Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН Х

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН 14 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 2 ДАХЬ ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААНЫГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭСЭН ТУХАЙ /Дүгнэлт/

2006 оны 9 лүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот





Дугаар 09

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим
14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн орлогч дарга Н.Жанцан даргалж, гишүүн П.Очирбат, Ж.Амарсанаа, Ч.Дашням, Д.Наранчимэг /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Д.Нарантуяаг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Баяр, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Ц.Жаргал нар оролцов.
Нэг.Иргэн Б.Баяр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөлдөө:
“1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтад тусгасан хязгаарлалт нь хуулийн этгээд болох аж ахуйн нэгж болон аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа явуулах Монгол Улсын иргэн хуулийн хүрээнд, хуулиар хориглоогүй үйл ажиллагаа эрхлэн шударгаар чөлөөтэй өрсөлдөн, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлан хориглож буйгаараа Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчиж байна.
 Нэгдүгээр зүйлийн 2-т заасан “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”;
 Тавдугаар зүйлийн 1, 2 ба 4-т заасан “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”; “Төр нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”; “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна;
 Аравдугаар зүйлийн 2-т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”;
 Арвөн дөрөвдүгээр зүйлийн 1 ба 2-т заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, “Хүнийг …хөрөнгө чинээ, …ялгаварлан гадуурхаж үл болно”;
 Арван зургадугаар зүйлийн 3/ ба 4/-т заасан “хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”;
 Далдугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна.
2.Дээрх заалт нь тус хуулийн бусад заалт болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хууль, Шударга бус өрсөлдөөний тухай хуулийн заалтуудтай зөрчилдөж, улмаар уг заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой төрийн төв болон орон нутгийн байгууллагууд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжийг зөрчихөд хүргэж байгаагаараа ноцтой юм. Жишээлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15.3.4-д “Тендерт оролцогчийн сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төсөөтэй бараа, ажил үйлчилгээний жилийн борлуулалтын талаархи мэдээлэл” мөн 16.1.2, 16.1.3-д “сүүлийн 5 хүртэлх жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс гүйцэтгэсэн ижил төсөөтэй ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн болохыг тодорхойлсон өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт”-ыг үндэслэн тендерт оролцогчийг үнэлнэ гэж заасан.
Үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэн явуулж, бараа үйлчилгээнийх нь чанар, нэр хүнд зах зээл дээр тодорхой хүндлэл хүлээж, байр сууриа олсон шударга компани, аж ахуйн нэгжийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалт нь үндэслэлгүйгээр зах зээл дээрх томоохон хэрэглэгч болох төрийн худалдан авах үйл ажиллагаанд орохыг хязгаарлаж хориглоход цаана нь зөвхөн шинээр байгуулагдсан, жижиг аж ахуйн нэгжүүд үлдэж байгаа юм. Эдгээр шинэ аж ахуйн нэгжүүд нь тус хуулийн 15.3.4, 16.1.2 болон 16.1.3 дугаар заалтуудын шаардлагыг хангаж чадахгүй нь тодорхой.
3.Хуулийн энэхүү заалт хэрэгжсэнээр улсын эдийн засагт тэргүүлэх чиглэлийн болон хүн амд нэн шаардлагатай бараа, үйлчилгээний чанарыг доройтуулж, улмаар түүнийг ашиглан хүн амд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, утга учрыг алдагдуулах байдалд хүрч, эцсийн дүнд улсын төсвийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байна. Нөгөөтэйгүүр аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэл, борлуулалтыг бууруулах, өрсөлдөх чадварыг бууруулан улмаар тус улсын эдийн засаг, хүн амд нэн хэрэгтэй байгаа ажлын байрыг үгүйсгэх сөрөг үр дагаврууд гарч болзошгүй болоод байна.
