу 3 жил тутам мэдээлнэ.

 

5.ДДТ-гийн хэрэглээг багасгах, улмаар бүрмөсөн үгүй болгох зорилгоор Талуудын Бага хурал дараахь арга хэмжээ авахыг дэмжинэ:

 

(а)ДДТ-г ашигладаг Тал бүр үйл ажиллагааны төлөвлөгөөг 7 дугаар зүйлд заасан хэрэгжүүлэх төлөвлөгөөний нэгэн хэсэг болгон боловсруулж хэрэгжүүлэх. Үйл ажиллагааны төлөвлөгөөнд дараахь арга хэмжээг тусгана:

 

(i)ДДТ-гийн хэрэглээг өвчний нян тээгчдэд тавих хяналтаар хязгаарлахад чиглэсэн зохицуулалтын болон бусад механизмыг боловсруулах:

 

(ii)Зохих орлох бүтээгдэхүүн, арга зам, стратегийг, түүний дотор удирдлагын холбогдох стратегийг хэрэгжүүлэх. Чингэхдээ тийм орлох зүйлсийг үр дүнтэй байлгахыг зорих.

 

(iii)Хүний эрүүл мэндийн талаар тавих анхаарал халамжийг сайжруулах, өвчлөлтийг бууруулах арга хэмжээ авах:

 

(б)Талууд ДДТ-г ашигладаг Талуудад зориулж, химийн болон химийн бус аюулгүй орлох бүтээгдэхүүн, арга барил, стратегийг өвчлөлтөөс хүмүүст болон эдийн засагт үзүүлэх дарамтыг багасгах зорилгоор судлах, боловсруулахыг нөхцөл байдлаа харгалзан бололцоогоороо дэмжинэ.

 

Дурьдсан орлох зүйлс буюу тэдгээрийн зохистой хослолыг авч үзэхдээ хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд эерэг нөлөө үзүүлж буй хүчин зүйлсийг дэмжинэ. ДДТ-г орлуулах зүйлс нь хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд бага хохирол учруулдаг, өвчлөлд хяналт тавихад Оролцогч Талуудын нөхцөл байдалд тохирсон, ажиглалт хяналтын тоо баримтаар батлагдаж байх ёстой.

 

6.Талуудын Бага хурал анхны хуралдаанасаа эхлэн түүнээс хойш наад зах нь 3 жил тутамд өвчний нян тээгчдэд хяналт тавихад ДДТ хэрэгтэй хэвээр байгаа эсэх талаар үнэлэлт дүгнэлт гаргана. Чингэхдээ Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагатай зөвлөлдөн шинжлэх ухаан, техник, хүрээлэн буй орчин, эдийн засгийн холбогдох мэдээллийг, түүний дотор дараахь зүйлийг харгалзана:

 

(a)ДДТ-гийн хэрэглээ, үйлдвэрлэл болон 2 дугаар заалтад тусгагдсан нөхцлүүд;

 

(б)ДДТ-г орлуулах зүйл нь хэр зэрэг олдоцтой, хэрэглэхэд зохимжтой, боломжтой;

(в) Тийм зүйлийг аюулгүй шилжүүлэх талаар улс орнуудад гарч буй ахиц.

 

7.Оролцогч Тал ДДТ-гийн бүртгэлээс Нарийн бичгийн дарга нарын газарт бичгээр мэдэгдэл өгөн гарч болно. Тухайн Талыг мэдэгдэлд дурдсан хугацаанаас эхлэн Бүртгэлээс гарсанд тооцно.

 

Хавсралт В

 

ЗОРИУДЫН БУС ҮЙЛДВЭРЛЭЛ

 

I Хэсэг: 5 дугаар зүйлийн шаардлагад хамаарах

удаан задардаг органик бохирдуулагчид

 

Энэхүү Хавсралтыг хүний үйл ажиллагаатай холбогдон үүссэн удаан задардаг дараахь органик бохирдуулагчийн хувьд хэрэглэнэ.

