Хэвлэх DOC Татаж авах
ОРОН НУТГИЙН ХАРЪЯАЛАЛТАЙ ЗАРИМ ХОТ, ХОРООДЫГ ТУХАЙН СУМАНД НЬ НЭГТГЭН ХАРЪЯАЛУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1992 ОНЫ 8 ДУГААР САРЫН 21-НИ

 МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ТОГТООЛ

 

ОРОН НУТГИЙН ХАРЪЯАЛАЛТАЙ ЗАРИМ ХОТ, ХОРООДЫГ ТУХАЙН СУМАНД НЬ НЭГТГЭН ХАРЪЯАЛУУЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 1992 ОНЫ 8 ДУГААР САРЫН 21-НИЙ 24 ДҮГЭЭР ТОГТООЛ ҮНДСЭН ХУУЛИЙН 57 ДУГААР ЗүЙЛИЙН 3 ДАХЬ ХЭСГИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ 
 

1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр                                                                        Дугаар 01                                                                                        Улаанбаатар хот                                                                         


 

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдааныг Цэцийн дарга Г.Совд даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Л.Баасан, Ц.Цолмон, Н.Жанцан, Ж.Чойжанцан, Ж.Бямбаа, Б.Дангаасүрэн, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүүг оролцуулан хийсэн хуралдаанаар "Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн тухай маргааныг дахин хянан хэлэлцэв.
Хуралдаанд маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж, Сэлэнгэ аймгийн "Бугант" компанийн ерөнхий захирал И.Бадарч, гэрчээр Засаг захиргааны яамны ажилтан Б.Шарбанди нар оролцов.
Иргэн И.Бадарч Үндсэн хуулийн Цэцэд хаяглан "Ардын эрх" сонинд ирүүлсэн мэдээлэлдээ: "Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулсан Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоол нь тэдгээрийн эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан үзээгүй, үндэслэл муутай шийдвэр болсон төдийгүй, ноцтой нь орон нутгийн тухайн Хурал, иргэдийн саналыг аваагүй тул Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг бүдүүлгээр зөрчлөө. Энэ асуудлыг зохих журмаар шалган үзэж, хариу өгөхийг хүсье" гэжээ.
Энэхүү мэдээллийг үндэслэн Цэцийн гишүүн Н.Жанцан маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэн холбогдох шалгалтыг хийгээд уг маргааныг Цэцийн хуралдаанаар хянан хэлэлцээд 1992 оны 12 дугаар сарын 2-нд гаргасан 01 тоот дүгнэлтэд: "Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 6 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоолыг боловсруулах, батлах явцдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3-т заасан "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг үндэслэн Улсын Их Хурал шийдвэрлэнэ" гэсэн заалтыг шаардлагыг хангаагүй байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхдөө нэгэнт Үндсэн хуульд заасныг урьдчилан судалж, харгалзан үзэх, үндэслэл болгох шаардлагыг хангаагүй тул Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна гэж үзлээ" гэжээ.
Энэ дүгнэлтийг хянан хэлэлцээд Улсын Их Хурлаас гаргасан 1992 оны 12 дугаар сарын 22-ны 41 дүгээр тогтоолд: "Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг үндэслэн гаргасан Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолын заалт нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалттай холбогдолгүй гэж үзээд уг тогтоолыг хүчин төгөлдөр хэвээр үлдээсүгэй" гэжээ.
Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон иргэн И.Бадарч мэдүүлэхдээ: "Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг зөрчиж гарсан Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээж Цэцийн хууль ёсны дүгнэлтийг хүлээж аваагүй явдалд сэтгэл дундуур байна. Үндсэн хуулийн Хавсралтын хууль нь Үндсэн хуулийг засварлан хэрэглэх хууль биш баймаар юм. Тухайн Хурал, иргэдийн санал авахгүйгээр Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчсөнийг Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг баримтлан шийдвэрлэсэн гэдгээр няцаах үндэсгүй юм. Үнэн хэрэг дээрээ Хавсралт хуулийг Үндсэн хуулиас дээгүүр тавьсан ажиллагаа гэж үзэхээс өөр аргагүй байна. Миний ойлгосноор Хавсралт хууль нь тодорхой үе шатанд хэрэгжээд шууд хүчингүй болох ёстой хууль юм. Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "өөрчлөх" гэдэгт "нэгтгэн харъяалуулах" гэсэн ойлголт багтах учраас Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн нь маргаангүй. Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолын заалтууд одоо хүртэл биелэгдэхгүй байгааг анхааралдаа авах нь зүйтэй байна" гэв.
Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж мэдүүлэхдээ: "Цэцийн энэхүү хуралдаан нь маргааныг эцэслэн шийдвэрлэх их хариуцлагатай юм. Урьдах хуралдаанд оролцож тайлбараа тодорхой ярьсан учраас дараахь асуудлыг тайлбарын чанартайгаар хэлье. Улсын Их Хурлын 1992 оны 41 дүгээр тогтоол нь зөвхөн Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэсэн бөгөөд Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хамаарч байгаа юм. Ийм ч учраас 24 дүгээр тогтоол Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийн заалтад хамаарагдахгүй юм. Энэ тогтоол нь "хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль" гарах хүртэл авч хэрэгжүүлсэн түр арга хэмжээ гэж ойлгож байгаа.