Жишээн дээр авч үзье: Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гол байгууллагууд төрийн өмчлөлд байгаа ба энэ салбарт нэн чухал шаардлагатай эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, био бэлдмэл, вакциныг маш өндөр бөгөөд нарийн шаардлага, шалгуурыг хангаж байж олж авсан тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллагууд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу нийлүүлдэг. Тус салбарын харьяа Улаанбаатарт 15 орчим, орон нутагт 25 орчим эмнэлгийн байгууллагууд тус бүрдээ тендер зарлаж нийлүүлэгчээ шалгаруулдаг ба санхүүгийн чадавхи, боловсон хүчин, ажлын байрны шаардлага, өмнө нь төсөл хэрэгжүүлж байсан туршлага гэх мэт шаардлага, шалгуурыг давж гарахын тулд өмнө нь энэ салбарт ажиллаж байсан жижиг аж ахуйн нэгжүүд нэгдэн, хүч хавсрах процесс явагдсаны дүнд одоо 4-5 томоохон аж ахуйн нэгж, байгууллага 25 шахам жижиг, дунд аж ахуйн нэгжүүдтэй гол төлөв өрсөлддөг байна. Эдгээр нь чанар сайтай бүтээгдэхүүн нийлүүлэхийн хамт үнээр өрсөлдөж, улсын төсвөөр худалдан авч буй бүтээгдэхүүний үнийг зохих хэмжээнд бууруулан төсөвт хэмнэлт гаргах бололцоо олгодог. Гэвч дээрхи хууль батлагдан гарснаар эмнэлгийн бүтээгдэхүүн нийлүүлэхээр 30 шинэ компани зөвхөн 2006 онд шинээр бүртгүүлсэн байна.
Аж ахуйн үйл ажиллагааны практикаас харахад нэг компани жилдээ 20-30 тендерт оролцож улмаар наад зах нь 6-10 тендерт ялж байж үйл ажиллагааны зардлаа нөхөн, ажилтан ажилчдаа цалинжуулж, цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах хэмжээний ашиг орлоготой ажилладаг байна. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтын улмаас,
а/ дараалан 6 ба түүнээс дээш тендерт оролцож, амжилт олохгүй байх нь нийтлэг үзэгдэл тул олон аж ахуйн нэгж тухайн жилдээ бизнес явуулах боломжгүй болох,
б/ төрийн болон орон нутгийн хөрөнгөөр нэг удаа худалдан авч буй хэмжээ нь бага байдаг тул 3 удаа тендерт ялсан ч компани үйл ажиллагаагаа тогтвортой хэмжээнд явуулах тодорхой орлого ашиг олж чадахгүй,
в/ шинээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж компани хуулиар нэмж тавьсан шаардлагыг хангахгүй тул тендерт оролцох боломжгүй болж байна.
Иймд нөхцөл байдалд шинээр компани байгуулан шалгуур хангаагүй байж тендерт оролцох, хуучин компаниуд дээрх хязгаарлалтыг үл харгалзан тендерт оролцсоор байх, эцэст нь тендерийг удирдан зохион байгуулж буй төрийн байгууллагууд хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх бололцоогүй, бололцоотой байсан ч хэрэгсэхгүй өнгөрөөх улмаар энэ нь авилгал, хээл хахуульд хүргэх нөхцөл бүрэлдүүлж байна.
Эрүүл мэндийн салбар дээр авсан энэхүү жишээнд дурдсан нөхцөл байдал нь мөн эрчим хүчний, боловсрол шинжлэх ухааны, уул уурхайн зэрэг төрийн өмч давамгайлсан салбарууд дээр мөн ижил төстэй байгааг дурдах нь зүйтэй.