 

Химийн бодис

Полихлоржуулсан дибензо-n-диоксинууд ба дибензофуранууд (PCDD/PCDF)

Гексахлорбензол (HCB) (CAS №:118-74-1)

Полихлорт бифенилүүд (РСВ)

 

 

II Хэсэг. Эх үүсвэрийн төрөл

 

 Полихлорт дибензо-n-диоксинууд, дибензофуранууд, гексахлорбензолууд ба полихлорт бифенилүүд зэрэг бодис нь органик нэгдэл, хлор оролцсон дулааны үйл явцад химийн урвал болон дутуу шаталтын үр дагавар болон бий болдог. Үйлдвэрлэлийн дараахь эх үүсвэрийн төрлүүд нь бий болох, дээрх бодисуудыг хүрээлэн буй орчинд ялгаруулан гаргахдаа харьцангуй түргэн байдаг:

 

(a)Хог шатаагч, түүний дотор хотын болон эмнэлгийн хаягдал, бохирын ус зэрэг хог хаягдлыг устгах төхөөрөмж;

 

(б)Хортой хаягдал шатаах цементийн зуух;

 

(в)Цайруулагчаар ашигладаг дан хлор ба дан хлор ялгаруулдаг химийн бодисыг ашиглан элдэв зуурмаг үйлдвэрлэх;

 

(г)Төмөрлөгийн үйлдвэрлэл дэх дараахь дулааны процессууд:

 

(i)Зэсийн хоёрдогч үйлдвэрлэл;

 

(ii)Төмөр болон гангийн үйлдвэрлэлийн хайлуулах хэсэг;

 

(iii)Хөнгөн цагааны хоёрдогч үйлдвэрлэл;

 

(iv)Цайрын хоёрдогч үйлдвэрлэл.

 

III Хэсэг. Эх үүсвэрийн төрөл

 

Полихлорт дибензо-n-диоксинууд, дибензофуранууд, гексахлорбензолууд ба полихлорт бифенилүүд нь дараахь эх үүсвэрийн төрлүүдээс үүсэн тархаж болно. Үүнд:

 

(а)Хог хаягдлыг ил задгай шатаах, газарт булсан хог хаягдлыг шатаах;

 

(б)II хэсэгт дурдаагүй төмөрлөгийн үйлдвэрлэлийн дулааны процесс;

 

(в)Ахуйн шаталтын эх үүсвэрүүд

 

(г)Байгалийн шатагч материалаар ажилладаг төхөөрөмж, үйлдвэрийн уурын тогоонууд;

 

(д)Мод болон бусад биомассыг түлшний зориулалтаар шатаах төхөөрөмж;

 

(е)Удаан задардаг органик бохирдуулагчид, ялангуяа хлорфенол ба хлоранилийг гаргагч химийн тусгай үйлдвэрийн процесс;

 

(ё)Чандарлах;

 

(ж)Дотоод шаталтын, ялангуяа хар тугалгатай бензин шатаадаг хөдөлгүүр хэрэгсэл;

 

(з)Амьтны сэг устгал;

 

(и)Бөс даавуу, арьс ширний хлоранил бүхий будаг болон өнгөлөгч (шүлтийн ханд) ашигладаг боловсруулалт;

 

(к)Хэрэглээнээс гарсан тоног төхөөрөмж, хэрэгслийг буталж жижиглэх үйлдвэр;

 

(л)Зэс кабелийг шатаах;

 

(м)Нефть боловсруулахтай холбогдон бий болсон хаягдал.

 

IV Хэсэг. Тодорхойлолт

 

1.Энэхүү Хавсралтын зорилгын хувьд:

 

(а)“Полихлорт бифенил” гэж бифенилийн (нүүрстөрөгч-нүүрстөрөгч гэсэн дан холбоогоор холбогдсон 2 бензолын цагираг) молекулын устөрөгчийн атомууд нь 10 хүртэл тооны хлорын атомаар халагдсан ароматик нэгдлийг хэлнэ.

 

(б)“Полихлорт дибензо-n-диоксин” ба “полихлорт дибензофуранууд” нь 3 цагирагт ароматик нэгдлүүд бөгөөд “полихлорт дибензо-n-диоксинууд” нь 2-хүчилтөрөгчийн атомаар дамжин холбогдсон хоёр бензолын цагираг ба “полихлорт дибензофуранууд” нь нүүрстөрөгч-нүүрстөрөгч дан холбоо ба нэг хүчилтөрөгчийн атомаар дамжин холбогдсон хоёр бензолын цагираг юм. Эдгээрийн устөрөгчийн атомууд нь найм хүртэл тооны хлорын атомаар халагдсан байж болно.

