Хэвлэх DOC Татаж авах
ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ / Дүгнэлт /

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН

ДҮГНЭЛТ

ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЗАРИМ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ХЭЛЭЛЦСЭН ТУХАЙ 
 

1994оны 01  дүгээр сарын  12-ны өдөр                                                                            Дугаар 02                                                                                        Улаанбаатар хот                                                                          

             

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг 1994 оны 1 дүгээр сарын 11-нд Төрийн ордны 251 дүгээр өрөөнд үйлдэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг Цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Г.Нямдоо, Ц.Цолмон, С.Жанцан /илтгэгч/, Д.Чилхаажав нарын бүрэлдэхүүнтэй хийв.
Цэцийн хуралдааны нарийн бичгийн даргаар Цэцийн нарийн бичгийн дарга Б.Цэндээхүү оролцов.
Маргагч талуудыг төлөөлж Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ч.Ган-Өлзий, Ч.Зоригтбаатар нар оролцов.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн иргэдийг төлөөлж иргэн Р.Гончигдорж, Д.Ламжав тухайн хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж өргөдөл гаргасан иргэн Д.Дашдэндэв, энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүд Үндсэн хууль зөрчсөн гэж нэхэмжилсэн иргэн Н.Алтанчимэг нар оролцов.
Д.Ламжав нарын хэсэг иргэд Үндсэн хуулийн Цэцэд 1993 оны 12 дугаар сарын 13-нд хандсан гомдолдоо: "Улсын Их Хурлын 1993 оны намрын чуулганаар батлагдсан "Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн "... шашныг гаднаас зохион байгуулалттайгаар нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 4 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн "лам, санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулж", 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Сүм хийд нь ... Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах үйл ажиллагаа явуулахыг хориглоно", мөн зүйлийн 6 дахь хэсгийн "Монгол Улс дахь буддын болон мусульман шашин, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт, сурталчилгааг тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна", 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол Улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна", 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Тус улсад шашны байгууллагын шугамаар шашин номын зорилгоор ирснээс бусад гадаадын иргэн, харъяалалгүй хүн шашны сурталчилгаа явуулахыг хориглоно" гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийн "Монгол Улсын иргэн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй", 18 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан Монгол Улсын иргэний үндсэн эрх, эрх чөлөөг тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харъяалалгүй хүнд эдлүүлэхдээ Монгол Улс нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд ... хуулиар зохих хязгаарлал тогтоож болно", 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "хүнийг ... шашин шүтлэгээр нь ... гадуурхаж үл болно", 10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэсэн хэм хэмжээг тус тус зөрчсөн нь нэг шашныг бусдаас илүүд үзэх тухай тунхагласан, буддын болон мусульман шашнаас бусад шашныг гадуурхсан санааг агуулж байна" гээд Төр, сүм хийдийн харилцааны тухай хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.
Иргэн Д.Дашдэндэв 1993 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө: "Төр, сүм хийдийн харилцааны хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 7; 7 дугаар зүйлийн 6; 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь уг хуулийнхаа 1 дүгээр бүлэгтэйгээ, Үндсэн хууль, НҮБ-ын хүний эрхийн түгээмэл тунхаглалын 18, 19, 26 дугаар зүйлүүдтэй бүрэн зөрчилдсөн, Христэд итгэгч иргэдийн эрх чөлөөг боогдуулсан, ялгаварлан гадуурхах үзлээр дүүрэн болсон байна. Итгэгч бидний эрхийг хамгаалсан хууль гаргахад та бүгдийг тусална гэдэгт итгэнэ" гэжээ.
Мөн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Н.Алтанчимэг, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн Б.Цэрэндаш нар Цэцэд хандсан өргөдөлдөө: "Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ" гэсэн нь Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 2 дугаар бүлгийн 14 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчиж байна.