4.Монгол Улсын том жижиг аж ахуйн нэгж байгууллагууд ийнхүү зах зээлээс шахагдсан тохиолдолд зөвхөн гадаадын нийлүүлэгчид дээрх хуулиар заасан шаардлага, шалгуурыг хангах болж байгаа бөгөөд хэдийгээр Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенциор /тухайлбал Дэлхийн худалдааны байгууллагын олон талт гэрээ, хэлэлцээрүүдээр/ Монгол Улс нь зах зээлээ нээлттэй байлгах үүрэг хүлээсэн ч уг зах зээл дээр шударгаар өрсөлдөх нөхцлийг мөн хангах үүрэгтэй. Дээрх хуулийн заалтууд нь харин эсрэгээр, төрөөс шударга өрсөлдөөнийг саатуулсан алхам болжээ. Гадаадын аж ахуйн нэгж байгууллагууд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд орох эрх нь нээлттэй боловч харин бусадтай шударгаар буюу бараа үйлчилгээнийхээ чанар, үнээр өрсөлдөх ёстой болохоос Үндсэн хуульд заасан “хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй байх” зарчмыг зөрчсөн заалт бүхий хуулиар Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнээс илт давамгай эрх эдлэх ёсгүй юм. Иймд Үндсэн хуулийн заалтыг зөрчиж буй Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтыг энэхүү нэхэмжлэлээр Үндсэн хуулийн маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Хоёр.Улсын Их Хурлын даргын 2006 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 129 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дамиран тайлбартаа:
Иргэн Б.Баяр өргөдөлдөө: “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтад тусгасан хязгаарлалт нь хуулийн этгээд болох аж ахуйн нэгж болон аж ахуйн нэгж байгуулан үйл ажиллагаа явуулах Монгол Улсын иргэн хуулийн хүрээнд, хуулиар хориглоогүй үйл ажиллагаа эрхлэн шударгаар чөлөөтэй өрсөлдөн, хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлан хориглож буйгаараа Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 1, 2, 4, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 3/, 4/, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг зөрчиж байна гэжээ.
Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/ хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах; 2/ төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох; 7/ төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлж, …улсын төсөв, түүний гүйцэтгэлийн тайланг батлах асуудлыг Улсын Их Хурал өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэхээр заасан.
Монгол Улсын Нэгдсэн төсвийн тухай хуулийн 3.1-д “Төрийн чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бий болгох зорилгоор тухайн төсвийн жилд төрийн мэдэлд хуримтлуулан хуваарилж, зарцуулах мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын тэнцлийг Монгол Улсын нэгдсэн төсөв гэнэ” гэж заасан байдаг. Мөн Улсын төсвийг батлах асуудал Монгол Улсын Их Хурлын, бүрдүүлж. зарцуулах асуудал Засгийн газрын бүрэн эрхэд тус тус хамаардаг. Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа нь санхүүгийн зах зээлийн харилцаа бөгөөд энэ харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулж байгаа билээ. Төр эдийн засаг, санхүүгийн зах зээлийн харилцааг Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн” зохицуулдаг билээ.
1.Ардчилсан ёс гэдэг бол аль нэг буюу хэсэг бүлэг этгээдийн бус ард түмний олонхийн санал зоригийг хэрэгжүүлэхэд оршдог бол шударга ёс нь төр, засгийн байгууллага, түүний албан хаагчдын үйл ажиллагаанд танил тал харах, хээл хахуульд автах, эрх мэдлээ урвуулан ашиглах ажиллагааг хязгаарлахад, тэгш байдал, эрх чөлөөний зарчим нь шударга ёсны зарчмаас эх үүсвэртэй бөгөөд төрөөс харъяат этгээдэд /хувь хүн, хуулийн этгээд/ үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, хууль шүүхийн өмнө адилхан эрх эдэлж, үүрэг хүлээх боломжийг хангахад оршдог билээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь хэсэг нь “хязгаарлалт” гэхээсээ “зах зээлд шударга өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн” заалт гэвэл илүү тохиромжтой гэж үзэж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах явцад урьд өмнө мөрдөж байсан журам, баримталж байсан бодлогыг харгалзан нэгдүгээрт, аль нэг этгээд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх ажиллагаанд дангаар ноёрхох, улмаар бараа, ажил үйлчилгээг хугацаанд нь худалдан авахад саад учруулахгүй байх, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагааг хязгаарлаж, өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгжүүдийг шударгаар өрсөлдүүлж илүү чадавхитай, хугацаанд нь биелүүлэх боломжтойг нь сонгох авах нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталсан болно.