 

2.Энэхүү Хавсралтад дурдсан полихлорт дибензо-n-диоксин болон хлорт дибензофуранын хоруу чанарыг тодорхойлохдоо эдгээр нэгдлүүд ба копланар полихлорт бифенилийн төсөөт нэгдлүүдийг 2, 3, 7, 8-тетрахлор-дибензо-n-диоксинтой харьцуулан хоруу чанарыг хэмжиж диоксинтой төсөөт хоруу чанарын эквивалент гэсэн нэр томъёогоор илэрхийлнэ. Энэ Конвенцийн зорилгод хэрэглэх хоруу чанарын эквивалент хүчин зүйлийн утга нь 1998 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хөхтөн амьтдын хувьд гаргасан полихлорт дибензо-n-диоксин, полихлорт дибензофуран болон копланар полихлорт бифенилийн хоруу чанарын тодорхойлолтод болон олон улсын хүлээн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн бусад стандартад тохирох ёстой. Концентрац нь хоруу чанарын эквивалентаар илэрхийлэгдэнэ.

 

V Хэсэг. Тэргүүний арга техник, байгальорчинд зохистой тэргүүний практикт холбогдолтой

ерөнхий арга хэмжээ

 

Энэхүү Хэсэг нь I хэсэгт дурдсан химийн бодисуудаас хамгаалах буюу тэдгээрийг бууруулах талаар Талуудаас баримтлах ерөнхий чиглэл болно.

 

А. Тэргүүний арга техник, хүрээлэн буй орчинд зохистой тэргүүний практикт холбогдолтой урьдчилан сэргийлэх ерөнхий арга хэмжээ

 

I хэсэгт дурдсан химийн бодисууд үүсч тархахаас хамгаалах явдлыг тэргүүлэх зорилт болгоно. Ашигтай арга хэмжээнд дараахийг оруулж болно. Үүнд:

 

(а)Хаягдал бага гаргадаг технологи ашиглах;

 

(б)Аюул уршиг багатай бодисуудыг ашиглах;

 

(в)Үйлдвэрлэлийн явцад ашигласан ба үүссэн бодис, хог хаягдлыг дахин

боловсруулах болон эргүүлж ашиглах явдлыг дэмжих;

 

(г)Удаан задардаг органик бохирдуулагч өөрөө тэжээл болж байх буюу эсвэл эх үүсвэрээс гарч байгаа удаан задардаг органик бохирдуулагч ба материал нь шууд холбоотой байвал түүнийг орлуулах;

 

(д)Үйлдвэрлэл эрхлэлт ба урьдчилан сэргийлэх сайн хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлэх;

 

(е)Хог хаягдлыг задгайгаар болон хяналтгүйгээр шатаах, газар доор булсан хогийг шатаах явдлыг зогсоох үүднээс хогийн менежментийн бодлогыг сайжруулах. Хог боловсруулах шинэ байгууламжийг байгуулах асуудлыг авч үзэхдээ хотын болон эмнэлгийн хог хаягдлыг багасгах, хогийг ялгаж дахин боловсруулж ашиглах, хог бага гаргах шинэ төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шийдлүүдэд ач холбогдол өгнө. Эдгээр шийдэлд хүрэхдээ хүн амын эрүүл мэндтэй холбоотой асуудлыг анхаарч үзнэ.

 

(ё)Эдгээр бодисыг бүтээгдэхүүн дэх бохирдуулагч хэмээн үзэж аль болох

багасгах;

 

(ж)Цайруулагч болгон ашигладаг дан хлор болон дан хлор ялгаруулдаг

химийн бодисыг ашиглахаас зайлсхийх.

 

Б. Тэргүүний арга техник

 

Тэргүүний арга техникийн талаарх концепц нь ямар нэгэн тодорхой техник, технологийг зөвлөмж болгоход бус харин холбогдох байгууламжийн техникийн үзүүлэлт, газар зүйн байршил, тухайн хүрээлэн буй орчны нөхцөл байдлыг харгалзахад чиглэж байгаа болно. I хэсэгт дурдсан химийн бодисууд ялгарах явдлыг бууруулах хяналтын арга техник нь ерөнхийдөө адил болно. Тэргүүний арга техникийг тодорхойлохдоо холбогдох арга хэмжээний өртөг зардал, ашиг тус, хамгаалах болон урьдчилан сэргийлэх хэрэгцээ шаардлагыг харгалзан дараахь хүчин зүйлүүдэд ерөнхийд нь болон тусгайлан тэргүүлэх ач холбогдол өгнө:

 

(a) Анхаарах ерөнхий зүйлс:

 

(i)Үүссэн бодисуудын мөн чанар, үр дагавар, тоо хэмжээ; ашиглах арга техник нь эх үүсвэрийн хэмжээнээс хамааран өөр өөр байж болно.