Гэрч Засаг захиргааны яамны ажилтан Б.Шарбанди мэдүүлэхдээ: "Энэ асуудлыг анхнаас нь боловсруулах ажилд би оролцсон, удирдлагаас өгсөн чиглэлийн дагуу орон нутгийн хот, хороод, бүгд 20 нэгжийн 7-г нь бие даасан сум болгох, 13-ыг нь тухайн суманд нь нэгтгэх саналыг Улсын Их Хуралд оруулсан юм. Ингэж оруулахдаа аймгуудын саналыг авсан бөгөөд, тухайн Хурал, иргэдийн саналыг тухайлан аваагүй" гэв.
Энэ асуудлын талаархи хавтаст материалаас холбогдох нотлох баримтыг нэг бүрчлэн судлан үзэж, маргалдагч талууд мэтгэлцэж бие биедээ асуулт тавьж, хариулт авах замаар хэлэлцүүлэг явагдав.
ХЯНАВАЛ:
"Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолын заалт нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалттай холбогдолгүй" гэсэн 41 дүгээр тогтоолын заалт 24 дүгээр тогтоолтой шууд зөрчилдөж байна. Учир нь 24 дүгээр тогтоолыг Улсын Их Хурал гаргахдаа Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийг бүхэлд нь үндэслэжээ. Орон нутгийн харъяалалтай хот, хороодыг зохих суманд нь нэгтгэн харъяалуулах асуудлыг шийдвэрлэхдээ Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн бүх заалтын дагуу хийх ёстой. Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийг үндэслэн гэдэг нь түүний доторхи хэсгүүд, тухайлбал 3 дахь хэсгийг үндэс болгожээ гэдэг нь ойлгомжтой юм. Ийм учраас "Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолын заалт нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалттай холбогдолгүй" гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэхэд Хурал, захиргааны байнгын хороо болон Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадорж нараас оруулж хэлэлцүүлсэн дүгнэлт, зарим гишүүдийн хэлсэн үг, саналд: "орон нутгийн харъяалалтай хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулсан нь "хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль" гаргах хүртэл авсан түр зуурын чанартай арга хэмжээ бөгөөд Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу энэ асуудлыг 1992 онд багтаан шийдвэрлэнэ" гэсэн заалтыг биелүүлсэн учир Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзжээ. Үндсэн хуулийн Хавсралт хууль нь Үндсэн хуультай адил хүчин чадалтай боловч Үндсэн хууль биш ээ. Үүнийг "БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын хуулийг бүрнээ дагаж мөрдөхөд шилжих тухай" Үндсэн хуулийн Хавсралт хууль гэсэн нэр нь баталж байна. Иймд Хавсралт хууль нь хуучин Үндсэн хуулиас шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх шилжилтийн үед Монгол Улсын Үндсэн хуулийг хэрэгжүүлэх явцыг тодорхойлсон хууль мөн. Хавсралт хууль шилжилтийн үед хэрэгжээд төрийн шинэ тогтолцоо бүрнээ бүрдсэн үед түүхэн үүргээ гүйцэтгэсэнд тооцогдоно. Учир иймээс Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу уг асуудлыг хийж гүйцэтгэхээр заасан тул Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зайлшгүй баримтлах хуулийн шаардлага гарч ирж байгаа юм.
Үндсэн хуулийн Хавсралт хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... зарим аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон нутгийн харъяалалтай хот, өөр сумын нутаг дэвсгэрт байгаа хороог зохих аймаг, суманд нэгтгэн харъяалуулах" гэдэг нь заавал тухайн суманд нь ямар ч тохиолдолд шууд нэгтгэх гэсэн ойлголт биш байна. Үндсэн хуулийн Хавсралт хуулийн зүйл бүрт "Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу" гэж хуульчилснаас үзэхэд Хавсралт хууль нь Үндсэн хуулийн заалт, шаардлагын дагуу хэрэгжих ёстой нь тодорхой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралпдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бямбадоржоос гаргасан тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн 57 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт, шаардлагыг биелүүлээгүй зөрчсөн нь Үндсэн хуулийн Цэцийн хуралдааны хэлэлцүүлэг, хавтаст материалд авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй батлагдаж байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2, 4, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн бүх гишүүдийн хуралдаанаас ТОГТООХ нь:
1."Орон нутгийн харъяалалтай зарим хот, хороодыг тухайн суманд нь нэгтгэн харъяалуулах тухай" Монгол Улсын Их Хурлын 1992 оны 8 дугаар сарын 21-ний 24 дүгээр тогтоолын 4 дүгээр заалтын 3 дахь хэсгийг хэвээр үлдээж, бусад заалтыг хүчингүй болгосугай.
2.Монгол Улсын Их Хурлын 1992 оны 24 дүгээр тогтоолыг хүчинтэй хэвээр үлдээсэн Улсын Их Хурлын 1992 оны 12 дугаар сарын 22-ны 41 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болно.
                                                                             
                                                                     ДАРГА Г.СОВД
                                                                   ГИШҮҮД Г.НЯМДОО
                                                                                  Л.БААСАН
                                                                                  Ц.ЦОЛМОН
                                                                                  Н.ЖАНЦАН
                                                                                  Ж.ЧОЙЖАНЦАН
                                                                                  Ж.БЯМБАА
                                                                                   Б.ДАНГААСҮРЭН
                                                                                  Д.ЧИЛХААЖАВ