Улсын Их Хурал эрх барих дээд байгууллагын хувьд үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулах бүрэн эрхийнхээ хүрээнд шударга ёсыг тогтоох, тэгш байдлыг хангах үүднээс ижил боломжийг олгох зорилгоор зарим давуу эрх бүхий аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хязгаарлах, өөрөөр хэлбэл, давамгай байдлаа шударга өрсөлдөөнд харшаар ашиглахаас хамгаалж, бусад этгээдэд боломж олгох нөхцөлийг бүрдүүлсэн учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.
2. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 1, 2, 4 дэх заалтыг зөрчөөгүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт /болон хууль бүхэлдээ/ нь тендер шалгаруулалтад оролцогчийн өмчийн хэлбэрийн талаар тухайлан заагаагүй өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгжид хамаарах учир эдгээр заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Нөгөө талаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд “Улсын Их Хурал бүх ард түмнийг төлөөлөн төрийн өмчийн өмчлөгч байна” гэж заасан байдаг. Иймээс төрийн өмчийг өмчлөгчийн хувьд Улсын Их Хурал төсвийн хөрөнгийг захиран зарцуулах хүрээнд тогтоосон энэ хязгаарлалт нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэсэн заалтын агуулгад 14.2 дахь заалт бүрэн нийцэж байгаа гэж үзэж байна. Монгол Улсын бүх иргэн, хуулийн этгээд өөрсдийн орлогоос төлсөн татварын мөнгөнөөс бүрдэж бий болдог улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа гүйцэтгэгчийг оновчтой сонгож, бараа, ажил, үйлчилгээг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, ингэснээр төрийн байгууллагууд, төрөөс иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг хугацаанд нь, чанартай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн зах зээлийн харилцаанд оролцож, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа өмчийн бүх төрлийн этгээд зах зээлд шударгаар өрсөлдөх ижил нөхцөлийг бүрдүүлэх бодлого баримталсан бөгөөд хэсэг бүлэг аж ахуйн нэгжид санхүүгийн зах зээлд давамгайлан оролцох боломж олгох буюу төсвийн хөрөнгийг цөөн хэсэг аж ахуйн нэгж давуу эрхийн үндсэн дээр ашиглах боломжийг хуулиар олгох нь буруу бөгөөд өмнө мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийг дагаж мөрдөх явцад гарч байсан зарим сөрөг практикийг харгалзан хуульд 14.2 дахь заалтыг тусгасан билээ.
3.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь энэ тухайд болон бусад бүх заалтын тухайд ерөнхийдөө зөрчсөн гэсэн үндэслэл нь тодорхой бус байна. Одоогоор Монгол Улс тендерт оролцогчийн тухайд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар олон улсын аль нэг гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна.
4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 ба 2, Арван зургадугаар зүйлийн 3/, 4/ дэх заалтуудыг зөрчсөн гэсний тухайд,
Үндсэн хуулийн эдгээр заалт нь “хувь хүн, иргэн” гэсэн субъектэд хамаарч байна. Өөрөөр хэлбэл, хүний салшгүй эрхийн асуудал юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт нь зөвхөн хуулийн этгээдэд хамаарч байгаа бөгөөд Иргэний хуулийн 26.9-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадварыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмаар хязгаарлана” гэж заасан нь хууль тогтоогчид хязгаарлалт тогтоох эрхийг олгосон бас нэг үндэслэл нь мөн.
5.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэжээ.