 

(ii)Шинэ, хуучин байгууламжийг ашиглалтад оруулсан хугацаа;

 

(iii)Тэргүүний арга техникийг нэвтрүүлэхэд шаардлагатай хугацаа;

 

(iv)Үйлдвэрлэлийн процесст хэрэглэгдэж байгаа түүхий эдийн шинж чанар, хэрэгцээ, эрчим хүч зарцуулалт;

 

(v)Үүссэн бодисуудаас орчинд үзүүлэх нөлөө, эрсдлийг аль болох бууруулах буюу түүнээс урьдчилан сэргийлэх;

 

(vi)Ослоос хамгаалах, тэдгээрээс орчиндоо үзүүлэх үр дагаврыг багасгах;

 

(vii)Ажлын байрны аюулгүй байдал болон мэргэжлийн холбогдолтой өвчлөл гаргахгүй байх явдлыг хангах;

 

(viii)Үйлдвэрлэлд амжилттай нь шалгагдсан үйл ажиллагааны адил төстэй процесс, байгууламж, арга барил;

 

(ix)Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтод гарсан технологийн дэвшил, өөрчлөлтүүд.

 

(б)Үүсч буй бодисуудыг бууруулах ерөнхий арга хэмжээ: Энэхүү

Хавсралтад дурдсан химийн бодисыг үүсгэдэг процессыг ашиглах байгууламж байгуулах буюу хуучин байгууламжийг сайжруулах саналыг авч үзэхдээ ашгийн хувьд адил боловч дурдсан бодис үүсгэдэггүй арга барил, практикт илүү ач холбогдол өгнө. Тийм байгууламжийг байгуулах буюу үлэмж өөрчлөх тохиолдолд ашиглах тэргүүний арга техникийг тодорхойлохдоо V хэсгийн А-д дурдсан урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдээс гадна гадна дараахь арга хэмжээ, хандлагыг авч үзэж болно. Үүнд:

 

(i)Ялгарсан хийг цэвэрлэх дулааны буюу катализаторын исэлдүүлэлт, тоос буулгах, шингээх гэх мэт сайжруулсан аргыг ашиглах;

(ii)Дулаанаар үйлчлэх, идэвхгүйжүүлэх, химийн аргаар хоргүйжүүлэх зэрэг аргаар тунадас, хаягдал ус, хог хаягдал ба бохир усыг боловсруулж цэвэрлэхэд

 

(iii)Битүү системд шилжих зэрэг замаар гарц хаягдлыг бууруулах буюу үгүй хийхэд хүргэх өөрчлөлт хийх;

 

(iv)Шатаах температур, хугацаа зэрэг үзүүлэлтийг хянах замаар шаталтыг сайжруулах, энэ Хавсралтад дурдсан бодисууд үүсэхээс сэргийлэх процесст дэвшил гаргах.

 

В. Хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практик

 

Талуудын Бага хурал хүрээлэн буй орчинд халгүй тэргүүний практикийн талаар удирдлага болгох зөвлөмж боловсруулж болно.

 

Хавсралт Г

 

МЭДЭЭЛЭЛД ТАВИХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТҮҮД

 

1.Хавсралт А, Б буюу В-д химийн бодис нэмж оруулахаар санал тавьж буй Тал тухайн бодисыг дэд заалт (а)–д заасан байдлаар тодорхойлох ба түүний болон түүний хувирлын бүтээгдэхүүнүүдийн талаар дэд заалт (б)-гээс (д)-д заасан шалгуур үзүүлэлтүүдэд холбогдох мэдээллийг өгнө:

 

(a) Химийн чанар:

 

(i)Нэр, түүний дотор үйлдвэрийн болон худалдааны нэр, төстэй нэгдлийн нэр, Олон улсын кодын бүртгэлийн дугаар, Цэвэр болон хэрэглээний химийн олон улсын холбоо (IUPAC)-ноос оноосон нэр;

 

(ii)Бүтэц, түүний дотор изомеруудынх нь тодорхойлолт, бүтэц ба химийн анги бүлгийнх нь бүтэц;

 

(б) Удаан задрах чанар:

 