Мөн Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төрийн харъяалал бүхий сургууль байгуулагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно" гэсэн заалт Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16 дахь заалтыг, мөн түүнчлэн тус хуулийн 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн захиргааны шийтгэл оногдуулах тухай заалт Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашны асуудал эрхлэх зөвлөлийн зохицуулагч Г.Лхагвасүрэн Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Энэ хуулийн төслийг хүний шүтэх, эс шүтэх эрхийг баталгаатай хангах, төр шашны байгууллагуудын хоорондын харилцааг зохицуулах үүднээс Үндсэн хуульд нийцүүлэн боловсруулсан гэж үздэг. Гаднаас шашныг зохион байгуулалттайгаар оруулж байгаа нь нууц биш. Үүнийг улсынхаа үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдлийг хамгаалах үүднээс түүнийг хориглох нь зүйтэй" гэжээ.
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Элбэгдорж Үндсэн хуулийн Цэцэд өгсөн тодорхойлолтдоо: "Энэ хууль зөвхөн Төр, сүм хийдийнхээ харилцааг л зохицуулсан бол бидэнд маргалдах шаардлага гарахгүй байсан. Энэ харилцаанаас хэтрээд шашны олон асуудлыг хамарсан, хүн бүрийн салшгүй эрх болох шүтэх бишрэх эрхэд зохицуулалт, хязгаарлалт тогтоох гэж оролдсоноороо уг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байна" гэжээ.
Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчилэн хийд Үндсэн хуулийн Цэцэд ирүүлсэн албан бичигтээ: "Бурханы шашин туурга тусгаар Монгол Улсын түүхээс үзвэл хэд хэдэн удаа төрийн шашин байсан нь үнэн бөгөөд энэ шашинтай хамт урлаг, соёл, шинжлэх ухаан дэлгэрсэн, олон зуун жилд уламжлагдан шүтэгдэж ирсэн шашин учраас Төр нь зайлшгүй хүндэтгэх нь зүйтэй. Энэ үүднээс Төр, сүм хийдийн харилцааны хууль хүн ард, сүсэгтэн олны сэтгэл санаанд нийцэж байгаа юм" гэжээ.
МУҮИС-ийн оюутан Д.Отгонбаатар, С.Сүхбаатар нарын 70 оюутан, иргэн Ж.Лхамсүрэн нар ирүүлсэн захидалдаа: "Буддын шашны зонхилох байр суурийг төрөөс хуулиар баталгаажуулсан нь ард түмний эв нэгдэл, түүхэн уламжлал, эрх ашигт нийцсэн, энэ хууль хувь хүний шүтэх, эс шүтэх эрхийг хязгаарлаагүй.
Төр, сүм хийдийн хууль хэвээрээ үлдэнэ гэдэгт найдаж байна" гэжээ.
Иргэн Ж.Батбаяр, Б.Цэрэндорж, С.Алтанзул, Д.Оюунгэрэл нараас Цэцэд хандаж гаргасан өргөдөл, хүсэлтдээ: "Энэ хууль Үндсэн хууль зөрчиж бидний оюун санааны эрх чөлөөг хязгаарлалаа. Энэ хуулийн заалт нэг нь нөгөөдөө харшилж байгаа бөгөөд олон заалтаараа Үндсэн хууль зөрчсөн байна" гэжээ.
Цэцийн хуралдаан дээр Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ган-Өлзий, Ч.Зоригтбаатар нар хэлсэн үгэндээ: "Буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэнэ гэсэн нь Үндсэн хуулийн заалтын эх үндэстэй тунхаглалын шинжтэй заалт тул Үндсэн хууль зөрчөөгүй. Монголд хамгийн хэлмэгдсэн шашин бол буддын шашин юм. Бид тэр шашны өмнө гэм буруугаа наманчилах учир бий. Хүн амын олонхи шүтэж байгаа тул хүндэтгэнэ гэж хэлсэн юм.
Гадаадаас шашныг зохион байгуулалттай нэвтрүүлэх нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Ер нь хүний эрхийг баталгаажуулсан олон улсын пактад шүтэж бишрэх эрх чөлөөтэй байх заалтуудыг ямар нөхцөлд хязгаарлаж болохыг заасан байдаг. Маргаж буй бусад заалтуудад хийсэн хязгаарлалтууд ч үүнтэй холбоотой юм. Бид энэ хуулийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж байна" гэжээ.
Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан дээр нэхэмжлэгч тал болон оролцсон Р.Гончигдорж, Д.Ламжав, Д.Дашдэндэв, Н.Алтанчимэг нар хэлсэн үгэндээ "Төр, сүм хийдийн харилцааны хууль нь Монгол Улсын Үндсэн хуультай үзэл баримтлалын хувьд зөрчилдөж байгаа бөгөөд Үндсэн хуульд бүх шашин тэгш эрхтэй түүнд Монголын болон гадаадын иргэдийн шүтэх эрхийг нэгэн адилаар тунхагласан байхад ноцтой зөрчсөн байна.
Энэ хуулиар буддын болон мусульман шашныг бусад шашны дээгүүр тавьж гадаадын иргэдийн шашны сургалт, сурталчилгааг хаасан, шүтэх эрх чөлөөг сүм, хийд нь Монголд байхгүй бүх шүтлэгтний тухайд хязгаарласан хууль болжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг ийнхүү ноцтой гуйвуулсан нь манай улсын нэр хүндийг олон улсын хэмжээнд унагах аюулд ч хүргэх юм. Иймд төр, сүм хийдийн харилцааны тухай хуульд байгаа бидний маргаж байгаа зүйлүүд хүчингүй болоод зогсохгүй уг хууль бүхэлдээ хүчингүй болох ёстой" гэжээ.
ХЯНАВАЛ:
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Монгол Улс дахь буддын болон мусульман шашин, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт, сурталчилгааг тухайн шашны сүм хийдээс гадуур явуулахыг хориглоно гэсэн заалт нь сүм хийд нь Монголд байхгүй бусад сүсэгтнүүдийн шашны номлол, сургалт, сурталчилгаа явуулах эрхийг хязгаарласан агуулга илэрхийлж байна.
Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол Улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна гэдэг заалт нь шашны байгууллагын дотоод хэрэгт төрөөс оролцож байгаа агуулгатай болжээ.
Тус улсад шашны байгууллагын шугамаар шашин-номын зорилгоор ирснээс бусад гадаадын иргэн харъяалалгүй хүн шашны сурталчилгаа явуулахыг хориглоно гэдэг заалт тус улсад шашин-номын зорилгоор ирснээс бусад бүх гадаадын иргэн, харъяалалгүй хүний салшгүй эрх болох шашин шүтэх шашны сурталчилах эрхэнд халдсан агуулгатай болжээ.
Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 7, 8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Төрөөс Монголын ард түмний эв нэгдэл, соёл иргэншлийн түүхэн уламжлалаа эрхэмлэхийн үүднээс Монгол Улс дахь буддын шашны зонхилох байр суурийг хүндэтгэн үзнэ. Энэ нь иргэд бусад шашин шүтэхэд саад болохгүй" гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн удиртгал хэсгийн үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, мөн Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэх гэсэн заалтуудтай уялдан гарсан тунхаглалын шинжтэй заалт тул Үндсэн хуультай нийцэж байна.
Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн "... шашныг гаднаас зохион байгуулалттай нэвтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гэсэн заалт нь үндэсний эв нэгдэл, аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, Монголын ард түмний түүхэн уламжлал, зан заншилд хохирол учруулж болох хүмүүнлэг бус үйл ажиллагаатай аливаа шашны урсгалыг Монгол Улсад зориуд нэвтрүүлэх тохиолдолд хязгаарлалт болох агуулгаараа Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 18, 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг зөрчөөгүй байна.
Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн "Лам санваартан нарын үнэмлэхүй тоо, сүм хийдийн байршлыг төрөөс хянан зохицуулна" гэсэн заалт, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно", 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төрийн харъяалал бүхий сургууль, байгууллагуудад шашны сургалт, цугларалт зохион байгуулахыг хориглоно", 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Сүм хийд байгуулах тухай иргэдээс гаргасан өргөдлийг дүрмийн хамт аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэнэ", 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх 15000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна", мөн зүйлийн 3 дахь хэсгийн " Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5, 6, 7 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь Эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүх 5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна" гэсэн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасан дагуу төр, сүм хийдийн харилцааг хуулиар зохицуулах хүрээнд багтаж байгаа асуудал тул Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаас дараахь ДҮГНЭЛТИЙГ гаргав.
1.Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн "Монгол Улс дахь буддын болон мусульман, шашин, бөө мөргөлөөс бусад шашны номлол, сургалт, сурталчилгааг тухайн шашны сүм хийдээс гадуур явуулахыг хориглоно", 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол Улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна", 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Тус улсад шашны байгууллагын шугамаар шашин номын зорилгоор ирснээс бусад гадаадын иргэн, харъяалалгүй хүн шашны сурталчилгаа явуулахыг хориглоно" гэсэн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 2 дахь, 16 дугаар зүйлийн 15 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэв.
2.Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 7, 8 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
3.Манай дүгнэлтийг хэрхэн шийдсэн тухай хариуг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор мэдэгдэхийг Монгол Улсын Их Хуралд уламжилж байна.
                                                                                       ДАРГА                                        Н.ЖАНЦАН
                                                                                       ГИШҮҮД                                      Г.НЯМДОО
                                                                                                                                           Ц.ЦОЛМОН
                                                                                                                                           С.ЖАНЦАН
                                                                                                                                    Д.ЧИЛХААЖАВ