Хууль болон төрийн байгууллагын аливаа шийдвэр нь бүх сонирхогч этгээдийн ашиг сонирхолд нэгэн зэрэг нийцэх боломжгүй, нөгөөтэйгүүр хууль бүх этгээдийн “эрхийг хязгаарлахгүй” байх боломж нь ч мөн хязгаарлагдмал бөгөөд тодорхой тохиолдолд төр, нийгмийн ашиг тусын тулд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах болон бусад тодорхой зорилгоор хэсэг бүлэг этгээдийн эрхийг хязгаарладаг. Аливаа эрх нь бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг. Үүнийг хууль тогтоогч тодорхой хууль батлах замаар тэнцвэржүүлж, хамгаалдаг билээ. Мөн хууль тогтоох байгууллага төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд шаардлагатай гэж үзвэл хуулиар иргэн, хуулийн этгээдийн эрхийг хязгаарлах явдал ч байдаг. Энд мөрдөж байгаа хуулийн зарим заалтыг дурдъя:
- Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх заалтад Монгол Улсын иргэн “амьд явах эрхтэй” гэж тунхагласан. Үүний зэрэгцээгээр “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 53.1 дэх хэсэгт “Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд цаазаар авах ял оногдуулж болно” гэсэн заалт нь “Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байна” гэж болох мэт боловч хууль тогтоогч бүрэн эрхийнхээ хүрээнд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар тодорхой этгээдийн эрхийг хязгаарласан байна.
-Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад “18/ улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл Авилгалын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд : Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан албан тушаалтанд: Монгол Улсын олон улсын гэрээнд заасан болон Монгол Улс, гадаад улсын төрийн байгууллагын хооронд харилцан тохиролцсон албан томилолт болон ажиллаж байгаа төрийн байгууллагынхаа эрх бүхий албан тушаалтны зөвшөөрснөөс бусад тохиолдолд албан үүргээ гүйцэтгэхдээ аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор гадаадын байгууллага, иргэний зардлаар гадаад, дотоодод зорчихыг хориглосон байна. Энэ нь мөн л Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж хэлж болох боловч хууль тогтоогч төрийн тодорхой бодлогыг хэрэгжүүлэх-авилгалаас сэргийлэхийн тулд энэхүү хязгаарлалтыг хийсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт нь дээрхи заалтуудын нэгэн адил төрийн тодорхой бодлогыг хэрэгжүүлэхэд, өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулахаас урьдчилан сэргийлэх, өрсөлдөөнийг бий болгоход чиглэсэн болно. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.2 дахь заалт нь аж ахуйн нэгжүүдийг ялгаварлаж шинээр байгуулагдсан, чадваргүй, шаардлага хангахгүй нь тодорхой аж ахуйн нэгжид илүү боломж олгох бодлогыг биш харин нийт ард иргэдийн ашиг, сонирхлын үүднээс төрийн үйл ажиллагааг зохих хэмжээнд явуулах, түүнд төсвөөс хуваарилсан мөнгөн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эцсийн дүнд төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авах бараа, ажил, үйлчилгээг хугацаанд нь нийлүүлэх бодлогыг баримталсан бөгөөд ингэхдээ нийт аж ахуйн нэгжүүдэд төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх ижил боломж олгосон гэж үзэж байна. Хуулийн төслийг хэлэлцэх явцад чадвар, туршлагатай цөөн аж ахуйн нэгжид нэг төрлийн бараа нийлүүлэх, ажил, үйлчилгээ гүйцэтгэх хэд хэдэн гэрээг байгуулах нь ажил, үүргийг хугацаанд нь, чанартай биелүүлэх магадлал буурч, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах, эцсийн дүнд төрөөс иргэд, бусад этгээдэд үзүүлэх үйлчилгээ тасалдах сөрөг үр дагавартай болно.