(i)Тухайн бодисын усан дахь хагас задралын үе нь 2 сараас, хөрсөн дэх хагас задралын үе нь 6 сараас, чулуулаг дахь хагас задралын хугацаа нь 6 сараас тус тус илүү байгааг харуулах үзүүлэлтүүд;

 

(ii)Эсвэл тухайн бодис нэн удаан задардаг тул энэхүү Конвенцид хамруулах шаардлагатай гэдгийг харуулах үзүүлэлтүүд;

 

(в) Био-хуримтлал:

 

(i)Тухайн бодисын усны организм, биетэд байх биоконцентрацийн хүчин зүйл буюу био-хуримтлалын чадвар нь 5000-аас их, буюу тийм баримт үгүй тохиолдолд logKow (ионы үржвэрийн логарифмын утга) нь 5-аас их байгааг харуулах үзүүлэлтүүд;

 

(ii)Химийн бодис бусад талаар ч асуудал, уршиг тарих шинжтэйг, тухайлбал биологийн бусад төрөл зүйлд хуримтлагдахдаа амархан, хоруу чанар ихтэй буюу эсвэл хүрээлэн буй орчинд хортойг харуулах үзүүлэлтүүд;

 

(iii)Био-хуримтлагдах чадвар нь Конвенцид хамааруулах хангалттай үндэслэл болж байгааг харуулах амьд байгаль дахь хяналтын үзүүлэлтүүд.

 

(г) Хүрээлэн буй орчинд хол тархах чадвар:

 

(i)Эх үүсвэрээсээ хол, түгшмээр их тархсан байдал;

 

(ii)Агаар, ус болон нүүдэллэдэг организм, биетээр дамжин хүрээлэн буй орчинд хол тархах чадварыг нь харуулсан хяналтын үзүүлэлтүүд;

 

(iii)Тухайн бодисын агаар, ус, нүүдэллэдэг организм, биетээр дамжин эх үүсвэрээсээ хол тархах чадварыг харуулах хүрээлэн буй орчны шинж чанар буюу загварын үзүүлэлт. Агаараар дамжин тархдаг бодисуудын хувьд тэдгээрийн агаар дахь хагас задралын хугацаа нь 2 өдрөөс илүү байна.

 

(д) Сөрөг нөлөө

 

(i)Хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөө нь тухайн бодисыг энэхүү Конвенцийн хүрээнд хамруулах үндэслэл болох үзүүлэлтүүд

 

(ii)Хүний эрүүл мэнд буюу хүрээлэн буй орчинд хохирол учруулах боломжийг нь илтгэсэн аюултай буюу хортой чанарынх нь үзүүлэлтүүд

 

2.Санал гаргагч Тал тухайн бодистой холбогдуулан болгоомжлох үндэслэлийг тайлбарласан мэдэгдэл хийнэ. Чингэхдээ боломжтой бол түүний хүрээлэн буй орчинд тархсны нь улмаас хоруу чанарынх нь тогтоогдсон болон хүрч болзошгүй түвшинтэй нь харьцуулсан үзүүлэлтүүдийг тусгах бөгөөд мөн дэлхий нийтээр хяналт тавих шаардлагатайг анхааруулсан товч мэдэгдэл хийнэ.

 

3.Санал гаргагч Тал 8 дугаар зүйлийн 6 дугаар заалтад дурдсан саналыг хэлэлцэхэд тус дөхөм болох нэмэлт мэдээллээр боломжийн хэрээр хангана. Саналыг боловсруулахдаа ямар ч эх үүсвэрээс мэргэжлийн туслалцаа авч болно.

 

Хавсралт Д

 

ЭРСДЛИЙН ТОДОРХОЙЛОЛТОД ХОЛБОГДОХ

МЭДЭЭЛЭЛД ТАВИХ ШААРДЛАГА

 

Энэхүү хяналт нь тухайн бодис нь хүний эрүүл мэнд ба/ буюу хүрээлэн буй орчинд дэлхий дахиныг хамарсан арга хэмжээ авахыг шаардсан ноцтой хохирол учруулахад хүргэж болзошгүй эсэхийг үнэлэх зорилготой. Үүний тулд Хавсралт Г-д дурдсан мэдээллийг дэлгэрүүлэх, үнэлэхэд чиглэсэн бөгөөд дараахь төрлийн мэдээллийг тусгасан эрсдлийн тодорхойлолтыг боловсруулна:

 

(a)Зохих үед дараахь зүйлийг агуулсан эх үүсвэрүүд:

 

(i)Хэмжээ ба байршлыг тусгасан үйлдвэрлэлийн үзүүлэлтүүд;

 

(ii)Хэрэглээ;

 

(iii)Хаях, алдах, ялгарах зэрэгт үүссэн бодис, зүйлс.