Иргэн Б.Баярын өргөдөлд туссан санал нь хэт туйлширсан, өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд зөвхөн төрийн байгууллагад бараа, ажил, үйлчилгээ нийлүүлж түүнээс олсон ашгаар амьдрах, үгүй бол дампуурах юм шиг, мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дээрхи заалт нь аж ахуйн нэгж болон иргэдийг өмч хөрөнгөөр нь ялгавартай хандсан, өмчлөгчийн эрхэд халдсан, Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлэхэд саад болох, шинээр байгуулагдсан жижиг аж ахуйн нэгжүүд хуульд заасан шалгуурыг хангахгүйгээр тендерт оролцож болох мэтээр бичсэн байна. Ер нь цаашид том компаниуд хувь хүнээр дамжуулан төрийн бодлогыг эсэргүүцсэн, хуулийн бүх этгээд нэгэн адил дээдлэх зарчмыг зөрчсөн ийм үйл ажиллагаа явуулж байгаа буруу практикийг Үндсэн хуулийн цэц шийдвэртэйгээр таслан зогсоох нь зүйтэй гэж үзэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар бараа, ажил, үйлчилгээ худалдан авч байгаа этгээд тендер шалгаруулалтад оролцуулах аж ахуйн нэгжийг шалгаруулах нөхцөл, журмыг нарийвчлан тусгасан. Тухайлбал, Урьдчилсан сонголт явуулах /13 дугаар зүйл/, Ерөнхий нөхцөлийг магадлах /14 дүгээр зүйл/, Санхүүгийн чадавхийг үнэлэх /15 дугаар зүйл/, Техникийн чадавхи болон туршлагыг үнэлэх /16 дугаар зүйл/ гэх мэт. Мөн хуулийн зүйл, хэсэг, заалтад олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзсан, аж ахуйн нэгжийг ялгаварласан зүйл байхгүй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалт нь иргэн Б.Баярын өргөдөлд заасан Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 1, 2, 4, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 3/, 4/, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын дурдсан хэсгийг зөрчсөн гэж үзэхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр тухайн жилд зарлагдсан тендер шалгаруулалтад хуулийн этгээдээс 6-аас дээшгүй удаа оролцож болох бөгөөд үүнээс 3 удаад тендерт шалгарсан бол тухайн жилд дахин тендер шалгаруулалтад оролцохыг хориглоно” гэсэн хязгаарлалт нь төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурлын бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн гэж үзэх үндэстэй байна.
2. Хуулийн дээрх заалтаар тендер шалгаруулалтад оролцогчийг хөрөнгө чинээгээр ялгаварласан, өмчлөгчийн эрхэд халдсан, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Өөрийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр тухайн жилд зарлагдсан тендер шалгаруулалтад хуулийн этгээдээс 6-аас дээшгүй удаа оролцож болох бөгөөд үүнээс 3 удаад тендерт шалгарсан бол тухайн жилд дахин тендер шалгаруулалтад оролцохыг хориглоно” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 1, 2, 4, Аравдугаар зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2, Арван зургадугаар зүйлийн 3/, 4/, Далдугаар зүйлийн 1 дэх заалтыг холбогдох хэсгийг зөрчсөн гэснийг хүлээн авах боломжгүй байна.
Монгол Улсын Үндсэн Хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол Улсын хуулийн 1  4  дүгээр зүйлийн 14.  2  дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн  2 -т заасан “Ардчилсан ёс, шудрага ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”; Тавдугаар зүйлийн 1-д заасан “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”,  2 -т заасан “Төр нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”,  4 -т заасан “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”; Аравдугаар зүйлийн  2 -т заасан “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”; Арван дөрөвдүгээр зүйлийн 1-д заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”,  2 -т заасан “Хүнийг …хөрөнгө чинээ, …ялгаварлан гадуурхаж үл болно”; Арван зургадугаар зүйлийн 3/-т заасан “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”; 4/-т заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, …хувийн аж ахуй эрхлэх эрхтэй”; Далдугаар зүйлийн 1-д заасан “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчөөгүй байна.
2.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хурлын намрын чуулган эхэлснээс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэсэн тухай хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ХУРАЛДААН ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН
ГИШҮҮД П.ОЧИРБАТ
Ж.АМАРСАНАА
Ч.ДАШНЯМ
Д.НАРАНЧИМЭГ