 

(б)Олон тооны химийн бодисуудын хоруу чанарын харилцан үйлчлэлийн үнэлгээ;

 

(в)Тухайн бодисын физик химийн шинж чанар, задрал, тэдгээр нь

тухайн бодисын хүрээлэн буй орчинд тархах, нэг орчингоос нөгөө орчинд шилжих, задарч бусад химийн бодист хувирахад хэрхэн нөлөөлж байгаа зэргийг тусгасан хүрээлэн буй орчны үзүүлэлтүүд. Биоконцентрац буюу био-хуримтлалын хүчин зүйлийн хэмжигдсэн утгууд дээр тулгуурласан тодорхойлолттой хяналтын тийм үзүүлэлтүүд нь энэ шаардлагыг хангаж байгаа эсэхийг авч үзэхээс бусад тохиолдолд танилцах боломжтой байх ёстой ;

 

(г)Хяналтын үзүүлэлтүүд;

 

(д)Ялангуяа хүрээлэн буй орчинд тархсны улмаас хэсэгчлэн өртсөн байдал. Үүнд био-боломжийн тухай мэдээллийг тусгасан байна;

 

(е)Үндэсний болон олон улсын эрсдлийн үнэлгээ, тодорхойлолт, бүтээгдэхүүний шошгод тусгах мэдээлэл болон уршиг аюулын ангилал;

 

(ё)Тухайн бодисын олон улсын Конвенц дахь статус.

 

Хавсралт Е

 

НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОГДОЛТОЙ МЭДЭЭЛЭЛ

 

Энэхүү Конвенцид хамруулахаар авч үзэж буй бодисуудад хяналт тавих бүхий л хувилбарыг, түүний дотор зохицуулах, устгах асуудлыг тусгасан үнэлгээ хийнэ. Үүний тулд хяналтын арга хэмжээнд холбогдолтой нийгэм-эдийн засгийн асуудлуудын тухай мэдээллээр хангаж, Талуудын Бага хурлаас шийдвэр гаргах боломжийг олгоно. Тийм мэдээлэл нь Талуудын өөр өөр боломж чадавхи, нөхцөл байдлыг тусгах бөгөөд дараахийг авч үзсэн байна.

 

(а)Эрсдлийг багасгах зорилгыг хэрэгжүүлэх боломжийн хяналтын арга хэмжээний үр дүн;

 

(i)Техникийн боломж; болон

 

(ii)Зардал, түүний дотор хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон өртөг зардал

 

(б)Альтернатив бүтээгдэхүүн, процесс:

 

(i)Техникийн боломж;

 

(ii)Зардал, түүний дотор хүрээлэн буй орчин, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон өртөг зардал;

 

(iii)Үр ашиг;

 

(iv)Эрсдэл;

 

(v)Олдоц;

 

(vi)Хүртээмж.

 

(в) Хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийгэмд гарах эерэг ба/ буюу сөрөг нөлөө.

 

(i)Нийтийн эрүүл мэндийг хамгаалах, түүний дотор байгаль орчны болон мэргэжлийн өвчлөлийг анагаах;

 

(ii)Усны болон ойн аж ахуйг хамарсан хөдөө аж ахуй;

 

(iii)Амьд байгаль (биологийн төрөл зүйл);

 

(iv)Эдийн засгийн асуудлууд;

 

(v)Тогтвортой хөгжилд хүргэх хөдөлгөөн; болон

 

(vi)Нийгмийн өртөг зардал.

 

(г) Хог хаягдалтай холбогдсон үр дагавар (тухайлбал, пестицидийн хуучин нөөцийг устгах, бохирдсон газрыг цэвэршүүлэх)

 

(i)Техникийн боломж; болон

 

(ii)Өртөг зардал.

 

(д)Мэдээлэлтэй танилцах, олон нийтэд таниулах боломж ;

 

(е) Хянах, ажиглалт явуулах чадавхи;

 

(ё)үндэсний буюу бүс нутгийн хэмжээнд авсан арга хэмжээ, түүний дотор орлуулах зүйлийн болон эрсдлийн менежментийн холбогдолтой бусад мэдээлэл.